Categories
мэдээ нийгэм

БХБЯ-нд ЖАЙКА-гаас тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүллээ

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын техникийн туслалцааны хүрээнд 2017 онд Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналд хот байгуулалтын тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэх, тус төслийг боловсруулах хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар тавьсан тус яамны хүсэлтийг хүлээн авч, Үндэсний хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага Монгол Улсад хэрэгжүүлэх “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг 2019 оны 01 дүгээр сараас амжилттай эхлүүлээд байна.

Тэгвэл өнөөдөр тус төслийн хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад шаардлагатай компьютер, техник, тоног төхөөрөмжийг ЖАЙКА байгууллагаас Барилга хот байгуулалтын яаманд хүлээлгэж өглөө.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тоног төхөөрөмжийг хүлээж авах үйл ажиллгааны үеэр, “Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2018 оны 8 сард байгуулсан. Энэ дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Барилга, хот байгуулалтын яам, түүний харъяа байгууллага болон Үндэсний хөгжлийн газарт тус төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг техник туслалцааны хүрээнд хүлээлгэн өгч байгаад талархаж байна. Цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, төслийн зөвлөх багийн хамтын ажиллагаанд амжилт хүсье” хэмээн талархал илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдүүдэд үйлчилснээс халдварт өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүүхдийн эрх – Аюулгүй байдал” аяны хүрээнд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх шалгалтад 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, долоон их, дээд сургууль, найман Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж зэрэг 772 газрыг хамруулсан байна.

Эрүүл мэндийн сайдын баталсан А/145 дугаар тушаалаар сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой албан хаагчид хичээл, сургууль эхлэхээс 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд орох ёстой. Гэтэл хичээл эхлэх үе, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдтэй зэрэгцэн шинжилгээ өгч байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлэх, цаашлаад шинжилгээнд хамрагдахгүй хичээлийн эхлүүлж, эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдүүдэд үйлчилснээс хоолны хордлого, гэдэсний халдвар, сүрьеэ зэрэг халдварт өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна гэж үзжээ.

Түүнчлэн шалгалтад хамрагдсан байгууллагуудаас 19 цэцэрлэг, 13 сургууль зориулалтын бус байртай, 28 цэцэрлэг орон сууцны нэг дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, 15 цэцэрлэг, гурван сургууль есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй байна. Мөн цэцэрлэг, сургуулийн 63 багш мэргэжлийн бус, 19 номын санч, нийгмийн ажилтан, туслах багш мэргэжлийн сургалтад хамрагдаагүй зөрчил илэрчээ.

Шалгалтын хүрээнд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 1762 зөрчил илрүүлж, таван аж ахуйн нэгж, байгууллага, есөн иргэнд нийт 6.1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны үйлдвэр барих төсөлд нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг байгуулахыг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Энэтхэг улсын Эксим банк хооронд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан.

Төслийн ТЭЗҮ-ийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, хөрөнгө оруулалтын зардлыг 1,236 сая ам.доллар байх тооцоо гарчээ. Тиймээс 236 сая ам.долларыг нэмэлтээр авахаар Энэтхэг улсын Эксим банкнаас авахаар тохиролцоод байгаа аж. Зээлийн нөхцөл нь 20 жилийн хугацаатай, эхний таван жил үндсэн зээлээс чөлөөлөгдөж, жилийн 1.75 хувийн хүүтэй аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Бид газрын тосноос хараат улс. Энэ үүднээс Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, байгуулах шаардлага байгаа. Энэ ажил амжилттай эхлээд явж байгаад талархалтай байгаа. Нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийн хүрээнд Газрын тосны үйлдвэр барихаар болсон гэж байгаа ч хугацааг, учирч болох эрдслийг сайтар тооцох ёстой. Амлаж байснаар 2021 онд ашиглалтад орно гэж байсан хэвээрээ юу. Зардал нэмэгдлээ гэж байна. Нэг тэрбум ам.доллартаа багтаад 1.5 тонн түүхий эд дамжуулах хүчин чадалтай, газрын тосны хоолой барихаар тооцсон байсан. Одоо тооцсноосоо 25 хувийн санхүүжилт нэмэгдлээ. Цаашид нэмэгдэх үү?

УУХҮЯ-ны Газрын дарга Б.Анхбаяр:

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар УИХ-аас зээлийн хэлэлцээр соёрхон баталсан байдаг. Үүнтэй холбогдуулан БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компани ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тухайн улсын технологи ганцхан улсад газрын тос боловсруулагддаг үйлдвэр байсан. Энэ нь Монгол Улсын нөхцөлд тохирохгүй, олон төрлийн газрын тос боловсруулах технологи хэрэгтэй гэж үзсэн. Энэ хугацаанд Италийн олон улсад туршлагатай компани хөндлөнгийн хяналт хийсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үйлдвэрийг дотоодын түүхий эдээр хангах нь зүйтэй гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмжийг барьж ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Газрын тосны үйлдвэр Сайншандад тогтоол эхэлж байна. Газрын тосны үйлдвэр гарч ирэхэд нэг литр бензиний үнэ 900 төгрөг гэж хэвлэлд нэг мэргэжилтэн ярилцлага өгсөн байсан. Энэ тооцоо хэвээрээ юу? Валютын урсгалын 20-25 хувь нь бензиний үнэд гарч байгаа гэсэн. Бензиний үнэ өсөхөөр талхны үнэ сургаар нь нэмэгддэг. Энэ үйлдвэр баригдвал эдийн засагт өгөх үр өгөөж чухал. Энэ үйлдвэр байгуулагдсанаар өргөн хэрэглээний барааны үнэ буурах уу?

УУХҮЯ-ны Газрын дарга Б.Анхбаяр:

-2018 оны 12 дугаар сард тухайн үеийн ТЭЗҮ-ээр нэг бүтээгдэхүүний үнэ 900 төгрөгөөр суусан байдаг. Үүний дараагаар дахиж өөрчлөлт хийснээр нэгж бүтээгдэхүүний үнэ үл ялиг нэмэгдэхээр байгаа. Нэгж бүтээгдэхүүний өртгийг бага байлгах технологийн түвшинд судалж ажиллаж байгаа. Бидний үйлдвэрлэх бүтээгдэхүүн евростандартыг хангасан А-92, дизель түлш, онгоцны түлш хангасан байх юм. Бид бүтээгдэхүүний үнийг 1000 төгрөгт барихаар ярьж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-Бүтээгдэхүүний өртөгт нь энэ зээлийг суулгасан уу? Технологийн нөөц бий юу? Эндээс гарах дайвар бүтээгдэхүүнийг хэрхэхээ судалсан уу? Худалдаж авснаар өндөр үнээр шатахуун нийлэх вий гэсэн болгоомжлол байна.

УУХҮЯ-ны Газрын дарга Б.Анхбаяр:

-Нэгж бүтээгдэхүүнйи өртөг 1000 төгрөг байх болов уу. Газрын тосны үйлдвэрээс гарах дайвар бүтээгдэхүүний асуудлыг бид чухалчилж авч үзсэн. Сонгосон үйлдвэртээ эхний ээлжинд түлш болон бензин үйлдвэрлэнэ. Маш бага хэмжээний хий гарна. Үүнийг дотоодын хэрэгцээнд, үйлдвэрийнхээ цахилгааны хэрэглээг хангана.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Үйлдвэрийн төсөвт өртөг нэмэгдэж 23.6 хувиар өссөн. Хийн хоолой тавьбиал 300 сая ам.доллар шаардагана. Тэгэхээр одоогийн хэлээд байгаа нэгж бүтээгдэхүүний 900 төгрөг гэсэн тоо нэмэгдэнэ. Газрын тосны үйлдвэр баригдсанаар ашигтай нөхцөл бүрдэнэ. Үнийн огцом савлагаа арилна гэж харж байгаа. Энэ хэрэгжээд эхэлсэн төсөл. Миний хувьд зээлийн нэмэлт гэрээг бид хийх хэрэгтэй. Энэ ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин өртгийг дэлхийн зах зээлээс бага байхыг онцгойлж анхаарах нь бидний үүрэг.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Эксим банк хоорондын Газрын тосны үйлдвэр барих төсөлд нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг байгуулахыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт баавгай малчны хот руу дайрч, хоёр үхэр барьжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумд энэ сарын 6-ны 22.00 цагийн орчимд айлын хот руу баавгай дайрч хоёр үхэр барьжээ. энэ тохиолдлыг оролцуулаад суурин газарт орж ирсэн баавгайн тоо 24-т хүрээд байна.

“Энэ жил самар жимс бага ургасан учир баавгай ичихээсээ өмнө тарга авахын тулд хөвчөөс гарч ирж байна” хэмээн БОАЖЯ-ны мэргэжилтэн хэлсэн юм. Гадуур энэ зун Сибирьт гарсан ойн түймрээс дайжсан баавгайнууд манай улсад орж ирээд хүн, малыг түйвээж байгаа гэх яриа гараад байгаа. Харин хүн рүү халдаад байгаа эдгээр баавгайнууд нь бүгд манай улсын хүрэн баавгайнууд юм. Өмнө нь 1966, 1971, 1988 онуудад баавгай хорхойтож суурин газар луу бууж ирэн, хүн барьсан тохиолдол гарч байжээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

Дорноговь аймгийн Сайншанд хотоос үйлдвэр хүртэлх 27 км төмөр зам, 18.8 км автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг Улсын комисс хүлээн авлаа. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүд оролцлоо.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд өнгөрсөн сард Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэг улсад айлчлах үеэр 236 сая ам.доллар нэмж олгох шийдвэр гаргасан билээ.

Categories
мэдээ нийгэм

37 хэсгийн байцаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хэсгийн байцаагчийн албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар, бие бялдар, мэдлэг чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/213 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Хэсгийн байцаагч-2019” тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт тус тус зохион байгууллаа.

Тэмцээнийг хууль эрх зүйн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах ур чадвар, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт гэсэн 5 төрлөөр явуулж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын газар, хэлтсийн 37 нэгжийн 37 хэсгийн байцаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

“Хэсгийн байцаагч 2019” тэмцээний тэргүүн байранд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Анхбаяр шалгарч цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, Dayun маркийн мотоциклиор, дэд байранд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч, С.Одгэрэл шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал бүхий зүйлээр, гуравдугаар байранд Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвжаргал шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал бүхий зүйлээр шагнагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтарч ажиллана

Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-д Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл хамтрагч байгууллагаар ажиллахаар харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

“Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” нь Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хууль эрх зүйн туслалцаа авахад хохирогч-төвтэй хандлагад суурилсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хохирогчид эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх болон жендэрт суурилсан хүчирхийлэл, хохирогчдын эдлэх эрх болон тэдэнд үзүүлэх үйлчилгээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой бөгөөд 2019-2022 онуудад хэрэгжинэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн холбогдолтой маргаан нь Монгол Улсад тулгамдаад буй асуудлын нэг хэмээн онцлоод төслийн үр дүнд Монгол Улсад гэр бүл, насанд хүрээгүй хүний дагнасан шүүх байгуулах хууль, эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлээд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа бататгав.

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, тус газрын Олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хариуцсан референт С.Гандолгор, ОУХЭЗБ-ын Төслийн менежер А.Жаргалан, төслийн зохицуулагч С.Одончимэг, мэргэжилтэн С.Агьзул нар байлцав.

Categories
мэдээ нийгэм

Лааганы гудамжны авто замыг хаалаа

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Лааганы гудамжны авто замыг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж байна. Тйимээс жолооч та бүхэн бусад авто замыг сонгон замын хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Барилгын гүйцэтгэгч нь тодорхойгүй зөрчил илэрчээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хот дахин төлөвлөлтөөр баригдаж буй үйлчилгээтэй 54 айлын орон сууцны барилгын захиалагч нь “Металл энд вүүд” ХХК-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/36 дугаар удирдамжийн дагуу барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шалгалт явуулжээ. Шалгаалтаар дараахь зөрчлүүд илэрсэн байна.

  1. Барилгын гадна орчин, нийтийн эзэмшлийн зам талбай болон барилгын үйлдвэрлэлийн орчинд тэмдэг тэмдэглэгээ бүхий хамгаалалтын байгууламж хийгдээгүй.
  2. Ажилчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамруулаагүй, зааварчилгаа өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлдэг.
  3. Барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хамгаалалт хийгдээгүй.
  4. Барилгын объект руу орох гарах хэсэгт шат, хашлага хамгаалалт хийгдээгүй
  5. Барилгын гүйцэтгэтгэгч тодорхойгүй зөрчлүүд илэрчээ.
Categories
мэдээ цаг-үе

​Шуугиан дагуулсан шахмал түлшний мөрөөр

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас иргэд угаарын хийнд хордсон, амь насаа алдсан явдалтай холбоотой мэдээлэл хийсээр байна. Хэвлэлийнхэн ч зүгээр суусангүй Улаанбаатар хотын гэр хорооллуудаас сурвалжлага бэлдсээр байгаа. Манай сурвалжлах багийн хувьд Хан-Уул дүүргийн Яармагийг зүглэсэн бөгөөд гэр, байшинтай хэд хэдэн өрх айлаар орж, сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлэл авахыг зорьсон юм.

Яармагт Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хороод багтах бөгөөд Вива Сити, Хүннү Моллын ойр орчмын IV хороог эс тооцвол бүгд л гэр хорооллын гэр, байшинтай айл өрхүүд амьдардаг. Тиймээс IV хороог алгасч V хороогоор орж нөхцөл байдлыг асууж сураглалаа. Яармагт ойролцоогоор 10600 орчим өрх айл амьдардаг бөгөөд үүнээс бараг дийлэнх нь хашаа байшинд гэртэй, амины орон сууцтай аж төрдөг аж.

Тааралдсан иргэдээс сайжруулсан шахмал түлшний тухай асуухад наанатай цаанатай янз бүрийн л хариулт өгөх. VII хорооны нутаг дэвсгэрт орших шахмал түлш борлуулдаг цэг онгорхой байгаа сураг сонсоод хүнээр заалган шууд тийш давхив. Харин түлш борлуулах цэгийн хашаагаар орвол том том цагаан шуудайны дэргэд ярилцах гурван хүн л байх бөгөөд нэг нь УИХ-ын гишүүн Л.Болд байж таарав.

Яармагаас сонгогдсон Л.Болд гишүүн шахмал түлштэй холбоотой таагүй мэдээлэл гарч эхэлсэнд шуурхайлан тойрогтоо ажиллаж, айл өрхүүдээр орж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж явааг мэдээд харин ч олзуурхаж хэдэн асуултад хариу авахаар зөвшөөрүүлж, тэдний яриаг чих тавин сониучирхав.

Түлш борлуулах цэгийг ажиллуулдаг ах хүүг н.Баярсайхан гэдэг аж. Тэрээр “Миний бодлоор модоо түлхүү шиг хийгээд хурдан асаавал сайн юм уу гэж бодсон. Манайхан чинь модоо гамнаад нарийхан жижигхэн юм хийгээд тавьчихаар нүүрс ч гэсэн уугиад таг болчихдог. Түүн шиг л байх шиг. Тавантолгойгоос ийм 1 тонны цагаан том шуудайгаар крантай машинтай ирж бөөнөөр нь буулгадаг, хангамж жаахан тааруухан байна. Хүмүүс орой үдэш хаалга үүд нүдээд түлш авья гэдэг” хэмээн зовлонгоо тоочиж байв.

Л.Болд гишүүн VII хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалангаас “Хэсгийн ахлагч нарыг цуглуулаад сургалт хийж байгаа юм уу” хэмээн асууна. Хариултыг нь сонсоод “Ийм хожуу юу? Ямар хожуу юм бэ, аль хэдийнэ түлшээ тараагаад эхэлсэн үед нь сургалт орчих ёстой биз дээ. Ноднин сургалт хийгээгүй юм уу?” хэмээн зэмлэнгүй асуултаар шахах. Учир нь Тавантолгой компанийн зүгээс шахмал түлш хэрхэн яаж асаах вэ гэдэг аргазүйн зөвлөгөөг хороодын хэсгийн ахлагч нарт сургалт хийж байгаа аж.

н.Баярсайхан “Ченжүүдийн гар дамжчих гээд байгаа болохоор Тавантолгой компанийн бодлого байгаад байх шиг байгаа юм. Гэхдээ компани гоё гоё болзол тавьж байгаа. Портер түлш авах гэж байгаа айл байвал утсаа өгөөд шууд утасд гэж байгаа юм. Тэгвэл тэр айлд нь шууд портероор нь шахмал түлш аваачаад буулгаад өгчихнө. Нэг тонн шахмал түлшнээс 20 кг орчим хог гарч байна. 1 тонн савалгаатай ирэхээр нь энд шигшинэ, савлана” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

Тэд яриагаа өндөрлөж, Л.Болд гишүүн туслахтайгаа хамт хажуугийн гудамж руу айлаар орохоор хэд хэдэн хашааны хаалга цохив. Хаалга цохихыг сонссонгүй юу тайлсангүй, удаахь айлд нь том хүн байсангүй. Харин гурав дахь хашааны хаалгыг гэрийн эзэн тайлж, гишүүн ч туслахтайгаа хамт хэрэг зоригоо тайлбарлаж, хэд гурван үг солих зөвшөөрөл аваад, бид ч дагаад орж явчихлаа.

Яармагийн VII хорооны иргэн, гэрийн эзний нэрийг н.Гүнсэндорж гуай гэдэг. Гэрийн эзэн болон гишүүний хооронд ийм яриа өрнөв.

Л.Болд гишүүн “Нартай, налгар намар болж байгаа ч нэг хүйтрээд авлаа. Галлагаа эхэлж байна, нөхцөл байдал ямар байна гээд судалж явна. Шахмал түлшээ авч байна уу. Асалт нь хэр байна?

– Олны жишгийг дагаад л энэ өвлийг давна даа. Асах нь асч л байгаа юм, үнс ихтэй юм аа. Хүйтрээд эхлэхээр яах юм байгаа юм мэдэхгүй. Үнс ихтэй л болохоос биш илчтэй байгаа юм. Монгол гэрт бол сайн байна гэнэ.

– Тийм ээ гэрт сайн асч байгаа гэж байна. Ханан пийшинд хэр их хийж байна?

– Нэлээн их хийж байна. Нэг түлэхдээ ахиухан хийчихэл зүгээр шиг байгаа юм. Цогон дээр нүүрс хийчихдэг байсан, энэ түлш заавал мод хийхгүй бол уугиад байх шиг.

– Ойрдоо сайхан дулаахан байна л даа. Өчигдөр аюул боллоо, хүн хордлоо, угаартлаа. Хольц нь буруу байсан уу, юундаа учир байна, сонор сэрэмжтэй л байх хэрэгтэй байна. Хангамжийн асуудлаа л хараад байсан, аюулгүй байдлаа бодох хэрэгтэй байна даа. Үнс их ч одоо дүүрч, аюулгүй байдлын асуудалд санаа зовж байна. Маргааш бид Их хурал дээр энэ асуудлуудыг ярина. Иргэдийн санал хүсэлт ч их ирж байна. Манай Хан-Уул, Яармагийнхан ямар бодолтой, яамаар байна, биеэр харж, ярилцаж судалж яваа юм. Энэ өвөл шахмал түлшээрээ хангаад, найдвартай өвөлжиж байвал нэг хэрэг. Гэхдээ бас аюулгүй байдал ямар байх нь уу, болохоо байвал өөр гарцууд ч гэсэн бодож байх хэрэгтэй юм. Айл өрх, гудамжуудыг нийлүүлээд 200 өрхийн дунд нэг дэд бүтцийн төвтэй байх шийдэл гаргаад ямар ч байсан ирэх жилийн төсөвт мөнгийг нь суулгачихлаа. Түрүүчээс нь эхлүүлнэ. Дулааны алдагдалгүй орчин үеийн технологиор барьсан байшинтай болох зээлийг ипотект хамруулдаг болчихлоо. Энэ хажуугийн сургуульд Германы профессор Гүнтен Клаус гэж хүнийг урьж дунд сургуулийн нам даралтын зууханд шинэ технологи туршиж байна. Тэр бас ямархуу байх нь вэ, ер нь янз янзын л гарц, гаргалгаа гаргаад явж байна.

Ингээд тэд шахмал түлшийг имэрч долоох нь холгүй түлж, үнэрлэж үзээд яриагаа өндөрлөж гишүүн дараагийнхаа айлаар орохоор яаравчлав. Яармагийн залуус сагсан бөмбөгийн лигт баг бүрдүүлэн тоглож байгаа бөгөөд гишүүнийг тоглолтдоо урьсан гэнэ. Бид ч сурвалжлагаа үргэлжлүүлэхээр зам салцгаав.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: Оллоо.мн