Categories
мэдээ цаг-үе

60 секундын дотор унтуулах амьсгалын дасгал

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Амьд организмын эрч хүчийг тэтгэж байдаг чухал хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй нойр юм. Хүн байгальтайгаа зохицсон био хэмнэлтэй байдаг учраас сарны хүч ид дэлгэрсэн үед буюу 23:00-05:00 цагийн хооронд унтаж амарч байх ёстой. Энэ үед унтаж чадахгүй бол нойргүйдэлд өртдөг. Нойргүйдэл нь маш олон өвчний эх үүсвэр болдог төдийгүй сэтгэцийн хямралд орох томоохон шалтгаан болдог. Хүн нойроо хангалттай авч чадахгүйгээс болж хийн гол эрхтэн болох зүрхэнд өөрчлөлт орно. Ингэснээр амин судасны хий хямарч улмаар сэтгэл санаанд муугаар нөлөөлж, сэтгэл тогтворгүйтдэг. Энэ нь сэтгэлийн гүн хямралд орохын эхлэл юм. Сүүлийн үед амьдралын буруу хэвшлээс болж нойргүйдэх өвчин маш эрчимтэй явагдаж байна. Хүмүүс завгүй ажилласнаас болж хэт орой хоолоо идэх болсон. Нийгмийн янз бүрийн стрессийг буруу аргаар, архи тамхи зэргээр тайлж байна. Мөн ухаалаг утасны буруу хэрэглээнээс болж маш олон хүн нойргүйдэх өвчнөөр шаналж буй.

Ерөнхийдөө нойргүйдэл гэдэг нь унтаж чадахгүй байх юм уу унтах хугацаа багасах, нойр хүрэхгүй байх, хангалттай хугацаанд унтсан ч бат бөх нойрсоогүйн улмаас амарч чадалгүй сэрэх зэргээс шалтгаалан өдрийн цагаар эрч хүчгүй болж бие сульдах үйл явц юм. Нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн нойргүйдлийг архаг нойргүйдэл гэдэг бөгөөд эмчлэхэд цаг хугацаа, хүчин чармайлт ихээхэн шаарддаг. Тиймээс анхнаасаа л нойргүйдэлд орохгүйн тулд амьдралдаа зөв хэвшлийг дадуулах хэрэгтэй. Нойрны эм сөрөг нөлөөтэй байдгийг бид нэгэнт мэдэх болохоор эрүүл, энгийн аргаар нойргүйдлээс салах аргуудыг эрэлхийлэх нь зүйтэй. Бясалгал хийх, хөөрүүлсэн бүлээн сүү уух, тайвшруулах үйлчилгээтэй цай уух зэрэг аргууд байдаг ч төдийлөн үр дүнгүй байдаг шүү дээ. Тэгвэл 4-7-8 нэртэй дасгалыг унтахын өмнө хийснээр таны нойр найдвартай хүрч эхлэх нь ээ. Энэ дасгалын бичлэгийг маш олон хүн үзэж, татан авч байгаа нь нойргүйдэл ямар их газар авсныг гэрчилж байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Та хэрвээ нэгэнт нойргүйдэлд өртсөн бол, нойр чинь хулжиж сайн амарч чадахгүй байгаа бол дараахь дасгалыг туршаад үзээрэй. Энэ дасгал мөн сэтгэл гутралыг эмчлэхэд тустай гэсэн.


4-7-8 ДАСГАЛЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Энэхүү дасгалыг анх Аризонагийн их сургуулийн Нэгдсэн анагаах ухааны төвийг үүсгэн байгуулагч Доктор Эндрью Вэйл зохиожээ. Амьсгалах 4-7-8 арга нь урт, гүнзгий амьсгаа авахад анхаарлаа хандуулахыг шаарддаг. Амьсгалаа зөв хуваарилснаар тайвширдаг тул бясалгал болон йогийн дасгалын гол хэсэг нь амьсгалаа мэдэрч удирдах байдаг. Энэ дасгалыг эхлүүлэхийн өмнө өөрт тухтай байрлалд суух хэрэгтэй.

1. Хэлээ дээд үүдэн шүднийхээ ар хэсэгт наагаад огт салгаж болохгүй.

2. Хамраараа дөрвөн секундын турш гүнзгий амьсгаа авна. Дотроо тоолж хугацааны баримжаа авахыг зөвлөж байна.

3. Ингэж хуримтлуулсан амьсгалаа долоон секунд түгжинэ.

4. Дараа нь амьсгалаа найман секундын турш гадагшлуулаарай. Ингэж байхдаа “вүүүүүүү” гэсэн авиаг гаргах хэрэгтэй гэнэ.

Яг энэ дарааллаар дөрвөн удаа давтан хийснээр нэг минутын дасгал дуусах юм байна. Үр дүнг хурдан мэдэрье гэвэл өдөрт дор хаяж хоёр удаа хийх хэрэгтэй хэмээн дасгалыг зохиосон Доктор Вэйл зөвлөдөг. Анх хийж байгаа хүмүүс эвтэйхэн байрлалд сууж юм уу хэвтэж байхдаа хийгүй бол толгой эргэх, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй гэнэ. Амьсгалаа удаан барьж чаддаггүй хүмүүс арай хурдан хугацаанд үргэлжлэх хувилбарыг бас сонгож болох аж. Энэ нь хамраараа хоёр секундын турш амьсгал аваад 3.5 секунд түгжээд буцаагаад дөрвөн секундын дотор гадагшлуулах арга.

4-7-8 нэртэй энэхүү амьсгалын дасгалыг нойргүйдэл болон сэтгэл гутралыг эмчилж байна уу гэдэг дээр анагаахынхны судалгаа байхгүй. Үр дүн нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар хязгаарлагддаг гэдгийг энд дурдах нь зөв байх.

Гэхдээ амьсгалын зөв хуваарилалт нь хүний биед ямар гайхалтай эерэг нөлөөлөл үзүүлдэг болох талаар анагаахын судалгаа, нотолгоонууд бол байдаг. Хэдийгээр 4-7-8-ыг нойргүйдлийн эмчилгээнд албан ёсоор бүртгээгүй ч эерэг үр дүнгийн талаарх хэдэн сая сэтгэгдэл байдаг нь энэ дасгалын ач холбогдлыг харуулж байна. Уг дасгалыг заах, зөв хийх дараалал бүхий гар утасны аппликэйшн хүртэл зохиогджээ. Ийм төрлийн аппликэйшн нь дасгалаа хийх цагийг сануулдаг юм билээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Наранбаатар: Сэтгүүлч ярилцагчдаа хүндэтгэлгүй хандах нь дээрмийн үйлдэл

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатартай сэтгүүл зүйн төрөл зүйлийн нэг ярилцлага, ярилцлагын сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар ярилцлаа.


-Ярилцлагын сэтгүүл зүй гэж нэрлэж болох шинэ чиглэл бие даан гарч ирсэн тухай судлаачид тэмдэглэдэг. Үнэхээр ч өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн гол контент нь ярилцлага болоод байна. Тэгвэл энэ ярилцлагын сэтгүүл зүй маань хэр зөв хөгжиж байна вэ?

-Ярилцлага авах ур чадвар бол сэтгүүлчийн ажлынх нь үндэс. Ярилцлага хэлбэрээр олон нийтэд хүргэж болно. Хүргэхгүй байсан ч мэдээлэл олж авах үндсэн арга бол ярилцлага байдаг. Бүх л эх сурвалжуудтайгаа ярилцдаг. Харин ярилцлага хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой тодорхой нэг формат олоод бодчихсон, сонин, интернэт эх сурвалж, эсвэл телевизийн эфирээр хүрдэг ярилцлагын хэлбэрүүд байна. Орчин үед ярилцлагын тодорхой нэг өвөрмөц форматын эрэлд сэтгүүлч бүр явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ арга хэлбэр рүү шилжээд байна. Уламжлалт хэлбэрийн асуулт хариулт өрдөг формат уйтгартай, сунжруу болоод байгаа. Тиймээс хэрэглэгчийнхээ мэдээллийнхээ хэрэгцээг түшээд форматыг нь сонирхолтой болгох арга хэлбэрүүд нь өөр болж байна. Үүн дээр нэмэхэд сэтгүүл зүй өндөр хөгжсөн Европын улс орнуудад ярилцлагын нэвтрүүлгүүдийн хажуугаар түгээмэл болж буй нэг хэлбэр нь хэлэлцүүлгийн нэвтрүүлгүүд болсон.

-Манайд олон нийтэд хүрсэн, хүрч буй ярилцлагын контентууд бий. “Цензургүй яриа”, “Улаан бал” зэргээр нэрлэж болно. Ярилцлагын контентууд сэтгүүл зүйн чиг баримжаа, ёс зүйгээ хэр мөрдөж байна вэ?

-Сэтгүүлчийн ёс зүй гэдэг өргөн хүрээний ойлголт байдаг. Сэтгүүлчийн ёс зүйн зарчим гээд томьёолохоор 9-10 зүйлтэй товч зарчим бий. Хууль болохгүй, хууль бусаар мэдээлэл авч болохгүй гэх мэт хэдхэн зүйлийг илэрхийлсэн. Монгол Улсад сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой албан ёсоор баримтлагддаг гурван бичиг баримт байгаа. Эхнийх нь Сэтгүүлчийн ёс зүйн зарчим гээд есөн зүйл заалттай, хоёр дахь нь Хэвлэлийн зөвлөлөөс сүүлд баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим гээд 10 зүйл заалттай. Дээр нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага учраас тус холбооны сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг мөрддөг. Энэ баримтуудаас гадна нийтлэг олон нийтийн мэдээлэл гэдэг зүйлд ёс зүйн шалгуур шаардлага, гоо зүйн шалгуур, шаардлага гэх мэт олон шалгуур бий. Түүнийг хувь хүн, сэтгүүлч, эсвэл нэвтрүүлгийн баг дотроо шийдэж байгаа асуудал. “Цензургүй яриа”,“Улаан бал” гэх мэт форматын ярилцлага олон нийтийн анхаарлыг их сайн татаж байгаа гэсэн хуурмаг үзэгдэл бий болчихсон. Байцаалт авч байгаа форматаар явахаар хүмүүст таалагддаг. Үзэгчийн өмнөөс өшөө авч өгч байгаа юм шиг харагддаг. Ийм формат монгол үзэгчдэд таалагдаж байна. Гэхдээ сэтгүүл зүйн амин сүнс ерөөсөө олон нийтийн эрх ашиг, иргэдийн үнэнийг мэдэх эрх гэдэгт үйлчилж байдаг тогтолцоо. Нэг сэтгүүлчийн алдаа, нэг редакцийн алдаа, нэг ёс зүйн алдаа сэтгүүл зүйн зогсохгүй эргэж байгаа машины үйл ажиллагааг гацаадаг, хүчгүй болгодог. Яг энэ форматыг сонгож авч байгаа хүмүүс, ийм форматаар олон нийтэд ярилцлагын нэвтрүүлгийг хүргэж буй хүмүүсийн хувьд сэтгүүл зүйн ёс зүйн зарчим гэхээс илүүтэй хувийн ёс суртахууны асуудал болчихож байгаа юм.

-Сонин, телевиз алинд ч бай ажиллах сэтгүүлчийг ярилцагчаа урьдаас судалж, асуултаа бэлдэж очих ёстой гэдгийг онолын хичээл дээр багш нар хамгийн ихээр онцолж хэлдэг, анхааруулдаг. Тэр дундаа ярилцагчаа хүндлэх тухай асуудал ярилцлагын соёл гэгддэг. Энэ зарчим ер нь биелэгдэж байна уу?

-Ярилцагч нэгдүгээрт хүн. Хүн юм чинь эрхтэй. Тэгэхээр ярилцлага авч байгаа сэтгүүлч хүн урьдчилсан зорилго тавих шаардлага байхгүй. Ярилцлагын нийт агуулга асуулт маань иргэдийн эрх ашиг, иргэд юуг мэдэх ёстой вэ гэдэг дээр тулгуурлаж бий болох ёстой болохоос биш хувийн харилцааны хэлбэрээр, улс төрийн зорилгоор асуултууд бэлтгэгдэх ёсгүй. Ярилцагчийг хүндлэх, дайралт хийх, хийхгүй тухай асуудал цэвэр харилцааны асуудал. Хувь хүний ёс суртахууны асуудал болж байгаа юм. “Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу сэтгүүлчийн хувьд сэтгүүл зүйн зорилгыг биелүүлж байгаа дүр зураг харагддаг. Тэр нь ч магадгүй үзэгчдэд таалагддаг байх. Гэхдээ нөгөө талаар сэтгүүлчийн хувь хүний харилцааны соёл, телевизийн эфирийн ёс зүй, гоо зүй гэдэг асуулттай илүү уялдана.

-Ямар нэгэн асуудалд холбогдсон ярилцагч ярилцлагын явцад өөрийгөө сайнаар харуулахыг хүснэ. Сэтгүүлч түүнийг нь ил гаргахыг хичээнэ. Ингэхийн тулд дайралт хэлбэрээр асуух тохиолдол гарч болно шүү дээ?

-Нэг кейс хэлье л дээ.BBC-ийн “Hard talk” шоуны хөтлөгч улс төрийн маргаантай асуудлаар зочин уриад нэг асуулт асуусан байгаа юм. Нөгөө зочин нь асуултаас бултаад тойруулж хариулсан. Тэгэхээр хөтлөгч нэг асуултыг долоон янзаар өөрчлөөд асуусан байдаг. Хамгийн сүүлийнх дээр нь хариулахаас өөр аргагүй болсон. 30 минутын нэвтрүүлэгт долоон асуулт. Долоон асуулт нь үндсэндээ нэг агуулгатай. Үүнээс харахад сэтгүүлч соёлтойгоор ажлаа гүйцэтгэх ёстой гэсэн санаа ургаж байгаа юм. Учир нь эфирийн соёл, эфирийн гоо зүй гэж зүйл бий. Зурагт үзэж байгаа үзэгчид түвэг учруулах ёсгүй. Ямар нэгэн байдлаар гарч байгаа дүр, сонсогдож буй дуу, дүрс нь тухайн контент, агуулга, мэдээллийг хүлээж авах процесст нь түвэг учруулах ёсгүй.“Цензургүй яриа”,“Улаан бал”-ын формат бол юу ярьж буй нь, ямар мэдээлэл үзэгчдэд өгөх гэж байгаа нь чухал биш. Нөгөө ярилцагчийнх нь гацаж, нүүр улайж, сандарч суугаа байдлыг харуулахад болчих юм шиг харагдаж байгаа. Сэтгүүлч ингэж зориг зүрхтэйгээр хүн ялж буй процессыг харуулаад байгаа. Мэдээлэл өгөх зорилгоосоо хазайгаад байна гэдэг нөгөө л эфирийн соёл алдагдаад байгаагийн илэрхийлэл. Энэ бол сэтгүүлчийн ёс зүйн асуудал гэж тулгаж болохгүй ч эфирийн соёл, гоо зүйн шаардлагууд, дээр нь хувь хүний харилцааны соёл, ёс суртахуунтай илүү холбоотой. Тэдгээр нь зөрчигдөж байгаа хэлбэрүүд. Яахав, үзэгчид ийм форматтай ярилцлагууд таалагдаад байна гэсэн хуурамч үзэгдэл л байгаа юм.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед үйл явдлыг шууд дамжуулах технологийг ашиглах нь нэмэгдэж байна. Шууд дамжуулалтын сувгуудаас “Зариг.мн” сайтыг онцлох ёстой. Тэд шуурхай, дайчин ажиллаж байна. Гэхдээ дээр таниас асуусанчлан ярилцагчаа хүндлэх асуудал энэ тохиолдолд бас л хөндөгдөж харагддаг. Та үүнийг юу гэж дүгнэж байна?

-Энэ бол хүний эрхийн тухай асуудал юм. Бусдын эрхийг хүндэтгэх ёстой. Хүсээгүй байхад нь ярилцлага авах нь буруу. Ярилцлага өгчихөөд “Би наад ярилцлагыг чинь тавиулахгүй” гэх эрх ч ярилцагчид бий. “Би ярилцмааргүй байна” гэх эрх ч тэдэнд байгаа. Үүнийг дээрмийн үйлдэлтэй зүйрлэж болно. Хүний эрхийг тийм хэмжээнд зөрчиж байгаа үйлдэл.

-Сэтгүүлч, ярилцагч, хүлээн авагч гэсэн гурвал холбоонд ярилцагчаас дутуугүй сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгдсэн гэж утга зохиол шүүмжлэгч, доктор П.Батхуяг дүгнэсэн байдаг. Сүүлийн үеийн ярилцлагын нэвтрүүлгүүдэд сэтгүүлч зочноосоо илүү ярих нь элбэгшсэн. Ярилцлагын формат гэж байдаг уу?

-Ярилцлагын гол дүр нь мэдээлэл өгч байгаа ярилцагч. Сэтгүүлч тэндээс үзэгчдэд очих ёстой агуулга контент мэдээллийн зорилгод үйлчилж байгаа л хүн. Ярилцлагад тавигддаг стандарт шаардлагууд бий л дээ. Телевизийн ярилцлага гэхэд нийт хугацааны 15 хувьд сэтгүүлч ярих ёстой гэдэг.

-АТГ-аас авлига авч байгаа хүний үйлдлийг харуулсан бичлэгийг өнгөрсөн сард олон нийтэд ил болгосон. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүний нүүр царайг Монгол даяар харж, тэр хүнийг жигшин зэвүүцлээ. Өмнө нь ял шийтгэлээ хүлээчихсэн хүнийг ингэж олон нийтэд ил болгож шившиглэж дахин шийтгэх нь хүний эрхийн зөрчил гэж манай сонин бичсэн. Үүнийг эмзэгээр хүлээж авч буй хэсэг ч байсан. Нөгөө талаар ийм хүний эрхийг зөрчсөн бичлэг, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүд шууд дамжуулсан нь хэр зөв бэ. Ийм тохиолдолд редакци ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Нийгэмд ямар ч мэдээлэл цацагдахад бэлэн болчихоод байна. Түүнд сэтгүүлчийн оролцоо байх албагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо ч байх албагүй болчихож. Ер нь олон янзын хувь хүний туйлширсан субьектив үзэл баримтлал дээр үндэслэсэн мэдээллүүд олон нийтийн сонирхлыг татаж байна. Ийм орон зайд хэвлэл мэдээллийн хэрэгслийн контент нь, сэтгүүл зүйн зорилго нь, мэдээлэл нь өөрөө ямар байх ёстой вэ гэдэг асуулт тулгарч байгаа юм. “5W 1H” гэдэг ойлголт, тэр түвшний мэдээлэл дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчид угаасаа хоцорчихсон. Үүний араас сэтгүүлчид хөөцөлдөх ч шаардлагагүй. Мэдээллийн хөтөлбөр, зорилгоо бид биелүүлнэ. Гэхдээ энэ бол гол зүйл биш. Бид өөр асуултуудад хариулах ёстой. Яагаад, яг юу болж өнгөрөв, хэнд хамаатай вэ, надад ямар хамаатай вэ, үр дагавар нь юу вэ, тэгээд яах гээд байгаа юм гэдэг хэрэглэгчийн асуултууд байна шүү дээ. Эдгээр асуултуудыг тойрч контент бүтээх ёстой.

“Өдрийн сонин” хүний эрхийн асуудлыг хөнддөг нь маш зөв алхам болсон. МУБИС-ийн багш Ж.Батбаатар “Сэлэмчний ах буруугүй шүү” гээд л бас зэмлүүлсэн. Нийгэмд хамаатуулж буруутгадаг, нийтийн дайсан гэж нэг хүн заавал өдөр бүр гарч ирж байх ёстой юм шиг хандлага бий болчихоод байна. Хамгийн ёс зүйгүй эмч нь хэн бэ, хамгийн ёс зүйгүй багш нь хэн бэ, хамгийн авлигач нь хэн бэ гэсэн дайсныг өдөр бүр хайгаад байгаа юм, сошиал орчин. Яг энэ тоглоомонд сэтгүүл зүй өөрөө хутгалдах шаардлагагүй. Ул суурьтай, үр дагаврын тухай, ач холбогдлын тухай мэдээлэл бэлтгэх ёстой.

-Сэтгүүлч бүр өөрийн гэсэн өнцөг, өнгөтэй байх ёстой гэдэг. Үүнийг ч залуу сэтгүүлчид хүсдэг. Орчин үеийн сэтгүүлчид тэгвэл ямар байх ёстой болж байна вэ?

-Сошиал орчинд биеэ авч явж буй хувь хүн ч тэр, сэтгүүлчийн салбарт карьер хийгээд явж байгаа залуучуудын дунд ч тэр ер нь онцгойрох, бусдаас ялгарах хандлага байна. Зарим нэг улстөрчийн хувьд онцгойрох гэдэг бүр өвчин болж байна. УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн хувьд гэхэд онцгойрох гэдэг чинь өвчин тийшээгээ явж байна. Ийм гажиг хаа сайгүй байгаа, зөвхөн Монголд ч биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа контент гэхээр гурван үндсэн шинж чанарын мэдээллүүд явж байна. Пи-арын мэдээллүүд буюу хэн нэгний үзэл санаа, ямар нэгэн байгууллагын нэр төр, имиджийг бий болгох зорилготой. Маркетингийн мэдээлэл буюу зар сурталчилгаа, танилцуулга, ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг таниулах хоногшуулах зорилготой. Тэгээд сэтгүүл зүйн контент. Сэтгүүл зүйн контент нь иргэдийн эрх ашиг, иргэдийн мэдэх эрхэд үйлчилж байгаа контентууд байх ёстой. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүл зүйн мэдээллийг хүргэдэг тогтмол форматуудыг янз бүрээр бодож олж байна. Гол хандлага нь тодорхой нэг нэвтрүүлгийн формат бодож олоод түүнийгээ дараа нь контент маркетингийн арга хэрэгсэл болгодог зарчим руу түлхүү явж байна. Гол нь тэр нь бусдаас ялгарсан үзэмтэй байх л чухал. Тэгээд нь тэр контентоо маркетингийн арга хэрэгсэл болгож, редакци мөнгө олдог боломж ч бий болж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Зах худалдааны төвүүдийн нийтийн бие засах газар иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ

Зах, худалдааны төвүүд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулан ажиллаж эхэллээ.

“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8.1.5 дахь “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” заалтын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 02-03/3862 тоот албан бичгийн дагуу “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд нь төлбөртэйrээр үйлчилж байсан бие засах газар болон ариун цэврийн өрөөг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

388 айлын орон сууц хөрсний ус хальсан намаг шалбааг дээр баригдаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Хишигбаяр нар урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Шалгалтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дохнхун глобал ХХК-ийн захиалгаар баригдаж буй Хансвилл хотхоны 2-р үргэлжлэл болох 388 айлын орон сууцны 4 блок барилга хөрсний ус, шалбааг намаг дээр баригдаж байна. Уг барилга нь барилгын ажил эхлэх үргэлжлэх зөвшөөрөлтэй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүлсэн. Шинээр баригдаж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтайгаар хийгдэж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Энэ гүүр нь 281 м урттай, 21 м өргөнтэй, хоёр талдаа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөний дагуу ажил хийгдэж байна. Маргаашнаас асфальтан хучилт эхэлнэ” гэсэн мэдээллийг өгөв.

Баянзүрхийн гүүрийг Монголд анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөрбетон хийцээр барьж байгаа аж. Шинэ гүүрийн хөдөлгөөнийг Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын нээлттэй зэрэгцэн нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү гүүрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах өндөр ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

​”Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл 30 хувь өслөө

“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК одоо байгаа хүчин чадлаа 35МВт/ц-аар нэмэгдүүллээ.

2012 оноос ХБНГУ-н хөнгөлттэй, урт хугацааны зээлийн хөрөнгөөр өргөтгөх шинэчлэлийн ажил хийгдэж эхэлсэн бөгөөд Турбиныг ОХУ-ын Калугын турбины заводод, генераторыг ОХУ-ын Перевод үйлдвэрт үйлдвэрлэсэн байна.

48 мВт/ц суурилсан хүчин чадалтай уг станц өнөөдөр 35 МВт/ц -г нэмж ашиглалтад оруулснаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл 30 хувь өсч, энэ хэмжээгээр Монгол Улсын импортоор авдаг эрчим хүч буурах юм. Мөн Дархан хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг ирэх 15-20 жилд найдвартай хангах эх үүсвэртэй бий болж байгаа талаар аймгийн Засаг дарга С.Насанбат хэлж байна.

Эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болох “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн суурийг 1963 онд тавьж, Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаар тогтоолоор байгуулагдсан ба 1965 оны 10 дугаар сарын 2-ны өдөр анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтанд оруулж байжээ. Өнгөрсөн 54 жилийн хугацаанд түүхэндээ 3 дахь удаагийн томоохон шинчлэл хийж буй нь өнөөдрийн шинэчлэл юм.

Нээлтэд Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй холбогдох албаныхан болон Дархан Дулааны Цахилгаан станцын хамт олон мөн гадны зочид, төлөөлөгчид оролцлоо.

Categories
мэдээ спорт

Монголын эмэгтэй сагсчид шилдэг наймд шалгарлаа

Монголын эмэгтэй шигшээ шилдэг наймд үлдлээ

БНХАУ-ын Хайнань хотноо “ФИБА 3х3 U23” насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна. Тоглолтыг “MNB_Sports” сувгаар албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулж байгаа. Тэгвэл Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Уганда улсын багийг 19:17 харьцаатай хожиж, “U23” насны Дэлхийн аваргын С хэсгийг тэргүүлэн шилдэг 8-д үлдэж чадлаа. Тэд өнөөдөр 15:20 цагаас Беларусийн багтай тоглолт хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлштэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс дахин хуралдаж байна

Image result for шахмал түлш

Сайжруулсан түлшинд угаартсан 16 иргэний дөрөв нь нас барсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан 23 дээжээс шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр гарах ёстой. Харин яг одоо нийслэлийн Онцгой комисс дахин хуралдаж байна. “Сайжруулсан түлшний найрлагад орсон барьцалдуулагч бодисыг шинжилгээнд хамруулаагүй” гэх мэдээлэл иргэдийн дунд байгаа хэдий ч мэргэжилтнүүд ашиглаж буй бүх материалыг шинжилгээнд хамруулсан гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Угаартсан нэг хүүхдийн биеийн байдал хүнд байна

Image result for Эх нялхас

Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас сүүлийн хоёр өдөрт 16 иргэн угаартаж, дөрөв нь нас барсан тухай мэдээллийг энэ сарын тавны өдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Сайжруулсан түлшинд угаартсан иргэд Цэргийн госпиталийн Хордлого тайлах төвд эмчлүүлж байгаа бол хүүхдүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилж байгаа юм байна. Хүүхдүүдээс 15 настай нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ. Сайжруулсан түлшинд иргэд угаартсантай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас дөрвөн хүн угаартаж нас барсан асуудлыг шалгах үүрэг өгчээ

Image result for сайжруулсан түлш

Угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдсан. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан “Таван толгой түлш” ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга үүрэг чиглэл өгчээ.

Үүрэг чиглэлд, “Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэжээ.