Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ.

Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж.

Уг тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 28-нд эхэлнэ. Та бүхэнд 2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
  • II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амарна\

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

    • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
    • II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
    • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
    • III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
    • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэргийн штабын даргын цохондоо бууны шархтай нас барсан хэргийг гадны нөлөөгүй гэж үзжээ

-Талийгаачийг амиа хорлох хүн биш хэмээн ойр тойрныхон хэлж байв-

Орхон аймгийн. Цэргийн штабын дарга өрөөндөө буудуулсан байдалтай олдсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан байдаг. Аймгийн Цагдаагийн газрын шуурхай утсанд “Манай дарга өрөөндөө нас барлаа” гэсэн дуудлага өнгөрсөн наймдугаар сарын 5-ны өдрийн 12:30 цагийн орчимд иржээ.

Цагдаа нар хэргийн газар очиход Цэргийн штабын дарга Л.Болд өөрийнхөө өрөөнд бууны шархтай нас барсан байсныг тухайн үед бид мэдээлж байсан. Хэрэг гарснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна.

Олон хүн амтай хотын Цэргийн штабын дарга, дэд хурандаа хүн яагаад өрөөндөө бууны шархтай олдов гэдэг асуулт ар гэр, хамт ажиллагсад, Орхон аймгийнхан төдийгүй улсын хэмжээнд анхаарал татсан билээ. Учир нь талийгаач Цэргийн штабын даргын албыг аваад удаагүй, тохитой томоотой нэгэн байсныг хамт ажилладаг хүмүүс нь дуу нэгтэй хэлж байв.

Тэрбээр энэ албандаа 10 гаруй жил тогтвор суурьшилтай ажилласан нэгэн байж. Түүнээс өмнө Зэвсэгт хүчний хэд, хэдэн ангид Албаны дарга, Засварын тасгийн дарга, галт хэрэгслийн инженерийн албыг хашсан юмсанж.

Талийгаач цохон тус газраа бууны шархтай байсныг албан бус эх сурвалжууд хэлж байсан юм. Үүнийг орон нутгийн эх сурвалжууд ч үгүйсгээгүй. Цэргийн штабын дарга, дэд хурандаа албан өрөөндөө толгойдоо бууны шархтай нас барсан хэргийг хуулийн байгууллагаас гадны нөлөөгүй гэж үзэн хэргийг хаажээ.

Харин ар гэрийнхэн, хамт ажиллаж байсан хүмүүс уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Түүнээс гадна аймгийн Цэргийн штабын дарга шинээр томилогдоогүй, Орхон аймгийн хэмжээнд дуулиантайхан сарууд өнгөрч байгаа бололтой.

Бид талийгаачийн ар гэртэй холбогдоход “Хэргийн шалгалт дөнгөж дуусаад дүгнэлтээ бид аваад байна. Мэдээж холбогдох газруудад хандана. Маш удаан хугацаанд шүүх цагдаагаар явлаа. Олон ч худал мэдээлэл түглээ. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна” гэсэн юм.

“ХЯНАЛТЫН КАМЕР ШҮҮЖ ҮЗСЭН. ХЭН Ч ОРООГҮЙ, ХЭН Ч ГАРААГҮЙ”

Тухайн өдөр юу болсон, талийгаач ямар хүн байсан талаар Орхон аймгийн ЗДТГ-т ажилладаг нэгэн эх сурвалжтай ярилцсан юм. Тэрбээр талийгаачтай олон жил хамт ажиллаж иржээ.

-Анх хэргийн талаар яаж мэдсэн бэ?

-Хэрэг гapдaг өдөр би ажлын байран дээрээ байгаагүй. Тэр үе чинь амралт эхэлчихсэн, аймаг даяар төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн амарчихсан байсан. Тиймдээ ч тэр үү мэдээлэл маш хаалттай байсан.

Хэргийн талаар анх ажлынхаа хүнээс сонсоод шоконд орсон. Талийгаач өөрийгөө хөнөөх хүн биш.

Гэтэл шалгалтын ажил дуусаад хэрэг гадны нөлөөгүй гэж гарсан гэж дуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд тун хүнд. Ар гэрийнхнийх нь хувьд ч хэцүү байгаа нь ойлгомжтой.

-Тухайн өдөр яг юу болсон юм бол?

-Даваа гариг байсан. Даваа гаригийн өглөө бүр аймгийн бүх газар, хэлтэс, агентлагийн дарга нар шуурхай хуралддаг. Тэр хурал л болсон байдаг. Хурал нэлээд удаан үргэлжилсэн юм билээ. Тэгээд л хурал тараад тус тусынхаа ажлын байр руу явцгаасан. Хэсэг хугацааны дараа хэрэг гарсныг мэдсэн гэсэн.

-Шуурхай хуралдаанаар талийгаачтай холбоотой асуудал яригдсан уу?

-Ерөөс ямар нэгэн асуудал яригдаагүй. Тэр дундаа талийгаачтай холбоотой ямар ч асуудал яригдаагүй.

-Тэгвэл ар гэр, ажлын байрных нь нөхцөл байдал нөлөөлсөн байж болох уу?

-Гэр бүлийн хувьд маш тогтвортой хүн. Би олон жил хамт ажилласных нь хувьд үүнийг сайн мэднэ ээ. Ажлынх нь хувьд ч тэр. Талийгаач Орхон аймгийн Цэргийн штабад 10 гаруй жил тоо бүртгэгчийн албанд ажиллаж байсан. Цэргийн штабын дарга Г.Батсуурь Зэвсэгт хүчний жанжин штабын Төмөр замын бүтээн байгуулалтын газрын даргын албанд очихоор болж тушаал дэвшээд яваад өгсөн. Тэгэхээр ажлынх нь хувьд ямар нэгэн нелөө байхгүй байсан болов уу гэж бодож байна.

-Энэ хэрэгт ямар нэгэн хүнийг сэжиглэж шалгасан байдаг уу. Ялангуяа аймгийн захиргааны ажилтнуудаас?

-Цагдаагийн байгууллагын хувьд хэрхэн ажилласныг мэдэхгүй юм. Ямартаа ч хяналтын камер шүүж үзсэн. Талийгаач хурал тараад өрөөндөө ганцаараа орсон. Хэн ч ороогүй, гараагүй. Удалгүй тийм хэрэг болсон байдаг.

Тэгэхээр хэнийг ч сэжиглэж шалгах боломжгүй.

-Талийгаач зан байдлын хувьд ямар хүн байсан бэ?

-Маш цайлган, хүнд тусархаг хүн байсан. Үнэхээр сайн хүн гэж хэлэхэд ч багадмаар, хүндэлмээр хүн байсан. Талийгаач хэзээ ч өөрийгөө хөнөөх хүн биш. Бид олон жил хамт ажилласан. Маш хамт олонч сэтгэлтэй. Шинэ жил болохоор шинэ жилийн комисст орчихсон, ажил зохион байгуулалцаад гүйж явдаг. Нэг жил бүр эмэгтэй дүр бүтээж байсан нь санаанаас гардаггүй. Тийм хөгжилтэй, хамт олонч хүн байсан даа.

Үнэхээр харамсмаар үйл явдал болсон. Одоо ч итгэж өгөхгүй байна гэсэн юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдад мэргэшлийн зэрэг олгох шалгалт энэ сарын 27-нд болно

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан.

Алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар журамд тусгасны дагуу мэргэшлийн зэрэг олгох шалгалт энэ сарын 27-нд болно.

Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад 2-оос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад 3-аас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Махны үйлдвэрт зөвшөөрөлгүй ажиллаж байсан 11 хятад иргэнийг албадан гаргахаар болжээ

Гадаадын иргэн, харьяатын газраас мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ.

Тодруулбал, Тус байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж, байгууллагад 10 сарын 4-6-ны өдрүүдэд хяналт шалгалт хийв.

Шалгалтад БНХАУ-ын нийт 69 иргэн хамрагдснаас “Монгол туйвар транс” ХХК-д дээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын нэг иргэнийг оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийн дагуу торгууль ногдуулж, албадан гаргахаар болсон байна.

Мөн Засгийн газрын тогтоолоор болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрөлд заагдсан аж ахуйн нэгж, байгууллагад бус өөр байгууллагын нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй “Оюундалай” ХХК, “Энх эрдэнэ мөнх” ХХК-ууд дээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 11 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, хуулийн хугацаанд Монгол Улсаас гаргахаар шийдвэрлэлээ.

Гадаадын иргэн, харьяатын газар нь хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан болон байгууллагын төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж, гадаадын иргэдэд тогтмол хяналт тавин ажиллаж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 26 иргэн угаарын хийнд хордож эмнэлэгт хүргэгджээ

Аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас бараад байгаа.

Тэгвэл өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Моносын … тоотод бага насны гурван хүүхэд насанд хүрсэн гурван хүн угаарын хийд хордож Яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд хүргэгдсэн байна. Хордсон иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Түүнчлэн өчигдөр эмнэлэгт хандсан, хордсон иргэдэд гүйлгэх шинж тэмдэг давхар илэрч эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш ашигладаг айл, өрхүүдэд гал түймэр, угаарын хийн хордолтоос урьдчилан сэргийлэх зөвлөн туслах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Нэгдсэн арга хэмжээг НОБГ-ын газрын алба хаагчид, төрийн захиргааны байгууллага, хороодын ажилтан, сайн дурын эргүүлтэй хамтран явуулж байгаа юм.

Энэ сарын 09-ийг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд айл, өрхүүдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн гэмт хэргийн шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүх дээр болж байна.

Түүнтэй хамт УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, эрүүдэн шүүлт явагдсан өдөр ээлжинд гарч байсан гэх хоёр ажилтан нарын есөн хүнийг шалгаж дуусаад Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааны тов өнөөдөр зарлагджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Нарантуяа: Хоригийг хүлээж авлаа гээд Үндсэн хуулийн шинэчлэл тэр чигээрээ зогсоно гэсэн үг биш

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал аль тийшээгээ эргэж байна вэ?

-УИХ-ын есдүгээр сарын 4-ний өдөр баталсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай 73 дугаар тогтоол дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Тогтоол өөрөө хоёр заалттай. Нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах, хоёрдугаарт, Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн эх хувийг батлах уу, үгүй юу гэдгийг ард иргэдээс асуух гэсэн тодорхой заалттай тогтоол. Энэ 73 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх талаар орж ирж УИХ хэлэлцлээ. Хоригийг хүлээж авлаа гээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тэр чигээрээ зогсоно гэсэн үг биш. Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хууль гэж бий. Энэ хуулийн долдугаар зүйл дээр санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн дотор явуулахаар их хурал товлон зарлах учиртай. Харамсалтай нь 73 дугаар тогтоол дээр өдрийг нь заагаагүй. Гэхдээ санал асуулга явуул гэдэг шийдвэрээ 73 дугаар тогтоолд тавьчихсан. Хэзээ санал асуулга явуулахаа энэ тогтоолдоо зааж өгөөгүй. Тэгэхээр дахиад нэг тогтоол гарах асуудал байгаа. Бид нар санал асуулга товлох хугацаанд шахагдаагүй. Хугацаагаа дахиад зарлачихад бид нарт хоног байна гэж эрх баригчид тайлбарлаж байна. Миний үзэж байгаагаар хуулинд өөрт нь хугацааг нь нарийн заачихсан байна шүү дээ. 73 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн хугацаанд их хурал санал асуулгын хугацааг товлох ёстой. Тэр үүргээ биелүүлээгүй, хугацаагүй хийж өгөөгүйгээс есдүгээр сарын 4-нөөс гэж үзэх юм бол энэ сарын 26-нд 45 хоног нь дуусна. Энэ хоногтоо багтааж шинээр хоног тавина гэвэл хууль зөрчих гэж байна. Тэгэхээр процедурын алдаагаа засахын хувьд ч, агуулгын хувьд ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үндэслэл харагдаж байсан. Нэгдүгээрт, хэдэнд явуулах юм, хэднээс эхэлж тооцохоо оруулж 73 дугаар тогтоол тодотгож, шинэчилж гаргах шаардлага байна. Нөгөө талаас ямар асуудлаар ард түмнээс санал асуулга явуулахаа эргэж харахгүй бол болохгүй байна. Өнөөдрийн бидний баталчихаад байгаа хоёрдугаар хэлэлцүүлгийн дараахь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эх хувь нийгмийн шаардлагыг үнэхээр хангаагүй. Тэр тусмаа АН-аас өгсөн байр суурь, парламентыг ёс зүйтэй, хариуцлагатай болгох, гүйцэтгэх засаглал парламентаасаа хараат бус байх, бие даасан шийдвэр гаргах Ерөнхий сайдын эрх мэдлийг оруулаагүй гээд нийгмийн хүлээлт үүсгэж байсан, Үндсэн хуульд оруулах ёстой өөрчлөлтийн аль нь ч ороогүй. Тиймээс асуулгаа хоёрдугаар хэлэлцүүлгийн эх нооргоор биш, УИХ дотроо шийдэж чадаагүй асуудлуудаа яаж шийдэх ёстой вэ гэдгийг ард түмнээсээ асуучихвал жинхэнэ утгаараа ард нийтийн санал асуулга болно. Одоогийн санал асуулгаар Үндсэн хуулийн шинэчлэлийг батлах уу, үгүй юу гэдэг МАН-ын олонхоороо оруулъя гэж шийдсэн хувилбарыг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэж л асуух гэж байна. Энэ нь УИХ шийдчихсэн зүйлийг ард түмнээс асууж баталгаажуулах гээд байгаа байхгүй юу. Төсөлд ард түмэнд таалагдахгүй зүйл байвал тэрийг нь шийдвэрлэх ямар ч боломжгүй санал асуулга явуулах гэж байна. Ийм зүйлийг асуухын төлөө 20, 30 тэрбум төгрөг зараад санал асуулга явуулах нь хэнд ашигтай вэ. Татварын мөнгийг ингэж үргүй зарах хэрэг байгаа юм уу. Энэ төсөл өргөн баригдсанаасаа эхлээд хууль зөрчсөн. Наад зах нь Цэц дээр очоод унана. Тиймээс хоригийг хүлээн авч цаашаагаа явж байгаа нь зөв.

-Ард нийтийн санал асуулгыг УИХ-ыг тарааж ээлжит бус сонгуультай хийе гэж яригдсан. Мөн 2020 оны ээлжит сонгуультай хамтатгаж хийе гэсэн санал ч гарч ирж байна…

-Хууль зүйн хувьд боломжгүй. УИХ тардаг хуулийн хоёр үндэслэлтэй. Тэр үндэслэл нь гарч ирээгүй. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах асуудалтай холбоотойгоор УИХ тарах хуулийн боломжгүй юм. УИХ өөрөө бид нар хариуцлагагүй байна, УИХ-ын гишүүдийн ёс зүй хууль зөрчсөн үйлдлүүд нь ард иргэдийн дургүйцлийг хүргэж буй учир УИХ цаашид ажиллах боломжгүй байна гээд олонхоороо тарах гэж байгаа асуудал бол жичдээ асуудал. Тэгж асуудал тавибал АН УИХ-ыг тараахын төлөө байна. Бид оны өмнөөс л энэ асуудлыг тавьж байсан. Ард нийтийн санал асуулга гэх нэрийн дор өөрсдийн бэлтгэсэн төслийг дэмжүүлэхийн төлөө УИХ-ыг тараана гэвэл энэ нь зарчимгүй зүйл.

-2018 оны төсвийн гүйцэтгэл дээр та ямар байр суурьтай байна вэ?

-2018 оны санхүүгийн ерөнхий үзүүлэлтүүд давж биелсэн. Харьцангуй дажгүй байна. Гэхдээ анхаарах олон зүйл байгааг Аудитын Ерөнхий газрын дүгнэлтэд тусгажээ. Өнгөрсөн 2017, 2018 онд гадаадын экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт төсвийн сахилга хариуцлагыг сайжруулъя гэдэг дээр сахилга хариуцлагыг сайжруулахаар вальютын сантай хөтөлбөр хэрэгжүүлээд амжилтад хүрч байгааг үгүйсгэхгүй. Засгийн газрын дотоод өр буурч байгаа ч гадаад зээл 50.1 хувь байна. Дүгнэлт хийх хэрэгтэй. Маш их ажил болгож төсвөө баталдаг. Баталсан төсвийнхөө араас үр ашигтай байсан уу, зөв хуваарилалт хийсэн үү гэж хэн ч ярьдаггүй. Араас нь явдаггүй. Хяналт тавих үүрэгтэй Үндэсний аудитын газар нь хяналт тавьдаггүй. Сангийн яамны хяналт мониторинг хариуцсан газар нь ажилладаггүй. УИХ-ын хурал дээр төсвийн зарлагын хяналтын хороо гэдэг том нэртэй дэд хороо байгуулдаг ч гэсэн гишүүд нь бүгдээрээ төсөв захиран зарцуулах эрх бүхий олонх бүрдүүлчихдэг учраас энэ дэд хороо ажиллаж чадахгүй.

-Эрүүгийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр хуульч гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Анхаарах ёстой, ноцтой асуудлууд нэлээн байна. Өргөн барьж байгаа төсөл болоод өмнөх хуулийн заалтуудыг харж байна. Үнэхээр бид хөөн хэлэлцэх хугацаа нэрийн дор гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг ял завших нөхцөл байдлыг тодорхой хүмүүсийн лоббигоор бүрдүүлээд өгчихсөн юм биш байгаа даа гэх хардлага байгаа. Энэ асуудалд ажлын хэсэг гаргаж нэлээн нухацтай үзээсэй гэж хүсч байна.

-Итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барилаа. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэх хардлага ч байна шүү дээ. Мөн сонгуультай холбож ч тайлбарлаж байна л даа…

-Энэ хардлагатай санал нэг. Бизнес эрхэлье гэсэн сэтгэлтэй хүмүүсийг дэмжих бодлого бүх улсад байдаг. Бид энэ асуудлыг олон арга хэлбэрээр шийдэх гэж оролдож ирсэн. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд маш их мөнгөөр тодорхой нийгмийн бүлгийн хүмүүс рүү хандсан дэмжлэгийг үзүүлж байгаа. Дээр нь жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ хийдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэр хүмүүсийн бизнесийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, бодлогоор дэмжих гээд явж байгаа. Гэтэл бидний бодлого дутаж, оролдлого хийгээгүйдээ иргэдэд эдийн засгийн нөхцөлөө сайжруулах боломж нь олдохгүй байна гэж үзэхээс илүү бодлогын хэрэгжилт, эцсийн үр дүнг гаргах хүртэл зохион байгуулж чадахгүй байгаа механизмын алдаанаас ийм зүйл болж байгаа.

Өмнөх сангуудаас зарцуулалт, хүртээмж зорилтыг илүү сайжруулж ашиглах замаар ийм төрлийн зээлийн хүртээмж, далайцыг нэмэгдүүлж, хүмүүст хүргэх гэж байгаа нь зөв. Дахиад нэг сан нээгээд ЖДҮ шиг сонгуулийн зорилгоор санал авах гээд намаар нь хувааж байгаад барьцаа хөрөнгөгүйгээр тараах гэж байгаа бол сүйрэл рүү аваачих гэж байгаа арга болно. Олон эмэгтэй гишүүн надаас үүнийг дэмжих үү гэж асуусан. Хуулийг хэлэлцэх үеэр зөв механизмтай, концепцыг нь зөв болгохоор ажиллана. Хэрвээ тэгж чадахгүй бол энэ төслийн эсрэг л санал өгнө.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урьдын Улаанбаатараас утаа л үлдэх гээд байна аа даа

Түүхэн дурсгалт байшин барилгуудыг нураана гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй манай Засгийн газар гэнэт л яриад эхэлсэн. Төв номын сан, Төрийн ордон, Төв музей, Драмын театр, Дуурийн театр, Занабазарын музейг нураах юм байх. Цаашлаад Улсын их дэлгүүр, МУИС-ийн байшинг нураах нь л дээ. Анхандаа ч нураах тухай яриаг улс төрийн янз бүрийн үйлдлээ далдалж, анхаарал сарниулж, ажил хийсэн дүр харуулдаг өнөөх пиар гээч нь юм байх гээд тоосонгүй. Дээрх барилгууд соёлын өвд бүртгэгдчихсэн, хэн дуртай дарга нь нурааж устгаад байх ёсгүй юм байна.

Тэгсэн нээрээ нураах, буулгах нь үнэн болоод явчихлаа. Өчигдрөөс эхлээд өнөөх барилгуудыг нураах тендер шалгаруулах юм болов. Монгол ийм хурдан тендер зарлагдаж, шийдэгдэж байсныг дуулаагүй. Ерөнхий сайд, Боловсролын сайдтайгаа Соёлын өвийн тухай хууль энэ тэрийг ч үл тоон ийм юм хийгээд байхаар энэ улсад хууль дүрэм журам гэж байна уу. Дээрх хуулийн 47дугаар зүйлийн 47.1.1-т соёлын биет өвийг сэргээн засварлахад анхны төрх, хийц бүтээцийг хадгалж үлдээх, 47.1.2-т аюулгүй, удаан хугацаанд хадгалах нөхцөлийг хангах гэсэн заалт байдаг. Энэ хуулийн зүйл, заалтыг Засгийн газар шууд зөрчлөө. Ингэхээр Улаанбаатарт хуучны гэх юм үлдэх үү. Төв музейн барилгыг нураагаад оронд нь нэг том байшин бариад бүх музейг аваачиж оруулчихаад бусад музейн барилгуудыг дараа нь нурааж, газрыг нь өөрсдөө авах нь гэж иргэд хардаж байгаа.

Европоор дүүрэн хэдэн зууны настай барилгууд байдаг. Манайд 1905 онд оффисын зориулалтаар баригдсан намхан байшин баригдсаныг эс тооцвол нэг их урт удаан настай барилга хуруу дарам цөөн. Нарийн яривал тавин оноос л хотжиж эхэлсэн улс. Одоо Ерөнхий сайдад ад үзэгдээд байгаа хуучны барилгууд загвар шийдлээрээ, элээсэн он цагаараа манай хотын хэв маягийг хадгалдаг. Европын барилгуудын хажууд манай энэ хэдэн хуучин барилгууд насжилтын хувьд нялх хүүхэд л гэсэн үг. Харин чанарын шаардлага хангахааргүй болсон гэж үзэж байгаа бол авч үлдэх олон арга байдаг. Хүчитгэлийн ажлууд хийж авч үлддэг юм байна. Дэлхийд бэлээхэн туршлагууд байна гэсэн үг. Хамгийн тод дурддаг жишээ бол Лондон. Лондонд хуучны тэр барилгыг л очиж үзэх гэж жуулчид зорьдог. Нүүрийг нь үлдээгээд ар талд нь шинэчлэлт засвар үйлчилгээ хийдэг арга байдаг. Эсвэл хуучин нүүрний цаана шинийг барих нь ч бий. Европын чулуун байшингуудын дэргэд манай тэр барилгууд шавар тагз, модон амбаар гэх нь холгүй зарим нь хэлж байна. Тэгвэл мод байтугай шавар тагзыг хуучин өнгө төрхийг нь хадгалан аюулгүй байдал талаас нь сэргээн засварлаж болдог аж. Pisa хэмээх алдарт цамхаг далийгаад эгээл унах нь гэлтэй болсон ч италичууд яг тэр далийсан хэвээр нь сэргээн засварлажээ. Учир нь тэр түүх өгүүлж буй, тэр улсын өв соёл юм. Жуулчид тэр далий цамхагийг сонирхох гэж хэдэн саяараа очдог. 1783 онд баригдсан Питерийн Маринскийн театр тоосгон барилга одоо ч хэвээрээ. Парисын дарь эхийн сүм шатахад дэлхийгээрээ нэг халаглан харамссан ч сэргээн зассан.

Хүн төрөлхтний томоохон өв соёл гэж үзсэн учраас сэргээн засварлах мөнгө дорхноо цугласан. Хэн ч уриалаагүй, шаардаагүй байхад шүү. Тийм атал бид улсынхаа нийслэлийн өнгө төрх, түүхийг агуулдаг хэдхэн барилгаа нураана гээд сууж болох уу. Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын эрдмийн театрын барилгуудыг муудсаныг нь гайхаад л байх юм. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ барилгуудыг засч янзлахад л болох юм байна. Өнөө маргаашгүй, нурж унахаар байдалд хүрээгүй гэх.

Хэн дуртай нь нэг шөнө бодож хоноод Улаанбаатарын хуучин дурсамж, ой санамжийг маргааш нь нураагаад хаячихъя гэж сэрэх нь үнэхээр солиорол. Манай Засгийн бодлого ер нь нэг иймэрхүү дээ. Байсхийгээд л бодлогогүй, дур зоргын шийдвэр гаргадаг. Хятад руу хөлөөр нь мал гаргана гэснээ хоёр хоноод больчихно, хувийн өмчийг төрд хурааж авах нь цагаандаа гарлаа. Шууд л нэг өглөө баахан хамгаалагч дагуулж очоод л хамаг юмыг нь лацдаад төр авлаа л гэсэн. Ямар ч тооцоо судалгаа байхгүй. Хүнд таалагдах, бусдад гоё харагдах гэсэн өчүүхэн бодол нь ийм байдалд хүргэдэг. Тухайн улстөрчийн популизм нь эцэстээ улс орноо сүйрүүлдгийг бид мэднэ. Улсаараа тоглоно, нийслэлээрээ тоглоно. Хүнд гоё харагдсанаараа сайхан амьдардаггүй. Аль гоё сайхан дүртэй зовж зүдэрсэн, аз жаргалгүй амьдралыг хэлж барахав. Улаанбаатарт нураах байшин бий юу гэвэл бий. Зөвшөөрөлгүй барьсан барилгууд, төлөвлөлтгүй барьсан Хурд I, II, Баянмонгол, Маршал таун, Ривер гарден, Кинг таур гэсэн ширэнгэн ой шиг барьсан барилгуудын хүн амьдрах зай бөглөсөн хэсгүүдийг нураах хэрэгтэй. Машин орж гарах нь бүү хэл явган хүн зөрөх боломжгүй цементэн ширэнгүүд барьчихсан. Дуурь, Драмын барилгуудыг зарим нь Оросын нэг тосгоны клубийн дайтай, Оросын театруудын жижигрүүлсэн хувилбар гэж ирээд л муулах хүн мэр сэр байна. Тэглээ гээд эдгээр байшингуудыг буулгах мөнгө ер нь байна уу. Тийм багтаж ядсан баян улс юм бол тэр их мөнгөөрөө сургууль, цэцэрлэгээ барь л даа. Зураг төсөл, байшин нураахаар баахан мөнгө гаргадаг, яг барих дээрээ тулахаар мөнгөгүй гээд тас зогсчихно. Нийслэлийг хот болгодог хамаг ой дурсамжийг нураагаад хаячихаар хуучин Улаанбаатараас утаа, түгжрээ, эсгий гэрээ л өвлүүлж үлдээх нь үү.

Хархориноос хойш түүхэндээ анх удаа сая гаруй хүнтэй хоттой болсон. Одоо хотын түүхийн үнэт өв болсон барилгуудаараа оролдохоо больё оо, Ерөнхий сайд аа. Түүхийн дурсгалт барилгуудыг нурааж байж МАН өөрөө нуран үгүй болох вий дээ.

Categories
мэдээ нийгэм

10 дугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд МХЕГ-аас “Хүүхдийн эрх – Аюулгүй байдал” аяны шалгалтын дүнг НЗДТГ, сургууль, цэцэрлэгий захирал, эрхлэгч нарт танилцуулна. Утас: 91989890

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Нийгмийн ажил-нийгэм, соёлын олон талт хүчин зүйлсийн уялдаа холбоо” эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Боловсролын бодлогын симуляцын загварчлал” сургалт болно.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Солонгосын Хойгийн нэгдэл-2019” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9199 2490, 9910 7611

09.30 цагт Улаанбаатар чуулгын байранд Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс “Архидалт болон бусад донтолтоос урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөгөө” сургалт зохион байгуулна.

10.00 цагт Сүхбаатарын талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл “Настны тэгш байдлыг хангацгаая” уриатай алхалт болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 80008020, 99004811

10.00 цагт ГХЯ-нд “Эрүүл гэр бүлийн төлөө иод, селен, омега” олон улсын форум болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921

11.00 цагт “Бодь” цамхагт “Expo Mongolia” уул уурхайн салбарын үзэсгэлэн, бага хурлын зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордонд “Энхрийхэн” адал явдалт зурагт номын нээлт болно. Утас: 94033342

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын залуучуудын холбооноос Монголын бүтээгч багш нарыг шалгаруулах ёслолын талаар мэдээлнэ.

11.30 цагт “Гэр хороолол” хөдөлгөөнөөс шахмал түлшний асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэн Р.Нямхүү цаг үеийн асуудлаар мэдээлнэ.