Categories
мэдээ нийгэм

Тогтоосон хязгаараас хурд хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутаг зургаан хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 1 хүүхдийн амь нас хохирчээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөх нь дийлэнх байв.

Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг асфальтан замд Honda CR-V маркийн машины жолооч, явган зорчигч 12 настай Б-г, Налайх дүүргийн шороон замд Sinotruk маркийн машины жолооч зорчих хэсгийн баруун талд зогсож байсан явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироожээ. Иймд тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭС:

12. Тээврийн хэрэгслийн хурд

12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.

Мөргөлдөх хэлбэрээр гарсан ноцтой ослоос дурдвал Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн нутаг “Шатав толгой” гэх газар шороон замд Toyota Land200 маркийн автомашин Hyundai accent маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б, зорчигч Э, зорчигч Э, нарын 3 хүн нас барж, зорчигч Э, зорчигч франц улсын иргэн Ж нарын хоёр хүн гэмтжээ.

Categories
мэдээ нийгэм

Лхагва гаригаас цас орж, сэрүүснэ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байх боловч 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-Аравдугаар сарын 7-ны 20:00 цагаас 8-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

Энэ сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10,11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

9-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэлийн бага хурал

Categories
мэдээ спорт

Ази тивээс Дэлхийн ГранПрид түрүүлсэн анхны баг боллоо

ФИБА 3х3 сагсан бөмбөгийн энэ улирлын хамгийн сүүлийн Дэлхийн гранпри Солонгосын Жэжү хотноо боллоо. Тус тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” баг Монгол улсаа төлөөлөн оролцсон юм. Манай баг хэсгийн шатанд АНУ-ын “Нью-Иорк Харлем” багт хожигдсон ч дараагийн тоглолтондоо “Инжэ” багийг хожиж хэсгээс 2-р байраар шалгарсан.

Улмаар хасагдах шатанд Европын хүчирхэг төлөөлөл Сербийн “Земун”, ОХУ-ын “Нева” багуудыг хожиж аваргын төлөө шалгарч, аваргын төлөө Словений “Пиран” багийг 13:10-аар хожиж аваргаллаа. Тус тэмцээний Хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-гээр тэмцээний туршид гайхалтай тэмцсэн “Улаанбаатар ММС Энержи” багийн тоглогч, ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрням шалгарав. Мөн манай баг тус тэмцээнд түрүүлснээр 15 мянган ам.долларын шагналыг хүртсэн төдийгүй Саудын Арабын их дуулгад оролцох эрхээ авлаа. Түүнчлэн “Токио-2020” олимпийн эрхийн оноогоо үлэмж ахиулж, одоогоор дөрөвдүгээрт дэвшээд байна. Гайхалтай түүх бүтээсэн манай тамирчид аравдугаар сарын 9-ний лхагва гарагт эх орондоо ирэх болно.

Categories
мэдээ нийгэм

С.Даваасүрэн: “Таван толгойн түлш” ХК-ийн үйлдвэрийн нунтгаас дээж авж шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас угаарын хийнд хордсон айлуудын хэрэглэж байсан түлш, түлш худалдан авсан цэг, “Таван толгой” ХХК-ийн үйлдвэр гэсн 3 газраас 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариуг нэгтгэн албаныхан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хордсон иргэдийн хэрэглэж байсан түлшнээс дээж авч шинжилгээ хийлгэлээ. Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Чингэлтэй дүүргээс 5, Баянзүрх дүүргээс 1, Сонгинохайрхан дүүргээс 2, Хан-Уул дүүргээс нэг дээж авч шинжлүүлсэн. Эдгээр 19 айлаас авсан дээжийг шинжлүүлэхэд стандартын хэмжээ, шаардлага хангасан гарсан. Тухайлбал түлшний үнслэг нь 29 буюу түүнээс бага байх байвал стандарт гэж үздэг. Үүнээс 23-24 хувийн үзүүлэлттэй гарсан. Мөн хүхэр нь 1 буюу түүнээс бага байх ёстой. Шинжлүүлсэн түлшний хүхэр 0.95-аас 1.004 гарсан. Илчлэг нь 4200 байх ёстой байхад 6200-аас дээш гарсан. Түүнчлэн “Таван толгойн түлш” ХК-ийн хоёр үйлдвэрийн нунтгаас дээж авж шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ахин нэг иргэн угаартаж нас баржээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг өрхийн гурван хүн угаарын хийнд хордож тэдний нэг 28 настай, эмэгтэй Ц нас баржээ.

Түүнтэй хамт байсан 58 настай, эмэгтэй Б ухаангүй, 30 настай, эрэгтэй О ухаантай боловч босч явж чадахгүй байдалтай байгаа аж.

Энэ хэргийг СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайдын мэдээллийг сонсож, буруутай этгээдэд хариуцлага тооцох чиглэл өглөө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр:

-Өнгөрсөн есдүгээр сарын дундуур УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсаныг хүлээж авлаа. Одоо хоёр хувилбар байна. УИХ-ын 73 дугаар тогтоолоо засаад Ард нийтийн санал асуулга явуулах, эсвэл гуравдугаар хэлэлцүүлгийг хийх. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа. Зөвшилцлөөр асуудлыг шийднэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд сайжруулсан түлшнээс иргэд угаартсан талаар Шадар сайдаас мэдээлэл сонслоо. Бүлгийн зүгээс ЗГХЭГ-аас яаралтай арга хэмжээ авч буруутай этгээдэд хариуцлага тооцож, дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн гэлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, амиа алдлаа. Засгийн газарт хариуцлага тооцох уу?

-Өнөөдрийн байдлаар дүгнэлт гараагүй байна. Дүгнэлт гарсны дараагаар буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина.

-МАН Ард нийтийн санал асуулга байр суурь дээрээ хэвээр байгаа юу?

-Олонхийн бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурин дээрээ хэвээр байгаа. Гэхдээ бид Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан.

-Ард нийтийн санал асуулгыг явуулах тохиолдолд ирэх жилийн сонгуультай хамтатгах вэ?

-Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орвол найруулгын шинжтэй зүйл орно. Шинээр санал оруулах гэвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт гэмт хэргийн гаралт буурчээ

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийн танилцуулснаар Улаанбаатар хотод өнгөрсөн есдүгээр сард гэмт хэргийн гаралт 3000 орчмоор буурсан байна.

Үүнд дотоод хулгай, дээрмийн хэрэг 15-45 хувиар буурчээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн 584 тохиолдол бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

АН шахмал түлшний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн удирдлагууд мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой хүний амь нас хохирч байгаатай холбоотой цаашид хэрэглэх нь зөв үү гэдгийг хэлэлцлээ. Шинжилгээний байгууллагууд дүгнэлт гаргасан ч баттай байр суурь нь мөн үү гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Шахмал түлштэй холбоотой асуудлаар Засгийн газар ажил хийсэн гэдэг ч их хэмжээний үрэлгэн зардал гаргасан.

Стандартыг хангаж, ажиллах, элементүүдийн бүтэц ямар байсан талаар олон нийтэд мэдээлэл байхгүй байсан. Цаашид яах вэ гэдэг гарцыг олж тогтоох хэрэггүй. Энэ асуудлаар АН улс төрийн акц хийх шаардлага байхгүй. Улаанбаатар тэр чигээрээ аюулын дохиотой боллоо.

Шинжилгээний дүн анхаарал татаж байна. Шахмал түлш илчлэг өндөр, чийглэг багатай ч гэсэн үнслэгийн хэмжээ их гэж байна. Иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгөөгүй байж иргэдэд тохох гэсэн уйваагүй асуудлаа төр, засгийн удирдлагууд болих хэрэгтэй хэмээлээ.

АН-ын зөвлөлийн уг шаардлагад “Төрийн нарийн өмнөөс “Тавантолгой” компанид үйлдвэрлэсэн шахмал түлш нь стандартад нийцсэн гэж байгаа ч дөрвөн иргэн амиа алдлаа. Хордсон иргэдийг буруутгах зохисгүй үйлдлээ зогсоож, шахмал түлшний үнэлгээг дахин хийж, алдаагаа давтахгүй байхыг шаардаж байна” гэжээ.

Мөн Улаанбаатар хотын түүх дурсгалын барилга, соёлын өвийг устгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тиймээс соёлын өвийг устгах талаар гаргасан шийдвэрээ У.Хүрэлсүхийн Засгийн газар цуцлах хэрэгтэй.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсантай холбоотой асуудлыг хэлэлцэж, цаашид хэрхэн байр сууриа нэгтгэсэн байна. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуулта хариулав.

-Хориг хүлээж авснаар АН Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцох уу?

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Бид АН-ын улс төрийн зөвлөлөөс гаргаж байгаа саналын зөвлөмжийг хүлээж авч байгаа. Тиймээс хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв үү?

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байсан. Гэхдээ эрх баригчдын хоёрдугаар хэлэлцүүлгийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын санал тусгагдаагүй. Ерөнхийлөгчийн саналаас цөөн тусгагдсан.

Засаглалын хэлбэрээ тодорхой болгож, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг АН гаргасан. Бид сонгуулийн тогтолцоогоо аль болохоор иргэд, олон түмэнд нээлттэй, тодорхой болгох саналыг тавьсан байгаа. Бидний тавьсан саналыг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн өөрчлөлтийг цааш үргэлжлүүлэхгүй.

Categories
гадаад мэдээ

Иракчууд Засгийн газрын бодлогоо эсэргүүцэн жагсав

Иракт Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, 113 хүн амиа алджээ. Өнгөрсөн бямба гаригт гэхэд нийслэл Багдадад таван хүн амиа алджээ. Жагсагчид авлига болон ажилгүйдлийн түвшин хэт өндөр, нийгмийн халамж үйлчилгээ нь муу байгаад бухимдаж эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлээд буй. Ард иргэд амьдрах нөхцөлийг нь сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдвэрлэж өгөхийг эрх баригчдаасаа шаардаж байгаа юм. Мөн хөдөлмөрийн зах зээлийг сайжруулж авлигатай үр дүнтэй тэмцэх талаар байр сууриа илэрхийлжээ. 2017 онд тус улсад Исламын улс зэвсэгт бүлэглэлийг устгасан. Түүнээс хойш хамгийн олон хүний амь үрэгдсэн анхны томоохон үймээн энэ болж байна.

Иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн гол буруутнаар байгуулагдаад жил орчим хугацаа өнгөрөөд байгаа ерөнхий сайд Адел Абдел Махдигийн засгийн газар болж байна. Засгийн газар тэмцлийг зогсоохын тулд хөл хорио тогтоох, интернэт хаах зэрэг хэд хэдэн арга хэмжээ аваад буй. Эсэргүүцлийн жагсаал нийслэл Багдадаас хальж, шиа муслим хүн ам голлодог тус улсын өмнөд хэсгийн Амара, Дивания, Хилла зэрэг хотыг ч хамарчээ. Мөргөлдөөний үеэр 500 гаруй хүнийг саатуулжээ. Мөн гурван мянга гаруй хүн бэртэл авчээ. Иракийн ерөнхий сайд Адел Абдел Махди өнгөрсөн баасан гаригт иргэдийн шаардлагыг биелүүлэхээ амлав. Гэсэн хэдий ч Иракийн асуудлыг бүрмөсөн шийдэх “ид шид” байхгүй болохыг сануулжээ.

Нэгдсэн Үндэсний Байгууллага болон Америкийн Нэгдсэн Улсын зүгээс Иракт өрнөж байгаа үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг Иракийн эрх баригчдаас хүсчээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР