Categories
мэдээ цаг-үе

Ш.Анхмаа: Ойн хүрээнд соёлын өвийг сэргээн таниулах олон нийтэд чиглэсэн ажлууд хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.


-Нийслэл хотын 380 жилийн тэгш ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд нийслэлээс ямар чиглэлд голлон анхаарч, томоохон ажлууд хийж байна вэ?

-Анх 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуур гэдэг газар нийслэл хот анх шавиа тавьсан байдаг. Нийслэл хот маань 28 удаа нүүдэллэн суурьшиж байсан газар бүрт гэрэлт хөшөө босгосон. Нийслэлийн анхны тулгын чулууг тавьсан Ширээт цагаан нуур болоод Сарьдагийн хийдэд очиж хүндэтгэл үзүүлсэн. Сарьдагийн хийд бол нийслэл хот маань хоёр дахь нүүдлээ хийж суурьшсан, Өндөр гэгээн Занабазарын 30 гаруй жилийн турш байгуулсан Номын их хүрээ буюу уран бүтээлийнх нь ордон байсан гэдгээрээ түүхэн ач холбогдолтой газар юм. Нийслэл Улаанбаатар хот маань одоогийн Хүн чулууны хонхорт суурьшихаас өмнө түүхэндээ хамгийн урт хугацаанд оршин суурьшиж байсан газар нь Сарьдагийн хийд бөгөөд Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун тэргүүтэй эрдэмтэн судлаачид зургаан жилийн турш малтлага судалгаа хийж 4000 орчим олдворыг илрүүлснээрээ өдгөө Монголын үндэсний музейд үзэсгэлэн дэлгээд байна. 380 жилийн ойг тохиолдуулан гурван үзэсгэлэн гарч байгаагийн нэг нь энэ юм. Зураач, уран бүтээлчдийн Улаанбаатар хотын талаарх зурсан зураг бүтээлийн үзэсгэлэнгээс гадна нийслэлийн Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэнгээс хамтран “Нийслэл Улаанбаатар өнгөрсөн өдгөө ирээдүй” нэртэй фото зургийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд гаргалаа. Нийслэлийн оршин суугчдын 65 хувь нь 0-35 хүртэлх насныхан байгаа учраас хүүхэд багачууд залуустаа үүх түүх, өв уламжлал, соёл зан заншлаа таниулж мэдүүлэх нь их чухал. Ойн арга хэмжээнд бид соёлын өвүүдийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах, сурталчлан таниулах чиглэлээр түлхүү анхаарч, олон хийж байгаагийн нэг нь нийслэлийн суурьшиж байсан газруудын гэрэлт хөшөөнүүдийг сэргээн засварлах, Хүрээ нүүдлийг нийслэлийн аялал жуучлалын газраас зохион байгуулж байна. Жишээ нь, Богд хааны ордон музейн Өвлийн ордны зүүн талын 1.4 га газарт Богдын цэцэрлэгт хүрээлэн нэртэй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Монголын шашин, төрийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Богд хаандаа зориулаад цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай 2006 оноос хойш л ярьсан. Одоо харин энэ ажил эхлээд явж байна. Дээрх газрын 60 хувийг нь нэгэн компанид эзэмшүүлсэн байсныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цуцалж, газрын маргаантай асуудлыг цэгцэлсэн. Түүнээс гадна Богдын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг 2021 он хүртэл он дамнуулан төсөвт суулгахаар төлөвлөсөн байсныг нэг мөр шийдэж өгснөөр бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж эхэллээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Богд хааны хөшөө баримлаас эхлээд түүхэн ховор олдворууд зэрэг нийт 13 хөшөө баримал сүндэрлүүлэх юм.

Түүнчлэн нийслэлийн Архивын газраас нийслэл хот байгуулагдсаны түүхэн үйл явц өнгөрсөн, одоо, ирээдүй эрдэм шинжилгээний хурлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Хотынхоо талаар судалгаа хийсэн эрдэмтэн, доктор, профессоруудыг урьж авчран хотын түүхэн үйл явц одоогийн байдал ирээдүйд шийдэх шийдэл зэрэг хурлыг зохион байгууллаа.

-Хүний хөгжлийг дэмжих үүднээс нийгмийн салбарт ямар ямар ажлууд хийж байна вэ?

-Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг үндсэнд нь гурван чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Нэгдүгээрт, бүтээн байгуулалт, тохижилт, нийгэм олон нийт рүү чиглэсэн спорт, соёл урлагийн арга хэмжээ, гадаад харилцаа хамтын ажиллагаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээ гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явагдаж байна. Хоёрдугаарт, ой тэмдэглэх бүтээлч ажлууд өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн. 2019 онд нийгмийн салбарт 70 цэцэрлэг, 37 сургуулийн барилгийг хүлээж авсан. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхлээд явж байна. Энэ жилийн хувьд Засаг даргын ивээл дор оюутан залуучууд руу чиглэсэн таван төрөлд спортын их наадмыг анх удаа зохион байгууллаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын ивээл дор иргэд рүү чиглэсэн спортын арга хэмжээ, Улаанбаатар марафон, иргэдийн спортын их наадам, сагс, волейболын лиг, дуулиан 2020 боллоо. Түүнчлэн удахгүй залуучуудын спортын наадам зохион байгуулагдах гэж байна. Хотын соёлыг иргэдэд хүргэх, ЕБС-ийн сурагчдад хотын соёлын талаар ойлголт мэдлэг түгээх сургалтуудыг зохион байгуулж байна. Хотын соёлд оюутан залуучуудын сайн жишгийг сурталчилсан цуврал нэвтрүүлгийг гаргахад бэлэн болсон. Энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзэсгэлэн худалдааг долоон хоногийн турш зохион байгуулж байна.

Түүнчлэн нийгэм, соёл урлагийн чиглэлээр саяхан “Ulaanbaatar international day”арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөл оролцсон. Энэ хурлаар Улаанбаатар хотын өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдэх, хамтын харилцаатай хотуудын сайн туршлагуудыг хэлэлцлээ. Нийслэлийн Улаанбаатар чуулга арваннэгдүгээр сарыг дуустал нийслэлийн есөн дүүргээр тойрч, “Их хотын аялгуу” хэмээх тоглолтоо нийслэлчүүддээ толилуулна.Хүндэтгэлийн концерт маань энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд тоглогдоно. Мөн ойн өдөр уламжлал ёсоор хүчит бөхийн барилдаан болно.

Хоёрдугаарт, нийслэлийн төсөв, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотын есөн дүүрэгт тохижилтын ажил хийгдэж байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын санаачилгаар есөн дүүрэгт хөлбөмбөгийн талбайтай болох, нийтийн бие тамир спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулах,мөн “Мөсөн хотхон”, 50 метрийн урттай усан бассейны ажил хийгдэж байна.

Мөн иргэд олон нийтийг амарч тухлах, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн IV хороо буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын 1.8 га газарт нийтийн эзэмшлийн спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдээд эхэлсэн. Эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглахгүй, хашаалж орхиод олон жил болсон байршлуудыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар үе шаттайгаар чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулж байгаагийн нэг нь энэ юм. Мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд “Дипломат 95” орон сууцны хойно 2000 ам метр газрыг эзэмшдэг компани талбайгаа хашаалж барилгын суурь ухаад, ашиглахгүй олон жил орхисон байсныг өдгөө чөлөөлж, газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн Баянгол дүүргийн 1, 3, 4 дүгээр хороо Төмөр замын Вокзалын арын 4.3 га газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттайгаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гарсан. Энэ дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН хөрөнгө гарган цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт 317 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тохижилт ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.

-380 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг дурдвал?

-Томоохон бүтээн байгуулалтууд болох Сонсголонгийн төмөр, бетон хос гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлууд дуусаж, замын хөдөлгөөнийг нээлээ. Олон жил яригдсан Налайх-Чойрын 20.9 км замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, ойн баярын өдөр буюу аравдугаар сарын 29-нд дээрх замыг хүлээж авах гэж байна. Мөн нийслэлчүүд бидний тулгамдсан томоохон асуудлын нэг болох Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжээд, гол бүтээн байгуулалтуудаа хүлээлгэн өгөөд байна.

Түүчнлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дэд төвүүдийг байгуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Дээрх дэд төвүүдийн усан сан, насос станцуудыг саяхан ашиглалтад хүлээн аваад байна. Ингэснээр тэр хавийн гэр хорооллын айл өрхүүд ундны цэвэр усаар хангагдах боломж нээгдэж байгаа юм. Мөн нийслэлчүүдийн амин чухал нэг асуудал болох ундны цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хангах, усны алдагдлыг бууруулах чиглэлээр томоохон ахиц дэвшилтэй ажил хийгдэж, УСУГ-т Скада систем суурилуулснаар наад зах нь, нийслэлийн гэр хорооллын худагнуудыг 24 цагийн турш хянах автомат горимд шилжээд байна.Нийслэлийн 380 жилийн ой тохиож буй энэ жилийн тухайд онцлон дурдахгүй байхын аргагүй нэгэн чухал ажил бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрс хэрэглэхгүй, оруулахгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн явдал юм. Анхлан хэрэгжүүлж байгаа ажил учраас бэрхшээл саад тулгарч байгаа ч бодит үр дүн нь ямар байгааг нийслэлчүүд бид өглөө, оройд харж, мэдэрч байна.

-Энэ жилийн ойн арга хэмжээний онцлог юу вэ?

-Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ чиглэлээр олон ажил хийж байгаагийн дундаас би Соёлын элч ажиллуулах болсон тухай онцолмоор байна. 380 жилийн түүхт ойгоо тохиолдуулан бид бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж ажилласны дотор хороо бүрийг Соёлын элчтэй болгож байгаа явдал. Хотын соёлыг түгээх, хотын хөгжил дэвшилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажилд гар бие оролцон, нийгэм дэх сайн сайхан эерэг хандлага, зөв үлгэр дуурайлыг хорооныхоо оршин суугчдад түгээн дэлгэрүүлж, бүтээлч ажлууд санаачлан хийж хэрэгжүүлэх хүсэлтэй иргэдээс сонгон шалгаруулж, нийслэлийн 169 хороонд Соёлын элч ажиллуулаад, тодорхой хэмжээний урамшуулал олгох юм. Соёлын элчээ тухайн хороондоо амьдардаг, олон нийтэд үлгэр дууриал болохуйц нөлөө бүхий иргэдийг сонгож соёлын элчээр тодруулах юм.

-1.5 сая шахам оршин суугчтай Улаанбаатар хотын хувьд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал ямагт чихнээс хонх уядаг. Энэ чиглэлээр ямар ахиц дэвшил гарч байнавэ?

-2016-2019 оны хооронд нийслэлд 147 цэцэрлэг, 79 сургуулийг ашиглалтад оруулсан. Энэ бол нийгмийн салбарлуу чиглэсэн маш том бүтээн байгуулалт. 2016 онд гурван ээлжээр хичээллэж байсан 34 сургууль байсан болөнөөдөр гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль хоёр л үлдээд байна. 2020 оны эхний улиралд энэ асуудлыг бүрэн шийдэж, Улаанбаатар хотын бүх ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ.

2016 онд цэцэрлэгийн хүртээмж 68 хувьтай байсныг өнөөдөр 84 хувьд хүргэсэн. 2020 ондоо багтаж 85 хувь буюу олон улсын стандартад нийцүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Улс, нийслэлийн төсөв, гадаадын буцалтгүй зээл тусламжаар хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь шийдэгдсэн. Болосвролын салбарт чиглэсэн ажлаа нийслэл хангалттай гүйцэтгэсэн гэж бодож байна. Нийслэлийн хэмжээнд сургалтын чанарт ахиц гарсан. Жил бүр хоёр шатаар урагшилж байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний дараа мэдээж сургалтын чанар ахицыг ярих ёстой. Хүмүүжлийн аян ёс заншлыг сурагчдын дунд түгээн дэлгэрүүлэх тал дээр дорвитой ажил хийж байна. Багш нарын индекс урамшууллыг сургууль бүрт нь өгдөг болсон.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн гурван жилийн турш маш их ажил хийсэн. Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээний асуудлыг шийдэж байна. Хүүхдийн ор нэмэлтээр оруулж дотоод зохион байгуулалтыг хийсэн. Баянгол дүүрэгт 60 ортой хүүхдийн эмнэлэг, Баянзүрх дүүрэгт 100 ортой хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад оруулсан. Хүүхдийн ор 2016 онд нийслэлд 700 гаруй байсан болодоо 1000 дөхөж байна.

Яармаг дахь 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв ирэх оны эхний улиралд ашиглалтад орно. Мөн Сонгинохайрхан дүүрэгт олон улсын жишигт нийцсэн эмнэлэг анх удаа ашиглалтад орохоор хүүхдийн ор нийслэлийн хэмжээнд 1200 болох юм. Өрхийн эмнэлгийн чадавхийг сайжруулж, дүүргийн нэгдсэн эмнэлгийг сайжруулж байж Улсын нэгдсэн эмнэлгүүдийн ачааллыг буурна. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг засварлах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг шат дараатай хийж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10 өрхийн эмнэлэг барих ажил эхэлсэн. Туркийн Истанбул хотын тусламжаар 10 өрхийн эмнэлэг байгуулах ажил мөн хийгдэж байна. Гурав нь баригдсан. Хоёрдугаар шатлалын эмнэлэг дээр ч олон ажил хийгдсэн. Нэн тулгамдаж байгаа асуудал болох Хавдрын тасгуудыг хоёрдугаар шатлалын эмнэлэгт байгуулж, найман дүүргийн Эрүүл мэндийн төвдбөөрний дутагдлын эмчилгээний аппаратуудтай болсон гээд яриад байвал олон ажил хийгдэж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Өхөөрдөм “чоно” Энжи

“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч өхөөрдөм бяцхан Энжи буюу Б.Эрдэнэцэцэгийг танихгүй хүүхэд багачууд тун ховор биз ээ. Түүний “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохдоо ярьсан үлгэрийн “Долоо хоногийн хоол” гэдэг хэсгээр хоорондоо хошигнон ярих хүмүүс ч бий. Бид энэ удаагийн хүүхдийн булан”-даа Б.Эрдэнэцэцэгийг урьж ярилцсан юм.


-Ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?

-Би том болоод жүжигчин болно гэж боддог. Яагаад гэхээр маш их сонирхолтой, бүх зүйлийг хийж чаддаг. Бас хүлээцтэй байхыг заадаг болохоор жүжигчин болохыг хүсдэг.

-Жүжигчин байхын юу нь гоё юм бэ? Чи гоё дуулдаг юм чинь дуучин болохгүй юм уу?

-Хүмүүс намайг танина гэхээр гоё байдаг. Дуулахаасаа илүү жүжиглэх нь надад таалагддаг.

-“Авьяаслаг монголчууд” шоунд орсон бичлэгээ үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Хамгийн анх гэрийнхэнтэйгээ нэвтрүүлгээ үзэх гээд сууж байхад “яасан бол оо, яаж үзнэ ээ” гээд ичиж байсан. Гэхдээ нэвтрүүлгээ үзээд “яагаад ингэж агаа аниагаараа заалгачихсан юм шиг хөөрхөн ярьсан юм бол оо” гэж өөрийгөө бодсон.

-Ямар хичээлдээ илүү дуртай вэ?

-Дуу хөгжим, монгол хэл ер нь л бол урлагийн зүйлд маш их дуртай. Мөн сургуулийнхаа дууны дугуйланд явдаг.

-Ангидаа сайн найзтай юу. Анх сургуульд ороход чинь ангийнхан чинь яаж хүлээж авав. Чамайг таньж байсан уу?

– Миний хамгийн сайн найзуудыг Гэгээлэн, Энхрийлэн, Маргад гэдэг. Анх ангидаа ороход манай ангийнхан хөөх Энжи байна гэж байсан. Тэгээд би “намайг зөндөө олон хүүхэд таньдаг юм байна” гэж тэр үедээ бодоод баярлаж байсан.

-Кинонд тоглосон мөнгөө юунд зарцуулдаг вэ?

– Анх бол тоглоом, өөртөө хэрэгтэй зүйлдээ зарцуулчихдаг байсан. Одоо цуглуулсан мөнгөөрөө ээждээ шигтгээтэй бөгж авч өгнө гээд бодчихсон байгаа. Тийм болохоор ерөөсөө мөнгө үрмээргүй санагдаад байдаг болчихсон. Манай ээж шигтгээтэй бөгжинд үнэхээр дуртай.

– Дуулдаг Бат-Энэрэл, Булдруу хоёрыг таних уу?

-Булдрууг бол танихгүй харин Бат-Энэрэлтэй нэг тоглолт дээр нь таарсан. Гэхдээ надаас ах мөртлөө намхан юм байна лээ. Дуунуудыг нь бол сонсдог, үнэхээр гоё дуулдаг мундаг хүүхэд гэж боддог.

Д. БАТТОГТОХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНХАУ-ын 758 иргэнийг хилээр албадан гаргаж байна

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт сэрүүснэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр ирэх долоо хоногт сэрүүн байх талаар мэдээлжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, арваннэгдүгээр сарын 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. Арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Зуухны яндангаа авсны улмаас угаартаж нас баржээ

Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 настай залуу гэртээ угаартаж нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр 25 настай залуу гэртээ нэг эмэгтэйтэй хамт байсан бөгөөд эхний дүгнэлтээр гал түлчихээд, зуухны яндангаа авсны улмаас угаартаж нас барсан нь тогтоогджээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол улс Олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох эрх авлаа

Өчигдөр Японы Уцуномияд болж буй FIBA 3×3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 Зуны Олимпын наадамд 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарлажээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын шигшээ баг шалгарсан тухай мэдээлсэн байна. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Орос, Хятад, Румын улсуудын шигшээ багуудтай хамт ирэх оны зун Токиог зорихоор болжээ.

Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа олимпын наадамд багийн спортын төрлөөр өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Токио 2020 наадамд оролцох эрх авсан эрэгтэй шигшээ багуудад талбайн эзэн Японы багаас гадна Серби, Орос, Хятадын багууд шалгарчээ.

Эрэгтэй, эмэгтэй 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр зуны олимпын наадамд оролцох нэмэлт 3, 3 эрхийг ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнээр олгох юм байна.

Эрэгтэй шилдэг 20, эмэгтэй шилдэг 20 багууд өрсөлдөх энэ тэмцээний A хэсэгт Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Токио 2020 наадмын эрхийн төлөө тоглох ажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНХАУ-ын 758 иргэнийг Монгол Улсаас албадан гаргана

Цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 758 иргэнийг Гадаадын иргэн харьяатын газар болон Цагдаагийн ерөнхий газраас албадан гаргах ажлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тэдгээр БНХАУ-ын иргэд таван зочид буудалд байрлаж байсан бөгөөд 1,000-аад компьютер, 10,000 гаруй монгол дугаартай гар утас ашиглаж байсныг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас мэдээлээд байсан юм.

ГИХГ-аас албадан гаргаж байгаа иргэдийн паспортод хар тамга дардаг бөгөөд ингэснээр тодорхой хугацаанд Монгол Улсад нэвтрэхийг хориглодог.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын шаардлага хангажээ

Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан “SGS Korea” лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа.

Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу албан ёсоор ирсэн. Сайжруулсан шахмал түлшийг үндэсний тав, гадаадын гурав, нийт найман лаборатори шинжлэхдээ техникийн үзүүлэлт, элементийн үзүүлэлт, химийн найрлага, чөлөөт хөөлтийн зэрэг гэсэн үзүүлэлтүүдээр шинжилсэн. Бүх лабораторийн шинжилгээгээр сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан байна. Тодруулбал, чөлөөт хөөлтийн зэрэг гэдэг нь нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэлдэг. 1-9 гэсэн хүртэл үзүүлэлтэй байдаг. Бүх лабораторийн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг нь нэг гэсэн үзүүлэлтэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс байна, ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт бидэнд ирүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө.


Мөн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийн дүнг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. Тэрбээр “Аравдугаар сарын 29-ны өдрийн байдлаар тус захирамжийн 10 заалтын хэрэгжилт дунджаар 85.6 хувьтай байна. Төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хяналтад авсан захирамжийн хэрэгжилтийн дундаж дүнг авч үзвэл, дөрвөн заалтын хэрэгжилт 85 хувьтай, 90 хувийн хэрэгжилттэй гурван заалт, 70 хувийн хэрэгжилттэй нэг заалт байна” гэлээ.

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн дүүргүүдийн шуурхай штабууд, хороодын ажлын явцад Нийслэлийн онцгой комиссоос хяналт шалгалт явуулсан тухай танилцуулгыг хийв. Тэрбээр “Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн шуурхай штаб, хороодын эрсдэл бүхий айл өрх, уурын зуух ашигладаг аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Эрсдэл өндөр бүхий нийт 35 хорооны 52 айл өрхөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, түлшний хадгалалт, пийшин зуухны бүрэн бүтэн байдал зэргийг шалгаж, 82 сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэн ажилласан. Дүүргүүдийн Шуурхай штаб байгуулагдсанаас хойш мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрсэн байна” гэж мэдээллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлалтай Саншайнь Виллаж хотхоны ундны усны бохирдлыг арилгах, цаашид тухайн хорооллуудын ундны усны аюулгүй байдлыг хангах тухай” асуудлыг онцгой комиссын хуралдаанд танилцуулсан юм. Уг асуудлыг яаралтай шийдэж ажиллахыг онцгой комиссын хуралдаанаар холбогдох газруудад үүрэг болгов.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгөв.

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хангамжийн бааз, дундын агуулах, борлуулалтын цэгүүдэд цаг хугацаандаа очихгүй байгаад анхаарч, тээвэрлэгч компаниудын гэрээний үүрэг, хариуцлагыг шаардах тээвэрлэлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэж мэдэгдэх, Сайжруулсан шахмал түлшний жижиглэн худалдаалах цэгүүдийг ажиллах хүчээр хангах, ажилчдын цалин хөлсийг цаг хугацаанд нь бүрэн олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх, Хороо тус бүрээр эрсдэл бүхий айл өрхүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулж, сайжруулсан шахмал түлшээр бодит дэмжлэг үзүүлэх ажлыг “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран зохион байгуулах, Өрхийн орлого багатай халамжийн үйлчилгээ авдаг айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, сайжруулсан түлшээр 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хангах, холбогдох зардлыг халамжийн үйлчилгээний чиглэлээр шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, Дүүрэг, хорооны ажилтнууд, хэсгийн ахлагч нарт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хордсон үед эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах, Түүхий нүүрс хэрэглэх, худалдан борлуулах гэх зэрэг зөрчил гаргахгүй байх талд мэргэжлийн байгууллагууд анхаарах, зөрчил гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, Цэвэр усны техникийн нөхцөл гаргах, ажлын зураг төсөв зөвшилцөх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, ажлын үр дүнг эргэж танилцуулахыг тус тус үүрэг болголоо. Мөн холбогдох байгууллагууд шат шатандаа ажлын уялдаа холбоог бэхжүүлж, агаар орчны бохирдлыг бууруулахын тулд зөвхөн сайжруулсан шахмал түлш гэлтгүй, утаа гаргах зуух, яндан болон нийтийн тээврийн автобусанд тавих хяналтыг чангатгах, 24 цагийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замаар зорчигчдод зориулсан зөвлөмж

Өвлийн улирал эхэлж, зам барилгын ажлын технологийн хугацаа дуусгавар болж байгаа тул Улаанбаатар-Дархан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны зам барилгын улирал эхлэх хүртэл|түр хугацаагаар үндсэн замаар нээж байна. Иймд ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ та бүхнийг дараах ЗӨВЛӨМЖ-ийг мөрдөн хөдөлгөөнд оролцохыг хүсье.

– Замын хөдөлгөөний дүрэм. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдгийн заалтыг чандлан мөрдөж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох,

– Хуучин замын хучилтыг хуулж, шинээр хучилт хийгээгүй хэсэгт шороон далангаар зорчиж байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдах, чулуу үсрэх эрсдэлтэй тул заасан хурдны хязгаарыг зөрчихгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,

– Хөдөлгөөн түр нээж байгаа авто замын шинээр хийгдэж буй хэсэг нь өмнөх замаасаа илүү өндөр: өргөн далантай хучилтгүй байгаа мөн даваануудын хучилтгүй байгаа хэсэгт цас орсон үед хальтиргаа гулгаа үүсэх тул хурдаа тохируулах,

– Хуучин хучилттай авто замын ус өнгөрөх хоолойнуудыг шинэчилж байгаатай холбоотойгоор зарим хэсэгт шинээр тавигдсан хоолойн түвшин өндөр байгаа тул уг замаар зорчихдоо хурдаа тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох.

Categories
мэдээ нийгэм

Малын эмч нарт эм тарианы хөргүүр гардуулав


“Малын эмч нарын анхдугаар их хурлын хүрээнд Чингисийн талбайд Мал эмнэлгийн салбарын эм, хэрэгслийн үзэсгэлэн худалдаа өчигдөр зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл нар 21 аймгийн малын эмч нарт эм тарианы хөргүүрийг гардуулан өгсөн юм.