Categories
мэдээ улс-төр

Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандлаа

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж, нутгийн малчдын мал сүргээ өсгөдөг гол нутаг, аргаль, янгир, ирвэс зэрэг дархан цаазтай амьтдын идээшин амьдардаг, эмийн болон ховор ургамал ургадаг газар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд өртөж, устаж үгүй болоход хүрээд байгаа талаар ярилаа.

Тус сумын Үнэгт багийн Их дугуй хэмээх газарт “Гацуурт” ХХК 2006 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авчээ. Улмаар 2009 онд “Урт нэртэй” хуулийн хүрээнд лиценз нь түдгэлзсэн ч “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд дахин сэргэсэн байна. Түүнээс хойш “Тулга жаргалант”, “Эрдэнэ хулгана интернэйшнл” гэх компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар дээрх нутаг руу удаа дараа дайрсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөг хүрчээ.

2017 оны 10-р сарын 05-нд Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дээрх газар нутаг багтсан нийт 28860 га газрыг Байгалийн нөөц газрын зориулалтай 15 жилийн хугацаагаар аймгийн тусгай хамгаалалтад авсан байна.

Гэвч энэ зун, намраас эхлэн “Эрдэнэ хулгана интернэйшнл” компани ашиглалт, олборлолт явуулахаар зэхэж, газар нутаг руу нь дайрч эхэлсэн байна. Тиймээс багийн 120 орчим малчин өрхийн идээшил нутаг, 20 гаруй өвөлжөө, хаваржаатай, Бөөнцагаан нуур, Байдраг, Галуутын голуудын цутгал, Хангайн нуруунаас эх авсан Өлзийт голын ай сав, рашаан булагтай, отрын бүс нутгийг уул уурхайн сөрөг нөлөөнд автуулахгүй байх, “Гацуурт” ХХК-ийн MV011917 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар арга хэмжээ авч өгөхийг дээрх иргэд Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуудлыг холбогдох яам, байгууллагуудад тавьж, шийдвэрлэхэд анхаарал тавих болно гэдгээ илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замтай зэрэгцээ нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавигдана

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг холбох холбоос замуудыг бий болгох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав.

Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлөх асуудлаар Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга Захарава И.В –тэй уулзаж санал солилцлоо. Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор орц гарц нээх,трасс чөлөөлж нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавих боломжыг судалж албаныхан ажиллаж байна. Энэ хэсэгт ямар нэгэн газар олголтын мэдээлэл алга. Тухайн хэсэгт Ерөнхий төлөвлөгөөний албаныхан газар доогуурх шугам сүлжээ бий эсэхийг судалж байгаа” хэмээлээ. Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга Захарава И.В уг асуудлыг судлаж үзээд хариу мэдэгдэхээр боллоо.

Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлснөөр блокын системээр долоон метрийн өргөнтэй 1,20 км урттай нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавигдахаар төлөвлөгдөж байгаа аж. Мөн Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжны ачааллыг бууруулах зорилгоор Олимп хотхоны зүүн талаар Олонлог сургуулийн баруун тал хүртэлх болон Саруул хотхоноос урагшаа Олимпик виллаж хотхон, Энканто таун-1 хотхоны зүүн талаар 9-10 метрийн трасс чөлөөлөхөөр боллоо. Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Хурд рапид хорооллын зүүн талаар Нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох холбоос замын асуудлаар ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баатар: Технологи талаасаа манайх дэлхийгээс хоцроод байгаа юмгүй

“Inspire: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж” сэдэвт хурал боллоо. Хурлын үеэр Эмпасофт ХХК-ийн менежер Ц.Баатартай ярилцлаа.


-Хурлын зорилго ач холбогдол юу вэ?

-Дижитал шилжилт гэж ойлголт яваад байгаа. Энэ шилжилтийн эргэн тойронд яриа өрнүүлж байгаа гэж ойлгож болно. Гаднаас гурван илтгэгч оролцож байна. Microsoft-ийн бүс хариуцсан захирал “Microsoft өөрөө дижитал шилжилт гэдэг зүйл дээр ямар агуулгаар байгууллага хүмүүст тусалж, нэвтрүүлэх ажилд оролцох, ямар байдлаар технологийг дэмжиж ажиллах, Microsoft дижитал шилжилт гэдэг зүйлийг яаж харж байгаа вэ” гэдгийг тайлбарлаж байна. Мөн Энэтхэгээс Bank of America зэрэг томоохон байгууллагын удирдах түвшинд ажиллаж байсан Прасар гээд төлөөлөгч ирсэн байгаа. Энэ хүн мэдээлэл технологийн засаглалын талаар илтгэл тавьсан. Байгууллагын засаглал, компанийн засаглал гэдэгтэй ижилхэн компанийн засаглал дотроо мэдээлэл технологийн засаглалын нэг хэсэг нь IT-ийн засаглал. Үүний талаар ойлголтууд өглөө. Гурав дахь төлөөлөгч маань Лионид оросын томоохон IT компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Дижитал шилжилт хийх явцад байгууллагууд юун дээр алддаг вэ, юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар илтгэл тавилаа. Бид зөвхөн IT чиглэлийн хүмүүсийг хамруулаагүй. Хүний нөөц үйл ажиллагаа гээд байгууллагын аль болох дотоод зохион байгуулалтад ажилладаг хүмүүсийг хамруулахыг хичээсэн. Илтгэлийн сэдвүүд маань ч гэсэн техник хүрээнд биш илүүтэй ерөнхий байдлаар явж байгаа.

-Энэ чиглэлийн судалгаа хийсэн үү?

-Эмпасофт академийн зүгээс сүүлийн 1-2 жил хийсэн сургалтуудаасаа судалгаа хийсэн. Судалгаагаар технологийн чиглэлийн сургалтууд дээр ямар зүйлүүд ажиглагдаж байна гэдэг статистик талаас нь үзүүлэлтүүд гарсан. Манай хоёр харилцагч байгууллага энэ хуралд оролцож илтгэл тавьсан. Өөрсөд дээрээ хэрэгжүүлсэн дижитал шилжилттэй холбоотой өөрсдийнхөө туршлагыг хуваалцлаа. Нэг нь “Мобиком” компани. “Мобиком” компанийг манайхан анх Microsoft-ийн клуб шилжилт рүү шилжихэд нь туслах үйлчилгээ үзүүлсэн. Түүн дээр ямар асуудлууд гарав гэдэг кейсүүд ярьсан.

-Голдуу IT чиглэлийн компаниуд байгаа юм байна. Тэгэхээр энэ чиглэлийн хамгийн сүүлийн үеийн шинээр нэвтэрсэн технологиуд юу байгаа вэ?

– Microsoft-ийн CEO-гийн хэлсэн үг бий. “Ирээдүйд бүх компаниуд “Softwаre” болно. Яагаад гэвэл бүх компаниуд бизнес модель гэдэг зүйлээ өөрчлөөд ямар нэг байдлаар бүтээгдэхүүн үйлчилгээний технологидоо уялдуулсан хослуулсан эсвэл үүгээр дамжуулсан хэлбэр рүү явна” гэж хэлсэн. Тэгэхээр үүн дээр бизнесийн байгууллагууд зах зээл нь тэлээд ирэхээр юугаараа хоорондоо өрсөлдөх вэ гэхээр хэн технологитой уялдаж хамгийн зөв загвар гаргаж ирж чадаж байна түүгээрээ ямар нэгэн платформ ашиглаж байна уу гэдгээс хамаарсан өрсөлдөөн бий болох нь. Тиймээс энэ салбарт яг энэ шийдэл болно гэсэн зүйл байхгүй. Жишээлбэл, тээвэр ложистикийн салбарт ийм шийдэл байна. Энэ хамгийн сүүлийн үеийн маш сайн технологи гээд авч хэрэглэхээр дараагийн компани нь түүнийг нь адилхан аваад хэрэглэчихдэг. Тэгэхээр бие биенээсээ ялгарах зүйлгүй болчихно. Ялгарахгүй болоод ирэхээр бизнесийн давуу байдал байхгүй болчихож байгаа юм. Байгууллага бүр өөрийн гэсэн бизнес загвараар ялгарахын тулд өөр өөрийн гэсэн тодорхой “know how” шингээсэн soft­ware платформ ашиглах хэрэгцээ байна. Монголд хамгийн их ажиглагддаг салбар банкны салбар. Банкууд бүгд нэг төрлийн soft­ware ашиглаад ирэхээр нэг нь нэг бүтээгдэхүүн шинээр гаргахаар бүгд маргааш нь дагаад гаргачихдаг. Тэгэхээр хамгийн анх санаачилсан хүмүүсийн хүч хөдөлмөр үгүй болдог. Банкууд эргээд бие биенээсээ ялгарах платформын системүүдийг эрэлхийлдэг болсон. Тэр нь нэг ёсондоо бизнесийн нууц болж байна гэж ойлгож болох нь.

-IT салбар дараагийн шатанд яаж дэвших боломжтой юм бол?

-Одоогийн явуулж байгаа бизнес процесс дээрээ анализ хийгээд бусад ижил төстэй гадны байгууллагууд яаж явж байна, манай орны нөхцөлд явж байгаа процесс дээр бидэнд юу нь илүү их цаг зав үрсэн, зардал ихтэй байна гэдэг дээр анхаарч, хэрэглэгч харилцагчдаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхдээ хаана яаж цаг хэмнэх, хүртээмжтэй олон хүнд хүргэх вэ, үүн дээр технологийг яаж ашиглах вэ гэдэг дээр сэтгэлгээний өөрчлөлттэй байх хэрэгтэй. Тухайн байгууллагын хүн бүр ялангуяа удирдах түвшний хүмүүс байнга технологийн тал дээр ойлголт аваад бизнес загвар дээрээ илүү ажиллаад яаж өөрчилж болох уу, энэ технологийг ашиглаад бид цаг хугацааг яаж хэмнэх үү, зарцуулж байгаа зардлаа яаж багасгах уу, цөөн хүнээр яаж илүү хүртээмжтэй ажиллах вэ гэдэг зүйлүүд технологийн тусламжтай өөрчилж болох уу гэдэг талаас нь анхаарч байж дараагийн шат руугаа ахина.

-Монголд дижитал салбарт нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд юу байгаа вэ?

-Технологи талаасаа манайх харьцангуй сүүлийн үеийн технологиудыг хэрэглэж чаддаг. Жишээ нь, 3G, 4G интернэтийг хаа сайгүй хүртээмжтэйгээр хэрэглэж байна. Хүн бүр тодорхой хэмжээгээр смарт утас ашигладаг болчихлоо. Техник, технологи талаасаа манайх дэлхийгээс хоцроод байгаа юм байхгүй. Зарим улсуудаас бүр түрүүлээд явж байгаа. Гол нь энэ зүйлүүдээ яаж хүртээмжтэй, үр дүнтэй ашиглах вэ гэдэг дээр хүмүүсийн оролцоо чухал байна. Оролцоо байхын тулд өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Байгууллагуудад тийм соёл бий болгох хэрэгтэй. Технологи ашиглалтын соёл ч гэдэг юмуу. Энэ нь л чухал.

-Тэгэхээр тэр талын мэргэжилтэн ч юмуу ажилтан бэлтгэх боломж бий юу?

-Энэ нь нэг хүн сургалт хи йгээд сурчихдаг зүйл биш. Ерөнхийдөө хүн бүр шинэ технологийн талаар мэдээлэл авахыг хичээдэг байх хэрэгтэй. Гадаад хэлтэй байх юм бол технологийг сурах маш их боломж бий. Янз янз платформууд байна. Энэ платформуудаас маш хямдаар сурах боломжууд бий. Интернэтээс хараад сурчих зүйлүүд нээлттэй. Заавал нэг анги танхимд суугаад багшаас сургалт аваад байхаас илүүгээр хувийн зүгээс хичээхэд сурах боломж нөхцөлүүд бүрэн байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Цэцэгмаа: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хоёр эмэгтэйд шийтгэл оногдуулсан

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ
ХОЛБООТОЙ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ИХЭССЭН-

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн газраас санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх,Прокурор, Цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” сургалтыг “Premium” зочид буудалд энэ сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Цэцэгмаатай ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийллийн хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Танай дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага хэр их ирж байна. Ихэссэн үү, багассан уу?

-Манай улсад анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр учир дутагдалтай байсан. Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж, улмаар 2017-оны хоёрдугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээр хаалттай хаалганы цаана үйлдэгддэг уг нуугдмал гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт нэмэгдэж, иргэдийн “эр эмийн хооронд илжиг бүү жороол. Айлын асуудал бидэнд ямар хамаатай юм бэ” гэсэн өрөөсгөл ойлголт үгүй болж энэ талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлдэг болж иргэний үүргээ биелүүлж эхэлсэн. Цагдаагийн хэлтэсээс шалтгаалан дуудлга мэдээлэл өөр өөр ирж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст энэ төрлийн дуудлага өдөрт 20 ирдэг. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2019 оны эхний есөн сард гэр бүлийн хүчирхийллийн 2273 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй найм, зөрчлийн шинжтэй 2265 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 15,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 гэмт хэрэг үйлдэгдсэн ба өнгөрсөн есөн сард хүчирхийлэгчийн гарт нэг иргэн амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Иймд Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж, шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах, байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, дуудлага мэдээлэл нэг бүрийг хуулийн хүрээнд шалгаж, шийдвэрлэх зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн газраас санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх,Прокурор, Цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

-Гэр бүлийн далд хүчирхийлэл яаж илэрдэг вэ. Далд хүчирхийлэлд өртсөн бол хэнд түрүүлж хандах ёстой вэ?

-Жишээ нь, нөхөр нь архи уучихаад шөнө ирээд унтуулахгүй байх, орилж чарлах юм авч шидэх нь бас нэгэн гэр бүлийн хүчрхийллийн далд хэлбэр болдог. бас эхнэр нь гэртээ шөлтэй хоол хийчихсэн байхад нөхөр нь орж ирээд “Би шөлтэй хоол идэхгүй, цуйван идэх ёстой байсан” гэдэг. Харин эхнэр нь нялх хүүхдэдээ хуурай хоолноос илүү шөлтэй устай шингэн хоол хийж өгөх шаардлагатай байсан. Нөхөртөө болон хүүхдэдээ давхар хоёр өөр хоол хийж өгөх цаг зав гардаггүй. Үүнээс болоод хэрүүл маргаан үүсдэг. Энэ бол сэтгэл зүйн дарамт, хүчирхийллийн нэг хэлбэр.

Иргэд хүчирхийллийг зодох, цохихоор илэрдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл зодохоос илүү гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд халдах, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүд байна. Сүүлийн үед ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээллийг тодорхой шторк болгож хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсанаар гомдол мэдээлэл гаргах иргэдийн тоо ихэссэн.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол хамгийн түрүүнд тухайн хорооныхоо хэсгийн байцаагчид хандах ёстой. Хэсгийн байцаагч болон нийгмийн ажилтанд хандаж болно. Энэ хүчирхийлэл өөрөө далд хэлбэртэй байдаг учраас хүчирхийлэгчийн гарт амь насаа алдах эрсдэл өндөртэй. Тийм учраас цаг тухайд нь гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллээ өгч байгаарай гэж хэлмээр байна. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагыг хамгийн түрүүнд шалгаж шийдвэрлэж ажиллаж байгаа.

-Ихэвчлэн юунаас болж гэр бүлийн хүчирхийлэл гараад байна?

-Гэр бүлийн буруу төлөвлөлт, ахуйн хүрээний архидалт, эцэг эх байх эрх үүргээ мэддэггүйгээс болон ажилгүйдэл их байгаагаас гэр бүлийн хүчирхийлэл их гарч байна. үүнээс гадна эдийн засгийн хараат байдлаас болж гэр бүлийн хүчирхийлэлд өртөх тохиолдол ч байгаа. Тэгэхээр гэр бүл төлөвлөлтөө сайн анхаарах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд өөртөө авч болох бүхий л арга хэмжээг авах шаардлагатай. Яагаад гэвэл хүний амь настай холбоотой асуудал яригддаг учраас гэр бүлийн хүчирхийлэлд өртөхгүйн тулд хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. дараа нь ойр дотны хүн, бусад хуулийн байгууллагад хандаж зөвлөгөө үйлчилгээ авах хэрэгтэй. Үүнийгээ иргэд өөрсдөө сайн мэдэж байх ёстой.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр эрэгтэй хүнээс эмэгтэй хүн рүү чиглэсэн дарамт гэж ойлгох нь түгээмэл байдаг. Тэгвэл эмэгтэй хүний зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол хэр гардаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн 98 хувь эмэгтэй хүмүүс байдаг. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр эмэгтэй шийтгэл авсан. энэ оны хувьд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Тбб, нийгмийн халамжийн байгууллагуудад энэ төрлийн судалгаа байдаг. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол гэр бүл төлөвлөлт буруу хийснээс, эхнэр нөхрүүд хоорондоо ярилцдаггүй, ойлголцдоггүй, гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйлийн орхигдуулчихсан учраас гэр бүлийн буруу хүмүүжил гэдэг зүйл өвлөгдөж, дахин дахин гараад байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутан залууст гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох, хэрхэн зөв гэр бүл төлөвлөх вэ, эцэг эхийн үүрэг хариуцлагын тухай сургалтуудыг оруулж, мэдээлэл хүргэвэл дээрх зөрчлийг гаргахгүй байх, энэ хэрэгт хохирохгүй байх боломж бүрдэнэ гэж харж байна.

-Дээрх хэргийн бас нэгэн хохирогч нь хүүхэд байдаг. Аав ээж нь хоорондоо тэмцэлдэх, хүүхдийн дэргэд архидах тохиолдол байдаг. Үүнийг гэр бүлийн хүчирхийллийн хуулиар давхар авч үздэг үү?

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд хүүхдийн эрхтэй холбоотой асуудал их гардаг.энэ тал дээр сурган хүмүүжүүлэгч, эцэг эх хариуцлага хүлээдэг. Хэрвээ хүүхдийн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийн тухай хуулийн 6.20-д заасны дагуу торгох шийтгэл л оноодог. Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн ядуу, нэн ядуу орчинд үйлдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хараат эсвэл санхүү эдийн засгийн хүртээмж дутмагаас үүдсэн хэрүүл маргаан, хүчирхийллүүд байдаг. Ийм байдлаас үүсч гардаг учраас тухайн хүчирхийлэгчийг хохирогчос тусгаарлахын тулд баричвлах шийтгэл эдлүүлдэг. Энэ тохиолдолд хүүхдийн эрхийг шалгаж шийдвэрлэхгүйгээр орхигдуулах тохиолдол эрх бүхий албан тушаалтнаас гардаг. Тиймээс энэ тал дээр өнөөдөр прокурорын байгууллагаас анхаарах асуудлаар оролцож байна.

-Тэтгэвэрт гарсан аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр зээл авахуулах нь гэр бүлийн хүчирхийлэлд орох уу?

-Орж болно. Өөртөө зарцуулах байсан тэтгэврийн мөнгө, эсвэл тэтгэврийн зээлийг нь өөрт нь хэрэгтэй зүйлд зарцуулдаггүй. үр хүүхэд нь өөрийнхөө хэрэгцээг хангадаг асуудал гомдол мэдээллээр болон гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар орж ирдэг. үүнийг цаг тухайд нь эрх бүхий албан тушаалтнууд шийдвэрлэдэг.

-Энэ тохиолдолд ямар ял шийтгэл өгдөг вэ?

-Хуваарьт болон дундын эд хөрөнгийг захиран зарцуулах гэдэг зүйл ангиар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг.Зөрчлийн тухай хуулинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд зөвхөн 7-30 хоногийн баривчлах шийтгэлтэй байдаг. Ямар нэгэн мөнгөн дүнгээр торгох ойлголт байхгүй.

-Тэгвэл 7-30 хоногийн дараа гарч ирээд давтан үйлдээд байвал яах вэ?

-Энэ тохиолдолд дээрх зөрчлөө давтан үйлдсэнд тооцож тухайн зөрчлөөрөө хоёр болон түүнээс дээш шийтгүүлсэн байх юм бол эрүүгийн хуулийн 11.7-д зааснаар ял шийтгэл оноодог.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

“Саарал жагсаалт”-ын ард яг жинхэнэдээ юу өрнөөд байна вэ?

Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад хоёр дахиа ороод байна. Түүх сөхвөл 2007 онд анхны үнэлгээ хийгдэж, 2011 онд “Саарал жагсаалт”-д багтаж байсан юм. Анх 2007 онд саарал жагсаалтад маш олон орны нэр ирийж байсан бол өдгөө арав орчим улс л энэ жагсаалтыг бүрдүүлж буй. Өнгөрсөн баасан гаригт саарал руу уруудсан Монгол, Зимбабве, Исландаас гадна Камбож, Панам, Бахама, Гана, Тринидад Тобаго, Иемэн, Сири улс саарал жагсаалтад багтдаг.

“Саарал жагсаалт”-д багтсан улсуудыг анзаарахад Европоос ганцхан Исланд байна. Үлдсэн орнуудыг тоймлоод харахаар дайнтай, эсвэл хэт чөлөөтэй, мөнгөний урсгал их эргэдэг, оффшор маягийн улс цөөнгүй байна. Мөнгөний урсгал их эргэдэг улсын тод жишээ гэхэд л Панам, Камбож. Панам гээд харахад өчнөөн казино ажилладаг, бичил, жижиг зээл олгодог банк бусууд тоймгүй гэдгийг дэлхий даяараа мэддэг. “Саарал жагсаалт”-д манайх шиг баялагтай улс мөн багтдагийг Гана улс батална.

Монгол 2011-2013 онд саарал жагсаалтад багтаж явсаар 2014 оны хоёрдугаар сард энэ чиглэлээр хийж буй ажиллууд нь мэдэгдэхүйц ахиц гарсан гэсэн үндэслэлээр 2014 оны зургадугаар сард энэ жагсаалтаас гарч байв.

2017 оны есдүгээр сард дахиад үнэлгээ хийхэд эрчимтэй хяналтад орсон түүхтэй. Ийм хяналтад хоёр жил яваад сая саарал жагсаалт руу орж байгаа нь энэ. Өнгөрсөнд өрнөсөн үйл явцаас харахад техникийн хувьд сайн хичээвэл хоёрдугаар сард ахиц дэвшил гарлаа гэж дүгнүүлэх боломж бидэнд бий. Учир нь ФАТФ жил бүрийн хоёр, зургаа, аравдугаар сард үнэлгээгээ шинэчилж тайлан гаргадаг юм. Аравдугаар сараас хоёрдугаар сар хүртэл хийсэн ажлаа тайлагнаад сайн дүн авч чадвал ирэх жилийн зургадугаар сард саарал жагсаалтаас гарчих боломж байгаа гэсэн үг.

“СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРСОН ШАЛТГААН

ФАТФ 40 үзүүлэлтээс таван үзүүлэлтэд асуудал байна гэж үзээд дөрвөн чиглэлээр ажилла гэсэн чиг өгөөд байгаа. Санхүүгийн бус байгууллагуудын хяналт шалгалтыг тэд онцолж буй. Тэнд мөнгө угааж байж болзошгүй аливаа үйлдлийг илрүүлэх чадвараа сайжруул, илрүүлсэн хэргээ хуулийн дагуу шийддэг тогтолцоотой бол гэсэн агуулгатай зөвлөмж өгчихсөн. Санхүүгийн бус байгууллага гэдэгт нь алт мөнгөний дархан, үнэт чулуун урлал хийдэг хэсэг, хуулийн зөвлөгөө өгдөг фирмүүд, аудитын байгууллагууд ордог юм билээ. ФАТФын дараагийн зөвлөмжийг хар үгээр тайлбарлавал мөнгө угаалтын чиглэлээр хэрэг илрүүлэхэд анхаар, хуулийн дагуу арга хэмжээ авдаг байдлаа сайжруул гэчихсэн. Энгийнээр хэлбэл, энэ чигийн хэрэгт хариуцлага тооцсон тохиолдол шүүх дээр байхгүйг тэд энэ удаагийн шийдвэрээрээ сануулчихлаа.

МОНГОЛЧУУДААС БАРУУНЫ ЕРТӨНЦ НҮҮР БУРУУЛААГҮЙ

ФАТФ Монгол Улсыг саарал жагсаалт руу оруулахаар барууны ертөнц рүү гүйлгээ хийх аргагүй болно, банкуудын тийш гүйлгээ хийх дансыг хаана, долларын ханш 5000, 7000 хүрнэ гэх мэт айдас төрүүлэхээр мэдээллийг улстөрчдөөс эхлээд эдийн засаг гадарладаг хэсэг ч өгөөд буй. Эдгээр сөрөг мэдээллийн аль нь ч бодитой биш гэж эдийн засагчид онцолж байна. Саарал жагсаалтад орсноор монголчуудын гадагшаа хийж буй гүйлгээ ямар нэг хоригт орохгүй. Саарал жагсаалт эдийн засгийн хориг биш, санхүүгийн хязгаарлалт бүр биш.

“ Саарал жагсаалтад орсон нь монголчуудын гадагшаа хийж буй аливаа гүйлгээг үнэтэй болгож байгаа. Өөр том нөлөө байхгүй. Оюу толгой, Валютын сангийн хөтөлбөр гэсэн хоёр зүйлээр анхааруулга өгч байна гэж харж болно. 2020 оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Өргөн барьсан төслөөс харахад санхүүжилт нь 100 хувь Валютын сангийн хөтөлбөрөөс хамаарахаар байгаа. Тэгэхээр Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх мөнгөө авахын тулд Валютын сангийн хөтөлбөрийг урагш нь зүтгүүлэхээс өөр аргагүй байдалд орчихсон. Валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд тавьсан шаардлагыг нь биелүүлэх ёстой. Сангийн яам саарал жагсаалтыг Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй холбоод байгаа нь ийм учиртай. Мэдээж саарал жагсаалт руу юунаас болоод орчихов гэдэг асуудал яригдаж таарна. Улстөрчид шалтгаан олох хэрэгтэй болно оо доо. Сангийн яам саарал жагсаалтад орсон шалтгааныг банкуудын өөрийн эх үүсвэр тодорхойгүйгээс боллоо гээд хэлчихээд байна. Цаад шалтгаан нь ойлгомжтой. Банкуудын хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгох замаар Валютын сангийн хөтөлбөрөө явуулмаар байна гэсэн санаа л яваад байгаа” гэж эх сурвалж ярьж байна. Товчхондоо Сангийн яам ирэх жилийн эдийн засгийн байдал яаж ч бодсон хүчрэхээргүй зарлага, хөрөнгө оруулалтаа Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр олгогдох зээл санхүүжилтээр шийдэх бодолтой суугааг сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлууд баталчихлаа. Барууныхан саарал жагсаалтад орсон орнуудтай харилцсан хэвээр байна, харин хийх гүйлгээнийх нь зардал өсөх эрсдэл байгаа аж. Барууны ямар ч улс Монголтой хийх гүйлгээг зогсоо гэсэн шийдвэр гаргахгүй гэсэн үг. Тэдний хэн нь ч Монголын банкуудын дансыг хаа гэхгүй. Харин шаардлагаа нэмж тавих эрсдэл үүсэх нь. Гаднаас зээл авах нөхцөлүүд хатуурна, босго нь өндөрсөнө гэж эдийн засагчид онцолж байна. Зээлжих зэрэглэлд шууд нөлөөлөхгүй гэж эх сурвалж тодотголоо.

МОНГОЛБАНКНЫ БОЛГООМЖЛОЛ

Нэг талаас Сангийн яам банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрт асуудал байна, тэрийгээ ил тод мэдээлж арга хэмжээ ав гэсэн шаардлагыг Төв банкинд тавьж байгаа дүр зураг анзаарагдаж буй. Нөгөө талаас Төв банк яамны мэдээллийг үгүйсгэсэн тайлбарыг өгч байгаа. ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсаны дараахан банкууд өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх үүрэг авсан. Авсан үүргээ ч биелүүлсэн гэх мэдээллийг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Банкууд үүргээ биелүүллээ гэсэн мэдээллийг төв банкнаас өгснийг уншигчид санаж байгаа байх. Ийм үйл явдал болсны дараахан Валютын сан өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудад аудит оруулах санал хүргүүлж, Монголбанк ч ёсоор болгосон. Аудитын шалгалтын үр дүн муу гарсан гэх мэдээллийг Сангийн яамнаас цацаж байгаа. Монголбанкны хувьд энэ талаар нарийн мэдээллийг өнөөг хүртэл өгөөгүй гэсэн шүүмжлэл бас дуулдаж буй. Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 90 хол давсан хувийг эзэлдэг банкны системийг ганхуулахаар шаардлага, шалгуурыг Олон улсын валютын сангаас тавьсан гэх мэдээлэл чих дэлсэж байна. Олон улсын шаардлага, босго талаас харвал яах аргагүй тийм нөхцөл үүссэн байж мэдэх ч нөгөө талаас нь харвал Монгол гэдэг улсын онцлогт тохирсон үнэлэмж шалгуурыг анзаарахгүйгээр элдэв шаардлага, босго тавьдаг гэх шүүмжлэл Олон улсын валютын сан руу чиглэдэг. Энэ өнцгөөс харахад төв банкны болгоомжлолыг бас шууд буруутгахад хэцүү. Учир нь өөрийн хөрөнгөн дээрээ асуудалтай гэгдэж буй зургаан банк Монгол Улсын банкны системийн 50 хувийг эзэлдэг гэсэн тоо дуулддаг. Тэгэхээр нэг талд сонгуулийн жилийн алдагдал, зардал ихтэй төсвөө батлуулахаар улайрч буй Сангийн сайдын улс төрийн мэдэгдэл, нөгөө талд банкны системээ бужигнуулчихгүйхэн шиг авч үлдэх бодолтой суугаа Монголбанкны байр суурь эсрэгцэж тэсрэгцсэн өнгөтэй харагдаж байна.

ОЮУ ТОЛГОЙ “СААРАЛ ЖАГСААЛТ”-ЫН ҮҮТГЭЛ ГЭВ ҮҮ?

“Оюу толгой” тойрсон улстөржилт саарал жагсаалтад багтах болсон үүтгэл шалтгаан гэж хэлэх эдийн засагч цөөнгүй байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд гурав дахь жилдээ явж байгаа ч санхүүжилт нь гацаад багагүй хугацаа өнгөрч буй. Монгол Улс саарал жагсаалтад орох зайлшгүй шалтгаан байгаагүй хэр нь саарлуудын нэг болсон нь хоёр шалтгаантай гэж үзэх эдийн засагч цөөнгүй байна. Эхнийх нь ОУВСгийн хөтөлбөр гацсан шалтгаан. Хоёр дахь нь Оюу толгойн тодорхойгүй байдал. Өнгөн дээрээ ОУВС, ФАТФ тусдаа үүрэг чигтэй байгууллага хэр нь ачир дээрээ цаана нь байгаа улсуудын эрх ашиг нэг гэдэг утгаараа салгаж ойлгох аргагүй гэсэн байр суурь давамгайлдаг. Оюу толгойн хувьд гэхэд л санхүүжүүлэгч байгууллагууд нь олон улсын банк санхүүгийнхэн. Бүр тодруулбал ОУВС, ФАТФтай хүйн холбоотой байгууллагуудаас санхүүжилт авсан мега төсөл. Ном журмаараа манай улс энэ удаа саарал жагсаалтаас мултрах боломжтой байсан. Төв банкнаас өгсөн мэдээлэл, эдийн засагчдын анализуудаас харахад ингэх нь тодорхой байсныг давтан онцолъё.

Гэхдээ Оюу толгойг гацаасан, ОУВСтай тохирсон хөтөлбөрөөсөө эцэст нь буцсан гэх шалтгаан саарал руу түлхэх том шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй. Эрүүл, энгийн логикоор харсан хэнд ч тов тодорхой үнэн л дээ.

Оюу толгойн асуудлыг хүчтэй ярьж байснаа өнгөрсөн зунаас намжсаныг уншигчид анзаарсан байх. Саарал жагсаалтад орох эсэх тухай яриа хөөрөө хүчтэй өрнөх үед энэ асуудлыг түрдээ азнасныг эдийн засаг гадарлах хэн ч ажиглаж суусан нь ойлгомжтой. ОУВС “Наадуулаа саарал жагсаалтад энэ удаа оруулахаас аргагүй. Хэрвээ шаардлага энэ тэрээ биелүүлсэн гээд мулталбал биднийг сонсохоо болино. Оюу толгойг зогсоох эрсдэл улам өндөрсөнө” гээд шивнэчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Энэ өнцгөөс нь харвал саарал жагсаалт олон улсын байгууллагууд, барууны ертөнцөөс бидэнд өгч буй том сануулга байж мэдэх юм.


Categories
мэдээ нийгэм

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа ажлуудыг шалгав

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өчигдөр зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 метрийн урттай гүүрийн ажлын явцыг шалгаж, хөдөлгөөнийг нээхэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэлээ. Дөрвөн эгнээ хатуу хучилттай, 14 метрийн зорчих хэсгийн өргөнтэй, хоёр талдаа ногоон байгууламж, явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам ашиглалтад ороход бэлэн болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Р.Индра хэлэв. Мөн уг хэсэгт хөрсний ус ундарч байсныг нийслэлийн Геодизи усны барилга байгууламжийн газар шуурхай ажиллаж 4150 метр куб усыг соруулж түвшинг нь доошлуулсан, цаашид геологийн судалгаа хийж, зураг гаргах шаардлагатай талаар албанхан тайлбарлав.

Иргэдийн зүгээс замын хөдөлгөөнийг нээхээс гэрэлтүүлэг болон тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч тавьж өгөх, хөрсний ус ундарч байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх замын орц гарцыг нээх, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг ирэх долоо хоногт байршуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн хөрсний ус ундарч байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллах болно гэв. Энэхүү зам ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж , хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг бууруулж, хөдөлгөөнийг жигд хувиарлах ач холбогдолтой аж.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүд сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах болон тендерт хэрхэн амжилттай оролцох” сэдэвт сургалт боллоо. Энэ сургалт нь улсын болон нийслэл орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хүсэлтэй компаниудад зориулан явуулж буй аж. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх чиглэлд заасны дагуу худалдан авах ажиллагаанд оролцогчдыг чадавхижуулах, худалдан авах ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнийг олон нийт, аж ахуй нэгж байгууллагад хүртээмжтэй болгох зорилготойгоор энэ удаагийн сургалтын зохион явуулсан бөгөөд уг сургалтанд 60 гаруй аж ахуй нэгж, компанийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа “Энэ удаагийн сургалтын онцлог нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас шинэ дүрмүүд гаргасан. Тухайлбал, урьдчилан худалдан авалтын журам, тендерт оролцогчдын гомдлыг хянан шийдвэрлэх, тендерийн шалгаруулалтын материалыг оролцогчдод нээлттэй, ил тод болгох журмууд шинэчлэгдсэн. Оны эцэс болж, ирэх жилийн тендер зарлагдах болсонтой холбогдуулан тендерт оролцогчид алдаа дутагдал бага гаргаасай гэсэн үүднээс дээрхи журмуудын талаарх нэгдсэн ойлголтыг өгч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газар Авто тээврийн төвтэй хамтран ажиллана

Дорноговь аймгийн Онцгой байдлын газар орон нутгийн “АЗЗА” ТӨХК, Автотээврийн төвтэй “Хамтран ажиллах санамж бичигт” гарын үсэг зурлаа.

Хүйтний улиралд цасан болон шороон шуурга шуурах, зам даваа хаагдах, иргэд төөрөх, сураггүй алга болох, автомашин цасанд суух зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нөхцөл байдал хүндэрч, онцгой байдлын байгууллагад иргэдээс ирэх дуудлагын тоо эрс нэмэгддэг.

Тиймээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эд хөрөнгө, мал амьтан, байгаль экологийн аюулгүй байдлыг хамгаалах, хохирлыг багасгах арга хэмжээг оновчтой зөв, шуурхай зохион байгуулах, удирдлага, зохицуулалтаар шуурхай хангах, хот хооронд болон орон нутгийн нийтийн зорчигч тээвэрлэлтийг хэвийн, саадгүй зорчих боломжийг хангах, мэдээлэл солилцох, ажлын туршлага хуваалцах, хамтран ажиллах харилцааг зохицуулах зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн “АЗЗА” ТӨХК, Автотээврийн төвтэй “Хамтран ажиллах санамж бичигт” гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ спорт

Ө.Пүрэвсүрэн алтан медалийн төлөө барилдана

“Будапешт-2019” чөлөөт бөхийн U23 насны ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн хагас шигшээ барилдаан эхэллээ. Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин, ОУХМ Ө.Пүрэвсүрэн 65 кг-ийн жинд алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр хагас шигшээд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий медальт Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялав. Тэрбээр өнөөдөр шигшээ барилдаанд Японы Мисүзү Ёномототой хүч үзнэ.

Залуучуудын ДАШТ -ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Анударь 53 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд “Будапешт-2018” насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүнотой хүч үзэв. Энэ жил Таллинд болсон залуучуудын ДАШТ-д шигшээд барилдсан тэд Будапештийн хагас шигшээд дахин таарч 0:4-өөр ялагдлаа. Н.Анударь АНУ-ын Кэй Тэйлор, Беларусийн Катарина Пискуская нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдана.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооноос Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолын дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах асуудлаар Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул хүчингүй болгох” шийдвэрийг албан бичгээр хүлээн авснаа мэдэгдлээ.

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах журам, зохицуулалтыг шинээр баталж, хэрэгжүүлсэн эсэх, өнгөрсөн 6 сарын хугацаанд төлбөрийг давхардуулан авсан тохиолдолд гарсан эсэх талаар Сангийн яам, Татварын ерөнхий газраас тодрууллаа. Сангийн яамнаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах ямар нэгэн журмыг шинээр батлаагүй, өнөөдрийн байдлаар ийм тохиолдол гараагүйг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.2 заалтын дагуу Байнгын хорооноос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах тул хуулийн төслийг Ажлын албатай хамтран боловсруулж, танилцуулахыг Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус чиглэл болголоо.

Уг уулзалтад Сангийн яамны Хууль, эрхзүйн газрын дарга З.Энхболд, Орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал болон албаны бусад хүмүүс байлцав.