Categories
мэдээ нийгэм

Хоригдлуудад ажилласан цалинг нь дутуу бодож олгодог зэрэг зөрчил илэрчээ

Төв аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй, 415 дугаар хаалттай хорих ангиудад ял эдэлж байгаа хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг хуульд заасны дагуу олгож байгаа эсэхийг төлөвлөгөөт бусаар шалгажээ.

Шалгалтаар дээрх хорих ангиуд нь “Хоригдлын хөдөлмөрийн норм, цалин хөлсний үнэлгээг тогтоох журам”-д заасны дагуу “хөдөлмөрийн жишиг норм тогтоох зөвлөл” байгуулаагүй, мөн нарийн мэргэжил, онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн нормыг тогтоогоогүй, хоригдлын хийсэн бүтээгдэхүүнийг заавар, журмын дагуу үнэлээгүй, хоригдлын хөдөлмөрийн үнэлгээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэт доогуур тооцдог, ажилласан цалинг нь дутуу бодож олгодог зэрэг нэлээдгүй зөрчил илэрсэн байна.

Хоригдлуудын ажлын хөлсийг буруу тооцон олгож байгаа нь тэдний бусдад учруулсан хохирол төлбөрийг хийсэн ажлын хөлснөөс нь төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэх үр дагавартай юм.

Төв аймгийн прокурорын газраас 417 дугаар нээлттэй, 415 дугаар хаалттай хорих ангийн дарга нарт прокурорын шаардлага хүргүүлж, илэрсэн зөрчлүүдийг арилгах, дахин гаргахгүй байх үүрэг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн сүүлээр сэрүүсч, хүйтрэх төлөвтэй байна

Related image

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын хоёр хоногт цаг агаар тогтуун, дулаан байна. Долоо хоногийн сүүлээр сэрүүсч, хүйтрэх төлөвтэй байна. Маргааш баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй, бол төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Энэ сарын 6-10-ны цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар цас орж шуурах төлөвтэй байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах аж. Салхины хувьд энэ сарын 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Харин энэ сарын 6-нд нутгийн зүүн хагаст, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд “Чингис хаан” одонг гардуулна

Энэ жил арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохиож байгаа бөгөөд бүх нийтээрээ амрах юм.

Мөн энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

2005 оноос “Чингисийн одон”-г олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгохгүй өнжиж байсан. Харин энэ жил онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд “Чингис хаан” одонг олгохоор болжээ.

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд:

  • Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж заасан байдаг.

“Чингисийн одон” хүртэж байсан эрхмүүд:

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  3. 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  4. 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
  6. 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
  8. 2014 онд Академич Хавтгайн Намсрай
  9. 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
  11. 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр
Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Өмнөговь аймагт ажиллажээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллав. Өмнөговь аймгийн хувьд 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж, салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд анхаарч, ахиц дэвшил гаргаж чадсанд БСШУС-ын сайд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багшийн хөгжлийн ордон, орон нутгийн санхүүжилтээр Хөгжимт жүжгийн театр, Аймгийн музейн шинэ барилга зэрэг соёл, боловсролын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Эдгээр барилгууд 2020 онд ашиглалтад орсноор говь нутгийнханд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж мэдэгдэхүйц нэмэгдэх юм. “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд тус аймгийн 14 сум шинэ унаатай болсон байна.


Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт болсон салбарын ажилтан, албан хаагчдын уулзалтад тус аймгийн 29 цэцэрлэг, 22 сургууль, соёл урлаг, спортын 20 гаруй байгууллагын удирдлага, төлөөлөл болсон 400 орчим хүн оролцов. Сайд Ё.Баатарбилэг салбарын хэмжээнд 2019 онд тавьсан гурван зорилтын хэрэгжилтийг тайлагнаж, яамны бодлого, үйл ажиллагааг танилцуулав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа нар оролцож, байгууллага, иргэдийн асуултад хариуллаа.

Томилолтын бүрэлдэхүүн Даланзадгад хотод хэрэгжиж буй салбарын зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Биеийн тамир, спортын газрын авто машин, зарим техник, тоног төхөөрөмжийг ирэх оны төсөвт суулган шийдвэрлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн дарамттай холбоотой заалтыг эрүүгийн хуульд эргүүлэн тусгахыг шаардлаа

Дэлхийн улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу байдаг, эрх баригчид шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үзэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Ардчилсан эмэгтэйчүүд илэрхийллээ.

2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлд Бэлгийн дарамт учруулсан тохиолдолд нэг сараас гурван сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, гурван сар хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалт, хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр УИХ хүчингүй болгосон. Ингэснээр бэлгийн дарамтын талаарх үг, өгүүлбэр зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л үлдсэн. Гэвч энэ хуулиар ажлын байранд дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлага хэн тооцох эсэх нь тодорхойгүй хэвээр тунхаг төдий байна. Мөн одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас дээрх заалтуудыг хассан нь бэлгийн дарамтыг таслан зогсооход хүндрэл учруулж хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж байна. Иймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос нийт эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай тусгахыг шаардаж байна.

Уг шаардлагыг УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, НББСШУ-ны байнгын хорооны дарга, Улсын их хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарт хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Чонын түүхий мах тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ

Чингэлтэй дүүргийн Өвөргүнт автозамын шалган нэвтрүүлэх цэгийн хяналт шалгалтаар …. унч улсын дугаартай Киа маркийн автомашинаас хайрцаганд хийсэн чонын түүхий махыг илрүүлж, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчид шилжүүлэн хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын хичээл эхэлсэн тул замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэний 1 нь хүүхэд байжээ.

Ноцтой ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна.

Зам тээврийн осол:

  • 2019.11.03-ны 20:10 цагийн орчимд БЗД-ийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд Тoyota Cresta маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг хохироосон.
  • 2019.11.03-ны 00:26 цагийн орчимд БЗД-ийн 5 дугаар хороо Б.Доржийн гудамж “Эрдэнэ зоо транс” ХХК-ийн урд замд Кia Fronter маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насын хохироосон байна.
Өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж нийт сурагчид хичээл сургуульдаа явж эхэлсэн тул эцэг, эх, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй

Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар өнөөдөр мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 15 өрхийн 33 иргэн хандаж угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага харьцангуй буурсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй” гэв.

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айр өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 1-3-нд нийт 164.372 айл өрхэд хоёр дахь удаагаа тарааж, 98 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл, “Сайжруулсан шахмал түлшнээс элемент болон техникийн шинжилгээ, химийн найрлага, хаягдал утааны найрлага, чөлөөт хөөлт зэрэг үзүүлэлтийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын ерөнхий газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Хими, химийн төв хүрээлэн, НМХГ болон БНХАУ, БНСУ, ОХУ руу илгээж шинжлүүлсэн. Дээрх лабораториудын шинжилгээний дүнгээр одоо манайд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа шахмал түлшийг 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан” гэв.

Түүнчлэн НМХГ-ын 154 улсын байцаагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хороо, дүүрэг бүрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа талаар дурдав. Мөн тус газраас өнгөрсөн сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 19 зөрчил илрүүлж 14.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн хурааж, 9 сая 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр 36 өндөрлөг цэгээс хяналт тавьж ажиллаж байгаа аж. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, “10 дугаар сарын 4-нөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлж ажилласан” гэв. А

гаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: АМНАТ-ийн хуульд давхар татвар олгогдохгүй байх хувилбарыг гаргана

ИХ дахь АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Өнгөрсөн долоо хоногт кибер аюулгүй байдлын асуудал сэтгэл зовоосон асуудал болж, олон тооны хятадууд Монгол улсад нууцаар бүлэглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн. Тиймээс холбогдох байгууллагын хүмүүсээс хаалттай мэдээлэл сонслоо. Баривчилгааны үеэр олон хятад иргэд нэг газраас визний мэдээлэл авсан нь анхаарал татаж байна. Энэ баривчилгааны үед 1.5 тэрбум төгрөгийн хэмжээний мөнгө хураасан байна. Мөнгө угаах үйл ажиллагаа энэ цахим сүлжээний дор илт явагдсан байна. Үндэсний аюулгүй байдлын талаар юу хийх вэ. Энэ хэрэг гарснаар Монгол орон хяналт сул, эзэнгүй орон болсныг харуулж байна.

2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Энэ төсөв сонгуулийн, улстөржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн төсөв болсон. Бид төсвийн талаарх дүгнэлтээ хүргүүлнэ.

Дараагаар нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон энэ асуудлыг УИХ яаралтай хэлэлцэх ёстой. АН өөрийн хувилбараа дэвшүүлнэ. Яагаад гэвэл АМНАТ-ийн хуульд давхар татвар олгогдохгүй байх хувилбарыг гаргаж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Жуулчдын визийг бөөнөөр нь олгож болдог уу? Ямар нэг хууль зөрчсөн байна уу?

-Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас жуулчлалын ангиллын 30, бизнесийн ангиллын 94, Хөх хотын Консулаас жуулчлалын ангиллын 566, бизнесийн ангиллын 48, Бээжингийн ЭСЯ жуучлалын ангиллын 41 жуулчид орж ирсэн байна. Үндсэндээ Хөх хотоос авсан байна. Монголоос ямар нэг урилга явуулахгүйгээр бүлэг жуулчдын визийг хүссэнээр нь олгодог Засгийн газрын тогтоол гаргасан байна. 10 дугаар сард л ганц удаа жуулчдын визийг бөөнөөр нь олгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах, ариун цэврийн асуудлыг сайжруулах төслийг эхлүүллээ

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацтай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах, ариун цэврийн асуудлыг сайжруулах” туршилтын төслийн албан ёсны нээлтийн хурал 2019 оны 10-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Тус туршилтын төслийн нээлтийн уулзалтад Монгол талын түнш хамтран ажиллах ГГХ-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, Азийн Хөгжлийн Банкны “Хөрсний мониторинг судалгаа” төслийн төлөөлөл мөн БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпораци, БНСУ-ын Байгаль орчны яам, төслийн техникийн баг болох БНСУ-ын Грийнтех/Green-Tech/ компанийн эрдэмтэн судлаач нарын төлөөлөл бүхий нийт 20 хүний бүрэлдэхүүн оролцов.

Тус төсөл нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах, тэр тусмаа хүрээлэн буй орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, гэр хорооллын бүсийн ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх, хамгийн бололцоот тохирох технологийг хөгжүүлэх талаар судлахад зорино. Төслийн туршилтын нэг жилийн хугацаанд дараах үр дүнд хүрнэ

1) Хүрээлэн буй орчны мониторинг ба техникийн шаардлагыг боловсруулах

2) Улаанбаатар хотын усны менежмент, агаар, хөрс зэрэг хүрээлэн буй орчны чиглэлээр өмнө нь хийгдэж байсан судалгаатай танилцан үнэлгээ хийн баримтжуулах

3) Хөрсний төлөв байдалд үнэлгээ хийж суурь мэдээлэл цуглуулан анализ хийх зэрэг болно. Цаашид энэхүү туршилтын төслийн нэг жилийн хугацааны хэрэгжилт, үр дүнд тулгуурлан дараачийн мега, ODA ангиллын олон улсын төвшний төсөл хөтөлбөрт санал боловсруулан хамтран ажиллах зорилготой юм.