Categories
мэдээ цаг-үе

Айсуй хямралаас зөөлөн газардах ямар боломжууд байна вэ?

Зэсийн үнэ уруудсаар байна. Энэ металлыг дэлхийн шинжээчид доктор зэс гэж тодотгодог нь цаанаа учиртай. Хямралын хамгийн бодит индикатор гэдэг утгаар нь ийн онцолдог юм. Тэгэхээр хямрал ойрхон байна гэсэн шинжээчдийн таамаг биелж мэдэх нөхцөл үүсчихсэн гэсэн үг. Дэлхийн худалдааны дайныг эхлүүлсэн Трамп, Си хоёрын харилцаа таагүй хэвээр үргэлжилж буй нь хямралын хамгийн том шалтгаан гэж ярих эдийн засагч олон байна. Урд хөршийн хувьд эдийн засаг нь дажгүй яваа статистикууд дуулдаж буй ч барууныханд “Хятадууд эдийн засгийн үзүүлэлтүүдээ нуугаад байна” гэсэн хар аль хэдийнэ төрөөд эхэлчихсэн. Үүний наад захын жишээ нь автомашины үйлдвэрлэлийнх нь бууралт гэх мэт тайлбар, шалтгаан хөвөрч буй.

Худалдааны дайны нөгөө тал болсон АНУ-ын хувьд ч байдал таатай биш байна. Тус улсын аж үйлдвэрийн салбарын гол хэмжүүр болсон индекс 2016 оноос хойших доод цэгтээ хүрсэн гэх мэдээлэл ил болоод буй. Европ ч тайван биш байгаа. Наад захын шалтгаан нь брексит. Англи Европын холбооноос гарвал өнөөдөр ч таагүй байгаа Европын нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн таамаг бий. Төдийгөөс өдий хүртэл ганхаагүй, эдийн засгийн өсөлт нь урт хугацаанд тогтвортой яваа Хятадын тухайд байдал таагүй болсон талаар өмнө цухас дурдсан. Ямартаа ч ДНБ-ий өсөлт нь 2012 оноос хойших хамгийн доод цэгтээ хүрсэн гэх мэдээлэл дуулдаад байна. Хэрвээ эдийн засгийн үзүүлэлтээ өсгөж мэдээлээд яваа гэсэн барууныхны хар үнэн бол үүнээс ч муу зураг ажиглагдаж мэдэхээр байгаа юм.

Газрын тосны зах зээлийн савлагаа ч дэлхийн эдийн засагт таатай биш нөлөө үзүүлнэ гэсэн таамаг дуулдаад удаж байна.

Хар алтны зах зээл цаашид хэрхэх нь тодорхой бус байгаа юм. АНУ, Ираны харилцаа хаашаа ч эргэж мэднэ гэсэн болгоомжлол бий. Нэг талд газрын тосны үнийг бууруулахгүй гэсэн Трампын тоглолт, нөгөө талд доллар олдог гол суваг болсон бүтээгдэхүүнийхээ ханшийг өсгөх сонирхолтой ОПЕК-ийн орнуудын элдэв сэдэл энэ зах зээлийг савлуулсаар байна гэсэн таамгийг шинжээчид онцолж буй.

Газрын тосны ханш галзуурвал таатай бишээр нөлөөлөх улсуудын нэг бол манайх. Тэгэхээр бидний хувьд газрын тосны зах зээл дэх тоглолтуудыг анхааралтайгаар ажиглаж суухаас аргагүй гэсэн үг.

Урд хөршийн тухайд худалдааны дайны сөрөг нөлөө аль хэдийнэ илрээд эхэлчихсэн бол хойд хөршийн эдийн засагт ч гялтайх эерэг зүйл ховор байна. Барууны хоригт ороод зургаа дахь жилээ туулж яваа Оросын дотоод эдийн засаг таатай биш байгаа. Москвачуудын талхны хэрэглээний багагүй хувийг дангаараа хангадаг талхны үйлдвэрийн ажилчид ажлаа хаяж, шуугиан болж байсан бол саявтар гэхэд л Москвад эрх баригчдынхаа шударга бус шийдвэр, хандлагын эсрэг жагсаал цуглаан газар авсныг уншигчид санаж суугаа байх.

Эдийн засаг нь давгүй өнгөтэй яваа их гүрэн гэвэл өнөөхөндөө Энэтхэг л байна. Энэтхэг дажгүй байлаа гэхэд дэлхийн эдийн засагт нөлөөлөх дайны өндөр эрэлт үүсгэх боломжгүй, цэнхэр гаригийн эдийн засаг тэлэх дайны шалтгаан болохгүй гэсэн таамгийг эдийн засагчид онцолж байна. Бид хямрал айсуй сураг хэр бодитой, хямралаас хүндрэл хохирол багатай гарахын тулд яах ёстой талаар эдийн засагчдын байр суурийг сонирхсон юм.

Ч.ОТГОЧУЛУУ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ
БАЙЖ Л ХЯМРАЛААС
МЭНД ГАРНА

(Эдийн засагч)

-Дэлхийн эдийн засгийн хямрал айсуй гэсэн таамаг давтамжтай дуулдаж байна. Хямрал үнэхээр хаалга тогшиж байна уу?

-Эдийн засгийн өсөлт хасахтай гарахыг хямрал гэдэг. Гурван улирал дараалан хасахтай гарахыг албан ёсоор хямарч байна гэж үздэг. Германы эдийн засаг эхний хагас жилээр хасахтай гарчихсан. Намар, өвөл огцом сайжирна гэсэн хүлээлт алга. Герман бол Европын эдийн засгийн хамгийн том нь. Европын толь. Хоёрт зэсийн үнэ бага байна. Энэ нь дэлхийн эдийн засаг нэлээд саарсан, хямрал руу ойртож буйг харуулсан үзүүлэлт. Америк, Хятадын худалдааны дайн үнэхээр том нөлөө үзүүлж байгаа.

-Хямрал боллоо гэхэд эдийн засгаа аятайхан аваад гарчих ямар гарц шийдэл байна?

-Төсвийн сахилга батад анхаарах хэрэгтэй. Өрөө дараад, зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Ихэнх орнууд хямралын эсрэг хүүгээ бууруулах арга хэмжээ авдаг. Гэтэл манай хувьд ингэх амар биш. Хүү бууруулах орон зай бараг алга. Энэ тохиолдолд нэг л гарц бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Учир нь дэлхийн эдийн засаг унахаар зэс, нүүрсний үнэ унаж таарна. Өөрөөр хэлбэл, орж ирэх долларын хэмжээ багасна гэсэн үг. Улсын нэрээр зээл авах боломж бага байгаа. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт л чухал байна.

-2007, 2008 оны хямралыг хөнгөхөн даваад гарсан шалтгаан нь урд хөршийн таатай нөхцөл байсан байх аа?

-Өмнөх хямралаар Америк эдийн засгаа сэргээхэд нэлээд мөнгө зарцуулсан. Хятадууд тэрийг нь дуурайгаад Америкаас дутуугүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн л дээ. Аль, аль нь зээлийн санхүүжилт ашигласан юм. Хятадын эдийн засаг сэргээд ирэхээр манайд харьцангуй эерэгээр нөлөөлсөн.

-Урд хөршийн эдийн засаг таатай байвал бид алзахгүй. Одоо тийм боломж байна уу?

-Одоо тийм боломж харагдахгүй байна. Өмнөх хямралаар урд хөрш зээлээр эдийн засгаа тэлж чадсан бол өнөөдөр зээлийн боломж хумигдсан гэсэн бодит шалтгаан бий. Өмнөхөөсөө илүү хүндрэх магадлал өндөр гэж ойлгож болно.

-Тэгвэл бидэнд байгаа боломж гэвэл та юуг онцлох вэ?

-Худалдааны дайны нөлөөгөөр Хятад улс барууны улсуудаас зэс, нүүрс, төмөр авахаа бууруулаад байвал бидэнд боломж гарч болох юм. Энэ оны худалдааны дайнд нэг онцлог бий л дээ. Үзэл суртлын бага зэргийн өрсөлдөөн яваад байгаа. Өөрөөр хэлбэл Хятадад түүхий эд нийлүүлдэг зарим улс Америктай ойрхон байгаа. Газрын ховор элемент бидэнд байгаа бас нэг боломж. Учир нь Хятад өөрөө газрын ховор элемент экспортолдог орон. Худалдааны дайны нөлөөгөөр, хэлэлцээрт давуу тал олж авахын тулд экспортоо бууруулах магадлал өндөр. Хэрвээ ийм байдал үүсвэл зөрүүлээд хөрөнгө оруулалт татах боломж бидэнд бий. Хамгийн том боломж гэвэл барилгын салбар байж болно. Экспортоос нэг их хамаарахгүй салбар. Дотооддоо барилгын салбараа идэвхжүүлэхэд боломж бий. Гэр хорооллын иргэдийн нийгмийн даатгал дахь мөнгийг нь урьдчилгаанд тооцуулдаг болгох гэх мэтээр дотоод нөөц боломжоо ашиглах гарц байгаа. Банкуудад асар их хэмжээний илүүдэл эх үүсвэр бий гэсэн мэдээлэл бий шүү дээ. Тэр их мөнгийг хаашаа оруулахаа мэдэхгүй байгаа тухай мэдээлэл байсхийгээд цацагддаг. Ямар сайндаа л төв банкны үнэт цаас долоон их наяд гарах вэ дээ, өнгөрсөн жил. Тэгэхээр нэг талдаа банкуудад ийм боломж байна. Нөгөө талд эрэлт байна. Тиймээс энэ салбарт ухаалаг зохицуулалт хийгээд зах зээлээ тэлэх гарц байгаа. Хямралын нөлөөгөөр доллар үнэд орчихно. Тэр утгаараа хүнсний ч юмуу, дотоодод үйлдвэрлэх боломжтой импортыг орлох хэмжээний бүтээгдэхүүний зах зээл гарч ирж болох юм. Гэхдээ үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Зах зээлийнхээ жамаар байх учиртай. Эцэст нь дахин онцлоход гол боломж бол ерөөсөө л экспорт.

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ЖИЛИЙН ДАРАА ХЯМРАЛЫН ШИНЖ ТЭМДЭГ МЭДРЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ

(СЭЗИС-ийн багш, эдийн засагч)

-Дэлхийн эдийн засаг удахгүй хямрал ажиглагдана гэж шинжээчид таамаглацгаагаад эхэллээ. Энэ хэр бодитой таамаг вэ?

-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал 2008-2009 оны хямралаас хойш нэлээд тогтвортой өсөлттэй явж ирсэн гэж бид хувьдаа үзэж байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн индексүүд зэрэг санхүүгийн гол индикаторуудаар харагддаг л даа. Сүүлийн жил гаруй хугацаанд дэлхийн эдийн засагт удахгүй хямрал нүүрлэх тухай ярьж байна. Дэлхийн эдийн засгийн том чуулган дээр хүртэл энэ асуудлыг гол сэдэв болгож удахгүй хямрал болох тухай асуудлыг хөндөн ярилцсан. Сонирхолтой нь яг хямрал болно гэдгийг илэрхийлэх үзүүлэлт одоогоор илрээгүй гэж би хувьдаа харж байна. Дэлхийн эдийн засаг гурав түүнээс дээш хувьтай өссөн хэвээр яваа. Тиймээс таны асуусан таамаглалын тухайд урьдчилсан байдалтай болгоомжилсон хэв шинжтэй зүйл гэж харж байна.

Хямрал ирж болзошгүй шинж тэмдэг анзаарагдахгүй байна гэсэн үг үү?

-Шууд тэгж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хямрал ирж болзошгүй гэсэн урьдач зүйлс бол бий. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өмнөх зуунтай харьцуулахад асар их интеграци бүхий болсон. Энэ нь глобалчлал болон технолгийн хөгжилтэй холбоотой. Хоёрдугаарт, 2009 оноос хойш эдийн засаг нэлээд тэлсэн. Ингэж тэлсэн байдал 10 орчим жил үргэлжлээд байна. Гуравдугаарт, дэлхийн эдийн засагт худалдааны дайн, их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн, брексит гэх мэт эрсдэлүүд бий болчихсон. Энэ бүхнээс хамгийн гол нь худалдааны дайн. АНУ худалдааны маргаан, хоригийн асуудлыг зөвхөн БНХАУ-тай төдийгүй Европ, ОХУ, Ойрхи Дорнод чиглэлд өргөжүүлэх хандлагатай байгаа явдал болгоомжлол төрүүлж байна. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол түүчээ болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүчтэй саарч буй явдал анхаарах асуудал болоод байна.

-Таны хэлсэн шалтгаанууд зарим байгууллагыг дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх өмнө хэлсэн таамгаа бууруулахад хүргэсэн байх аа?

-Тэгсэн. Сая хэлсэн шалтгаануудаас болоод дэлхийн томоохон байгууллагууд дэлхийн эдийн өсөлтийн таамгаа бууруулж байгаа. Саяхан АНУ-ын Холбооны нөөцийн банк болон Европын гол төв банкууд бодлогын хүүгээ буурууллаа. Энэ бүгдээс үзвэл ойрын хугацаанд биш юм аа гэхэд жилийн дараагаас хямралын шинж тэмдэг мэдрэгдэж болзошгүй.

-Хямрал ирлээ гэж бодъё. Тэр үед хэцүүдэхгүйн тулд бид яах ёстой вэ?

-Хамгийн гол эрсдэл нь хямрал болно гэж яриад суугаа хэрнээ бид бэлтгэлгүй байна. Хэрвээ дэлхийг хамарсан эдийн засгийн сөрөг нөхцөл байдал үүсвэл хамгийн түрүүний хохирогч болох улс нь бид. Хямрал бидэнд эрдсийн үнээр дамжиж шууд нөлөөлнө. Тодруулж хэлбэл, санхүүгийн урсгал саарах байдлаар шууд нөлөөлөх эрсдэлтэй. Ийм эрсдэлтэй нүүр тулбал эдийн засгийн өсөлт саарч 2014-2016 оны нөхцөл байдал давтагдах сөрөг талтай. Санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал сөрөг болсноор бид төлөх учиртай өрнийхөө өмнө томоохон асуудалд орж мэднэ. Гэтэл бодит байдал дээрээ бид өрийг өрөөр төлөхөөс өөр аргагүй байгаа нь харамсалтай. Хямрал болсон тохиолдолд энэ боломж хаагдах эрсдэл бий.

Бид өнөөдөр эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлттэй байгаа боловч энэ нь тийм баталгаатай, тогтвортой зүйл биш. Иймээс хямрал болох эсэхээс үл хамаарч эрсдэлээс хамгаалах удирдлагыг сонгох нь зүйтэй. Үүний тулд төсвийн чанд, хэмнэлттэй, оновчтой бодлого явуулах, өрийн удирдлагын идэвхтэй арга замыг эрэлхийлэх, эдийн засагт нөлөөлөх томоохон төслүүдийг яаравчлах зэрэг арга хэмжээг авах ёстой. Гэхдээ төрийн хийж байгаа үйлдлүүдийг харахад харьцангуй идэвхгүй, тайван байдалтай байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Алтансүх: Татвар нь нэмэгдсэнээр алт хууль бусаар хил давуулах байдал улам өсч байна

– УРД ХӨРШИД ХУУЛЬ БУС АЛТНЫ ЭРГЭЛТЭЭР БОХИР МӨНГӨ УГААДАГ БАЙХ ГЭЖ ТААМАГЛАДАГ –

“Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт зөвлөгөөнийг Стандартчилал хэмжил зүйн газраас өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр алт нийлүүлэлтийн хувь буурсан шалтгаан, алтыг хууль бусаар эргэлтэд оруулахтай холбоотой асуудлаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүхтэй ярилцлаа.


-Алтны нийлүүлэлт өнгөрсөн оныхыг гүйцэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихсон. Үүнд нөлөөлөөд байгаа гол хүчин зүйлийг юу гэж харж байна вэ?

-Энэ тухай ярихын өмнө гадаад валютын нөөц, алтны нийлүүлэлтийн талаар заавал дурдах ёстой. Монгол Улсын гадаад валютын нөөц мөнгөжсөн алт, гадаад валют, вексель, үнэт цаас, бусад актив гэсэн хэсгээс бүрддэг. Гадаад валютын нөөцийн зорилго төрийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орны богино хугацаат гадаад зээлийн төлбөрийг төлөх чадварыг хангах, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг тогтвортой балгах, улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд гарахад гадаад валютын нөөц чиглэгддэг.

Өнгөрсөн жил гадаад валютын нөөцөд алт 713 сая ам.доллараар нэмэр үзүүлсэн. 2017 онд бол 731 сая ам.доллар байсан. Ингээд харахад гадаад валютын нөөцийн 20-25 орчим хувийг алт эзэлж байна. Тэгвэл 2019 оны алт тушаалт гэхэд өнгөрсөн наймдугаар сарын 30-ны байдлаар 307 сая ам.доллар буюу нийт гадаад валютын нөөцийн 10 орчим хувийг бүрдүүлээд байна

Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 30-ны байдлаар төв банк нийт 11.2 тонн алт худалдаж аваад байна. Өнгөрсөн оны мөн үед 14.6 тонн алт худалдаж авснаас 3.4 тонноор бага байгаа гэсэн үг. Алт худалдан авалтад гол нөлөөлөөд байгаа зүйл бол хууль эрх зүйн орчин.

-АМНАТ-ын төлбөрийг хэлж байна уу?

-АМНАТ-ийн хувь хэмжээнээс шалтгаалж байна. АМНАТ-ийн хувь хэмжээ өмнө нь хэд, хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд 2014 оноос Ашигт малтмалын тухай хуульд УИХ-аас өөрчлөлт оруулж АМНАТ-ыг 2.5 хувь болгосон. Ингэснээр 2014 онд өмнөх оноосоо хоёр дахин өссөн. Өнгөрсөн онд 21.9 тонн алтыг төв банк худалдаж авсан байгаа. Энэ хуулийг мөрдөх хугацаа таван жил байсан учир энэ оны эхээр хуулийн хугацаа дуусгавар болж, хуучин хэвээрээ буюу тав дээр нэмэх нь тав гэсэн хувиар тооцож эхэлсэн. Сүүлийн гурван жилийн сар бүрийн алт худалдан авалтыг харьцуулахад ч гэсэн 2019 оны сарууд өмнөх онуудаа гүйцэхгүй байгаа юм. Бүгд бууралттай гарсан. Үүнийг АМНАТ-тай холбож үзэж байгаа. Түүнээс гадна Засгийн газраас ашигт малтмалын лиценз цуцалсантай холбоотойгоор алтны нийлүүлэлт буурч байгаа гэж үзэж болно. Он гарснаар 30 лиценз цуцлагдсан.

-Алтыг хууль бусаар хил давуулах асуудал бас бий. АМНАТ-ын хэмжээ нэмэгдсэнээр энэ төрлийн зөрчил улам нэмэгдэнэ биз?

-Алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэх үйлдэл гарсаар байна. Саяхан гэхэд нэлээд хэмжээний алтыг хууль бусаар хилээр гаргах гэж байгаад баригдсан. Тэр алт нь манайд түр хадгалуулах горимд байна.

Ер нь алтыг өмнөд хөрш рүү гаргах сонирхол ченжүүдэд байдаг. Монголбанк өнөөдөр нэг гр алтыг 128 мянгаар авч байхад урд 131 мянгаар авч байх жишээтэй. Нэг грамм дээр 3000 төгрөгийн зөрүү гэдэг кг-аар тооцохоор хэдэн төгрөгийн ашиг унах билээ. Хятад талаас алт импортолж оруулахад ямар ч татвар авдаггүй. Урд хөршид бол хууль бус алтны эргэлтээр бохир мөнгө угаах магадлалтай гэж таамагладаг. АМНАТ нэмэгдсэнээр таны хэлсэнчлэн хууль бусаар хил давуулах байдал нэмэгдэнэ гэж харж байгаа. АМНАТ өмнөх жил 2.5 хувь байсан. Энэ жил тав болчихлоо. Харилцагч маань Монголбанкинд алтаа тушаахаар таван хувь нь алга болчих гээд байна. Өөрт нь ирэх мөнгө багасахаар хууль бусаар гаргах асуудал улам нэмэгдэнэ гэж харагдаж байгаа.

-Алтыг хууль бусаар хил давуулах тохиолдол он гараад хэр гарсан бол?

-Он гарсаар хоёр удаагийн тохиолдлоор нэлээд хэмжээний алт хураагдаж төв банкинд хадгалагдаж байна. Өмнөх онд ч бас хоёр удаагийн тохиолдол гарч байсан. Гэхдээ хэмжээ нь маш бага.

-Монголбанк бол алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэгтэй байгууллагуудын нэг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн онд алт 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байдаг. АМНАТ, татвар, бүх алттай холбоотой татваруудын нийт дүн энэ. Энэ нь уул уурхайн салбараас улсад төвлөрүүлсэн нийт татварын дөрвөн хувийг эзэлж байна.

Монголбанк алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд алт худалдан авах үнийг өсгөсөн. Лондонгийн хөрөнгийн бирж дээр зарлагдсан ханшаас нэг унц алтыг хоёр доллар хасч авч байгаа. Мөнгөний үнийг тооцохдоо бас нэг долларыг хасч байна. Учир нь Монголбанк дотоодоос худалдан авсан алтаа дэлхийн зах зээл дээр зарахын тулд цэвэршүүлдэг. Цэвэршүүлэлтийн зардал, үйл ажиллагааны зардлыг шингээгээд тийм хэмжээний доллар хасч авдаг. Түүнээс гадна төв банк ханшаа өдөр бүр гаргадаг боллоо. Харилцагч нар тухайн өдөр алтны ханш өндөр байхад нь алтаа өгөх сонирхолтой байдаг. Тэдний хүсэлтийг үндэслэж тухайн өдрийн алт худалдан авалтын цаг дууссан ч тэр өдрийн ханшаар нь маргааш харилцагчид нь мөнгийг шилжүүлэх зохицуулалтыг журмын өөрчлөлтөөр бий болгосон. “Монгол алт”, “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг сүүлийн гурван жил зохион байгуулж байна. Дээр нь Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, төрийн байгууллагууд, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран Баянхонгор, Дархан-Уул аймагт сорьцын лабораторийг байгуулсан зэрэг ажлууд бий.

-Хэдий тийм байгаа ч алтны нийлүүлэлт өнгөрсөн оныг гүйцэхээргүй болчихлоо. АМНАТ-ыг нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг хийхээс өмнө төв банкнаас арга хэмжээ авч болоогүй хэрэг үү. Лобби явуулах, санал хүсэлт хүргүүлэх зэргээр?

-Монголбанкнаас УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо, Уул уурхайн яам, Сангийн яаманд тухайн үед хандаж байсан. Албан бичгүүдийг ч холбогдох газруудад удаа дараа хүргүүлж, уулзалт хэлэлцүүлгүүд хийж байсан. Алт олборлогчдын холбоотой хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг ч зохион байгуулж байсан. Тэгсэн хэдий ч хүч хүрээгүй, хууль баталдаг хүмүүс нь УИХ-ын гишүүд шүү дээ.

-Тэгвэл одоо хуулийг өөрчлөх гарц бий юү?

-Холбогдох байгууллагуудаас санал тавих боломжтой болов уу. Алтны нийлүүлэлт их хэмжээгээр буурчихлаа, хуулиа эргэж хараач гэсэн санал тавьж болох байх. Гол нь төрийн байгууллагууд хамтарч нийлж УИХ-д хандах ёстой. Засгийн газраас тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ саналыг тавих ёстой. Түүнд нь манайх хамтарч оролцох боломжтой. Яахав, одоо он дуусаагүй байна. Оны дараа энэ асуудал яригдах боломжтой болов уу.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

Аргын тооллын аравдугаар сарын 11, Сугар гариг. Билгийн тооллын 13, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 07:04 цагт мандан 18:12 цагт жаргана. Энэ өдөр мал гадагш гаргах, газар лусын зан үйл, тахил үйлдэх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах зэрэгт сайн. Мод таслах, эм найруулах, үхэгсдийн үйл, усыг хааж бөглөх, бэр өгөх, худалдаа хийх, заргалдах, замд явах, нүүдэл суудал хийх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг өргөн барилаа

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Сүүлийн жилүүдэд соёрхон баталсан олон улсын гэрээ, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын чиг үүрэг улам бүр өргөжсөөр байгаа билээ. Түүнчлэн Комиссоос хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, иргэд, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэх талаар нэлээд хүчин чармайлт гарган ажиллаж байгаатай холбоотойгоор төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг арилгах, төсвийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах шаардлагатай байгаа юм.

Иймээс Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор Комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, Комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн төсвийн төслийг боловсруулжээ.

Төсвийн тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Сангийн яаманд хугацаанд нь өргөн мэдүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусгасан хэмээн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Оны “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай боллоо

МЗХ-ноос дөрөв дэх удаа зохион байгуулагдаж байгаа “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Багш Хөгжлийн Ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь МЗХ-ноос 2018-2044 он хүртэл “Залуусаа бүтээе” уриандор төлөвлөгдсөн олон ажлуудын нэг бөгөөд Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлэх, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож буйгаараа онцлог боллоо. Ёслолын ажиллагааг МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Бэлгүтэй нээж, арга хэмжээнд уригдсан хүндэт зочидоор СУИС-ийн тэргүүлэх профессор, МУИС-ийн зөвлөх профессор, МУ-ын ШУГЗ С. Дулам, МУ-ын 21 дэхь Ерөнхий сайд Р. Амаржаргал, МУБИС-ийн хэл уран зохиолын багш, МХЗЭ-ийн гишүүн Д. Хүү, МБНХ-ны ерөнхийлөгч Доктор Профессор академич, Гавъяат багш Б. Жадамбаа , АЖ Н. Сувд, МЗХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Г. Энх-Амгалан, Соёмбо академийн захирал А. Санжмятав нар оролцож илтгэл тавив. Оны “Бүтээгч залуу багш”-аар

1.Ч. Цэдэнбилэг 113-р сургууль

2.Т. Эрдэнэтуяа Сэтгэмж цогцолбор сургууль

3.С. Дуламсүрэн 41-р сургууль

4.А. Лхагвасүрэн 29-р сургууль

5.Б. Долгорсүрэн 104-р сургууль

6.Г. Ганбаяр 24-р сургууль

7.В. Пүрэвсүрэн Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургууль

8.Б. Баясгалан92-р сургууль

9.Н. Дарьсүрэн59-р сургууль

10.Б. Даваасүрэн107-р сургууль

11.Г. УуганбатГүн галуутай цогцолбор сургууль

12.Ц. Ариунсүх106-р сургууль

13.Ш. Чулуунцэцэг19-р сургууль

14.Ц. Энхцэцэг 105-р сургууль

15.Б. Батбаяр Арх, Их тамир сум ЕБС

16.Д. УрантогосДорнод, Хэрлэн сум,Шинэ хөгжил цогцолбор

17.Б. БолдбаатарУвс, 5-р сургууль

18.Э. АриунтунгалагБулган, Хутаг-Өндөр сум ЕБС

19.П. Гэрэлчимэг Дорноговь, Замын-Үүд сум, 2-р сургууль

20.С. ГанболдУвс, 1-р цогцолбор сургууль

21.Г. Эрдэнэчулуун Сүхбаатар, Түмэнцогт сум ЕБС

22.Д. БолормааЗавхан, Тосонцэнгэл, 1-р сургууль

23.Н. ДолжинсүрэнОрхон аймаг, 4-р сургууль

24.Б. Улаанбаатар ШУТИС, ГУУС

25.З. МөнгөнболорРояаль ОУИС

26.О. ЧинбатТехник технологийн дээд сургууль

27.О. Мягмарсүрэн МУБИС

28.Ө. АмгаланОтгонтэнгэр ИС

29.Б. Энхцэцэг Хүнс технологийн политехник коллеж

30.Г. ДуламжавХүнс технологийн политехник коллеж

31.П. Батболд Техник технологийн Политехник коллеж

32.Б. Хулан Зохиомж ДС нар шалгарлаа. Мөн

“ҮНДЭСНИЙ ГЭГЭЭРЛИЙГ ТҮГЭЭГЧ” цомын эзнээр Э. Номин-Эрдэнэ, 105-р сургууль

“ҮНДЭСНИЙ СЭХЭЭТЭН ТӨРҮҮЛЭГЧ” цомын эзнээр Д. Баярсайхан ,УБИС

”ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭГЧ” цомын эзнээр Б. Алтанмандах, Шинэмонгол ТК нар шалгарлаа. Бүтээн байгуулалтын дуудлагаар “Бүтээгч үе”-ийг төлөвшүүлэн бэлтгэх гэгээрэл боловсрол, мөргүншил, чадвар, авъяас, хариуцлага, эрх, эрдэм, мэдлэгийг түгээн дэлгэрүүлж буй Бүтээлч багш нартаа улам их ажилт хүсье!

Categories
мэдээ улс-төр

Баялаг бүтээгчдийн санал, зөвлөмжийг УИХ-ын даргад уламжиллаа

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-аас эрхлэн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг саяхан зохион байгуулсан билээ.

Тус форумаас гаргасан санал, зөвлөмжийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Ч.Даваабаяр, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулж өглөө.

Санал зөвлөмжид:

-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаар төрөөс баримтлах бодлого;

-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөсүзүүлэх санхүүгийн дэмжлэг;

-Төрийн худалдан авалт гэсэн үндсэн 3 чиглэлээр 20 шахам асуудлыг тусгасан байна.

Тэдгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд баялаг бүтээгчдийн саналыг тусган 2019 оны намрын чуулганаар батлах, шинээр боловсруулж буй баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, 2020 оны хаврын чуулганаар батлах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, олон нийтийн хяналттай болгох, 2020 оныг “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил” болгох, чанар, стандартын шаардлага хангаж байгаа дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнтэй ижил бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрээс төрийн худалдан авах барааны жагсаалтыг хагас жил тутам дүгнэж, жил болгон өөрчлөлт оруулж байх зэрэг санал, зөвлөмжүүд багтжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хороог хуралдуулж, баялаг бүтээгчдийн санал, зөвлөмжийг хэлэлцэх, тулгамдсан болон шийдвэрлэвэл зохих асуудлаар харилцан ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэх нь чухал гэж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

“ЮБИКАБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр: Нийтийн тээврийн салбарт бодлого зохицуулалт үгүйлэгдэж байна

“ЮБИКАБ” ХХК-ийн зүгээс компанийн үйл ажиллагааны талаар болон нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудлуудын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэн мэдэгдэл хийлээ.

ЮБИКАБ ХХК Захирал Н.Отгонбаяр: “Улаанбаатар хотын нийтийн тээврийн өдрүүд энэ өдрүүдэдтохиож байна. 1.5 сая хүн амтай Улаанбаатар хот 1000 автобус 500 гаруй албан ёсны такситайгаар ойгоо тэмдэглэж байна. Статистик мэдээллээр хотын 1000 автобусны 80 хувийн насжилт дуусаж байгаа, таксины тал хувийнх нь насжилт ирэх жил дуусна.

Үйл ажиллагаа явуулж байгаа такси компани арав байсан бол энэ жил найм болж буурах төлөвтэй байна. Энэ нь нийтийн тээврийн салбарт бодлого зохицуулалт санаачилга үгүйлэгдэж байгаагийн тод жишээ юм. Цаашид нийтийн тээврийн салбарт дорвитой алхам хийхгүй бол тээврийн хэрэгцээгээ хангах гэж хувийн унаа нэмж авсаар байвал тун удахгүй “0” зогсолт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас сануулсаар байна.

Нийтийн тээврийн хөгжил гэхээр метро, тусгай замын автобус гэсэн том төсөв хөрөнгө шаардах холын зорилт ярьдаг ч эхний ээлжинд хийж чадах гарц боломж бол хувийн хэвшлийн оролцоотойгоор албан ёсны такси үйлчилгээний тоог нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах түншлэх алхам юм. Гэтэл өмчийн хэлбэрээр ялгаварласан заалтаас болж такси үйлчилгээ эрхлэх компанийн тоо жилээс жилд буурч байгаа төдийгүйнэгдүгээр эгнээгээр зорчих эрхийг хувийн машинуудад олгох, албан ёсоор такси үйлчилгээ эрхлэх гэхээр Нийслэлийн нийтийн тээврийн газартай тээвэрлэлтийн гэрээбайгуулсан такси компаниудад сар бүр 50000 төгрөгийн хураамж төлж байж нэгдүгээр эгнээгээр зорчих эрх авдаг гажууд тогтолцоо бий болоод удаж байгаа учир жолооч нар албан ёсоор таксиүйлчилгээ эрхэлж, хэрэглэгчдэд шуурхай үйлчлэхэд хүндрэл гарч байна.

Иймд такси үйлчилгээ эрхлэгч жолооч нар болон такси дуудлагын үйлчилгээний мобайл аппликэйшн UBCAB-ийг хөгжүүлэгч ЮБИКАБ ХХК тай хамтран хоршоо байгуулж, Улаанбаатар хотын иргэдэд стандартын шаардлага хангасан такси үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

ЮБИКАБ ХХК нь зөвхөн албан ёсны бүртгэлтэй такси болон жолооч хэрэглэгчид үйлчлэх, тариф удирдлагын нэгдсэн системтэй, түргэн шуурхай, найдвартай, 24 цагаар ажилладаг такси дуудлагын аппликэйшнийг нэвтрүүлж такси үйлчилгээнд технологийн дэвшлийн шинэ үеийг нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаацорын ганц үндэсний компани юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Өлгий, Ховд, Даланзагад, Цогтцэций, Мөрөн хотуудад амжилттай нэвтрүүлсэн.

Мөн ЮБИКАБ-д бүртгүүлсэн жолооч нар 24 цаг дуудлагаар хангагддаг, хий холхиж бензин гарздахгүй, сул зогсож, хүн хайж холхих шаардлагагүй болсон. Дээрээс үйлчлүүлэгч маань төлбөрөө өөрийн хүссэн бүх төрлөөр төлөх боломжтой байдаг нь бидэнд ч амар хялбар байдаг” гэлээ.

Анх 600 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод өнөөдөр 1.5 сая хүн төвлөрөн суурьшдаг. 2019 оны байдлаар Улаанбаатар хотод 500 мянган автомашинболон өөрөө явагч тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Энэ нь 0 настай нярайгаас эхлээд хотын бүх хүнийг оролцуулаад 3 хүн тутамд нэг тээврийн хэрэгсэл ноогдож байна гэсэн үг. Айл болгон автомашинтай байх хэрэгцээ шаардлага үүссэн шалтгаан бол нийтийн тээврийн хүртээмжтэй шууд холбоотой.

М.Болор-Оюун

Categories
мэдээ нийгэм

Түлшний хэмнэлттэй, сайжруулсан Чандмань зуух утааг 50 хувиар бууруулна гэв

Өнөөдөр “Ногоон шуурга” компанийнхан хэвлэлийн хурал зарлан өөрсдийн борлуулдаг утаагүй зуухны талаар мэдээлэл хийсэн юм.

Хятад улсад дөрвөн жилд нэг удаа болдог зуухны үзэсгэлэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд болсон. Энэ үйл ажиллагаанд оролцохоор “Нарантуул” худалдааны төв дээр зуух борлуулдаг дөрвөн эмэгтэй явсан байна. Тэд “Түлшний хэмнэлттэй, сайжруулсан Чандмань зуух”-ыг хятадад үйлдвэрлүүлж долдугаар сарын 5-нд “Нарантуул” худалдааны төв дээр нээлтээ хийн, борлуулж эхэлжээ. Зуухны хувьд хамрагдах ёстой бүх шинжилгээнд хамрагдаж, ямар нэг асуудал гараагүй гэнэ. Гол онцлог нь утааг 50 хувь бууруулна гэж “Ногоон шуурга” компанийн гишүүд өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Зуухны технологийн хувьд зуухны шаталтын кабины дээд талын оролтын ам нь доод гаралтын амнаас хэмжээгээр бага тул нүүрсийг шатаахдаа хий биетэд хувиргадаг бөгөөд зуухны бүтцэд утааг дахин шатаах механизмыг суурилуулсан тул шаталтын кабин дотор дахин шаталт явагдаж нүүрсний шатах хугацааг уртасгадаг байна. Ингэснээр энерги хэмнэж, дулаан ялгаруулалтыг 75 хувь хүртэл нэмэгдүүлж, дулаан хадгалах хугацааг 10-12 цаг хүртэл уртасгаж чаддаг байхаар хийгдсэн гэв.

Харин үнийн хувьд 550,000 төгрөг бөгөөд зарим иргэдийн зүгээс лизингдэж болох уу, үнийн уян хатан нөхцөл байна уу гэх зэргээр санал дэвшүүлсэн байна. Гэсэн ч банк зуух лизингдэхгүй гэсэн мэдээлэл өгсний улмаас ямар ч үнийн уян хатан нөхцөл байх боломжгүй гэдгээ ч мөн илэрхийллээ.

М.Сайнзаяа

Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүг сандал дээр скочоор хүлж, 30 гаруй минут суулгасан багш нарыг ажлаас нь халжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш нар хоёр настай хүүг сандал дээр суулган скочоор хүлж, 30 гаруй минут суулгасан хэрэг гарчээ.

Хүүхдийн эрхийг зөрчсөн энэхүү үйлдэл нь камерт бичигдэн үлджээ. Бичлэгт нялх хүүхэд хүүхэд өмдөндөө баасан, мөн хүлээсээ тайлуулах гэж аргаа баран уйлж, тийчилж байхад хоёр багш нь тоосон шинжгүй 30 гаруй минут дэргэд нь байгаа дүрс үлдсэн байна.

Тийнхүү 30 гаруй минут болсны дараа цэцэрлэгийн арга зүйч орж ирж, хүүхдийг сандлаас салгаж авчээ.

Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн дээрх багш нарыг тус цэцэрлэгийн зүгээс ажлаас нь халах тушаалыг энэ сарын 2-ны өдөр гаргажээ.