Categories
мэдээ нийгэм

Б.Ичинхорлоо: Бороо орохоор архив дотроо усны гутлаа өмсөөд шалны алчуураа бариад ажилладаг

Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоох саналаа Ё.Баатарбилэг сайдыг эргэн харж, олон жил хүлээгдсэн уг шинэчлэлээ үргэлжлүүлэх хүсэлтээ уран бүтээлчид “Соёлын шинэчлэлийг дэмжье” хурлынхаа үеэр уламжиллаа.

70 жилийн нүүр үзэх гэж байгаа эдгээр байшингууд анх ашиглалтанд орсноосоо хойш нэг ч удаа их засвар хийгээгүй, цахилгаан, сантехник, шугам сүлжээ хийгдээгүй тул гамшгийн үнэлгээгээр “Ослын байдалтай” хэмээн дүгнэсэн байна.

Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Манай байшингууд хэзээ мөдгүй нурах, хүн эрсдэх аюултай болсон. Бид аль болох энэ бүхнийг тэвчиж, урсгал засвар хийж, өөрсдийн хэмжээгээр ажиллаж, бороо орохоор архив дотроо усны гутлаа өмсөөд шалны алчуураа бариад ажилладаг. Энэ дүгнэлт олон удаагийн судалгаагаар гарсан. Гэтэл соёлын өвд халдаж байна гэсэн олон нийтийн эсэргүүцлээс болж төсөл зогсохоор болж байгаа харамсаж байна. Олон нийт гаднаас хараад дүгнээд байх шиг байна. Тэр бол зөвхөн нүүрэн дээрээ наасан будаг” гэсэн юм.

Тиймдээ ч тус барилгуудыг гаднаас нь дүгнэх бус дотроос нь бодит байдлыг харж танилцуулахаар тус гурван байгууллага долоо хоногийн турш 10.00-12.00, 14.00-16.00 цагт иргэдэд нээлттэй байхаар болжээ.

Мөн хамгийн сүүлд 10-аад жилийн өмнө театрын барилгаа яаж шинэчлэх талаар Германы мэргэжлийн хүмүүсийг урьж, акт тогтоолгоход “Бүх тоосго хөгцөрч ялзарсан, суурь нь цав гараад энэ байшин тогтох үндэсгүй болсон байна. Засахад олон тэрбум төгрөг хэрэгтэй” гэсэн дүгнэлт гарч байсан талаар Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд гуай хэлсэн юм.

М.Сайнзаяа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан нэр томьёог тодорхой болгох, хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох, хориг арга хэмжээний жагсаалтыг ялгамжтай тодорхойлох зэрэг саналыг хэлэлцэж, дэмжсэн гэдгийг онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг;” гэж, 9 дүгээр зүйлд “9.1.9.хоёрдмол зориулалтай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь заалтыг “хориг арга хэмжээний жагсаалт” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой” гэж, төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 6.1.1-д заасан терроризмын нөхцөл байдлыг үнэлэхдээ бүс нутаг, улс оронд үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй терроризм, түүний чиг хандлага, арга хэлбэр, аюул занал, эрсдэлд дүн шинжилгээ хийж, олон улсын байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлого, үйл ажиллагааг харгалзан дүгнэлт гаргана.” гэж, төслийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг “тодорхой террорист үйлдэл, үйл ажиллагаагаар хязгаарлахгүй хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн өмчлөл буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа.

Ингээд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуралдаан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус танилцуулсан.

“Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 04 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгон өөрчлөн байгуулсан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, бие даасан худалдан аван ажиллагааны мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна.

Яам, агентлаг, төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийн хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг хугацаа алдах, иргэдэд хүртэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашруулж байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Мөн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байхгүй болсноор гадны зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг зохион байгуулах мэргэжлийн боловсон хүчний дутагдал үүсэж, худалдан авах ажиллагааны олон улсын зэргээс Монгол Улс ухарсан зэрэг сөрөг үр дагаварууд үүсчээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын 2019 ны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг салгаж, Худалдан авах ажиллагааны бие даасан Засгийн газрын агентлаг дахин байгуулах эрх үйн зохицуулалт бий болсон байна.

Худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний тогтолцоог боловсронгуй болгох нь төрийн худалдан авах ажиллагаа системтэй, ил тод, хурдан шуурхай зохион байгуулах, захиалагч болон орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар цаг алдалгүй хангахад ихээхэн ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзсэн байна. Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардлагагүй аж.

Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна. Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан нар оролцов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Болорчулуун, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Л.Элдэв Очир, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс тендерийг нэг газарт төвлөрүүлэхдээ орон нутагт гүйцэтгэх төсөл, арга хэмжээнд нийслэлийн компаниудын оролцоог хязгаарлах нөхцлийг зохицуулсан эсэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, чанаргүй гүйцэтгэлтэй компаниудын хар жагсаалтыг гаргасан эсэхийг лавлаж байлаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээнүүдийн тендерийн зарласан байдал, гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг лавлахын зэрэгцээ худалдан авах ажиллагааны бие даасан агентлагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлснийг тодруулж байлаа.

2019 оны байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх нийт тендерийг зарласан байдал нь 89 хувьтай байна. Үүнээс яамд дээр зохион байгуулж байгаа нийтдээ 835.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 170, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дээр 369,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 169 төсөл, арга хэмжээ байна. Үүнийг гүйцэтгэлээр нь авч үзвэл яамд дээр зарлагдсан тендерийн гүйцэтгэл 96.4 байгаа гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат хариуллаа. Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл, арга хэмжээнүүд холбогдох яамдынхаа эрхлэх асуудлын хүрээгээр, улсын хэмжээний томоохон төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж байна. Цаашдаа шинээр байгуулагдах худалдан авах ажиллагааны агентлаг нь нийт улсын төсвийн томоохон төсөл арга хэмжээнүүдийн тендерийг зохион байгуулна. Харин яамд өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой худалдан авах ажиллагаагаа зохион байгуулна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх худалдан авах ажиллагаа нь тус нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийн хүрээнд зохион байгуулагдана гэдгийг хариултдаа онцолсон.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан. Тиймээс худалдан авах ажиллагааны агентлаг байгуулж, яам, аймаг орон нутгийн тендертэй холбоотой асуудал Ерөнхий сайд дээрээ нэгтгэгдээд явах нь зүйтэй. Ерөнхий сайд бодлогын ажлаа зангидаад, түргэн шуурхай шийдэж явах нь үр дүнтэй гэж үзснийг хариултдаа онцлов. Түүнчлэн тэрбээр, тендерийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хар жагсаалтыг гаргах үүргийг Сангийн яамд өгсөн. Иймд Сангийн яам наймдугаар сарын 06-ны өдөр төсвийн ерөнхийлөн захирагчид руу хар жагсаалтад оруулах компаниудын нэрсийг гаргаж өгнө үү гэсэн албан бичиг явуулсан. Зарим нь хариу ирүүлээгүй байна. Бидэнд ирүүлсэн мэдээллээс авч үзэхэд гэрээний үүргээ зөрчсөн 15, мэдүүлгээ худлаа бөглөсөн 13, авлигын гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 10 иргэн, аж ахуйн нэгжүүдийн нэрс байна. Энэ асуудлыг удахгүй хар жагсаалтад оруулна гэсэн тайлбарыг өгч байлаа.

Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжсэн. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв

Categories
мэдээ нийгэм

​Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах семинар боллоо

“Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” семинар өнөөдөр Блью Скай зочид буудлын, Топаз танхимд боллоо. Семинарт Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнинг, судлаач Л.Галбаатар, Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Олон улсын зөвлөх, Хонконгийн Авлигатай тэмцэх газрын дэд дарга асан Тони Квок зэрэг хүмүүс илтгэгчээр оролцсон юм.

Тэрээр жил бүр “Транспэрэнси Интернэшнл”-ээс жил бүр гаргадаг Авлигын төсөл индексийн тайлангийн онооны тухайд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол “0” оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог. Тэгвэл Солонгос улс дэлхийн 180 орноос 45-р байранд, 100 оноо авах ёстойгоос 57 авсан үзүүлэлт байдаг. Харин Монгол улсын хувьд 37 оноогоор 97-р байранд оржээ.

Бүгд найрамдах Солонгос улсын туршлага судлаач Л.Галбаатар: “Солонгос улсад хэрэгжиж байгаа хирнээ Монгол улсад байхгүй нэг зүйл бол шүгэл үлээгчийг хамгаалах нэг хууль юм. Солонгос улсын хувьд 2011 онд шүгэл үлээгчийг хамгаалах хуулиа баталж одоо хэрэгжүүлээд явж байна. Мөн шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалах вэ гэдэг механизм маш сайн зохицуулагдсан байгаа юм. Монгол улсын хувьд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт шүгэл үлээгчээ хамгаалах зохицуулалттай болно гэж заасан байдаг. Тэгэхээр энэ зохицуулалтыг бий болгохдоо анхаарах харгалзаж үзэх туршлага бол Солонгос улс юм. Мөн өөр нэг зүйл нь төрийн бодлогын үйл ажиллагааг ил тод болгох чиглэлээр Солонгос улс маш сайн анхаарч ажилладаг. Энэ хүрээнд тусгайлсан цахим систем ажиллаж байгаа юм. Энэ нь иргэд төрийн байгууллагын албан тушаалтанд системээрээ дамжуулан өргөдөл гомдол гаргах явдал. Систем нь өөрөө өргөдөл гомдолыг хэн шийдвэрлэх вэ гэдгийг нь хувиарлаад хариуг нь бүрэн дүүрэн өгөхөд анхаардаг” гэлээ.

Тэгэхээр Монгол улсад хэрэгжүүлэх боломжтой эхний зүйл нь шүгэл үлээгчээ хамгаалах хуулийг баталж хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах цахим системийг ажиллуулах зэрэг байна.

М.Сайнзаяа

Categories
мэдээ нийгэм

Д.Туяа: Ё.Баатарбилэг сайд нутгийн иргэдийг “БНМС” гэх уул уурхайн компанийнхантай нийлж дайлсан байсан

Өнөөдөр Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

Архангай аймгийнЦэнхэр сумын иргэд Монгол Улсын Засгийн газарт уул уурхайн компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зургаа дахьудаагаа шаардлага хүргүүлж байгаа гэнэ.

“БНМС” ХХК нутгийн иргэдээс арьс, нэхий эдлэлийн тоног төхөөрөмж оруулж ирнэ гэх нэрийдлээр гарын үсэг цуглуулжээ. Түүнийгээ тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн гарын үсэг хэмээн хэлээд үйл ажиллагаа явуулах эрх авсан байна. Энэ талаар Архангай аймгийнЦэнхэр сумын иргэдийн төлөөлөгч, орхон голын байгаль орчны зөвлөх, экологич Д.Туяа: Байгаль орчныг сүйтгэж байгаа асуудалтай холбоотойгоор удаа дараа гомдол гаргаж байгаа ч энэ асуудлыг шийдэж өгдөггүй. Үйл ажиллагаа явуулж буй компаниуд усны тоолуур тавьдаггүй.Энэ нь татвараас зайлсхийж байна гэсэн үг ба усыг хайр гамгүй ашиглаж байгаль орчныг хохироож байгаа хэрэг. Мөн голын эргээс 50 метрийн зайд үйл ажиллагаа явуулах байтал 19 метрийн зайд үйл ажиллагаа явуулдаг.

УИХ гишүүнБоловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Ё.Баатарбилэг гэх хүний хамаарал бүхий компани гэж нутгийн иргэд мэдээлж байна. Учир нь Ё.Баатарбилэг сайд нутгийн иргэдтэй уулзалт хийнэ гэж ирээд “БНМС” ХХК-ийн төлөөлөгч, тогооч нарыг дайлж цайлсан байна” гэсэн юм.

М.Болор-Оюун

Categories
мэдээ улс-төр

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ноос ирүүлсэн шийдвэрийг танилцууллаа

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат нар өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ОУПХ-оос Монгол Улсад 2019 оны 6-р сарын 5-7-ны өдрүүдэд ажилласан талаарх тайланд дурдсан дүгнэлт зөвлөмжийг танилцууллаа.

Дүгнэлт зөвлөмжид:

  1. Захиалагчийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, 3 ялтныг яллахад гарсан шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна гэж үзсэн.
  2. Түр хорооноос хэрэгт холбогдолтой, бичиг баримттай танилцах боломжоор хангагдахгүй байгаа нь бодит байдалд тулгуурласан дүгнэлт гаргах боломжийг Түр хороонд олгохгүй байна.
  3. Тагнуул 3 ялтныг зохиомол хэрэгт тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.
  4. Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна.
  5. Нууцаас гаргасан шүүхийн шийдвэрүүдийг орчуулан, ОУПХ-нд өгнө гэсэн амлалтаа Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан одоо хүртэл биелүүлэхгүй байгааг хатуу анхааруулсан байна.
  6. С.Зоригийн гэр бүл, өмгөөлөгчид, Түр хороонд 3 шатны шүүхийн шийдвэрийг өгөх шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна.
  7. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголыг эрх баригчдад уриалсан байна.
  8. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна гэж Хүний эрхийн хороо үзсэн байна.
  9. 2019.10.13-17-ны хооронд Белград хотод ОУПХ-ны 141-р чуулганд Түр хорооноос ирүүлэх тайланг хэлэлцэнэ. ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос Монгол Улсад 2019 оны 6-р сарын 5-7-ны өдрүүдэд ажилласан тайланг УИХТГ-ын Гадаад харилцааны хэлтэст 9-р сарын 6-ны өдөр ирүүлсэн байтал уг тайланг сарын дараа буюу 10-р сарын 4-ний өдөр Түр хороонд өгсөн. Энэхүү тайланг санаатай, санамсаргүй алин боловч бүтэн сарын турш нуун дарагдуулсны улмаас Монгол Улс Хүний эрхийн хороонд тайлангийн хариу өгөх хугацаа хэтэрсэн ноцтой алдаа гарсанд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаж байна хэмээсэн байна. Мөн Түр хорооноос хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад энэхүү тайланг яаралтай хүргүүлэх шийдвэр гаргалаа.
Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын иргэний тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрчээ

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны 10-р сарын 10-ны шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна.

ОХУ-ын иргэн Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан бөгөөд түүнийг “онилон” гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийхэд 150000 америк доллар буюу өнөөдрийн ханшаар 400 сая гаруй төгрөг бэлнээр авч явсан нь тогтоогдсон юм.

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.

Дээрх иргэн нь Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн тул уг валютыг хураан авахаас гадна валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

“Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр 5 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон террорикмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид нэгдэн угаартсан хоёр хүүхдийн дурсгалд зориулан зул өргөнө

Маргааш буюу 10-р сарын 11-ний өдөр сэтгүүлчид нэгдэн угаартаж амиа алдсан долоон хүнд эмгэнэл илэрхийлж 1080 зул өргөх ёслол үйлдэхээр болжээ. Ёслол Сүхбаатарын талбайд 18 цагаас эхэлнэ. Энэ тухай сэтгүүлчдийн төлөөлөгчид өнөөдөр мэдэгдэл хийсэн юм.

Сэтгүүлч О.Батханд: Долоон хүн угаартаж амиа алдчихаад байна. Энэ бүхнийг тогтоох, шалгах хууль хяналтын байгууллага бий. Эдгээр иргэд яг ямар шалтгаанаас болж амиа алдсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодитой мэдээлэл хүргэ. Гэм буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээ. Ард түмнээсээ уучлал гуй гэдэг уриалгыг сэтгүүлч бид гаргаж байна. Мөн бидний хийж буй энэ хэвлэлийн бага хурал ямар нэг нам эвсэл, улс төртэй хамааралгүй.

Сэтгүүлч Цолмон: Би сэтгүүл зүйд ажиллаад 19 жил болж байна. Энэ болж байгаа үйл явдалд сэтгэл өвдөхгүй байх арга алга. Улаанбаатарчууд 10 гаруй жил утаатай тэмцэж байна. Цэвэр агаартай болохын тулд хагас тэрбум ам.доллар зарцуулсан. Бид үүний үр дүнд ард иргэдийнхээ амь насыг алдлаа. Тэр дундаа дөрөв болон хоёр настай хүүхдүүдийн амь насыг алдлаа. Эх хүн эмэгтэй хүн үүний төлөө дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатарт нэг сая 500 орчим мянган хүн амьдарч байгаа. Улсын маань тал хүн агаарын бохирдлоос болоод ургийн гажигтай, хавдартай, эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Монгол хүний амь насаар туг тахихаа больё. Утаанаас салгахын тулд орон сууцжуулах хэрэгтэй гэж бодож байна.

Мөн хүний амь нас хохирчихоод байхад телевиз, радиогоор “Таны гэрт аз жаргалыг авчирна” гээд зарлаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Монгол хүний төлөө үнэн бодит мэдээллийг түгээ. “Таван толгой түлш” ХХК тав, арван сая төгрөгийн гэрээ хийхийг хүссэн ч манай байгууллага зөвшөөрөөгүй. Бид хүний амь насаар гэрээ хийхгүй”гэлээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан “Гэр хороолол хөдөөлгөөн”-ий гишүүд утаагүй түлшийг түлэхэд хэцүү, байнга айдас түгшүүртэй, хэзээ угаар гарах бол, хүүхдүүд минь угаартчих вий гэсэн сэтгэлийн дарамттай тайван амар унтаж чадахгүй байна гэлээ.

М.Болор-Оюун

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав. Үдээс өмнө хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Цахим сүлжээ, хуурамч гэрээ, сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг бүртгэгдсээр байна

Цагдаагийн байгууллагад цахим сүлжээ, хуурамч гэрээ, сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг бүртгэгдсээр байна.

Үүний нэг жишээ нь 2019.10.09-ний өдөр иргэн Т-ээс “Манай найз Б-ийн фэйсбүүк чатнаас найздаа 400.000 төгрөг нэг хүнд шилжүүлээд өгнө үү. Орой буцаагаад өгье гэжээ. Гэтэл найз маань фэйсбүүкээ хакердуулсан байв, үүнийг шалгаж өгнө үү” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирлээ.

Залилах гэмт хэрэг 2018 онд 2978 бүртгэгдсэн. 2019 он гарсаар 3162 бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн юм.

Иймд иргэд та бүхэн их хэмжээний мөнгө бага хүүтэй зээлнэ, дансанд мөнгө шилжүүлснээр азтан болно хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессеж бичихгүй байх, бусдад нууц кодоо алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон байрны хулгайчийг үйлдэл дээр нь барьжээ

Цагдаагийн алба хаагчид энэ сарын 8-нд 16:00 цагийн орчимд эргүүл хийж байх үедээ орон байрны хаалга эвдэж, эд зүйлс хулгайлсан этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвбаяр, цагдаагийн ахлах ахлагч Б.Тэмүүжин нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа эвдэгч багажаар айлын цоож эвдэж, эд зүйл хулгайлсан хэргийг илрүүлжээ.

Түүнчлэн .