Categories
мэдээ нийгэм

Малын эмч нарын анхдугаар их хурал боллоо

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор Малын эмч нарын анхдугаар их хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Их хуралд оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Төрөөс мал эмнэлгийн салбарын талаар баримталж буй бодлого, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьлаа. Малын эмч нарын анхдугаар их хуралд орон нутаг, нийслэлийн 850 гаруй төлөөлөгчид оролцож байна.



Төлөөлөгчид их хурлаараа мал эмнэлгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулж, Малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр аюулгүй байдлыг баталгаажуулах “Цахим гэрчилгээний систем”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн Мал, амьтны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэгийг улиралд нэг удаа хийж мал эмнэлгийн ажил үйлчилгээг хүртээмжтэй чанартай гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх “Малын эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн төсөл үзэл баримтлалд саналуудаа тусгаж Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.

Малын эмч нар хариуцсан нутаг дэвсгэртээ мал эмнэлгийн ажил үйлчилгээг чанартай, хүртээмжтэй гүйцэтгэж, мал сүргээ эрүүл байлгах хууль, тогтоомжийг мөрдлөгө болгон ажиллахыг чармайж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Анхдагч үйлдвэрлэгч малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх, мал эмнэлгийн салбарын санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох, малчин түмнийхээ нөр их хөдөлмөрөөр бий болдог малын гаралтай бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын эцсийн баталгааг гаргаж хэрэглэгчдэд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан хүргэх оновчтой тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар хамтаараа хэлэлцэн ойрын болон хэтийн зорилтуудаа тодорхойлж, төр, хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллага, малчдын хамтын оролцоотойгоор Монгол малын эрүүл мэндийг баталгаажуулах зорилтыг хангахад ач холбогдолтой их хурал боллоо хэмээн малын эмнэлгийн салбарын эрдэмтэд, хуралд оролцогчид онцолж байна .


Categories
мэдээ нийгэм

Аврагчид түймрээс 1034 хүний амь насыг авран хамгаалжээ

2019 оны эхний арван сард улсын хэмжээнд обьектын гал түймрийн нийт 3,611 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 1,396 дуудлагад гал түймэр унтраах аврах анги ажилласан бол 2,059 нь зөрчил, 161 мэдээлэл бүртгэгджээ. Түймрийн улмаас 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 51 хүн нас барж, 63 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1,452 гэр, орон сууц шатсан байна. Аврагчид 1,034 хүний амь нас, 53.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19 хувиар өссөн ч учирсан хохирлын хэмжээ 37 хувь буурсан үзүүлэлт аж.

Харин улсын хэмжээнд 14 аймгийн 54 суманд нийт 115 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан. Урьдчилсан байдлаар 50.5 мянган га ой болон 261.4 мянган га хээрийн талбай, нийт 312 мянган га талбай түймэрт өртөж 13 байшин, дөрвөн гэр шатсан байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.7 тэрбум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч веб сайт, холбоосоор нэвтрэхгүй байхыг анхаарууллаа

2019 оны эхний 10 сарын байдлаар “Залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд 4125 бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн хэргийн 50-60 хувь нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах, хүүтэй болон хүүгүй мөнгө зээлэх, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан эд зүйл өгч, авах явцад үүссэн маргаантай холбоотой гомдол мэдээлэл эзэлж байна.

Мөн сүүлийн үед иргэд хуурамч веб сайт, холбоосоор нэвтэрч хувийн нууцлал аюулгүй байдлаа алдаж санхүүгээр хохирох, онлайнаар бараа материал захиалж залилуулах, хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай хуурамч хаягаар явуулж байгаа уралдаанд оролцож хохирох тохиолдол их гарч байна.

Иймд иргэд эх сурвалж тодорхойгүй аливаа холбоос линкэнд нэвтэрч хувийн мэдээллээ алдахаас урьдчилан сэргийлэх, чанартай найдвартай аль болох урьдчилгаа мөнгө авдаггүй газраас онлайн худалдан авалт хийх, мөн хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай мөнгө, бэлэг дурсгал амласан уралдаан тэмцээн бусад мэдээлэлд итгэж өөрийн мөнгө санхүүгээр хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хойд бүсийн аймгуудын санхүүчдийн зөвлөгөөн эхэллээ

Орхон аймгийн ЗДТГ, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Сангийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй хойд бүсийн аймгуудын бүртгэл, санхүүгийн ажилтнуудын “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2019” сургалт зөвлөгөөн “Уурхайчин” соёлын ордонд эхэллээ.

Тус сургалт зөвлөгөөнд Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын төлөөлөл 400 гаруй санхүүчид оролцож байна. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж Орхон аймгийн ИТХын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, ММНБын Институтийн удирдах зөвлөлийн дарга Б.Түвшин нар зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэллээ.

Энэ чуулганаар “Төрөөс нягтлан бодох бүртгэлийн талаар баримталж буй бодлого чиглэл”-ийн талаар ярилцаж байна.

Categories
мэдээ улс-төр

​Өнөөдөр чуулган хуралдахгүй

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлж, хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулах хуваарьтай байсан юм.

Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх “өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох боломжгүй” гэж мэдэгдсэн байна. Иймд өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан хойшлогдлоо.

Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийг тагнаж, чагнасан үйлдэл байхгүй

Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас тагнаж, чагнасан гэх асуудлаар ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү нар тайлбар өглөө.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 2018 онд уг мэдээлэл гарах болсны дараа манайхаас “Ийм асуудал байхгүй” гэх тайлбарыг өгч байсан. Тухайн үед эрүүгийн цагдаагийн албаны нэр бүхий хоёр албан хаагчийг ТЕГ-аас шалгасан байдаг. Шалгаад уг асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байхгүй байна гээд Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол алга байна. Гүтгэх, доромжлох гэдэг дээр хэд хэдэн зөрчлийн хэрэг байгаа.

Аливаа хэрэгт хохирогч гэж байдаг. Хэрвээ тагнуулж, чагнуулсан сэтгүүлч, редакц байгаа бол гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах нь нээлттэй.

Дахин хариуцлагатайгаар мэдэгдье. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж, чагнасан үйлдэл байхгүй. Энэ буруу ташаа мэдээлэлд өмнө нь залруулга хийж байсан. Одоо ч дахин хэлж байна” хэмээн хэллээ.

Дээрх асуудлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/-ээс хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж “Сая МСНЭ-ээс мэдээлэл хийлээ. Ингэхдээ “ХЗДХ-ийн сайдад удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Хариугаа авмаар байна” хэмээн ярилаа. 2018-2019 онд МСНЭ-ээс ХЗДХ-ийн яаманд таван албан бичиг ирсэн байдаг. Эдгээр бичиг дунд хариу хүссэн албан бичиг байхгүй. Хүсэлт хүргүүлэх тухай, Тайлан хүргүүлэх тухай, Санал хүргүүлэх тухай, Мэдээлэл авах тухай, Хамтран ажиллах хүсэлт гаргах тухай гэсэн агуулагатай албан бичгүүд байна. Энэ дунд МСНЭ-ийнхний яриад байгаа 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 1/91 тоот албан бичиг байхгүй. Тэр бичиг нь яаманд ирээгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

​“Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчид шинэ байрандаа орлоо

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцны төслийн хүрээнд энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг шилэн цахим хэлбэрээр зохион байгуулж шалгарсан иргэд орон сууцанд хамрагдах батламжаа гардан авсан.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс иргэд шилжин суурьшихад гарч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж хуваарийн дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 10 дугаар сарын 23-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл 8 хоногийн хугацаанд эхний 6 блок байрны оршин суугчид болох 318 айл орон сууцаа хүлээн авч шинэ байрандаа орлоо. Ирэх долоо хоногт үлдсэн 262 өрх шинэ байраа хүлээн авах юм.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбараас 1.9 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны эхний есөн сарын болон аравдугаар сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.

2019 оны эхний 9 сарын байдлаар улсын төсөвт 1.9 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт 30.5 тэрбум төгрөг,
  • Нүүрс 933.0 тэрбум төгрөг,
  • Цайр 57.7 тэрбум төгрөг,
  • Зэс 803.9 тэрбум төгрөг,
  • Төмөр 18.8 тэрбум төгрөг,
  • Жонш 24.2 тэрбум төгрөг,
  • Бусад 55.0 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 360.6 тэрбум төгрөг буюу 23.1 хувиар өссөн байна. Үүнд:

  • Нүүрс 280.9 (43.1%) тэрбум төгрөг,
  • Зэс 87.4(12.2%) тэрбум төгрөг,
  • Төмөр 5.4(40.9%) тэрбум төгрөг,
  • Жонш 11.8 (95.4%) тэрбум төгрөг,
  • Бусад 0.7(1.2%) тэрбум төгрөг,

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Алт 21.1 (40.9%) тэрбум төгрөг,
  • Цайр 4.5 (7.3%) тэрбум төгрөг,
Categories
мэдээ нийгэм

Үйлчилгээний гавьяат ажилтан, аврагч Х.Мөнхбат гурван өрөө байрандаа орлоо

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм.

Өчигдөр буюу энэ сарын 30-нд үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц болох Шинэ мөрөн хороололд 3 өрөө байрны түлхүүрээ гардан авч шинэ байрандаа орлоо.

Х.Мөнхбат Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Эгэл аврагчдад ард түмэн хайртай байдаг. Тэр хэрээр аймаг орон нутгийн удирдлагууд аврагчдын ажил үйлсийг цаг ямагт дэмжин ажиллаж байдаг. Үүний илрэл нь Хөвсгөл аймгийн удирдлагууд аврагч, ахмад Х.Мөнхбат, түүний гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж залуу гэр бүлд бодит хөрөнгө оруулалт хийсэн үйл явдал боллоо.

Х.Мөнхбат Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан, аврагчдын эгнээнээс төрсөн хоёр дахь гавьяат юм.

Тэрээр “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, нэг хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон.

Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос есөн км-ийн зайтай Модот булан гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууранд төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан найман иргэний амь насыг аварч үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Арынх нь эгнээнд сууж явсан иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг ҮХЦ-ийн даргад хамаатуулах гэж оролдсон байна

Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.” гэж мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.

Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдалд огт нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч