Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй тээвэрлэн явсан 4 тонн нүүрсийг хураалаа

Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 12 дугаар сарын 24-ны мягмар гарагт 20 цагийн орчимд 44-66 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Налайхаас 4тн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүллээ.

Тус түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.


Categories
мэдээ нийгэм

Аврагчид Асгатын мөнгөний далд уурхайг нээж, геологичид дээжээ авлаа

Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээж, лабораторийн дээжийг мэргэжлийн байгууллагынхан /геологичид/ авлаа.

Энэ ажилд ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн юм.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Асгатын мөнгөний орд” нь 1991 оноос хойш ажиллаагүй, уурхайн малталт нь улнаас тааз хүртэл 2.8 м, өргөн 3.5 м бүхэлдээ цас, мөсөөр дүүрч, амны орчин 7 метр зузаан цасан бүрхүүлээр хучигдсан хүнд нөхцөлд ажиллажээ.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн “Мөнгөтийн хяр” хэмээх газар орших мөнгөний орд нь Улаанбаатар хотоос 1,950 км, аймгийн төвөөс 190 км зайтай, д.т.д 2,891 м өндөр ууланд байрладаг.

Төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, орон нутгийн чанартай шороон замтай, ихэнхи өдрүүдэд цасан шуурга шуурч, зам даваа хаагддаг онцлог бүс нутаг юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Зарим Элчин сайдуудад хилийн хорио тогтоож, шалгаж эхлэв үү?

Image result for Элчин сайд А.Баттөр

АТГ-ын мөрдөгч нар оффшор бүсэд мөнгө угаасан хэргээр Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайдыг илрүүлэн шалгаж эхэлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдрөөс эхэлж уг хэрэгт татагдсан хүн бол Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөр гэх мэдээлэл цацагдлаа.

Түүнийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авсан байж болзошгүй гэж үзэж байгаа гэх мэдээлэл байна. Тэрээр Улаанбаатарт саяхан болсон Элчин сайд нарын цугларалтын үеэр ирээд байжээ. АТГ-аас түүнийг шалгаж буй хэрэгтэй нь холбогдуулан хилийн хориг тавиад байгаа аж.
Албаныхан энэ хэргийн талаар “А.Баттөрийг шалгаж эхэлсэн нь ямар нэгэн гомдол, мэдээллийн мөрөөр хийж буй ажил биш. Ажиллагааны явцад илрүүлсэн хэрэг. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нэг зүйлийг баттай хэлэхэд хууль бусаар гадагш гарсан хөрөнгийг буцаах чиглэлээр манай мөрдөгч нар олон удаагийн сургалтад идэвхтэй оролцож ирсэн. Үүний үр дүн гарч байна” гэв. А.Баттөр нь өмнө нь Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан. 2017 оноос Францад Монголыг төлөөлөн суух Элчин сайдаар томилогдсон юм. Мөн Монгол Улсаас Швейцарьт суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэнд хилийн хориг тавьсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна.
Categories
мэдээ нийгэм

Япон Улсаас Монгол Улсад суухаар томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзав

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Кобаяши Хироюки томилогджээ. Өмнө нь Япон улсаа төлөөлж байсан Элчин сайд М.Такаокагийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж нутаг буцсан байна.

Шинэ Элчинг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, цаашид хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ойлголцолд суурилсан Стратегийн түншлэлийн харилцааны эрчийг бууруулалгүй улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа Дэд сайд онцоллоо.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өндөр түвшинд бүхий салбарт амжилттай хөгжиж буй Монгол, Японы Стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолжээ.

Мөн тэрээр 2020 оны Олимпын болон Паралимпын наадамд хоёр орны тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Габит: Ирээдүйд нийт мэргэжлийн тал хувь устах ч шинэ мэргэжлүүд олноороо гарч ирнэ

Infinite Solutions компани, мэдээллийн технологийн “Нэст эдукэйшн” ахлах сургуулийг үүсгэн байгуулагч Б.Габиттай хиймэл оюун ухаан тойрсон асуудлаар ярилцлаа. Тэрбээр Стэнфордын их сургууль, Сан Хосегийн их сургууль, Дикинсоны их сургуулийн төгсөгч юм.


-Хиймэл оюун ухааны хамгийн энгийн тодорхойлолтоор ярилцлагаа эхэлье?

-Энгийн юм шиг хэр нь хүн бүр өөр ойлголттой байдаг асуулт шүү, нээрээ. Жишээ нь, би сурагчдаасаа энэ талаар асуувал зарим нь тэр чинь робот, эсвэл кинон дээр гардаг терминатор, iron man гэх мэтээр хариулдаг л даа.

Харин насанд хүрэгчдээс асуухаар энэ талаар ярихад эрт байна, дөнгөж судалгааны шатанд яваа гэх жишээтэй. Энгийнээр хэлбэл хиймэл оюун нь ямар ч хэлбэрээр байж болно. Гол зорилго нь бидний ажлыг автоматжуулах.

Жишээ нь, үйлдвэрийн давтамжтай ажлыг хүн биш машин хийх, эмчийн оношийг хиймэл оюун ашиглан илүү зөв гаргах, эсвэл зээлийн эдийн засагчийн дүгнэлтийг илүү хурдан хийх гээд багцаалдаад ойлгочихож болно.

-Хиймэл оюун ухааны хөгжил дэлхийд хэр хурдтай урагшилж байна?

-Хиймэл оюун ухааны анхны ойлголтууд 1950-иад оны үеэс гарч эхэлсэн. Хуучин ба шинэ гэсэн хоёр үе шаттай л даа. Хуучин үеийн гол үйл явдал гэвэл 1997 онд IBM-ийн Deep Blue гэх машин дэлхийн шилдэг шатарчин Гари Каспаровыг ялсан.

Олон нийт хиймэл оюуныг анх бодитоор харсан нь тэр. Гэхдээ тэр үед машин илүү ухаантай болохоор ялаагүй бөгөөд хүнээс илүү хурдан болохоор ялсан байдаг. Машин өөрөө сэтгэх гэхээсээ илүү хүний хатуу программ, дүрмийн дагуу нэг секундэд маш олон боломжуудыг тооцоолж ялсан юм. Харин 2008 оноос шинэ үе буюу машин сургаж (Machine Learning) эхэлснээр хиймэл оюуны тэсрэлт болсон.

Хиймэл оюун гэдэг нь өөрөө их том ойлголт. Нэг салаа нь Machine Learning буюу машин сургах. Дэлхий нийт одоо үүн дээр төвлөрч байна. Машин сургалт дотроо илүү гүнзгийрч Deep Learning гэх шинэ ойлголт гараад ирлээ. Тэр нь хүний тархины ажилладаг зарчмаар ажилладаг Neural Network дээр суурилдаг.

-Хиймэл оюунд тулгарч байгаа асуудлууд гэвэл та юуг онцлох вэ?

-Машин сургахад их хэмжээний дата хэрэгтэй. Азаар сүүлийн үеийн ухаалаг утас болон loT (Internet of Things)-ийн тусламжтайгаар дата хангалттай цуглаж байна. Өндөр хүчин чадалтай тооцоолон бодох машинууд тулгамдсан асуудлуудын нэг байгаа. Цоо шинэ салбар учраас Data scientists болон хиймэл оюуны эрдэмтэн, инженерүүдийн эрэлт бас асуудал болсон.

Өнөөдрийн байдлаар хиймэл оюун ухаан singular defined domain буюу зөвхөн нэг тодорхой бөгөөд ойлгомжтой асуудлыг л шийдэх боломжтой байна. Гэтэл хүний тархи олон өөр асуудлыг шийдэх чадвартайгаараа хиймэл оюунаас одоохондоо илүү хэвээр байгаа.

Дэлхий дээрх хамгийн туршлагатай эмчээр жишээлбэл, туршлагатай эмч амьдралынхаа туршид олон мянган өвчтөн үзсэн байж таарна аа даа. Дэлхий даяар ажилладаг олон зуун туршлагатай эмчид байгаа өвчтөний мэдээлэл дээр хиймэл оюун ашиглан дүгнэлт гаргавал оношийг илүү нарийн гаргах боломжтой. Мэдээж 100 хувь гэсэн үг биш ч илүү бодитой төсөөлөл, таамаглал, ангилал бий болгох боломж бий.

-Machine Learning-д маш их дата хэрэгтэй гэж ойлголоо. Ерөөсөө л дата хангалттай байхад бодитой таамаг, дүгнэлт, онош гаргачих нь ээ?

-Цаанаа яаж ажиллаад байна гэхээр маш их дата-г боловсруулж, түүнээсээ суралцдаг юм. Жишээ нь, хүний дата гэхэд өглөө хэдэд босдог, хэзээ гардаг, юу хийдэг, шүдээ хэзээ угаадаг гээд бүх дата нь хэрэгтэй. Түүнээс энэ нь чухал, энэ нь чухал биш гэх дата байхгүй.

Илүү бодитой хариу гаргахын тулд ерөөсөө бүх дата нь байх тусмаа сайн. Хиймэл оюунгүй үед хүн бие өвдөнгүүт эмчид очдог. Эмч биеийнх нь ерөнхий байдлыг асуугаад цээжний зургийг нь авснаар бронхит болсныг нь туршлагадаа үндэслэж хэлдэг.

Харин хиймэл оюун таны бүх дата-г дэлхий дээрх сая сая хүний дата-тай харьцуулалт хийн давхцуулснаар түрүүн хэлсэн төсөөлөл, таамаглал болон ангилсан мэдээлэл гаргадаг. Эмч энэ мэдээлэл дээр үндэслэн оношоо гаргавал илүү сайн онош гарна гэсэн үг.

-Хиймэл оюун ухаанаар ямар улсууд тэргүүлж байгаа бол?

-АНУ байна. Дэлхийн ихэнх том шилдэг компани АНУ-аас гаралтай. AI судалгаа, R&D дээр 2018 оны байдлаар Google, Facebook, Apple, Microsoft зэрэг аваргууд нийт 30 тэрбум ам.доллар зарцуулсан байх жишээний.

Энд зөвхөн мөнгөн дүнгээс илүү зарцуулсан цаг хугацаа, хүний нөөц, боловсролын системд хийсэн ажлууд багтаж байгаа. Үр дүн нь шууд гарахгүй ч ийм их хөрөнгө оруулалт, цаг хугацаа зарж байгаа улсууд аяндаа түүчээлээд эхэлнэ. Хиймэл оюун ухааны чухал салбаруудыг санаачлагчид бүгд АНУ-аас гаралтай учраас энэ чиглэлд яалт ч үгүй era of exploration буюу шинийг сэтгэх, зохион бүтээх тал дээр Америк тэргүүлдэг.

MIT, Stanford, Cal Т ech гээд шилдэг сургуулиудад топ эрдэмтэд ажиллаж, их ч хөрөнгө хаяж байна. Яг араас нь Хятадууд энэ салбарт хүч түрэн орчихлоо. Гүйцэтгэл тал дээр дэлхийн номер нэг улс. Сүүлийн богинохон хугацаанд өөрийн BAT (Baidu, Alibaba, Tencent) гэх аварга компаниудын нэгдэлтэй болсон. Энэ компаниуд жилийн дотор гэхэд л хиймэл оюуны салбарт 27 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн тоо гарсан байна лээ.

Хувийн компаниуд нь энэ хэмжээний хөрөнгө оруулснаас гадна улсаас нь мөн дэмжиж яваа. Улсаас нь хувийн салбартайгаа ижил буюу 27 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, урд хөрш нийлбэр дүнгээрээ 50 гаруй тэрбум ам.доллар зарсан гэсэн үг.

-Та энэ тоонуудыг хаанаас авсан бэ?

-Би энэ тоонуудыг Kai Fu Lee профессорын судалгаанаас авсан. Сонирхсон хүмүүс хайлт хийгээд харах боломжтой.

-Урд хөршид IT-гаар сурах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг учир мэдэх улс өгдөг юм билээ. Боловсрол талдаа бас түүчээлж байна гэсэм үг үү?

-Хятадууд 10 жилийн боловсролдоо хүчтэй анхаарч багш нараа бэлдэх дээр төвлөрснөөр одоо дунд ангиас нь IT зааж байна. IT-ийн хичээл нь яг л математик, англи хэлтэй ижил нэгдүгээр ангиллын хичээл болсон.

-Өнгөрсөн жилүүдэд үйлдвэрлэлээрээ тэргүүлсэн улсууд хөгжлийн өндөрлөгт хүрсэн. Манай улс үйлдвэрлэлээрээ тэдэнтэй эгнэж, хөгжлөөрөө цойлох боломжгүй. Харин хиймэл оюун ухааны эринд, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд хөгжлөөрөө тэргүүлэх боломж бидэнд бий гэх юм. Ийм боломж байгаа юу?

-Бид аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас хоцорсон гэж ярьдаг. Гол нь тухайн үед ямар улсууд энэ чиглэлд судалгаа, туршилт хийн хөрөнгө хаяж түрүүлсэн бэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэд одоо өндөр хөгжилтэй улсууд гэгдэх болсон.

Мөнх зүйл гэж байдаггүй болохоор ойрын 10 жил ямар улс хиймэл оюун болон IT-даа хөрөнгө, анхаарлаа илүү хаяна тэдгээр улс дараагийн өндөр хөгжилтэй улс гэгдэнэ. Эсрэгээрээ болохгүй, бүтэхгүй, хол байна гэж ярьсан нь бүр ард хоцорч, хэрэглэгч юм уу дата-аа алдагч л болж хувирна. Та сая боломж бий юу гэж асуусан. Бидэнд боломж бий. Яг одоо л бидэнд алтан боломж байна.

-Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд бид юунд анхаарч, ямар гарц шийдэл гаргах ёстой вэ?

-Суурь боловсрол дээр л хүчтэй төвлөрөх хэрэгтэй. Тийм эрэлт байгаа учраас Facebook, Amazon, Stanford-ын залуус Нэст ахлах сургууль байгуулаад ажиллаж байгаа юм. Бид IT дээр нэмэх нь хандлага, асуудал шийдэх чадвар, мэргэжлийн чадвар гэсэн гурван зүйл дээр төвлөрч байгаа. Асуудал шийдэх чадвар гэдэг нь математикийн бодлогын хариуг олох гэхээс илүү цаанаа юу шийдэж байгааг нь ойлгуулна.

Мэргэжлийн чадвар нь ойлгомжтой. Ерөнхий боловсролын сургуульд байхад нь IТ-г гүнзгий эзэмшүүлнэ. Ер нь бол заавал боловсролын системийг өөрчилнө гэж ярихаас илүү байгаа боломж дээрээ тулгуурлан хүүхдүүдэд ур чадвар эзэмшүүлэх шаардлага байна.

Ахлах сургуульд маань Oracle, Amazon, Microsoft, Apple, Xpedia зэрэг томоохон компанид ажилладаг монгол залуус зөвлөхөөр ажиллаж байгаа. Олон мундаг монгол залуус гадны томоохон компанид ажилладаг. Тэдний тусламжтайгаар дараагийн үе маань илүү хурдан урагшлах боломж бий.

-Америк, Хятадын зөрчилдөөнийг ашиглаж хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд Америкаас хөрөнгө оруулалт татах боломжтой гэж ярих эдийн засагч байна. Хөрөнгө оруулалт татах талд бидэнд ямар боломжууд бий бол?

-Learn from Leaders гэж товчхон хариулмаар байна. Аль аль зах зээл рүү нь бидэнд боломж байна. АНУ шинэ технологи нэвтрүүлэлтээр тэргүүлж яваа бол Хятад гүйцэтгэлээр ноёлж байна. Хятадууд бидний багад бүх зүйлийг дуурайж хийдэг байсан бол одоо эсрэгээрээ шинийг санаачилж яваа.

Наад зах нь WeChat гээд өөрийн төлбөр тооцоо, харилцаа холбооны хүчирхэг дэд бүтэцтэй болчихсон. Тэгэхээр юуны өмнө бид зөв цэгцтэй мэдээлэлтэй болмоор байна. Жишээ нь, монгол хэлээр Google-ээс хиймэл оюун гэж хайвал маш бага мэдээлэл гарч ирдэг. Тиймээс бид дотооддоо зөв мэдээлэл түгээх үүднээс MIT-ийн профессор Max Tegmark-ийн бичсэн дэлхийн бестселлер болох Life 3.0 номыг орчуулан ирэх оны эхээр гаргахаар ажиллаж байна.

-Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд Монголд бодитой ямар ажлууд хийгдэж байна вэ. Энэ чиглэлээр ажилладаг компаниуд гэвэл та ямар газруудыг онцлох вэ?

-Текстийг дуу хоолой руу, дуу хоолойг текст руу хөрвүүлэх ikon, Sara гэх мэт хэд хэдэн төсөл Монголд амжилттай хэрэгжээд эхэлжээ. Энэ бол бодит жишээ. Манай компанийн хувьд сүүлийн 13 жилийн турш IT, хөрөнгө оруулалт, боловсрол, финтек чиглэлд Хойд Америк, Латин Америк, Монголын зах зээлд төвлөрөн ажиллаж байна.

Одоогоор хиймэл оюун дээр суурилсан хэд хэдэн ажил хийгдсэн. Fintech болон банкны салбарт КҮС буюу хэрэглэгчийг таних гэсэн ойлголт бий. Үүнийг хиймэл оюун ашиглан хэрэглэгчийг царайнаас нь эхлүүлэн таньснаар энэ чиглэлд бодитой алхам хийж чадна гэж харж байна. Энэ мэт хэд хэдэн цэвэр програмчлалын ажлууд дээр ажиллаж байна.

Боловсролын чиглэлд MIT болон бусад байгууллагуудтай хамтран сурагчдын энэ чиглэлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүд бэлдэн, ном товхимол орчуулан гаргах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Ер нь бидний эцсийн зориод байгаа зүйл нь Монгол Хөндий юм. Монгол Хөндий-д олон мянган инженерүүд олон улсын түвшинд бэлтгэгдэж, дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулалт татан, олон тооны шинэ компаниуд бий болсноор эх орондоо дэлхийн хэмжээнд үнэлэгдэн ажиллах боломж байна.

Бид өөрийн хэмжээнд үлгэрлэн үзүүлэхээр IT-ийн боловсрол , мөн олон улсын түвшинд хөрөнгө босгон гадны зах зээлд IT-ийн бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр сүүлийн 13 жил ажиллаж байна.

-Хиймэл оюун ухааны дэлхийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг сонирхуулаач?

-Сүүлийн ололт гэвэл хиймэл оюун ухаан эрүүл мэнд, хууль, IT, боловсрол, даатгал, банк санхүү гээд бүх салбарт орчихлоо. Роботын салбарт маш өндөр дэвшлүүд гарч, өмнө нь болхи байсан роботууд одоо олон мэдрэгчээс ирсэн дата дээр суурилан нарийн үйлдлүүдийг гүйцэтгэх болж. MIT Labs энэ чиглэлд тэргүүлэх шатанд явж байна.

Дашрамд хэлэхэд Facebook-ийн анхны монгол ажилтан гэдгээр нь хүмүүс мэддэг Мэргэн гээд найз маань яг одоо тэнд судалгааны ажил хийж байгаа.

Эмнэлгийн салбарт гэхэд олон төрлийн хорт хавдрыг тусахаасаа өмнө мэддэг боллоо. Яаж тэгээд байна гэхээр өмнө хэлсэнчлэн олон сая хүний амьдралын хэмнэлийн их хэмжээний дата дээр суурилан давхцалуудыг олж, ийм амьдралын хэмнэлтэй хүн ийм өвчнөөр өвдөх магадлал өндөр гээд гаргачихаж байна. Энэ бол гайхалтай үр дүн. Хүн бүр 100-аас илүү насалдаг болоход нэг алхам ойртлоо гэсэн үг.

Хамгийн хүнд гэгдэх төслүүдийн нэг бол өөрийгөө жолооддог машин. Намайг 2012 онд Стэнфордын их сургуульд сурч байхад гадуур Google гэсэн логотой дээрээ олон камер суурилуулсан машин явж харагддаг байлаа. Орчны бүх мэдээллийг тэдгээр камераар авч боловсруулж, автомат жолоодлогын горимоо хиймэл оюун ашиглан сайжруулсаар байсан юм билээ.

Тухайн үед автомат жолоодлого нэг секундэд нэг алдаа гаргадаг байсан бол одоо нэг жилд нэг алдаа гаргах магадлалтай байна. Зөвхөн АНУ-д гэхэд жилд 30 гаруй мянган хүн авто осолд ордог бол энэ тоог хиймэл оюун багаар бодоход 90 хувь бууруулна гэхээр гайхалтай байгаа биз.

-Тийм байна. Гэхдээ хиймэл оюун ухаанд олон гоё, сайхан ололт бий ч сул талуудыг ярихгүй өнгөрч болохгүй байх?

-Яг зөв асуулт. Хиймэл оюунаас үүдэн гарч буй гурван төрлийн айдас байна. Эхнийх нь ажлын байрны өөрчлөлт. Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаар маш олон ажлын байр шинээр бий болж байсан бол харин хиймэл оюуны эринд олон хүн ажилгүй болно гэсэн айдас бий.

Хоёр дахь нь эдийн засгийн тэгш бус хуваарилалт: Технологийн давуу талыг зөвхөн дээд, чинээлэг давхаргынхан ашиглаад, дунд, доод давхаргынхан балрах вий гэдэг айдас бий.Гурав дахь нь технологи хүнээсээ илүү хурдан хөгжих вий гэдэг айдас.

-Ажлын байран дээр жишээ нь ямар өөрчлөлтүүд гарах бол, тодорхой судалгаа байна уу?

-Oxford -ын судалгаагаар ойрын 10 жилд нийт ажлын байрны талд нь шахуу өөрчлөлт орно гэсэн дүгнэлт гарсан. Ялангуяа банкны теллер, үйлдвэрийн ажилчид гэх мэт давтамжтай ажлын байрууд машинаар бүрэн орлуулагдана.

Давтамжтай гэлтгүй бусад мэргэжилд ч өөрчлөлт явагдана. Жишээ нь, хуульчийн ажлын цагийн ихэнхийг авдаг судалгаа шинжилгээний ажлыг машин хийснээр ажилд нь хурдасгуур болно. Хуучин цагт ямар нэг чухал асуудлыг сурвалжлахаар сэтгүүлч, нисдэг тэрэг болон камертай хүн гурав хамтдаа замд гардаг байлаа. Гэтэл одоо тэр бүхнийг ганц дрон орлочихож байна.

Гэхдээ дрон өөрөө нисээд яваа биш ард нь түүнийг удирдаж, авсан мэдээллийг нь боловсруулдаг бүтэн баг ажиллаж байгаа. Тэгэхээр ажлын байрууд алга болох гэхээсээ илүү өөрчлөгдөж явааг анзаарч, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна.

-Яг ямар мэргэжлийнхэн ажилгүй болж, шинээр ямар мэргэжил гарч ирэх бол?

-Бүх судалгаанаас харахад одоо байгаа ажлын байрны тал нь байхгүй болж, өөрчлөгдөнө. Гэхдээ ихэнх нь давтамжтай ажлууд. Философийн нэг асуулт байдаг даа. Давтамжтай, нэгэн хэвийн уйтгартай ажлыг 30 жил хийж яваа хүн өөрөөрөө бахархаж, аз жаргалтай байх болов уу гэсэн асуулт. Миний бодлоор харин ч хүмүүс машин хийчих зүйлд үнэт цагаа зарахаа больж, илүү аз жаргалтай амьдрах боломжтой.

Mckensey-ийн судалгаагаар нийт мэргэжлийн 45 хувь нь устах ч нэмээд 55 хувиар олон шинэ ажлууд гарч ирнэ гэсэн байна лээ. Жишээ нь дрон нисгэгч, AR архитектор, Data scientist, сэтгэл гутралын эмч нар гэх мэт бидний одоо төсөөлөх ч үгүй олон ажлын байр бий болно.

-Хиймэл оюун ухаан хүний тархийг гүйцнэ гэсэн таамаглал их дуулддаг. Энэ хэр бодитой вэ. Хүний тархийг давах хэмжээнд хүрсэн гэдгийг нотлох жишээнүүд бий юү?

-Singularity буюу технологи хүнийг мэдлэг чадвараараа давах асуудлыг ярьж байна. Өмнө дурдсан гурван айдсын гурав дахь нь болох технологийн хэт хурдан хөгжилтэй холбогдоно л доо. Энэ чиглэлд маш олон том компани хөрөнгө оруулж байгаагаас томоохон нь Soft Bank (Японы инновацийн том төлөөлөл) болон Арабын томоохон сангууд байна.

Нэг талаасаа их мөнгө ийшээ хийж яваа ч нөгөө талаас одоо үргэлжилж буй эрдэм шинжилгээний мэдээлэл дээр үндэслэн дараах дүгнэлтүүдийг хийж болохоор байгаа юм. Хиймэл оюун маань яг одоо ганц тодорхой асуудлыг л шийдэж чадна. Энэ хувьцаа өсөх үү, энэ хүн зээлээ төлөх үү, энэ онош зөв үү гэх мэт асуудлыг шийдэх бололцоотой. Гэхдээ эцсийн шийдийг хүн гаргана.

Гаргахдаа ганц тоо хараад гаргахгүй нь мэдээж. Тэгэхээр ойрын 15 жил хиймэл оюун маань нэг асуудлаа илүү төгс шийддэг болохоос биш хүнийг даваад цойлох боломж нь шинжлэх ухаан талаасаа бага.

Хиймэл оюуныг зохиож, сургаж байгаа нь хүмүүс бид шүү дээ. Тэгэхээр хиймэл оюунаас айж зугтаах биш, харин бид энэ дунд яг хаана нь байх вэ гэдэгт илүү анхаарвал нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлнэ.

-Хиймэл оюун ухаан бүх л салбарт хэрэглээ болж, хөгжлийн хэмжүүр болох цаг хэзээ гэж та бодож байна вэ?

-Яг үнэндээ одоо ч хиймэл оюун бидний амьдралд хүчтэй нэвтэрсээр байна. Энгийн жишээ гэхэд Gmail дээр мэйл бичиж байхад suggestion буюу үг, өгүүлбэрийг санал болгоод байгаа. Энэ нь цэвэр олон сая хүний бичсэн мэдээлэл дээр хиймэл оюун ажиллан давхцалыг олж миний юу бичих гэж суугааг таамаглаж байгаа юм.

Хайлтын системд ч мөн миний юу хайх гээд байгааг энэ мэтээр санал болгодог. Бидний яриаг шууд текст болгон хөрвүүлэх болон зургийг шууд юу вэ гэдгийг таних гэх мэт мөн л хиймэл оюун. АНУ-д MIT Rethink Robotics-ын хөгжүүлсэн Baxter гээд робот бий. Тодорхой үйлдлийг 10-100 удаа хийнэ шүү гээд заагаад өгчихвөл тэрийг 24/7/365 өдөр тасралтгүй, алдаагүй, ямар ч гэмтэлгүй хийнэ.

Хятад улсын Face++ гээд хиймэл оюунд суурилсан гурван сая хүний царайг нэгэн зэрэг таньдаг систем бас байна. Гар утасны SIRI ч мөн биднийг хиймэл оюуны тусламжтай ойлгож, харилцан ярьдаг. Өмнө нь орчуулгын товчоо явдаг байсан бол одоо топ хэлүүд хооронд Google Translate ямар ч орчуулагчаас дутахгүй орчуулж байна.

Amazon, эсвэл Taobao гээд том худалдааны сайтууд бидний юу авахыг санал болгож байгаа нь мөн л хиймэл оюун.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасаг шинээр ашиглалтад орлоо

“Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад орууллаа.

Тус нэгдсэн эмнэлгийн 2 давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий 1 давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж.

Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, ХУД-ийн ЗДТГ-аас хэвтэн эмчлүүлэх ор, шүүгээ бүхий 50 гаруй сая төгрөгийн тавилга, эд хогшлоор хангасан байна.

Тус нэгдсэн эмнэлэг хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед 30 ортой “Мөрөөдөл” тасаг ашиглалтанд орсноор эмнэлгийн хүчин чадал 40 хувиар нэмэгдэж, харьяа дүүргийн 0-16 насны 60 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ.




Categories
мэдээ нийгэм

Найрлагад нь онц аюултай хүнсний нэмэлт орсон тул дугуйтай чихрийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах дэлгүүрт зарагдаж байсан дугуйтай чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байжээ.

Тус мэдээллийг хөрвүүлэхэд уг чихрийн орц найрлагад аюултай болон онц аюултай ангилалд хамаарах E102, E110 нэрийн хүнсний нэмэлтүүд оржээ.

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дээрх чихрийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өчигдөр Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон хатагтай Кэтрин Ивкофийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд К.Ивкоф Дэд сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж, Монгол Улсад ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа аль хэдийнээ бат бөх болсныг тэмдэглэж, цаашид бүхий л чиглэлээр үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа нотлов.

Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийлж, харилцааны түвшинг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач!

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Сайн байна уу, аниа? Бид нийгмийн даатгалаас явж байна-гэсээр хоёр хүүхэн хаалгаар орж ирлээ.

-Та амралтанд явах уу?

-Үгүй. Юун амралт билээ?

-Та саяхан тэтгэвэрт гарсан болохоор мэдэхгүй байх шиг байна. Хөгшчүүлийг нийгмийн даатгалаас үнэ төлбөргүй нийгмийн даатгалын амралтанд хэд хоног амруулдаг юм шүү дээ.

-Өө тэгъе. Ирэх зунаас тэгж байгаад амаръя.

-Он дуусах гэж байна. Таны лимит одоо ингээд дуусна. Та өнөө маргаашгүй л амралтанд яв.

-Хар өвлөөр үү? Эгч нь дараа зунаас болъё.

-Энэ жилийн лимит чинь өнгөрөх нь байна. Тэгвэл та мөнгөө ав. Амарсан гээд л энэ маягт дээр бөглөөд гарын үсгээ зурчих.

-Өө юун сайн юм. Мөнгөө авчихъя. Хаана зурах юм. 150 мянган төгрөг үү?

-Үгүй ээ, танд 50 мянгыг өгнө. Тэртэй тэргүй зүгээр олдож байгаа мөнгө шүү.

-100 мянгыг нь хэн авах юм?

-Бид чинь бас хөөцөлдөж бариад л гэр орноор чинь ирээд зөндөө л ажиллаж байна шүү дээ.

-Ядахнаа таллаад хувааж болдоггүй юм уу?

-Бид цаанаа олуулаа. Дээр дарга нар байна. Та өөрөө л мэд. Эсвэл 50 мянгыг одоо авна, эсвэл энэ эрх чинь хүчингүй болоод хоосон хоцроно.

За за, зүгээр олдсон шар тосыг амаараа түлхээд яахав. Ирэх зун би амралтанд явж болох уу?

Болно. Үнэгүй амарна, эсвэл ийм маягаар 50 мянгаа авч болно. Гэхдээ та өөрийн таньж мэддэг тэтгэврийн хөгшчүүлдээ энэ тухай оноос өмнө хэлээд хэдэн хүн олоод өгвөл шагналтай шүү.

Олон жилийн өмнө дунд сургуульд хамт сурч байсан “ангийн охин” саяхан надад ингэж ярьсан юм. Тэрээр таньдаг мэддэг болгондоо утасдан, аминдаа нэмэлт шагнал авчих санаатай зарлага хийжээ. Мөн худууддаа тус болгонд нь 50 мянган төгрөг олж өгсөн байна. Хэрэв “харилцагч” амралтанд явна гэвэл хоёр хоног Нийгмийн даатгалын даргын хувийн амралтанд жаргуулаад 150 мянгыг биччихдэг аж. Энэ талаар цааш сураглавал улс даяар ийм сүлжээ нэгэнт үүсээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм байна. Дээд дарга нь энэ цуглуулсан мөнгөнөөс татвар авна. Нэг үгэндээ айлаар хэсэх хүүхнүүд бол нормын ажилчид. Төлөвлөгөө давуулаад цалингаас гадуур орлого цуглуулна.

Хөгшчүүлд нийгмийн даатгалынхан сонсголын аппарат баахныг 35 мянган төгрөгөөр тараав. “Энэ аппаратын үнэ 700 мянган төгрөг. Гэвч нийгмийн даатгалаас хөгшчүүлээ харж үзээд ердөө 35 мянгаар өгч байгаа юм. Та үүнийг авчихаад бусад хөгшчүүдэд бас дуулгаарай. Олон хүн олоод ирвэл таныг үнэгүй амралтаар шагнана шүү”. Ийм маягаар Монголын хөгшчүүдийг сонсгол сайн муу нь хамаагүй нэлээдийг нь аппараттай болгожээ. Хэргийн мөрөөр хөөвөл хямдаар бөөндсөн аппаратаа нийгмийн даатгал 20 дахин их үнээр үнэлэн тогтоожээ. Хурааж авсан 35 мянга ном ёсоороо дансанд орно. Харин 20 дахин өндөр үнээр үнэлсэн зөрүү даргын хармайнд. Мэдээж түгээлт хийсэн ажилтнууд норм давуулсан өндөр шагналтай. Хөдөлбөл хөлс шүү дээ.

Нийгмийн даатгалын хөрөнгө бол иргэдийн татвараар буй болсон баялаг. Одоо тооцоогоор тэдэнд дөрвөн ихнаяд төгрөг байх ёстой. Хоёр ихнаядыг нь Засгийн газар “зээлж аваад” дашийншог. Нөгөө хагасыг дарга нь энд тэндхийн банкинд ээлжилж тавин хүүг нь хусч суудаг. Ийм операцийн дүнд зарим банк хямралдаад эргэж өгөхөөсөө өнгөрсөн. Та бүхэнд энэ “бизнес” аль зэрэг таалагдаж байна??? Сүлжээнд орсон энэ ажиллагаа олон тэрбум төгрөгийн өртөгтэй. Үйлчлүүлэгчээ хам хэрэгтэн болгочиж байгаа учраас гомдол гарах магадлал багатай, энэ хэрээрээ эрсдэлгүй луйвар. Сүлжээнд оролцож буй бүх хүн болох удирдагч, мэнежер, зохион байгуулагч, түгээгчид, үйлдэгчид, үйлчлүүлэгчид бүгд операцийн үр дүнд гэдэс цатгалан, сэтгэл хангалуун гардаг болохоор буянтай “бизнес”! Монголд олон арван мянган тэтгэврийнхэн бий. Цаана нь талийгаачид бүр олон. Далайцтай хөдөлж болох их ундрага. Төрийн шударга ажилтнуудаа гүтгэсэн бол тэнгэр намайг ниргэж, хуулийн хурц хараа тас цавчиг. Хулгай дээрэм нүүрлэсэн хөөрхий эх орон мину!

Гэрэлт шар наран дор ил задгай хийж буй энэ тонуулыг хүн болгон шахам мэдэж байгаа болохоор цагдаа ч бас хамар битүү ч үнэрлэсэн байж таараа. Асуудлыг шалгахаар дээш дээш нь өргөн мэдүүлжээ. Татгалзсан хариу авав. Нэгд, удахгүй сонгууль болох гэж байхад илүү шуугианаар яахав. Хоёрт, ерөнхий мэнежер нь хуулиар халдашгүй эрх эдэлдэг! Өөрөөр хэлбэл дархлагдсан хулгайч!

Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний эрх үүргийг заасан байгаа. Үүнд: “2. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална. 3. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын их хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”. Ингэж заасан байна. Энэ бол ардчилсан төрийн хаана ч байдаг жишиг механизм. Иргэний зориг намынхан анх парламентад орж ирүүтээ л гишүүний халдашгүй эрх гээчийг цуцлана гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж байв. Болохгүй л дээ, ард түмнээс сонгогдож тэдний төлөөлж буй хүн өөрөө ямар нэг байдлаар хамгаалагдахгүй бол сонгогч түмнээ яаж төлөөлөх болж байна? Тэд үүнийг ойлгоод дахиж тэгж хөтөлбөрдөхөө больсон.

Гэвч халдашгүй байдал гэдэг маань нарийндаа юу вэ? Юун түрүүн гишүүн хууль тогтоох явцдаа гаргасан санал, хэлсэн үгийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Энэ нь хэн нэгнийг доромжлох гүтгэх зэргээр танхимаас гадуур үйлдэх ёс бус үйлдэлд огт хамаагүй. Халдашгүй байдал гэдэгт мөн бие махбод, гэр орон, албан тасалгаа, унаа тэрэг нь хамаарна. Энэ бол төрийн зүгээс халдахгүй гэж байгаа болохоос авгай нь ганжиндах, гэрт нь хулгай орох, машины толийг нь хагалахтай огт хамаагүй. Үүнийг иргэний журмаар бусдын нэгэн адил шүүх цагдаагаар явж шийдүүлэх ёстой болохоос гудамжинд өөрөө шалчиганаж байж тавиулчихаад халдашгүй эрх гэж өвчигнөх нь ёстой гай л байна!

Гэмт хэрэгт холбогдох тухай асуудал байна. 1991 онд Үндсэн хуулийг боловсруулж байхад Чимид гуай энэхүү 29 дүгээр зүйлийн гуравдугаар заалтыг ингэж тайлбарлаж байв: Гэмт хэрэг нь тодорхой болбол гишүүнийг бусад иргэдийн нэгэн адил сэжигтнээр татах ба шаардлагатай гэж үзвэл тусгаарлах арга хэмжээ авах нь прокурорын бие даасан шийдвэр байх ёстой. Гэмт хэрэг нь батлагдсан гэж үзвэл прокурор хэнээс ч асуулгүйгээр яллагдагчаар татах эрхтэй. Шүүх гэм буруутайг тогтоосны дараа л УИХ уг гишүүнийг эгүүлэн татах асуудлыг авч хэлэлцэнэ. Гишүүнийг шүүхээр орохоос өмнө тусгаарлан хорьсон тохиолдолд түүнийг хуралд нь тусгай харгалзагч авчирч суулгаад эргүүлээд тусгаарласан газарт нь харуул хамгаалалттайгаар аваачиж хорино. Чимид гуай үүнийг Энэтхэгийн парламентаар жишээ авч, тусгаарлах арга хэмжээнд орсон хэд хэдэн гишүүн буутай цагдаагаар харгалзуулан парламентын танхимд гавтай орж ирэн суудалдаа суугаад чуулганы ажиллагаанд оролцон саналаа бүрэн эрхтэйгээр өгдөг. Хурал дуусангуут хуяг гишүүнийг шорон руу, эсвэл гэрийн хорио руу нь туун авч явна.

Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах хүчтэй байдгийн жишээг хоёр жилийн өмнө Чехийн хуулийн байгууллага харуулсан. Чехийн Засгийн газар хуралдаж байтал гаднаас зэвсэглэсэн цагдаа нар гэнэт орж ирэн прокурорын зөвшөөрлийг үзүүлж танхимын гишүүдийг хуйгаар нь баривчлан байх газар нь аваачиж хорьсон. Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах хүчгүй бол энэ нь үхлээ хүлээж буй сул дорой хүнд өвчтөн гэсэн үг. Конгрессийн ордон, Кремль, Японы парламент рүү дайрвал шууд л буудаад унагачихдаг болохоос танхайчуудыг ардын баатар болгодоггүй. Ийм л хуультай байдаг.

Үндсэн хуулийн энэ логик буруугаар хэрэгждэг болсноос өдгөө Монголын парламент нь гэмт хэрэгтнүүдийн хорогдох газар болж хувирч байна. Гэмт хэрэгт холбогдон шоронд сууж байгаад “чөлөөгөөр” гарч ирсэн нэгэн нэр дэвшин өрсөлдөж байхдаа гишүүн болох гэж буйгаа “энэ цагдаа нар чинь зүгээр байлгахгүй байна шүү дээ” гэж улаан цагаангүй сонинд ярилцлага өгч байсан ба үнэхээр ч сонгуульд ялж төрийн эрх барилцаж л байсан.

Монгол Улс 1990 онд нэг удаа пропоциональ системээр анхны парламент буюу Улсын бага хурлыг бүрдүүлж байв. Түүнээс хойш дандаа абсолют мажоритар системээр сонгууль явуулдаг байлаа. Дэлхийд ийм орон ердөө тавхан байдаг ба Монголоос бусад нь хүний түүхэнд анхлан сонгууль өгч байсан англо саксоны улс байдаг юм. Абсолют мажоритар систем нь гишүүн болгонд жижиг жалга дов өмчлүүлдэг ба үүнээсээ болоод нэгдсэн бодлого явдаггүй, ялсан намын дэвшүүлсэн хөтөлбөр хэрэгжихэд төвөг болдог, сахилга бат хариуцлага хөсөр хаягдан, улс төрийн бодлогын хамтын зарчим алдагдаж бие даасан популистууд улс орныг тал тал тийш нь чирдэг хортой. Иймээс дэлхийн ихэнх оронд пропорциональ, эсвэл пропорциональ – мажориторыг хольсон холимог системийг авч хэрэглэдэг. 2012 оноос Монголд холимог систем хэрэглэх болсон ба энэ удаа ч мөн ийм журмаар сонгуулиа явуулах гэж байна. Пропорциональ гэдэг нь иргэд аль нэг улс төрийн намын төлөө саналаа өгөх ба түүндээ таарсан суудал олж авдаг. Суудалд чухам хэн суухыг нам шийддэг аж.

Чухам энэ “нам шийднэ” гэдэгт л лоосуу байна. Пропорциональ сонгууль явуулдаг ихэнх оронд нам нэрс гарган нийт сонгогчдоор хэнийг гэдгээ шийдүүлдэг. Зарим газар намын авсан суудалд хэн суухыг улс даяар намын хэмжээнд шалгаруулалт явуулна. Энэ нь төрийн сонгуулийн өмнөхөн тусдаа ил тод болдог аж. Гэтэл манай 2012 оны “туршлагыг” харж байхад хэдэн нөхдүүд фракц гэгчийг төлөөлж хаалгаа бараг лацдаж ломбодож байгаад хуйвалдааны нэрс гарган тогтоод дараа нь зарласан. Хуйвалдаан ч юу байхав даа, бөөн наймаа. Өнөөгийн манай “фракц” гэж юу юм бэ? 150 мянган гишүүнийх нь хэд нь аль фракцид хамаарч байгаа юм? Фракц гэгч нь намын хамт олны үзэл бодлын зөрөөний илрэл үү, эсвэл цөөн хэсэг луйварчдын хулгай дээрэм хийх зорилготой бүлэглэл үү? Үүнийг та өөрөөсөө нэг асуугаад тунгаа даа. Лав л 2012 онд АН-ын нэрс ба дугаарлалт чансааг Портуун, Энхболд, Алтанхуяг, Амаржаргал, Эрдэнэбат, Сайханбилэг, Баярцогт, Эрдэнэ гэсэн фракцчид хэлцэж байгаад л шууд тодорхойлчихсон юмдаг. “Би одоо орлоо, дараа чи ороорой” гэдгээ ч урьдчилаад тохирчихсон гэж сонссон шүү. 150 мянган гишүүнтэй үндэсний нам шүү дээ. Ядахнаа 230 гишүүнтэй ҮЗХ-ээрээ ил тод хэлэлцээд нэр дэвшүүлээд нууцаар санал хурааж байж жагсаалт гаргаж ирсэн бол арай л шударга болмоор. ГЗ, УТЗ гэх мэтийн хуучны Улс төрийн товчооны хуулбар нийт намыг төлөөлж чадах уу? Бүлэглэсэн луйварчид ярьсныгаа 150 мянган хүний өмнөөс “намын шийдвэр” гэж донгосох эрхтэй юу? Чухам ийм “нам шийднэ”-д л луйварчид, дээрэмчид, авлигачид, хулгайч нар наймаагаар орж ирж халдашгүй эрхтэй дархлагдсан хулгайч болно, энэ нь цаашлах тусмаа улам “хуульчлагдана”. Бурхан минь, биднийгээ дээрэмчдээс салгаж авраач!!!

2016.01.10

Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 25-нд болох үйл явдлууд

11.00 цагт УДЭТ-т Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225

11.00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байранд тус сургуулийн төгсөх дамжааны оюутнуудад зориулсан “MUST-NETWORKING BREAKFAST” уулзалт болно. Утас: 99148148, 94953773

14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсын “Эрдмийн хонх” оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол болно. Утас: 88087678, 80098480

14.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Мандал даатгал”, “Ард капитал” компани, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос тэтгэврийн шинэчлэл хийх ТББ байгуулах талаар мэдээлнэ.

17.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд “ЦОГ” сэтгүүлийн 75 жилийн ойд зориулсан “Яруу найргийн уншлага” болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Улс төрийн намуудын удирдлагууд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаа нарын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.