Categories
мэдээ улс-төр

Д.Лүндээжанцан: Шинэ он гарангуут Тогтоолыг өргөн барьж, хуулиудаа хэлэлцүүлж эхэлье

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орох учиртай. Тэдгээр хуулиудыг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах Ажлын хэсгийн хурлыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Лувсанжав, Б.Ламжав, Р.Хатанбаатар, Ц.Товуусүрэн болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдож Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Улсын Их Хурлын тухай, Засгийн газрын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын тухай зэрэг олон хуулиудад өөрчлөлт орох ёстой. Тэдгээр хуулиудын жагсаалтыг багтаасан, дараалал, дэг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг ойрын үед бэлтгэх хэрэгтэй байна. Шинэ он гарангуут Тогтоолыг өргөн барьж, хуулиудаа хэлэлцүүлж эхэлье. Хуулиудын төсөл боловсруулах ажилд эрдэмтэн судлаачдыг татан оролцуулах, цаг цаглабар гаргах ажлыг хойшлуулалгүй хийе” гэлээ.

Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүд Тогтоолын төслийг оны эхээр батлуулж, хуулиудыг хаврын чуулганд багтаан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 12-р сарын 30-нд товлов.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, aжилтныг шалгарууллаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн байгууллагын ажлын үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-ыг нийслэлийн төсвөөс жил бүр батлан, зохих хэмжээний урамшуулал олгож ирсэн билээ.

Энэ дагуу 2019 онд шилдгээр шалгарсан зургаан эрүүл мэндийн байгууллага, мөн зургаан өрх, тосгоны Эрүүл мэндийн төв, 104 эмнэлгийн шилдэг мэргэжилтэнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өргөмжлөл, мөнгөн урамшуулал гардуулж өглөө.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өдөр шөнөгүй хичээнгүйлэн ажиллаж байдаг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа ажиллах орчин, цалин хөлс, ахуй амьдралыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарах ёстой. Тиймээс энэ жил илүү олон эмч, мэргэжилтнийг хамруулж, бодит урамшуулал болох мөнгөн дүнг ч ахиулах тал дээр онцгойлон анхаарсан. Цаашид ч эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, мэдлэг туршлагыг сайжруулах, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд анхаарч ажиллах болно” хэмээсэн юм.

ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:

1-р байрт:

  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

2-р байрт:

  • Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв
  • Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв

3-р байрт:

  • Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг
  • Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв
  • Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв

ШИЛДЭГ ӨРХ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:

1-р байрт:

  • “Энх элбэрэл” ӨЭМТ /Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо/

2-р байрт:

  • “Амин тус” ӨЭМТ /Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо/
  • “Увидаст од” ӨЭМТ /Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо/

3-р байрт:

  • “Ундрах Ирээдүй” ӨЭМТ /Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо/
  • “Евро эм” ӨЭМТ /Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо/
  • “Усан түрүү” ӨЭМТ /Баянгол дүүргийн 15 дугаар хороо/
Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

“Саарал жагсаалт”-аас гарах зорилготой хуулийн төслүүдийг өргөн барив

Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019 оны аравдугаар сарын 18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор тус хуулиудын төслийг боловсруулжээ.

Хуулиудад өөрчлөлт орсноор:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин боловсронгуй болох;
  • Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжих;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ мэдээлэл солилцооны шуурхай байдал хангагдаж, үйл ажиллагааны чадавх дээшлэх;
  • Хуулийн зохицуулалт тодорхой уялдаатай болж, улмаар ФАТФ-ын зөвлөмжид нийцэх;
  • Мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.

Хуулиудын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Мал хулгайлах 30 удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Идэш” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Уулбаян, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаан сумын нутаг дэвсгэрээс бүлэг зохион байгуулалтад орж тээврийн хэрэгсэл ашиглан нийт 30 удаагийн үйлдлээр бусдын 61 бод, 130 бог мал хулгайлж, иргэдэд 74 сая төгрөгийн хохирол учруулсан 8 бүлэг, 21 холбогдогчтой хэргийг илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна.

Түүнчлэн .

Categories
мэдээ нийгэм

Алтан донор иргэн Д.Бум-Эрдэнэд “Хангарди” одон гардууллаа

НИТХ, нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. “Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн 35 байнгын донор иргэдэд хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 220 удаа цусаа бэлэглэсэн Алтан донор иргэн Д.Бум-Эрдэнэд нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонг хотын Захирагч С.Амарсайхан гардуулж, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Алтан донор Д.Бум-Эрдэнэ нь 2001 онд хоёр ихэр охин нь төрөөд цус сэлбэх шаардлагатай болж анх цусаа өгснөөс хойш 20-иод жил тогтмол цусаа өгч хэвшсэн байна. Тэрбээр 220 удаа цусаа өгч 600 гаруй хүний алтан амийг аварчээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 318 цусны хүндэт донор байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол цусаа өгдөг байнгын донорууд нэмэгдсэн байна. Судалгаагаар 10 өвчтөн тутмын гурав нь цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог болохыг тогтоожээ. Тиймээс байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх, тэднийг алдаршуулах урамшуулах чиглэлд Хотын Захирагч анхааран ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хүний амь аварч байгаа доноруудаа бид хүндэтгэх ёстой. Хүний амь нас аварч байгаа үйл хэргийг нь дэмжин урамшуулах ёстой. Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний нөөцийн 80 хувь нь Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байна. Тиймээс ямар нэгэн болзолгүйгээр эрдэнэт хүний амь насыг авардаг эдгээр доноруудаа бүх талаар дэмжин ажиллана” хэмээн онцлов.

Categories
мэдээ нийгэм

425 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Image result for Вальют

Хилээр, хууль бусаар их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Энэ сарын 26-ны өдөр Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. БНХАУ-ын иргэн C нь өнөөдрийн ханшаар нийт 425 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэхийг завджээ. Энэ зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна.

Монгол Улсын хилээр 15 сая төгрөг ба түүнтэй тэнцэх хэмжээний валют бэлнээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Харин үүнээс их хэмжээний мөнгө авч явах бол Гаальд мэдүүлэх үүрэгтэй билээ. 2019 оны байдлаар Гаалийн ерөнхий газар ийм төрлийн долоон удаагийн зөрчил илрүүлж, 674.7 сая төгрөг хурааж, 101.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдад орон сууц бэлэглэлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж алба хаагчдад орон сууц гардууллаа

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, төв байрны алба хаагч нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 онд улсын төсвөөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс таван алба хаагчид “Цагдаа-Амгалан 2” хотхонд байр бэлэглэлээ.

Гурван өрөө байрны батламжийг найман хүүхэдтэй Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин, ахлагч Базаррагчаагийн Гүррагчаад гардуулан өгсөн бол нэг өрөө байрны батламжийг ЦЕГ-ын Автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Чинзоригийн Чинбат, тус газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Гантөмөрийн Баттулга, ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн сантехникч Бадамын Буянжаргал, ЦЕГ-ын үйлчлэгч Нямсүрэнгийн Хандмаа, Хангалт үйлчилгээний төвийн үйлчлэгч Лхамжавын Баярмаа нар гардан авлаа.

Шинэ оны босгон дээр шинэ байраар шагнуулсан алба хаагчид даа баяр хүргэж ажлын амжилтыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

УУХҮ-ийн салбарын мэдээллийг олон нийтэд хүргэсэн сэтгүүлчдийг шагналаа

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан уул уурхайн салбарын мэдээллийг олон жил олон нийтэд хүргэсээр байгаа сэтгүүлчдийн ажлын амжилт бүтээлийг үнэлж УУХҮЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагналаа. Шагналыг УУХҮ-ийн ХҮГТБХЗГ-ын дарга Б.Анхбаяр гардуулж баяр хүргэлээ.

Zaluu.com сайтын тоймч П.Ядамдорж, Өдрийн сонины сэтгүүлч Ц.Баасансүрэн, Өнөөдөр сонины тамгийн газрын дарга, Эдийн засгийн бизнесийн мэдээллийн албаны дарга Ц.Болормаа, Asia Mining Magazine-ны ерөнхий эрхлэгч С.Болд-эрдэнэ, Өнөөдөр сонины эдийн засаг бизнесийн мэдээллийн албаны томч Т.Энхбат, Bloomberg телевизийн хөтлөгч, сэтгүүлч Т.Элиса, Bloomberg телевизийн зураглаач, эвлүүлэгч М.Ганбаяр нар тус тус УУХҮЯ-ны жуух бичгээр шагнагдлаа.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчин Б.Эрхэс тэргүүн байр эзэлжээ

Монголын өсвөрийн шатарчид медаль хүртлээ

14 хүртэлх насны Ази тивийн багийн аварга шалгаруулах цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 18-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон А баг стандарт төрөлд 2-р байр, блиц төрөлд 3-р байр эзэлж багийн гишүүн ДШХДМ Б.Эрхэс 2-р ширээнд үнэмлэхүй амжилт үзүүлж 1-р байр, Х.Өлзийхишиг 5-р ширээнд 3-р байрт оров. Блиц тэмцээний шагналыг тус тэмцээний ерөнхий шүүгч, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУ-ын шүүгч Ц.Сайнбаяр гардуулж өглөө.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Шинэ жилийн баярын арга хэмжээ болон ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, ЦУОШГ-ын ерөнхий инженер А.Алтаншагай нар оролцсон юм.

Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.

Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.

Тиймээс Онцгой байдлын байгууллагаас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтад өнөөдрийн байдлаар 95 объектыг хамруулж, 462 зөрчил илрүүлэн, газар дээр нь 124 буюу 26.8 хувийн зөрчлийг арилгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлье

2019 онд 4209 удаагийн ахуйн гал түймэр гарч, 11.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 54 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 628 толгой мал хорогдож, 1770 гэр, орон сууц шатсан байна. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж,

-ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн байгаа учраас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байх,

-Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зарж, борлуулах эрх бүхий газраас пиротехникийн хэрэгслийг худалдан авч, үйлдвэрээс тогтоосон аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг мөрдөх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэсэн байх,

-Баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд галын дохиоллын болон гал унтраах автомат системүүдэд ээлжит бус үзлэг хийж, хэвийн найдвартай ажиллагааг ханган, авралтын зам гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.