Categories
мэдээ улс-төр

Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны төсөв 538.3 тэрбум төгрөгөөр баталсан, төлөвлөгөөт ажлууд хэрэгжиж байгааг тэрбээр тэмдэглэв.

Үүссэн нөхцөл байдлыг харгалзан зарим орон тоо нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд тус яам Улсын Их Хурлаас баталсан төсвийн хязгаар, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд асуудлыг авч үзээд 606 орон тоо нэмэгдүүлэх, НДШ-ийг 41 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын түвшинд экологийн цагдаа бий болгохоор шийдвэрлэж 146 орон тоо, хар тамхитай тэмцэх албанд 58 орон тоо нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Хил хамгаалах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн тодорхой тооны орон тоо нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байгаа аж.

Хөрөнгө оруулалтын тухайд 215.2 тэрбум төгрөгийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн, 48 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгуулсан байна. Үүнд шилжих хөрөнгө оруулалт, тодорхой тооны шинэ бүтээн байгуулалтууд бий гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц дахь хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан гэдгийг салбарын сайд нь онцолж байлаа.

“Нэг иргэн-нэг бүртгэл” гэсэн Засгийн газрын хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд барилга байгууламжийн асуудлыг цэгцлэх шаардлагыг тайлбарлав. Мөн гадаад паспортын бичилтийг хувийн байгууллагаар хийлгэх нь зохимжгүй тул үүнтэй холбоотой зардлыг төсвийн төсөлд тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Л.Болд, О.Батнасан, Х.Нямбаатар нар асуулт асууж салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулга хийлээ. Монгол Улсын нийт импортын 70 хувь нь нэвтэрдэг, өдөрт 8-10 мянган зорчигч дамжин өнгөрдөг Замын-Үүд сум, Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагын хүчин чадал, орон тоог нэмэгдүүлэх асуудлыг Б.Дэлгэрсайхан гишүүн хөндөв. Хар тамхитай тэмцэх албанд шинээр нэмэгдэж буй орон тооноос багадаа 2-ыг, мөн экологийн цагдаагийн орон тооноос мөн тус аймагт тодорхой тоог хуваарилах саналыг гаргав. Мал амьдаар нь экспортлохгүй гэдэг шийдвэртэй холбоотойгоор 20 гаруй мянган тооны мал тус сумын нутаг дэвсгэрт байгаа, бөөнөөрөө байгаа мал халдварт өвчинд гарах эрсдлийг санууллаа. Хувийн байгууллагын мал бааз байгуулсан асуудлыг цагдаагийн ажилтан, албан хаагчид оролцож шийдвэрлэхгүй, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг салбарын сайд хэллээ. Экологийн цагдаа гэдэг шинэ бие бүрэлдэхүүн нь нөхөн сэргээлт хийгдээгүй, хууль бус уул уурхайн асуудалд төвлөрч ажиллах үүрэгтэйгээр байгуулагдаж буйг Ц.Нямдорж сайд тайлбарласан.

Төсөвт өртөг өндөртэй бүтээн байгуулалтуудын асуудлаар Л.Болд гишүүн тодруулж, О.Батнасан гишүүн хилийн шугам, тор, шонг сэргээх, засварлах, камер байрлуулах асуудлаар санал гаргаж байв. Салбарын хэмжээнд барилга байгууламжийн нөхцөл байдлыг судалж, холбогдох дүгнэлтүүдийг гаргахтай холбоотой саналыг гишүүд хэлж байсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын залуучуудын ногоон наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 6-ны 08.00 цагт эхэлж, 12 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн тухай, Хэлэлцээр батлах тухай, Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төсөл, Гарын үсэг зурах эрх олгох тухай, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай, Татвар төлөх хугацааг хойшлуулах тухай, БСШУС-ын сайдын гадаад томилолтын талаар, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар, Олон улсын залуучуудын ногоон наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон өнөөдрийн хуралдаанаар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол Улс 2017 онд FATF-ын “саарал жагсаалт”-д орох эрсдэл үүсэж, тодорхой зөвлөмж биелүүлэхийг шаардсан. ЭЗБХ-ны энэ оны зургаадугаар сарын хуралдаанаар, тус байгууллагын зөвлөмжийг Монголбанк хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэжээ. Тиймээс Төв банкны тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” бол Монголбанкны удирдлагыг чөлөөлөхөөр заасныг үндэслэж Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгөөс чөлөөлөх саналтай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураахад, УИХ-ын даргын саналыг гишүүдийн олонх дэмжиж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Тогтоолын төслийг баталсан өдрөөс дагаж мөрдөх юм.

Categories
мэдээ спорт

“Осака Их дуулга-2019”-д манай жүдоч хүч үзнэ

Японы Осака хотноо 11 дүгээр сарын 22-24-нд жүдо бөхийн “Осака Их дуулга-2019” тэмцээн болох бөгөөд энэ удаа 101 орны 646 жүдоч /эрэгтэй 376, эмэгтэй 270/ хүчээ сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.

Осакагийн Их дуулгад Япон улсаас хамгийн олон буюу 56 жүдоч хүч үзэх бол Франц, ОХУ-аас 28 жүдоч, Герман 26, БНХАУ 17, Бразил, Азербайжан, Нидерланд, Португал 16, Узбекстан 15, Монгол Улсаас 14 жүдоч хүч, ур чадвараа сорих юм байна.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэйчүүдээс 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Н.Түвшинбаяр, Эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Д.Сумъяа нар багтжээ.

“Осака Их дуулга-2019” тэмцээний хуваарь:

11 дүгээр сарын 22-нд – Эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг

11 дүгээр сарын 23-нд – Эрэгтэй 73, 81 кг, Эмэгтэй 63, 70 кг

11 дүгээр сарын 24-нд – Эрэгтэй 90, 100, +100 кг, Эмэгтэй 78, +78 кг

Categories
мэдээ нийгэм

“Боса импекс” ХХК-ийн бууз, баншны цех гадны бохирдлоор бохирдсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ

Баянзүрх дүүргийн мэргэжлийнн хяналтын хэлтсээс иргэний мэдээлэлийн дагуу Боса импекс ХХК-ийн бууз, баншны цехийн үйл ажиллагаанд өчигдөр хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлдвэрлэл явуулахдаа тус цехийн ажилчид гурил зуурагч төхөөрөмжийн салникны жийргэвч резин нь элэгдэж хар бал бүхий толбо үүсгэж байсныг дотоод хяналтаар илрүүлсэн ч тодорхой арга хэмжээ авалгүй үйлдвэрлэл явуулснаас бүтээгдэхүүн гадны бохирдлоор бохирдсон болох нь тогтоогдсон байна.

Шалгалтын явцад тухайн өдөр үйлдвэрлэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авалт хийлгэжээ. Мөн илэрсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг нээсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Залуу инженерүүд чуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд болж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор НАМЗХ зохион байгуулж байна.

Чуулганд оролцож байгаа 1000 гаруй залуус Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцэх юм. Тухайлбал стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад залуу инженерүүдийн оролцоо, салбар бүрийн дижитал шилжилт, Аж үйлдвэрийн IV хувьсгалд залуусын оруулах хувь нэмэр зэргийг хэлэлцэнэ.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуу инженерүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсэв. Нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан, хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзэлж байгаа нь манай улсын жинхэнэ баялаг, тэр дундаа инженерүүд гэдгийг тэрээр тодотгов.

Монгол Улсын Засгийн газар гарааны бизнес, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, дундын ашиглалтын дэд бүтэц бий болгох, өндөр технологи нэвтрүүлэх, нутагшуулах, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд чиглэсэн тусгай сангууд байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих, урамшуулах, хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-өөс “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах, залуу инженерүүдийн бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах төрөл бүрийн ажил хэрэгжүүлэх, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөрдрийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д оруулсан үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Энэ дагуу хуралдааны эхэнд СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Дараагаар нь Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчөөс Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Volkswagen” бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа үйлдвэрлэж эхэлжээ

Даваа гарагт Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани зүүн нутгийн Цвиккау хотноо байрладаг шинэчилсэн үйлдвэртээ бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “ID.3” автомашиныг танилцуулсан байна.

“Volkswagen” уг үйлдвэрийг шинэчлэн ирэх онд цахилгаан хөдөлгүүртэй 100 мянга гаруй тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхийн тулд 1.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

“2021 оноос эхлэн жилд 330 мянган цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болсноор уг үйлдвэр Европ дахь цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хамгийн том үйлдвэр болно” гэж “Volkswagen” компанийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн 10 дугаар сард Франкфурт хотноо болсон авто шоуны үеэр “Volkswagen” цахилгаан хөдөлгүүртэй шинэ үеийн автомашинуудынхаа анхдагч болох “ID.3”-ыг албан ёсоор үзүүлсэн бөгөөд энэхүү автомашин нь бүтэн цэнэгээр 420 километр зам туулах чадалтай ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Дэлгэрбаяр: Ц.Сандуй хийгээгүй үйлдлийнхээ төлөө шоронд орсондоо харамсаж байгаа

“60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол Хаад” группийн ерөнхийлөгч А.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн сарын 31-нд болж, шүүхээс тэдэнд дөрвөн жилийн ял оноогоод буй юм. Ц.Сандуйгийн өмгөөлөгч “Mon law” хуулийн фирмийн захирал Т.Дэлгэрбаяртай ярилцлаа.


-“60 тэрбум”-ын гэгддэг хэрэг анх удаа шүүхийн шатанд ирж, холбогдсон хүмүүс ял сонслоо. Шүүх хурлын процесс ээдрээтэй байсан тухай мэдээлэл байна. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?

-Миний хувьд Ц.Сандуйгийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралд оролцсон. Би хэргийн талаар ярих боломжгүй. Гэхдээ хууль хэрэглээний асуудал дээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хүнд ял өглөө гэж бодож байна. Учир нь прокурорын зүгээс энэ гэмт хэргийг 2014 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд үйлдэгдсэн. Энэ үед хуучин Эрүүгийн хууль үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хууль гэсэн үг. Тус хуулийн 82.1-д заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах гэдгээр буруутгаж, ялласан. Энэ зүйл анги нь 16-20 жилийн хорих ялтай. Энэ хэрэг бол гурав дөрвөн жил үргэлжилж шалгагдсан. Бид прокурорын шатанд холбогдох хэргийг хуучин хуулийн зүйл ангиар зүйлчилж болохгүй гэсэн санал, гомдол гаргаад хэрэгсээгүй, хуучин хуулиар яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү оруулж ирсэн.

-2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх ёсгүй гэж үзэж байгаа шалтгаан юу вэ?

-Хуучин Эрүүгийн хуулийн 82.1 заасан дээрх гэмт хэрэг нь 16-20 жилийн хорих ялтай, харин шинэ хуулийн 19.2-д хуучин хуулийн 82.1-д заасан гэмт хэргийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хүчирхийллийн аргаар авах гэж нарийвчлан, санкцыг 12-20 жилийн хорих ялтай байхаар хуульчилсан нь Ц.Сандуй болон А.Ганбаатар нарын үйлдэл шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн үйлдлийн шинж чанарыг нарийвчлан зохицуулснаас үзэхэд Ц.Сандуй нарын үйлдэл гэх эвлүүлэг нь Эрүүгийн шинэ хуулийн гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм. Нөгөөтэйгүүр мөрдөгч, прокурор нь яллагдагчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийн зүйл ангиар хэргийг зүйлчилж ёстой. Гэвч хуучин хуулиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж гэм буруугийн хурал болсон.

Шүүх хурлын дараа шүүхээс дээрх гэмт хэргийн зүйлчлэлийг буруу байна гэдгийг тогтоосон атлаа өөр зүйл ангиар буюу шинэ Эрүүгийн хуулийн 14.9 д заасан заалтаар ял оноосон. Энэ шийдвэрийг бид шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа.

-Энэ зүйл ангид сонгуулийг хууль бусаар явуулах тухай заасан байдаг байх аа?

-Тийм. Эрүүгийн хуулийн 14.9-д сонгуулийг хууль бусаар явуулах, хуйвалдаан зохион байгуулах гэж байгаа. Энэ зүйл анги дотроо 14.5, 14.6, 14.7-д зааснаар гэмт хэрэгт үйлдэхэд бэлтгэсэн гэж оруулж ирсэн байсан. 14.5 нь иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх, 14.6 нь сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх, 14.7 сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах гэж байгаа. Гэтэл энэ хоёр хүнд ямар ч хамааралгүй зүйл анги. Энэ хоёр хүний асуудал чинь сонгуулиас өмнө бүх юм нь задарчихсан. Гэхдээ шүүх 12 жилийн ялтай зүйл ангид хамаарах гэмт үйлдлийн зүйлчлэл тохирохгүй байна гэж үзээд санкцыг бууруулсан. Дөрвөн жилийн хорих ялын санкцтай зүйл ангид хамаарах ял оноох эрх бол шүүхийн өөрийнх нь асуудал. Шинэ Эрүүгийн хуулийн 14.9-д дээрх гэмт хэргүүдийг үйлдэхийг бэлтгэсэн, зохион байгуулсан бол 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Энэ ял шийтгэлийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10.2-т зааснаар хорих ялын доод хэмжээг нэгээс дээш жил, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсвэл зорчих эрхийг хязгаарласан ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байсан. Нэг ёсондоо Ц.Сандуйд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох ёстой байсан. Үүнийг прокурор ч хүлээн зөвшөөрсөн.

-Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 онд дуусна гэсэн үү?

-Уг нь бичлэгтэй хамаарах хэрэг 2014 оны 7-9 дүгээр сард гарсан байдаг. Прокурор ч гэмт хэргийн хугацааг дээрх хугацаанд хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Ингэснээр Ц.Сандуй нарт хамаарах үйлдлийг гэмт хэрэг гэвэл 2019 оны есдүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар гэмт хэрэг хэрэгсэхгүй болох ёстой. Гэтэл шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 1.8.3-аар тэдний үйлдлийг тодорхой хугацаанд үргэлжилсэн, гэмт хэрэг үйлдэж дууссан, эсвэл таслан зогсоосон үеийг гэмт хэргийн хугацаанд хамааруулна гэдэг заалтаар тайлбарлаж хорих ялаар шийтгэсэн нь тэдний гэмт үйлдлийг 2014 оны 7-9 дүгээр сард үйлдэгдсэн биш, харин 2016 оны зургадугаар сарын 24-нд буюу нийтэд тэр бичлэг ил болсон, бичлэгийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж үзсэнтэй холбоотой юм. Ингэхээр шүүгдэгчдэд холбогдох үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны зургадугаар сарын 24 дуусахаар байгаа тул дөрвөн жилийн ялаар шийтгэгдсэн.

Шүүхийн энэ шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тиймээс бид давж заалдана. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан заалт эрүүгийн хуулийн 1.10-ын 1.2-т тодорхой байгаа. Энэ заалтаас үзэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны есдүгээр сард дууссан тул хэрэг хэрэгсэхгүй болох ёстой байсан.

-Ц.Сандуй шүүхийн шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?

-Хийгээгүй үйлдлийнхээ төлөө яллагдаад шоронд орсондоо маш их харамсаж байгаа. Шүүх хурлын үеэр энэ талаараа сайн ярьсан.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай Тогтоолын төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

“Эдүгээгээс 30 жилийн өмнө өрнөсөн Ардчилсан хувьсгал нь нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзаж, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хууль ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх боломжийг монголчуудад олгосон билээ.

Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, Ардчилсан тогтолцоог хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар 2009 онд шагнаж байсан билээ.

Ардчилсан хувьсгалын ой нь манай нийт ард түмний баяр юм. Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн түүхэн үйл явцыг үнэлэн дүгнэж, олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийх, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, энэ үйл хэрэгт оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна” хэмээн Тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох аж.