Categories
мэдээ нийгэм

В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр үдэш тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Түүний албан ёсны айлчлал өнөөдөр эхлэх бөгөөд Халх голын ялалтын 80 жилийн ойн баярт уригдсан тэрбээр манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр13.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч “Хүндэт зочин”-ы дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын гэрэл зураг татуулах юм байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Түүний айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг руу Булганы Дашинчилэнгийн замаар явахыг анхаарууллаа

“Улаанбаатар-Дархан” чиглэлд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж, хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор дээрх чиглэлийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс Улаанбаатар хот- Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийг Булган аймгийн Дашинчилэн сумын замаар Дарханы зам засварын ажил дуустал явуулахаар болсон байна.

Мөн Дархан-Сэлэнгэ чиглэлд зорчих нийтийн тээвэр болон Улаан-Үүд чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Төмөрлөгийн уурхайн зам буюу Хонгор сумын 4-р бригадаар салдаг замаар тээвэрлэлт хийлгэхээр болжээ. Дээрх зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авснаар авто замын бодит нөхцөл байдлаас үүдсэн зам, тээврийн осол болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Э.В.Митрофанова “ОХУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах болно”

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничества” байгууллагын тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар зочдод хандан Халхын голын ялалтын 80 жилийн ой болон “Эрдмийн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлэв. Тэрбээр Монгол, Оросын удаан жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд туршлагатай дипломатч, нийгмийн зүтгэлтний хувьд хатагтай Э.В.Митрофановагийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэв.

Хатагтай Э.В.Митрофанова цаг зав гарган, хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, “Эрдмийн баяр”-ын хүрээнд өчигдөрхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг орос сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тэнд суралцаж буй сурагчдын авьяас чадвараар онцгой бахархсанаа хэллээ. Түүнчлэн хоёр ард түмний хамтын ялалт-Халх голын 80 жилийн ой бол бидний хувьд онцгой баяр юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ ойг тохиолдуулан хүрэлцэн ирж байгаа нь манай хоёр ард түмний онцгой, түүхэн харилцааны тод илэрхийлэл юм гэлээ.

“Росструдничества” байгууллагын Монгол дахь салбар Монгол Улсын парламенттай тогтоосон хэлхээ холбоогоо улам өргөжүүлэхийн төлөө байдаг бөгөөд Таны тэргүүлсэн “Орос, Зөвлөлтөд их, дээд сургууль төгсөгчдийн холбоо” өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж, бидний ажлыг дэмжин тусалж байдагт талархаж байна хэмээн хатагтай Э.В.Митрофанова онцоллоо.

Тэрбээр ОХУ-д жилд 15.000 гадаад оюутан суралцаж байгаагийн дотор монголчууд бий бөгөөд суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Анд нөхдөө бид онцгойлон үзэж, ОХУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар анхаарал тавих болно гэлээ.

Хатагтай Э.В.Митрофанова өнгөрсөн 4-р сард БСШУСЯ-наас гадаад хэлээр явагддаг олимпиадуудыг зогсоох шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлж, орос хэлний олимпиад цаашид үргэлжлэн явагдаж, Монголын хүүхэд багачуудын орос хэл эзэмших, Оросын ард түмний түүх, соёлыг танин мэдэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийн өвийг нандигнан хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар түүнтэй санал нэг байгаагаа хэлж, орос хэл сурах гэсэн хүүхдүүдийн хүсэл тэмүүлллийг байнга дэмжиж, дээрх асуудлыг онцгойлон анхаарах болно гээд Монгол, ОХУ-ын хамтарсан их сургууль байгуулах асуудлаар Эрхүүгийн Байгалийн Их Сургуультай хамтран ажиллаж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн төгсөгчдийн холбооноос Халх голын ялалтын 80 жилийн ойг угтаж хамтран зохион байгуулсан арга хэмжээ, цаашид төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгөв.

Хатагтай Э.В.Митрофанова энэ хавар Эрхүү мужийг хамарсан үер усны гамшгийн үеэр хүмүүнлэгийн тусламжийн аян зохион байгуулж, анд нөхдийн сайхан сэтгэлээр хандсанд нь Төгсөгчдийн холбоо болон Монголын ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн тэргүүн, хатагтай Е.В.Митрофанова, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ерөнхий захирал А.Р.Базархандаев нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Митрофанова уулзалтын эхэнд Эрхүү мужид үеэрт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд туслах аяныг санаачилж, сэргээн босголтын хугацаанд Эрхүүгийн олон хүүхдийг Монгол Улсад амрааж сайхан сэтгэлийн тусламж үзүүлсэн явдалд гүн талархал илэрхийлж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хэллээ.

“Россотрудничество” агентлаг нь шинжлэх ухаан, соёлын төвөөрөө /РЦНК/ дамжуулан ОХУ-д жил бүр 500 оюутанг Засгийн газрын тэтгэлэгээр сургадаг бөгөөд энэ тоог 50-иар нэмэгдүүлэх, тус улсад суралцахаар очиж буй оюутнуудын орос хэлний чадварыг дээшлүүлэх зэрэг хэд, хэдэн тодорхой асуудлаар талууд ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Тухайлбал, ОХУ-д Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхдээ хөдөө, орон нутгийн хүүхдүүдийг түлхүү хамруулах, соёл урлагийн чиглэлээр суралцах гэж байгаа бол заавал ОХУ-д шалгалт өгөхгүйгээр Монголд сонгон шалгаруулалт явуулах зэрэг ажлыг зохион байгуулах боломжтой гэж үзсэн юм.

Мөн Монгол-Оросын хамтарсан нээлттэй их сургууль байгуулах, оюутнуудын орос хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн тулд Монгол дахь орос хэлний багш, багшлах боловсон хүчнийг зайны болон бусад сургалтад хамруулж, оюутнуудын хэлний бэлтгэлийг улсад нь чанартай заах арга замыг боловсруулах зэргээр хамтран ажиллахаар болов.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ундраа: Намын рейтингээр дулдуйдан хэн ч сонгогдож мэдэх учир пропорционал системтэй холихыг дэмжихгүй

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаас парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдээр санал хураалт явуулж эхэллээ. Хууль батлах босгыг өндөрсгөсөн зохицуулалт дэмжигдсэн. Энэ мэт өөрчлөлтүүдэд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль батлах босгыг өндөрсгөхтэй холбоотой заалтуудыг миний хувьд дэмжиж байгаа. Гишүүд ердийн олонхоороо, 39-үүлээ нэгдсэн хуралдаан эхлүүлээд тэдгээр гишүүдийн 51 хувь болох 20 гишүүн хууль баталдаг байдлыг арилгаж, гишүүд заавал олонхоороо хууль баталдаг болж байна. Гэхдээ зүйл, заалт бүр дээр нь бус хуулийг эцэслэн батлах үед нь ийнхүү олонхоороо санал өгөх юм. Баасан гаригт хэлэлцсэн асуудлуудад ихэвчлэн намын бүлгийн байр суурийг дагаж байна. Бүлэг дээр ярилцахаас гадна тухайн хувь гишүүд өөр, өөрсдийн гэсэн байр суурьтай байж, үзэл бодол, зарчмаа дагах тохиолдол бас гарч таарна.

-Парламент хяналтын түр хороотой болох боломжтой болчихов уу?

-Гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах үйл явц бол маш чухал. Гэсэн ч бид парламентын засаглалтай улс учраас парламентын гүйцэтгэх засаглалд болон бусад институцид тавих хяналтыг бэхжүүлэх явдал чухал. Харин энэхүү заалт батлагдсанаар парламент тодорхой асуудлаар Хяналтын түр хороо байгуулах боломж бүрдэнэ. Маш олон гишүүн бусад улс орнуудын парламент хянан шалгах үүргээ хэрхэн биелүүлдэг, Их хуралд үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол үр дагавар нь юу байдаг талаар тодруулж байна. Бусад улс орнуудад энэ зохицуулалт маш хатуу байдаг. УИХ-ын Байнгын хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралдаан дээр төрийн албан хаагчид, хариуцлагатай ажилтнууд дутуу мэдээлэл өгөх, таамгаар ярих, санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл өгөх байдал ажиглагддаг. Энэ үйлдлийг хариуцлагагүй явдал гэж боддог. Тэр хүмүүс олон нийтийн өмнө буруу хэрэг хийж байна. Учир нь үнэн зөв мэдээлэл дээр тулгуурлаж төрийн бодлого шийдвэр зөв гарна. Төрийн ажил хийж байгаа хүмүүс албан ажлаа мэдэхгүй хариуцлагагүй хандаж, дутуу мэдээлэл өгнө гэдэг байж боломгүй зүйл. Нэг жишээ татахад АНУ-ын Сенатын Байнгын хороонд буруу мэдээлэл өгөх юм бол шийтгэл нь 250 мянга хүртэл ам.долларын торгууль болон таван жил хүртэлх хорих ял байдаг. Ийм хатуу шийтгэлтэй учир маш хариуцлагатай ханддаг. Үнэхээр мэдэхгүй асуудал байвал тэрийгээ илэрхийлэх ёстой юм. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой, авлига хээл хахуулийн хэргийг бууруулахад парламентын хянан шалгах эрх мэдлийг бэхжүүлэх замаар олон нийтэд ил нээлттэй хяналтыг сайжруулж байгааг зөв зүйтэй гэж үзэж байна.

-“Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй” гэх заалтыг дэмжлээ. Энэхүү заалтын ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Төслийн сахилга бат, хариуцлага маш чухал. Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх, баталсан төсөвт нэмэлт тодотгол хийн тухайн жилд төлөвлөөгүй зардлуудыг гаргаж ирэн дур дураараа аашлах явдлыг цэгцэлж байгаа нь сайн хэрэг. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд сайнаар нөлөөлж, түүнийг хянахад ч зохистой нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Түүнээс төлөвлөчихөөд төсөв хүрсэнгүй гэх нэрийдлээр тодотгол хийгээд байвал анхнаасаа төлөвлөж чадаагүйн илрэл. Ингэж төсөвт дураараа гар дүрдэг байдлыг Үндсэн хууль дахь энэ зохицуулалт өөрчилнө гэж үзэж байна. Гэхдээ УИХ хариуцлагаа өндөржүүлэхийн хэрээр тодорхой эрхүүдээсээ татгалзсан заалтууд багагүй батлагдлаа. Бид парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын чадамж, чадавхыг, эрхийг хэт хумихад анхаарал болгоомжтой хандах ёстой. УИХ-аа хариуцлагатай болгож байгаа нь энэ гээд эрхийг нь хэт хумьчих юм бол парламентын засаглалаа хэрэгжүүлж чадахгүйд хүрэх вий. Тэгснээрээ ард түмнээс шууд сонгогдох төлөөллийн ардчилал суларч, ардчиллын зарчим ганхаж эхэлнэ.

-Сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог тусгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Гишүүдийн тоог нэмэх тухай ярихаасаа илүүтэй сонгуулийн тогтолцоогоо суулгаж өгөх нь чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байна л даа.

-Одоохондоо энэ асуудал дээр санал хураалт эхлээгүй байна. Миний хувьд энэ асуудлаар бүлгийн хурал дээр тодорхой байр сууриа илэрхийлж байсан. Гишүүдийн тоог нэмэхийг буруу гэж үзэж байгаа. Хуулийг чанартай сайн батлахад одоогийн 76 гишүүний тоо хангалттай. Мөн бүрэн эрхийн хугацааг таван жил болгон сунгахыг, холимог тогтолцоотой болгохыг дэмжихгүй байгаа. 76 жижиг тойргоороо явахад болохгүй зүйл үгүй. Тэр дундаа намын жагсаалт нэрийн дор олон нийтийн шалгуураар дамжаагүй, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагад нийцээгүй хүмүүс орж ирнэ. Ажлын туршлага, намтар нь үнэн эсэх, нэр дэвшигчийн ажил үйлс эрхэлж байсан замнал нь шударга, ёс зүйтэй явж ирсэн үү гэдгийг ард нийт ихээхэн харах болсон. Энэ тохиолдолд намын рейтингээр дулдуйдаж, тэр нөмрөг, халхавчин дор хэн ч ороод ирэхийг үгүйсгэх аргагүй учир пропорционал системтэй холихыг дэмжих боломжгүй. Монголд одоог хүртэл бодлого үзэл баримтлал нь бүрэн цэгцэрсэн нам алга. Бараг 100 жилийн түүхтэй манай нам хүртэл зарим үед улс төрийн философитойгоо нийцээгүй радикал шийдэл гаргахаар гайхах юм. Зүүн, баруунаа мэдэхээ байж үзэл холилдон, эсвэл үзэл баримтлал бүр алга болж, популизм давамгайлах үед бодлого хааччихав гэж гайхширмаар. Мэдээж илүү төгөлдөршсөн, төлөвшсөн ардчилалтай тохиолдолд тухайн хүмүүс намынх нь бодлогыг харж сонгодог. Тэр тохиолдолд пропорционал системтэй байх нь зөв. Гэхдээ манай ардчилал хараахан тэр хэмжээнд хүрээгүй байна. Магадгүй 20 жилийн дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэхээр болбол дээрх тогтолцоог суулгах талаар яригдахуйцаар ардчилал бэхжиж, намууд төлөвшиж, институциуд хөгжиж чадсан байх болов уу гэж найдаж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн хараат бус байдлыг бий болгож хариуцлагажуулна гэх хүлээлт олон нийтийн дунд байсаар байна. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбоотойгоор энэ зорилгоосоо ухрах нь гэх шүүмжлэл ч гарах боллоо. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Олон нийт, бизнес эрхлэгчдийн дунд шударга ёсны хүсэмжлэл асар өндөр байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй нөлөө бүхий нэгнийх нь талд шийдвэр гарч, хүчгүй нь хохирч байна уу даа гэх бухимдал маш их байна. Иймэрхүү бодитой тохиолдлууд байгаад байгаа учраас л хүмүүс ингэж бухимдаж байгаа хэрэг. Шударга ёсны хүсэмжлэлийн хариу нь шүүхийг улс төрөөс ангид, хараат бус, шударга ажиллах бололцоог хангах. Тэр утгаараа би 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дэх шүүх засаглалтай холбоотой есөн заалтыг дэмжиж байсан. Тэдгээрийг хийгдэх ёстой өөрчлөлтүүд гэж харж байсан. Харамсалтай нь зөвшилцлийн үед тэдгээр заалтуудын цөөнгүй нь хасагдсан. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэгчлэн үлдсэн заалтуудаа батлах ёстой.

Миний хувьд “Залуусын дуу хоолой” нэртэй арга хэмжээг санаачлан зохион байгуулсан. Залуучууд улс төр, нийгмийн асуудлуудад тэр дундаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд анхаарлаа хандуулаасай гэсэн үүднээс дуу хоолойгоо нэгтгэн идэвхтэй байх боломжийг нэмэгдүүлж, залууст ярилцах платформ бий болгож өгөхийг хүсч, зорьсон. Зорилго маань биелж уг арга хэмжээнд оролцсон нийгмийн идэвхтэй маш олон залуус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой ажлыг цааш нь үргэлжлүүлээд явсан. Өөр хоорондоо ярилцаад, анхаарал хандуулаад явж байгаад би маш их баяртай байгаа. Мөн хуульч залуус үнэхээр идэвхтэй байна. “Залуусын дуу хоолой” хаштаг сошиал сүлжээнд идэвхтэй ашиглагдаж, орон нутагт залуус нэгдэж ярилцаж байгаад баяртай байна. Саяхан хуульчдын өөрсдийнх нь мэргэжлийн байгууллагаас байр сууриа илэрхийлж жагсаал хийлээ. Хэдийгээр үүнийг зохион байгуулахад миний ямар нэгэн оролцоо байхгүй ч энэ залуучуудын хийж буй зүйлийг зөв зүйтэй гэж харж байгаа. Мөн эрдэмтэд, судлаачдын байр суурийг анхааралтай уншиж, ажиглаж байна.

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг таны хувьд өмнө нь онцолж ярьж байсан. Сумын Засаг даргыг иргэдээс сонгохоор төсөлд тусгагдсан нь багагүй шүүмжлэл дагуулж байх шиг. Энэ зохицуулалтын тухайд та юу хэлэх вэ?

-Өмнө нь орон нутаг, шат шатны засаглалын бодлогын уялдаа холбоо, хэрэгжилтийг чухалчилж ярьж байсан. Засгийн газраас гарч байгаа шийдвэрийн хэрэгжилт дунд болон анхан шатандаа очоод хэрэгжихгүй байх нь олон. Үүн дээр нэмээд удирдлагууд нь уялдаа холбоо муутай ажлаад байвал бүр хэцүү. Нөгөөтэйгүүр иргэдийн амьдралд тулгамдаж байгаа ажлуудыг хамгийн түрүүнд олж харж, шийдэх субьект нь анхан шатны нэгж. Тэр үүднээсээ иргэд ахуй амьдралдаа ойр буусан шийдвэр гаргая гэвэл анхан шатныхаа удирдлагыг намчирхахгүй дундаасаа сонгодог байх хэрэгтэй. Энэ нь зөв тогтолцоо юм. Намаар нь дэмжчихээр түүнээс томилсон хүнд шаардлага тавих, хариуцлага нэхэх процесс шууд, тодорхой байхад ярвигтай. Дээрээс нь бидний намчирхал хэрээс хэтэрч, ахуйд нөлөөлж байна. Сум, баг битгий хэл нэг гэр бүлийн дотор намчирхал бий болчихсон. Иймд иргэд өөрсдөө орон нутгийнхаа удирдлагыг илүү шууд хэлбэрээр сонгож, сум, хорооны тулгамдсан асуудлуудаа илүү бодитой шийдүүлж, хариуцлагаа ч тооцдог байх ёстой юм.

-Ирц бүрдэхгүй, тодорхой саналууд дээр гишүүдийн санал нэгдэхгүй байгаа энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бүлгийн дарга багагүй хүчин чармайлт гаргаж байгаа харагдсан. Гишүүдийн Үндсэн хууль хэлэлцэж буй уур амьсгалыг та юу гэж дүгнэхээр байна вэ?

-Намын бүлгийн шийдвэрээ дагах ёстой гэдэг дээр бүх гишүүн хатуу байр суурьтай байгаа юм биш. Гэхдээ ерөнхий хандлага нь аль болох нэгдэж, улс төрийн шийдвэрээ дагах нь зүйтэй гэж харж байгаа. Хэдий тийм ч хэтэрхий хааж боож, өөр үзэл бодол байхыг зөвшөөрөхгүй, хүлцэхгүй байвал тэр нь эргээд сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Хэтэрхий хайрцагласан, тушаасан байдлаар ажил явахгүй л дээ. Тиймдээ ч хэт тулган шаардсан, хүч түрэмгийлсэн, хүний эрхийг зөрчсөн хандлагын эсрэг байр сууриа илэрхийлэх болно.

-Санасныг бодоход хоёрдугаар хэлэлцүүлэг эрчимтэй үргэлжилж, цөөнгүй заалтуудыг хэлэлцчихлээ. Энэ чигээрээ явбал төд удалгүй л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчих болов уу гэж харж байна. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол түүхэн шийдвэр. Энэ түүхэн шийдвэрийг батлах босго өндөр. Хуулийн дагуу 57 гишүүн саналаа нэгтгэж байж тэр заалт батлагдана. Энэ нь ямар өндөр босго болохыг санал хураалт бүрт бид харж байна. Монголын өдөр тутмын том сонинд ярилцлага өгч байгаагийн хувьд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Техникийн дэвшил гэдэг сайн зүйл. Хурууны хээгээр санал хураалгаж хууль баталдаг болсноор өөр хүний өмнөөс кноп дардаг байдлыг арилгаж, гишүүдийн хариуцлагыг өндөржүүлсэн. Энэ нь М.Энхболд даргын үед хийгдсэн маш чухал ажил. Гэхдээ бүх зүйл амар байдаггүйн адилаар техникийг ашиглахдаа зарим үед будилах, төхөөрөмж ажиллахгүй байх тохиолдлууд гарч байна. Үүнээс үүдэн хэд хэдэн гишүүн дэмжсэн санал өгсөн ч сөрөг гарсан. Энэ үед протоколд хэлж тэмдэглүүлээд дэмжсэнээр тооцуулан цааш явж байна. Систем, техникийн дэвшил бидний санал өгөх процессийн дундах ньюанс хэрхэн өрнөж байв гэдгийг магадгүй хэдэн жилийн дараа судлаачид нарийн судлах байх. Энэ талаар УИХ-ын архивт үлдэх нь дамжиггүй. Тэр утгаараа “Өдрийн сонин”-ы архивт ч энэ тухай хэлж, тэмдэглэн үлдээх гэсэн юм. Сонины шарласан хуудас түүх гэрчилнэ гэдэг шүү дээ. Ямар ч алдаа гаргадаггүй, төгс төгөлдөр систем юу юм бэ гэдгийг ч энэ нөхцөл байдал бодоход хүргэж байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Нарантуяа: Монголчуудын тухай ойлголт мэдлэгийг дэлхийд түгээхэд радиогийн гадаад нэвтрүүлэг чухал үүрэг гүйцэтгэсэн

-ЗУРГААН ХЭЛ ДЭЭР ДЭЛХИЙ ДАЯАР НЭВТРҮҮЛГЭЭ ЦАЦДАГ БАЙЛАА-

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 85 жил, гадаад нэвтрүүлэг-Монголын дуу хоолой радиогийн 55 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол орныг олон улсад танилцуулах энэ албаны ахмад сэтгүүлчдийн нэг Б.Нарантуяатай ярилцлаа. Тэрбээр үндэсний бөхийн их аваргуудын нэг Говь-Алтай аймгийн харьяат Ш.Батсуурийн төрсөн охин юм.


-Та сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгох болсон тухайгаа эхлээд ярихгүй юу?

-Би арван жилд байхдаа тооны хичээлдээ гайгүй байсан. Төгсөх жилээ математикийн улсын олимпиадад оролцож сургуулиа математикийн шалгалт өгөхгүйгээр төгсөхөд багш нар маань тооны чиглэлээр сурсан нь дээр гэж зөвлөж байсан юм. гэхдээ би өөрөө нийгмийн ухааны чиглэлээр сурна гэж бодож байснаас сэтгүүлч болъё гэж нэг их хүсч зориод байгаагүй. Харин арван жилээ онц төгссөн болохоор М.В.ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн ангид сурах боломж олдсон юм. Миний хувьд тэр том, нэртэй сургуульд сурах болсондоо их л баяртай байсан. энэ маань буруудаагүй гэж боддог.

-Сэтгүүлч мэргэжил эзэмшээд хаана ямар ямар ажил алба эрхэлж байв?

-Сургуулиа төгсөөд Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн редакцид сурвалжлагчаар орсон. ингэж анх гадаад нэвтрүүлгийн редакцийн босго алхсанаас хойш эндээс хаашаа ч хөдлөхгүй байсаар тэтгэвэрт гарсан даа (инээв). Өөр байгууллагад ажиллах, ямар нэг хэмжээгээр албан тушаал ахих боломж гарч байсан ч энд сэтгэл хоргодсоор 38 жил өнгөрсөн байна. Би арав гаруй жил сурвалжлагчаар ажиллаад утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактораар ажиллах болсон. дунд нь Москвагийн Олон улсын радиод орчуулагч редактораар, бас Хятадын олон улсын радиод мэргэжилтнээр ажилласан.

Дархан аварга Ш.Батсуурь эхнэр, охины хамт

-Та Монголын Радиод 40 шахам жил ажиллажээ.Таныг ажилд орох үед Монголын радио ямар байсан бэ?

-Би 1974 онд Монголын радиод ажилд ороход Радиогийн 40 жилийн ой болж байсан. Тухайн цаг үед улс орон даяараа Монголын радиог сонсдог, хүмүүс Радиогоос гол мэдээллээ авдаг байв. Тийм болохоор тэр үеийг радиогүйгээр төсөөлөхийн аргагүй. Одоо бол телевизийн олон суваг нээгдчихсэн, мэдээлэлийн олон сайтууд, богино долгионы олон радио ажиллаж байгаа учраас радио сонсох нь бага болсон нь ажиглагддаг.

1970-1980-аад оны үед радиогийн сэтгүүлч, сурвалжлагч нар Монголынхоо бүх аймаг сумдаар явж нэвтрүүлэг бэлтгэдэг, тэднийг хүмүүс дуу хоолойгоор нь таньдаг байлаа. Жишээ нь, би нэг удаа ХАА-н редакцийн Цэдэндамба,Чимэддорж хоёртой хөдөөгийн малчдаар явсан юм. Тэгээд айлд ороход нөгөө хоёрыг маань малчид дуугаар нь таниад л ах дүү нь ирсэн юм шиг сүйд болж байсан. Сайн ч бичдэг, шилдэг сэтгүүлчид хожим нь хоёулаа МУСГавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан. Би тэр үед радиогийн сурвалжлагч болсны хувьд Монголынхоо бараг л бүх аймгаар явж газар үзэж, хүмүүстэй уулзаж байсны завшаанд их зүйлийг мэдэж, сурсан гэж боддог.

-Радиогийн гадаад нэвтрүүлгийн талаар ярихгүй юу?

-Өнөөдөр Монгол Улс олон улсад нээлттэй болсон байна. гадаадын жуулчид их ирж байгаа. Монголчууд ч өөрсдөө гадаадад олноороо ажиллаж, аялж байна. 1990-ээд он хүртэл Монгол орон тодорхой хэмжээгээр гадаад ертөнцөөс хаалттай байсан. Тийм болохоор Монголын тухай гадаадын иргэдийн мэдлэг хомс. Мэдээлэл авах гол суваг нь Монголын Радиогийн гадаад нэвтрүүлэг, МОнЦАМэ-гийн мэдээ мэдээлэл л байсан гэхэд нэг их хилсдэхгүй байх. 1964-онд Монголын Үндэсний радиод Гадаад нэвтрүүлгийн алба байгуулагдсан. энэ жил 55 жилийн ой нь болох гэж байна. Би гадаад нэвтрүүлгийн алба байгуулагдаад арван жил болж байхад нь анх орж ажилласан. Тэр үед гадаад нэвтрүүлгийн үүрэг, зорилго нь одоогийнхоос өөр байлаа. нэвтрүүлгийн маань гол зорилго бол социалист нийгмийн улс төр, эдийн засгийн ололт амжилтыг сурталчлахад чиглэдэг байлаа. Энэ үүднээс Монголынхоо нийгэм эдийн засаг,соёлын хөгжлийг,ололттой талаас нь л ярьдаг байлаа. Ингэхдээ хөрөнгөт ертөнц капитализмын сөрөг талыг гаргаж шүүмжилдэг, энэ нь нэвтрүүлгийн тодорхой хувийг эзэлдэг байсан. Харин 1990-ээд оны үеэс улс төрийн сөрөг нэвтрүүлэг хийхээ больж зөвхөн Монголын улс төр,эдийн засаг, соёл урлаг, өвөрмөц зан заншил, уламжлал, байгаль гээд Монголын гэсэн бүхнийг элдэв хачиргүйгээр байгаа байдлаар нь гадаад улс оронд танилцуулахад чиглэх болсон. радиогийн гадаад нэвтрүүлэг 1970-аад оны эхэнд таван тивийн цөөн тооны орны сонсогчдоос захиа авдаг байсан. Жил тутам сонсогчдын тоо нэмэгдсээр жилд хэдэн мянган захидал ирдэг болсон доо. Одоо бол манай гадаад нэвтрүүлгийн сайтад долоо хоногтоо хэдэн мянган хүн орж үздэг болсон.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн ахмад сэтгүүлчид

-Ямар утгатай захиа ирдэг байсан бол?

-Танай тэдний өдрийн тэр нэвтрүүлгийг сонслоо гээд тухайн нэвтрүүлгийн талаар санал бодлоо бичдэг, өөр юу мэдэх,сонсох хүсэлтэй байгаагаа голчлон бичдэг байлаа. Жишээ нь, танайд театр байдаг уу,монголчууд морь, тэмээ л унадаг гэж сонссон. Монголд галт тэрэг явдаг уу гэх мэт зүйл ч асуусан захидал ирдэг. Монголын цаг уурын онцлог, дуу хөгжим, зан заншил,үндэсний хувцас гээд сонирхож асуух сэдэв их байдаг байсан. Асуулт бүрийн хариуд нэвтрүүлэг бэлтгэдэг. Одоо бол гадаад нэвтрүүлэг долгионоор болон интернэтээр цацагдаж байгаа болохоор сонсогчдын хүрээ тэлж,ирэх захидлын утга агуулага ч өөр болжээ.

-Гадаадын хэдэн хэлээр нэвтрүүлгээ цацдаг байсан юм бол?

-1964-өөс 1990 он хүртэл монгол, орос, хятад, казах, англи, франц гэсэн зургаан хэл дээр нэвтрүүлгээ цацдаг байсан. Франц хэлний нэвтрүүлэгт захиа ерөөсөө ирдэггүй байсан учраас 1980-аад оны сүүлээр хаагдсан юм. Харин манай англи хэлний нэвтрүүлгийг Японы сонсогчид их сонсдог, захидал олон ирэх болсон учраас япон хэлний нэвтрүүлэг нээгдсэн. Казах хэлний нэвтрүүлгийг бэлдээд Баян-Өлгий рүү явуулдаг. Баян-Өлгий аймаг дахь манай казах хэлний редакц цааш нь цацдаг зохион байгуулалттай байлаа. Сүүлд казах хэл дээрх нэвтрүүлгийг эндээс бэлтгэхээ больж тэндээ бэлтгэж нэвтрүүлдэг болсон.

-Монголын Радиогийн гадаад нэвтрүүлгийн үр дүнгийн талаар та ярихгүй юу?

-Гадаад нэвтрүүлгийн үр дүн, ач холбогдол гэвэл их ээ. МҮОнр-гийн гадаад нэвтрүүлгийг сонссоноор Монголын тухай, монголчуудын тухай ойлголт мэдлэгийг дэлхийн олон орны олон хүмүүс ямар нэг хэмжээгээр олж авсан,авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Бодит жишээ гэвэл, Америкаас хүүгээ дагуулаад ирсэн жуулчин манай редакцийг сурсаар бидэнтэй ирж уулзахдаа,танай нэвтрүүлгийг байнга сонссоор байгаад Монголыг үзье гээд зорьж ирлээ гэж байсан юм.

2006 онд манай оронд их түймэр гараад унтраах гэж удсан юм. энэ тухай манай нэвтрүүлгийг сонссон сонсочид маань тусламж ирүүлж байлаа. Жишээ нь, Японы Осака хот дахь Монголын радио сонсогчдын клубийнхан санаачилгаараа мөнгө хуримтлуулаад, түймэрт нэрвэгдсэн нутгийнханд зориулаад хоёр контейнер гутал хувцаснаас эхлээд түймэр унтраах багаж ирүүлж байлаа. энэ бол манай нэвтрүүлэг гадаадын хүмүүст хүрдэг нэг нотолгоо юм.

Хятадын Бээжин, Тяньжин, энэхэгийн дели, Японы Осака хотуудад Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн сонсогчдын клуб ажилладаг. Сонсогчид хоорондоо мэдээллээ солилцдог. Токио хотын сонсогчдын клубийнхан 1980-аад онд манай нэвтрүүлгийн материалаар Монголын тухай товхимол хүртэл бэлтгэж гаргадаг байлаа. Энэ нь Монголыг сурталчилахад багагүй хувь нэмэр болсон нь лавтай.

Сонирхолтой тохиолдол гэвэл Бээжин, Тяньжин хотын сонсогчдын клубийнхан 2000 оны эхээр хоорондоо манай нэвтрүүлгийн талаар мэдээлэл солилцож захидлаар харилцдаг байж л дээ. Тэгж анх танилцаад гэр бүл болсон тухайгаа залуу хосууд бидэнд бичиж байлаа.

Энэ дашрамд хэлэхэд манай гадаад нэвтрүүлэг сэдвийн сонголт, ур хийц, сонсогчдын сонирхол татах талаараа олон улсын хэмжээнд байнга үнэлэгдэж ирсэн. Ази, номхон далайн орнуудын гадаад нэвтрүүлгийн уралдаанд япон хэлний нэвтрүүлэг гран При шагнал, мөн нэг удаа гуравдугаар байрын шагнал хүртэж байлаа.

Манай гадаад нэвтрүүлгийн хамт олон сонсогчдоо татах, нэвтрүүлгийн хүрээгээ тэлэхийн тулд олон ажил санаачлан хийж ирсэн. Тухайлбал,1995 оноос эхлэн гадаадын сонсогчдын дунд “Монголыг хэн сайн мэдэх вэ” уралдааныг явуулах болсон. эхний таван жилийн уралдааны дүнг харахад 30 гаруй орны 1600 орчим хүн оролцсон байсан. Мөн Монголынхоо иргэдэд гадаад орон, олон үндэстнүүдийг танилцуулах санаачилга гарган гХЯ-тай хамтраад дэлхийн 40 шахам орны тухай нэвтрүүлэг бэлтгэн радио өргөн нэвтрүүлгээр явуулж байлаа. Орос улсын “Оросын Дуу Хоолой” болон Хятад улсын Олон улсын радиотой нэвтрүүлэг солилцдог, хамтарсан нэвтрүүлэг бэлтгэж ирсэн. Японы эйн Эйч Кэй компанитай хамтран 1998 онд анх удаа Монголоос 16 цагийн шууд нэвтрүүлгийг Японы сонсогчдод зориулан явуулсан. 2010 онд Шанхайн ЭКСПО яармагийн үеэр Хятадын Олон улсын Радиотой хамтран Монголын тухай 10 цагийн шууд нэвтрүүлэг бэлтгэн гурван сувгаар дэлхий дахинд цацсан. энэ бүхэн бол Монгол орныг, монголчуудыг олон улс оронд танилцуулах, сурталчилах зорилгоор Монголын Радиогийн, тэр дундаа гадаад нэвтрүүлгийн хамт олны хийж ирсэн ажлууд юм.

-Тухайн үеийн Монголын радиогийн болон сонин хэвлэлийн мэдээлэл, нийтлэлийг одоо үетэй харьцуулахад ямар ялгаа харагдаж байна?

-Сэтгүүлчдийн хариуцлага, мэдлэг, мэргэжлийн хувьд ялгаа байна гэж боддог. 2000 оноос өмнө хэвлэл мэдээлэлд тавих хяналт нэлээн хатуу байж. Агуулга, чанараас эхлээд найруулга зүй, үг хэллэг, үсгийн алдаа тэр бүрийг хэдэн давхар хянадаг байсан болохоор бичиж байгаа хүн их хичээдэг, хариуцлагатай ханддаг байсан .

Одоогийн ололт гэвэл хүмүүс дотоод, гадаадын олон сувгаар мэдээлэл авах боломж асар их нэмэгджээ. Гэхдээ бичиж байгаа хүмүүсийн хариуцлага зарим талаар сул байна. Мэдээллийн нэг сайт нээгээд харахад л үг, үсгийн алдаанаас эхлээд найруулгын алдаатай, үйл явдлын мэдээ уншихад дутуу мэдээлэлтэй байх жишээтэй. Үүний хамт орчин үеийн техник, технологийн ололт нэвтэрснээр болж байгаа үйл явдлыг хүмүүс цаг алдалгүй мэдэх боломжтой болжээ.

-Та оны шилдэг бүтээлийн “Гоо марал” шагнал хүртэж байсан. Ямар бүтээлээр энэ шагналыг авсан бэ. Ер нь хийж байсан нэвтрүүлгүүдээсээ ярихгүй юу?

-Дэлхийн нэр цуутай түүхэн хүмүүсийн тухай “Дэлхийн хүмүүс” цуврал нэвтрүүлгээрээ шилдэг бүтээлийн гоо марал шагнал авсан. Энэ цуврал нэвтрүүлэгт Чингис хаанаасаа эхлээд дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн гадаадын улс орны ерөнхийлөгч, цэргийн нэрт жанжин, эрдэмтэн, соёл урлагийнхан гээд нэлээн олон хүний амьдралыг өгүүлсэн. Бас шинжлэх ухаан, танин мэдэхүйн “гайхамшиг” нэртэй цуврал нэвтрүүлэг, цаг үеийн олон улсын байдал, онцлох хүмүүсийн тухай “дэлхийн цаг” нэвтрүүлгийг өргөн нэвтрүүлэгт өөрөөр хэлбэл Монголынхоо сонсогчдод

зориулан хийж байсан. Гадаад нэвтрүүлэгт гэвэл гол төлөв монголчуудын уламжлал, зан заншил, түүх, соёл урлагийн сэдвээр монгол хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг байлаа. үүнийг бусад хэлний редакцууд аваад орчуулж нэвтрүүлдэг байсан.

-Хэдхэн хоногийн дараа Халхын голын дайны 80 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ дайны талаар хэдэн жилийн өмнө таны хийсэн цуврал нэвтрүүлэг хүмүүсийн сонирхлыг их татсан гэж сонссон юм байна. Юугаараа сонсогчдын анхаарлыг татсан юм бол?

-Халхын голын дайны тухай тус бүр арван таван минутын арав гаруй цуврал нэвтрүүлэг МҮОНТ-ийн алтан фондод хадгалагдсан байгаа. Тухайн үедээ энэ дайныг урьд нь бичиж, ярьж байснаас арай өөр өнцгөөс харж, ярьдаггүй байсан баримтад тулгуурлаж хийснээрээ хүмүүсийн анхаарлыг татсан байх. Энэ талаар олон жил судалгаа хийсэн цэргийн түүхч, хурандаа баатар гуайн ил болгосон бодит баримтад тулгуурлан бэлтгэсэн нэвтрүүлгүүд л дээ. Тэр болгоны тухай ярина гэвэл нэлээн урт яриа болох байх. Энэ дайн хэрхэн эхэлсэн тухай нэг л нэвтрүүлгийн тухай товч дурдахад Халх-баргын хоорондын газар нутгийн маргаантай асуудлаар 1936-1939 оны хооронд олон удаагийн хэлэлцээр болж асуудлыг тайван замаар шийдвэрлэх хэмжээнд хүрч байсныг түүхэн баримт гэрчилдэг. Гагцхүү Манжуурын гэж нэрлэгддэг энэ хэлэлцээрийг тасалдуулах сонирхол Япон, Оросын аль аль талд нь байсан аж. Тиймээс энэ хэлэлцээрт оролцсон Монголын талын удирдах хүмүүсийг тухайлбал СНЗ-ийн орлогч дарга Самбуу тэргүүтэй хүмүүсийг Оросын шахалтаар цаазаар авсан. Хэлэлцээрт оролцсон баргын талын төлөөлөгчдийг Японы тал хороосон баримт байна. Тийм болохоор Халхын голын дайныг Япон, Орос хоёр улс өдөөн дэгдээж, Монголын газар нутаг дээр монголчуудыг оролцуулан дайтсан гэдгийг түүхэн баримт гэрчилдэг. Гэхдээ Зөвлөлтийн цэрэг дайчдын Монголын тусгаар тогтнолын төлөө гэсэн чин сэтгэлээр амь хайргүй байлдаж байгуулсан гавьяаг,эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө цусаа урсгасан Монголын цэрэг эрсийн гавьяаг үгүйсгэх учиргүй.

-Таныг Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Батсуурь гуайн охин гэдгийг мэднэ. Аавынхаа талаар дурсахгүй юу?

-Би аавынхаа найз нөхөд, танил хүмүүсийнх нь бичсэн дурсамж, яриаг нэгтгэж байгаа. Удахгүй хэвлэлтэд өгнө. Монгол үндэстний олон зууны уламжлалтай зан заншил, өвөрмөц соёлын маань нэг үнэт өв бол эрийн гурван наадам. Монголчууд бидний үеийн үед хадгалж авч явах ёстой үндэсний дархлаа – энэ соёлын өвийг уламжилж, хойч үедээ үлдээхэд хувь нэмрээ оруулсан ааваараа бахархалгүй яахав. Аав минь их энгийн, хүнд тусархуу, хамгийн гол нь шударга, “жинхэнэ эр хүн” байжээ гэдгийг би үеийн нөхдийнх нь дурсамжаас бүр сайн ойлгосон. ганц хоёрхон жишээ товч дурдахад аавын маань найз хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиа гуай “Миний хамгийн ойр дотно үерхэж явсан хүн бол Батсуурь аварга. Алдартай сайн бөх. Хамгийн гол нь гүндүүгүй эр хүн гэвэл Батсуурь шиг хүнийг л хэлнэ дээ” гэж бичсэн байна. Улсын арслан гялдангийн цоодол гуай “Батсуурь маань хүний мөсөөр агуу хүн байсан даа. Барилдаж явсан үеийн хэдэн бөхчүүдээ насны эрхээр ядрах, өвдөх цагт нь хамгийн ихээр харж хандсан хүн дээ” гэж дурссан байсан. Улсын арслан У.Мижиддорж “1954 оны намар ямар ч цолгүй цэрэг байхдаа Дорноговь аймгийн наадамд барилдаад Батсуурь аваргатай үзүүрт үлдээд дугтарахаар нь хонгодсон чинь суучих шиг боллоо. Би хойноос нь дагаад суучихсан. Би ч унасан давснаа сайн ойлгоогүй, аваргаас сүрдсэн хүн шууд л элэг бүсээ тайлаад аваргад тахимаа өгөх гэсэнд “үгүй, хүү минь тэгж болдоггүй юм. Залуу хүн аз чинь харина. Чи давсан” гэж хэлж билээ. Аваргаас өөр хүн байсан бол тахимаа аваад дэвээд явчихна шүү дээ. тийм л сайхан жудагтай хүн байсан. Аймгийн наадмын комисс “Аймгийн заан цол олголоо” гэсэн жижиг үнэмлэх өгчихөж. Үүнийг аварга үзээд “Юу гэсэн үг вэ, түрүүлсэн бөхөд Аймгийн арслан цол олгох учиртай” гээд нөгөө үнэмлэхийг авч яваад “Аймгийн арслан цол олгов” гэж бичүүлээд авчирч өгсөн. Батсуурь аварга тийм л монгол бөхийн жудагтай сайхан эр хүн байлаа” гэж дурссан байсан.

Өнөө үед Монголын уламжлалт өв соёлыг уламжлан авч яваа хүмүүс,тэр дундаа бөхчүүд маань бүхий л талаараа жудагтай, сайн хүний үлгэр жишээ байгаасай гэж би хүсдэг.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч асан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд В.К.Ерохина Монгол Улсад анх удаагаа ирэхэд найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон тухайгаа ярилаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, В.К.Ерохина нар Г.К.Жуковын амьдрал, Халхын голын байлдааны үеийн цэрэг-дайны үйл ажиллагааны талаар халуун дотно яриа өрнүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүмүүст “Гар утасны яс” хэмээх эвэр ургаж байгаа юу

Австралийн Квинслендийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн гавлын ясны ар хэсэгт шөрмөсөн бүтэцтэй сүүл, эвэр маягийн зүйл ургасныг тогтоожээ.

Я лангуяа нас биед хүрсэн залуусын гавлын ясанд “эвэр” илүүтэй ургасан нь анхаарлыг нь татсан байна. 28 настай болон 58 настай хоёр хүний гавлын ясны зургийг харьцуулахад залуу хүний гавлын ясанд 27.8 мм буюу 2.78 см “эвэр” байсан бол 58 настай хүний зурагт 24.5 мм буюу 2.4 см-ийн урттай ургацаг харагджээ. Судалгааны эцэст эвэр-сүүл маягийн шөрмөслөг энэхүү ургацаг нь гар утас, таблет, компьютер зэргийг олон цагаар ширтэж, буруу байрлалд суудгаас үүдсэн гэх санал дэвшүүлсэн байна. Хэвтэж байхдаа хүртэл өглөө, оройгүй гар утас ширтдэг нь хүний бие, ясны бүтэцэд хортой нөлөөлснөөс ийм гажуудал үүсээд байгаа аж. Илүү яс ургах, ургацагтай болох нь хүнд маш их зовиуртай байдаг. Тэр нь даамжирвал бусад эд, эрхтэнээ дарж, цусан хангамжид нөлөөлдөг учир энэхүү эвэр-сүүл нь хүн төрөлхтөнд асар их хор хохиролтой юм.

Хүүхэд, залуус урагш тонгойж удаан цагаар суухад хүний гавлын яс тэнцвэрээ хадгалахын тулд жингээ толгойн ар талын булчиндаа шилжүүлдэг бөгөөд тэр хэсгийн яс, холбогч эд, булчин шөрмөсүүдэд ихээхэн хэмжээний ачаалал ирнэ. Жингийн шилжилт, даралт, үрэлтийн хариуд хүний гавлын хүзүү хэсэгт дэлхийн татах хүчний нөлөөгөөр дэгээ, эсвэл эвэр хэлбэртэй зүйл үүсч бий болж байна гэж таамаглажээ.

Шинэ зууны нээлт, дэвшилтэт технологиуд нь хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд нэвтэрснээр хүний бие физиологи, араг ясны бүтэцэд сөргөөр нөлөөлж байгаагийн хамгийн том жишээ нь энэ боллоо гэжээ. Харин эмч нар “Энэ эвэр-сүүл маягийн шөрмөслөг ургацаг нь түгээмэл тохиолддог синдром бөгөөд эмчилж болно. Энэ синдром нь гар утасны хэрэглээтэй холбоогүй” гэж няцаасан байна. Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээллийг тал бүрээс нь бичиж “Хүний эвэр”, “Гар утасны яс”, “Хачин овойлт” гэж нэрлэх болжээ.

Судалгааны багийн удирдагч, биомеханикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан дэд профессор Дэвид Шахар “Шувууны хошуу, эвэр, дэгээ мэт харагдаж байгаа энэ зүйл нь толгой, хүзүүний дээд хэсэгт архаг өвдөлтийг үүсгэдэг ноцтой хэв шинжтэй гажиг юм. Нэг ёсондоо хүний тархи, хүзүүний тохиргоо алдагдаж байна гэж хэлж болно” гэж “Вашингтон пост” сонинд ярьжээ.

Биомеханик гэдэг нь амьд биетийн механик шинж, механик хөдөлгөөний түгээмэл зүй тогтлыг судлах биологийн шинжлэх ухааны салбар туршлагын ухаан юм байна. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний үүсэл, хөгжлийн механик болон биологийн шалтгаан, янз бүрийн нөхцөлд илрэн гарах түгээмэл хэлбэр, зүй тогтлыг судлах ухааныг биомеханик гэнэ.

Судалгааны баг гурван жилийн өмнө судалгаагаа эхлүүлсэн бөгөөд анх 18-30 насны залуусын 218 ширхэг рентген зургийг харьцуулахад 41 хувьд нь, тэр дундаа эрэгтэйчүүдийн гавлын ясанд шувууны хошуу маягийн зүйл илүүтэй ургасныг харжээ. Өнгөрсөн жил энэ судалгааг тойрсон эрдэмтдийн маргаан өрнөж, клиникийн профессорууд гавлын яс, хүзүүний булчинд механик ачаалал үүсэхэд эвэр ургана гэдэг нь боломжгүй гэсэн бол судалгааны багийнхан “Толгойн дахь эвэр нь удамшлын хүчин зүйл болоод ямар нэг үрэвслээс үүсээгүй” гэдгийг тайлбарлажээ. Тус багийнхан саяхан Квинслэнд мужийн 18-86 насны хүмүүсийг судалгаандаа нэмж хамруулж 1200 рентген зургийг ажиглахад 33 хувь нь “эвэр”-тэй байжээ. Түүнчлэн хүний нас ахих тусам энэхүү “эвэр” нь багасч байсныг тогтоожээ. Залуусын “эвэр” нь урт, том байсан нь ухаалаг утас, гар утастай илүү их харьцдагтай холбоотой гэж үзсэн байна. Зарим хүмүүс энэхүү “эвэр”-ийг утасгүй интернэт буюу WiFi-гийн төхөөрөмжийн үүсгэсэн хүний мутаци гэж үзжээ.

“Вашингтон пост” сонинд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нийтлэгдсэн энэ нийтлэлийн дараа зарим орны судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлж “Залуу хүмүүс гар утас ашиглавал гавлын ясандаа эвэртэй болно гэсэн нь хүнийг доромжилсон утга агуулга бүхий муу тайлан болжээ” гээд эвэртэй бухны зураг тавьжээ. Түүгээр ч зогсохгүй доктор Шахарыг орчин үеийн амьдралын хэв маяг, гар утас хүний араг ясанд сөргөөр тусаж, залуу хүмүүсийн гавлын ясан дээр эвэр ургахад нөлөөлж байна гэсэн сүржин утгатай юм ярьж олон нийтийн анхааралд орж, эцэст нь санхүүгийн дэмжлэг авах оролдлого хийж байж мэднэ гэж хардаж байгаа аж.

“Эвэр гэж нэрлээд байгаа зүйл нь эвэр биш. Энэ бол жижиг ясны хэлтэрхий. Тэр шөрмөс нь эвэрний адил гавлын ясны хоёр талд биш, харин гавлын ясны арын хэсэгт байрлаж л байдаг зүйл. Нөгөөтэйгүүр ясны сийрэгжилт залуужиж байгааг мартаж болохгүй. Ясны сийрэгжилтийг дагасан олон сөрөг зүйл байдгийн нэг нь энэ байж болно” гэж доктор Тодд Ланман хэлжээ. Ланман эмч бол нугасны мэдрэлийн мэс засалч аж. Калифорнийн их сургуулийн профессор хүн. Тэрээр “Хүн төрөлхтөн эвэртэй болж байна гэж нийтээрээ айх хэрэггүй. Тэр зэргийн шөрмөс маягийн зүйл бий. Хүзүү, нурууны өвчтэй хүмүүст зөвлөхөд биеэ сайн анхаарч байгаарай. Гар утсаа оролдохдоо хүзүүгээ хэт их битгий бөхийлгө. Утсаа илүү өндөрт барьж хэвш. Мессэж бичихдээ хоёр гараараа утсаа барьж, хоёр эрхийгээрээ бичих нь мөрөнд ирэх ачааллыг буруулж, цаашилбал хүзүүнд ирэх даралтыг багасгана. Өглөө оройдоо толгой, хүзүү, нуруугаа хөдөлгөж, сунгалтын дасгал хийж бай” гэж зөвлөжээ.

“Залуусын гавлын ясанд эвэр бүхий зүйл ургаж байгаа нь гар утастай холбоотой” гэсэн энэ судалгаа гар утас үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгчтэй зарим улс оронд таалагдахгүй байгаа нь мэдээжийн хэрэг. Тийм ч болохоор Америкийн эрдэмтэд энэ судалгааны эсрэг зохион байгуулалттайгаар дуугарч байж мэдэх юм гэж харж болно. Профессор Дэвид Шахар “Ямар нэг шинэ нээлт, судалгааны ажил няцаалттай тулгарч байж сая чанарждаг нь жам. Бид шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ энэ бүхнийг хүний эрүүл мэнд талаас нь анхаарч, буруу хэвшлээ засч, амьдралын зөв хэв маягтай болох нь эцсийн гол ажил шүү” гэсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Уралын холбооны сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн Уралын холбооны сургуулийн ректор В.А.Кокшаров, сургуулийн нэгдүгээр проректор С.В.Кортов нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сургуулийн төлөөлөгчид нь ОХУ, тэр дундаа Уралын холбооны сургуулийг төгссөн мэргэжилтнүүдийг дахин сургах, мэргэжил дээшлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж буйгаа хэлсэн юм. Жишээ нь, ОХУ-д төгссөн, “ТЭЦ-4” гэх мэт томоохон үйлдвэрт ажилладаг мэргэжилтнүүдийг техникийн шинэчлэлт, өөрчлөлттэй нь уялдуулан сургах, мэргэжил дээшлүүлэх бүрэн боломжтой бөгөөд ажил хэрэг болгох эрмэлзэлтэй байгаа гэсэн юм. Энэхүү саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дэмжиж буйгаа илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрээс гарч буй хаягдал буюу элсний хуримтлалаас үүссэн цагаан тоосыг дарах зэрэг томоохон асуудалд анхаарч, техникийн шийдэл олж өгөхийг хүссэн юм.

Мөн уулзалтаар талууд Орос хэлийг гадаадад заах сан болоод ОХУ-д суралцах монгол оюутнуудын орос хэлний боловсролыг дээшлүүлэх асуудлаар хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Төгс-Эрдэнэ: Төрөөс малын тэжээл тарих, үйлдвэрлэх салбарыг дэмжиж байгаа

Энэ жил зуншлага болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Үүнтэй зэрэгцээд зарим бизнесмэнүүд хөрш оронд тэжээл гаргах мөн тэжээлийн ургамал тариалах, үйлдвэр байгуулах талаар сонирхож байгаа аж. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнээс тодрууллаа.


-Бэлчээрийн даац хэтэрсэн тухай яриа өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна?

-Энэ жил оны эхний 29.7 сая толгой хээлтэгч малаас 23.1 сая толгой мал төллөж, 22.4 сая толгой төл малыг бойжуулаад байна. Оны эхний 66.5 сая толгой малаас өнгөрсөн өвөл, хавар нийт 658.0 мянган толгой мал зүй бусаар хорогдож, бойжуулсан төл малтайгаа нийт 80.0 гаруй сая толгой мал зусаад, намаржиж байна. Иймд энэ жил 20.0 сая толгойгоос дээш тооны малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, малын тоог бэлчээрийн даац, багтаамжид тохируулах, бэлчээрийн доройтлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Манай улс жилд хэр хэмжээний хадлан, тэжээл бэлтгэдэг вэ?

-Манай улс жилд 1-1.2 сая тонн хадлан, үйлдвэрийн болон гар тэжээл тус бүр 100 гаруй мянган тонн бэлтгэдэг. Дээр нь хужир, шүү бас 100 гаруй мянган тонн нэмэгдэнэ.

-Энэ хэмжээний тэжээлээр одоогийн тоологдсон мал онд орох уу?

-Энэ бүхэн бол нэмэгдэл тэжээл гэж тооцогддог энгийн үеийн хэрэгцээ. Дээр нь улсын болон орон нутгийн онцгой байдалд хэрэглэх нөөц байдаг. Үүнээс улсын нөөц нь Засгийн газарт, орон нутгийн нөөц нь манай яаманд хамаардаг. Орон нутгийн нөөцийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор батална.

-Энэ жил зуншлага сайтай учраас хадлангийн хэмжээг нэмэгдүүлэх үү?

-Манай улсын хадлангийн нийт талбай 1,7 сая га. Үүнээс ургац сайтай жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэх боломжтой. Өнгөрсөн онд 1.1 сая тонн хадлан бэлтгэсэн. Энэ жил ахиулах зорилт тавьсан. Гэхдээ хадланг малчид өөрсдөө бэлддэг болохоор ямар хэмжээгээр бэлтгэхээ шийднэ. Аймаг, сумын аюулгүйн нөөцийг тухайн шатны засаг захиргаа зохицуулна.

-Бүх нутгаар зуншлага сайн байгаа юу?

-Наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 хувь нь сайн, таван хувь нь гантай байсан. Харин түүнээс хойш нэлээд бороо ороод гандуу болон гантай байсан говийн аймгийн зарим бүсийн байдал сэргэж байгаа гэсэн мэдээ сүүлийн үед ирж байна.

-Энэ жил ургац их байгаа учраас хувь хүн, аж ахуйн нэгжүүд хадлангийн экспорт хийх боломжтой юу?

-Энэ бол жилийн жилд л яригддаг асуудал л даа. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангасны дараа аравдугаар сард урьдчилсан дүн гарна. Үүний дараа өвсний экспортын асуудал яригддаг. Өвсний экспортын асуудал Дорнод, Сүхбаатар аймгуудаар яригддаг. Өвсний нөөцийг бүрдүүлсний дараа экспортолж болох эсэхээр шийд гардаг.

-Зарим газар экспортын хадлан бэлтгэж байгаа мэдээ байна.

-Бидэнд ч тийм мэдээлэл ирсэн. Гэхдээ үүнийг өвөлжилтийн бэлтгэлийн дүн гарсны дараа л шийднэ. Энэ жилийн хувьд Дорнод, Сүхбаатарын чиглэлээр хадлангийн экспорт хийх боломжтой гэж харж байна.

-Яагаад зөвхөн энэ чиглэлд боломжтой вэ?

-Жишээлбэл, Халх голд бэлтгэсэн хадланг төвийн бүсэд авчрахад өртөг нэмэгдэнэ. Бэлтгэсэн зардал дээр тээврийн зардал нэмэгдэхээр үнэ маш их өснө. Багцаагаар газар дээрээ гурван мянган төгрөгөөр бэлдсэн өвс энд ирэхэд хэд дахин нугарсан болох гээд олон асуудал үүсдэг. Сүхбаатар аймагт бэлдсэн хадлан тухайн бүс дотроо тээврийн зардал гурван мянган төгрөгөөр нэмэгддэг. Тэгэхээр төвийн бүс рүү тээвэрлэхэд хэр хэмжээгээр үнэ нэмэгдэх нь тодорхой. Хадлангийн бүсүүдэд өнгөрсөн жил бэлтгэсэн хадлан өнжсөн. Тус бүсийн удирдлагаас хүсэлт тавьснаар бид сүүлийн жилүүдэд өнжсөн хадланг газар дээр нь очиж үзсэн. Өнгөрсөн оны 3-8 сард энэ асуудлыг зохицуулсан. Иймэрхүү байдлаас болоод бид экспорт хийх асуудлыг дараа дараагийн бодлогод тусгах ёстой юм билээ.

-Орон нутгийн хэрэгцээ хангагдсаны дараа л нутгийн удирдлага хадлангийн экспорт хийх хүсэлт тавина биз дээ?

-Сүхбаатар, Дорнод аймгуудад манай хадлангийн талбайн 70 хувь нь байдаг.Сүхбаатар аймгаас Дорноговь, Өмнөговь аймгууд хадлангаа бэлтгэдэг. Тийм учраас дээрх хоёр аймагт бас хязгааргүй экспорт хийх эрх өгч болдоггүй юм.

Тиймээс хэдийгээр дээрх аймгууд өөрсдийн хэрэгцээг хангасан ч улсын хэмжээний өвөлжилтийн бэлтгэлийн дүн гарсаны дараа хадлангийн экспортын асуудлыг ярьдаг юм.

-Фермерийн аж ахуй яригдаад олон жил болж байна, гэтэл хөгжих гол үндэс нь малын тэжээлийн тариалалт үйлдвэрлэл гэдэг. Манайд энэ салбар хөгжих боломж бий юу?

-Сүүлийн хоёр жилд малын тэжээлийн тариалалт нэмэгдэж байна. Гэхдээ үүнийг газар тариалан эрхэлж байгаа компаниуд хийж байгаа юм.Фермерүүд өөрсдөө маш бага тариалж байгаа.

-Яагаад?

-Газар боловсруулах асуудал нь газар тариалан эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудын асуудал болчихоод байна л даа. Өнөөгийн байдлаар олон наст ургамлыг арав гаруйхан мянган га-д тариалж байгаа. Энэ бол маш бага тоо. Тэжээлийн ургамлыг 30 орчим мянган га-д тариалаад 40 мянга орчим тонн ургац авдаг.

-40 мянган тонн тэжээл фермерүүдийн хэрэгцээг хангах уу?

-Хангахгүй. Гэхдээ манай фермерүүдийн онцлог байдаг. Бусад орны фермерүүд жилийн турш малаа тэжээдэг бол манайх улирлын чанартай тэжээл хэрэглэдэг. Маш цөөн тоотой л байгаа байх. Ихэвчлэн тэжээл бэлчээр гэх мэт хосолсон хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.

-Малын тэжээл импортлох боломж бий юу?

-Бий. Импортын бүтээгдэхүүнээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжлүүлэх гээд зохих журмын дагуу гаднаас тэжээл импортлох боломж нээлттэй.

-Гахай тахианд л илүү их тэжээл импорт олж байгаа харагддаг.

-2013 оноос өмнө тийм байсан. Харин одоо томоохон тэжээлийн үйлдвэрүүд ашиглалтад орсноор тэжээлийн импорт эрс буурсан.

-Аж ахуйн нэгжүүд тэжээл тариалах, үйлдвэрлэх боломж байна уу?

-Засгийн газраас газар тариалангийн бүсийг зарлачихсан байгаа. Тэр бүсэд тариалалт хийх боломжтой. Үйлдвэр байгуулж ч болно. Төрөөс энэ салбарыг дэмжиж байгаа.

-Энэ өвөл ямар болох тухай та нарт мэдээлэл байдаг уу?

-Энэ жил хур тунадас ихтэй тул эрт хүйтрэх төлөв ажиглагдаж байгаа гэсэн. Үүнтэй холбоотойгоор манай сайдын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг гарсан. Бид ирэх сарын эхнээс орон нутагт ажиллана. Тэр үеэр газар дээр нь танилцаж, ямар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг тодруулах байх.

Х.Баттөгс