Categories
мэдээ нийгэм

Налайхын чиглэлд хамгийн өнгө үзэмжтэй автобуснуудаа явуулна

Гачууртын уулзвараас Налайх – Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус зам ашиглалтад орохтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг болон иргэний төлөөллийн хамт, дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Атибус” ХХК, “Эрдэмтранс” ХХК-ийн удирдлагуудтай ажлын байран дээр нь уулзалт хийж, ажил байдалтай нь танилцаж, шинэ зам нээгдэхэд ямар автобус явуулах талаар ярилцаж, саналаа солилцлоо.
Засаг дарга Ч.Раднаабазар дүүргийн ард иргэдийн эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлсэн, цэвэрхэн, дулаан, жолооч нар харилцааны соёлтой, анхаарал болгоомжтой, тав тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар болон авто зам нээгдэхэд шинэ автобусаар үйлчилгээ үзүүлэх талаар тодруулж ярилцсан юм.

“Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнай “Манай байгууллага Налайх чиглэлд 7 автобусаар үйлчилгээ үзүүлдэг байсан ба одоогийн байдлаар 5 автобус явж байна. Шороон замаар явснаас хойш автобусны эвдрэл их хэмжээгээр гарсан боловч бид гэрээний хүлээсэн үүргийн дагуу үйлчилгээг тасралтгүй явуулсан. Налайхын 6 иргэнийг ажлын байраар хангаж байна. Шинэ зам ашиглалтад ороход хамгийн сайн өнгө үзэмж сайтай автобуснуудаа үйлчилгээнд явуулна. Одоогийн байдлаар 3 автобус бэлэн болсон ба бүх автобусандаа шинэ дугуй тавьсан, засвар үйлчилгээ парк шинэчлэлийг хийж байна” гэсэн мэдээлэл өгсөн.

“Эрдэмтранс”ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэг “Манай байгууллага нь 250 гаруй автобустай, үйлчилгээнд явуулах хүчин чадал сайтай. Налайх чиглэлд 17 автобус явж байсан үүнээс 1 нь Городок чиглэлд явдаг. Налайхад автобусны гражтай. Дүүргээс 30 гаруй жолооч, автобус угаадаг 4 эмэгтэйг авч ажиллуулж байна.

Шинэ зам нээгдэхэд Налайхын чиглэлд дизель болон хийн түлшээр явдаг 12 автобус үйлчилгээнд гарна. Бүх автобусандаа шинэ дугуй, аккумлятор тавьж, бэлтгэл ажлыг хангасан” гэсэн мэдээллийг тус тус өглөө.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 2 байгууллагын удирдлагуудад 10 дугаар сарын 29-ний өдөр шинэ замын нээлтэд бэлэн байх, засвар үйлчилгээгээ яаралтай хийж дуусгах, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг хэлж, нэгдсэн ойлголттой нэг зорилготой хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тагнуулын байгууллагаас мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна

2019 оны 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотод болсон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын ээлжит хурлаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо /МУТСТТ/-ны үр дүнтэй байдлыг үнэлж, хяналтад байх орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан. Уг жагсаалтад орсноор Монгол Улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай болсон.

ФАТФ-аас тус тогтолцоог боловсронгуй болгоход шаардлагатай хэд хэдэн зөвлөмжийг Монгол Улсад хүргүүлсний дунд “Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийг олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байх” гэх шаардлага тавигдсан. Уг шаардлагын хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүний нэг нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний шөнө хэрэгжүүлсэн ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан тусгай ажиллагаа юм.

Уг тусгай ажиллагааны үр дүнд Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байна. Дээрх иргэдийн хувьд 2019 оны 8 дугаар сараас Монгол Улсад бага багаар нэвтэрч 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 800-д хүрсэн. Үүнд тагнуулын байгууллагаас тухай бүр хяналт тавин ажиллаж байсан.

Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдож байна.

БНХАУ-ын иргэдийн ийм төрлийн үйл ажиллагаа нь Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрт өргөн тархсан байх бөгөөд 2017 онд Камбож, Индонези, Тайланд, Испани улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж, олноороо саатуулагдаж байсан.

Шалгалтын ажиллагаа үргэжилж байгаа бөгөөд уг ажиллагаанд оролцсон БНХАУ-ын иргэдийг албадан гаргах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Харин зохион байгуулагч гэх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд “И-баримт” аппликейшныг ашиглан авто тээврийн албан татвараа төлөх боломжтой боллоо

Иргэд “И-баримт” аппликейшныг ашиглан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 38 үйлчилгээ, лавлагааг богино хугацаанд авах боломж бүрдээд байсан бол энэ удаа Татварын ерөнхий газрын үйлчилгээ нэмэгдсэн талаар өнөөдөр албаныхан танилцууллаа.

Нийслэлийн Татварын газрын Орлогын хэлтсийн дарга С.Цэрэнжамц “Энэ удаа Авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг “И-баримт” аппликейшн ашиглан өөрийн харилцдаг интернет банкаараа төлөх боломжийг танилцуулж байна. Өмнө нь авто тээврийн хэрэгслийн албан татварыг төлөхөд харьяа дүүргийн татварын албанд очиж, ногдолоо тодорхойлуулж, банкинд дугаарлан татвар төлбөрөө төлсний дараагаар татварын улсын байцаагчид очиж, тэмдэглэгээ хийлгэдэг байсан. Ингэхийн тулд иргэд нэлээд цаг хугацааг зарцуулж, замын хөдөлгөөний түгжрэлд ордог. Мөн жолооч нар гурван төрлийн 900-3000 төгрөгийн татвар хураамж төлдөг байсан бол одоо өөрийн байгаа газраасаа интернетэд холбогдон 300 төгрөгийн хураамжаар албан татвараа төлөх боломжтой боллоо” гэв.

Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төв улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг “Татварын ерөнхий газрын авто тээврийн албан татвар төлөх үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ үйлчилгээ нь нийслэлийн хэмжээнд ачаалал үүсгэдэг үйлчилгээ юм. Өнөөдрөөс эхлэн “И-баримт” аппликейшнд Татварын ерөнхий газар гэсэн шинэ цэс нэмэгдсэн. Таны “И-баримт” аппликейшнд өөрийн бүртгэл дээр байгаа авто машины мэдээлэл гарч ирнэ. Хэрвээ авто машиныхаа албан татвараа төлөөгүй бол төлөх ёстой дүн нь харагдаж байгаа” гэлээ.

Цаашдаа төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд төрийн 25 байгууллагын 181 үйлчилгээг “И-баримт” аппликейшн ашиглан нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор төрийн хоёр байгууллагын үйлчилгээг нэвтрүүлээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

С.Баярцогт: Оюу толгойн гэрээний төлөө би авилгал хээл хахууль аваагүй

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” нэртэй товхимлыг хэвлүүлсэн талаараа хэвлэлийн хурал хийлээ.

Тус товхимолд тухайн үеийн гэрээ бүрэн эхээрээ байгаа төдийгүй, шийдвэр гаргах явцад болсон хуралдааны тэмдэглэлүүд, УИХ-ын чуулганд хэн хэн оролцсон, дэмжиж, дэмжихгүй ямар үг хэлсэн зэрэг хуралдааны бүрэн тэмдэглэл багтсан байна.

Тэрбээр “Одоогоос арав гаруй хоногийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэсний арван жилийн ой тохиосон. 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улс тусгаар тогтносноос хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ гэрээ бол хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гэрээ байсан. Зургаан сарын хугацаанд хоёр талаас биелүүлэх заалтуудаа биелүүлсний дараа буюу 2010 оны 3 сарын 31-нд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Арван жилийн ойг тохиолдуулаад ажлын хэсэгт ажилласан, 2012-2016 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баярын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Би 500 гаруй хуудастай товхимлыг гаргасан. Та бүхэн гайхаж байгаа байх. Яагаад ийм товхимол гаргах болсон таван шалтгаан бий.

2018 онд АТГ-аас Оюу толгойн гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, тэр дороо хорьж 73 хоног хорьсон. Гэрээг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэрээний талаар мэдлэггүй байна гэж бодсон. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч мөн л адил буруу мэдээллээр мэдээлэл хийж байгаа нь шийдвэр гаргадаг гишүүд хүртэл худал мэдээллээр шийдвэр гаргаж болзошгүй юм байна гэж бодсон.

Төсөлтэй холбоотой гэрээ арван жилийн турш нууцын байдалд байсан гэх хуурамч мэдээлэл гаргаад түүгээрээ ном зохиол бичиж байна. Бид гэрээгээ уншиж, судлахгүй байж, гэрээ хэлэлцэх явцад гарч буй зөрчил, үйл ойлголцлыг гэрээ рүү чирч авчирч байна. Гэрээний зохицуулалт, хэрэгжүүлэх хоёр тусдаа гэдгийг ойлгох ёстой. Үүнийг товхимлоос харж болно.

Би УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд талархаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гэдэг бол ярьж болохгүй зүйл. Гэтэл Т.Аюурсайхан бүгдийг нь задлаад гишүүдэд тараагаад, ном зохиол хүртэл бичсэн байна” гэсэн юм.

Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд “Оюу толгойн гэрээ С.Баярцогт, С.Баярын гэрээ биш, Монгол Улсын гэрээ. Сайныгаа олуулаа хувааж, саар юм аа хэн нэгэн рүү чихдэг. Энэ гэрээг Засгийн газар, Оюу толгой гээд олон газар сурталчилж таниулах ёстой байсан. Асуудал шийдэгдэх болов уу гэж хүлээсээр ирсэн. Гэвч маш олон хүн дуугүй хүлээгээд байвал буруудахын шинж гэдгийг хэлсэн учраас нээлттэй байхаар шийдсэн. Бид соён гэгээрүүлэх иргэнийхээ үүргийг биелүүлж энэхүү товхимлыг гаргасан. Намайг ганц Монгол Улсад шалгаж байгаа биш. Швейцарт ч яг адил хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэ гэрээний төлөө би авилгал хээл хахууль аваагүй. Би зөв зүйтэй гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байна. Он цагийн шалгуурт үнэн нь тогтоогдоно байх” гэлээ.

Энэхүү товхимол нь хэвлэл мэдээллийн редакциуд болон Төв номын сан, их сургуулиудын номын сангуудад тараагдах юм.

Categories
мэдээ нийгэм

ХБНГУ-тай хамтран “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг ХБНГУ-ын “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн“-гийн захирал, соёл, урлагийн менежментийн профессор, доктор К.Зийбенхаар болон Соёлын элч О.Оюунтуяа нарыг хүлээн авч уулзан, соёлын салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцав.

Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөрийг германы мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлэх эхлээд байна. Хөтөлбөрийг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа санаачилсан ба 2020-2021 онд үргэлжлэн хэрэгжих юм.

Төслийн хүрээнд ХБНГУ-ын соёл урлагийн салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жилийн хугацаанд бэлтгэж буй туршлагатай профессор, доктор К.Зийбенхаар нь соёл, урлагийн менежмент, удирдлага зүй, стратеги төлөвлөгөө, соёлын бодлого, соёлын өв, эрхзүй, маркетинг, олон улсын хамтын ажиллагаа, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал ба урлагийн боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг сэдвээр манай соёл, урлагийн мэргэжилтнүүдэд эрчимжүүлсэн сургалт явуулж байна.


Сургалтын үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын зөвлөх Ж.Сэрээжав, Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Соёл урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тансагмаа, Германы ахмад мэргэжилтнүүдийн албаны Монгол дахь төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, Монгол Улс дахь Гёте институтийн захирал Михаил Хайнст нар соёл урлагийн 17 байгууллагын удирдлагууд болон сургалтад оролцогчдод соёл урлагийн маркетинг, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал, олон улсын харилцаа хамтын ажиллагааны сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

“Соёл урлагийн менежмент Монголд“ (KUMA) хөтөлбөр нь мэргэжлийн өндөр түвшний эрчимжүүлсэн сургалт төдийгүй урт хугацааны хөтөлбөр гэдгээрээ онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүх хуралдааныг мэдээлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 77 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 94 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-тай ЭНД дарж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 15 өрхийн 33 иргэн хандаж угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага харьцангуй буурсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй” гэв.

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айр өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 01-03-ны өдрүүдэд нийт 164.372 айл өрхүүдэд хоёр дахь удаагаа тарааж, 98 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа талаар албаныхан онцоллоо.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл “Сайжруулсан шахмал түлшнээс элемент болон техникийн шинжилгээ, химийн найрлага, хаягдал утааны найрлага, чөлөөт хөөлт зэрэг үзүүлэлтүүдийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын ерөнхий газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Хими, химийн төв хүрээлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон БНХАУ, БНСУ, ОХУ руу илгээж шинжлүүлсэн. Дээрх лабораториудын шинжилгээний дүнгээр одоо манайд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа шахмал түлшийг 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан” хэмээлээ. Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 154 улсын байцаагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хороо, дүүрэг бүрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа талаар дурдав. Мөн тус газраас өнгөрсөн сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 19 зөрчил илрүүлж 14.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн хурааж, 9 сая 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж ажиллаж байгаа талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээллээ.Тэрбээр “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлж ажилласан” гэв. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай сургуулийн орчинд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тодорхойллоо

НОБГ-ын харьяа Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай сургуульд “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа”-г хийлээ.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд сургуулийн удирдах бүрэлдэхүүн, багш, ажилчид, сурагчдын төлөөллүүдийг хамруулан, сургуулийн орчинд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөөгөөг боловсруулсан юм.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчны эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Аюулгүй сургууль” болох үндэслэл болох юм.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч зам дээр автомашины дугуй сольж байсан эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байсан бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2019.11.03-ны өдрийн 20:10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд “Тoyota Cresta” маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон.
  • 2019.11.03-ны өдрийн 00:26 цагийн орчимд Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Б.Доржийн гудамж “Эрдэнэ зоо транс” ХХК-ны урд замд “Кia Fronter” маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

Өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж нийт сурагчид хичээл сургуульдаа явж эхэлсэн тул эцэг, эх, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийг бүртгэж эхэллээ

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү шагналыг доор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл судлаачдын нэг багт жил бүр олгодог.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2020 оны шалгаруулалтыг зарлаж байна.

1.Дараах байгууллага шагналд нэр дэвшүүлэх боломжтой:

-Эрдэм шинжилгээний байгууллага;

-Их, дээд сургууль;

-Төрийн болон төрийн бус байгууллага.

2.Бүтээлд тавих шаардлага:

-Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;

-Дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;

-Бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.

3.Бүрдүүлэх материал:

-Нэр дэвшүүлж, хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр;

-Нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт;

-Нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;

-Нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж;

-Нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай баримт;

-Нэр дэвшигчийн анкет;

-Ажил байдлын тодорхойлолт.

Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг 5 хувь ирүүлнэ. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.

Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий байна.

4.Материал хүлээн авах хугацаа:

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүлээн авна.

Холбоо барих утас: 265152 /Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний алба/

5.Шагнал урамшуулал:

“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5.000.000 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Төрийн ордонд гардуулна.