Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 05-11-ний өдрийн 20:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Говьсүмбэр аймаг нь 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, дөрвөн аймгийн 10 гаруй сумдтай хиллэж авто болон төмөр замын сүлжээнд холбогдсон, говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Жилд унах хур тунадасны хэмжээ говийн бүсийнхнээс илүү байдаг онцлогтой.

Сүүлийн жилүүдэд гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлтийн давтамж тогтмол нэмэгдэж байна.

Тийм ч учраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил хоорондын түншлэл хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, хээрийн эмнэлэг дэлгэх, аврах ажиллагааны дадлага сургуулиудыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны өргөн чөлөө баруунаас зүүн чиглэлийн замыг түр хаана

Энхтайваны өргөн чөлөөний замын баруунаас зүүн чиглэлийг аравдугаар сарын 5-ны 23:00 цагаас аравдугаар сарын 6-ны 07:00 цаг хооронд түр хаахаар болсон байна.

Энэ хугацаанд Баянгол дүүрэг дөрөвдүгээр хороо, 39 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийхээр болжээ. Бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын захирагчийн албанаас зөвшөөрөл авсны дагуу хийж байгаа аж. Иймд жолооч нарыг уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газраас “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт цахим хурал зохион байгууллаа.
Цахим хурлаар ЭТГ-ын мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн чиглэлээр баримталж буй бодлого, мөрдөгдөж буй стандарт, журам, заавар, тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд”, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах асуудал, тэмбүүг устгах, томуу томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр мэдээлэл өгсөн.

Тус хуралд 18 аймгийн 98 эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Баянхонгор аймаг техникийн гэмтлийн улмаас оролцож чадахгүй болохоо урьдчилан мэдэгдэж, холбогдох мэдээллийг урьдчилан авсан. Харин Сэлэнгэ, Увс аймгууд тодорхойгүй шалтгааны улмаас хуралд оролцоогүй.

Орон нутгийн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр энэхүү цахим хурлыг сар бүр зохион байгуулж байх хүсэлтийг гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Нарны гүүрийг 23:00 цагаас хаана

Нарны гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрийн /2019.10.05/ 23 цагаас маргааш өглөөний 05 цагийн хооронд хааж, зам засварын ажил хийнэ. Гүүрний зорчих хэсэгт эвдрэл гэмтэл гарч, хэсэг газраа хонхойж орсныг иргэд өөрсдийн цахим хуудсанд мэдээлэх болоод буй.

Мөн үүнээс гадна 25 дугаар эмийн сангийн буудлын орчимд, KFC-ийн урд талын авто замыг өнөөдөр оройны 23:00 цагаас маргааш өглөөний 07:00 цаг хооронд түр хааж, ГУББГ борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэх учир эдгээрээс өөр замыг сонгон зорчихыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Тэнэмэл баавгайн талаар ажлын хэсэг хуралдаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гэртээ унтаж байсан аав, хүү хоёрыг Сибирийн хар баавгай барьж, амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр /2019.10.04/ гарсан. Аймигийн хэмжээнд онцгой байдал зарлаж, оршин суугчдад баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрөөд байгаа юм.

Тэгвэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тушаал гаргаж, сүүлийн үед зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирэх болсон, нүүдлийн шувууд олноор үхэж буй тохиолдол ихэссэнтэй холбогдуулан учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, биотехникийн арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагад зөвлөмж чиглэл өгөх үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулсан.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүд, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын Хил дамжин халдварладаг гоц халдварт өвчин зэрлэг амьтны өвчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, МХЕГ-ын Мал амьтны эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал харицсан мэргэжилтэн, Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн болон зарим Тусгай хамгаалалттай захиргаадын дарга нар багтаж байгаа юм.

Хуралд Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч, баавгай судлаач Харри Ренолдс хүрэлцэн ирж, үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч болох талаар зөвлөлдөж байна. Ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлж, шуурхай арга хэмжээ авч ажиллах юм.

Ажлын хэсэг яг одоо хуралдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хилээр 87 кг байгалийн чулуу нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн байгууллага 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 67 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн 9 удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил илрүүлж улмаар 56,1 сая төгрөгний торгууль ногдуулжээ.

Энэ хугацаанд 5 удаагийн үйлдлээр 87,33 кг байгалиийн чулуу, мөн 5 удаагийн үйлдлээр 320кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж хариуцлага тооцсон байна.

Улсын хилээр эм, эмийн зүйлс, байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай, харин хаягдал төмөр Улсын их хурлын 2005 оны 46-р тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон болохыг хилээр нэвтэрч буй зорчигчдод анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоодсон 120 зөрчил илэрчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.09.30-2019.10.03-ны өдөр нийт 1326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 1027-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 7 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авч бэртсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.10.02-ны өдрийн 20:35 минутын орчимд Увс аймгийн Улаангом сумын нутаг, асфальтан замд Nissan X-trail маркийн автомашины жолооч, явган зорчигч С, Г нарын мөргөж, явган зорчигч С нар барж, Г гэмтсэн.

2019.10.03-ны өдрийн 09:30 минутын орчимд Дорнод аймаг Чойбалсан хотын нутаг, Toyota Crown маркийн автомашины жолооч, явган зорчигч Э-г мөргөж амь насын хохироосон

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 18,3 хувиар, ихэссэн бол гэмтсэн хүний тоо 31,2 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 22,2 хувиар, нас барсан хүний тоо 33,3 хувиар тус тус буурсан байна.

“ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

Энэ амралтын өдрүүдэд буюу 2019 оны аравдугаар сарын 5, 6-ны бямба, ням гаригт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10:00-17:30 цагт: 20-р хороо 1, 5-р баазууд, Хуучин цэргийн хотхон, Хангамж, Толгойтын 33, Баганарангийн 45, Алтан тарианы 1-3-р гудамж, Нефть, Хүнсчдийн байрууд, Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг, Тэвхэн, Халиун од, Танан импекс, Алтан жолоо импекс, Од-дин, Мон сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Петростар ШТС-15 болон эдгээрийн ойр орчмоор түр хязгаарлах аж.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакцин хийгдэж байна

Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун вакциныг хүлээн авчээ. Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Вакциныг бага насны хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эхчүүд томуугийн дэгдэлт ихсэхээс өмнө хийлгэх шаардлагатай. Зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхэд 0.25 мл тарилгаар, гурваас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчид 0.5 мл тарилгаар тус тус нэг удаа булчинд тариулах аж. Өмнө нь ханиад томуугийн вакцин огт хийлгээгүй, халдвар авч байгаагүй есөөс доош насны хүүхдэд давтан хийлгэж болох аж. Бусад тохиолдолд давтан тун хийдэггүй байна.

Иргэн та хүсвэл улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг батлан даалтад гаржээ

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт өчигдөр /2019.10.04/ таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 17.6 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх:

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.