Categories
мэдээ улс-төр

“Монголын түүх-Монгол бахархал” эсээ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал гардууллаа

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцсон эсээ бичлэгийн тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдсан юм. Гурав дахь шатны шалгаруултад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 36 сурагч “Түүхээс авах бидний сургамж” сэдвээр өөрсдийн оюуны хүч, мэдлэгийн цараагаа сорьж уралдаанд шалгарсан шилдэг 9 сурагч өнөөдөр шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авлаа.

  • Тэргүүн байранд

Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батцэцэгийн Зүнжиймаа

  • Дэд байранд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн сурагч Пүрэвжаргалын Халиунзул

Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Сэджавын Гантуяа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” сургуулийн сурагч Идэрбатын Эмүүжин

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Нэргүйбаатарын Золбоо

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч Батсайханы Марал нар,

  • Тусгай байранд

Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Золзаяагийн Энхзул

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургуулийн сурагч Золжаргалын Мөнхгэрэлт

Дорнод аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Мөнхболдын Хонгорзул нар шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СУРАГЧДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЖ, БАЯР ХҮРГЭН:

“Эх түүхээ гүнзгий танин мэдэж, эх оронч хүмүүжлээр өсөж байгаа эрхэм хүүхэд багачууд Та нартаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсынхаа хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын түүх-Монгол бахархал” сэдвээр зохиогдсон эсээ бичлэгийн уралдаанд шалгарч, энэ түүхэн бахархлын өдөр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг Төрийн сүлд, Есөн хөлт Их цагаан тугныхаа өмнө шагналаа гардаж байгаад та бүхэнд дахин баяр хүргэе.

Энэ эсээ бичлэгийн уралдаанд нийтдээ 29 мянга гаруй сурагч хамрагдаж, хүүхдүүд маань маш идэвхтэй оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие нэн баяртай байна. Улс үндэстнийхээ туулж өнгөрүүлсэн түүхийн ололтыг бататгаж, алдааг цэгнэж явах нь одоо цаг, амьдран байгаа үеийнхээ мөн чанар, үнэ цэнийг мэдэх, ирээдүйн төлөвөө багцаалахад тун чухал юм. Ирээдүй хойч үе маань эх хэл, үндэсний бичиг, түүх соёлдоо шимтэн дурлаж байна гэдэг бол Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, оршихуй нь бат бэх байна гэсэн үг.

Би уралдаанд шалгарсан 9 хүүхдийн бүтээлийг уншиж танилцаад ирээдүй хойч үеэрээ туйлын их бахарлаа. Монголын их-эх түүх бидэнд эв нэгдэл, санаа зорилго нэгтэй байхын, эцэг өвгөдийн үлдээсэн баялаг түүхийнхээ эзэн бaайхын, тусгаар тогтнол бүрэн эрхт байдал өнөөгийн бидний эрин үеийн гол агуулга мөн болохын, хагарч бутрахгүй эвлэж нэгдэж явахын чухал сургамж үлдээснийг хүүхдүүд өөр өөрийн өнцгөөс илэрхийлэн бичсэн байна.

Оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа гэж хэлье.

Багш нартаа мөн баярлалаа.

Та бүхний цаашдын амьдралын замналд чинь аугаа их, эх түүх тань цаг ямагт түшиж тулж, омогшуулж ухааруулж явах болтугай.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлье

2019 онд 4209 удаагийн ахуйн гал түймэр гарч, 11.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 54 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 628 толгой мал хорогдож, 1770 гэр, орон сууц шатсан байна. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж,

-ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн байгаа учраас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байх,

-Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зарж, борлуулах эрх бүхий газраас пиротехникийн хэрэгслийг худалдан авч, үйлдвэрээс тогтоосон аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг мөрдөх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэсэн байх,

-Баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд галын дохиоллын болон гал унтраах автомат системүүдэд ээлжит бус үзлэг хийж, хэвийн найдвартай ажиллагааг ханган, авралтын зам гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.

Тиймээс Онцгой байдлын байгууллагаас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтад өнөөдрийн байдлаар 95 объектыг хамруулж, 462 зөрчил илрүүлэн, газар дээр нь 124 буюу 26.8 хувийн зөрчлийг арилгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Гэрэл, С.Баатаржав, М.Энх-Амар нарт генерал цол олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 12-р сарын 29-нд Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нарт генерал цол олгох зарлиг гаргав.

С.Баатаржав нь Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Улмаар ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байв. Түүнийг цагдаагийн байгууллагын ажлыг шинэ шатанд гаргахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хэмээн үзжээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургууль төгсөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байв.

Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Өдгөө ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж буй юм.

Хурандаа М.Энх-Амар нь 2009 оноос хойш Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Сүхбаатар аймагт 1966 онд төрсөн. МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд Сэлэнгэ аймагт багшилж байrжээ.

Categories
мэдээ нийгэм

Зам хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр ихэнх нутгаар, энэ сарын 29-нд нутгийн зүүн хагаст, 29-нөөс 30-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг сануулж байна.

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 139 жолоочийг илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.23-27-ны өдрүүдэд нийт 1443 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 1192-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -19
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээ-1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 139 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.12.23-ны шөнийн 01:34 цагийн орчимд Сонгино Хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд Г /34 н,эрэгтэй/ жолоочтой Toyota Pesso маркийн автомашин Toyota chaser маркийн автомашин Б /18 н,эрэгтэй/ жолоочтой Hyundai sonata-6 маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Г /34 н,эрэгтэй/, Б /18н,эрэгтэй/ зорчигч О /41 н, эрэгтэй/, Б /17 н, эрэгтэй/ нарын 4 хүн гэмтсэн

2019.12.25-ны өдрийн 19:15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын замд Toyota Prius маркийн Б /19 н, эрэгтэй/ жолоочтой автомашин хашаа мөргөж, зорчигч Н /18 н, эмэгтэй/, Н /18 н, эмэгтэй/, Э /35 н, эрэгтэй/, Н /18 н, эмэгтэй/ нарын 4 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 19,5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 27,2 хувиар өссөн, гэмтсэн хүн 13.0 хувиар, гэмтсэн хүүхэд 33,3 хувиар тус тус буурсан байна.

Шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдолд цөөнгүй гарч байгаа тул байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулж ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж замд гарахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Тус нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран цаг үеийн мэдээлэл өгч, төв, орон нутгийн Онцгой байдлын газруудтай цахим хурал хийлээ.

Цахим хуралд ЦУОШГ-ын ерөнхий инженер А.Алтаншагай цаг агаарын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл цаг агаарын мэдээг орон нутгийн хэмжээнд нарийвчлан тодруулж иргэд, олон нийтэд шуурхай хүргэх ажлыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон “Багц мессеж” үйлчилгээг ашиглан зохион байгуулах, сум, багийн Засаг дарга нарт тусгайлан үүрэг чиглэл өгч, малчдад малаа ойрхон бэлчээрлүүлэхийг анхааруулах, хүчтэй салхи шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, автозам, даваа хаагдсан үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, шаардлагатай тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-д заасны дагуу авто замыг түр хугацаагаар хаах зохион байгуулалтын арга хэмжээг авах, аюулт үзэгдэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагуудтай харилцан ажиллаж, мэдээ мэдээллийг цаг тухайд нь бүрэн гүйцэд, үнэн зөв гарган ирүүлэхийг Бүсийн төвүүдэд үүрэг болгов.

Мөн зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул ард иргэдэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзлаа

2019 онд олон улсын уламжлалт олимпиадад оролцож медальт болон шагналт байр эзэлсэн 12 сурагчийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг шинэ оны босгон дээр хүлээн авч уулзлаа.

Олон улсын уламжлалт олимпиадаас Монголын сурагчид нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, шагналт байр хоёрыг эх орондоо авч ирсэн байна. Салбарын сайд сурагчид болон тэдний эцэг, эх, багш нарт баяр хүргээд алтан медалийн эзэнд таван сая, мөнгөн медальтнуудад гурван сая, хүрэл медалийн эздэд нэг сая, шагналт байр эзэлсэн сурагчдад хагас сая төгрөгийн батламж гардуулж, ирэх онд амжилтаа ахиулж, улсынхаа нэрийг улам мандуулахын ерөөл өргөлөө. Батламж гардуулах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцов.

Олон Улсын математикийн 60 дугаар олимпиад (Англи улс, Батт хот):

  • М.Өнөболд Алт /Нийслэлийн нэгдүгээр сургууль/
  • Э.Эрдэнэбилэг Мөнгө /Нийслэлийн 11 дүгээр сургууль/
  • О.Мишээл Хүрэл /Шинэ Монгол сургууль/
  • Б.Долгормаа Хүрэл /Олонлог сургууль/
  • Б.Батмэнд Хүрэл /Нийслэлийн нэгдүгээр сургууль/
  • А.Пүрэвзаяа Шагналт байр /Олонлог сургууль/

Олон Улсын физикийн 50 дугаар олимпиад (Израйль улс, Тель Авив хот):

  • Б.Итгэл Хүрэл /Сант сургууль/
  • Б.Хонгор Хүрэл /Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль/
  • Б.Цолмон Шагналт байр /Нийслэлийн нэгдүгээр сургууль/

Олон Улсын химийн 51 дүгээр олимпиад (Франц улс, Парис хот):

  • А.Ашид Хүрэл /Орчлон сургууль/
  • Б.Арвин Хүрэл /Шинэ эхлэл сургууль/

Олон Улсын мэдээлэл зүйн 31 дүгээр олимпиад (Азарбейжан улс, Баку хот):

  • А.Нямдаваа Мөнгө /Сант сургууль/
Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын малын тоо өмнөх оноос 6.8 хувиар өсч, 70.9 саяд хүрлээ

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар амжилттай өрнүүлж Мал тооллогын урьдчилсан дүнг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газраас танилцууллаа.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өслөө.

Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор

– Хонь 45.5 хувь
– Ямаа 41.2 хувь
– Үхэр 6.2 хувь
– Адуу 5.9 хувь
– Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлж байна.

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 6 сая 166.0 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой, Өвөрхангай аймаг 5 сая 625.0 мянган толгой, Төв аймаг 4 сая 978.7 мянган толгой, Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тоолуулжээ.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өсжээ.

Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44, 22 хувийг 25-30, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа юм.
Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан бөгөөд эдгээр малчдын 60 хувь нь 35-54 насныхан байна.