Categories
мэдээ цаг-үе

Амбий гэж авьяасын хүүдий байсаан

Хошин урлагийнхны тоглолтыг хаа нэгтээ харах бүрт сайн сайхан хүмүүс сэтгэлд буудаг юм. Алиалагч Батсүх, алдарт Латив гэдэг ч юм уу, олон хүний нэр бичигдэнэ л дээ. Арай сүүл үеийнхнээс Амбий, Аси гээд үг яриа нь төдийгүй үйл хөдлөл, дүр төрх нь бүр нэг хоногшсон жүжигчид байна. Урлагийнхан нэг нэгнийхээ тухай ярьж, үзэгч олон ч тэднээс зарим нэг хүний дүрийг нэхэж, нийгэм сайхан хүний тухай хааяа үгүйлж эхлэх нь бий. Тийм л бодролын үзүүрээр Амбий гэж авьяасын хүүдий болсон уран бүтээлчийн тухай товчхон дурсахыг хүссэн минь энэ. Түүнийг 43-хан настай хар нялхаараа буцахад олон хүн харуусч, ялангуяа хайрлаж хүндэтгэдэг үзэгч олон нь нулимстай хоцорсон. Хошин урлагийн анд нөхөд нь, их урлагт хөтөлсөн ачит багш нар нь элэг эмтэрч үлдсэн. “Амины хайртай шавь минь. Ард олны амин хайртай жүжигчин минь. Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмний сэтгэлд мөнхөрч үлдлээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, алиа хошин яриаг нь сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм. Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа” хэмээн түүний багш, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг өнгөрснийх нь дараа хайлган халуунаар хэлж байсан.

Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байсан гэдэг. Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм гэдэг нь ийм учиртай ажээ. Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсөнгүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод” ирсэн Амбийг гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлсэн байдаг. Ерэн онд Дорнодын театрынхан Улаанбаатар хотноо тайлан тоглолт хийхээр иржээ. Театрын уран бүтээлчдийн дунд алс Дорнод нутгаасаа Амбий цохиж ирсэн нь мэдээж. Мань эр төрийн шагналт Далхаагийн Норовын “Үнэ цэнэ” жүжигт наймаачин залуугийн жижигхээн дүрд тогложээ. “Тайзан дээр байгаа хэрнээ үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэг нөхөр тогтож ядан байсан сан. Тэр бол миний анх олж харсан Амбий. Наймаачин залуугийн дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ” гэж Гандий багш нь хэлдэг.

Монголын нэрт найруулагчийн “дуран хараанд” өртсөн тэрээр удаа ч үгүй Соёл урлагийн их сургуулийн босго алхах нь тэр. Хоёрдугаар курсийн оюутан байхдаа Оросын зохиолч Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын хөрсөнд татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий Сүмбээ гэж ар гэрийн амьдрал, суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан байдаг. Эл жүжиг тухайн үедээ Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа хичнээн удаа дүүрэн үзэгчидтэй тоглогдож байсныг мэдэх хүмүүс нь хэлдэг юм. Гандий багшийгаа “Мичидийн зургаан гялаан” кино хийхээр хөдөө яваад ирэхэд нь Амбий, Бооёо хоёр нь улсын уралдааны тэргүүн шагнал авчихсан сүрхий гэгч нь угтсан удаатай. Амбий нь “Дээрэмчид” жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихаад багшийгаа хүлээж байсан гэх. Түүний алдаа оноо, гэм хоргүй гэнэн цайлган олны нүдэн дээр ил байжээ. Ер нь Соёл урлагийн их сургуульд Амбий гэдэг хүн аль ч талаараа шуугиулж явсныг найз нөхөд, ойр тойрныхон нь инээдэм наргиан болгодог. “Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан, хорон биш.

Хорон биш мөртлөө хоморгонд их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор алсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий, тариан талбай руу орсон гахайг хадаастай модоор сүлбэсэн хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна. Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед. Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийгаа үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ” хэмээн өнөөх л үйлтэй Гандий нь инээх, уйлахын завсарт хэлдэг юм.

Ерээд оны дундуур дэлгэцэнд гарсан “Наран ургахыг хүлээхгүй” гэж кино бий. Эдүгээгийн гавьяат Гомбын Золбоот, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоо нар гол дүрд нь тоглосон уг киноны хатиг Даваагийн дүрийг багш нь Амбийдаа зориулж бичсэн юм гэнэ лээ. Хошуу ноёны хүү хатиг Даваа хайртай бүсгүйгээ шилийн сайн эртэй ууланд амраглаж байхыг хараад тэр хоёрыг буудах гэснээ болиод өөрийгөө буудаад алчихаж байгаа эмгэнэлтэй дүр. Амбийг тэр дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан гэж хэлдэг. Уг киноноос хойш л Амбий дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирж “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч”, “Содура” гэх олон киноны дүрийг чухамхүү гялалзтал бүтээж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртсэн билээ. Ёстой л нөгөө Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн юм. “Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ” гэж киноны аварга найруулагчдын хэлсэн үгний цаана их том үнэлэлт байдаг.

Уран бүтээлчийн хувьд сод байхын зэрэгцээ хүнийхээ хувьд нуруутай нэгэн байсан нь олон хүний үг ярианаас мэдрэгддэг. “Амьдрал Амбийгийн нүүр шиг арзгар байна” гэх яриа нэг хэсэг моданд орж байв. Яагаад ч юм энэ яриа надад арзгар, баргар, хүйтэн бус халуун дулаан, инээд цалгисан сайхан сэтгэгдлийг төрүүлдэг. Зүгээр “Амбий” гэх нэрийг сонсоход л сэтгэл уужирч, ямар нэгэн баярт мэдээ сонссон юм шиг эрхгүй инээд хөөр тодордог. “Хар” Цэвэгсүрэнгийн “хар” Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй муудалцаж, нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаадах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлаа. Цаанаа юм хадгална гэж байхгүй. Байдаг ийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө гэдэг. Тэр бол ийм л дулаахан сэтгэлтэй, цагаан цайлган нэгэн байсан. Ийм л уран бүтээлч ард түмний сэтгэлд хадгалагдаж гэнэ гэнэхэн гэгээн сайхнаар бодогддог байх. Түүний тухай тааруухан үг унагасан уран бүтээлчийг одоо хэр нь бид сонсоогүй л явна. Хичнээн авьяастай нөхдөдөө муу нэртэй, эргэн тойрондоо сэтгэл дутуу явахыг алийг тэр гэх вэ. Гэтэл Амбий гэж ард түмний хайртай хүүд ийм зүйл байсангүй. Сүүлд бүтээсэн “Содура” киноных нь дүрийг хүмүүс бас л ярьдаг. Өөрөө ч тэр тухай сэрүүн тунгалагтаа. “Монголчууд бид чинь гурван сая хүрэхтэй үгүйтэй цөөхүүлээ. Тэр цөөхөн ард түмэн дотроо цөөн үлдсэн цаатан иргэд нийгмийн ороо бусгаа энэ цаг үед хэрхэн яаж амьдарч байна вэ. Цаашид яах ёстой юм гэдэг сэдвийг агуулсан, нэг ёсондоо сэтгэл эмзэглүүлсэн кино” хэмээн хэлж байсан. Тайзан дээр үргэлжид олныг инээлгээд л, өөрийнх нь инээж байгаа дүр төрхийг харахад нэг л аз жаргал, баяр баясгалантай хүн шиг. Гэвчиг уран бүтээлчийн хувьд цээжин цаанаа гунигтай, худал хуурмаг, өнгө мөнгөний хорвоогийн үнэнийг таниад гутарсан, цөхөрсөн уран бүтээлчийн далд зовнил, эмзэглэл байсан байх. Тэгж бодогддог юм.

Амбий, Бооёо, Хүрлээ гэдэг Монголын хошин урлагийн нэгэн цагийн нэрийн хуудас байсан. Тэр гурвын тоглолтыг үзээд ёстой нэг бах ханах шиг болдог байсан. Амбийгийн зүгээр нэг чимхлүүр үг, үйлдэл нь хүртэл тэр чигтээ сэтгэлд буудаг нь гайхмаар. Хоёр мянга зургаан онд одоогийн гавьяат Баттулга буюу Аглуу “Хориотой жүжиг”-ийн гол дүрээр “Гэгээн муза” авчихаад байж байхдаа найз нөхдийнхөө тухай нэгэнтээ хэлж билээ. Түүндээ “Амбий, Бооёо, Дооёо, Эрдэнэзаан, Мөнхсайхан шиг жүжигчид Монголын хошин урлагт дахиж төрнө гэдэг ховор. Мөн ч их цаг хугацаа шаардагдана. Биднийг даваад гараад ирсэн дүү нар бол харин мундаг байхаас яахав” гэсэн утга бүхий зүйл хэлсэн. Дээрх хэдийгээ Аглуу нь нэр зааж нэрлэсэн. Хамгийн түрүүнд Амбийгаа хэлснийг санаж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын нэгний сонинд миний бие гавьяат жүжигчин Ариунболдтой (Бооёо) ярилцлага хийж байсан. Бид хоёрын яриа нэг л мэдэхэд Амбийгийн тухай хөвөрчихсөн юм. “Сайхан хүнийг дурсах сайхан байдаг. Инээдмийн баярын энэ өдөр андаа дурсаад сууж байгаа минь надад сайхан байна. Нэг талаар сонин сэтгэгдэл төрж байна. Итгэхгүй ч байгаа юм шиг. Хүрлээ бид гурав ямархан уран бүтээлчид байсан, хэр хэмжээний уран бүтээл олонд хүргэж сэтгэлийн цэнгэл эдлүүлснийг яриад баршгүй. Манай Амбий бол хошин урлагийн төлөө төрсөн, хүмүүст инээдэм хөгжөөн, сэтгэлийн баяр баясгалан өгөх гэж хорвоод ирсэн уран бүтээлч байлаа. Бид хамтарч ажиллаад дараа нь тус тусынхаа бизнесийг хөөсөн. Амбий маань өөрөө бас хамтлаг байгуулсан. Гэвч сэтгэл зүрхнээсээ алхам ч холдоогүй дээ. Би муу найзыгаа үргэлж бодож, бие хаа нь гайгүй л байгаа даа.Ойрд ямар бүтээл дээр ажиллаад манаргаж байгаа бол гэж боддог байлаа. Сүүлд өнгөрөхийнх нь өмнө очиж уулзсан. Огтхон ч гуньж гутралгүй хорвоог орхисон” гэж хэлж билээ. Амбий, Бооёо хоёрын танилцсан түүх бас сонин. Бооёо нь СУИС-ийн оюутан болжээ, мэдээж Амбий нь бас л архаг оюутан нэртэй Дорнодоос ирсэн байж таарна. Тэр хоёр удаа ч үгүй дотно нөхөрлөж, Амбий Бооёогийнхоо гэрээр орж гарч, хооллож ундалж хамаг л юманд хамт байж гэнэ. Тэгтэл аав нь Дорнодоос яриад “Миний хүү яажшуухан байна.Наана чинь аавтай нь хамт Дорнодын театрт ажиллаж байсан Намсрайжав гэж найруулагч бий.Тэднийхийг сураад очдог юм шүү” гэж хэлсэн байдаг. Хүрлээтэй ч гэсэн уулзаж ярилцаж байхад Амбийгаа л ярина. Ийм л дотно сайхан андууд, хошин урлагийн нэгэн цагийн өнгө болж явсныг манайхан мэдэх хойно доо. 2015 оны хоёрдугаар сарын 26-нд шиг санагдана, тэр сайхан жүжигчин хорвоог орхисон. Гэтэл өнгөрөхөөс нь долоохон хоногийн өмнө хэвлэл мэдээллээр Амбий гавьяат авахаар болжээ гэсэн мэдээлэл гарч олон хүн баярлаж байсан. “Энэ жилийн Цагаан сараар Амбий гавьяат авах нь” гээд л. Нэгнээс нэгэн рүүгээ дамжсан мэдээлэл түгээд л, авах цаг нь бололгүй яахав гэх яриа газар сайгүй гараад л. Хүмүүсийн тийм хөөр баяр, гавьяат болох нь гэх горьдлого тасраагүй байж байтал “өнгөрчихлөө” гэх итгэмээргүй, харуусалт мэдээ түгсэн сэн. Хүмүүний хорвоо дээр авьяастай, чадалтай, ухаантай сайхан хүмүүс ирээд буцдаг. Тийм хүмүүсийн нэгэн тод илэрхийлэл нь Амбий байлаа. Монголын урлагт ёстой л нэг солонго шиг татаад өнгөрчээ. Гэвчиг өөрийнхөөрөө байдаг мөн чанар, халуун сэтгэл нь хэзээд мартагдахгүй.


Categories
мэдээ цаг-үе

А.Амарбаяр: Монгол гэрийн дулаалгыг сайн хийж чадвал эрчим хүчний хэрэглээ тав дахин буурна

– ГЭРИЙН ХАМГИЙН ИХ ДУЛААН АЛДДАГ ХЭСЭГ НЬ ШАЛ, ХАЯАВЧ БАЙДАГ –

Улаанбаатарчууд агаарын бохирдолтой тэмцэх олон төрлийн аргыг өнгөрсөн жилүүдэд туршиж ирсэн. Энэ өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлш хэрэглэх Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ. Өвлийн улиралд дулаан алдагдалгүй, дээрээс нь агаарын бохирдолгүй өвөлжих нь зөвхөн төр засгаас хамаараад зогсохгүй нийслэл хотын айл өрх бүрийн үүрэг юм. Энэ үүднээс гэр, сууцны дулаан алдагдлыг багасгах боломжийн талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрхлэгч, дэд профессор А.Амарбаяртай ярилцлаа. Тус лабораторийнхон монгол гэр, сууцны жишиг дулаалгыг өнгөрсөн жил бүтээж, туршиж байсан билээ.

-Нийслэлийн гэр хорооллынхон энэ өвлийн хүйтнийг яажшуухан давах тухай их л ярьцгааж байна. Монгол гэр дулааныг хэрхэн алддаг талаар ярилцлагаа эхэлье?

-Энгийн жишээгээр үзэхэд таван ханатай монгол гэрийн ашигтай талбай 28 м.кв байдаг.

Шал, хана, дээвэр, тооно, хаалга, тэдгээрийн залгаас хэсгээр дулаан их хэмжээгээр алдагддаг. Бидний хэмжиж гаргаснаар шал, хаяагаар илүү дулаанаа алдаж байна. Мэдээж айл бүрийн дулаалга янз бүр байдаг. Гуравны нэг буюу 33 хувь нь шалаар, ханаар 25 хувь орчим, дээврээрээ 25 хувь, хаалга, тооноор тус бүр найм орчим хувийн дулаан алдагдалтай байна. Галлагаатай гэрийн дотоод температур нь маш өндөр хэлбэлзэлтэй. Галлагаатай үедээ 40 хэмд дөхөөд шөнө нэмэх тэг хэм хүртэл буурах зэргээр тогтворгүй температуртай тохигүй орчинг үүсгэдэг.

-Тэгвэл байшин, орон сууцны дулаан алдалт ямар байдаг бол?

-Хувийн сууцны цонх, түүний амалгаа, суурь тулгуураар дулаан алдагдал их байдаг. Манайхан сүүлийн үед сууцаа харьцангуй дулаалдаг болж байгаа. Өмнө нь дотор талаас нь шилэн хөвөнгөөр дулаалсан байсныг дараа нь гадна талаас нь хөөсөөр дулаалах жишээтэй. Дөрвөн ханаа сайн дулаалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ дулааны камер, хэт улаан туяаны багажаар харахад цонх, байшингийн суурь, залгаас хэсгээр маш их дулаан алдагддаг жишээ нийтлэг байна.Байшингийн суурийг доош нь бүслүүрдэж нэг метр шахам шигтгэж дулаан тусгаарлалт хийх ёстой юм. Үүнийг манай иргэд сайн мэддэггүй, анзаардаггүй. Ханаа дөрвөн талаас нь хэчнээн дулаалчихсан ч гэсэн сууриараа дулаанаа алдчихаж байгаа учраас хана дулаалсан хөрөнгө мөнгөний үр ашиг гардаггүй. Тийм учраас сууцаа дулаалъя гэвэл бүрэн жигд, бүх талаас нь дулаалах ёстой. Дээврээ ч, суурь, цонхоо ч дулаалах ёстой.

-Сэргээгдэх эрчим хүчний лабораторийнхон гэрийн дулаалгын хувилбар туршиж байсан. Туршилт амжилттай юу?

-Нийслэл хот маань хөгжөөд ирээдүйдээ байнга гэр хороолол байхгүй байх. Гэхдээ утаагаа богино хугацаанд дорвитой багасгахын тулд гэрийн дулаан алдагдлыг эрс багасгах шаардлагатай. Ингэхдээ аль болох хямд төсөр гарын доорх материалаар дулаалах боломжийг бид судалж эхэлсэн. Уламжлалт хоёр давхар эсгий дулаалгатай гэр хүйтний улиралд хамгийн оргил ачаалалтай үедээ, өөрөөр хэлбэл гадаа -35 хэм байгаа үед гэр дотор +20 хэмийг барихын тулд долоон кВт орчим чадал шаардагддаг. Уламжлалт зуух, сайжруулсан зуух нь гал өрдсөн үедээ 6-8 кВт орчмын дундаж чадал гаргадаг. Сууцны эрчим хүчний зарцуулалтыг олон улсад м.кв тутамд халаалтын улиралд хэдэн квт цагийн энерги зарцуулав гэсэн үзүүлэлтээр дүгнэдэг. Энгийн дундаж дулаалгатай монгол гэр жилдээ 400 квт цаг эрчим хүчийг м.кв тутамд шаардаж байна. Ийм нөхцөлд гэрийг яаж хямд төсөр дулаалах вэ гэдэг оролдлого хийж үзсэн. Дулаалгын хамгийн хямд төсөр материал бол хаягдал цаас. Хаягдал цаасыг тусгай сийчдэг машинаар сийчээд цаасан хөвөн хийдэг. Барилгад ч гэсэн хэрэглэдэг дээ. Хотын нөхцөлд хаягдал цаас цуглуулаад гэрээ дулаалж болно гэдэг үүднээс туршиж үзсэн. Ингээд 20 см зузаантай хана бэлдсэн. Мөн шалнаасаа дулаан алдуулахгүй байх үүднээс EPS хөөс зулж, хөөстэй пенополистрол бетоноор шал цутгалт хийсэн. Ингээд иж бүрэн дулаалгын материалд хоёр сая төгрөгийн зардал гарсан. Эрчим хүчний хэрэглээ нь давхар эсгийтэй энгийн гэрээс тав дахин бага, маш хэмнэлттэй болсон. Практик талаас харахад хэлбэр, хэмжээ нүсэр, зардал ч өндөр болсон учир 2-3 дахин багасгах хувилбарыг бид энэ жил судалж туршиж эхэлж байна.

-Хоёр сая төгрөг гэдэг чамгүй зардал гарах нь. Үүнээс арай хямд төсрөөр гэр, сууцаа дулаалах боломжийн талаар та ярьж өгөөч. Жишээлбэл, монгол гэрийн дээвэр, туурга, хаалга, тооно, хаяагаа дулаалж болох хамгийн боломжийн хувилбар юу байна вэ?

-Уламжлалт хоёр давхар эсгийн дээрээ нэмээд берзинт, зарим айлууд цементний цаасан уутаар эсгэж хийсэн бүрээсийг дулаалгад ашигладаг. Энэ нь бол боломжийн сонголт. Хаалгаа аль болох давхар хаалга, давхар дулаалга хийх хэрэгтэй. Зарим айл тооноо гялгар уутаар л бүрчихсэн харагддаг. Тооныг хүлэмжинд ашигладаг тунгалаг давхар хуванцар, twin wall PC(PolyCarbonate)-аар дулаалбал гэрэл нэвтрүүлэлт сайн, дулаан алдалт эрс багасна. Хаяагаа бид шороогоор манадаг. Шороогоор манахаас илүү гадна, дотор талаас нь давхар хаяавчийг сайн хийж өгөх ёстой. Шороо өөрөө хөрс газартайгаа адил хөлдчихнө, дулаан байж чадахгүй.

-Шаландаа айлууд картонан цаасыг зулж тавьдаг. Энэ нь хэр зөв сонголт вэ. Шалаараа дулаан алдахгүйн тулд юуг гол нь анхаарах вэ?

-Том хэмжээний картонон цаасыг бүхлээр олон давхарлаж тавьж болдог. 10 см, түүнээс их байх тусмаа сайн. Хана, шалны залгаас хаяа хэсгээр маш их хүйт цохидог. Тэр хэсгээ маш сайн дулаалж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хаяавч хэсгийг хэлээд байна. Дээвэр туурга бол материал зардал нэлээд шаарддаг. Аль болох олон давхарлах хэрэгтэй. Дээрээс нь зах дээр зарагддаг 40 мянгын үнэтэй цаасан бүрээсийг хоёр давхарлаж ашиглавал үр дүнтэй. Бүр боломжтой бол барилгын амьсгалдаг тусгаарлагч фильм материалаар бүрээс хийж ашиглавал дулаан алдалт бага болно.

-Байшин суурь хэсгээрээ дулаан их алддаг гэж та хэлсэн. Байшингийн дулаан алдалтыг хэрхэн багасгах вэ?

-Дулаалгын янз бүрийн материалууд байна. Жишээ нь, Монголд хонины ноосоор дулаалгын материал хийдэг компани байна. чулууг хайлуулж цувьж хийдэг базалтвүүл байна. EPS хөөсөн дулаалгууд ч бий. Бүгд дулаан тусгаарлах чанараараа ойролцоо, тус бүртээ давуу болон сул талтай. Байшингийнхаа хэлбэр хийцэд тааруулаад аль нэгийг нь хэрэглэх боломжтой. Түрүүн хэлсэнчлэн зөвхөн ханаа дулаалаад болно гэвэл андуурал. Дээрээс нь залгаас, амалгаа хэсгүүдэд маш сайн анхаарах ёстой. Хаалга, цонхны ирмэг хэсгүүдээр маш их дулаан алддаг. Үүн дээр дулааны гүүрийг бага байлгах үүднээс угсралт суурилуулалт хийх үеийн технологийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Орон сууцны айл гэхэд ваакуум цонхны амалгаа хэсэг нь маш муу байдаг. Ер нь орон сууцны айлууд дулаанд санаа зовох нь бага ч гэсэн хэмнэлт гаргах боломж бүрэн байгаа юм. Айл өрх бүр дулааныхаа эрчим хүчийг хэмнэж хэрэглэх хэрэгтэй. Дулааны тоолуур байдаггүй болохоор халууцаад ирэхээр цонхоо онгойлгочихдог. Цахилгааны тоолуур шиг дулааны тоолуурыг айл өрх бүр хэрэглэвэл эрчим хүчний хэмнэлт маш сайн гарна.


-Дулаан алдалтын талаарх ойлголт бидний дунд хомс байгаа нь таны ярианаас ажиглагдлаа. Агаарын бохирдлыг бууруулах, хэмнэлттэй амьдрахад цаашид энэ талаарх ойлголт зайлшгүй байх шаардлагатай биз?

-Мэдээж тийм. Ард иргэд, дээрээс нь мэргэжлийн байгууллагууд маань олон улсын хатуу стандарт руу үе шаттайгаар дөхмөөр байна. Технологио бүгд мэддэг, үнэ цэнийг нь ойлгодог болмоор байгаа юм. Бидний ийнхүү гэр дээр төвлөрөөд байгаа ажил эцсийн шийдэл биш шүү дээ. Ирээдүйд бид байнга гэртээ байхгүй. Дараагийн технологи, сонголтыг ч зэрэгцүүлээд тавьж байгаа. Гэрийн дулаалга бол яг тулгамдчихсан, ойрын нэг хоёр жилдээ утаагаа эрс багасгахын тулд түр хугацаагаар авах дундын шатны завсрын арга хэмжээ. Ирээдүйд бид яах ёстой вэ гэдэг чиглэлийг ярилцах ёстой. Үүнийг ярихын тулд пассив хаус технологийн тухай ярих болно.

-Тодруулахгүй юу?

-Монгол орны цаг уур, хэрэглээний онцлогт тохирох эрчим хүчний хэмнэлттэй дулаан тусгаарлалт өндөр шаардлага хангах жишиг сууцыг тодорхойлж гаргая гэсэн зорилт тавьж байгаа. Олон улсад эрчим хүчний хэмнэлттэй хамгийн хатуу стандарт бол пассив хаус гэж стандарт байдаг. Энэ нь амьдрах орчны хамгийн тав тухтай орчныг бүрдүүлдэг. Маш бага эрчим хүчээр хангах боломжтой сууц. Барилгын халаалтын нийт зарцуулалт нь нөгөө бидний дээр хэлсэн 70, 400 квт-аас хэд дахин бага, м.кв тутамд 15 квт цагаас бага эрчим хүч зарцуулж байх юм бол таны байшинг пассив хаус гэж тодорхойлж болдог. Эсвэл оргил ачааллаараа 10 ваттаас хэтрэх ёсгүй байх нөхцөлтэй. Мэдээж дагалдах өөр нөхцөлүүд байгаа. Цонх нь гэхэд гурван давхар цонх хэрэглэхгүй бол энэ стандартад хүрэхгүй. Германы хамгийн хатуу стандарт. Бид мэдээж энэ стандартад шууд хүрэхэд хүндрэлтэй. Гэхдээ дунд нь нэг үе шат жишээлбэл, 60квт цаг/м.кв/жилд гэсэн дотоодын стандартаар дамжаад энэ стандартад хүрэх боломжтой. Үүнийг Монголд нэвтрүүлэхээр тал талаасаа ажиллаж байна. Манай лаборатори өнгөрсөн оны зургадугаар сард Солонгосын профессор багшийг урьж авчиран лекц уншуулж байсан. Тэр хүн бол Германы стандартын эрх авчихсан, сургагч багш. Байшинг хэмжиж үнэлээд пассив хаус мөн байна гээд Германы хүрээлэнгийн өмнөөс сертификат өгдөг, Азидаа энэ чиглэлээр нэлээд нарийн мэргэшсэн багш юм. Тэрхүү профессор багшийг дахин урьж эрчим хүчний хэмнэлттэй байшинг зохиомжилдог, түүнийг суурилуулдаг ажилтанд зориулсан нарийн мэргэжлийн олон улсын зэрэг олгох шалгалтыг анх удаа Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнээс өмнө барилгын компанийн архитектур, халаалт агаар сэлгэлтийн инженерүүдэд мэргэжлийн олон улсын зэрэг олгох шалгалтад бэлдэх ахисан түвшний сургалтыг ирэх сард зохион байгуулахаар бэлтгэл ажил хийж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Цагаан луу өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 10, Бархасбадь гариг. Билгийн тооллын 12, цагаан луу өдөр. Өдрийн наран 07:03 цагт мандан 18:14 цагт жаргана. Энэ өдөр ном айлтгаж, заалгах, дээдэст бараалхах, буян үйл хийх, зэтгэрийг номхотгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих зэрэгт сайн. Онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах зэрэгт харш.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “​XIV Далай лам: Төвдийн багшаас Төрөлхтний багш руу” нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Эдийн засгийн хямрал айсуй
сураг хэр бодитой, хямралаас
хүндрэл хохирол багатай
гарахын тулд яах ёстой талаар
манай сонины сэтгүүлч Ц.Баасансүрэн эдийн засагчдын байр суурийг
сонирхжээ. Нэг, 15 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Тээврийн цагдаагийн
албаны Урьдчилан
сэргийлэх хэлтсийн ахлах,
хошууч Г.Эрдэнэсүхтэй
авто ослын нөхцөл байдал,
урьдчилан сэргийлэх
чиглэлээр ярилцсаныг нэг, долдугаар нүүрнээс, Гадаад харилцааны
сайд Д.Цогтбаатартай хийсэн ярилцлагыг нэг болон тавдугаар нүүрнээс
уншаарай.

Манай сонины гол бичлэгийн гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “XIV Далай лам: Төвдийн
багшаас Төрөлхтний багш руу” нийтлэл хэвлэгдлээ.

“Амгалан” амаржих
газрын эмч нарын буруугаас
болж тээж байсан ураг
болон нэг бөөрөө алдсан
гэх иргэн З.Жавзанпагма өчигдөр мэдээлэл хийсэн юм. Түүнтэй ярилцсаныг 11 дүгээр нүүрнээс уншаарай.

МУГЖ Т.Ариунаа удахгүй тоглолтоо хийх гэж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал хийсэн юм. Хурлын үеэр сэтгүүлчпийн асуултанд хариуллаа. Энэ тухай 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Түүнчлэн “Багш” нүүр, дэлхийн мэдээ болон бусад мэдээ мэдээллүүдийг пүрэв гарагийн шинэхэн дугаараасаа уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил, Ц.Гарамжав нар асуулт асууж, тайлбар мэдээлэл авлаа. Саарал жагсаалтад орох эрсдэл дагуулаад байгаа нэг гол асуудал нь банк бус санхүүгийн байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн чулууны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг байгууллага гэсэн гурван төрлийн байгууллагын үйл ажиллагаа хянах боломжгүй, энэ талаар эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт, үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад оруулах асуудлыг хуульчлах шаардлага үүссэн байна. Олон улсын байгууллагын зүгээс банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор тавьж буй шаардлага нь мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаанд хяналт тавих, мөнгөн гуйвуулга хүлээн авч буй хүмүүсийг бүртгэлтэй холбоотой зөвлөмжийг 2016 онд ирүүлжээ. Санхүүгийн зохицуулах хороо гадаад улсад мөнгөн гуйвуулга хийж буй, мөнгө хүлээн авч буй хүмүүсийн бүртгэлийг сайжруулсан гэв.

Өнөөдрийн байдлаар 538 банк бус санхүүгийн байгууллага, 278 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ тоо сүүлийн гурван жилийн хугацаанд тогтвортой байгаа гэдэг мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг өгсөн юм. Тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан тохиолдолд оноож буй шийтгэл нь үр нөлөө багатай байна хэмээн үзэж торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг төслүүдэд тусгасан байна. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн оролцогчдыг тогтмол хянаж, шалгахтай холбоотой зохицуулалтыг төслүүдэд тусгаад байгаа аж. Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн байдлаар 2010 хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянадаг байна. Хэлэлцэж буй төслүүд батлагдсанаар улсын бүртгэлд бүртгэлтэй 5000 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлал эрхэлдэг хуулийн этгээд, 190 орчим алт, үнэт эдлэлийн арилжаа эрхэлж буй хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд тус хороо хяналт тавих юм байна. Үйл ажиллагаа ийн өргөжиж буйтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах шаардлага үүсч байгаа аж.

ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тодруулсан гишүүдийн асуултад Монголбанкны холбогдох мэргэжилтэн хариулт өглөө. 2017 онд дээрх 40 зөвлөмжийн 20 нь хангалтгүй гэдэг үнэлгээ авсан бол үнэлгээг ахиулах тайланг 2019 оны 08 дугаар сард хамгаалж 15 зөвлөмжийн биелэлтийн үнэлгээг ахиулсан байна. Өнөөдрийн байдлаар 35 зөвлөмжийн хэрэгжилт “хангалттай” үнэлгээтэй байгаа бол 5 зөвлөмжийн хэрэгжилт “дунд хангалттай” гэсэн үнэлгээтэй байгаа гэв.

Ингээд хуулийн төслүүдтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хугацаанаас нь өмнө дархлааны эмийн хангалтад хамрууллаа

imageДархлаа дарангуйлах эм болох Програф/Такролимус/ эмийг иргэдэд олгох ажлыг 2004 оноос эхлээд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 129/100-р тушаалаар эмчлэгч эмчийн жорын дагуу олгох ажлыг хийж, улирал бүр эмийн тайлан тооцоог гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүлж ажиллаж байна.

2019 оны эхний 3 улирлын байдлаар Дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд нийт 500 гаруй хүн ууж байна.

Өнөөдрийн байдлаар 2018-2019 онд Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс УНТЭ-т эмийн хангалтанд орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан -33, бөөр шилжүүлэн суулгасан-8 хүн, ХСҮТ-ээс 5 хүн хүлээгдэж байна. Эдгээр иргэдийн хувьд өмнө жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл шалтгаалж, дараа оны улсын төсөвт тусгагдаж 1-р улирлаас нь эмийн хангалтандаа орох ёстой байдаг.

Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эмзүйн албанаас 2019 оны 3 дугаар улирлын эмийн гүйцэтгэлийн тайланг үндэслэн эмийн тунгийн хэлбэлзэл, нас баралт, гемодиализ эмчилгээнд орсон болон өөр эмэнд шилжсэн шалтгаануудаас эмийн хэмнэлт үүсч, тэрхүү хэмнэсэн зардлаар хүлээгдэж буй хүмүүсийг Програф/Такролимус/ эмэнд хамруулах боломж нөхцөл үүссэн юм.

Ийнхүү Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, Эмзүйн албаныхан, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөллийг хүлээн авч, хүлээгдэж буй нийт 46 хүний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийн олголтыг өнөөдрөөс өгч эхлэхээр болсон талаар болон Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд эмээ ууж эхлэх боломжтой болсныг мэдэгдэж уулзалт зохион байгууллаа.
Энэ нөхцөл боломж тэр бүр үүсээд байдаггүй ба 1 сарын өмнө ч гэсэн эмэндээ хамрагдах нь эдгээр хүлээгдэж байгаа хүмүүсийн нуруун дээрээс том ачааг авч, Эдийн засгийн жаахан ч гэсэн хөшүүрэг болж өгөх юм.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны хурлаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Тахарын албаны тухай хууль хүчингүй болсоор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсныг тэрбээр танилцуулгын эхэнд дурдлаа. Үүнтэй холбоотойгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиг үүрэг бүхийзөвлөлийг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахтай холбоотой зохицуулалтыг нэмэх,хуулийн зарим тодорхойгүй зохицуулалтыг холбогдох хуультай уялдуулах, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, нийгмийн бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал болон хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмсэн байна. Төслийн 2 дугаар зүйлд сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах,баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг оруулахтай холбоотой нэмэлтийг оруулжээ. Түүнчлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлагатай төсвийг тодорхой болгох, хуулийн зарим зохицуулалтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн өөрчлөн найруулах аж. Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд зарим нэр томьёог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн томьёолох, сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгож байгаатай холбогдуулан зарим зүйл, хэсэг, заалтын нэр томьёонд өөрчлөлт оруулах юм байна. Төслийн 5, 6 дугаар зүйлд шаардлагагүй, ач холбогдолгүй болон давхардал, хийдэл, зөрчил үүсгэсэн асуудлыг арилгах зорилгоор зарим зүйл заалтаас үг өгүүлбэр хасах, зарим зохицуулалтыг хүчингүй болгох зохицуулалтыг тусгажээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Мөнх-оргил, Н.Оюундарь нар асуулт асууж, салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авлаа. Холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газарт Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулсан байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн ондоо 34 арга хэмжээ, 2015 онд 85 арга хэмжээг авч хэрэгжүүлж байжээ. Цагдаагийн Ерөнхий газарт Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулснаас хойш 2016 онд 42 хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол 2017 онд 36 арга хэмжээ, өнгөрсөн онд 65 хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар 105 иргэнийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа талаарх тоон мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга Б.Буянтөр танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, биечилсэн хамгаалалт, мэдээллийн нууцлалыг хангах, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, аюулгүй газарт түр байрлуулах зэрэг 6 төрлийн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Гэрч, хохирогчийг сэтгэл зүйн цочролд орохоос сэргийлэх, айдас түгшүүрт автуулахгүй байх зорилгоор сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын байдлаар нийт 31 иргэнийг хамруулжээ. Энэ онд хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж буй 105 иргэний 7 нь гэрч, 92 нь хохиргогч бол 4 нь хамаарал бүхий этгээд, 2 нь прокурор гэлээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хүрээнд нийтдээ 367 иргэнийг хамгаалалтын арга хэмжээнд авч ажилласан байна.

Хамгаалалтын арга хэмжээний зардлын талаар Ц.Мөнх-оргил гишүүн тодруулахад, биечилсэн хамгаалалт бол аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээний зардал харьцангуй өндөр болохыг холбогдох албан тушаалтан тайлбарлав. Түүнчлэн хамгаалалтын арга хэмжээний зардал төсөвт тусгагдаагүй байдаг улмаас хүндрэл үүсдэг, зарим тохиолдолд алба хаагчид хувиасаа мөнгө, хөрөнгө зарцуулж байгаа гэлээ. Иймд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний зардлын асуудлаар Сангийн яам болон холбогдох талуудад хүсэлт, тайлбар, мэдээллээ хүргүүлээд байгаа гэв. Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний талаар Н.Оюундарь гишүүн тодруулга хийж, ажлын хэсгээс хариулт авсан.

Төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 6 нь буюу 54.5 хувь нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Зэвсэгт хүчний 124 дүгээр анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга зарлиг гаргасны дагуу тус ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Цэргийн гавьяаны одонг гардуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус ангийн цэрэг, офицер, ахлагч, ажилтан, алба хаагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигийг уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн байлдааны туганд Цэргийн гавьяаны одонг зүүж өгсөн юм.

ҮҮНИЙХЭЭ ДАРАА БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан, алба хаагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

Хүндэт зочид оо,

Та бүхэнд Зэвсэгт хүчний 124 дүгээр анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсанд халуун баяр хүргэе.

Ардын армийн Жанжин штабын “Радио тусгай төв” нэртэйгээр 1969 онд үүсгэн байгуулагдаж, хагас зууны хугацаанд цэргийн дээд удирдлагыг мэдээ, мэдээллээр шуурхай ханган, байлдааны жижүүрлэлтийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж, олон арван алдар гавьяатнууд, төр, нийгмийн зүтгэлтэн төрүүлсэн дайчин замналтай тус ангийн цэргийн гавьяаг өнөөдөр Монголын төрөөс өндрөөр үнэлэн шагнасныг гардуулан өгсөндөө баяртай байна.

Байлдааны бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, дадлага, ур чадвараараа үргэлж тэргүүлж, Зэвсэгт хүчний “Тэргүүний анги”-ийн болзлыг 18 удаа биелүүлсэн нь тус ангийн түүхэн замнал, шилдэг уламжлалыг бэлнээ гэрчлэх билээ.

Улс орноо батлан хамгаалах ариун үйлс, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн ахмад дайчид, цэргийн албанд мөр зэрэгцсэн алба хаагч Та бүгдийн амжилт бүтээл, хүч хөдөлмөр, гавьяа зүтгэлд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх орон, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг цэрэг эрсээрээ хүн бүр бахархаж байдаг тул Та бүхэн энэхүү итгэлийг зүтгэлээр хариулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэдэгт итгэж байна.

Төрийн туг сүлд ивээж, монгол цэргийн яруу алдар бадартугай” гэв.

Categories
мэдээ нийгэм

42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг эцэслэн тогтоолоо

Үндсэн хуулийн Цэцээс Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан УИХ-ын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг өмнө нь гаргасан билээ.

Гэвч УИХ уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж, уг маргааныг дахин хянаж, эцэслэлээ.

Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн УИХ-ын 2019 оны 66 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

Өөрөөр хэлбэл, Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь эцэслэн тогтоогдож байна.

Categories
мэдээ улс-төр

​Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ​

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхлэв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-оргил танилцууллаа. Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн байна. Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төсөл дэх өмгөөлөгчид хориглох зүйл, үйл ажиллагаатай холбоотой 15, 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэж, өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 15 дугаар зүйл болгох, хуулийн дагаж мөрдөх хугацааг тодорхойлох саналыг гаргажээ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлгийг хүчингүй болгох хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасан байдаг. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт, тайлбар авсан юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргахад Байнгын хорооны гишүүд 83.3 хувь нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ.