Categories
мэдээ нийгэм

Угаартсан 20 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна. 100 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, 30 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэнээс 20 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа. ЭМЯ болон төрөлжсөн мэргэжлийн байгууллууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

М.Намуун хүрэл медалийн төлөө тулалдана

ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай долоон тамирчнаас ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж, 60 кг-ын жинд хүч үзэж буй өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун дөнгөж сая Узбестаны боксчин Райкано Кодироватай тулалдан 4:1 (28-29, 27:30, 29:28, 27:30, 28:29) -ээр хожиж шөвгийн наймд шалгарлаа.

Тэрбээр маргааш буюу аравдугаар сарын 10-нд хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Ван Цүнтэй тулалдах юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД:

“Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа.

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна.

Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм. Шахмал түлшинд угаартаж хордсон цар хүрээ нь хэвийн гэж үзэх боломжгүй хэмжээнд байна.

Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч!

Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.

Хүйтний улирал тулж ирсэн үед ийм хэрэг олноор гарч байгаа тул нийслэлийн болон төрийн байгууллагуудаас яаралтай, оновчтой шийдэл олж, иргэд дулаан, эрсдэлгүйгээр өвөлжих нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой болж байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна.

Хүхрийн агууламж, үнслэг ихтэй хаягдал нүүрс ашиглахад хүргэсэн, стандарт бус барьцалдуулагч нийлүүлсэн хүмүүсийн гэм бурууг хаацайлахын тулд “жилд 13-19 хүн шахмал түлшинд угаартаж нас бардаг, цочирдохоор зүйл биш” гэх утга агуулгатай мэдээлэл хийж суугаа орон нутгийн удирдлагуудад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй. Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй.

Эрдэнэт хүний амь нас сүйдсэнд дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ц, Б нар нь БНХАУ-аас 120 хайрцаг 24 нэр төрлийн 552 ширхэг хоол амтлагч, 980 кг даршилсан ногоо гэх бүтээгдэхүүнийг импортын мэдэгдэлгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн бараа бүтээгдэхүүнийг хураан авч холбогдогчид хуулийн дагуу хариуцлага ногдуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ: Улсын Их Хурлын 2019 оны 66 дугаар тогтоолыг хүчингүй болгов

Үндсэн хууль зөрчсөн гэж УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг өмнө нь гаргасан билээ. Улсын Их Хурал уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 66 дугаар тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Засгийн газар: Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болов. Мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөн байна.

Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг хүлээн авлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг хүлээн авлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ.

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын Засгийн газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон бусад албаныхан оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье” гэлээ.

БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан; Монгол Улсад 1,5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв. Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17,2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон хүнийг эсэн мэнд олжээ

Image result for цагдаа

Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багийн гуравдугаар гудамжинд оршин суудаг иргэн болох сэтгэцийн өөрчлөлтэй 40 настай Х энэ сарын 4-ны өдөр сураггүй алга болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид алга болсноос нь хойш тасралтгүй хайсаар өчигдөр Цагаан-Ус багийн Шар магнай гэдэг газарт малчин Э-ын өвөлжөөнөөс олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн энэ өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аравдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ морьтой гараад сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн 26 настай залууг эсэн мэнд олжээ.

Categories
мэдээ нийгэм

​З.Жавзанпагма: Эмч нар зөв оношилсон бол өнөөдөр би есөн сартай охинтойгоо эрүүл амьдарч байх байсан

Амгалан амаржих эмнэлгийн эмч нарын буруутай үйлдлээс болж зургаан сар тээсэн үрээ алдаад зогсохгүй нэг бөөрөө авахуулсан иргэн З.Жавзанпагма болсон явдлын талаар мэдээлэл өглөө.

З.Жавзанпагма тус эмнэлэгт амаржих ёстой байсан учир хяналтын үзлэгтээ орохоор очсон боловч бөөрийг нь уйланхайтай андуурч хагалгаа хийсэн байна. Хагалгааны үеэр уйланхай биш, буруу байрлалтай ч ажиллагаа хэвийн бөөр гэдгийг нь мэдэж буцаж оёхдоо дотор нь эмчилгээний саймбайгаа үлдээжээ. Энэхүү буруутай үйлдлээс болж дотор эрхтнүүд нь хоорондоо наалдаж идээндээ баригдаж, цаашилбал нарийн бүдүүн гэдэс нь задарч ямар ч оношгүйгээр хорвоог орхиход хүрэх байсан аж. Одоогийн байдлаар эрүүл байсан нэг бөөрөө авахуулж, саруул бойжиж байсан үрээ хүртэл хөндүүлж эрүүл мэндээрээ ноцтой хохирол амсаад байгаа юм байна.

Иргэн З.Жавзанпагма: “Амгалан амаржих эмнэлгийн эмч нар зөв оношилчихсон байсан бол, зөв эмчилчихсэн байсан бол өнөөдөр би есөн сартай охинтой, эрүүл саруул бөөртэй байх байсан. Гэтэл өнөөдөр энэ эмч нар надтай холбоо барьдаггүй, уучлалт гуйдаггүй, тангараг өргөсөн эмч нар ийм байдалтай байна. Намайг ямар ч оношгүй хоёрдугаар төрхийн гадаа хаяж байсан. Тэр битгий хэл 15 сая төгрөг өгье гэж энэ эмнэлгийн эмч Ганболд, Даваацэцэг, Отгонбаяр, сувилагч Амаржаргал нар надтай уулзаж байсан” гэв.

Уг хэрэг 15.1.2 буюу “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэсэн хуулийн заалтаар зүйлчилж одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа бөгөөд долоо хоногийн өмнө урьдчилсан хэлэлцүүлэг болсон байна. Шүүх хурал нь энэ сарын 21-ний өдөр товлогдсон аж.

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч болох З.Жавзанпагмын хуурай ах Т.Хонгор: “Амгалан амаржих эмнэлгийн эмч нарын хэн нь ч өнөөдөр миний дүүгийн биеийг асууж эргэж тойрсон удаа байхгүй. Нэг удаа уулзсан байдаг. Тэгэхдээ хохирлыг чинь барагдуулаад 15 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш ямар ч холбоо сураггүй. Одоо энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болох магадлал өндөр байна. Хэдий шүүх хурал болоогүй ч гэсэн хуулиараа бол хугацаа дууссан. Одоо бидний хүсэж байгаа зүйл бол донор. Өрөөсөн бөөртэй хүн доод тал нь найман жил амьд явах хугацаатай. Дүү маань одоо өөрийн гэсэн ажилгүй, орлогогүй, ханилах ханьгүй, үнэрлэх үргүй болчихсон амьдрал нь орвонгоороо эргэчихсэн байна” гэлээ.

М.Сайнзаяа

Categories
мэдээ нийгэм

Туул голоос цогцос олджээ

Image result for туул гол

Туул голоос 75 настай, эрэгтэй хүний цогцос олджээ. Онцгой байдлын байгууллагад Хан-Уул дүүргийн IV хороо, Сонсголонгийн гүүрэн доор Туул голд хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 06:42 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 13.5 км замыг туулан 07:00 цагт очиж, Сонсголонгийн гүүрний баруун талд 400 метрт, “Туул” голоос 2.5 метрийн гүнээс цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Талийгаач нь тус дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугч 75 настай, эрэгтэй болохыг тогтоожээ.