Categories
мэдээ улс-төр

Цөмийн хог хаягдлыг булшлахгүй байх тухай заалтыг Үндсэн хуульд оруулах ёстой

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх байр сууриа Шударга иргэдийн нэгдсэн эвсэл(ШИНЭ) нам илэрхийллээ.

Тус нам Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн зүйл заалт бүрээр иргэдээс санал асууж байгаа бөгөөд эхний байдлаар ямар үр дүн гарсныг танилцуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх шаардлагагүй гэж санал асуулгад оролцсон иргэдийн 81% үзсэн бол бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг 60% нь дэмжихгүй байгааг УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ.

Мөн Стратегийн орд газруудын 51-ээс дээш хувийг ард түмний мэдэлд байх ёстой гэсэн заалтыг 85% нь дэмжжээ. Тиймээс ШИНЭ нам иргэдийн өгсөн саналыг дэмжиж, УИХ-д байр сууриа илэрхийлэхээ мэдэгдэв.

Түүнээс гадна тус нам Үндсэн хуульд шинэ заалт оруулах санал гаргаж байгаа нь цөмийн хог хаягдлын асуудлаар аж. Тодруулбал, Монгол Улсад цөмийн хог хаягдлыг булшлах, Монгол Улсын хилээр цөмийн хог хаягдал оруулах, хадгалах, байршуулах, дамжин өнгөрүүлэх аливаа бүх хэлбэрийг хориглоно гэсэн заалт оруулахаар УИХ-ын дарга, ҮАБЗ, Зөвшилцөх Ажлын хэсэгт хүргүүлж байна. Энэ талаар намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглосон гэж Ц.Элбэгдорж мэдэгдэж байсан. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн зарлиг дээр Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглосон нэг ч заалт алга. Уран, газрын ховор элемент, эрчим хүчний үйлдвэрлэлтэй холбоотой Ерөхийлөгчийн уг зарлигт цөмийн хог хаягдалтай холбоотой шийдвэр гаргахын өмнө ҮАБЗ хуралдаж хэлэлцэнэ гэж тусгасан буюу шийдвэр гаргаж болно гэжээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалтыг тууштай мөрдөж ажиллана гэжээ. Гэвч өнөөдрийг хүртэл Монгол Улсад цөмийн хог хаягдлыг хориглохыг заасан нэг ч хууль байхгүй. Тиймээс Цөмийн хог хаягдлыг булшлахгүй байх тухай заалтыг Үндсэн хуульд оруулах ёстой гэж ШИНЭ нам үзлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

Шинэ хичээлийн жил эхэлж, нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдсэн байгаа эл өдрүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг ихэссэн байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Тухайлбал, иргэд автобусанд сууж, буухдаа халаасны хулгайд их өртөж, гар утсаа, түрүүвчээ алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад их ирж байна. Хулгайн хэрэг тэр дундаа халаасны хулгайн хэрэг өсдөг аж. Ялангуяа хөдөө гадаанаас оюутан болж ирсэн хүүхдүүд, мөн хүүхдүүдээ авч ирсэн ар гэрийнхэн нь хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болж хулгайчид эд зүйлсээ алдаж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог. Тиймээс олон нийтийн газраар явахдаа өөрийн эд зүйлсдээ сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой явахыг, хулгайч нарт боломж олгохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк боловсролын салбарт урт хугацаанд бодитой хувь нэмэр оруулна

ХХБанк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдэд чиглэсэн “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд уг төслийн хүрээнд хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлүүдэд бодит хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Энэхүү төслийнхөө хүрээнд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа тогтвортой явуулдаг, хүүхдийн боловсрол, мэдлэгт бодитой хувь нэмэр оруулж буй албан байгууллага, хувь хүмүүсийг нийгмийн хариуцлагын болон банкны үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд дэмжин ажиллаж байна.

Үүний нэг жишээ нь Олонлог академи сургуульд ХХБанкны зүгээс хөнгөлөлттэй нөхцөлөөр Шинэ хичээлийн байр барих санхүүжилт олгосон явдал байсан бөгөөд 9-р сарын 1-ний өдөр Олонлог академи сургуулиас хичээлийн шинэ жилийн нээлттэй давхцуулан шинэ сургуулийн байрныхаа нээлтийг, хүүхэд багачуудын цангинасан инээд хөөр дор хийлээ.

Мөн банкны зүгээс сэтгэл догдлуулсан, хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудаа өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа Дэлхийд гайхагдсан манлайлагч иргэн болоход нь хувь нэмрээ оруулах зорилгоор Олонлог академи сургуульд шинээр элсэн суралцаж буй 1-р ангийн 255-н хүүхдэд 20’000 төгрөгийн үлдэгдэл бүхий “Маамуу хүүхдийн хадгаламж”-ийг бэлэг болгон барилаа.

ХХБанк нь “Хязгааргүй мөрөөдөл” төслийнхөө хүрээнд өрхийн орлого багатай боловч сурах хүсэл эрмэлзэл өндөр, авьяас чадвараараа тэргүүлж буй дунд болон ахлах ангийн сурагчдад сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөрөөдөл бүхний эхлэлийг хамтдаа бүтээе

Худалдаа, хөгжлийн банк

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт 10 дугаар сард тулалдана

Мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдаагүй босоо яваа “King Tug” Төгсцогт WBC-ийн чансаанд нэгдүгээрт бичигдээд байгаа бөгөөд WBC-ийн журам ёсоор дэлхийн аварга Гэри Рассельтай тулалдах болзлоо хангасан юм. Гэвч Гэри Рассель манай тамирчинтай тулалдахаас татгалзаж, өөр боксчинтой аварга цолоо хамгаалах тулааныг өнгөрсөн тавдугаар сард хийж ялалт байгуулсан.

Үүний дараа WBC холбооноос Гэри Рэссельд, Төгсцогттой наймдугаар сард багтаж тулалдахгүй бол WBC-гийн аваргын цол, бүсийг хураах анхааруулга өгсөн ч тэрээр Төгсөөтэй тулаан хийх тохиролцоо хийсэнгүй. Гэри WBC-гийн цолоо аваргын цолоо алдсан ч WBA-ийн аварга Лео Санта Крузтай тулаан хийх сонирхолтой байгаа аж.

Одоо WBC “Бага” Гэри Расселиас аваргын бүсийг хураавал эзгүйрэх аваргын “сэнтийд” Төгсцогтыг өргөмжлөх үү? Эсвэл хэн нэгэнтэй тулаан хийлгэх үү гэдгийг бас шийдэх бөгөөд Н.Төгсцогт сарын дараа рингэнд дахин гарах нь тодорхой болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хөх хот-Улаанбаатар шууд нислэг энэ сард эхэлнэ

2019 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Хөх хот-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж БНХАУ-ын Air China компани мэдэгдлээ.

Өвөр Монголын захиргааны төв болох Хөх хотоос Монголын нийслэл хүртэлх болон буцах нислэгийг Боинг 737-800 онгоцоор пүрэв болон ням гаригуудад үйлдэх юм байна.

“Монгол улс Хятадын “Бүс ба зам” санаачилгын чухал оролцогч орон бөгөөд нислэгийн энэхүү чиглэл нь Хөх хот Улаанбаатарын хооронд зорчих шинэ хувилбарыг санал болгож байгаа юм” хэмээн Air China компанийн төлөөлөгч мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын иргэн зам тээврийн осол гаргаж, хоёр хүний амь нас хохироожээ

Амралтын өдрүүдэд /2019.08-31-ээс 2019.09.01/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 464 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 312 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.08.31-ний өдөр 23 цаг 30 минутын орчимд СХД-н 32 дугаар хороо Эмээлтийн зам, “Их хурд” түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima автомашины жолооч Хятад улсын иргэн Хаши нь явган зорчигч 44 настай эрэгтэй, 30 настай эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн 2019.09.01-ний өдрийн 09.56 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг Дөрвөлжийн 10-7 тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б нь явган зорчигч 1 настай, эмэгтэй Ц-г ухарч байхдаа мөргөж амь насыг хохироосон.

Явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдийг мөргөж гэмтээх тохиолдол ихсэж байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн тоглолт болно

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 21:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж.

Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцоно. Тоглолтын төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

БНФУ-тай хамтарсан “Ажиллагааны үеийн удирдлага” сэдэвт онол, дадлагын сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа “Ажиллагааны үеийн удирдлага” сэдэвт онол, дадлагын сургалт өнөөдөр НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Франц Улсын сургагч багш нар удирдан явуулж байна.

Энэ хүрээнд Монгол болон Франц улсын аврах ажиллгааны талаар танилцуулж, харилцан туршлага мэдээлэл солилцох юм. Сургалт энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, баяр хүргэв.

Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, дайны дараах хор уршгийг арилгахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд аймгийн төв больницдоо цэргийн 7-р тасгийг тусгайлан нээж шархадсан цэрэг дайчдыг эмчлэх, сувилах, асрах зэргээр мэргэжлийн тусламж үйлчилгээг чадварлагаар үзүүлж байжээ.

Шагнал гардуулах ёслолд аймгийн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” энэ сарын 15-нд зохион байгуулагдана

“Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Ажлын хэсэг хуралдлаа.

Тус ажлын хэсгийн хуралдаанд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын албан тушаалтнууд оролцсон бөгөөд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагаануудыг хэлэлцлээ.

Энэхүү “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” арга хэмжээг “Цэвэр агаартай хот”, “Авто машингүй өдөр”, “Их цэвэрлэгээний 90 минут” гэсэн 3 ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадал, сайжруулсан хатуу түлшийг иргэд, олон нийтэд хэрэглэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэл бүрээр ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхжаргал үүрэг болголоо.