Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангаагүй ус түгээх газрын үйл ажиллагааг түр зогсоожээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Женерал таун” хотхон, “Астра вилла” хотхонуудын СӨХ-ноос ирүүлсэн гомдлын дагуу тус хотхоны ундны усаар хангаж буй гүний худаг, ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс ундны усны дээж авч НМХГ-ын Төв лабораторид шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээний дүнгээр “Женерал таун” хотхоны байруудын хэрэглэгчийн цэгээс авсан усны дээжинд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн, “Женерал таун” хотхоны хаусуудын ус нөөцлөх сангаас авсан дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн, “Астра вилла” хотхоны ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс авсан ундны усны дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн нь аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа тул Прокуроын тогтоолоор үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.


Categories
мэдээ нийгэм

Малын гарал үүсэл, эрүүл мэндийн бичгийг үндэслэж мах бэлтгэхийг үүрэг болгов

Баян-Өлгий аймгийн “Угур” ХХК, “Нөхөд” ХХК, “Азат” ХХК, “Zerger” ХХК үйлдвэр, “Жайдарман” мах нядалгааны цехийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, МЭЕГ-ы мэргэжилтэн Г.Ганзориг нар танилцлаа.

Тус аймгаас “Zerger” ХХК Иран улс руу 2018 онд 500 тонн, 2019 онд 100 тонн мах экспортложээ.

Харин “Азат” ХХК үйлдвэр өдөрт 200 бод, 800 бог мал нядлаж, 9 тонн бод, 6 тонн бог малын цул мах, 5 тонн чанасан мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэр мах махан бүтээгдэхүүнээ дотоодын болон гадны зах зээлд нийлүүлж, цаашид баруун Монголын Халал мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэгцээнд нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

“Жайдарман” мах нядалгааны цех Баян-Өлгий аймгийн иргэдийн 2019 оны махны хэрэгцээнд мах нийлүүлж, ирэх жилийн махны нөөцийг бэлтгэхээр ажиллагаа байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт хонины мах 6500-7000 төгрөг, адууны мах 7500-8000 төгрөг, үхрийн мах 7500-8000 төгрөг, ямааны мах 5500 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн 87 мянган хүүхдийг дархлаажуулна

Эрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 04-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

“Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87.130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна.

Түүнчлэн улирлын томуугийн эсрэг вакцины эхний ээлжийн дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн нийт 4600 хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн 6010 ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ.

Мөн улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн хувьд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад өдөр бүр 8:30-14:30 цагийн хооронд очиж хийлгэх боломжтой бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм.

Дашрамд дуулгахад, вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээнэ

Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ оны нэгдүгээр сард зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ой тэмдэглэх ажлын хэсгийг БСШУС-ын сайдаар ахлуулан байгуулж, Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлах ажлуудыг зохион байгуулж байна.

1911 оны Үндэсний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиняма (1862-1924)-гийн Түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан “Богд хаан 150: ном бүтээлийн өв” сэдэвт үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд маргааш нээлтээ хийж, энэ сарын 25-ныг хүртэл дэлгэгдэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор зохиогдох “БОГД ХААН 150:НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” Олон улсын эрдэм шинжилгээний хурал аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төсөл болон Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцоо гарсан байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохироод байгааг тэрбээр танилцуулгадаа дурдав. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкны дээрх зээл нь 20 жилийн хугацаатай бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх юм байна. Зээлийн хүү жилд 1.75 хувь бол зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувьтай аж.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Л.Болд, Х.Болорчулуун нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зарцуулалтын талаарх тодруулахад анх төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ боловсруулах үед Монгол Улсын 19, 21 дүгээр талбайгаас олборлож буй газрын тосны шинж чанарт тулгуурлсан технологи бүхий боловсруулах үйлдвэр байгуулах уу, эсвэл олон шинж чанар бүхий газрын тосыг боловсруулах технологитой үйлдвэр байгуулах уу гэдэг шийдлийг гаргах шаардлагатай байсан. Ингээд үйлдвэрийн технологийн горимд өөрчлөлт оруулж, ус төрөгчийн аргаар задладаг технологийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн учраас дээрх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Анхбаяр тайлбар хийлээ. Төсөл дэх Монголын талын оролцооны талаар Д.Тэрбишдагва гишүүн тодруулахад зээлийн нөхцөлд нийт өртгийн 65 хувийг Энэтхэг Улсын талаас авах бараа, ажил үйлчилгээнд зарцуулах зохицуулалттай бөгөөд үлдсэн 35 хувийг Монгол Улсын талаас нийлүүлэх бараа, ажил үйлчилгээнд зарцуулахаар судалгаа хийж, бэлтгэл хангаж ажиллаж байна гэлээ.

Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн төсөвт өртөг нэмэгддэг байдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Л.Энх-Амгалан гишүүн сануулаад, анхны ТЭЗҮ-д хяналт хийсэн эсэх, нэмэлт санхүүжилтэд хяналт хийсэн эсэхийг лавлаж байв. Цаашид төслийн өртөг нэмэгдэхгүй, нийт 1.2 ам.доллароор газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах баталгаа шаардлагатай гэдгийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад анхааруулсан. Зөвхөн үйлдвэр барих өртөг дээрх хэмжээнд яригдаж байгаа бол түүхий эд татах, тээвэрлэх асуудлыг хэрхэн шийдвэрлсэн талаар тодруулж хариулт авсан.

Үргэлжлүүлэн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва төслийн дэд бүтцийн асуудал, үйлдвэрийн үр ашгийн талаарх тооцооллыг тодорхой болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, дотоодын мэргэжилтнүүдийн судалгаа, тооцооллыг ашиглах саналыг гаргаж байв. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд энэ төрлийн бүтээн байгуулалтын ажил яригдсаар, жил бүрийн төсөв дээр тодорхой хөрөнгө суулгасаар ирсэн ч үр дүнгүй өнөөдрийг хүрсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг сануулаад, энэ удаагийн төсөл үр ашиггүй, бодит бүтээн байгуулалт хийгдэлгүй өнгөрөх вий гэдэг болгоомжлол төрж буйгаа хэлсэн. Ж.Бат-Эрдэнэ гишүүн зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн өртөг нэмэгддэг байдлыг шүүмжлээд, нэмэлт санхүүжилтийн талаарх тооцоолол дутуу байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн санхүүжилт дахин нэмэгдэх эрсдэл бий эсэхийг лавлаж байсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд нар төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлийнхүрээнд хэрэгжүүлэхээр Францын талтай тохироод байгаа аж.Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь нийт хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь болохыг тэрбээр танилцуулгадаа дурдсан.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Зээлийн хүрээнд нийлүүлэгдэх тоног, төхөөрөмжийн ашиглалтын талаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тодруулав. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Нисдэг тэргэний нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх сонгон шалгаруулалтын хугацаа товлогдсон, үүний дараа стандарт сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах аж. Тоног төхөөрөмжийн нийлүүлэлттэй холбогдуулан 44 ажлын байр нэмэгдэх тооцоолол гаргасан бөгөөд холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлсэн байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого чиглэлийн талаар тодруулж хариулт авав. Мөн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хэлсэн.


Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн юм. Иймд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан хаягдлын даланд живж амиа алджээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт энэ сарын 4-ний өдөр үйлдвэрлэлийн осол гарч, 48 настай ажилтан амиа алджээ.

Тодруулбал, баяжуулах үйлдвэрийн далан хариуцсан ажилтан Ш гэртээ ирэхгүй байсан тул ар гэрийнхэн нь хайж ажлын газарт нь очсоноор тус үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажилтнаа эрэн хайж эхэлжээ.

Улмаар хаягдлын даланд живсэнийг нь мэдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаа болон онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, хаягдлын даланд живсэн байдалтай нас барсан ажилтны цогцсыг гаргажээ.

Хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ.

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын Засгийн газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам,цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье” гэлээ.

БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1,5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв.

Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17,2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм.

Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барих ажлыг эхлүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдаанаа 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хийхээр товлолоо.

Уг асуудлыг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэх байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшлуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Дундатын гүүрэнд их хэмжээний эвдрэл үүсчээ

А1002 дугаартай Эрдэнэт-Булган чиглэлийн авто замын ПК17 Дундатын гүүрэн дээр зам тээврийн осол гарсны улмаас гүүрэнд их хэмжээний эвдрэл үүсээд байна.

Тус замаар зорчиж байгаа иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай (Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүлийн 58.3 хувь нь дэмжив.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.