Categories
мэдээ эдийн-засаг

“Үнэт металл худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо

“Үнэт металл худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийн 10.1 дэх хэсэг, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон иргэний хуулийн холбогдох хэсгүүдийг үндэслэн “Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ”-г Худалдагч талын толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани, Худалдагч тал болох “Эрдэнэс Силвер Ресурс” компани, нөгөө талаас буюу Худалдан авагч тал болох Монголбанкны хооронд байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцож, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т. Мөнхбаяр нар Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээ нь өнөөдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 5 жилийн хугацаанд хамтран ажиллахаар талууд гэрээг ёслон баталгаажууллаа.

Уг гэрээгээр 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас Монголбанкинд нийлүүлэх, улмаар гэрээнд тусгасны дагуу төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад орших юм.

Categories
мэдээ улс-төр

Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Кобаяши Хироюкиг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

Ноён Кобаяши Хироюки Монгол Улсад гурав дахь удаагаа Элчин сайдаар томилогдон ирж байгаа бөгөөд энэ туршлага нь Монгол-Японы Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Япон улстай хөгжүүлэх эдийн засгийн гол харилцаа нь Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох тул тус улстай нүүрсний экспортын асуудлаар яриа хэлэлцээр хийх сонирхолтой буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр илэрхийлж, талууд энэ асуудлаар дахин уулзаж, ярилцахаар болсон юм. Мөн удахгүй Япон улсад болох зуны олимпын дараа Монгол Улсад “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадам болох тул тэмцээний бэлтгэл ажил болоод залуу тамирчдын бэлтгэх асуудлаар хамтран ажиллахаар ярилцлаа.
Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр 8 хувиар нэмэгдэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүх төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэхээр шийдвэрлэлээ.

Цалин, тэтгэврийн нэмэгдлийг 2020 оны Улсын төсөвт батлуулсан учир албан хаагчид ирэх сараас нэмэгдсэн цалингаа авна.

Төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш нэмээгүй бөгөөд одоогоор дундаж цалин 900 мянган төгрөг байгаа юм. Ийнхүү нэмснээр он гараад төрийн албан хаагчдын дундаж цалин нэг сая 70 мянган төгрөг болох юм.

Categories
мэдээ нийгэм

МИАТ хариуцлага алдсан хоёр нисгэгчээ ажлаас нь халсан гэв

МИАТ-ийн хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай хар тамхи хэрэглэж Берлинд баригдсан талаар мэдээлэл цацагдаа буй. Тэгвэл энэ асуудлаар МИАТ компани хоёр нисгэгчийнхээ хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер, ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан “Нисгэгч согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээд нислэгт гарах ямар ч боломж байхгүй. Нисгэгч нар тогтмол эмчийн үзлэгт хамрагддаг. Энэ хариуцлагатай ажлыг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үед гүйцэтгэх боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Мөн олон улсын нисэх буудлууд аюулгүйн үзлэгийг хийж, согтууруулах ундаа, мансууруулах бодисын тест аваад явдаг.

Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан хоёр нисгэгчид хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Нэг нисгэгч нь согтоод буудлын өрөөндөө унтсаны улмаас ус алдсан талаар мэдээллийг манай Берлин дэх төлөөлөгчийн газраас өгсөн. Тиймээс Европт дадлага хийгээд буцаж явсан нисгэгч нарт томилолт үүрэг өгч, нислэг хуваарийнхаа дагуу хийгдсэн. О.Баасанхүү гишүүний яриад байгаа шиг нислэг хойшилсон зүйл огт байхгүй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд бүх аймгийн төвийг нийслэлтэй засмал замаар холбоно

Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн баярыг тохиолдуулан авто замын салбарын ахмад, дунд үеийнхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, дэд сайд Л.Халтар, төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар өчигдөр гардуулав. Мөн салбартаа манлайлан ажиллаж буй мэргэжилтнүүдийг салбарын шагнал, ойн хүндэт медалиар шагнаж урамшуулав.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын авто замын салбарт залуу нас, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулсан ахмадууд, ид хийж бүтээж яваа дунд үеийнхэн, халааг нь авах залуустаа 90 жилийн ойн баярын мэнд хүргээд улиран өнгөрч буй 2019 онд Монгол Улсын зам, тээврийн салбарт олон томоохон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж, ололт амжилтаар дүүрэн жил болсныг онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улс анх удаа хурдны авто зам, хүнд даацын зориулалтын авто замыг ашиглалтад оруулж, жарны түүхтэй Налайхын замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчиллээ. Мөн Баянхонгор-Байдрагийн гүүр, Байдрагийн гүүр-Алтай, Хашаат-Толбо, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн гээд зөвхөн авто замын салбарт олон бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсныг онцлов.

Тэрээр ирэх 2020 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбож, босоо тэнхлэгийн авто замаа дуусгах мөн олон төсөл хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа дуулгаад, Монголын нийт авто замчдадаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Categories
мэдээ спорт

Б.Мишээлт Монголын боксын холбооны “Шилдэг тамирчин” болов

Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин, залуу боксчин Б.Мишээлт Монголын Боксын холбооны 2019 оны “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа.

МБХ-ноос олимпын таван цагирагийг бэлгэдэн 2 эмэгтэй, 3 эрэгтэй шилдэг тамирчныг шилдгээр тодруулсан байна. Б.Мишээлт нь 2019 онд зохион байгуулсан “China Open-2019” олон улсын тэмцээн, “India-Open-2019” олон улсын А зэрэглэлийн тэмцээн болон Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус алтан медаль хүртэж, УАШТ-ий шилдэг тамирчнаар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн хатагтай Кэтрин Ивкоф Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа.

Монгол-Канадын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, түүний бүтэц нь уул, уурхай, ашигт малтмалд тулгуурласан байдаг тул эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэхэд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын оролцоог нэмэхэд анхаарахыг Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдаас хүслээ. Мөн Монгол Улсын алслагдсан сумдыг Канад технологиор шинэчлэх ажил эхэлсэн талаар дуулгаж, төсөлтэй танилцах, бусад сумдыг шинэчлэх ажилд Элчин сайдыг идэвхтэй оролцохыг уриалав.

Мөн талууд спортын хамтарсан бэлтгэл хийх, багш дасгалжуулагчаа харилцан солилцох зэрэг спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүхбаатарын талбай дахь Мөсөн хотхоны нээлт өнөөдөр болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд зохион байгуулж буй мөсөн хотхоны нээлтийн ёслол Сүхбаатарын талбайд өнөөдөр 18 цагт болно.

Нээлтийн ёслолд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн каток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер гэрлийн үзүүлбэрийг толилуулах юм. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпын болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.

Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, нийслэлчүүдийг гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн урлалыг мөсөн хотхонд үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүй тэшүүрээр гулгах боломжтой.

Өвөрмөц шинэлэг шийдэл бүхий мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа юм. Энэ бүтээлүүдийг сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэглэж байх юм байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг ИЖБ-ээ барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар түлхүү ярилцав.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгааг илэрхийлж, хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэдийн солилцоог идэвхжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

20 настай согтуу жолооч түргэний машинтай мөргөлджээ

Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Яаралтай түргэн тусламжийн машиныг мөргөсөн осол гарчээ. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 25-ны 01.00 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд “Honda Fit” маркийн автомашины жолооч, 20 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, дуудлагад явж байсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “Hyundai Starex” автомашиныг мөргөж, осол гаргажээ.

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.