Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Хил дамнасан гэмт этгээдүүдэд гишгэх газар үлдээхгүй

Гадаад Xарилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Польшийн цагдаагийн байгууллагаас манай улсын 69 дипломатчийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг ирүүлсэн гэж Т.Аюурсайхан гишүүн мэдээлэл хийсэн. Эдгээр хүмүүсийн зарим нь Засгийн газарт ажиллаж байна гэх юм. Танд энэ талаар ямар мэдээлэл байна. Арга хэмжээ тооцох боломж бий юу?

-69 дипломатч гэж ярьж болохгүй. Энэ мэдээллийг ил гаргаж, ярьж байгаа хүн ихэнх нь дипломатч биш, Монголын төрийн өндөр албан тушаалын хүмүүс байна гэж хэлж байгаа шүү дээ. Өнөөдөр бүх юмыг дипломатчууд хийгээд байгаа юм шиг ярих юм. Таны ярьж байгаа жагсаалт хэдэн оны жагсаалт вэ.

-2009 он…

-Наад бичиг чинь анх 2008 онд ирсэн. Дараа нь 2009 онд намайг Гадаад яамны төрийн нарийн байхад дахиад ирсэн. Би чамаас асууя. Энэ хүмүүс тэр 2008-2009 онд байсан шигээ хавтгайрчихсан нөхдүүд байсан бол 2010 оноос хойш яагаад ийм бичиг ирсэнгүй вэ. Яагаад 10 жилийн турш Польшийн Цагдаагийн газраас ийм бичиг ирэхээ больчихов.

Тэгэхээр нэг зүйл болсон байгаа биз. 2008 онд хамгийн анх энэ бичиг ирсний дараа Гадаад хэргийн яамнаас тусгай арга хэмжээ авсан. 2012 онд би Гадаад яамнаас гарсан. Тэгээд таван жилийн дараа буцаж ирсэн.

2012 онд би ардаа тамхины наймаагүй яам үлдээсэн гэж яриад байгаа нь ийм учиртай. Тэр бичиг чинь одоо ирэхээ больчихсон байгаа биз дээ. Хэрэв тэр давтамж хэвээрээ байсан бол энэ бичгийг дахин дахин ирүүлээд л байх байсан. Тэр жагсаалтад 69 хүний нэр байсан. Одоо тэрүүгээрээ зогсчихсон, цаашаа үргэлжлээгүй байгаа биз. Тэгэхээр энэ асуудалд авсан бидний арга хэмжээ бодит үр дүнд хүрсэн учраас энэ байдал зогссон.

-Тухайн хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?

-2012 онд Төрийн нарийн байхдаа холбогдсон хүмүүсийг бүгдийг нь гарын үсэг зураад ажлаас халсан. Гэтэл намайг таван жил байхгүй байх хугацаанд зарим нь буцаад ажилдаа орсон байсан. Би бүгдийг нь халсан. Дөрвөн хүнийг ажлаас халсан нь ийм учиртай.

Өнөөдөр та бүхэн цагдаагаас асуугаад үз. Энэ яригдаад буй 69 хүн энэ хэрэгт холбогдсон уу гэвэл яг таг хэлж чадахгүй. Энэ бичгийнхээ агуулгыг хүмүүс мэдэхгүй байгаад байгаа юм. Юун бичиг ирсэн юм. Яасан юм бол гээд л 69 хүн яриад байдаг.

-Ямар учиртай бичиг юм бэ?

-Польшийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлаад “Ийм хүмүүсээс бид тайлбар авах хэрэгтэй байна” гээд 69 хүний нэр ирүүлсэн. Монголын Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөх байцаах газраас манайд ийм хүмүүсийн талаар “Мэдээлэл өгөөч ээ” гэхэд манай Гадаад яам тэр мэдээллийг нь бүрэн гүйцэд хариулаад явуулсан. Гэтэл тэр мөрдөн шалгаж байгаа байгууллага эргүүлээд бидэнд энэ хүн ийм зүйлд холбогдлоо, ийм зүйл болж гэх мэтийн тайлбарыг ирүүлээгүй байна шүү дээ.

Тэгэхээр тэд ижил хэрэг хийсэн адилхан хүмүүс гээд байгаа нь буруу байхгүй юу. Хэн нэгэн хүн сэтгүүлч та нарыг ямар нэгэн асуудлаар цагдаад гомдол мэдүүлээд цагдаа шалгахад буруугүй нь тогтоогдоод буцаад редакцдаа ирэхэд ажлаас чинь халчихсан байдаггүй биз дээ.

Польшийн Цагдаагаас очоод асуусан ч эцсийн хариуг хэлэхгүй. Бид нарт лав 2009 оноос хойш ямар нэгэн хариу ирүүлээгүй. Тиймээс цагдаа нар нь өөрөө эцсийн хариугаа өгөөгүй байхад би “Мэдэж байна” гээд цагдаагийн өмнөөс шийдвэр гаргаж болохгүй биз дээ. Тэр тусмаа 69 хүний нэр дунд хамааралгүй хүмүүс олон байгаа. Яагаад гэвэл Тухайн үедээ хилээр орж ирж байсан сэжигтэй хүмүүсийг бүртгэж аваад тэр жагсаалтдаа оруулж биднээс бас асуусан юм билээ.

Жишээлбэл, би 2009 онд үүнээс улбаалан нэг эмэгтэйг ажлаас нь халахаар болоод энэ асуудлыг сөхсөн юм. Гэтэл тэр эмэгтэй “Би үнэхээр ийм зүйлд холбогдоогүй, би Польшид сурч байсан нь үнэн.

Манай нөхөр тэр хугацаанд тамхи зөөсөн. Үүнээс болоод бид хоёр салсан” гэсэн. Эхнэр нь энд хамааралгүй байхад нөхрийнх нь хэргийг эхнэрт нь үүрүүлээд “Би дарга учраас” гээд халж болохгүй биз дээ. Ийм нөхцөл байдалд байгаа учраас мөрдөн шалгаж байгаа байгууллага болох Польшоос бидэнд хариу ирүүлээгүй. Тиймээс би “Эцсийн хариуг нь мэдэж байна” гээд шийдвэр гаргаж болохгүй байна. Энэ 69 хүнийг цагдаад өгсөн.

Энэ асуудалд эцсийн нэгдсэн хариу гаргаж егөөч ээ, ямар учиртай юм гэдгийг мэдэх хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн 2012 оноос хойш Гадаад яамны мэргэжлийн үндсэн кадраас ямар нэгэн хүн ийм асуудалд оролцоогүй байгаа шүү.

-Тэр халсан дөрвөн хүн ямар учиртай вэ?

-2012 он хүртэл байхгүй юу. 2012 оноос өмнө гарсан ийм тохиолдлуудад бүгдэд нь арга хэмжээ авсан.

-2016 онд нэг асуудал гарсан биз дээ?

-Тэр бол манай яаманд хоёр яам нэгдэхэд орж ирж ажиллаж байгаад манай яамнаас тэтгэвэртээ гарсан хүмүүс. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт байхдаа ийм асуудалд холбогдсон хүмүүс юм. Тэгэхээр манай яамных биш гэх хэцүү, мөн гэх хэцүү л байгаа. Гэхдээ тэр хүн хариуцлагаа хүлээгээд явсан.

-Хар тамхины хэрэгтэй холбогдуулж танай яам арга хэмжээ авч байгаа юу?

– 2017 оны арванхоёрдугаар сард нэг хүн сэтгэцэд нөлөөлөх эм зөөж байгаад баригдсан. Хэвлэлээр зөндөө гарсан. Бид нэгдүгээр сарын 15-нд шууд Европт байгаа бүх элчин сайдын яамыг шалгах хэрэгтэй байна гэж Тагнуулын ерөнхий газар руу албан тоот явуулж, арга хэмжээ авсан.

Тагнуулын байгууллага Европын байгууллагуудтай энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Дараагийн хэрэг дөрвөн сарын дараа гарсан. Бид арга хэмжээ авч байгаа. Энэ талаар ярина гэхээр гэмт хэрэгтнүүд мэдчих гээд байдаг. Тиймээс ярьж болохгүй. Манай яамнаас ямар арга хэмжээ авахыг тэр гэмт этгээдүүд мэдэхийг хүсэж байгаа шүү дээ. Маш олон арга хэмжээг авч байгаа. Энэ нөхдүүдэд гишгэх газар үлдээхгүй.

-Яаж гишгэх газаргүй болгох юм…

-Олон нийтэд ил болсон нэг мэдээлэл хэлье. Энэ асуудлыг Унгар, Чехийн Гадаад хэргийн сайд болон Германы Элчин сайдад тавьсан. Тавихдаа “Манай холбогдох хууль, тусгай хүчний байгууллагуудыг хооронд нь холбож өгье. Энэ асуудалд нарийвчилж Европт ажиллах хэрэгтэй байна” гэж.

Гэтэл бидний өөдөөс энэ Гадаад хэргийн сайд өөрийнхөө байгууллагыг гадны тусгай байгууллагуудтай хянах гээд байна гэсэн. Би нэгдүгээрт гадны тусгай байгууллагуудтай харьцаагүй. Би Гадаад яамны сайдтай нь харьцаж байгаа. Тусгай байгууллагуудыг хооронд нь холбож өгөх хэрэгтэй шүү дээ. Тэнд гарч байгаа хэргийг энд бид нар бүрэн хянаж, зогсоож чадахгүй.

Ноцтой хэргүүдийг тэнд байгаа тусгай байгууллагууд тусалж байж хянана. Хил дамнасан хэргийг хамтарсан хүчээр л дэлхий дээр шийддэг юм. Мөн хажуугаар нь Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага гэж байгууллага байгаа.

Энд хил дамнасан гэмт хэргүүдийн бүх асуудлыг маш өндөр түвшинд ярьж байдаг. Тэдний хийсэн олон улсын хурал дээр би үг хэлэхдээ Хил дамнасан гэмт хэргийн асуудалд Монгол болоод бусад жижиг улсуудад туслах хэрэгтэй байна гэдэг асуудлыг тавиад эцсийн шийдвэр болох бичиг баримтуудад нь оруулчихсан. Хоёрдугаарт, би НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд энэ асуудлыг танилцуулсан.

Энэ байгууллага бол өнөөдрийн олон талт хамтын ажиллагааны хамгийн оргил цэг нь. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр би үг хэлэхдээ “Жижиг дунд орнуудын иргэдийг хил дамнасан гэмт хэрэгт татан оролцуулах үйл явц өндөр хөгжилтэй орон болоод тэдгээрийн зах зээл дээр их байна. Үүнийг зогсооход жижиг дунд орнууддаа туслалцаа дэмжлэг үзүүлэх ёстой байна” гэж хэлсэн.

Тэгэхээр бусад бүх орнуудын тусгай байгууллагууд руу энэ мэдээ явна гэсэн үг. Бид нар энд доороо мянга дэвхцээд энэ хэрэг шийдэгдэхгүй. Хил дамнасан гэмт хэрэгтэй ингэж л тэмцэнэ. Тиймээс тэд нарыг гишгэх газаргүй болгож, газар дээр нь арга хэмжээ авах ажлыг эхлүүлчихээд байна.

-69 хүний нэр бүхий жагсаалтад төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс бий. Тэр тусмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх хүртэл энэ жагсаалтад байгаа шүү дээ…

-Тэр жагсаалтыг бид хийгээгүй. Польшоос ирж байгаа. Улсын мөрдөн байцаах газраар дамжаад манай яаманд ирсэн. Тэнд байгаа тэр хүмүүсийн асуудлуудыг цагдаагийн байгууллагуудаас тодруулах ёстой. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагаас бид нарт ирж байгаа бичиг.

-Томилгоо хийхдээ олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг судалдаггүй юм уу?

-Энэ жагсаалтад арван жилийн турш ямар ч хариу ирээгүй. Хэрэв тэр эрэн сурвалжлагдаж байгаа байгууллага эдгээр хүмүүс үнэхээр энэ хэрэгт холбогдож байгаа юм байна гэх юм бол өөр хэрэг. Гол нь энэ хүмүүсийг ямар нэгэн байдлаар буруутгасан, хууль хяналтын байгууллагын шийдвэр байхгүй байгаад байна шүү дээ.

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх ямар асуудалд холбогдсон юм бэ?

-Цагдаагаас асуух нь зөв. Би мөрдөн байцаах ажиллагааг явуулаагүй болохоор мэдэхгүй байна.

-Өмнө нь тэр хүн Гадаад яаманд харьяалалтай байсан юм уу?

-Сүүлд гадаад яаманд ажиллаж байсан. 2009 онд. Гэхдээ томилогдсон байсан эсэхийг би мэдэхгүй байна. Томилогдсон хүмүүсийн талаарх асуудал л яригдаад байгаа. Тийм биз дээ.

-Таны ярьж байгаагаар Т.Аюурсайхан гишүүн улс төр хийчихсэн л харагдаад байна л даа…

-Яалаа гэж дээ. Би тэгж хэлээгүй. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороотой бид нар маш нягт ажиллаж байгаа. Тэндээс бид нарт чиглэл өгөхөд тэрнийх нь дагуу арга хэмжээг нь даруй аваад явж байна. Саяхан тус байгууллагаас өгсөн чиглэлийнх нь дагуу арга хэмжээнүүд авлаа.

Бид нар тал талдаа л асуудлыг хурдасгаад ажиллаж байна. Тухайлбал, Польшийн талтай манай цагдаагийн байгууллага аль болох хурдан ажиллах ёстой. Нэг талдаа шийдвэр гаргахгүй бол болохгүй байна гэдэг асуудлыг тавих ёстой.

-Хар тамхи наймаалцсан Б.Баттүшигийн талаарх мэдээлэл байнга ирж байгаа гэсэн үг үү?

-Байнга ирж байгаа. Энэ хүмүүсийн талаар мэдээлэл гарахаар дахиад шинэ хүн хэрэг хийчихсэн юм шиг мушгиад байна. Энэ хүмүүс ялаа эдэлнэ. Эдгээр хүмүүсийн шүүхийн шийдвэр нь гарахаар дахиад шинэ хүн гараад ирсэн юм шиг л заавал улстөржүүлж, пиар хийгээд хэрэггүй. Ялангуяа гадаад бодлогын асуудалд. Үнэхээр харамсалтай. Таван жил энэ яамнаас хол байгаад ирэхэд назгайрчихсан байгаад харамсаж байна. Гэхдээ үүнд би зөвхөн харамсаад зогсохгүй, зогсооно. 2012 онд зогсоож чадсан юм. Одоо ч чадна.

-Солонгос улсад ажиллах Элчин сайдаа хэзээ томилох вэ. Засгийн газар өргөн барьчихсан гэсэн. Хурдлуулах тал дээр ямар арга хэмжээ авч байна?

-Хурдлуулах тал дээр ажиллаад явж байна. Мөн нэмээд бусад хэд, хэдэн орны Элчин сайд нарын асуудлыг ярьж байгаа. Энэ талаар судалгаагаа хийгээд явж байна. Шат шатандаа л шалгаж байна. Гэхдээ ганц бид шалгахгүй. Томилж байгаа өргөн барьчихсан байгууллага маань хүртэл шалгаад явж байгаа.

Categories
мэдээ нийгэм

79 настай эрэгтэй мориндоо чирэгдэж нас баржээ


Өчигдөр Налайх дүүргийн Өртөө өвөлжөөний иргэн 79 настай, эрэгтэй Н мориор малдаа яваад 18.42 цагийн үед алга болжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн зургаан алба хаагчид 20.35 цагт очиж, Н-ийг гэрээсээ баруун хойд зүгт долоон км орчим зайтай уулын энгэрт мориндоо чирэгдэж нас барсан байсныг олж Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулахаар ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Харвалт, шигдээсийн нэгжийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах”-аар тусгасны дагуу тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад “Тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд УГТЭ-ийн “Зүрхний төв”, “Мэдрэлийн төв”-ийн туршлагыг судалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг авч, олон талын мэдээлэл солилцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2018 оны үзүүлэлтээр, хүн амын халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт зүрх судасны тогтолцооны өвчин орж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтын 23 хувийг эзэлсэн байна. Нийслэлд 2001 хойш оноос өнөөг хүртэл хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин байгаа бөгөөд 2018 оны байдлаар нийт нас баралтын 28.8 хувийг эзэлжээ.

Тиймээс тус нэгжийг байгуулснаар дүүргийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх төдийгүй зүрхний шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээ, сэргээн засах эмчилгээний цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 34 хүн угаартсан гэх дуудлага иржээ

2019 оны 10 дугаар сарын 09-ний өглөөний 06 цагаас 10 дугаар сарын 10-ны 06 цаг хүртэлх хугацаанд угаартсан гэх 17 дуудлага ирсэн байна. Нийт 17 өрхийн 34 хүнээс 18 нь хүүхэд, 16 нь том хүн байна. Үүнээс 9 том хүн, 3 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ноцтой хүнд хордлоготой хүн байхгүй гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

Ойрын үед хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс иргэдийг өөрсдөөс шалтгаалах зүйлдээ анхаарал хандуулж, сэрэмж болгоомжтой байхыг анхаарууллаа. Мөн айл өрхүүдэд тарааж байгаа зөвлөмжийг дагах шаардлагатай байгааг НМХГ-аас өгч байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Давтан сургалт сэргээн заслын төвтэй хамтран “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Давтан сургалт сэргээн заслын төвд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтад төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн салбарын бүлгийн дарга нарын 20 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Сургалтад хамрагдсан алба хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, монголын хөдөлмөрийн нөхцлийн стандартуудын талаар мэдлэгээ дээшлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Ж.Эрдэнэбатыг шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталсан талаар зарим хэвлэлд мэдээлжээ.

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэх мэдээллийг иргэд АТГ-т өгсөн аж. Үүний дагуу АТГ-аас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт нээн шалгаж байсан бөгөөд хэргийг шалгаж, яллагдагчаар татах тооцох тогтоол батлан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсэг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

“Алтанбулаг” авто замын боомтын орох чиглэлд 2019 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 19.25 цагт Монгол Улсын иргэн Ч, А нарын зорчин явсан 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоциклд үзлэг хийхэд, 7,62 мм-ийн “АК-103” маркийн автомат буу нэг ширхэг, “Ф-1” маркийн гар гранат нэг ширхэг, “Denix made in spain” маркийн гар гранат нэг, 7,62 мм-ийн хоосон сум 89 ширхэгийг арын тээшний хэсэгт нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүллээ.

Дээрх зөрчлийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ илрүүлсэн бөгөөд зохих журмын дагуу Хилийн тагнуулын тасагт шилжүүлсэн юм.

Сонор сэрэмж, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж хилийн зөрчил илрүүлсэн “Алтанбулаг” авто замын шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгслийн шалгагч, дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагналаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

XIV Далай лам: Төвдийн багшаас Төрөлхтний багш руу

-МАЯАНК ЧАЯАГИЙН ДАРАА БОДОХОД-

Эх орноосоо дүрвэн гарсан цагаач, төрсөн газар нутагтаа хүчингүй хэмээн зарлагдсан удирдагч, шашин төрийг хослон баригч, Буддын шашны ламайзм хэмээх нэгэн урсгалын тэргүүн, Хятадын Засгийн газрын нүдээр харвал сепарист, хүн төрөлхтний шинэ үеийн оюун санааны лидерүүдийн нэгэн гэхчлэнгээр олон талаас нь харж болох XIV Далай лам Данзанжамцын дүр ихээхэн ээдрээ түвэгтэй, зөрчилтэй мэт санагддаг аа. Буддизмыг үндэслэгч Сиддхарта Гуатама бээр хаан төрийн эрх мэдлийг огоорох нь гэгээрлийн замд хөл тавих гол зам хэмээн амьдралаараа нотолсон атал Төвдийн далай ламууд төрийн эрхийг өөртөө хавсарган барьсаар ирсэн нь бурхны сургаалын үндсэн агуулгатай зөрчилдөг ч юм шиг бодогдуулан дээр эргэлзээний улам ч чангалах мэт.

Чухам энэ өнцгөөс харахад Далай лам, Төвдийн соёл, Төвдийг хамгаалах үзэл санаа, орчлонг огоорох тухай Буддын сургаал энэ бүхэн хэрхэн нэг дор зүй зохисоороо цогцолж таарах вэ? Энэтхэг сэтгүүлч Маяанк Чаяа чухам энэ асуултын хариуг эрсэн байна. Түүний олон жилийн ер бусын хөдөлмөрийн үр шим болсон Маяанк Чаяа. Далай лам: хүн, хувраг, мистик номыг НЭПКО хэвлэлийн газраас саяхан монголчуудад толилууллаа.

Хэрвээ буддын шашны их хөлгөнийг сүслэн дагагчид Дээрхийн гэгээний намтрыг бичвэл нэг янз. Басхүү бурхны сургаалыг буруу ном хэмээн ухаардаг өөр мөргөлтөн түүний бичвэл харах өнцөг мөн л ойлгомжтой. Харин энэхүү номыг туурвигч газар дэлхийд хүмүүний биеийг олж морилсон амьд Буддаг хөндлөнгөөс харах боломжтой, чадвартай нэгэн байлаа. Дээрхийн гэгээнтэй анх уулзан танилцах үедээ Маянк Чаяагийн гэргий нь “ Би ислам шүтлэгтэй, миний нөхөр огт шашингүй, харин хүү минь буддист болж магадгүй юм” гэсэн байх юм.

Далай багшийн айлдсан үг сургаал манайд зөндөө хэвлэгдсэн. Түүний хэлсэн үг уншсан лекцийг манайхан ч мэднэ. Харин гэгээн хутагтын туулсан замыг хөндлөнгийн хүний нүдээр харж, хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэл рүү өнгийн сонжих шинэ боломжийг дээрх ном олгож байна.

Зөрчил, харшилдаан, эсрэгцэл, үгүйсгэлийн тухай ойлголт маань ингэхэд хэр төгс төгөлдөр вэ? Тогтож ирсэн итгэл, үнэмшлээрээ юм бүхнийг тайлбарлан ухаарсаар явах нь үнэнд хүрэх хамгийн зөв зам мөн юм үү?

Тэртээ 2500 гаруй жилийн өмнө гэгээрсэн Будда “Юм бүхэн агшин зуур хувьсч өөрчлөгдөнө, харагдах дүрээсээ эхлээд оюун санаанд орших үнэлэмжээ хүртэл” хэмээн сургасан энд хамаатай юу? Ертөнцийн хувьсан өөрчлөгдсөөр байхад бид түүнийг хувьсан өөрчлөгдөөгүй үнэлэмж, дүгнэлтээрээ хэмжих гээд байдаг юм биш байгаа. Бид сүүдрийг гэрлийн эсрэг тал, харыг цагааныхаа үгүйсгэл гэж хардаг. Гэтэл сүүдэр өөрөө гэрэл байгаагийн илэрхийлэл, хар нь цагааныхаа тусгал л шүү дээ. Харахад эсрэг мэт боловч салгахын аргагүй нэгдэл, бие биеийнхээ илэрхийлэл. Бид бие махбод руу хоол унд орох явцыг тансаг ёслол, баяр хөөр гэж үздэг, харин орсон хоолоо буцаад гарах явцыг нь тун таагүй, муухай явдалд тооцдог. Бид хошногоныхоо дээд үзүүрийг маш гоё эрхтэн гэж бахархах атлаа, амныхаа доод үзүүрээс жигшдэг. Гэтэл энэ нь нэг юмны хоёр тал, нэг хоолойны хоёр үзүүр. Хар ба цагаан, гэрэл болоод сүүдэр үүнтэй л адил…

Харийн нутагт өнгөрүүлж буй амьдрал, хэзээ нэгэн цагт эзэгнэн суугаад өдгөө Лхасын ордонд эзгүйрэн үлдсэн шашин төрийн хослон баригчийн сэнтий, нэгэн цагт ирж хятадуудаас чөлөөлнө хэмээх найдваргүй горьдлого тээсэн Төвдийн ард зоны байдал гээд олон олон “13-ны баасан” давхацсан мэт байдал Далай ламыг золгүй амьтан болгож чадахгүй ажээ.

Төрөлх үндэстнийг нь алж хядаж, газар нутгийг нь эзэлсэн, сүм шүтээнийг нь нураан доромжилсон, өөрийг нь Хятад улсын албан ёсны дайснаар зарласан энэ бүгд нийлээд, нийлээд Далай багшид амьтан бүгдийг хайрлах сэтгэлд нь үзэн ядалт төрүүлээгүй аж.

Эндээс бидний эхний эргэлзээ төрнө. Эгэл бидний үзлээр бол Төвдийн ард түмнийг хайрлахын тулд тэдэнд хайргүй бүхнийг үзэн ядах учиртай биз дээ. Гэтэл муу муухайг эсэргүүцэхдээ заавал үзэн ядалтаар жигүүрлэх албагүй аж. Хятадын ард түмнийг үзэн ядахгүй байгаа нь Төвдийг хайрлахад өчүүхэн ч садаа болохгүй аж.

Оршин буй орчлон, буддизмын ойлголтоор сансрын хүрдний дүрмийг ухаарахаас хүний гэгээрэл эхэлдэг гэх. Энэ дүрмийг бүрэн ухаарсан танихын цагт сэтгэл амгалан болж, үзэн ядалт, хэт хөөрөл гомдлоос салдаг гэх. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-т нэг ийм хэсэг байдаг юм. Хэн нэгэн хүн чамайг үзэн ядаж байгаад сөргүүлэн уурлах амархан. Харин тэр хүний сэтгэлд үзэн ядалт гэдэг нэг зовлон байна. Үзэн ядалт тээсэн сэтгэл үргэлж хямарч, амар заяа үзэхгүй зовж байгаа. Энэ өнцгөөс нь харвал зовлонд унасан амьтан харагдана гэж.

Үзэн ядалтын эсрэг үзэн ядалтаар, хүчирхийллийн эсрэг хүчирхийллээр тэмцдэггүй. Үзэн ядалт хүчирхийлэл нь шинэ шинэ үзэн ядалт, хүчирхийллийг л төрүүлдэг учраас тэр. Ийм учраас дээрхийн гэгээн Далай ламтан Төвдийн өөртөө засах эрхийн төлөө тэмцэлдээ цаг үргэлж “хүч үл хэрэглэх” аргыг уриалж иржээ.

Тэр үзэн ядалтаасаа салчихсан. Үзэн ядалтаасаа салсан учраас ямар ч дайсагнал, зүхэл түүнд үзэн ядалт төрүүлэхгүй. Үзэн ядалт төрдөггүй учраас тэр хэнийг ч дайснаа гэж үздэггүй. Хэн ч түүний дайсан болж чадахгүй учраас түүнд ялагдал гэдэг ойлголт байхгүй. Нэгэнт ялагдал, дайсан, үзэн ядалтаасаа салсан учраас энэ хорвоо дээр түүний хувьд зөвхөн амгалан л бий. Нөгөө талаас нь авч үзвэл гэнэт бүх юм орвонгоороо эргээд Төвд 1950-иад оныхоос өмнөх үедээ эргээд орлоо гэхэд Дээрхийн гэгээнтний амьд явсны хэрэг бүтэж хөөрөн, дэрвэх нь бас үгүй. Учир нь тэр үзэн ядалт, хэтэрхий хайрлах аль алинаас нь салсан гэсэн үг.

Будда Шагжаамунын олон цол чимгийн дотор буй “дайснаа дарагсан” хэмээх үг чухам энэхүү дайсантай байх шалтгаанаасаа салсных нь тодотгол буй за.

Төвдөд өрнөж буй үйл явдал Далай ламыг зовоогоод байгаа юм биш. Гэвч тэр Төвдийн ард түмний удирдагч болон төрсөн учраас улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүрэг ухамсарлахын тулд, хүчирхийллийн эсрэг тэмцэхийн тулд заавал үзэн ядалт үүсгэж, сэтгэлийн амгалангаа сарниасан байх албагүй.

Нэг талаасаа Төвдүүдийг үргэлж өөрөө өөрийгөө мэдэх эрх-засаглал руу дуудаж байдаг хүчин зүйл нь Далай лам мөн. Тэд дээрхийн гэгээнээ нутагтаа залах, түүгээрээ шашин төрөө хослуулан барих мөрөөдлөөсөө далай багшийг жанч халан халтал салж чадахгүй. Энэ утгаараа Төвдөд гарч болох бослогын шалтгаан нь Дээрхийн гэгээн мөн.

Нөгөө талаасаа ариун сайн үйл хэргийн төлөө хүч хэрэглэхгүй байнга ухуулж, Төвдийн тодорхой хэсгийн экстермист хандлагыг зөөллөж байдаг хүн нь мөн л Далай лам. Харин энэ утгаараа Төвдөд хүч хэрэглэсэн бослого гарахгүй байх бас нэг баталгаа нь Далай лам мөн.

Нууц тарни, ид шид, учир битүүлэг тантрын ёслол холилдон оршсон Төвдийн Буддизмыг тэрээр мистицизмээс нь аль болох салгаж, ухаарал, гэгээрлээр дамжин төгс төгөлдөрт хүрэх тухай Будда Шагжаамуны номлосон өнгө төрхөөр нь хүн төрөлхтөнд таниулахыг зорьж ирсэн нь уг номоос харагдана.

Нэг ийм андуурал байдаг. Далай ламыг бүх буддын шашинтны албан ёсны тэргүүн гэж бодоод байдаг. Үнэндээ Төвдөдөө ч бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгддөггүй урсгалын тэргүүн. Энэ урсгалыг БНХАУ-ын Төвд, Өмнөд Монгол, ОХУ-ын Халимаг, Буриадууд, дээр нь манайхан албан ёсоор шүтдэг. Төвд дотроо Гармапа, Нямапа, Сажапа, Бон зэрэг тусдаа урсгалуудтай, шарын урсгал дотроо Далай багштай эвлэрэхгүйгээ зарласан Доржшүгдэнгийнхэн гэхчлэн бүлэглэлтэй.

Харин Буддын Их хөлгөний аймгийн Ламайзмын гэлүгва хэмээх шар малгайтныг урсгалын тэргүүнээс ерөнхийдөө манай гаригийн Буддизмын нүүр царай болтол өөртөө менежмэнт хийсэн хувраг уу гэвэл тийм юм. Далай багштан өөрийн улс үндэстнээ орхин гараад дэлхий ертөнцийг олж авсан.(Гэхдээ энэ нь бидэнд л тэгж санагдаж байгаа болохоос гэгээрсэн хутагтын хувьд ариун хоосны орчилд юу ч алдаагүй, юу ч олж аваагүй гэх бөлгөө)

Оюуны өндөр түвшинд хүрсэн өнөөгийн хүн төрөлхтөнд эх орноосоо хөөгдсөн, уугуул үндэстэн ах дүүсээ, сүм шүтээнээ хэлмэгдүүлсэн атлаа үргэлж бусдад сайн сайхныг ерөөж, үзэн ядалтаасаа салахыг хүн төрөлхтөнд ятган номлосон, тэгсэн атлаа тавьсан зорилгоосоо ер няцахгүй сайхан хувраг онцгой таалагдсан юм.

Өнөөгийн Далай лам бол хүн төрөлхтний шинэ итгэл үнэмшил, магадгүй шинэ шүтлэг мөргөлийн бэлгэ тэмдэг болж байгаа юм. Учир нь улс төр, эдийн засаг, оршин амьдрах эрх чөлөөгөө улам бүр мэдрэн тэлүүлж байгаа хүн төрөлхтөнд тэдний уламжлалт шашнуудынх нь хатуу хориг, домууд тээртэй санагдаж эхэлжээ. Яг энэ үед “хорвоог бүтээгч гэж байхгүй, хүний заяа тавиланг хөндлөнгөөс зохицуулдаг ид шид гэж үгүй. Бүхнийг өөрөөсөө эрж хай. Буддагийн хүрсэн гэгээрэл чиний зүрх сэтгэлийн нэгээхэн хэсэгт чамайг сэрээхийг хүлээн зүүрмэглэж байгаа. Чи зүгээр л сэр, сэтгэл зүрхнийхээ дуудлагыг чагна. Жаргах гэж хэт улайрах, бас зориуд өөрийгөө зовоох хоёулаа буруу. Учиргүй буян хураах гэж улайрах, нүгэлд шунах хоёр ав адилхан. Бирд, Диоген хоёр хоёулаа төөрөгдөл. Зүгээр амгалан орш” хэмээсэн Буддагийн сургааль сэтгэл зүрхэнд нь ойр санагдсан байж болно.

Будда “хоосон чанар” гэдэг ойлголтод юм бүхэн агшин зуур хувиран өөрчлөгддөг гэдгийг л хэлсэн гэх юм билээ. Бидний оршин амьдарч буй орчлонгоос эхлээд үнэлэлт дүгнэлт, ойлголт бүгд хувирч байдаг аж. Далай багшийг Америкт лекц уншиж байхад нь “Гомосексуализмыг хэрхэн үздэг” тухай нь асуужээ. Дээрхийн гэгээнтэн “Нэг зүйлийн таашаалд л дурлаж байгаа хэрэг байх нь. Хэрвээ тэд ингэхгүй гэж ам тангараг тавиагүй л бол нүгэл хилэнц бус аа” хэмээн хариулжээ. Нэг талаасаа ижил хүйстний асуудал нь зөв зохистой сексийн тухай бидний уламжлалт ойлголт төсөөлөл ямархуу хэврэг байсны л бас нэг илэрхийлэл билээ.

Өнөөгийн дэлхийн түвшний “Төвдийн асуудал” гэдэг нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, дотоод улс төр энээ тэрээтэй холбогдох шинж чанараасаа улам бүр холдож байгаа аж, уг номоос харахад. Энэ нь ямар нэг хэмжээний тусгаар тогтнол, өөртөө засах эрх энээ тэрээгээс илүүтэйгээр хүн төрөлхтний ер бусын оюун санааны өвийг хадгалах, сэргээх шинэ агуулгатай болсон байна. Төвдийн өндөрлөг бол хүний түүхийн мянганы тэртээх оюун санааны амьд сан хөмрөг, Гэгээрсэн Буддагийн ном сургаалыг анхан үеийн дүрээр нь санаж үлдсэн амьд ой санамж, нэн эртний бөө мөргөлийн шинжтэй Бон ба Буддын Их хөлгөн хэрхэн сүлэлдэж олон олон төрөл дамжин гэгээрэлд хүрэх арга замыг тантаржуулан агшин зуурын болгосон мистик аргачлалын амьд архив бөлгөө.

Төвд хэмээх энэ гайхамшигт өвийг яаж хадгалах вэ? Хэнийг ч тийш нь нэвтрүүлэхгүй ертөнцөөс таслах уу? Шинэ юм биш. Төвдүүд олон жил энэ аргыг хэрэглэсэн. Эцсийн дүндээ хэний ч өмнө хаалгаа нээдэггүй энэ орныг Хятад өөрийнхөө хэсэг гэж зарлахад дэлхий нийт их юманд бодоогүй. Далай багшийн “Миний ард түмэн, миний Төвд” дурсамжийн номд гуниглан дурссанаар бол үүд хаалгаа хааж, хорвоогоос улс орноо таслахын оронд хил хязгаараа нээж, том том улс гүрэнтэй харилцан, нэгэнд нь ч болов Элчингээ суулгаж байсансан бол биднийг “Төвд нь Хятадын хэсэг биш” гэх газар гарах л байсан байх даа хэмээн санааширсан гэдэг.

Ингэхээр Төвдийг ертөнцөөс ч, Хятад дотор нь Хятадаас тусгаарлах нь угаасаа боломжгүй. Амьтны хүрээлэн гэлээ гэдэг шиг “Төвд хүний хүрээлэн” байгуулчихаад хэрхэн оршиж байгааг нь хоргоны гаднаас сонирхох, судлах аргагүй. Тэндхийнхэн хүнийхээ хувьд шинэ мянганы хөгжилтэй нэгдэж, техник технологийн шинэ үр шимийг амсах хэрэгтэй ч , эрхтэй ч.

Хамгийн зөв зам бол Төвдийн ой санамжид байгаа Буддагийн заасан гэгээрлийн мэдлэг, мянганы тэртээх үзэл санааны амьд сан хөмрөгийг нийт хүн төрөлхтний мэдлэг оюунд юүлэх зам. Чухам өнөөдөр Буддагийн заасан ариусал, нигүүсэл, гэгээрлийн бэлгэ тэмдэг болоод манай гаригийн хүн зоны зүрх сэтгэлийг дуудаж даллаж буй Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцтан ийм гүүр болж байна. Дэлхийн дээвэр Хималайд зуу, зуун жил хоргодон саатсан Буддагийн сургаал өдгөө хүн төрөлхтний оюун санаанд цутгаж эхлэх шиг санагдана.

Гэгээрсэн Будда “ Далайд унасан дусал нь тэр далайг ширгэн дуустал орших хутгийг олно” хэмээн айлдсан бөлгөө.

2011.02.10

Categories
мэдээ нийгэм

10 дугаар сарын 10-нд болох үйл явдлын тойм

08.00 цагт МҮХАҮТ-д “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019″ бизнес эрхлэгч залуусын үндэсний чуулган болно. Утас: 88101990

08.30 цагт Төрийн ордонд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 90 жилийн ойн баяр, Сувилахуйн олон улсын хурал болно.

08.30 цагт МУЗН-ийн Анхны тусламжийн төвд “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” холимог сургалтын нээлт болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Азийн сангаас “Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” семинар зохион байгуулна.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй” улсын зөвлөгөөн болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хангарди ордонд “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн болно. Утас: 99830662, 322401

10.00 цагт УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвд Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын “Хэрэглэгчээ сонсьё” нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.30 цагт “Эм Си Эс Плаза”-д Дэлхийн банкнаас Монгол Улс болон бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 99778587

11.00 цагт УДБЭТ-т Улсын төв номын сан, УДБЭТ, УДЭТ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын уран зургийн галерейд “Төвөдийн жаран” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт “Grand hill” зоогийн газарт МУГЖ Ж.Уранчимэг “Эстрадын урлагт 40 жил” тоглолтынхоо талаар мэдээлнэ. Утас:88067575

14.00 цагт Төрийн ордонд “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” эрдэм шинжилгээний хурал болно.

15.00 цагт Богд хааны ордон музейд “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэнг танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Сэтгүүлчид “Зул өргөх ёслол” зохион байгуулах талаар мэдээлнэ.

12.00 цагт Архангай аймгийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээгээр зорчих таксинд сар бүр 50 мянган төгрөгөөр зөвшөөрөл олгож буйг эсэргүүцэж, таксины жолооч нар мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Монгол Өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс “Сэтгэл зүйн дархлаажуулалт” аяны талаар мэдээлнэ.

11.30 цагт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлнэ.

12.00 цагт Нарантуул худалдааны төв дээр зуух зардаг иргэд сайжруулсан шахмал түлшний асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Ээлжит сонгуультай хамтатгаж Ард нийтийн санал асуулгыг явуулах ёстой

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа


-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Одоо Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал хаашаа эргэх вэ?

-Хоёр л бололцоо үлдсэн. Үндсэн хуульд одоо гурван гол оролцогч байна. Олонхын бүлэг болох МАН, Ерөнхийлөгч болон Улсын хурал дахь бусад намууд болох АН, ШИНЭ нам. Энэ гурван оролцогч тодорхой зөвшилцөлд хүрвэл хоёрдугаар хэлэлцүүлгээрээ баталсан баялгийн заалт гэх мэт чухал заалтуудаа хөндөхгүйгээр тодорхой зөвшилцөлд хүрч гуравдугаар хэлэлцүүлгээ хийх бололцоо улс төрийн намуудад байгаа. Гэтэл энэ асуудал өнөөдрийг хүртэл мухардчихаад ахиж өгөхгүй байгаад байна. Үүнд бодит бололцоо бий. ШИНЭ намын зөвлөлөөс албан ёсоор зөвлөлийн шийдвэр гаргаж, мэдэгдсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч тогтоолын хэлбэрээр өөрчлөлтийг баталсан нь хууль зөрчсөн байна гэдэг утгаар хоригийг хүлээж авсан шүү дээ. Тиймээс төслөө хуулийн хэлбэрээр баталж, зургадугаар сард болох ээлжит сонгуулиар хоёрдугаар хэлэлцүүлгээр баталчихсан тэр хүрээндээ хуулиа гаргаад ард нийтийн санал асуулгыг явуулах боломжтой. Өдгөө зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнг л хүлээнэ дээ.

-Хоёрдугаар хэлэлцүүлгийн төсөл задарна гэж яриад байгаа. Ийм нөхцөл байдал үүсэх боломжтой юу?

-Энэ бол зөвшилцлийн л асуудал. Гол нь энэ Үндсэн хуулийн шинэчлэлийг УИХ батлах бүрэн бололцоотой байгаа. Ингээд батлаад явах юм бол Ерөнхийлөгч эсэргүүцнэ. УИХ дахь бусад намууд эсэргүүцнэ. Ийм нөхцөлд энэ шинчлэл Үндсэн хууль биш болчихоод байгаа юм. Яг дордуулсан долоо шиг л зүйл болно. Үндсэн хууль хэзээ Үндсэн хууль байдаг юм. Бүгд л хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Үндсэн хууль болно шүү дээ. Түүнд оролцох эрхтэй субьектүүд болох парламентын намууд, Ерөнхийлөгч шинэчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Дордуулсан долоон өөрчлөлтийг Цэц, Ерөнхийлөгч эсэргүүцсээр байтал хийсэн. Тэгэхээр энэ өөрчлөлт өөрөө маш ёс суртахуунгүй зүйл болсон байхгүй юу. 1992 оны Үндсэн хууль нэгээс бусад 429 депутат баталсан шүү дээ. Гарын үсгээ зурсан. Гараа өргөж дэмжсэн. Нийтээрээ хүлээн зөвшөөрч байж тэр Үндсэн хууль Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ дэмжсэн Үндсэн хууль болдог байхгүй юу. Тийм өөрчлөлт болгохын төлөө л би явж байна. Тэрнээс олонхын бүлэг цээжээ дэлдээд л өөрчлөлтөө батлаад явж болно шүү дээ.

-Танай намын зөвлөл одоогийн нөхцөл байдалд ямар байр суурьтай оролцох вэ?

-Хоёрдугаар хэлэлцүүлгээр хийсэн өөрчлөлтүүдээ хамгаалж, бүхлээр нь авч үлдэх, мөн Их хурлын ээлжит сонгуультай Ард нийтийн санал асуулгыг явуулах гэсэн бодлоготой байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар өөрчлөлтөд байгаа тоо заасан заалт нам байгуулж, эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж байна гэж зарим хүн үзэж байгаа. Үнэн үү?

-Харин тийм. Энэ бол байж болох заалт. Гэхдээ ардчилсан бус заалт. Ер нь жижиг намуудыг зөвшөөрч, дээрээс нь төрийн бус байгууллагуудад улс төрийн эрх өгөх ёстой. Тэрийг төр биш, хууль биш тухайн байгууллага өөрөө шийддэг байх ёстой. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх хамгаалах холбоо гэж бий. Тэд нар улс төрийн зорилгоор явж байна гээд сонгуульд оролцож, цааш явах эрх нь нээлттэй байх ёстой.

-Стратегийн орд газрын үр өгөөжийн дийлэнх хувийг ард иргэдэд өгнө гэж байгаа. Энэ заалтын ач холбогдол юу юм бэ?

-Өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн зарим заалтыг бүрхэг гэж мушгин гуйвуулж, хуулиараа дандаа Монгол Улс хохирсон хууль хэрэгжүүлээд явж ирсэн. Энэ заалтаар ухагдахууны хувьд ойлгомжтой л болгож байгаа юм. Тэр талаасаа энэ заалт ач холбогдолтой. Өнөөдөр баялаг гэхээр самар, жимс гээд утгагүй зүйлсийг нэрлээд байна. Баялаг гэдэг эцсийн эцэст Стратегийн орд юм. Тиймээс үүнийхээ үр өгөөжийн дийлэнхийг ард иргэд шууд хүртэх ёстой байхгүй юу. Энд тохирсон хууль гаргах нөхцөлийг Үндсэн хуулиар гаргаж өгч байгаа хэлбэр нь энэ заалт.

-2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Ер нь өнгөрсөн төсвийг ярих ямар шаардлага байгаа юм бэ?

-Хоёрын хооронд өнгөрсөн төсвийг ярих нь их муу практик. Үүнийг ярилаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин төсвийн явцыг ярьдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл хагас жилээр нь ярих ёстой. Энэ жил гэхэд одоо л дөнгөж тендерүүд зарлагдаж эхэлж байна шүү дээ. Бод доо. Хэрвээ бид хагас жилээр төсвийн гүйцэтгэл ярьсан бол сүүлийн хагастаа болохгүй хүмүүстээ арга хэмжээ аваад болохгүй төсвийн заалтуудыг нь өөрчлөөд парламент ажлаа засаад сайжруулаад явах бүрэн бололцоотой байдаг. Тэгэхээр цаашдаа гүйцэтгэлийг хагас жилээр ярьдаг байх бололцооны төлөө дуугарна.

-Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын хэрэг юу болж байна. Олон улсын парламентын холбооны дүгнэлт гарсан уу?

-Олон улсын парламентын холбооны дүгнэлтийг өнгөрсөн даваа гаригт олон нийтэд танилцууллаа. Энэ дүгнэлт есдүгээр сарын зургаанд ирсэн байна шүү дээ. Сарын өмнө ирсэн энэ дүгнэлтийг УИХ-ын тамгын газар нуусан байна. Маргааш(өнөөдөр) түр хороогоор энэ дүгнэлтийг бид ил болгож олон түмэн болоод сэтгүүлчдэд тараана. Хоёр том мэдээлэл энд бий. Нэгдүгээрт, Т.Чимгээ, Ц.Содномдаржаа хоёртой холбогдох бүх зүйлсийг сайн судалсан олон улсын экспертийн дүгнэлт гарсан. Үүнийг Олон улсын парламентын холбоо хүлээн зөвшөөрч, ирэх долоо хоногт их хурал нь болно. Гэтэл энэ ажлын хэсгийн дүгнэлтэд Монгол парламент тайлбараа өгөөгүй. Яагаад гэвэл тэр тайлбарыг өгүүлээгүй. Бүтэн сар нуусан байна. Би ирэх нэг дэх өдөр тус парламентын байнгын хороо дээр орж байцаалт өгнө. Тэгэхдээ тэдэнд Монголын парламентыг юу гэж тайлбарлах вэ гэдгээ мэдэхгүй байна. Маш эвгүй байдалд орно байх. Аравдугаар сарын 4-ний дотор байр сууриа илэрхийлэх ёстой байсан ч байр сууриа илэрхийлэхгүй орох гэж байна шүү дээ.

-Олон улсын парламентын холбооны дүгнэлтэд юу гэсэн бэ?

-Т.Чимгээ, Ц.Содном-даржаа хоёр бол шударга хараат бус шүүхээр ороогүй байна гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл захиалгатай хэрэг байсан гэдгийг нотолсон байна. Хоёр дахь нь Т.Чимгээ, Ц.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн нь тодорхой болсон. Шүүхийн процесс нь шударга бус болсон нь тодорхой болсон учраас ямар нэгэн нөхцөлгүйгээр суллах ёстой. Энэ хоёр хүнийг яаралтай суллах ёстой гэсэн.

-Гэм буруугүй гэсэн үг үү?

-Гэм буруу тогтоох эрх нь нээлттэй байгаа. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хуулийн дагуу яаралтай суллах ёстой гэсэн. Энэ хэргээс улбаалаад холбогдох албан тушаалын хүмүүс өөрсдөө бараг ял сонсох юм билээ.

Эд нар Нюрнбергийн процесс гэж дэлхийн гэмт хэрэгтнүүдийг цаазаар авахыг нь аваад шоронд хийхийг нь хийсэн шиг зохион байгуулалттайгаар хүний эрхийг зөрчсөн том хэрэг нээгдэж энд оролцсон бүх хүн хариуцлага хүлээх юм билээ.

Б.АМАРТҮВШИН