Categories
мэдээ нийгэм

Халх гол шинэ сумын нээлт боллоо

Халх голын байлдааны түүхэн ойн хүрээнд Халх гол шинэ сумын нээлт Дорнод аймагт болж байна. Халх гол шинэ сумын томоохон бүтээн байгуулалтыг ОХУ-ын “Роснефть” компанийн найман сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.

Шинэ сум бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж ашиглалтад орж буй аж.

Шинэ сумын нээлтийн үеэр тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин дэмжиж Халх голын 80 жилийн ойн хүрээнд шинэ сумын төвийг барьж байгуулсанд Халх голчууд туйлын их баярлаж байна” гэлээ. Мөн өнөөдөр түүхт баярын хүрээнд Дорнод аймгийн төвд Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болж байна.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын зурж, дурсгалын зураг татууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дурсгалын зураг татууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзахаар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөг зорив.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарыг дуустал Эрхүү-Улаанбаатарын чиглэлд нэмэлт галт тэрэг явуулна

Эрхүү-Улаанбаатарын чиглэлд зорчигчийн урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор 2019 оны есдүгээр сарыг дуустал нэмэлт галт тэрэгнүүдийг явуулж байна. Энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд тасалгаат вагон тав, люкс зэрэглэлийн вагон нэг гэсэн зургаан вагоноос бүрдсэн галт тэрэг Эрхүү-Улаанбаатарын чиглэлд зорчиж байсан бол зуны улиралд 11 вагон болгон нэмэгдүүлжээ. Гэвч есдүгээр сарын сүүл хүртэлх галт тэрэгний тасалбар зарагдаж дууссан тул ийнхүү нэмж вагон явуулах шийдвэр гаргасан байна. 2019 он гарснаас хойш 17 мянган тасалбар зарагдсанаас 11 мянган тасалбар нь таваас наймдугаар сард борлуулагджээ. Мөн жуулчин, оюутан, сурагчдын зорчих тоо нэмэгдсээр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажиллаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр оройн 23.50 цагийн үед Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан билээ. Түүнийг ирэх үеэр Цагдаагийн Ерөнхий газар олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт авсан байна. Аль улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албаныхан айлчлал хийж ирсэн ч тухайн зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажилладаг. Айлчлалын өмнөх өдрүүдэд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ амралтгүй төлөвлөлтийн дагуу хамгаалалт авчээ. Ингэхдээ Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Дүүргүүд дэх цагдаагийн газрууд, Цагдаагийн ерөнхий газрын харьяа албан нэгжүүд хамгаалалтанд бэлэн байдалд 24.00 цаг үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн Тээврийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн зочид төлөөлөгчдийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа: МЧБХ-ноос“Дасгалжуулагч нарын эрхийг хасч өгнө үү” гэсэн хүсэлт явуулаагүй юм байна

Риогийн олимпийн үеэр шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж тэмцээн оролцох эрхээ хасуулаад байсан билээ. Түүний эрх өнгөрсөн сард сэргэсэн юм. Тэрбээр “МЧБХ-ноос Дэлхийн бөхийн холбооруу хоёр бөхийн эрх хасахыг санал болгосон захидал илгээсэн байсан” гэх ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриад айсан юм. Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа энэ талаараа залруулга гаргалаа.

Тэрбээр“МЧБХ-ноос Дэлхийн бөхийн холбооруу явуулсан бичгийг үзлээ. Тухайн цаг үед МЧБХ-ны бүх тэмцээнд оролцох эрхийг хассан байсан бөгөөд өндөр хэмжээний торгууль тавигдсан байсан юм байна. Энэ талаарх МЧБХ-ы бичгийг саяхан ярилцлагын дараа олж үзлээ. Дээрх бичгэн дээр дасгалжуулагч нарын эрхийг хасч өгнө үү гэсэн зүйл байхгүй байсан тул энэ талаар залруулга хийж байна. Тус бичигт тухайн үед чөлөөт бөхийн холбоонд өндөр торгууль тавигдаж олон улсын эрх түр хаагдсаныг сэргээж өгнө үү. Хоёр дасгалжуулагч хоёр жилийн эрх хасагдсан арга хэмжээ авсан. Тухай мэдээлсэн байдалтай байна. Тэрхүү захидлыг сая л олж үзлээ” гэж мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинийг угтан авлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түүнийг жанжин Сүхбаатарын талбайд угтан авлаа. Угтах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, С.Гансүх, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын төлөөлөгчид оролцов.

Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож, 11 баримт бичигт гарын үсэг зурах юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхах аж. Дараагаар нь албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхээр товложээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байна.

Яг одоо Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд уулзаж байна.

Categories
мэдээ улс-төр

Зайсан толгой дахь цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлийн цэрэг дайчдын дурсгалын хөшөөнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс цэцэг өргөж, мөнхийн гал асаалаа

Хүндэтгэлийн арга хэмжээнд мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал Г.Сайханбаяр, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба болон Батлан хамгаалах яам, Жанжин штабын холбогдох дарга нар, нийслэл, дүүргийн цэргийн штабын офицерууд оролцов.

Дашрамд дурдахад, өнөөдөр Халх голын байлдаанд Орос-Монголын цэрэг дайчдыг удирдан оролцсон Г.К.Жуков жанжны дурсгалд зориулан босгосон цогцолборт хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. Түүнчлэн жанжин Д.Сүхбаатарын талбайд 21:00 цагт ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт” болох юм. Тус урлагийн арга хэмжээнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Зуунмод-Манзушир чиглэлийн замын эхлэлийг тавилаа

2018-2019 оны улсын төсөвт тусгагдсан Зуунмод Манзушир чиглэлийн 0.4 километр автозам, 16.2 метр төмөр бетон гүүрийг албан ёсоор нээлээ. Орчин үеийн технологиор баригдсан уг замын ажлыг “ЗЗБ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд дөрвөн сар гаруйн хугацаанд барьж хугацаанаас нь өмнө хүлээлгэн өглөө.

Гүйцэтгэгч компанийн зүгээс төмөр бетон гүүрийг 50 жилийн баталгаат хугацаатай гэдгийг онцолсон юм. Мөн иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг харгалзан унадаг дугуй болон явган хүний замыг тохижуулжээ.

Сүүлийн жилүүдэд Төв аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах зам, гүүрийн ажил эрчимтэй явагдаж байна.

2019-2020 оны улсын төсөвт 67,9 километр авто зам, гүүрийн байгууламж барих төсөв тусгагдсан бөгөөд Мөнгөморьт сум-Багануур чиглэлийн авто зам, Алтанбулаг сум-Шувуун фабрикийг холбосон 13 километр авто зам, Эрдэнэсант сумын 2.3 километр авто зам, Борнуур сумын 40 метр урт гүүр зэрэг томоохон зам гүүрийн ажлууд хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Сансрын нисэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн төлөөлөгчид уригдан оролцож байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өчигдөр тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ-ын сансрын нисэгч, БНМАУ-ын баатар С.В.Петрович болон ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “1939 оны Халхын голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн дайчдын байгуулсан ялалтын 80 жилийн ойд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаад талархсанаа илэрхийлье” гээд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Тува Улс, Бүгд Найрамдах Буриад улс, Эрхүү мужтай хамтарсан ялалтын үзэсгэлэн, Эрхүү мужаас Дорнод аймгийн Халх гол сум хүртэлх монгол, орос залуучуудын тойрон аялал, Дорнод аймагт Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2019” тактикийн хээрийн сургууль, “Халхын гол-80” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, МҮОНТ, ОХУ-ын БХЯ-ны “Звезда” телевиз хамтран дөрвөн ангит баримтат кино бүтээлээ. Мөн Дорнод аймгийн Халх гол суманд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг шинээр босгож, дурсгалын хөшөөнүүдийг сэргээн засварлалаа. Улаанбаатар, Чойбалсан, Чингис хот болон Дорнод аймгийн Халх гол суманд ялалтын түүхт 80 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Мөн “Сэлэнгэ-2019” хээрийн сургуулийн үеэр Халхын голын районд хоёр улсын хамтарсан хайгуулын бүлэг Зөвлөлтийн 17 дайчны шарилыг олж, хүндэтгэлтэйгээр оршуулсан зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү ялалтын ойг хамтран тэмдэглэхэд ОХУ-ын Батлан хамгаалах яам ихээхэн анхаарч, А.В.Александровын нэрэмжит Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, Агаар-сансрын нисэх хүчний “Русские витязи” бүлгийн уран нислэгийн үзүүлбэр үзүүлсэн нь өндөр ач холбогдолтой байлаа. Хамгийн чухал нь бидний хамтдаа тэмцэж авчирсан түүхт ялалтын ойд эрхэм баатрууд маань өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэнд дахин баярласнаа илэрхийлье” гэжээ.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн удирдлага, гишүүд болон бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Япон Улсын иргэн боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Япон Улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгч, баталгаажуулууллаа.

Өнгөрсөн зургадугаар сард их аваргын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон юм.

Учир нь сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал наран улсын иргэн байх ёстой гэсэн үндэслэлийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр их аварга сүмо бөхийн ертөнцөд өөрийн дэвжээтэй болж, шавь нараа бэлтгэх нь саадгүй болов.

Сонирхуулахад, тэрбээр Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна. Өмнө нь Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням нар тус улсын иргэншил авсан юм.