Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Томсгосон мажоритар системээр явахаар мөнгөний нөлөөлөл, иргэдийн шилжилт хөдөлгөөн харьцангуй бага байдаг

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа. Энэ сонгуулийн тогтолцооны давуу тал нь юу вэ?

-УИХ дээр УИХ-ын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Орон нутгийн тухай хууль гэж гурван хууль өргөн баригдаад УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. МАН-ын удирдах зөвлөл, МАН-ын УИХ дахь намын бүлгийн 100 хувийн саналаар олон мандаттай томсгосон мажоритар системээр сонгууль явуулах улс төрийн шийдвэр гаргасан. Анх Сонгуулийн хуулийг өргөн барьж байх үед хууль санаачлагчдын зүгээс 50 нь жижиг мажоритар системээс 26 нь улс нэг тойргоос сонгох тогтолцоог санал болгосон. Хэлэлцүүлгийн явцад хоёр чиглэлээр хүндрэл гарсан гэж бид үздэг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөх юм байна. Цаг хугацаа тулчихсан үед Үндсэн хуулийн маргаан үүсээд сонгуулийг хэвийн явуулахад хүндрэл гарах эрсдэл байгааг анзаарч үзсэн. Хоёрдугаарт, иргэдийн зүгээс улс нэг тойргоос нэр дэвших 26 нэр дэвшигчийн дотор нэр хүндээ алдсан, аливаа хэрэг түвэгт холбогдсон сонгогчдоос шууд санал авч чадахгүй хүмүүс орох вий гэсэн эмзэглэл байсан. Үүнийг нийгмийн сүлжээ болон бусад хэлбэрээр иргэд илэрхийлсэн. 1992, 2008, 2012 оны сонгуулийг мажоритар системийг томсгосон хэлбэрээр явуулж байсан. Өмнө нь гурван удаа туршигдсан энэ сонгуулийн системийг аваад явах нь зүйтэй гэж үзсэн. Мэдээж сонгуулийн систем болгон алдаа дутагдалтай байдаг.

Гэхдээ томсгосон олон мандаттай мажоритар систем гурван давуу талтай гэж судалгаанд үздэг. Нэгдүгээрт, сонгогчдын санал хаягдах нь бага байдаг. Жижиг 76 мажоритараар явах үед сонгогчдын санал савладаг.

Үүнийг дагаад сонгогчдын өгч байгаа санал төлөөлөлд бүрэн тусдаггүй. Зарим улс төрийн хүчин 30,40 хувийн санал аваад байгаа мөртлөө парламентад нэг хоёр суудлын төлөөлөл орж ирэх магадлалтай байдаг. Хоёрдугаарт, сонгогчдод сонголтын эрх олгогддогоороо давуу талтай. Ганц хүнийг сонго гэж тулгадаггүй. Ганц хүн тулгадгаас болоод сонгогчийн оролцоо буурч байгаа. Улс төрийн намуудын таалагдахгүй нэр дэвшигчид тухайн тойрогт нэр дэвшдэг. Түүнийг дагаад сонгогчид сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдэлдэггүй. Эдлэх боломж бүрддэггүй. Тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүн таалагдахгүй байгаа учраас залуу сонгогчдын хувьд санал өгдөггүй. Тиймээс сонгогчдод томсгосон тойрог дээр 2-5 нэр дэвшигчийг сонгох эрх нь нээгдэж байгаа юм. Сонголт хийх боломж бүрдэж байгаа юм. Гуравдугаарт, өмнө нь сонгуулийн системд туршигдаад сайн муу алдаа оноог нь харчихсан. Мөн томсгосон мажоритар системээр явахаар мөнгөний нөлөөлөл, иргэдийн нүүдэл шилжилт хөдөлгөөн харьцангуй бага байдаг.

Хамгийн гол нь сонгууль маргаан мэтгэлцээнгүй хуулийн хүрээнд Монгол Улс төр засгаа эмхлэн байгуулж байх ёстой. Тэр утгаараа энэ сонгуулийн системийг авахад хүндрэл багатай гэж үзсэн.

-2008 оны сонгуулийн үр дүн, сургамж нь юу байв. Тухайн онд болж байсан үймээн самуун дахин давтагдах вий гэх болгоомжлол хүмүүст бий байх…

-2008 оны сонгуулийн үеэр гарсан нийтийг хамарсан үймээн самуунтай холбоотой асуудал олон учир шалтгаантай. Нэг томоохон шалтгаан нь сонгуулийн дүн удааширч гарсантай холбоотой гэж үздэг. Сонгуулийн дүн яагаад удааширч гарсан гэхээр томсгосон мажоритар дээр олон мандаттай дэвших үед сонгуулийн тооллогын системд хүндрэл гардаг. Энэ удаа автоматжуулсан системээр явуулах учраас хүндрэл гарахгүй гэж тооцож байгаа.

-Тойрог шударга бус хуваагдах зүйл гарах уу?

-Сонгууль товлон зарлах шийдвэр гарна. Түүнтэй зэрэгцээд сонгуулийн хорооноос тойргийн мандатыг тойрог хуваарилалтын УИХ-ын холбогдох шийдвэрийн төсөл орж ирэх ёстой. Аль аль нь нэг сардаа багтаад шийдвэрүүд нь гарах байх гэж бодож байна. Томсгосон мажоритар системээр явж байх үед мандатын хуваарилалт маш ойлгомжтой байдаг. Монгол Улсын хэмжээнд хөдөө орон нутагт 20 том тойрог, нийслэлд 6 тойрог явдаг. Энэ л систем явах байх. Магадгүй зарим нэг аймгуудын байршил, хүн амын тоотой уялдуулаад зарим нэг дүүргийн хүн амын өсөлттэй холбоотойгоор жижиг, жижиг өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй.

-Энэ сонгуулийн тогтолцоогоор шинэ боловсон хүчин гарч ирэх боломж хэр байх вэ?

-Сонгуулийн хуулийг сонгогчдын эрх ашгийг бодож хийдэг. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангаж байх ёстой. Бүгд тэгш эрхтэй. Нэг гараанаас тэгш өрсөлдөх боломжийг нь нээх ёстой. Энэ утгаараа шинэ нэр дэвшигчдэд энэ нь сайн, муу олон удаа нэр дэвшсэн хүмүүст энэ нь сайн, муу гэх зэргээр сонгуулийн хуулийг хийж болдоггүй. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг өрнөх болгонд хувь хүн улс төрийн нам бүлэглэл өөр өөрсдөдөө нийцүүлэх гэж хэдэн тийш нь чангаадаг. Энэ дунд сонгогчдын эрх ашиг хохирох тал ажиглагдаж байгаа. Ялангуяа 2016 оны үйл явцыг харахад. Тийм учраас бид аль болох сонгогчдын эрх ашгийг дээдлэх, сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлд энэ хууль чиглэгдэх ёстой.

-Нэр дэвшиж байгаа бүх хүнийг сонгогчид таньж, мэдэх шаардлагатай болох байх...

-Сонгуульд нэр дэвшиж олон түмний итгэлийг авч сонгогдъё гэж байгаа бол сонгуулийн сурталчилгааны хэдхэн хоногт ажиллах ёсгүй. Тухайн хүн тэр тойрогт ажиллаж, ард иргэдийн ажил амьдралыг мэдэрч, хүмүүстэй уулзах хэрэгтэй. Сонгууль болохоор үзэгдчихээд алга болдог байдлыг багасгаж байгаа юм. Маш олон ийм тохиолдол энэ 30 жилд гарлаа. Сонгууль болохоор сайхан зүйл амлаад сонгуулийн маргааш болохоор алга болчихдог.

-Сонгуулийн тогтолцоонд цахим хязгаарлалт хэрхэн тусгагдаж байна вэ?

-Сонгогчдын санал өгөх сонгох, сонгогдох эрхэнд хөндлөнгийн нөлөөлөл бага байгаасай гэж хууль хийж байгаа юм. Хуулийг хийхэд тэр талаас нь хандаж нэлээд саналаа илэрхийлсэн. Тэнд мөнгөний нөлөөлөл, янз бүрийн буруу ташаа мэдээлэл, сонгогдох гэж байгаа хүний нэр төрд хууль бусаар битгий халдаасай гэх хязгаарлалтуудыг хийж байгаа. Тэрнээс хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй байх ёстой. Тиймээс өөрийнхөө нэр, зургаар аккаунтаа нээгээд шүүмжлэх эрх нь нээлттэй. Хуурамч аккаунтаар улс төрийн зорилготой хүнийг гүтгэн доромжлох үйл явцыг л хаах зорилготой. Нөгөө талдаа дэлхий нийт нийгмийн сүлжээний ашиглалтаас болоод иргэний сонгох, сонгогдох эрхэд мэдээллийн аюулгүй байдал талаас нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлээр ярилцаж байна. Энэ хүрээнд Монгол Улс аюулгүй байдлаа бодож тодорхой хязгаарлалтууд хийх зайлшгүй шаардлагатай.

-Томсогосон мажоритар систем намын гишүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг шүү дээ…

-Олон мандаттай томсгосон мажоритар систем дээр тухайн улс төрийн нам нэг намаас нэр дэвшсэн хүмүүс хоорондоо өрсөлдөх, тухайн квотод багтах гэж хоорондоо муудалцах тал ажиглагддаг. Энэ бол тухайн улстөрчдийн хувь ёс суртахуун, харилцааны асуудал.

Нөгөө талдаа улс төрийн намын дотоод соёлын асуудал. Тодорхой зохицуулалтууд тэр хүрээнд хийж болно. Сул тал нь улс төрийн намын нэр дэвшигч нар хоорондоо өрсөлддөг. Улс төрийн намын төлөвшилд муугаар нөлөөлдөг. Тодорхой хэмжээнд иргэдэд танигдаагүй хүмүүс гарч ирэхэд хүндрэлтэй байдаг талууд бий. Өнөөдрийн нөхцөлд харьцангуй зөв тогтолцоо байна гэж үзэж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Д.Данзан: Төр нь бодлогоо гаргаад ажиллахад нийгэм маань нэлээд гэгээрсэн буюу зөв үзэл бодол, тэмүүлэлтэй ард түмэнтэй улс болох боломжтой

Түрүүч нь №245(6346) дугаарт


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор, Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.


-Бид гэгээрэх, гэгээрэл гэдэг зүйлийг их том аугаа мэтээр хараад байдаг. Гэтэл таны яриагаар гэгээрэл гэдэг зүйл бол их энгийн зүйлээс эхэлдэг байх нь ээ?

-Бурхан багшийг гэгээрсэн хүн гээд, яг Бурхан багш шиг гэгээрэх тухайд бол өөр асуудал. Одоогоос 2600 гаруй жилийн тэртээ одоогийн Энэтхэг улсын нэгэн хаант улсын хааны гэрт мэндэлсэн Сидхарта Гаутама гэдэг хан хүү 29 наснаасаа эхлэн зургаан жил бясалгаад гэгээрсэн гэдэг. Тэр гэгээрэл бол төгс гэгээрэл бөгөөд мэдлэгийн талаас нь хэлбэл мэдэж болох бүгдийг илтэд мэдсэн, сэтгэлийн талаас нь хэлбэл хүнд байдаг 84 мянган муу хорт сэтгэлээс ангижирч сэтгэлээ төгс ариусгаж чадсан гэсэн үг юм. Ингэж гэгээрсэн бодит хүн гэвэл Нагаржуна хутагт, Мял богд нар гэдэг. Хүн бүрт ингэж гэгээрэх боломж заяагдмал байдаг гэж Бурхан багш айлдсан байдаг.

Бидний яриад байгаа гэгээрэл бол үгийн хувьд энэ гэгээрэл мөн бөгөөд утга санааны хувьд ийм гэгээрэлд зорин тэмүүлэхийг голлон ойлгож байгаа юм. Манайх нэлээд дээр Гэгээрлийн яам гэдэг яамтай байсан нь бас л ийм зорилгыг агуулж байсан болов уу. Нийгмийн гэгээрлийн холбоо “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийн төлөө” гэсэн уриатай нийгмийн гэгээрлийн 12 жилийн хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Бурхны сургаалд “Хутагтын найман зөв” гэж буй. Энэ наймаа зөвөөс бид эхний ээлжинд нийгмийн зорилго болгон гурван зөвийг сонгож аваад, энэ зүгт олон түмнээ, нийгмээ бүхэлд нь уриалан ажиллаж байгаа юм. Тэгэхээр “зөв бодол”, “зөв үзэл”, “зөв тэмүүлэл” гэдгийг зорино гэдэг хүршгүй бэрх зүйл биш. Энгийнээр хэлбэл, хулгай худалгүй буюу бие, хэл, сэтгэлийн арван хар нүглээс ангид амьдрах нь зөв үзэл, аливаад хар амиа хоохойлж биш, олноо, нийгмээ бодож тусын сэтгэлтэй амьдрах нь зөв бодол, зөв сайн үйлс буюу өглөг өгөх, туслах, хайрлах, энэрэх зэрэг буянтай сайхан үйлсийн зүгт сэтгэлээ хандуулж сураад, түүнийгээ байнгад санан, улам бататган, өдөр, хоног, хором бүрийн ердийн хэвшил болгон өөртөө дадуулах гэсэн эрмэлзэл, хичээл зүтгэл, чармайлт бол зөв тэмүүлэл юм.

Зөв тэмүүллийг товчоор хэлбэл буруу мууг ямагт тэвчиж, зөв сайнд байнгад зорих чармайлт байна шүү дээ. Тайван уужуу ухаантай, нүүдэлчний соёлоосоо салчихаагүй байгаа, дээдсийнхээ үг сургаалыг дуулгавартай сонсдог, өвгөд хөгшдөө гадаад орнууд шиг “Асрамжийн газар” гээч газарт аваачиж өгөөд амьдын хагацалд унагалгүй насан туршид нь хамт байж, асарч тойлж, өргөж байдаг монгол хүнд дээрх гурван зөв язгуураасаа байдаг. Энэ цагийн нийгмийн араншинг дагаад баахан алдарч, мартагдах тийшээ болчихоод байгаа энэ гурван зөвөө хүүхэд залуустаа сануулах, ухааруулах замаар нийгэм даяараа сэргэхийн төлөө монголчууд бид бүгдээрээ хамтраад энэ зүгт зүтгэвэл тийм ч хэцүү ажил биш байх аа.

-Ахмад үе нь залуу үедээ хэлж, сургаж байх нь хүний ёс. Гэтэл манайд ахмадууд нь дуугүй суух шинжтэй, залуус нь ахмад үеэ үл тоосон байдалтай байдаг болжээ. Үүнийг яаж засах ёстой вэ. Ахмадууд маань үгээ л хэлж байвал бидэнд тустай сан, тийм үү?

-Өнөөдөр ахмадууд нь үг сургаалаа хэлж, хүүхэд, залуус нь сонсдог байдал огт арилчихаагүй байна. Монгол ген арилаагүй цагт энэ бас арилахгүй. Гэвч бас л цагийн аяс өнгө, гадны элдэв нөлөө, бусдыг ямагт өөрсдөөсөө дээгүүр тавин даган дуурайдаг, Монгол гэсэн бүхнээ, бүр монгол хүнээ хүртэл доогуур үздэг, үл тоодог буруу хандлага газар авч байгаа нь үнэн. Үүнд төр, засаг ч, ахмад үеийнхэн ч буруутай. Хүүхэд бол хүүхэд л байдаг болохоор шинэ сэргэг юмыг сонирхож дуурайлгүй яахав. Энэ байдал газар авах янзтай болоод ирэхэд төр ч, ахмадууд ч дуугүй хараад сууж болохгүй. Бага дээр нь засч авахын төлөө сэтгэл гаргах ёстой. Энэ нь Монгол Монголоороо л үлдэхийн тухайд болохоос бусдынх бүгд муу, буруу, манайх л бүгд зөв сайн гэсэн явцуурал биш. Бид өнгөрсөн нийгмийн аль ч үед бусдаас авах юмаа аваад, орхихыг нь орхиод л ирсэн.

Миний харж байгаагаар ахмадууд “Одооны хүүхдүүд ч үг авахгүй биз дээ, би ч өнгөрсөн амьтан даа” гэж бодоод дуугүй дүмбийж явах янзтай, хүүхэд, залууст маань “Энэ муусайн хөгшид хоцрогдсон, эдний сургаал гэж юу байхав” гэх янз илтэд бий болоод байна. Энэ бол тун ч буруу үзэл, хандлага юм. Энэ буруу хандлагыг засах ёстой. Хэн засах вэ. Ахмадууд эхэлж дуугарах нь зөв. Эрхбиш уламжлал байна, эрх, үүрэг байна. Гудамжинд охид, хөвгүүд тамхи татаад зогсож байх нь хичнээн муухай харагдаж, дургүй хүрч байвч “Миний хүүхэд биш байна” гэсэн аминчхан муу бодлоор хараагүй юм шиг өнгөрөх нь байж болохгүй л хэрэг дээ. Би бол очоод л “Охин минь, хүү минь чи тамхиа хаячих” гээд тамхины хорын тухай мэдэх бүхнээ хэлдэг. Зарим нь “Уучлаарай өвөө, би дахиад хэзээ ч татахгүй” гээд тамхиа хаяж, гэмшлээ илэрхийлдэг. Тийм хүүхдэд би “Монгол хүнд тангараг гэж нэг юм байдаг. Чи бид хоёр дахиж таарахгүй, чамайг би шалгаж чадахгүй. Гэхдээ чи амлаж байгаа тул би түүнийг чинь тангараг гэж ойлгоё. Тэгэхээр хоёулаа гар барьчихъя” гээд гарыг нь бариад духан дээр нь үнэрлэдэг. Зарим нь илтэд дургүйцэхэд нь би ер бууж өгдөггүй, ярьсаар байгаад буулгаж авдаг. Эндээс би хүүхэд, залуус маань хүний чин сэтгэлийг ойлгодог, хүний үг авдаг хэвээрээ байгааг мэдэрч, өөртөө их урам авдаг юм. Ахмад хүн бүр ингээд байвал болохгүй бүгдийг төрийн хуульгүйгээр засаж чадна гэж боддог. Ахмадууд ахмад шиг байж чадвал залуус үг авна. Тэд ухаантай, өөрийн нь төлөө хэлж байна гэдгийг ойлгоно. Ингээд залуус маань ахмадаа хүндэлдэг, дээдэлдэг, тэднээсээ асуудаг, айдаг эмээдэг болоод эхэлнэ. Тэдэнд гурван наснаас нь 18, бүр 22-23 хүртэл нь сургадаг, хүмүүжүүлдэг цэцэрлэг, сургууль, их, дээд сургууль байна шүү дээ. Эднийхээ хараа хяналтаас гадуур чөлөөтэй байгаа үедээ жаахан буруу байдалтай байгаа хүүхэд, залуустаа ахмад хүн бүр “Энэ миний хүүхэд, миний ач, зээ биш” гэсэн аминчхан бус “Миний л хүүхдүүдээс ялгаагүй” гэдэг тэгш сэтгэлээр хандаад хэлэх ёстойг хэлээд, биеэрээ үлгэрлээд байх нь тийм ч хэцүү ажил биш. Энэ чинь л нөгөө бидний яриад байгаа “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл” шүү дээ.

Өнөөгийн манай нийгмийн амьдралд байгаа нэг харамсалтай зүйл бол амьдралын асар их туршлагатай, насаараа боловсорсон 60-аас дээш настай эрчүүд, 55-аас дээш настай эмэгтэйчүүдийг нийгэм ч гаргуунд нь гаргадаг, тэд ч өөрснөө өөрсдийгөө нийгмийн тустай их үйлсээс чөлөөлдөг явдал юм. Энэ бол нийгмийн талаас яавч зөв үзэгдэл, шийдэл биш, ахмадуудын талаас яавч “зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл” огт биш ээ.

Ер нь нийгмийн гэгээрлийн төлөөх ажил бол нэг байгууллага, цөөхөн хүний биш хүн бүрийн хамтын зүтгэлээр бүтэх ариун үйлс юм.

-Манай нийгэм харьцангуй гэгээрч эхэлж байна гэх нь бий. Танд тийм зүйл харагдана уу?

-Зөв үзэлтэй, зөв бодолтой, зөв тэмүүлэлтэй залуус олон болж, бусдыгаа манлайлж, араасаа дагуулж байгаа жишээг бид өдөр бүр харж, дуулж сонсоод баярлаж байна.

Д.Ганжавхлан гэдэг залуугийн удирддаг “Лантуун дохио” гээд сайн үйлсийн төлөө зүтгэж байгаа сайхан залуус байна. Ийм залуус, ийм үйлсийг хамгийн өргөнөөр олонд таниулж, сурталчлах нь өнөөгийн манай хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бүрийн ариун үүрэг байгаасай. Одоогийн байдлаар хар бараан зүйлс, бүтэлгүй муу явдлыг бие биенээсээ өрсөлдөн түлхүү үзүүлж харуулах нь давамгайлаад байна.

Энэ нь мууг жигшүүлэх биш сурталчлах тал руугаа явчих гээд байна. “УИХ-ын гишүүн тэгж байхад би яагаад ингэж болдоггүй юм бэ” гэх бодол хүүхэд, залууст төрөхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Дашрамд хэлэхэд УИХ-ын чуулганы хуралдаан бүрийг нээлттэй явуулдаг нь микрофоны өмнө шударга хүн болох гэж гишүүд маань жүжиглэх, бие биенийгээ хэлэх хэлэхгүйгээр хараан доромжилж нийгэмд буруу үлгэр үзүүлэх, дотооддоо ярих хэлэх юмаа дэлхий дахинд эрээ цээргүй цацах гэсэн наад зах нь гурвын зэрэг буруутай санагддаг. Бас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Төрийн ордны нэг өрөөнөөс нөгөө өрөөнд орохдоо 3-4 бие хамгаалагчтай явдаг нь нэг л биш ээ. Манайх чинь амгалан тайван орон, Төрийн ордон маань төрийн байнгын хамгаалалтад байдаг шүү дээ.

Гол шугамаасаа баахан хазайчихлаа. Гэгээрэл, ёс суртахуун, ёс жудгийн тухай нэг үеэ бодвол овоо ярьцгааж байна. Энэ оны аравдугаар сард болсон шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч “Түүх, өв соёлоо онцгойлон үзнэ” гэдгээ, Ерөнхий сайд “Шинжлэх ухааны талаарх бодлого, эрх зүйн орчноо шинэчилнэ” гэдгээ хэлсэн, УИХ-ын дарга илгээлт ирүүлсэн, салбарын сайд том илтгэл тавьсан. Сайдын илтгэлд дэвшүүлсэн найман зорилтын нэг нь “Нийгмийн гэгээрлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ” гэсэн томьёололтой байсан. Энэ бүгд төр юутай ч гэгээрлийн бодлого барьж байгааг харуулж байгаад баяртай байна. Өмнө нь бид дандаа л уул уурхай, алт, мөнгө, доллар, ашиг, хонжоо ярьдаг байв шүү дээ. Манай холбооны 12 жилийн хөтөлбөрийн ерөнхий нэр салбарын сайдын томьёололтой нэг байгаад баярласан, “Юутай ч бид яриад суухын оронд өөрсдийн хувилбараа боловсруулаад ажиллаж байгаа юм байна” гэдгээ дахин мэдэрсэн. Энэчлэн монголчууд ахмад нь хойш суулгүй, хүүхэд, залуус нь өөр тийшээ зүтгэлгүй, төр нь бодлогоо гаргаад ажиллахад ойрын үед нийгэм маань нэлээд гэгээрсэн буюу “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл”-тэй ард түмэнтэй улс болох боломжтой гэсэн өөдрөг бодолтой байна. Үүнд бид өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийхээр шамдаж байна.

-Хөдөө рүүгээ хүмүүс илүү аз жаргалтай байдаг гэдэг. Энэ нь элдэв мэдээллээс хол байгаатай холбоотой юу. Хүн ер нь аз жаргалтай байхын тулд яах ёстой вэ. Яавал аз жаргалтай амьдрах вэ?

-Нүүдэлчин удмын монгол хүн бүрт хөдөө нутаг минь диваажин шүү дээ. Тэнд эрүүл хүнс, эрүүл агаар, эрүүл ёс суртахуун байна. Яруу найрагч Ц.Чимэддорж “Цуургагүй сэтгэл малчных” гэж цэцэлсэн дээ. Ийм ч болохоор бид зуныхаа амралтаар хөдөөгөө зорьдог, өөрөөр хэлбэл цуургагүй сэтгэлт ахан дүүсээ зорьдог. Нэг сайхан жишээ хэлэхэд миний нэг зээ хүү их гөжүүд, дураараадуухан, амархан уурладаг нөхөр байсан юм. Гэтэл хөдөө байдаг өвөөгийндөө очиж хоёр сар амраад ирэхдээ бүр төрөл арилжаад үг сонсдог, юманд нухацтай, ухаалаг суурьтай ханддаг, уур уцааргүй хөөрхөн хүү болоод ирсэн. Одоо сав л хийвэл хөдөө явах гэдэг хүн болсон. Очсон ахынхан нь наадамд явсан хойгуур үнээгээ саагаад, таргаа бүрээд байж байсан гэж байгаа. Аравтай хүү шүү дээ.

Бидний хөдөөгөө зорьдог, миний зээгийн хөдөө рүү тэмүүлдэг болсон нь аливаа амьтны ёсоор жаргал руу л зүтгэж байгаа хэрэг шүү дээ. Жаргал гэдэг чинь хамгийн гол нь сэтгэлд байдаг зүйл. Сэтгэл л амар амгалан байвал тэр жаргал. Хөдөө тийм л байна гэсэн үг. Х.Баасансүрэн ламтан “Зовлонгийн босгыг өндөр болго, жаргалын босгыг намхан болго” гэж айлдсан даа. Энэ бол хэрийн юмыг зовлон гэж бүү бод, өчүүхэн юмыг жаргал болго гэсэн үг шүү дээ. Хөдөөгийн амьдрал хотын амьдралтай харьцуулахад одоохондоо ийм байж чадаж байна. Дэлхийн улсууд ч хөдөө тийш нь хүмүүсээ татах замаар хотын хэт төвлөрөл, хотын зовлонг нимгэлэх гэж зорьдог юм байна. Унгар улс л гэхэд энэ асуудлыг бүр төрийнхөө бодлого болгосноор хэдхэн жилийн дотор Будапешт хотын хүн ам 1.9 саяас 1.7 сая хүрч буурсан, цаашдаа ч буурах хандлагатай болсон байна.

-Нийгмийг гэгээрүүлэхэд хэр их хугацаа орох бол. Танай холбоо 2030 он хүртэл хөтөлбөр хэрэгжүүлэхээр гаргасан байна. Тэр үед Монголын нийгмийн хэд орчим хувь нь гэгээрчихсэн байх бол?

-Нийгэм тэр аяараа буюу хүн бүх Бурхан багшийн түвшинд хүрнэ гэвэл хязгааргүй хугацаа шаардагдах биз ээ. Харин хүн амын маань дийлэнх олонх нь “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл”-тэй болоход харьцангуй бага хугацаа орох байлгүй дээ. Ингэх нь энэ үйлсийг ухаарч сэхээрсэн л бол төр засаг нь ч, байгууллага хамт олон ч, хувь хүн бүр ч ялгалгүй бие биенээ шүүмжлээд, үгүйсгээд, өөрөө болохоор зүгээр л яриад суугаад байлгүй эрвийх дэрвийхээрээ нийлж нэгдээд зүтгэхээс л хамаарна. Манайхан чинь өөрөө юм хийхгүй байж тэгсэнгүй, ингэсэнгүй гэж хэнийг ч юм шүүмжилж, элдвээр муучилдаг зантай. Үүнийг тов тодорхой жишээгээр хэлэхэд биднийг Бөхийн өргөө барих гээд зүтгэж явахад өөрөө хандив өгөөгүй байж “Бүх ард түмэн хандив өргөсөн” гэж ярьдаг хүмүүс байдаг. Тэр хүн өөрөө бүх ард түмний нэг нь биш гэж үү. Энэ бол өөрөө хийхгүй байж бусдыг хийсэнгүй гэдэгтэй адилхан юм. Зөв юмыг ухаарсан л бол хойш тавилгүй, бусдад найдалгүй өөрөөсөө эхлээд л оролдоод эхлэх хэрэгтэй. Бид ингэж л бодож, 12 жилд хийх ажлаа төлөвлөчихөөд ажиллаж байна. Энэ хугацаанд байдал мэдэгдэхүйц дээшлэх болов уу.

-Хүн өөрийгөө гэгээрч байгаагаа, гэгээрлийн замд гишгэснээ мэдэх боломжтой юу?

-Хэцүү л асуулт юм. Гэхдээ хүн “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл”-тэй болж байгаагаа мэдэлгүй яахав. Яагаад ч юм хааяахан худал хэлчихдгээ ор тас больж, ялих шалихгүй юманд уурлан бухимддагаа больж, юухан дээр ч өөрийн хар толгойгоо боддогоо больж байгаагаа анзааралгүй яахав. Телевизээр өвчин шаналанд зовсон нэг маань тусламж гуйхад өөрөөсөө дутаагаад 20 мянган төгрөг дансанд нь хийчихдэг, дансыг нь тэмдэглэж аваад өөрийн ойр дотныхондоо, таньдаг хүмүүстээ өгчихдөг болсондоо, хүнд тусалсандаа сэтгэл өег сайхан болж байгаагаа мэдэрч л таарна. Энэ бол гэгээрч байгаагаа, түүнийгээ мэдэрч байгаа хэрэг мөн байх аа.

Categories
мэдээ цаг-үе

П.Дулмаа: Хүүхдийн насан туршийн хүмүүжлийн суурь өлгийтэй үед нь тавигддаг

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш, МУБИС-ийн Хүндэт профессор, гавьяат багш Пэрэнлэйн Дулмаатай ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Боловсролын байгууллагад хэдэн жил ажилласан бэ?

-Намайг Пэрэнлэйн Дулмаа гэдэг. Боловсролын байгуулагын бүх шатны сургуульд ажиллаж, багшлах боловсон хүчин бэлтгэх, багшийг хөгжүүлэхэд ажил амьдралынхаа 50 гаруй жилийг зориулжээ. Өөрийн туршлага дээрээ үндэслэн залуу эцэг эхчүүдэд бага насны хүүхдэдээ хэрхэн гэр бүлийн төлөвшил олгох талаар санал бодлоо хуваалцмаар санагддаг юм. Хүүхдийн суурь хүмүүжил ирээдүйн амьдралынх нь үндэс болж өгдөг. Тиймээс залуу эцэг эхчүүдэд бага ч болов амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсэн бага насны хүүхдийн суурь төлөвшлийн талаар ярих гэсэн юм.

-Хүүхдийн суурь хүмүүжил ирээдүйн амьдралынх нь үндэс болж өгдөг гэлээ. Тэгэхээр хүүхдийн суурь хүмүүжилд гэр бүл төлөвшлийн нөлөө хэр байдаг вэ?

-Үүнийг ярихын тулд эхлээд бага насны хүүхэд гэж хэдэн настай хүүхдийг хэлээд байна гэдгээ эхлээд тодорхойлно. Миний тодорхойлсноор бага нас 0-6 нас буюу сургуулийн өмнөх насыг хэлнэ. Суурь хүмүүжил гэдэг нь хүүхдийн эрүүл мэнд, зөв хандлага, ёс суртахууны хэм хэмжээ, эмх цэгц, хүмүүжлийг хэлээд байгаа юм. Дэлхий дахинаа гэр бүл төвт хүмүүжлийг нэн тэргүүнд үзэж,шинжлэх ухааны өндөр мэдлэг, ур чадвараас илүү хүний мөс чанар, хүмүүжил, зүрх сэтгэлийн боловсрол буюу soft skill-ийг чухалчлах болоод байна. Тэгэхээр бага насны хүүхдийн суурь хүмүүжилд гэр бүл төлөвшлийн нөлөө маш чухал. Гэр бүлийн хос багана эцэг, эхийн өмнө үр хүүхдээ эрүүл биетэй, саруул ухаантай, сайхан сэтгэлтэй, эх орондоо хайртай иргэн бие хүн болгон төлөвшүүлэх эрхэм үүрэг бий. Хүүхдийг сайн иргэн болгон өсгөж, хүмүүжүүлэхэд эцэг эхийнх нь бие хүний төлөвшил, хоорондын харилцаа,аливаад хандах хандлага, амьдралын хэвшил голлох үлгэр дуурайл болдог. Залуу эцэг эхчүүд энэ эрхэм үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, гэр бүлийнхээ амьдралд тулхтай хандаж, ёс суртахуунтай ажиллаж, амьдрах хэрэгтэй.

-Гэр бүлийн эрхэмлэх ёстой зүйл нь юу вэ?

-Ишданзанваанжилгүн “Асралыг мэдвээс сая аав ээж болмуй” хэмээн сургасан байдаг. Гэр бүлийн хамгийн эрхэм зүйл бол хайр энхрийлэл, элгэмсүү, дотно харилцаа юм. Эхнэр нөхрийн бие биесээ хайрлан халамжилж, хүндэтгэх байдлыг хүүхэд харж, мэдэрч өсөх нь чухал. Хүүхэд бүр аав ээжээсээ хайр халамж, анхаарал асрал, энэрэл,эелдэг харилцааг хүлээж байдаг. Хайранд өлгийдүүлж өссөн хүүхэд бусдыг өрөвдөж, хайрлан,бусдад хүндэтгэлтэй ханддаг. Гэр бүлдээ энэ эрхэм ёсыг нандигнан, шинэлэг сэргэг байдлаар нь хэвшүүлэх ухаанд тасралтгүй суралцах хэрэгтэй. “Эрхийг сурахаас бэрхийг сур” гэсэн сургаалын утгыг тунгаавал хайрлах, асран халамжлах гэдэг нь эрхлүүлнэ гэсэн үг биш. Хүүхдэдээ амьдралын зөв бурууг ухааруулж, хатуу хөтүүг хамт давж, аян замын хотгор, гүдгэрт үлгэрлэн дагуулж амьдрах хэрэгтэй. Амьдрал баян учраас хүний амьдралд баяртай, гунигтай, бараантай эрээнтэй өдрүүд ээлжилсээр байдаг. Эцэг эх нь тулгамдсан асуудал бэрхшээлийг зөв шийдэж байгааг нь хүүхэд харж, тэрнээс нь суралцдаг. Эхнэр, нөхөр хоёулаа хичээснээр гэр бүлийн сайхан амьдралаа үр хүүхдэдээ уламжлуулан, үе дамжуулан үргэлжлүүлэх боломжтой. Гүн ухаантнуудын “Эцэг эх шударга, зөв хандлага, ёс суртахуунтай бол үр хүүхэд нь сайн иргэн болж төлөвшинө” гэх эшлэл ч бий.

-Бага насны хүүхдийн суурь хүмүүжил, төлөвшилд эцэг эх ямар үүрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, 0-5 нас бол хүн хүмүүншин төлөвших хамгийн чухал, суурь үе. Тиймээс хамгийн түрүүнд хүүхдэд зайлшгүй шаардлагатай ор манеж, тоглоом наадгай, зурагтай ном, хувцас, ариун цэвэр зэрэг хүүхдэд хэрэгтэй эрүүл ахуйн хэрэгслийг нь бүрдүүлнэ. Хоёрдугаарт, гэр бүлээ гэгээлэг, соёлтой, хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалтай хүүхдэд ээлтэй хайрын орчин байлгахыг хичээх ёстой. Гуравдугаарт, хүүхдийнхээ өсч буй бие организмд нь хэрэгцээт, эрүүл хоол, улирлын байдалд тохирсон хувцас, хөгжлийг нь дэмжих танин мэдэхүйн ном, тоглоом наадгай, сонирхолд нийцсэн ая тухтай орчныг бүрдүүлэх, дөрөвдүгээрт, гэрийн ариун цэврийг сахин,эмх цэгцтэй, дэг журам, хэм хэмжээтэй, амьдралын зөв хэвшилтэй байх ёстой юм. Тавдугаарт, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг ойлгож, дэмжин хамтран тоглож, хөдөлмөрлөж, ярилцдаг байх шаардлагатай. Гэр бүлдээ тав тухтай хүүхдийн өрөөтэй, өрөө нь эмх цэгцтэй, цэвэр тусгайлсан орчинтой байх нь зүйтэй. Хүүхдийн суурь хүмүүжил нь эцэг эхийн өдөр тутмын амьдрал, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дадал хэвшил болж, аажмаар төлөвшдөг.

-Шинэ төрсөн хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн хамгийн эхний алхам юу вэ?

-Ээжийн зөөлөн дулаан гар дээр ангир уургаа амласнаар хүүхдийн амьдрал хүмүүжил эхэлнэ. Ээжийн зөөлөн ая дуу, арчилгаа шинэ хүнийг эерэг хандлагатай, даруу төлөв хүн болж бойжих суурь болно. Өлгийн хүмүүжлийн үед хүүхдийн харах, сонсох, хөдөлгөөний болон мэдэрхүй, сэрэхүйн хөгжил идэвхтэй явагддаг.

-Энэ үед нь хүүхдийг илүү хөгжүүлэхийн тулд ямар асаргаа, арчилгаа хийх ёстой юм бол?

-Хүүхдийн үйл хөдлөлийг дэмжиж, хараа сонсголыг идэвхжүүлнэ. Өлгийн хүмүүжлээр хүүхдийн хайр халамж, зөв хандлага, эрүүл мэнд, насан туршийн хүмүүжлийн суурь тавигддаг. Сууж мөлхөх үед нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайжруулна. Хүүхдийн хэрэгцээт зүйлийг өөрт нь хэрэглүүлж эмх цэгцтэй байрлуулж хэвшинэ. Аав ээжийн асран сувилах ачлал зөөлөн эерэг харилцаа нэн чухал. Хөгжил төлөвшилд тохирох тоглоом наадгайгаар хөгжүүлж нийгэмшүүлнэ. Хүний яриаг сонсож үгийн утга санааг ойлгож эхлэх үеэс болох, болохгүйн талаар мэдүүлэн таниулна. Хөл, хэлд орох үедээ хүүхэд осол аюулгүй байдлыг эрхэмлэн аав, ээжийн эелдэг харилцаа асаргааг хүлээж байдаг. Зөөлөн эелдэг харилцаа аядуу төлөвшилтэй болгоход туслана. 1-2 насныхны гэр орон тайван аядуу хөл хөдөлгөөн багатай байх нь зохимжтой. Ээж, ааваараа тэврүүлж эрхлэх дуртай, тэдний анхаарлын төвд байхыг эрхэмлэдэг, хөдөлгөөн сэтгэц, танин мэдэхүйг хөгжүүлэхэд тоглоом чухал үүрэгтэй. Энэ үеэс ам зайлах, сойзоор амаа хэрхэн угаахыг заана. Гарыг нь угаалгаж сургах, нусыг нь нийлгэж хэвшүүлэн, хог хаягдал гэдгийг мэдүүлж, бохир зүйлийг хогийн саванд хийлгэж хэвшихэд сургана. Ном бол энэ насныхны сайн нөхөр. Өглөө, орой бүр аав, ээжтэйгээ 5-10 минут ном уншиж хэвших нь насан туршийн дадал болдог. Мөн бага зэрэг дэмжиж өгөөд өөрөөр нь хувцаслуулж сургах нь зүйтэй.

-Нас насанд тохируулан өөрсдийг нь сургах арга барил байдаг уу?

-Маш зүйтэй асуулт. Гурван настай хүүхдэд цэцэрлэгт явж гэр бүлийн хүмүүжлээ хамт олны хүмүүжилтэй зохицуулах шаарлагатай болдог. Хүүхэд цэцэрлэгт явж эхэлсэн өдрөөс цэцэрлэгт өглөө бүр ирэхдээ аав, ээж нь хөтөлж багш, найз нөхөдтэй нь эелдэгээр мэндлэн үлгэрлэх, орой харихдаа багш болон найз нөхдөө баяртай гэж хэлүүлж сургана. Энэ үедээ өөрийн нэр, нас, хүйсийг хэлж сурна. Ариун цэвэр эрүүл ахуйн дадлаа үргэлжлүүлж бататгана. Дөрвөн нас сэтгэл зүйн ихээхэн онцлогтой. Зан ааш хурдан солигддог. Эрс тэс зан байдлыг харгалзан аядуу зөөлөн хандаж, энхрийлэн хайрлаж харилцах хэрэгтэй. Зарим үед хүүхдийнхээ санаа бодлыг сонсож өөрөөр нь сонголт хийлгэж байх шаардлагатай.

-Сургуульд дөнгөж орсон хүүхдэдээ эцэг эх яаж анхаарах ёстой вэ?

-Хамгийн эхэнд суралцах сургууль нь гэртээ нь ойр байх нь чухал. Хүүхдээ сайн хүн болгоё, сайн сургая гэвэл зургаан нас хүртэл өвлөгдсөн суурь хүмүүжлийг дадал хэвшил болгохын тулд сургуулийн багш нартай нь хамтран ажиллах нь чухал. Ямар сурагч байх нь гэрийн хүмүүжлээс их хамаарна. Хүүхдийн нэг өдрийн даалгаварт дэлхийн жишгээр 45-90 минут байна. Хүүхдээр олон бодлого бодуулах, их уншуулах нь гол биш, зөв бодож цэвэр бичиж, яриулж сургах нь чухал. Хүүхдийг ядраахгүй сурах сонирхлыг мохоохгүй байх хэрэгтэй. Даалгавар нь хүүхдийн хөгжлийн түвшинд тохирсон байх ёстойг анхаарна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Баабарын “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач!​” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“УИХ-ын гишүүд он гарахаас
урьтаж сонгогчдодоо бэлэг
тарааж эхэллээ” нийтлэлийг болон Ардчилсан намын
дарга, УИХ-ын гишүүн
С.Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрэнд нийтэллээ.

“Dyrberg/Kern” брэндийн 120.000 төгрөгийн зүүлт
Монголд 3.500.000-аар зарагдаж байна гэсэн мэдээлэл зураг хөрөгтэйгөө сошиалаар яваад буй. Энэ тухай болон онлайн бараа захиалгын бизнесийн талаарх сурвалжлага нийтлэлийг нэг, 12 дугаар нүүрнээс уншаарай.

нэрт нийтлэлч Баабарын “Бурхан минь, биднийг
дээрэмчдээс авраач!” нийтлэл Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд хэвлэгдлээ.

Өчигдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал болж хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм. Ц.Сандуйгийн өмгөөлөгч
Т.Дэлгэрбаяр үйлчлүүлэгчээ ерөнхий том
утгаараа бол ялгүй болчихлоо хэмээсэн ярилцлагыг долдугаар нүүрнээс дэлгэрүүлж уншаарай.

Infinite Solutions компани,
мэдээллийн технологийн
“Нэст эдүкэйшн” ахлах
сургуулийг үүсгэн
байгуулагч Б.Габиттай
хиймэл оюун ухаан тойрсон
асуудлаар ярилцсан сонирхолтой ярилцлагыг 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Гурван үе дамжсан цагдаагийн алба хаагч цагдаагийн
ахмад Б.Мөнхжаргалтай
ярилцсаныг есдүгээр нүүрэнд хэвлэлээ. Түүнчлэн уламжлалт “Хэлэх эрхийн индэр” булан болон улс төр, нийгмийн бусад мэдээ мэдээллүүдийг лхагва гарагийн шинэхэн дугаараасаа уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Туршлага солилцох уулзалт, сургалт болов

Монгол Улс, ХБНГУ-ын Гадаад харилцааны яамдын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газруудын туршлага солилцох уулзалт, сургалт 2019 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яаманд болов.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дэд захирал Л.Эрдэнэдаваа тэргүүтэй Сангийн яам болон орон нутгийн санхүүгийн хяналт, аудитын албаны төлөөлөгчид оролцсон байна.

Монголын төлөөлөгчдийг ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайдын Хяналтын байцаагч хатагтай Рикарда Редекертэй хүлээн авч уулзаж, төрийн байгууллага, түүний дотор гадаад харилцааны салбарын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал, салбарын хэмжээнд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах асуудлаар санал солилцож, Гадаад харилцааны яамдын хяналт-шинжилгээ, үнэлгээний газруудын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрсийг битүүмжилж хураав

Хан-Уул дүүргийн шуурхай штабын утсанд энэ сарын 21-ний өдөр 8 дугаар хороо 12 дугаар гудамжинд байрлах айл түүхий нүүрс хадгалж түлээд байна гэх мэдээллийн дагуу шуурхай штабын бүрэлдэхүүн 14 цагт газар дээр очиж хяналт шалгалтыг хийлээ. Тухайн айл өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн Баянтээгээс 1 тн орчим түүхий нүүрс өрхийн хэрэгцээнд татсан байна.

Иргэн О.Б нь өдрийн цагаар сайжруулсан шахмал түлш түлдэг, түүхий нүүрсээ оройн цагаар түлдэг гэх тайлбарыг өгсөн бөгөөд нүүрсийг битүүмжилж, Амгалангийн дулааны цахилгаан станцад ачууллаа.

Иргэн Та Засгийн газрын тогтоолийг зөрчиж нүүрс түлсэн иргэдийн мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд болон харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд мэдээлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт хөл хорио тогтоолоо


Tомуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэн, амбулаторийн үзлэгээр 15.0 хувиас дээш хэмжээнд хүрсний улмаас Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр хичээллээд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд, цэцэрлэгүүд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хөл хорио тогтоохоор боллоо.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрсний нөөцөө сайн дураар мэдээлсэн иргэдэд талархал илэрхийлж байна

ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс түүхий нүүрсний нөөцтэй хэмээн сайн дураар мэдээлсэн 12 айл өрхийн 18 тн 999 kг түүхий нүүрсийг ачуулж буулгуулахад хяналт тавьж ажиллалаа. Ачуулсан нүүрсийг дүүргийн 6-р хороонд байрлах “Хоёулаа хүү” ХХК-ийн халаалтын уурын зууханд хүлээлгэн өгч, 1тн түүхий нүүрсийг уурхайн амнаас авч байсан үнээр нь үнэлж авчээ. НМХГ-аас агаарын бохирдлын эсрэг нэгдсэн иргэдэд талархал илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Зөв хэвшил-хандлага II” аяны хүрээнд сургалт зохион байгуулагдлаа

“Зөв хэвшил-хандлага II” аяны хүрээнд сургалт зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эерэг хандлагыг түгээх зорилгоор хэрэгжүүлж буй “Зөв хэвшил-хандлага II” аяны хүрээнд “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагатай хамтран энэ оны 12 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын нийт алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, цагдаагийн дэд хурандаа А.Отгонсүх нар “Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн үндсэн ойлголт”, “Алдаанаас суралцахуй”, “Цагдаагийн алба хаагчийн манлайлал, харилцааны ур чадвар”, “Хувь хүний хөгжил” зэрэг сэдвүүдээр тус аймгийн цагдаагийн алба хаагч нарт сургалт орсон юм.

Мөн сургалтын явц, үр дүнгийн байдалд “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагын төлөөлөл, Боловсролын их сургуулийн багш, доктор н.Баярмаа нар хяналт тавьж, сургалтын арга зүйн талаар сургагч багш нарт санал, шүүмж өгч хамтран ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй А.Ганбаатар нарын хэргийг прокурорт буцаав

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэгт буруутгагдсан А.Ганбаатар, Ц.Сандуй нарт шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Гэвч шүүгдэгчид давж заалдах гомдол гаргасны дагуу өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал боллоо.

Шүүх хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцсон. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаажээ.

Эргэн сануулахад шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм.