Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэллээ.

Өнгөрсөн сарын 26-нд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон ч яллагдагч Ц.Сандуйгийн өмгөөлөгч Г.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулаад байсан билээ.

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан “60 тэрбум”-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг.

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу “Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн амиа алджээ

Амралтын өдөр буюу /2019.10.05-06/-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 375-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 6 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 1 хүүхэд амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.10.05-ны өдөр 05:10 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо шороон замд Sinotruk маркийн автомашины жолооч зорчих хэсгийн баруун талд зогсож байсан явган зорчигч Б-г Hyundai starex маркийн автомашинтай хамт мөргөж амь насын хохироосон.

2019.10.05-ны 11:30 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг “Тал булаг” гэх газар асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч Ч нас барсан

2019.10.05-ны 16:30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар асфальтан замд Nissan Pathfinger маркийн автомашин Hino маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б нас барсан.

2019.10.06-ны 15:20 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн нутаг “Шатав толгой” гэх газар шороон замд Toyota Land200 маркийн автомашин Hyundai accent маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б, зорчигч Э, зорчигч Э, нарын 3 хүн нас барж, зорчигч Э, зорчигч франц улсын иргэн Ж нарын 2 хүн гэмтсэн.

2019.10.06-ны 18:20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг асфалтан замд Honda CR-V маркийн автомашины жолооч, явган зорчигч 12 настай Б-г мөргөж амь насын хохироосон.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хийморь” кино Оскарын наадамд нэр дэвшинэ

“Академи авардс” кино наадмын шилдэг найруулагч, Гран при шагналын эзэн Г.Эрдэнэбилэгийн төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн, найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарын наадамд нэр дэвших эрхээ авлаа.

Хийморь кино нь өмнө нь ХБНГУ-ын “Олденбург филм фестиваль”-аас “Spirit of cinema award” шагнал хүртсэн бол, одоо “Сандиего интернэшнл филм фестиваль”-д өрсөлдөж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

МАН, АН-ын бүлгүүд хуралдана

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

09.30 цагт “Корпорейт конвеншн төв”-д Монгол, Япон улсын Шизүока мужийн бизнес форум болно.

11.00 цагт ХНХЯ-ны гадна талбайд Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цуглаан зохион байгуулна. Утас: 99027019

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн н.Нямхүү цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт МҮХАҮТ-д Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлөөс “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019” үндэсний чуулганы талаар мэдээлнэ. Утас: 88101990

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайжруулсан түлш

Утаа уур бухимдал төрүүлж, уушги цээж багтраадаг үе ирлээ. Утааны эсрэг сайжруулсан түлш зогсож байна. Сайжруулсан түлш илч муутай л гэнэ, энэ байдлаараа бол өвөл баахан амьтныг хөлдөөнө л гэнэ… элдэв яриа их л гарч байна. Сайжруулсан түлш утааг 50 хувь бууруулна гэдэг нь бодитой бол үнэхээр сайн. За бодигүй байсан ч гэсэн сайжруулсан түлш үйлдвэрлээд гэр хорооллын 180 мянган өрхөд нийлүүлж эхэлсэн нь сайн. Утааны эсрэг юу ч хийлгүй, байгаа байран дээрээ худлаа ярьж зогсохоор, алдаа оноотой ч алхам урагшилж, ажил хийж эхэлсний бодит жишээ. Тийм болохоор энэ өвөл түлээд үзье. Ямар ч байсан хөлдөөчихгүй нь тодорхой. Гэхдээ хүйтнийг давах нь дан ганц сайжруулсан түлшнээс хамаарахгүй гэдгийг гэр хорооллынхон ойлгох ёстой. Гэрийн чинь дулаалга маш чухал. Сайжруулсан нүүрсэнд дангаар найдахгүйгээр гэрийнхээ дуулаалгад онцгой анхааръя. Дулаалах аргын талаар нийслэлийн зохих газруудаас гэр хорооллынхонд зогсоо зайгүй зааж зөвлөе. Сургалт, зөвлөгөөг мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээг ашиглан явуулъя. Жишээ нь, цөөнгүй айлууд хөлдүү газар гэрээ барьдаг. Доороосоо хайрагддаг. Гэрийн давхарга, дээвэр туурга гэсэн уламжлалт өвлийн бэлтгэл нийслэлийн айлуудын дийлэнхэд нь байдаггүй. Энэхүү дан бүрээстэй гэрийнхэн өмнөх жилүүдэд Налайхын түүхийн нүүрсний илчээр хүйтнийг давдаг байсан байх. Мэдээж харанхуйлтал, хахаж үхтэл нүүрсний утаагаар нийслэлчүүдийг утаж байж. Одоо бол үгүй. Өнгөрсөн жил гэр хороололд амьдардаг нэг залуу шилэн хөвөн шалан доогуураа зулж, хаяагаадаа авируулан гэрээ дулаалж халуун өвөлжсөн туршлага нь гарч байсан. Үүнийг улам боловсронгуй болгож, технологижуулж, монгол гэрийн пүнхийсэн дулаалга хийж болох юм. Энэ бодол олон хүнд төрсөн байх. Үүнийг хэн нэгэн сортоотой аавын хүү ажил болговол бизнес шүү дээ. Хоёр зуун мянган хэрэглэгчтэй үйлдвэрлэл. Эсгий дээвэр туурганы оронд шилэн хөвөн ашиглах үйл явц. Монголчуудын түлшний хэрэгцээнд сайжруулсан түлш гэсэн шинэчлэл явагдаж байгаа шиг монгол гэр дээр бас шинэчлэл болж болно.

Өнөөдөр яах аргагүй түүхий нүүрснээс сайжруулсан түлш рүү шилжих шинэ үйл явц, технологи явагдаж байна. Мэдээж их, бага ямар нэг эрсдэл дагуулна. Энэ зэргийн эрсдэлийг гэр хорооллынхон даалгүй яахав. Энэ жил дааруулахгүй, бас дүүгтэл халууцуулахгүй өвлийг давуулж болно. Ирэх жил сайжруулсан түлш маань гэртээ нимгэн хувцастай, халуун оргин сууж байхаар илчтэй болох нь дамжиггүй. Ямар ч байсан гэр хорооллынхонд зориулан сайжруулсан түлш хийж, утаа бууруулах гээд үзэж тарж эхэлсэнд хамгийн чухал үнэ цэнэ нь байгаа юм. Улам сайжруулж, утаагаа эрс багасгах, ер нь гэр хорооллын нөхцлийг сайжруулахын төлөө янз бүрийн хэлбэрээр, дэмжлэг болох олон ажлыг зэрэгцүүлэн хийх ёстой. 200 мянган өрхтэй гэр хороололд энэ өвлөөс эхлэн Утааны эргүүл, Экологийн эргүүл, Галын эргүүл, Гэмт хэргийн эргүүл… гээд албан ёсны эргүүлүүдийг ажиллуулах цаг болсон. Яндангаас нь түүхий нүүрсний утаа гарч байгаа айлыг … хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан… гэдэг хуулийн үйлчлэлээр өндөр торго. Түүнийгээ нийгэмд мэдээл. Хоёр дахиа давтагдвал орон нутагт шилжүүл, хөдөө суманд нь амьдрах өчнөөн олон боломж бий. Ямар эх орноос нь хөөж байгаа биш. Үндсэн хуульд… гэж ирээд ярих хүн гарч ирж магадгүй. Тэгвэл Үндсэн хуульд …Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй… тухай заасныг сануул. Энэ мэтээр дээрх төрөлжсөн эргүүлүүд хуулийн хүрээнд гэр хороолол дахь тулгамдсан асуудлыг эмхэлж цэгцлэхэд гол үүрэгтэй оролцох ёстой юм. Экологийн эргүүл нь үнсээ жалга руу хийж байгаа айлуудаас эхлээд тэмцэх ёстой. Гэмт хэргийн эргүүлүүд нүхэн жорлонд унаж нас барж байгаа нялх үрсийн эцэг эхчүүдийг хариуцлагажуулах, ядаж жорлонг нь түгжээтэй болгохоос эхлээд ажиллах хэрэгтэй. Нийслэлээс төсөв гаргаж, гэр хороолол дахь төрөлжсөн эргүүлүүдийг албан ёсжуулъя. Үнэндээ монголчууд бид майхандаа амьдарсан хэвээрээ байгаа шүү дээ. Хэдийд ч хулгай хийж болох, хэдийд ч гаднаас нь гал тавьчих боломжтой тийм л даавуун гэрт амьдарч байгаа. Бид амьдралын энэ үнэнтэйгээ эвлэрэх ёстой. Гэр хорооллын энэ бүх эрсдлээс урьдчилан сэргийлэх нь эргүүлүүд л юм. Хэдэн ч хүүхэд гэртэйгээ шатав, хэдэн ч айл гэрээ тонуулав.

Ер нь бол гэр хороололд шинэчлэл хэрэгтэй болсныг олон жил дээр доргүй ярьсан. Харин шинэчлэлийн эхлэл нь энэхүү сайжруулсан түлш мөн гэж тоож харж байна. Монгол гэртэйгээ байгаа монголчуудын хувьд хувьсал мөн юм. Аргалаас нүүрс рүү, тулганаас зуух руу… гээд нүүдэлчдийн амьдрал нэг нэгээр шат ахиад явсан байдаг. Үүн шиг сайжруулсан түлшээр эхэлсэн гэр хороолол дахь дэвшил өөрчлөлт дээш ахисаар модон жорлон, монгол гэр хоёрыг халсанаар дуусах байлгүй дээ.

Сайжруулсан түлш хэмээх ганц ч болов гялтайх үйл хийх гэж оролдож байгаа өнөөдрийн засаг захиргааныханд талархъя даа. 1950иад оны Лондон хот манайхаас ч дор байсан юм шүү. Лондонг утаанаас нь салгахын тулд эхлээд сайжруулсан түлш хэрэглэсэн байдаг. Дараа нь хий ашигласан. Ингээд дээш явсаар 1970 онд ирэхэд Тэтчер нүүрсний уурхайнуудаа хувьчилж, сайн технологи нэхэж эхэлснээр утаагүй болсон доо. Ийм зам мөрөөр монголчууд явж байгаа гэдэгт итгэнэ.

Бээжин утаанаас салсан гэж манайхан их ярьдаг. Бээжингийн утаа үйлдвэрийнх. Улаанбаатарын утаа ахуйнх. Газар тэнгэр шиг ялгаатай. Хамгийн амархан шийдэж болох нь ахуйнх. Хамгийн хэцүү нь үйлдвэрийнх. Үйлдвэрийн утааг бууруулахын тулд үйлдвэрлэлээ зогсооно. Эдийн засагт хамгийн том аймшиг бол үйлдвэрлэлийг зогсоох. Хятадууд үйлдвэрээ зогсоож, нүүлгэж, шилжүүлж утаагаа шийдсэн. Аймаар том аймшиг, эрсдэлийн ард гарсан үйл явц. Харин Монгол бол хариуцлагагүй, амиа бодсон хэдэн өрх айлаас болж утаандаа улс үндсээрээ үхчих гээд сууж байгаагаараа ялгаатай. Ямар ч сайн шинэ зүйл эхэлсэн нийгмийн 25 хувь нь эсэргүүцдэг. Тийм л зүй ёсны үзэгдлийн өмнө Монголын төр засаг хүчгүйдээд байгаа юм.

Төгсгөлд нь нэг санаа байна. Сайжруулсан түлшний эргэн тойронд ийм дэд бүтэц байгаа. Үйлдвэрлэгч-тээвэрлэгч-түгээгч-хэрэглэгч. Үүн дээр үнс худалдан авагч буюу блокны үйлдвэрийг нэмчих хэрэгтэй. Сайжруулсан түлш тээвэрлэгч нь нэг талдаа хоосон байгаа. Түүнийгээ л үнс тээвэрлэгч, блокны үйлдвэрт хүргэгч болгочих. Үнсийг үйлдвэрлэлийн түүхий эд болгодог технологи манайд удаж байгаа. Технологийн дэвшил л хэрэгтэй байгаа байх. Одоохондоо манайх үнсээр блок л хийх шатандаа удаж байна. Уг нь бол урд хөршийн үнсээр бүтээгдэхүүн хийдэг технологи дэлхийн хэмжээнд оччихсон юм билээ. Үнсээр хятадууд замын хавтан, бүр ваар сав хийхдээ ашигладаг болсон. Монголын үнсэнд тохирсон хамгийн сайн технологийг дэлхийгээс олж ирцгээ, бизнесмэнүүд ээ.

Үүн дээр иргэд жаахан сэтгэл гаргачих. Ядаж үнсээ хогтойгоо бүү холь. Жалганд аваачиж битгий хая. Сайжруулсан түлшийг сайхнаар харвал энэ мэт гэрэл гэгээ, боломжууд бий шүү. Гэхдээ үүнийг мань мэт биш, хийх үүрэгтэй хүмүүс нь хийж, ажил хэрэг болгох хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд данстай тамирчин гэр бүл

Аэробик гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, олон улсын хоёрдугаар түвшний дасгалжуулагч, ШУТИС-ийн багш Галбадрахын Ерөөлбатынд өнжлөө. Ажлын долоо хоногийн сүүлийн өдөр эднийх халуун ам бүлээрээ цуглажээ. Г.Ерөөлбатынх 19 дүгээр хороололд амьдардаг юм байна. Биднийг очиход гэрийн эзэгтэй Цогтбазарын Энхжаргал гарын хоолоо зэхчихсэн угтлаа. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медаль хүртэж байснаар нь спортын салбарынхан Энхээ гавьяатыг анддаггүй юм билээ. Гэрийн эзэн Г.Ерөөлбат ч дэлхийд данстай тамирчин бас дасгалжуулагч. ШУТИС-д башилдаг тэрбээр оюутнуудыг бэлтгэж аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл, Ази тивийн гурван удаагийн аваргыг хүртэж байсан том гавьяатай. Инженер оюутнуудыг л уйгагүй бэлтгэж үр дүнд нь Азийн шилдэг баг, төдийгүй Дэлхийн тоглолтод тивээ төлөөлөн 2013, 2017 онуудад оролцож шагналт байрт шалгарчээ. Өдгөө гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй тэрбээр ДАШТ-д явсан тамирчныхаа араас санаа тавиад завгүй сууна лээ.

Эднийх цом, медалийн арвин цуглуулгатай. Тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээний медалиуд эдний сервантанд ярайтал гялалзаж байна. Битүү өрөөстэй гоёмсог цомуудыг нь харахад музейд орсон мэт сэтгэгдэл төрж байлаа.

Г.Ерөөлбат, Ц.Энхжаргал нар тус тусын салбартаа анхдагч гавьяа байгуулсан улс. Тэртээ 2005 онд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод зохион байгуулагдахад Цогтбазарын Энхжаргал хүрэл медаль хүртэж байв. Үүний дараахан л эмэгтэйчүүдийн шигшээ байгуулагджээ. Өнөөдрийн олимп дэлхийн медальтнуудын үүд нээгдсэн түүх ийм.

Эмэгтэй хүн барилдахыг цээрлэдэг, барилдаж байхыг нь харвал загнаж зандардаг баригдмал сэтгэхүйтэй нийгмийн дундуур шантралгүй зүтгэсний шанд Ц.Энхжаргал монгол эмэгтэй дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломж бололцоо байгааг нээж өгчээ. Соронзонболдын Батцэцэг, Пүрэвдоржийн Орхон, Сүхээгийн Цэрэнчимэд нар Энхээ гавьяатын зассан замаар зүтгэж дэлхийн аварга цол хүртээд буй. Цаашдаа ч олон ч аварга төрөх биз.

“Анх 2001 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болж байлаа. Бөхөд л их дуртай байсан. Тухайн үед жүдо бөхийн ангид элсчихсэн н.Буянхишиг гээд найз маань чөлөөт рүү уруу татсан. Ингээд л Т.Сүхбаатар багшийн шавь болж байлаа. Сүхээ багш Японд ажиллаж байхдаа эмэгтэй шавь бэлдэх санаа төрсөн юм билээ. Ингээд л найзтайгаа хоёулаа оргил өөд зүтгэсэн дээ” гэж чөлөөт бөхөд орж байсан тухайгаа хуучилж байна. Энхээ гавьяат хэдхэн сар бэлтгэл хийгээд л насанд хүрэгчдийн улсын аварга болж байжээ. Улмаар 2002 онд Солонгосын Бусан хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь ирээдүйн их амжилтын аянд мордоход нь ташуур болж өгчээ.

Баруун гар талаас Гавьяат тамирчин Ц.Энхжаргал. ДАШТ Унгарын Будапешт хот. 2005 он.

Ц.Энхжаргал олон улс, олимп дэлхийн аваргын тэмцээнд бэлтгээд амсхийх завгүй гүйж явахдаа л ханьтайгаа танилцжээ. Энхээ гавьяатын хань Г.Ерөөлбат ч тухайн үед аэробик гимнастикийн шилдэг тамирчин болчихсон, энэ спортын хөгжлийг шинэ шатанд дэвшихэд гар бие оролцоод явжээ. Бөх эхнэртэй гимнастикчийн гал голомт тэртээ 2003 онд бадарч байсан гэнэ.

Хэн хэн нь улсдаа төдийгүй тивдээ танигдчихсан, дэлхийн дэвжээнд амжилт гаргах зорилготой тамирчдын дэр нэгтгэсэн түүх ийм. Өнөөдөр тэдний хэн хэн нь зорилгодоо хүрчээ. Ханын шүүгээнд нь өрөөстэй медалиуд үүнийг тод гэрчлэх мэт.

Аэробик гимнастикийн спортод нэг насны амьдралаа зориулсан Г.Ерөөлбатын олон жилийн их хөдөлмөрийн шим 2012 онд Болгарын Софигийн тэнгэр дор гарчээ. ШУТИС-ийн инженер залуусыг бэлтгэж дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр тив алгасч Болгарын Софиг зорьсон байна.

“2012 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч дасгалжуулагчийн статустайгаар оролцож байлаа. Тэмцээнээ шүүнэ, хажуугаар нь өнөө хэдийнхээ жижиг сажиг алдааг хэлнэ. Тив алгасч ирснийх зүгээр нэг ёсолчихоод буцмааргүй байдаг. Тэмцээний турш шавь нарыгаа хэн нэгэнтэй уулзах, утсаар ярихыг нь хатуу хориглосон доо. “Хоорондоо л зөвлөлд, хэн чинь ямар алдаа гаргаж байна, ярилцаж ойлголц” гэдэг байлаа. Манайхан ч төвлөрч байгаа хүүхдүүдэд очиж янз бүрийн юм хэлээд үймрүүлээд хаячихдаг улс шүү дээ. Аль ч спортын төрөлд манайхны нийтлэг ажиглагддаг алдаа нь энэ. Хожсон ч, хожигдсон ч бэлдсэн багш нь л хариуцлага хүлээх учраас бусад нь хөдөлмөрийг нь хүндлэх хэрэгтэй. Тухайн үед ордонд цугласан манайхан намайг янз бүрээр хэлж л байсан. Даруулгатай, дэг журамтай байсан учраас оюутнууд маань бэлдсэн үзүүлбэрээ алдаагүй, чамбай үзүүлж хийж насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын гимнастикийн 98 жилийн түүхэнд анхны хүрэл медаль хүртсэн. Залуу хүүхдүүд тэмцээний үеэр эмоци гаргачих гээд хэцүү. Медалийн тавцангаас буусны дараа баяраа тэмдэглээрэй гэж хэлж байлаа. Тухайн тэмцээнийг дэлхийн олон оронд шууд дамжуулж байсан. Монгол гэсэн нэр гарч байхад орилж чарлаад янз бүр болоод байж болохгүй биз дээ” гэж түүхэн амжилт үзүүлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар дурсаж байна. Медаль зүүгээд буухад нь л зрительд суусан монголчууд үсэрч харайж гүйлдэж ирээд л тамирчдаа бүчээд авсан даа. Биднийг чинь дээш нь авч чулуудаад тэрүүгээр нэг юм болж байсан. Манайхаар бол БуянтУхаа спортын ордон шиг л том ордны давхар суудлаас яаж үсэрч буусан юм гэж үргэлжлүүлэн ярьж байна. Тэнд очсон монголчууд одоо ч гэсэн энэ талаар дурсан ярьдаг шүү.

Олон улсын чанартай тэмцээнд орж байгаа элэг нэгтнүүдээ харахад эцсийн шүгэл дуугараагүй байхад л дэвж гүйгээд олон жилийн хөлс хөдөлмөрөө салхинд хийсгэж байгаа жишээ нэг биш харагддаг. Олимпийн медалиа долоохон секундэд тавиад туучихсан тохиолдол байгаа. Тамирчдын сэтгэл хөдлөлийг хянаж хариуцлагад суралцуулдаг нь Г.Ерөөлбат багшийн нэг арга барил юм билээ. Хаана ч сэтгэл хөдлөлөө барьдаг хариуцлагатай арга барилаар төлөвшсөн тамирчид нь өнөөдөр олон салбарт амжилттай явдаг талаар багш нь сэтгэл хангалуун ам бардам ярьж сууна.

Г.Ерөөлбат багш сүүлд 2016 онд БНСУын Инчеон хотод зохион байгуулагдсан аэробик гимнастикийн 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дасгалжуулан оролцож дахин хүрэл медаль хүртэж амжилтаа бататгажээ. Тэрбээр одоо хэр нь аэробик гимнастикийн спортын хөгжлийн төлөө ажилласаар л явна. Манай хүн “Аэробикийн хөгжилд амьдралаасаа илүү цаг зардаг хүн шүү” гэж Энхээ гавьяат оройн зоогийн ширээний ард хошигнож сууна.

Эднийх хоёр хүүхэдтэй. Том охин нь ээжийгээ дагаад бэлтгэлийн заалнаас салдаггүй гэх юм билээ. Ээжийнхээ дутууг гүйцээхээр трико өмсөөд дэвжээнд гарах цаг ойрхон биз. “Би 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа надад хүнд байсан шүү. Бэлтгэлийнхээ ирийг тааруулаад л шигшээ барилдаанд шалгарах зорилго тавиад очсон. Төлөвлөсний дагуу барилдаад л хагас шигшээд шалгарчихлаа. Венесуэлийн бөхийг 9:2оор илт явж яваад л цэвэр хожигдчихсон. Тухайн үеийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хариуцлага ч үүнд нөлөөлсөн л дөө. Тэмцээний дараа ч сэтгэлээр унаад хүнд өдрүүд үргэлжилсэн. Ингээд л хувийн амьдралаа бодсон доо. Том охин маань төрлөө. Тэглээ гээд дэвжээнээсээ холдчихож чаддаггүй юм билээ. Охиноо дагуулаад заал руугаа явна. Дүү нартаа зааж зөвлөнө. Спорт гэдэг залуу насны ажил. Зодог тайлах ёслолоо хийгээд тэмцээн хийх бодолтой байгаа. Тэмцээнээс урам авсан хүүхдүүд ирээдүйд том амжилт үзүүлэх боломжтой. Би тэмцээнээс л урам зориг авч энэ зэрэгт хүрсэн” гэж ярилаа.

Аэробик гимнастикийн ДАШТ-аас хүрэл медаль хүртэв. БНСУ Бусан хот 2015 он.

Гавьяат тамирчин Энхжаргалын тухайд чөлөөт бөхөөр нэгэн арванд гялалзсан. Тэрбээр тамирчны замналаа өндөрлүүлж буйгаа албан ёсоор зарлаж нэрэмжит тэмцээнээ хийгээд дасгалжуулагчийн албанд шилжихээр зэхэж байгаа юм байна. Тамирчин бүсгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 медаль хүртжээ. Чөлөөт бөхийн төрөлд хоёр өөр жинд аварга болсон түүний амжилт өнөө хэр нь эвдэгдээгүй байгаа юм.

-Таны хувьд чөлөөтийн заалаар эргэлдээд 16 жилийг үджээ. Их ч хөлс гаргасан байх. Энэ хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг л хүрэл медаль хүртэж байсан. Хааяа чамлах сэтгэл төрдөг үү?

-Олон жилийн хүнд ачаалалтай бэлтгэлийг давж зорьсон амжилтаа үзүүлж баяр баясгалан мэдэрч үзсэн би азтай хүн. Гэхдээ одоо бодоход ч гол харламаар харамсалтай барилдаанууд хийж л байсан. 2008 оны дэлхийн аваргаар түрүүлэх хэмжээнд бэлтгэгдэж очоод Казахстаны бөхөд сүүлийн оноогоор ялагдаад уйлаад дэвжээнээс бууж байлаа. Зүүд зэрэглээ шиг л санагдсан шүү. Тэр үед үеэр ялалт өгдөг байлаа. Чөлөөт бөхийн дүрэм цоорхой л юм даа. Аварга болох боломжоо салхинд хийсгэж байсан. Сүүлд 2013 онд дэлхийн аварга болохоор очоод Венесуэлийн бөхийг дутуу гаргахаар яарч яваад гишгэдлийн алдаа гаргаад цэвэр ялагдсан. Хожсон бол шигшээ барилдаанд шалгарах байсан юм. Ганц гишгэгдлийн алдаа л бүхнийг шийддэг айхтар шүү.

-Та барилдааныхаа арга барилдаа дүгнэлт хийж багш нартайгаа зөвлөж л байсан байх. Таны барилдааны сул тал юу байв?

-Өөрийгөө тамиртай юм болов уу гэж боддог юм. Гэхдээ барилдаанд маань алдаа байгаа. Гол өрсөлдөгчийнхөө хөлд орж шийдвэрлэх оноонуудаа авдаг байлаа. Ц.Нацагдорж багшаас сурсан мэх л дээ. Олон хүний хөл авч хожиж байсан. Би хөлд орохын өмнө нэг дохиод буцдаг зуршилтай. Үүнийг маань гол өрсөлдөгчид судалчихаж. Дохиод буцахад л дагаад хөлд суучихаад болж өгөхгүй байсан. Миний нэг алдаа энэ байсан юм билээ. Сүүлд л мэдсэн. Хүн барилдааны арга барил, техникээ цаг тутам шинэчилж, илүү боловсруулж байж л өндөр амжилт үзүүлнэ.

-Та эмэгтэйчүүдийн шигшээ багийн анхны гишүүдийн нэг. Эмэгтэй хүн барилдана гэхэд яаж хүлээж авч байв?

-Тэр үед эмэгтэй хүн барилдана гэсэн ойлголт байхгүй байсан шүү. Найзтайгаа зааланд бэлтгэл хийж байхад хүмүүс хялалзаад л өнгөрдөг байлаа. Шантралгүй зүтгэсний хүчинд ДАШТээс медаль хүртсэн. Миний араас ч олон хүүхэд энэ спортод орсон. Олон алдартан төрсөн байна. Дан ганц чөлөөт бөхөөс ч биш. Жүдогийн Уранцэцэг гэж мундаг охин байна. 2013 онд дэлхийн аваргад явахынх нь өмнө бэлтгэл дээр нь таарсан л даа. Тулаад үзэхэд л бэлтгэлийн ир орчихсон байгаа нь мэдрэгдсэн. Би ч бэлтгэл нь ханасан байгааг нь ойлгуулаад ирлэж өгөөд явуулсан. Урнаа дэлхийн аварга болж ирээд “Бэлтгэл ханасан эсэхдээ эргэлзээд сэтгэл зүй тогтохгүй байсан юм. Таны өгсөн урам зориг эх нэмэр болсон шүү” гэж хэлж байсан. Сайхан санагдсан даа.

-Жил хүрэхгүй хугацааны дараа олимпийн наадам эхэлнэ. Медалийн найдвар манайд байна уу?

-Сүхээгийн Цэрэнчимэд гэж охины бэлтгэлийг тааруулаад өгчихвөл хэнд ч дийлдэхгүй. Байгалиасаа авьяастай хүүхэд Энхээ гавьяат барилдааныхаа алдаа оноо, амжилтын тухай ингэж хуучилж байна.

Г.Ерөөлбатын тухайд аэробик гимнастикийн олон улсын тэмцээний шүүх эрхтэй цөөхөн эрхмийн нэг юм. Өнөөдөр тэрбээр олон улсын тэмцээнд явах тамирчдынхаа зардал мөнгө, визний асуудалд санаа тавихаас гадна олон улсын чадварлаг шүүгч бэлтгэхэд анхаарч ажиллаж байгаа талаараа дурдсан юм.

Олон жилийн ачаалалтай бэлтгэлийг хамтдаа давж, спортын гоё сайхан бүхнийг мэдэрч байсан нь эдний гэр бүлийн баяр баясгалан юм билээ. Энэ гэр бүлийн сэтгэл өнөө хэр нь спортын салбарын төлөө л цохилж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярбадрах: НАСА-гийн хамгийн том зорилго 2024 онд саран дээр анхны эмэгтэй нисэгч буулгах

– МАНАЙХ НАСА-ИЙН ТӨСЛҮҮД ШИГ ТОМ ТӨСЛҮҮДИЙГ АЛСЫН ЗОРИЛГО БОЛГООД ТУУШТАЙ ДЭМЖЭЭД ЯВБАЛ МАШ ОЛОН САЛБАР ХӨГЖИНӨ –

НАСА бол дэлхий дахинаа сансар судлалын хамгийн том байгууллага. НАСА-гийн сансрын нисгэгч Жон Гленний нэрэмжит судалгааны төвд ганц монгол хүн ажилладаг. Тэр бол Б.Баярбадрах юм. Б.Баярбадрахтай НАСА-гийн шинэ судалгаа, сансар судлалын талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэе.


-Сайн байна уу. Ярилцлагаа сансар судлалын шинэ чиг хандлагын талаар эхэлье гэж бодож байна. НАСА энэ цаг үед ямар зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байна вэ?

-Сайн, сайн байна уу. Юуны өмнө НАСА гэж байгууллагын талаар товчхон тайлбар хийе. Америкийн сансар судлал болон сансрын нислэгийн агентлагийн төв удирдлага нь Вашингтон ДС-д байрладаг. Америкийн бусад мужуудад судалгааны чиглэл тус бүрээр дагнасан 10 салбар төвтэй. Тэдгээр салбаруудын нэг болох, сансрын нисгэгч Жон Гленний нэрэмжит судалгааны төв (NASA Glenn Research Center)-д миний бие ажиллаж байна. НАСА-гийн үйл ажиллагааны хамрах хүрээ нь одон орон, сансар судлал, сансрын технологи, иргэний болон цэргийн нисэхийн технологи гэх мэтээр маш өргөн болохоор тэр бүх судалгаа, технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлуудыг НАСА дангаараа хийдэггүй. Харин бусад их сургууль, төрийн болон хувийн хэвшлүүдтэй хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, чиглүүлэх байдлаар ажилладаг. Тэр бүгдийг дурдана гэвэл урт жагсаалт болно, бас би ч ихэнхийг нь сайн мэдэхгүй. Одоогоор НАСА-гийн төлөвлөж байгаа хамгийн том зорилго гэвэл 2024 онд саран дээр анхны эмэгтэй болон дараагийн эрэгтэй нисэгч буулгах “Артемис” хөтөлбөр, тэндээс дамжаад Ангараг гариг руу нисэх төсөл юм. Хүн төрөлхтөн саран дээр анх хөл тавьсны 50 жилийн ой энэ жил болж байгаа. Нэрний хувьд сонирхуулахад, анхны төсөл нь эртний Грекийн бурхадын нэг болох Аполлогоор нэрлэгдсэн байсан бол энэ удаагийн төсөл нь Аполлогийн ихэр эгч Артемисийн нэртэй.

-Сонирхолтой юм. Гэхдээ АНУ-ын Шатлл хөтөлбөр зогсож, сансарт нисгэх пуужингүй болсон шүү дээ. Мэдээж пуужинтай болохыг оролдож байгаа болов уу?

-НАСА сансрын хөлгийн “Шаттл” хөтөлбөрөө 2011 онд зогсоосон нь тэдгээр хөлгүүд нь хуучирсан, ашиглалтын зардал хэт өндөр болсонтой холбоотой. Дараагийн “Артемис” хөтөлбөрт хэрэглэх сансарт хөөргөх системийг (Space Launch System) “Боинг” компанитай хамтраад зохион бүтээж байгаа. Дэлхийн тойрог замаас цааш аялал хийх “Orion”сансрын хөлгийг Европын сансрын агентлагтай хамтраад хийж байна. Америк талаас хүмүүсийн сайн мэдэх байлдааны “F-22”зэрэг онгоцуудыг хийдэг “Lock­heed Martin”компани оролцож байгаа. Сарны тойрог замд ажиллах олон улсын сансрын станцын“Gateway” төслийн эхний модуль болох PPE (Pow­er Propulsion Element) төслийн шалгаруулалтаар нам орбитын хиймэл дагуулын чиглэлээр мэргэшсэн “Maxar”гэж компани ажиллаж эхэлж байна гээд маш олон төсөл зэрэг зэрэг явж байгаа. Миний бие “PPE”модульд НАСА-ийн зүгээс яг ямар шалгуурууд тавих вэ гэсэн техникийн даалгавар боловсруулах ажилд хэсэг оролцож байсан. Тэр хооронд олон улсын сансрын станцад ачаа хүргэх, сансрын нисэгчдээ явуулах зэрэг ажлыг хийж “SPACE-X”, Оросын “Роскосмос”-т мөнгө төлж явуулж байгаа. Ер нь сансарт нисэх өртгийг яаж бууруулах вэ гэдэг дээр анхаарч, төр хувийн хэвшлийн түншлэлийг маш өндөрт үзэж байна. Хувийн компани илүү сайн, хямд технологи санал болгож байгаа нөхцөлд тэрийг нь л ашиглая, дугуйг шинээр зохион бүтээх шаардага байхгүй гэсэн бодлоготой байгаа.

-НАСА Монголын говьд төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодит мэдээлэл вэ, үр ашиг нь ямар вэ?

-Тэр талаар тодорхой мэдээлэл алга. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр манай талаас тийм хүсэлт тавьсан гэж ойлгосон. Манай талаас ийм санаачилга гаргаад явж байгаа нь сайхан хэрэг.

-Сансар судлалтай холбоотойгоор харь гариг, нисдэг таваг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ талаарх кино уран бүтээлүүд ч байдаг даа. Үнэхээр тийм зүйл байдаг юм уу, эсвэл хийсвэр ойлголт уу?

-Харь гариг гэвэл мэдээж байгаа. Манай нарны аймагт гэхэд дэлхийгээс гадна долоон гаригтай. Нарны аймгаас гадна бол бүр асар олон байгаа. Тухайлбал, шөнийн тэнгэрт харагдах од нь бүгд л нэг нар гэж ойлгож болно. Бидэнд ажиглагдах ертөнцөд 100 тэрбум галактик бий. Тэдгээрийн нэг болох манай “сүүн зам” галактикт гэхэд хэдэн зуун тэрбум одод байдаг. Тэр бүгдийн 10 орчим хувь нь манай нарны аймаг шиг гаригуудтай байдаг гэсэн тойм тооцоо байна. Тэгэхээр өөр гаригууд маш олон байдаг байх нь. Харин тэдгээр гаригууд нь манай дэлхийтэй төстэй, амьдрал тэтгэх боломжтой эсэх нь тухайн гаригийн температур, агаар мандал, ус эрдсийн найрлага гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.Нарны аймгаас гадна орших гаригуудыг хайж олох зорилготой “Кеплер” сансрын дуран хэдэн мянган гариг нээж өгөөд саяхан ажиллагаагүй болсон.Илүү сайжруулсан дараагийн телескопыг хийж хөөргөхөөр ажиллаж байгаа.Одоогоор мэдэгдсэн хамгийн ойрын гариг дөрвөн гэрлийн жилийн алсад байгааг илрүүлсэн. Нисдэг тавагны тухайд бол илүү уран зөгнөлт ойлголт.

-Эрдэмтэд устай гариг нээснээ мэдэгдээд байгаа. Ус байгаа юм чинь амьдрал байгаа гэж ойлгож болох уу?

-Тэрийг одоогоор мэдэх боломжгүй байх. Тус гаригийг анх “Кеплер” дурангаар илрүүлээд, сансрын “Хаббл” дурангаар спектрийн өргөн мужид авсан хэдэн жилийн мэдээллийг нарийвчлан судалсны үндсэн дээр ямар ч байсан агаар мандалд нь усны уур байгааг тогтоосон нь тус гариг дээр амьдрал байх өндөр магадлалтай гэсэн үг. Гэхдээ цаашид илүү нарийн мэдээллүүд гаргаж авах зорилготой илүү хүчирхэг дуран ойрын үед хөөргөх зорилготой байгаа ч техникийн шалтгаанаар хэд дахин хойшлуулаад л байгаа. Ер нь өртөг өндөртэй ямар ч сансрын төслийн найдвартай ажиллагааг шалгаж баталгаажуулах нь маш чухал байдаг. Нэгэнт хөөргөсөн хойно алдаа гарвал асар их хөрөнгө, хүч хөдөлмөр талаар болчихдог. Жэймс Вэб (James Webb) дурангийн судалгааны хамгийн гол бай нь иймэрхүү амьдрал байх өндөр магадлалтай гаригууд байна байх.

-А.Эйнштейний тэртээх 100 гаруй жилийн өмнөх онолын тооцоолол өнөөдөр гариг эрхэс дээр байдаг нь нэгэнт тогтоогдоод байна. Түүний нэг нь таталцлын долгион. Эрдэмтэд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө таталцлын долгионыг гурав дахь удаагаа “барьж авлаа” гэж мэдэгдэж байсан. Таталцлын долгионыг хүн эзэмшиж болдог уу?

-Тэр нээлт бол суурь шинжлэх ухаанд илүү ач холбогдолтой. 100 жилийн өмнөх Эйнштений онолын тооцоо өнөөдөр л туршлагаар баталгаажиж байна гэсэн үг. 2016 онд нээлт зарлагдсанаас хойш нэмж олон удаагийн тохиолдлууд илрүүлсэн. Мэдэгдэхүйц хүчтэй таталцлын долгион үүсгэхийн тулд асар их масстай хар нүх мэт биетүүдийн мөргөлдөөн байх хэрэгтэй болдог. Сүүлд хоёр нейтрон одны мөргөлдөөнийг анх удаа ажигласан нь бас л багагүй ач холбогдолтой үр дүн өгсөн. Бидний мэдэх материаллаг ертөнцийг бүрдүүлэгч химийн элементүүд устөрөгч, гелийгээс эхлээд нийлэгжиж явсаар уран хүртэлх бүх элементүүд цөмийн урвалуудаар үүсдэг. Тэр урвалууд яг ямар механизмаар яаж үүсдгийг тооцоолсон онолуудыг шалгахад сансрын том биетүүд сайхан лаборатори болдог. Сая дурдсан хоёр нейтрон одны мөргөлдөөний дүнд дэлхийгээс гурав дахин их масстай алт үүссэн байна гэж ажиглах жишээтэй. Тэгэхээр таталцлын долгионоор хаана тийм үйл явдал болж байгааг илрүүлмэгц бусад өөр төрлийн дурангуудаар тэр мөргөлдөөнөөс үүссэн ул мөрийг цаг алдалгүй нарийвчлан судлах боломжтой болсон гэсэн үг. Энэ бол тус нээлт үр өгөөжөө өгч байгаа нэг л хэлбэр нь юм. Өөр ямар ч шинэ мэдээлэл, үр дүнг шууд болон дам аргаар өгөхийг таашгүй.

-Хар нүхний гэрэл зургийг буулгасан явдал сансар судлалын шинжлэх ухаанд том дуулиан болсон. Хар нүхтэй холбоотой судалгаа хэрхэн үргэлжилж байна вэ. Ер нь тэр зургийг харахад хар цагаан дүрс л харагддаг. Үнэхээр бодит өнгө дүрс нь тэр үү, эсвэл уран сэтгэмж ордог уу?

-Тэр бол бодит мэдээллийг боловсруулж гаргаж авсан зураг. Мэдээж фото зургийн камераар дарсан зураг шиг шууд дүрс болоод буудаг гэж ойлгож болохгүй. Ажиглаж байгаа биетээс ирж байгаа долгионы урсгал зайн квадратад урвуу буурна. Тэр чинээгээрээ тэндээс ирэх мэдээлэл бүдэг болно. Дээрээс нь хэд дахин илүү шуугиантай мэдээлэл байна гэсэн үг. Бүдэг мэдээллийг илүү тодорхой болгохын тулд илүү урт хугацаанд мэдээллээ цуглуулна. Тэр их мэдээллийг тодорхой аргачлал бүхий алгоритмаар шүүгээд тухайн зургийг гаргаж авсан. Өвсөн дундаас зүү эрэх шиг л юм болж байгаа. Хар нүхний зургийг авсан үзэгдлийн хаяаны дурангууд (Event Ho­rizon Telescope) хойд, өмнөд Америк болон Европ тивд тархаж байрласан аль болох өргөн өнцгөөр их мэдээлэл цуглуулах зорилготой радио телескопуудын сүлжээ байгаа.

-Физикийн шинжлэх ухаан энэ цаг үед аль чиглэлд түлхүү хөгжиж байна вэ?

-Хэрэглээний шинжлэх ухаан бол маш олон чиглэлд хурдан хөгжиж байна. Дангаараа гэхээсээ илүү бусад шинжлэх ухаантай хавсарсан судалгаанууд маш олон шинэ технологийг богино хугацаанд бий болгож байгааг онцлох ёстой. Суурь шинжлэх ухаан гэвэл ертөнцийн үүсэл хөгжилтэй холбоотой. Бид хаанаас яаж бий болсон юм, орон зай цаг хугацааны хувьд эхлэл төгсгөл байгаа юу зэрэг асуудлуудыг хөндсөн космологийн салбар илүү сонирхол татаж байгаа байх. Мөн одоогоор бидэнд ажиглагдахгүйгээр, ертөнцийн 96 хувийг бүрдүүлэгч хар матери, хар энерги гэж юу байгааг эрж хайх асуудлууд бас их сонирхолтой гэх мэт олон юм байна. Яривал дуусахгүй.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Монгол Улсын иргэн НАСА-д ажиллах хүртэл ямар замыг туулсан нь сонирхол татаж байна?

-Би Завхан аймагт төрж, Налайх хотод өссөн. Монгол Улсын их сургуулийн физикийн ангийг дүүргэсэн. Сонирхсон мэргэжлээрээ сураад ажиллаад явах боломж олдсон азтай хүн байна даа.

-Физикийн шинжлэх ухаанд дурлах болсон шалтгаан юу байв?

-Миний эцэг Нансалын Барамсай гэж хүн насаараа боловсролын салбарт ажилласан сайхан хүн байлаа. Аав минь надад физикийг сонирхолтой талаас нь зааж чиглүүлж өгсөн нь намайг энд авчирсан. Мэдээж надад зааж сургасан олон сайхан багш нар, зөв үлгэр жишээ болдог найз нөхөд, ангийн анд нар байна.

-Таныг АНУ-ын анхны атомын бөмбөг бүтээсэн лабораторид ажиллаж байсан гэсэн. Тэр талаар сонирхуулаач?

-Америкт хойд Каролинагийн их сургуульд миний судалгааны ажлыг удирдаж байсан Проф. Г. Митчелл, А.Ундраа нар тус лабораторитой холбоотой төсөл хэрэгжүүлж байсан нь надад тэнд очиж докторын судалгаагаа хийх, улмаар тэндээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг нээж өгсөн. Доктор хамгаалсны дараа хэсэг ажиллаж байгаад буцаж Монголдоо ирж ажиллах боломжийг Цөмийн энергийн дарга асан Н.Тэгшбаяр бас олгож, дэмжиж байсанд талархаж явдаг.

-Өндөр хөгжилтэй улс орнуудад үлгэр жишээ ажиллаж байгаа монгол залуус олон байна. Тэдгээр залуусыг нэгдээд улс орондоо хэрэгтэй зүйлс хийгээсэй гэх хүмүүс байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Энд, тэнд сайн сургуульд өндөр боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвараараа танигдсан залуучууд маш их болж байна. Тийм залуучууд цаашид бүр ч олон болох нь тодорхой. Гол нь нэгдэж ажиллах боломж муу байх шиг байна. Угаасаа энд тэнд өөр, өөрийхөө сонирхол чиглэлээр дагнаад явчихсан болохоор яаж ч нэгдэх юм. Миний бодлоор Монголд атомын цахилгаан станц барина гэдэг ч юм уу, эсвэл НАСА-ийн төслүүд шиг том төслүүдийг бүтэхгүй байсан ч гэсэн алсын зорилго болгоод тууштай дэмжээд явбал тэрийг тойроод маш олон дагалдах технологиуд, аюулгүй ажиллагааны соёл, дүрэм журмууд, хүний нөөц зэрэг юм бага багаар нэмэгдээд л байдаг гэж боддог. Өөрөөр хэлбэл, тухайн том зорилго нь бүтэл муутай ч гэсэн бусад олон салбаруудад өгөөжтэй, шинэ технологиуд бий болох бааз суурь нь болж чадах том төслийг тэргүүлэх чиглэл болгоод явбал зүгээр санагддаг.

-Англи хэл эзэмших асуудал зөвхөн Монгол гэлтгүй бусад улс орны асуудал байдаг гэдэг. Тэр дотроо мэргэжлийн англи, шинжлэх ухааны англи хэл хамгийн хэцүү гэгддэг. Ер нь шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн англи хэлийг яаж сурах ёстой вэ. Та хэрхэн сурч байв?

-Хүн хүнд тохирсон сурах арга барил байдаг байх. Зарим нь юм сонсоод, зарим нь үзээд, зарим нь уншаад илүү сайн ойлгодог гэх мэт. Тэндээс өөртөө тохирсон сурах арга барилаа олоод авах нь зөвхөн хэл сурах гэлтгүй л бүх зүйлд хэрэгтэй гэж боддог. Бас аль болох өөрийн дуртай зүйлтэйгээ уялдуулж сурах нь өөрт түвэггүйгээр сайн сурах арга байх.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Шивээ-Овоо сумд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Шадар сайдын Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт аравдугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах юм. Тус сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар боллоо.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, Шивээ-Овоо сумын ард иргэдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт зохион байгуулав. Сургалтад тус сумын 180 гаруй иргэн хамрагдлаа.

Түүнчлэн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн штабуудаар орж, сургалт явуулах бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баавгай явж байгаа сумдад мэргэжлийн баг ажиллуулан холбогдох арга хэмжээг авна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт гэдэг газарт Сибирийн хар баавгай айл руу дайрч, аав хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн онцгой комисс хуралдаж дээрх бүс нутагт онц байдал зарлалаа.

Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллахаа тодорхойлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг ажиллуулан холбогдох арга хэмжээг авна” гэлээ.

Иймд ард иргэд малаа хариулах, самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зэргээр хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна. Мөн малчин айл өрхүүд хүнс хоол тэжээлийн зүйлсээ өөрсдийн унтаж амардаг газраасаа тусад нь өөр гэрт байлгах шаардлагатай гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д томуугийн вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байна

Засгийн газрын хөрөнгөөр томуугийн 159 мянга 500 хүн тун вакциныг хүлээн авсан. Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Вакциныг бага насны хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эхчүүд томуугийн дэгдэлт ихсэхээс өмнө хийлгэх шаардлагатай. Зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхэд 0.25 мл тарилгаар, гурваас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчид 0.5 мл тарилгаар тус тус нэг удаа булчинд тариулдаг. Өмнө нь ханиад томуугийн вакцин огт хийлгээгүй, халдвар авч байгаагүй есөөс доош насны хүүхдэд давтан хийлгэж болох аж. Бусад тохиолдолд давтан тун хийдэггүй гэнэ.

Томуугийн вакцин хийлгэхийг хүссэн иргэн ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетаар 08.30-14.30 цагийн хооронд үйлчлүүлж болох юм байна.

Харин үнийн хувьд хувийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг 28-45 мянган төгрөгөөр хийж байгаа бол ХӨСҮТ-д 15 мянган төгрөгийн төлбөртэй байна.