Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Хөөн хэлэлцэх хугацаагаар 400 гаруй хэрэг хаагдах нөхцөл байдалд байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос зарим зүйлсийг тодрууллаа.


-Хууль зүйн байнгын хорооны хурал дээр та эсэргүүцэл илэрхийлсэн. Ямар шалтгаан байсан юм бэ?

-Хуулийн хулгайчид гэж байдаг. Хуулийн хулгайчаар мэргэшсэн хүмүүс ч бий. Мэдэхгүй хулгай хийж байгаа хүмүүс ч бий. Хуучин хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тооцдог байсан. Гэтэл 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэмт хэрэгт шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор шийдвэр гаргасан. Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байхаар оруулж ирснийг таван жил болгох заалтыг Байнгын хорооны хурлын үеэр хийсэн. Энэ юуг илэрхийлж байна гэхээр шүүх дээр гэмт хэрэгтнүүд, хуулийн байгууллагын зарим нөхдүүд гэмт хэрэгтнүүдийн шүүхээр хэрэг хянан шалгах шийдвэрлэх үйл явцыг хэргээр удааж байгаад шүүх рүү явуулахгүй гацаах, прокурор мөрдөн байцаагч хоёрын хооронд шидэлцэх зэргээр явсаар байгаад шүүхийн шийдвэр гаргахгүйгээр дуусахаар хуулийн өөрчлөлт хийсэн. Үүнээс болоод хоёр жилийн хугацаанд 400 гаруй хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах нөхцөл байдалд орж байна. Энэ дотроо нэг айлыг дээрэмдэж бусниулсан гэмт хэрэгтнүүдээс эхлээд бүлэглэж авлига хээл хахууль авч хэдэн мянган хүний амьдралыг сүйрүүлж байгаа авлигачдын хэрэгтэй холбоотой асуудлууд, жи- тайм гэх хэчнээн мянган хүнийг хохироосон залилангийн этгээдүүд зэрэг олон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээхгүй мултрах нөхцөл байдалд орж байгаа. Энэ хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр батлуулахад гол үүрэг гүйцэтгэж ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, дэмжиж санал өгсөн Х.Нямбаатар гэдэг нөхрийг яг энэ асуудлаар хууль зүйн байнгын хорооны хурлыг даргалах ёс суртахууны эрхгүй гэж би эсэргүүцсэн.

-Хуулийн хулгайч гэж нэрийдээд байгаа хүмүүст хэн хэн байна вэ?

-Хуулийн хулгайч бол 2017 оны Эрүүгийн хуулийн ажлын хэсгийг ахалсан Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, хууль дээр гарын үсэг зурсан Ц.Нямдорж нар болон хууль зүйн байнгын хорооны МАН-ын арав гаруй гишүүн. Ц.Нямдорж гишүүн үүнийг эхнээс нь мэдэж байсан. Энэ хэд хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Маш олон иргэд үүний цаана хохирч үлдэж байгаа. Авлигачид нийт массаараа маш өргөн хүрээтэйгээр хүмүүсийг хохироодог. Тэрбум төгрөгийн авлига авсан хүн цаана нь хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирол улсад учруулж байдаг. Улсад орох ёстой татвар, ашиг орлогыг хаадаг. Маш их хохирол учруулж байгаа олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны ард ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэж байгаад харамсаж байна.

-Х.Нямбаатар гишүүн хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээж байгаа АН-ын олон гишүүн байгаа. Тэд хариуцлага хүлээх учраас таныг зохион байгуулалттайгаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байна гэж байсан?

-Энэ төрд ажиллаад хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэг хийсэн Ардчилсан намын болоод МАН-ын олон хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг хэргээс мултрах боломжийг нь гаргаж өгсөн хүмүүстэй би тэмцэж байна. Тухайн үед би чуулганы хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж болохгүй гэж олон удаа хэлж байсан. Байнгын хороо долоон цаг гаруй хуралдаж хамгийн сүүлд ганцхан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал хэлэлцэх үед Ц.Нямдорж гуай картаа сугалаад гарч явчихаад орж ирсэн. Үүнийг эхнээс нь мэдэж байсан учраас амны салиа нь арилаагүй хэдэн гишүүнээр хийлгэсэн. Зарим нэг хүмүүс хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан шүү дээ. Хамгийн гол нь хоёр жилийн хугацаанд 400 гаруй гэмт хэрэгтнүүд хуулийн хариуцлагаас зугтах боломж гаргаж өгсөн хуулийн хулгайчидтай би тэмцээд байхад АН-ын хүн ярилаа гэх юм.

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн төслийг өөрчлөх төсөл өргөн барьсан. Ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Одоогийн Засгийн газрын оруулж ирж байгаа хувилбар маш зөв зүйтэй тусгагдсан зүйл заалттай. Авлига, албан тушаалын гэмт хэргийг тусгайлан авч үзэж энэ төрлийн гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг илүү уртасгах, яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж оруулж ирж байгаа. Хууль зүйн яамнаас оруулж ирж байгаа саналыг бүгдийг нь дэмжиж байгаа. Гэмт хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаагаар хариуцлагаас зугтах боломжийг хаасан өөрчлөлтүүд байна лээ.


Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Ц.Содномдорж: Бөх барилдах шиг аз жаргал надад байхгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын арслан Ц.Содномдоржтой ярилцлаа.


-Арслан сайхан намаржиж байна уу. Бэлтгэлдээ орж амжсан уу. Ямар наадмуудад зодоглов?

-Сайхан намаржиж байна аа. Наадмаас хойш Тосонцэнгэл сумандаа очиж барилдлаа. Нутагт маань хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун намар болоод улирч байна. Хөнгөхөн бэлтгэл хийж байгаад сая л барилдааны бэлтгэлдээ орсон. Бэлтгэл жигдрэхээр заалны барилдаануудад гарна даа.

-Наадмын тухай хууч яриа татарч амжаагүй л байна. Өнөө жилийн наадмын талаар ярилцлъя л даа. Таны хувьд их шөвөгт шалгарч чимэг нэмлээ?

-Шилдэг аварга, арслангууд бүгд өндөр даваанд гарч ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Хэдэн жил яригдах сонинтой, чансаа өндөр сайхан наадам боллоо. Миний хувьд их шөвөгт шалгарч саруул сайжрах чимэг нэмсэн. Сайхан байна.

-Долоогийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгс гурван бөхөөс таныг амлаж барилдсан нь олон хүний анхаарлыг татсан. Барилдаан ямар болов?

-Долоогийн даваанд гурван аварга гарч ирсэн. Улсын арслан П.Бүрэнтөгс бид хоёр нэг үед сайхан өрсөлдөж байгаа бөхчүүд. Сая Э.Оюунболд, Д.Анар бид гурваас намайг амлаж барилдсан. Тэнцүүхэн л барилдаан болсон. Шоо шидээд миний талд буухад барьц сонгоод л давсан. Арслан хий зайгүй нягт барилдаж байна лээ. Шоо П.Бүрэнтөгсийн талд буусан бол боломжоо алдахгүй л байсан байх.

-Зургаагийн даваанд Б.Орхонбаярыг амлаад хонгодоод хялбархан давж байсан. Наадмаар том цолтнууд ир нь орсон залуу начингаас бэргэж амлахаас жийрхэж тойроод байсан шүү дээ. Б.Орхонбаяраас ямар хий зай харж амласан бэ?

-Чансаа өндөртэй наадам болсон талаар би яриандаа дурдсан. Зургаагийн даваанд таван бөхөөс л нэр сонссон. Эрэмбээр нь харж байгаад л шийдвэрээ гаргасан. Сэнжигэнд хүрвэл хонгодож болно гэж тооцсон хэрэг.

-Таныг ажиглахад наадмын дэвжээнд гол төлөв тунаж барилдаж байгаа харагддаг. Сая П.Бүрэнтөгс арслан амласан нь анхны тохиолдол уу?

-Би улсын наадамд хоёр удаа л амлуулж барилдсан. Өмнө нь Б.Баянмөнх начин намайг амлаж байсан. Сая П.Бүрэнтөгс арсланд амлууллаа.

-Анх та улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байв?

-Яг тодорхой санахгүй байна. 2003 онд бэлтгэл хийж эхлээд байхад цолтнууд ч сүрдмээр байсан шүү. Тухайн үед цэргийн арслан Т.Мөнгөнцоож ахад унаж байснаа мартдаггүй юм. Давсан гэхээс илүү өвдөг шороодсон барилдаанууд санаанд тод үлджээ.

-Улсын наадамд анх зодоглож байсан дурсамжаа хуучилбал. Таны хувьд улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлчихсэн хойноо улсын наадамд барилдсан санагдаж байна?

-Аварга арслангуудтай хамт дэвээд гарахад хийморь сэргээд сайхан байсан шүү. Цэнгэлдэх дүүрэн хүн цуглачихсан. 2008 онд аймгийн хурц арслан цолтой залуу улсын наадамд анх барилдаад хоёрын даваанд аймгийн заан Ч.Бямбадорж ахад унаж байлаа. Өмнө нь улс аймгийн цолтнуудтай барилдаад дадчихсан байсан л даа. Наадмын дэвжээ гэдэг өөр юм билээ.

-Дараа жил нь л улсын цол хүртэж байсан санагдаж байна. Тэр жилийн шинэ начингуудын олонх нь цолоо ахиулжээ. Онжав цолтнуудынхаа талаар ярихгүй юу?

-2009 оны наадмаар шүү дээ. Дөрөв давчихаад ирсэн чинь аадар бороо асгараад л. Хэсэг амраад гараад ирэхэд тайлбарлагч улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй тунасан талаар хэлж байлаа. Бороо орсон, халтирчих гээд их эвгүй барилдаан болж байсан даа. Хашиж мордоход нь мэдрээд дээр нь тусч байсан. Харцага цолны төлөө Ө.Бат-Оршихтой тунаж барилдаад унасан. Шуудганд хүрэхийн өмнөхөн л тахимдуулаад суучихаж билээ. Улсын аварга С.Мөнхбат, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат нар тэр жил шинээр улсын цол хүртэж байлаа. Хожим нь бүгд цолоо ахиулсан байна. Энхбат начингийн тухайд сая дөрөв дэх удаагаа тав давж бүх начингуудын манлай боллоо.

-Таныг том цолд хүрнэ гэж жил бүр л тааварт оруулж байсан. Гэсэн ч улсын харцага цолтой их удсан даа. Юу нь болохгүй байв. Тухайн үед өөрийн барилдаандаа ямар дүгнэлт хийж байсан бол?

-Намайг цолоо ахиулчихаасай гэж олон хүн дэмжиж байсан. 2009 онд начин болоод шантралгүй зүтгэсээр байгаад л 2017 онд улсын наадамд түрүүлсэн. Их шүүслүүлж байж улсын наадамд түрүүлсэн шүү. Бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд тултал базаагаад л наадамдаа зодоглодог. Яаж ч болохгүй л уначихаад байсан. Түрүүлдэг жилээ заан цолны төлөөх даваанд Бадарч харцагатай тунаж барилдсан. Давчихаад гүйж байхад нуруун дээрээс ачаа авчихсан юм шиг санагдаж байсан шүү. Наадамчид ч үерийн ус шиг давалгаалж уухайлаад, мөн ч сайхан байж билээ. Гантай зун хур асгарч байгаа юм шиг л. Намайг дэмждэг хүмүүсийн тэр их хүлээлтийг тайлсандаа баярладаг юм. Цаашдаа цолоо ахиулахын тулд хөдөлмөрлөөд л явж байна.

-Жүдогийн н.Жамсран багштай хамтарч ажилласнаас хойш таны барилдааны арга техник илүү баялаг болсон юм шиг санагддаг. Багшийнхаа талаар ярихгүй юу. Хэрхэн багш шавийн барилдлага барьж байв?

-Цолоо ахиулах хүсэл их байдаг. Нэг л болж өгдөггүй. Бодож байгаад л барилдаан арга хэлбэрээ шинэчлэхээр Жамсран багш дээр очсон доо. Дөрвөн жил хамтарч ажиллаад л улсын наадамд түрүүлсэн. Өнөөдрийг хүртэл зааж зөвлүүлээд л явж байна. Надад их нөмөр нөөлөг болдог хүмүүсийн нэг. Хутгаа, хөмрөө, хавираа гээд хөл мэхнүүдийн нарийн техникийг миний барилдаанд суулгаж өгсөн. Мэх техникийг нь уйгагүй бэлдээд байхад рефлекс болчихдог л доо. Арслан цолны төлөөх шийдвэрлэх даваанд өөрийн мэдрэмжээрээ л хөмрөөд даваа авсан.

-Хөвсгөлийн Уйлган голын гурван аваргаас хойш аварга цолтон нутгаас тань төрсөнгүй. Танд аварга цол хэр ойрхон харагдаж байна?

-Жил жилийн наадмаар л сайхан барилдъя гэж зорьж бэлтгэлээ хийгээд явж байна.

-Та хамгийн олон дэмжигчтэй бөх. Энэ их хүлээлт нэг талаараа танд дарамт болж байсан удаа бий юу?

-Үгүй. Харин ч намайг гэсэн тэр хүмүүсийн сэтгэлийн хүчээр өдий зэрэгтэй явна гэж ойлгодог.

-Өнөө жилийн наадмын түрүү бөх маань допингийн асуудалд холбогдлоо. Улсын арслан цолтой бөхийн хувьд яаж харж байна?

-Эрийн гурван наадам гэдэг сайхан шүү. Манай нутгаас тийм бөх цол хүртлээ, тийм хүлэг айрагдлаа гэж аймаг хошуугаараа баярлаад хүн болгон л гэрэл цацруулсан эерэг энергитэй сайхан наадсан. Наадмын архан тал дээр ийм таагүй мэдээ сонсогдлоо. Төрийн наадмын түрүү бөх допингийн асуудалд холбогдсон нь харамсмаар юм. Түрүү бөхийн өөрийнх нь хариуцлагатай холбоотой асуудал гэж үзэж байна. Мэдээллийн эрэн зуунд мэдээлэлгүйгээс допингийн төрлийн бодис хэрэглэнэ гэдэг боломжгүй асуудал. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхийн галуудаар явж хориотой эмийн жагсаалтын талаар танилцуулж сургалт хийдэг. Үүнийг мэдсээр байж допингийн асуудалд холбогдож байгаа нь нэг талаараа төрөө хүндлэхгүй, ард түмнээ үл тоож байгаа хэрэг л дээ. Энэ их өв соёлыг нуруундаа тээж, манлайлж яваа хүний хувьд байж болохгүй асуудал.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх тал дээр хойрго хандаад байх шиг. Бөхийн салбар хорооноос цол хурааж, барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан ч Баяр наадмын комисс дээр очоод гацчихаад байна. Допингийн асуудалд холбогдсон нэг бөхийн нэр өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна шүү дээ?

-Бид мэдэхгүй юм. Төрийн түшээд шийдвэрээ гаргах биз. Баяр наадам зохион байгуулах комисс нягтлаад, эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

-Наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээний хариугаа зарлаж Бөхийн салбар хорооноос шинжилгээний хариуг яаралтай зарлахыг шаардсан. Зохион байгуулалттай гэмээр хийсэн энэ мэдэгдлүүд цаагуураа бөхчүүд шинжилгээний хариугаа нуун дарагдуулдаг гэх хардлагыг нийгэмд төрүүлсэн. Шинжилгээний хариуг нуун дарагдуулах тохиолдол байдаг юм уу?

-Тэрнээс допинг илэрлээ, тэр шинжилгээний хариугаа нуулаа гэсэн барьцгүй яриа ам дамжаад явж л байдаг. Би Тосонцэнгэл сумынхаа сургуулийн ойн баярт барилдаад явж байсан л даа. Таньдаг хүмүүс “Хоёр, гурван хүнээс допинг илэрсэн гэнэ. Тэдэн дунд чиний нэр явж байна” гэх яриа дуулдаж байна. Харин бөхийн салбар хорооноос “Таны допингийн шинжилгээ цэвэр гарсан” гэж мэдэгдсэн. Үүнийг сонсоод л мэдэгдэл хийгээд цахим хаягаараа түгээсэн.

-Бөхийн салбар хорооноос шинжилгээ нь цэвэр гарсан хүмүүс рүү утасдаж мэдэгддэг юм уу?

-Мэдэгддэг.

-Допинг хэрэглэчихээр тэгж их бяр ордог хэрэг үү. Хүний биед ямар үйлчилгээтэй эд вэ?

-Энгийнээр тайлбарлахад гурван настай хүүхдүүдийн дунд тав зургаан настай хүүхэд ороод л барилдаж байна гэсэн үг.

-Өнөөдөр сумын заан цолтой бөх допингийн шинжилгээнд бүдэрч байгаа нь монгол бөхөд допингийн хэрэглээ хавтгайрлаа гэх айдсыг төрүүлээд байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бөхчүүдийг баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй байна. Улиралдаа нэг удаа допингийн шинжилгээ аваад байхад энэ асуудал цэгцэрнэ л дээ. Өнөөдөр үндэсний бөх өндөр түвшинд хөгжсөн байна. Залуу бөхчүүд долоо хоногийн бүх өдөр бэлтгэл хийж байна. Өдөрт хоёр удаагийн бэлтгэл хийдэг залуус ч байна. Ямар нэгэн ажил эрхлэхгүй бүх цаг заваа амжилт гаргахад зориулж байна. Үндэсний бөхийн хөгжлийн түвшин дээд цэгтээ ирчихлээ. Сумын заанууд гарын үзүүрээр унадаг үе ард хоцорсон. Бяр жингээрээ улсын цолтнуудаас нэг их ялгаагүй болжээ. Улсын наадамд ямар ч бөх түрүүлэх боломжтой болчихсон байна. 1990-ээд оны үед бол тэр тэр түрүүлж үзүүрлэнэ гээд хэлчихдэг байлаа шүү дээ. Одоо бол таашгүй болсон. Энэ чанараараа үзэгчдийг их татаж байна л даа.

-Өнөө цагт төр түшилцэж буй нэгэн эрхэм “Монгол бөхийн тал хувь шоу драмын чанартай болсон. Допингийн шинжилгээ авах хэрэг байна уу, үгүй юу” гэх утгатай мэдэгдэл гаргасан байна лээ. Энэ талаар ямар бодолтой байна?

-Харин тийм байна лээ. 2500 жилийн түүхтэй энэ их өв соёлыг төрийн түшээ хүн ийм мэдэгдэл хийж үгүйсгэж болохгүй. Төрийн наадам гэж ярьдаг шүү дээ. Төрийн түшээ хүн ийм мэдэгдэл хийж байгаа нь утгагүй байна. Үндэсний спортыг спорт биш гэж байгаа нь эмгэнэлтэй хэрэг. Ямар үндэслэлээр шоу драм гэж байгааг нь ойлгохгүй юм. Бодвол найраа өгөө, аваа газар авсан гэж хэлж байгаа юм болов уу даа. Энэ их өв соёл тээж байгаа аварга, арслангууд, залуу бөхчүүд ч тэр бөхчүүд дор бүрнээ бодолцож нэрээ хичээж явах хэрэгтэй байна. Энэ их өв соёлыг тээж дараа үедээ хүлээлгэж байгаагаа ухамсарлах хэрэгтэй.

-Ирэх амралтын өдөр Баянзүрх хайрханы хишиг барилдаан болно. Та зодоглох уу?

-Саяхан л үндэсний бөхийн бэлтгэлдээ орсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л хөлөндөө хоёр ч удаагийн мэс ажилбар хийлгэсэн. Баруун хөлний урд талын чагтан холбоос тасарлаа. Сэдрэхээр нь дахиж эмчлүүлсэн. Ойрын хугацаанд барилдаж амжихгүй байгаа маань бэртэл гэмтэлтэй холбоотой. Ямар нэгэн бэртэл гэмтэлгүй бол барилдахаас илүү аз жаргал гэж надад байхгүй. Өдөр тутам дуртай зүйлээ хийх сайхан шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Батбаяр: Хууль бус үйл явдал байж болохгүй гэж үзэл бодлоо илэрхийлсний төлөө Г.Ганхуягийг хорьсон


“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорьсон билээ. Түүнийг трансжендер иргэдийг айлган сүрдүүлж, дарамталж, эд хөрөнгө нэхсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм. Харин тус байгууллагынхан үүнийг эсэргүүцэж, бид хэн нэгнийг шантаажилдаггүй гэдгээ илэрхийлж, газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа залуусыг харлуулах гэсэн оролдлого хэмээсэн. Хэргийн талаар Г.Ганхуягийн өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.


-“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг саяхан баривчилж, цагдан хорьсон. Цагдан хорих үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-Миний үйлчлүүлэгчид энэ оны есдүгээр сарын 7-ны өдөр бэлгийн чиг хандлага нь арай өөр заяагдсан хүмүүсийг дарамталсан, айлгасан гэдэг үндэслэлээр эрүүгийн гэмт хэрэг үүсгэхийг оролдсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 17.6.1-д зааснаар дарамтлах гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэсэн байсан. Ямар ч хүнийг сэжиглэн шалгаж болно л доо. Гэхдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагдан хорих шаардлагагүй юм байна гэж үзсэн. Гэтэл тухайн эрүүгийн цагдаагийн газрын хэсэг бүлэг мөрдөн байцаагч, прокурорын зүгээс “Үгүй ээ. Заавал цагдан хорихгүй бол тухайн хохирогч гээд байгаа трансжендер гэх хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүсээд байна. Олон нийтийн цахим сүлжээгээр алахыг заналхийлээд байна” гэх мэтчилэн нотлох баримтыг буруу тайлбарласны үндсэн дээр давж заалдаад Баянгол дүүргийн ерөнхий шүүгчээс цагдан хорих тухай шийдвэр гарсан. Нотлох баримт болон тухайлсан үйл явдлыг гуйвуулан тайлбарлах прокурор болон мөрдөн байцаагч нар өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгосон. Гэхдээ энэ аравдугаар сарын 20-нд дахин сунгааны шүүх хурал болно. Тэр үед болон тэрнээс өмнө Г.Ганхуягийг суллах, гадуур батлан даалтад байлгаж тухайн гэмт хэрэгт шалгуулах, гэм буруугүйг нь нотлуулах боломжоор хангахыг зорьж байна.

-Бэлгийн цөөнх хүмүүстэй холбоотой хяналт шалгалтын үеийн мэдээллийг зарим хэвлэл, сошиалаар цацсан. Ер нь ямар зорилгоор хяналт шалгалт хийж явсан юм бэ?

-Миний үйлчлүүлэгч өөрөө яваагүй. Есдүгээр сарын 6-гаас 7-нд шилжих шөнө “Босоо хөх Монгол”-ын Баянгол салбарынхан хууль бусаар бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах буюу Эрүүгийн хуулийн 12.2-д заагдсан гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарсан хяналт шалгалт явуулсан байсан. Төрийн бус байгууллагын зүгээс нийгмийн сайн сайхны тусын тулд хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайл болох муу муухай болгоныг таслан зогсоох үүргийнхээ хүрээнд ингэж явах эрх нь байгаа. Энэ тухай ТББ-ын тухай хуулийн 4.2-т тодорхой заагаад өгчихсөн. Үүнийхээ хүрээнд л ажилласан шүү дээ. Хяналт шалгалтын дараа ийм хууль бус үйл явдал байж болохгүй гэж үзэл бодлоо илэрхийлсний төлөө манай үйлчлүүлэгчийг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэж байгаа.

-Үндсэн хуульд хүнийг нийгмийн гарал, ажил хөдөлмөр, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон зүйл заалт бий. Тэгэхээр бэлгийн цөөнх буюу трансжендерүүдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан юм биш үү?

-Үндсэн хуульд хүнийг ажил байдал, нийгмийн гарал, бэлгийн чиг хандлага гэх зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн ерөнхий заалт бий. Тэгвэл манай үйлчлүүлэгч тэдгээр хүмүүсийн хууль ёсны уг эрхийг огт хөндөөгүй. Харин хууль бусаар бэлгийн харьцаанд ордог, нийгэмд нэр төртэй хүмүүсийг өөрсөдтэй нь бэлгийн харьцаанд орсны дараа дарамтлах, мөнгө нэхэх хууль бус үйлдэл гаргаж байгааг хэвлэл мэдээллээр цацсан. Манай нийгэмд эр, эмийн харилцааг л хууль ёсны, жам ёсны бэлгийн харилцаа гэж хүлээн зөвшөөрдөг. Бусад нь ёс бус гэж хуулиар хориглодог. Гэтэл тэдгээр хүмүүс бид бэлгийн цөөнх гэдгээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэдэг эрүүгийн шинжид заагдсан үйлдлээ зөвтгөж, өөгшүүлж, дэлгэрүүлж болохгүй гэж байгаа юм. Та нар үүнийг дэлгэрүүлээд хүүхэд залуусын оюун санаанд буруу зан төлөвшил, хүмүүжлийг бий болгож болохгүй шүү дээ гэж үзэл бодлоо илэрхийлсний төлөө хорьчихоод байна. Үүнийг тэгээд аргадаж хэлэх ёстой юм уу. Эр хүнийхээ хувьд жаахан хатуухан л хэлсэн шүү дээ. Үүнийх нь төлөө эрүүл мэндийг нь устгахаар заналхийлж байна. Мөн эд хөрөнгө авах гэсэн мэтээр тайлбарлаж байна. Эд хөрөнгийн тухайд нөгөө хүмүүс л “Энэ мэдээллээ авчих, авах юм бол та нарт машин өгье” гэдэг зүйл ярьсан юм билээ. Үүнийг гуйвуулж тайлбарлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, хохирогч гээд байгаа тал “Сэтгэгдлээ устгаач ээ, устгахгүй бол та нарыг цагдаад хэлж байгаад шоронд хийнэ” гэж заналхийлсэн. Үүнийх нь төлөө “Тэгвэл та нар тэр Баянголынхонтойгоо машин тэрэг өгдөг санж уу, учраа ол л доо, надад ямар хамаатай юм” гэж утсаа тавьсных нь төлөө дарамтлах гэмт хэрэг болж, машин нэхсэн болж таарч байна. Машин нэхээд араас нь хөөцөлдсөн зүйл байхгүй. Тухайн үед дарамт шахалтаас л зайлсхийх зорилгоор тэр хүмүүсийн санал болгоод байгаа зүйлийг наадахаа Баянголынхонтой ярь гэж хэлсэн.

-Та “Босоо хөх Монгол” ТББ-ынхныг хэр мэдэх вэ, үйл ажиллагааг нь дэмждэг үү?

-“Босоо хөх Монгол” ТББ хуульд заагдсан эрхийнхээ хүрээнд байгуулагдсан хууль ёсны байгууллага юм. Маш олон гишүүн дэмжигчтэй. Одоогийн байдлаар 27 мянган гишүүд дэмжигчтэй гэж үздэг. Үүнийг нийгэмд гэмт бүлэглэл мэтээр харуулж, харлуулах гэж оролддог хэсэг бүлэг хүн байна. Дарамталдаг. Бусдаас мөнгө төгрөг шантаажилдаг гэх мэтээр харуулах гэж оролддог. Мэдээж тэр олон мянган гишүүнээ нэг бүрчлэн хянаад байх боломж хомс. Хэн нэгний гаргасан санамсар болгоомжгүй үйлдлийг буруугаар тайлбарлах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр, уг байгууллагад хамааралгүй хүмүүс “Босоо хөх Монгол”-ын нэрийг барьж элдэв буруу үйлдэл хийж, үүнийгээ өөрөөсөө зайлуулж, бусад руу чихдэг байж мэднэ. Ямартаа ч энэ залуусын хувьд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

“Босоо хөх Монгол” бол Ноён уул тойрсон асуудал, уран зэрэг нийт ард түмний эрх ашгийн төлөө байгаль эхээ өмгөөлж тэмцэж ирсэн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын хууль бус үйл ажиллагаатай хуульд заагдсан хүрээнд тэмцдэг. Эхлээд очиж үзэл бодлоо илэрхийлнэ. Тулган шаардлага хүргүүлнэ. Мөн хүсэлт гаргаж, хуульд заасны дагуу жагсаал цуглаан зохион байгуулдаг. Ингээд болохгүй бол шүүх, цагдаад хандаад явдаг шүү дээ. Үүнийг бүгд л мэдэж байгаа. Тэд хууль бус үйлдэл хийж, хэн нэгнийг шантаажилж мөнгө нэхдэг хүмүүс биш. Газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа жирийн залуус юм. Тэртэй тэргүй олон нийтийн анхаарлын төвд байгаа хэрнээ нэр төрөө албаар сэвтүүлэх гэж байгаа мэт бусдаас мөнгө нэхээд зогсож байна гэж байхгүй биз дээ.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хүчин дэлгэрнэ

Аргын тооллын аравдугаар сарын 8, Ангараг гариг. Билгийн тооллын 10, шар бар өдөр. Өдрийн наран 07:00 цагт мандан 18:18 цагт жаргана. Энэ өдөр хот тосгоны суурь тавих, бурхан, шүтээн, орон гэрийг аравнайлах, бэр буулгах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх зэрэгт сайн. Эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах зэрэгт харш.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хүчин дэлгэрнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Дөрвийн дөрвөн хүн үрэгдчихээд байхад дөмбийгөөд суудаг хэвлэл мэдээлэл гэж хаана ч байхгүй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Шахмал түлш хэрэглэж
байгаад угаартаж эрүүл
мэнд, амь насаараа хохирсон
иргэдийн тоо өссөөр байна. Шахмал түлшний асуудлын эргэн тойронд өрнөөд байгаа асуудлыг сурвалжилсныг нэг, зургаа, долдугаар нүүрэнд нийтэллээ

УИХ-ын гишүүн
Д.Оюунхоролтой
хийсэн ярилцлагыг нэг, хоёр, дөрөвдүгээр нүүрнээс уншаарай. мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг нэг, тавдугаар нүүрэнд нийтэллээ.

Орхон аймгийн Цэргийн
штабын дарга өрөөндөө
буудуулсан байдалтай олдсон
хэрэг өнгөрсөн наймдугаар
сард гарсан. Тэгвэл түүнийг гадны нөлөөгүй нас барсан хэмээн шинжилгээний дүгнэлт гаржээ. Энэ тухай нийтлэлийг нэг, 11 дүгээр нүүрнээс унших боломжтой.

Манай сонины гол бичлэгүүд нийгэмд өрнөж буй эмзэг сэдвийг хөндөж байдаг билээ. Энэ удаад “Дөрвийн дөрвөн хүн үрэгдчихээд
байхад дөмбийгөөд суудаг хэвлэл
мэдээлэл гэж хаана ч байхгүй
энийтлэл хэвлэгдлээ.

Солонгос–Японы худалдааны дайны тухай нийтлэлийг гадаад мэдээний нүүрнээс хүлээн авч уншаарай. Түүнчлэн “Өд бэх”, “Танин мэдэхүй” булангуудаа сонирхон уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрдэм шинжилгээний форум боллоо

Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Берлиний хана нурсны 30 жил, Falling Walls Accociation үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Falling Walls Lab Mongolia” форум Монголд анх удаа 2019 оны 10 сарын 4-нд Гадаад Харилцааны Яаманд амжилттай зохион байгуулагдлаа.

Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий “Falling Walls Lab” форум нь эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд хэн бүхнийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа 3 минутын дотор багтаан бусдад танилцуулах боломжийг олгодог юм.

image

“Falling Walls Lab Mongolia” форумд оролцсон залуу эрдэмтэн, судлаачдаас МГТИС багш З.Ууганбаатар “Breaking the Wall of Wind and Mind” сэдэв бүхий шинэлэг санаагаараа 1-р байрын шагналыг хүртэн 11 сарын 8-нд Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын “Falling Walls Lab Finale”-д орон орны 100 үндэсний ялагчтай өрсөлдөх болов. Дэлхийн нэр хүндтэй “Falling Walls Conference”-д оролцох ба тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж, “Which are the next walls to fall?” буюу “Дараагийн нурах хана хаана вэ?” асуудлаар хэлэлцэнэ. Олон Улсын “Falling Walls Lab Finale” форумын нэг ялагч “Falling Walls Conference”-д өөрийн шинэлэг санааны талаарх илтгэлээ дахин танилцуулж, мөнгөн шагнал хүртэнэ. Үндэсний ялагчийн аяллын зардал болон 11 сарын 07-оос 09-ний хооронд Берлин хотод байрлах зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Олон улсын бүх Лаб-финалистууд “Falling Walls Conference”-д сонсогчоор оролцох эрхийг эдлэх юм.

Форумд Филиппин улсаас ирж оролцсон Cardinal Health International Philippines байгууллагын Regulatory Sciences Department-ын дарга Emmanual C.Damian “Breaking the Wall of Fast Fashion” төслөөр2-р байр, МГТИС-ийн багш Р.Нямдулам “Breaking the Wall of Light Emission” төслөөрөө 3-р байрыг тус тус эзэллээ.

Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль”, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, хэвлэлийн түншээр Монголиан Экономи, business.mn хамтран ажиллав.

image

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдын амралт аравдугаар сарын 28-нд эхэлнэ

Энэ жилийн тухайд хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 буюу есдүгээр сарын 1-нээс өмнө батлан гаргасан.

Тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр аравдугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна.

Нийслэлийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
  • II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амрах юм.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног
  • II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний мөнгөн ус борлуулах гэж байжээ

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд энэ сарын 6-нд хяналт шалгалт явуулжээ.

Энэ үеэр иргэн Ө, Т нараас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон мөнгөн усыг хууль бусаар олж авч, хадгалан бусдад зарж борлуулах гэж байх үед саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр бүлэг этгээдээс 10 килограмм 320 грамм мөнгөн ус илрүүлжээ.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Categories
мэдээ нийгэм

Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгчид долоон хүний амь нас аварчээ

Өнгөрөгч 09 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд гэр хорооллын нүүрний эгнээнд хашаан доторх хоёр айлын гэр шатаж байгаа дуудлагыг тус сумын иргэн ирүүлжээ.

Энэ дагуу Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн харъяа Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаа, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очиж шатаж байсан гэрээс 7 хүнийг гаргаж амь насыг нь аварсан байна.Тэднийг очиход эзэнгүй нэг гэр нь шатаж дууссан, хажуу талынх нь гал авалцаж байсан гэрт Д.Цэемаа /70 нас, эм/, Б.Ууганбаяр /14 нас/, Б.Отгонбаяр /12 нас/, Э.Саруулбуян /9 нас/, Э.Цэлмүүн /5 нас/, У.Маргад /1 нас/ нар угаартсан байдалтай унтаж байжээ.

Алба хаагчдын ярьж байгаагаар эхлээд хүүхэд, том хүн нийлсэн 6 хүнийг гэрээс гаргасан байна. Хамгийн сүүлд хүн үлдсэн эсэхийг шалгахад У.Маргад гэх нэг настай охин орныхоо хөлд унасан байдалтай унтаж байхыг олж аварчээ.

Мөн тухайн хашаанд байсан тээврийн хэрэгсэл, 30 гаруй сая төгрөгөөр шинэхэн баригдсан байшин, хураалттай өвс зэргийг галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж чадсан байна.

Галын шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох байгууллагууд шалгалт явуулж байгаа аж. Шатсан айлын эздүүд сумын төв дээр зохион байгуулагдаж байсан тэмцээнд оролцохоор явсан байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар 2019 оны 10 дугаар сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын төрийн дээд удирдлагад бараалхаж, Монгол, Казахстаны бизнес форумд оролцож үг хэлнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх айлчлал болох юм.