Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цалингийн доод хэмжээг өндөр тогтоох нь хувийн хэвшлийг дампуурахад хүргэдэг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Тодруулбал, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээг 320.000 төгрөг байхаар тогтоосон. Мөн ирэх оны буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээ 420.000 төгрөг болохоор болсон юм. Энэ нь сүүлийн мөрдөж буй хэмжээг 33.3-75 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг онцолж байв.

Ингэж хуулийн дагуу монгол хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болоод байна. Удахгүй он гаргаад 420 мянган төгрөг болохоор болж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил гүйцэтгүүлсний цалин хөлсний хамгийн доод хэмжээ бөгөөд хоёр жил тутам нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтоож байх хуультай. Тэгэхээр уг хуулийн дагуу ирэх онд гурван талт үндэсний хороо хуралдаж цалингийн доод хэмжээг дахин өндөрсгөх боломжтой гэсэн үг. Цалингийн доод хэмжээ өндөр тогтоогдох тусам ядуурлыг улам хөөргөдөж, ажилгүйдлийн тоо улам ихэсдэг. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өндөрсөх тусам хувийн хэвшил алдагдал хүлээж дампуурлаа зарладаг.

Цалингийн доод хэмжээ өндөр байх тусам ард иргэдийн ахуй амьдрал дээшилж, ийм мэдээллийг сонссон хэн бүхэнд шууд л гар дээр нь бөөн бөөн мөнгө асгараад ирэх юм шиг ойлгодог. Гэвч яг бодит хөрсөн дээр энэ бол хамгийн аюултай зүйл. Улс орны хөгжил дэвшлийг гол хөдөлгөгч хүч нь болсон, татварын мөнгөний эргэлт санхүүжилт нь болох хувийн хэвшлүүд ажилчдынхаа цалинг тавьж чадахаа больдог. Хувийн хэвшил, аж ахуйн нэгж компаниуд төчнөөн тооны ажимллах хүчин авна, цалингийн нийт хэмжээ төд болно, үүнээс урсгал зардалд төчнөөн төгрөг зарцуулна, тэгээд сардаа төчнөөн төгрөгийн ашиг олно гэх тооцоо судалгаатай байдаг. Гэтэл эрх баригчид ард түмэндээ жигтэйхэн хайртай болох гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмээг шууд 100, 200 мянгаар нэмчих нь бий. Энэ нь хувийн хэвшлийнхэнд айхавтар том цохилт болж ирдэг. Ашиг орлого олох нь бүү хэл ажилчдынхаа цалинг тавьж чадахаа байгаад дээрээс нь банкны өр, түрээсийн төлбөрөө дийлэхээ болиод яалт ч үгүй жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эхэлдэг.

Албан газрууд дампуурахаар мэдээж ажилгүй иргэдийн тоо огцом өснө. Ингэж нийгэмд ядуурал бий болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх ийм л хорлонтой. Боловсрол, мэргэжил үл шаардагдах энгийн иргэдээ харж үзэж өндөр цалин өгөх биш, харин ч хорлож ажилгүй болгон амьдралыг нь сүйтгэж ядуурлыг хөөргөдсөн төрийн харалган бодлого болдог. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жижиг аж ахуйн нэгжид бүр чиг хорлонтой. Наад захын нэг ачигч ажилд авъя гэж бодоход 320 мянган төгрөг өгөх болно. Энэ нь манайдаа эмч, багш нарын цалинтай бараг л дүйж очихоор мөнгө. Цалингийн доод хэмжээг өндөр тогтоогоогүй байхад хувийн хэвшлийнхэн энгийн иргэдтэй боломжийн хэдэн төгрөгөөр тохироод ажиллуулж болдог байсан. Хэн хэнд нь ашигтай, тустай л байсан. Ямар ч иргэн боловсрол, мэдлэг, ажлын дадлага туршлага энээ тэрээ гээд өөрийгөө зовоогоод байхгүй наад захын албан байгууллагад жижүүр, цэвэрлэгч хийгээд явчихдаг байв. Гол нь цалин мөнгөө тохироод ажилд орчихдог, ар гэрээ аваад явчихдаг, подхийсэн амьдралтай л байсан. Цалингийн доод хэмжээг хуульчлаад тогтоогоод өгөхөөр энэ бүх зүйл байхгүй, ухаандаа цалингаа тохироод ажил хийнэ гэх ойлголт байхгүй болж байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр засгаас нь өндөр тогтоож өгөх нь улс орны хөгжилд ямар аюултай, ямар их эрсдэлтэйг бид Солонгосоос бэлээхэн харж болно. Солонгосын эдийн засаг муудлаа гэх яриа сүүлийн үед дуулдах болсон. Энэ нь юутай холбоотой вэ гэдгийг эдийн засагчид шууд дуу нэгтэйгээр хэлж байгаа. Солонгосын төрөөс цалингийн доод хэмжээг 300 сая орчим вонн болгосон байдаг. Энэ нь тус улсын жижиг дунд үйлдвэрүүдийг дампуурахад хүргэж байгаа. Солонгост хоёр сая орчим жижиг дунд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг гэсэн тооцоо бий. Түүнээс бараг тал орчим хувь нь хаалгаа барьж, Хятад болон Вьетнам зэрэг орнууд руу гарах болсон. Солонгост ажил хийж байгаа монголчуудад ажил олдохгүй байна, ажиллаж байгаа үйлдвэр нь ажилчидаа халж, гадагшаа гарч байгаа юм гэнэ гэх яриа ийм учиртай.

Ирэх жил бол сонгуулийн жил. Эрх баригч нам ард түмэндээ, сонгогч олондоо таалагдахын тулд юуг ч яаж ч өөрчилж магадгүй. Ард түмний хайртай хүү, ардын баатар Ерөнхий сайд маань Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур хүч нь болсон уул уурхайн компаниуд руу цэрэг хөдөлгөж орно гэж ярьж байгаа. Бодох нь ээ, хүчээр түрэмгийлэн төрд булааж авч, мөнгийг нь ард түмэнд тарааж өгөх юм байлгүй. Ийм аймшигтай реформ хийж байгаа эрх баригч нам бас л ард олонд таалагдах гэж цалингийн доод хэмжээг хэд ч хүргэж, яаж ч өсгөхийг таашгүй. Хувийн хэвшлээ бүгдийг нь дампууруулчихаад, ажилгүйдэл, ядуурлыг дээд цэгт нь тулгачихаад сууж байхыг үгүйсгэх аргагүй.

Манай төр засаг 2019 оны эхэнд баян Намсрай шиг л байн байн цалин нэмсэн тухай мэдэгдэл хийж байсан. “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр улсын төсөвт 267 тэрбум төгрөг тусгалаа”, “Засгийн газраас 2019 оны “иргэн төвтэй төр” болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэхэд цалин нэмэх асуудал гол түлхэц болно”, “Боловсролын салбарт ажиллагсдын цалинг 12.3 хувиар нэмлээ”, “Эмч нарын цалин 120-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ” гээд л мэдэгдэл хийгээд байсан. Гэтэл өнөөдөр ард түмний бодит амьдрал ямар байгаа билээ. Эдийн засагт эерэг үр дүн харагдахгүй байгааг ажиглагчид, судлаачид хэлж байгаа.

Цалин нэмэх нь нэгэнт өсөлтийн хурд авсан инфляцийг улам бүр гааруулах вий гэж судлаачид эмээдэг. Эдийн засгийн бодит өсөлтийг хэмжих бас нэгэн шалгуур нь хүний хөгжил. Монгол Улс НҮБ-аас гаргасан хүний хөгжлийн индексээр дэлхийн 169 орноос 92 дугаар байрт жагссан. Монгол Улсын оноо 0741-0639 болон буурч байгаа нь монгол хүний хөгжилд тэгш бус байдал шууд нөлөөлж байгааг харуулсан юм.

“Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 833.5 /39.2 хувь/ мянга нь ажиллах хүчнээс гадуурах хүн ам тэдгээрийн 63.1 мянга нь цалин хөлс орлого олох ажил хайх, эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажилгүй хүний эгнээнд шилжих буюу ажиллах хүчинд багтахад бэлэн байгаа боломжит ажиллах хүчин байна” гэж Үндэсний статистикийн хорооноос зарласан өнгөрсөн долдугаар сарын нийгэм эдийн засгийн тайланд дурдсан. Энэ бүх үзүүлэлт бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр засгаас өндөр тогтоон, хувийн хэвшлээ дампууруулж байгаагийн гол үр нөлөө юм.


Categories
мэдээ нийгэм

Буриадын тэргүүн Орос-Монголын дээд түвшний хэлэлцээр оролцоно

Өчигдөр болсон Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов оролцжээ.

Тэрбээр ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, “Улаан-Үд-Халх гол” авто цувааны оролцогчидтой уулзсан байна.

Түүнчлэн Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Искандер Азизовтой хамтран оролцжээ.

Өнөөдөр, есдүгээр сарын гуравны өдөр Алексей Цыденов ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцох Орос-Монголын хэлэлцээрт оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын төвөөр түр хугацаанд зам хаана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр зочны аюулгүй байдлыг хангах үүднээс Цагдаагийн байгууллагаас тодорхой замуудыг богино хугацаанд хаана.

Тухайлбал өнөөдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх аж.

Өнөөдөр үдээс өмнө хотын төв буюу Шангри-Ла зочид буудлын орчмоор түр хугацаанд зам хаах юм байна.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо өчигдөр 21.30 цагт газардлаа.

Түүний энэ удаагийн айлчлал нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Мөн Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

В.В.Путин: Манай ард түмнүүд найрамдал, харилцан хүндэтгэлийн зарчимд тулгуурласан бат итгэлцлээр нягт холбогдсон билээ

– АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНД ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААГ ЧАНАРЫН ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ НАЙРСАГ ХАРИЛЦАА, ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА-

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр Монгол Улсад айлчлан ирж байна. Владимир Владимирович Путины манай сонинд өгсөн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. В.В.Путин Монгол Улсад дөрөв дахь удаагаа айлчлан ирж байгаа нь энэ юм.


-Эрхэм Ерөнхийлөгч Та Халхын голын байлдааны талаар болон Орос, Монголын харилцаа, Ялалтын ач холбогдлын талаар ямар санал бодолтой байна вэ?

-Орос, Монгол хоёр улс зөвхөн түүх, газарзүйн хувьд ойрхон хөршүүд биш шүү. Манай ард түмнүүд найрамдал, харилцан хүндэтгэлийн зарчимд тулгуурласан бат итгэлцлийн харилцаагаар нягт холбогдсон билээ.

Бидний хамтын түүхийн хамгийн яруу тод, чухал үйл явдлын нэг нь японы цэргийг Халхын гол дээр хамтарч ялсан явдал юм. Өнгөрсөн зууны 30-аад онд Монгол улсын зүүн хил дээрх нөхцөл байдал тавгүй байж, улам түгшүүртэй болж байсныг сануулъя. 1935 онд эхний ноцтой зэвсэгт мөргөлдөөнүүд гарч байлаа. Үүнтэй холбогдуулан 1936 оны гуравдугаар сарын 12-ны өдөр ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах протоколд гарын үсэг зурж улмаар Монгол улсын нутаг дэвсгэрт улаан армийн ангиудыг байрлуулсан. Ширүүн байлдаан буюу 1939 оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 16-ны хүртэлх төгсгөлийн үед тэдгээр ангийн цэрэг Монголын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж түрэмгийлэгчдийг бут цохиод, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадсан юм.

Халхын гол дээр байгуулсан ялалт цэрэг, улс төрийн чухал ач холбогдолтой байжээ. Тэрхүү ялалт маань Япон улс 1941 онд Зөвлөлт Холбоот Улс руу довтлохоос татгалзсаны гол шалтгааны нэг байсан бөгөөд Япон улсыг Дэлхийн хоёрдугаар дайнд оролцох явцыг удаашруулсан юм. Ингэснээр зөвлөлтийн удирдлага Москва орчмын тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн анги нэгтгэлийг 1941 оны сүүл гэхэд улс орныхоо баруун хэсэгт шилжүүлж чадсан билээ.

Аугаа их эх орны дайны хатуу ширүүн жилүүдэд Монгол Улс тусламж үзүүлснийг Орос улс талархалтайгаар дурсан санаж байдаг. Монголын иргэд фронтод тулалдаж байсан зөвлөлтийн дайчдад зориулж дулаан хувцас, хоол хүнс илгээхийн хамт морьт цэргийн ангиудад өөрсдийн агт морьдыг өгдөг байжээ. Мөн өөрсдийнхөө хангамжийг ихээхэн хасан байж “Хувьсгалт Монгол” танкийн цуваа болон “Монгол ард” сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах хөрөнгө мөнгө хуримтлуулан хандивлажээ.

Ирэх оны тавдугаар сард Москва хотноо болох Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсаны 75 жилийн ойн баяр ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцоно гэж найдаж байна.

-Таны айлчлал Халхын голын байлдаанд Ялалт байгуулсаны 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээс гадна өөр ямар зорилготой вэ. Ямар асуудлуудыг авч хэлэлцэх гэж байна?

-Дээр миний хэлсэнчлэн манай хоёр ард түмнийг зөвхөн ах дүүгийн дайчин нөхөрлөл төдийгүй харилцан ашигтай хамтын ажиллагааны баялаг түүх холбодог билээ. Энэ жил хамтарч тэмдэглэх ой олонтой. Манай хоёр талын аж ахуйн хамтын ажиллагааны тэргүүлэгч байгууллага болох улс хоорондын хамтарсан үйлдвэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 70 нас хүрлээ. 60 жилийн өмнө манай мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад атар газар эзэмших ажил эхэлсэн.

Өнөөдөр Орос, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн, олон талын шинж чанартай бөгөөд улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын болон бусад салбарыг хамарч байна.

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж ярилцах явцад харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хэтийн төлөв, үүний дотор Оросын Холбооны Улс, Монгол Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй авч хэлэлцэнэ.

Айлчлалын үр дүнд манай хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гаргах Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай улс хоорондын гэрээнд гарын үсэг зурна. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээний суурин дээр боловсруулсан энэхүү баримт бичиг хугацаагүй байхыг онцлон тэмдэглэе.

-Монгол, Орос хоёр улс мөнхийн хөршүүд. 1990-ээд онд эдийн засгийн харилцаа объектив шалтгааны улмаас багассан ч сүүлийн үед өсөх хандлагатай байна. Цаашид хоёр улс аль салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой гэж та харж байна вэ. Мөн гаалийн татвар өндөр байдаг нь эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлдөг. Энэ татварыг зохистой түвшинд аваачих талаар яригдах уу?

-Монгол Улстай олон салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Ази тивд Орос улсын явуулж буй гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн.

Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа өндөр хурдтай хөгжиж байна. 2018 оны дүнгээр худалдааны эргэлт 21 орчим хувиар нэмэгдэж 1.65 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ оны эхний зургаан сарын байдлаар дахиад 11.8 хувиар өсч 800 сая ам.долларт хүрчээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс болон түүний харьяа дэд комисс, ажлын хэсгүүдийн чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажил үр дүнтэй явагдаж байна.

Хоёр талын яриа хэлэлцээний хүрээнд тээвэр, дэд бүтцийн салбар, Монгол Улсын дамжуулан өнгөрүүлэх нөөц бололцоог илрүүлж, нэмэгдүүлэн ашиглахад анхаарлаа хандуулж байна. Энэ зорилгоор “Оросын төмөр замууд” буюу “РЖД” компани Монгол Улсын тээврийн гол суваг болсон “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэхээр төлөвлөж байна.

Хамтын ажиллагааны өөр нэг салбар бол эрчим хүч юм. Оросын компаниуд Монгол Улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэхийн хамт тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүдийн техникийн шинэчлэлд оролцож байна. Мөн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт сонирхолтой төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлж байна.

Эрүүл ахуй, мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Өнгөрсөн жил монгол малыг вакцинжуулах хүмүүнлэгийн хөтөлбөрийн хоёр дахь шат амжилттай хэрэгжиж дууссаны ачаар Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргах ажил улам амар болох юм.

Байгаль орчноо хамгаалах асуудалд чухал ач холбогдол өгч байна. Хил орчмын бүс нутагт хамтарсан дархан цаазат газруудыг байгуулах талаар хэлэлцээ явагдаж байна. Энэ нь манай нийтлэг бүс нутгийн биологийн олон төрлийн өвөрмөц байдлыг хадгалан хамгаалахад тус дөхөм болно.

Үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд нь Монголын талд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Одоо Орос улсын их, дээд сургуульд Монгол Улсын гурван мянга орчим иргэн суралцаж байна. Монгол оюутнуудад зориулж манай улсын төсвөөс жил бүр 500 тэтгэлэг олгож байна.

Гаалийн татварыг бууруулах тухайд гэвэл 2015 онд Евразийн эдийн засгийн комисс, Монголын талын хооронд байгуулсан хамтарсан ажлын хэсгийнхэн хоёр талын худалдааны үр ашгийг дээшлүүлэх, үүний дотор саад тотгорыг арилгах, гаалийн хяналтын удирдлагын системийг сайжруулах, эрүүл ахуйн хэм хэмжээг харилцан уялдаатай болгох зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Ихэнх тохиолдолд техникийн шаардлагыг хөнгөвчлөх нь ажил хэргийн хамтын ажиллагаанд татварыг бууруулахаас илүү хүчтэй түлхэц болж өгдөг шүү.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тогтоосон таны хувийн харилцаанд жүдо бөхийг сонирхох, спортоор хичээллэх нийтлэг сонирхол хэр зэрэг нөлөөлж байна вэ?

-Миний хувьд жүдо бол зүгээр нэг спортын төрөл биш ээ. Жүдо нь зоригтой байх, бусад хүмүүст хүндэтгэлтэй хандах, тэвчээр гаргах, амьдралын хүндийг даах, хэцүү нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарах зэрэг чанарыг бөх хүнд суулгаж өгдөг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас жүдогоор ч, самбогоор ч хичээллэдэг, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер мөн гэдгийг мэднэ. Бидний хувьд нийтлэг сонирхол, төстэй сэтгэхүйтэй тул “Хоёулаа нэг долгион барих” гэдэг шиг харилцан ойлголцолд хүрэхэд амар байлаа. Өнөөдөр энэ маань үр ашигтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны чухал чухал асуудлыг ажил хэрэгчээр шийдвэрлэх, ирээдүйтэй төслийг их амжилттай хэрэгжүүлэх боломж олгож байна. Мэдээжийн хэрэг, бид улс төрийн арга хэмжээ, эсвэл эдийн засгийн форумын үеэр төдийгүй жүдо бөхийн ДАШТ-ий үеэр ч уулзахыг эрмэлздэг ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Улаанбаатарт газардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ.

Тэрбээр дөнгөж сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. ОХУ-ын Төрийн тэргүүн Ил96 загварын хоёр онгоц хөлөглөжээ.

В.В.Путин Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилж буй нь энэ бөгөөд Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Парис хотын нэрэмжит гудамж байгуулах саналыг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр НИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар зөвшөөрөл хүссэн тухай талууд хэлэлцсэн билээ. Парис хотын Захирагч энэхүү саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Францын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин хотын Захирагчид уламжилсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх 1235 метр урттай гудамжийг Парис хотын нэрэмжит гудамж болгох саналаа Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа.

Нийслэлийн Засаг дарга 2017 онд Франц улсын нийслэл Парис хотноо айлчлах үеэр хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд энэ асуудлаар санал солилцсоны дагуу өнгөрсөн долдугаар сард Францын Элчин сайдын яам, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох судалгааг хийсний үр дүнд дээрх байршлыг сонгожээ. Ирэх онд Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болох бөгөөд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг саналыг дэмжвэл Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж байгуулагдах юм .

Categories
мэдээ нийгэм

Маргааш хилийн боомтууд ердийн хуваарийн дагуу ажиллана

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны Бямба гарагийг ажлын өдөр болгохоор шийдвэрлэсэн.
Гэвч хуулийн дагуу 2019 онд Улсын хил амрах өдрүүдэд 09 сарын 03-ний өдөр ороогүй тул энэ өдөр хилийн боомтууд хуваарийн дагуу ажиллах юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн гадаад, дотоодын томилолтыг хязгаарлалаа

УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүдийн гадаад томилолтыг есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар хязгаарлалаа.

Тодруулбал, сүүлийн 14 хоногийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр чуулганы хуралдааныг товлосон ч гишүүд томилолттой байсан учраас ирц бүрдэхгүй байсан юм. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэх хугацаанд гишүүдийн гадаад, дотоод томилолтыг хойшлуулах захирамж гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

ОХУ цэрэг техникийн буцалтгүй тусламжийн хугацаагаа сунгаж буйгаа мэдэгдлээ

ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзан хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны тухай санал солилцлоо. ОХУ-ын тал “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын 2008 оны хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгах шийдвэр гаргасанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын хувьд талархсанаа илэрхийллээ.

Монгол Оросын цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, шинэ түвшинд гарсаныг тэмдэглэж үүнд ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүчин чармайлт голлох үүргийг гүйцэтгэсэн тухай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцолсон юм. ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов нь “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгаж байгаад мөн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах үеэр дээрх гэрээг сунгах албан бичигт гарын үсэг зурах юм байна.