Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц: Монголчууд бид хиймэл стрессээ дарах ёстой

Монголын бурхан
шашинтны төв
Гандантэгчэнлин хийдийн
тэргүүн хамба лам
Д.Чойжамцтай ярилцлаа.
Монголын бурхны шашны
түүхэнд чухал байр суурь
эзэлж ирсэн Батцагаан
Цогчэн дуганыг энэ
сарын 6-нд нээж, үүнтэй
холбоотой “Самвад III”
олон улсын хурал, “Хүрээ
цам-Даншиг наадам”арга
хэмжээ болох юм.


– Монголын бурхан
шашинд зүтгэгсэд,
сүсэгтэн олон тун удахгүй
“Батцагаан Цогчэн дуган”-ы
өндөр үүдийг нээх гэж
байна. Бурхны шашинд
монголчуудын хувьд
томоохон байр суурь
эзэлдэг “Батцагаан Цогчэн
дуган”-ы үүх, түүхийн талаар
ярилцлагаа эхэлье?

– Анхдугаар богд
Жавзандамба хутагт Өндөр
гэгээн Занабазар олон хүрээ
хийд байгуулсны нэг нь
Улаанбаатар хотын үүсэл
болох хийдээ байгуулж
Монголын олон хийдүүдийн төв
болох Цогчэн хурлаа нээсэн
юм. Цогчэн дуганд Батцагаан
гэдэг нэр хайрлажээ. Энэ бол
300-400 жилийн өмнөх үйл
явдал шүү дээ. Тэр цагаас
хойш Батцагаан дуганд маш олон лам нар цуглаж ном
хурдаг төв газар болсон.
Ном эрдэмд суралцаж буй
олон лам хурвагийг сүү сааль,
идээ ундаагаар хангах зэргээр
зах зээлийн харьцаа үүсч
дээ. Тиймээс номын газар
учир хот суурин газраасаа
холдож, бууриа сэлгэн 20
гаруй удаа нүүж, эцэст нь
дөрвөн уулынд дунд ирж
төвлөрчээ. Батцагаан дуган,
Богдын ордон тэргүүтэй олон
хүрээ хийдүүд Зүүн хүрээнд
байрлаж байсан боловч бас л
зах зээл, үймээн шуугиантай
байдлаас холдох шаардлага
гарч, Гандан хийдийг арай
аглагдуу газар босгоё гэж
Гандангийн дэнж дээр
байгуулжээ. Тэгээд гадны
хүн ордоггүй, номонд садаа
болдоггүй, дөрвөн талд нь
Арван тавны цагдаа зогсож
хамгаалдаг аглаг газар
болгосон юм. Монголын
бурхан шашны их үүсэл нь
Энэтхэгийн Наландарын
хийд юм. Энэ хийд бол 500
бандидатай эрдмийн уурхай
болсон асар том хийд байсан.
Ер нь дэлхийн хамгийн анхны
сургууль ч гэж зарим эрдэмтэд
дүгнэдэг. Тэнд дорно дахины
арван ухаанд суралцдаг. Уран
зохиол, яруу найраг, гүн ухаан,
эмнэлэг, зурхай, цам бүжиг гэх
мэт багтдаг. Бурхны шашныг
түгээн дэлгэрүүлэх үйлсэд
асар их хувь нэмэр оруулсан, дэлхийн хэмжээний том, том
мэргэдүүд тэндээс төрөн
гарсан. Нагаржунай, Асанга,
Дэвнага, ертөнцийн зургаан
чимэг, хоёр дээд гэхчлэн
хамгийн алдартай мэргэд
зохиол бүтээлээ туурвисан
байдаг. Энэ уламжлал умард
зүгт Төвдийн оронд дэлгэрч
Сэра, Гандан, Брайвүн гэдэг
зургаан том хийд үүсэн бий
болжээ. Буддын гүн ухааны
нарийн нандин номыг
үзэж, тэндээс гавж, гэвш,
лхаарамба, дооромба дамжаа
барьж, зэрэг хамгаалдаг
сургуулиуд төлөвшин бий
болсон түүхтэй.
Их Монгол оронд бурхны
шашны сүүлийн дэлгэрэлтийн
үед Алтан хаан, Автай сайн
хаан, Өндөр гэгээн Занабазар,
нэйж тойн Цүлтэмзанба, Заяа
бандида Намхайжамц, Заяа
бандид Дамбадаржаа нарын
номын ихэс дээдсүүдийн үйлс
буянд Монгол даяар шашин
номын наран зүг бүрнээ
мандан дэлгэрч, үргэлжлэн
өрнөсөн юм. Монголын төв
нутагт Эзэн Чингис хааны
алтан ургийн аврал дээд богд
Өндөр гэгээн Занабазар хутагт
бээр 1654 оны хөх морин
жил Хэнтий нурууны өвөрт
номын их хүрээ Ривугэжай
гандан шадүвлингийн
эхлэлийг тавьж, дуган сүмийн
барилга байгууламж, бурхан шүтээнийг бүтээн байгуулж
дуусган равнай өргөн, хурал
номыг эхлүүлсэн байдаг.
Энэ үед их хурлын Цогчэн
дуган боссон агаад Риву
гэжай гандан шадүвлин буюу
Сарьдагийн хийд тэргүүтэй
хийдүүд бидний Их хүрээ
болон одоогийн Цогчэн их
хүрээний үүсэл болж байсан
түүхтэй. Сүүлчийн дэлгэрэлт
буюу Монголд гурав дахь
удаагийн дэлгэрэлтийн үед
Төвдөөс шарын шашин дэлгэрч
хамгийн сайн сургалттай
Чойрын дацангууд бий
болсон. 20 гаруй жил Бурхан
багшийн Ганжуур, Данжуур
болон Чойрын гүн ухааны
номуудыг логик хэлэлцээний
журмаар үзэж судалдаг
байсан нь монголчуудын
оюун сэтгэлгээнд их
өөрчлөлт авчирсан юм.
Умраас умардад Монголд
дэлгэрэхдээ Их хүрээний
Дашчоймпэл, Гунгаачойлин,
Идгаачойнзинлингурван
дацан барьж, цанидийн гурван
дацан, хүрээ их бага арав
гаруй дацан, хүрээ 30 аймаг
цугаар нийлэн хурах Цогчэн
дуган байгуулсан байна. Үүний
үр дүнд хорьдугаар зууны
эхэн үе гэхэд хамгийн дээд
зэргийн ном эрдэм үзсэн гавж
гэвш агранба тэргүүтэй номын
мэргэд төрөн гарч зохиол
бүтээлээ туурвиж байсан.
Төвдөд олон зууны турш шашин маш өндөр хэмжээнд
хөгжсөн байсан хэдий ч бид
түүнээс ч дутахааргүй номын
оргилд хүрч чадсан байсан
даа.

-1937 оны их
хэлмэгдүүлэлт хүртэл
үнэхээр тийм байсан гэдэг
шүү…

-Гандан хүрээ нь 20 дугаар
зууны эхэн үед ирэхэд цогт
Наландарын хиргүй гүйцэд
номын дамжлага ёсыг өвлөн
хадгалсан Цогчэн болон арав
гаруй дацан, гучин аймагтай,
удирдлагын бүтэц зохион
байгуулалт цэгцэрсэн, сургалт
боловсрол нь жигдэрсэн
Монголдоо төдийгүй гадаад
улс гүрэнд нэр алдар нь
түгсэн бурхны шашин
соёлын том төв, гол хүрээ
болж чадсан юм. Гандан
хүрээний Батцагаан Цогчэн
дуган Богдын шар ордны
баруун хойно олон мянган
лам хурах багтаамжтай 108
баганат нэгэн байжээ. Гандан
хүрээний хамгийн нандин
шүтээн Өндөр гэгээний
өөрийн мутраар бүтээсэн
Очирдарь байсан бөгөөд одоо
ч Гандан хийдийн гол нандин
шүтээнээр залагдаж байна.
Гандан хүрээнээс номлох,
мэтгэлцэх, туурвихын эрдэмд
мэргэшсэн олон мянган
эрдэмтэн мэргэд төрөн гарч
шашин номоо тэтгэн барьж, түгээн дэлгэрүүлж байваа.
Тэгээд 1937 оноос хэцүү хүнд
бэрх үе эхэлсэн дээ.
Монгол оронд коммунист
дэглэм тогтон бурхны
шашин эвдрэн доройтож,
сэтгэл энэлгэсэн, зүрх
шимшрүүлэм түүхийг туулсан.
Оройн дээд тавдугаар богд
Жавзандамба тэргүүтэй
богдууд Гандантэгчэнлингээ
байлгахын таалал болгоолтын
хүчээр Гандантэгчэнлингийн
одоогийн хэдэн дуган, сүмүүд
их хэлмэгдүүлэлийн аюулаас
үлдсэн гэдэг нь эргэлзээгүй.
Энэ үед бусад маш олон хийд
өртөж нураагдаж устгагдаж,
хамгийн сүүлд Цогчэн
хаагдсанаар, Ганданд бурхан
шүтээнээ авчирч хурж байсан
байдаг. Зүүн хүрээнд байсан
Батцагаан дуганы Гэсгүй
Гомбодо (Д.Гомбодорж) гэдэг
хүн гол шүтээнээ Ганданд
авчирч, эндээ хурж байгаад
дууссан юм гэдэг. Тэгж л
Монгол Улс 1937-1944 он
хүртэл шашин сүм хийдгүй явж
ирсэн. Харин 1944 онд АНУ-
ын дэд ерөнхийлөгч Монголд
зочлох болж, түүнд шашин
сүмээ устгачихаагүй гэдгээ
харуулахын тулд төр засгаас
ганц хийд нээхээр болж. Тэр
үед гавж, гэвш зэрэг сайн
номтой, юм мэддэг өвгөчүүд
байсан. Тэд Чойжинламын
сүм болоод бусад хийдүүдээ
алинд нь гаргах вэ гэж ярилцаж байгаад хамгийн
сүүлд хурал номоо хурж
байсан бэлгэ дэмбэрэлтэй
Гандан хийдийнхээ үлдсэн
дуганд нээе гэж шийдэцгээсэн
байдаг. Ингэж 1944 онд
Гандан хийдийг дахин
сэргээсэн түүхтэй. Түүнээс
хойш Гандангийн алтан
дээвэртэй дуганыг Цогчэн
дуган гэж нэрлээд Өндөр
гэгээний уламжлалыг авч
Гандантэгчэнлин хийддээ
Цогчэнгоо хурж эхэлжээ.
Түүгээр ч зогсохгүй өвгөчүүд
маань зурхай, эмнэлэг,
жүд, чойр, философийн
дацангуудын бүх уншлагыг
Гандандаа уншиж эхэлсэн
байдаг. Хаягдчих вий гэсэн
чухал номуудаа сэргээж
Гандан дээр хурж, дөрвөн
улирлын дамжаа буюу Чойрын
номыг үздэг болгосон. Тэгж л
бурхны шашны уламжлалаа
ямар нэгэн хэмжээгээр авч
үлдэх нь Гандан хийдийн
үүрэг болсон юм.


-Сүсэгтэн олны тэр бүр
мэддэггүй үүх түүх, их
үүргийг Гандан хийд маань
хүлээжээ дээ?


-1969 он үед Азийн
буддистуудын энх тайвны
бага хурлыг номч мэргэн
гавж хамба ламтан Гомбожав
санаачлан Монголд
төвлөрүүлж, ерөнхийлөгч нь
болсон. Монголын эрдэмтэн
Жүгдэр доктор тэргүүтэн энэ холбооны ерөнхий нарийн
бичгийн даргаар ажиллаж
олон улсын байгууллага
болох эхлэл нь тавигдсан
юм даа. Дараа жил нь буюу
1970 онд олон орны лам
нар манайд ирэхэд тэдний
дунд залуу зандан, хэл устай
мундаг лам нар ирдэг байлаа.
Манайх болохоор дандаа
хөгшин лам нартай байсан.
Тиймээс залуу лам нарыг
бэлтгэх нь зүйтэй юм байна
гээд тэр жилээ Шашны дээд
сургуулийг нээсэн. Анх 20
хүн элсүүлсний нэг нь би дээ.
Түүнээс хойш жилд, дөрвөн
жилдээ нэг удаа арав хорин
хүн элсүүлдэг байсан. Зөвхөн
Гандан хийдийн боловсон
хүчнийг бэлтгэх чиглэлд
ажиллаж эхэлсэн байдаг.
1990 он хүртэл ийм байдлаар
л явж ирсэн. Түүнээс хойш
шашин чөлөөтэй болж, шашин
шүтэх эрх, эрх чөлөөгөө олж
авсан. Коммунист намын
үеийнх шиг ард иргэдээ хоёр
хувааж, нэг хэсгийг нь баян
тарган угсаатан, язгууртан,
лам гэж шашин шүтсэнийх нь
төлөө ялгаварлан гадуурхдаг
байдал үгүй болсон. 1992 оны
шинэ Үндсэн хуулиараа хүний
эрх, эрх чөлөө, шашин шүтэх
эрх, эрх чөлөөг тунхаглан
зарласнаар шашинд ямар
нэгэн ялгаварлан гадуурхал
үгүй болж шашин номоо
сэргээх ажилдаа орцгоосон
доо. Үнэхээр асар их
бэрхшээлтэй үеийг даван
туулж дээ, бид. 1937 онд
сүм хийдийг хааж эрдэмтэй,
номтой байсан хүмүүсийг
өндөр зэрэг дэвтэйгээс нь
эхлээд 20 гаруй мянган ламыг
егүүтгэсэн. Үлдсэн гавж,
гэвш тэргүүтэй залуу лам
нарыг шоронд арван жилээр
хорьсон. Тэд маань 1990 он
хүртэл амьд байж чадаагүй,
цагийн эрхээр таалал төгссөн.
Эрдэмтэй лам нар тун цөөхөн
үлдсэн дээ. Бурхны ном гүн
гүнзгий сайхан ном юм даа
гэж би итгэл лугаа төгөлдөр
байдаг. Яагаад гэвэл тэр
70 жилийн турш толгойд
нь орчихсон коммунизмын
сурталчилгааг даван гарч
эрх чөлөөгөө олсны дараа
лам байсан өвгөд маань
160 гаруй хийдийг сэргээн
байгуулсан нь сэтгэлд нь
шашин гүн шингэсний илрэл
юм даа. Ингэж 1990 оноос
эрэмбэ дэс дараатайгаар
хөгжүүлж эхэлсэн. Гандан хийдийн өвгөчүүд шашныхаа
уламжлалыг амьтайгаа
дүйцүүлж авч үлдсэнээр,
шинэ цагт Гандангийн лам
нар Жүд дацан, Дашчоймпэл
дацан, Гунгаачойлин дацан,
Жинрайсиг дацан, Дүйнхор
дацан зэрэг том уламжлалт
бүхий л дацангуудаа сэргээж
чадсан юм. Шинээр оюутан
залуусыг элсүүлж авсан.
Ингээд ч заах багш нар маш
ховор болчихсон байлаа.
Гэхдээ Гандан хийддээ
суурилуулж, шашны их
сургууль, Цогчэн сургууль
мөн уламжлалт сургуулиудаа
гаргаж чадсанаар шашнаа
д ахин сэргээх явцыг
түргэтгэсэн гэж үзэж болно.
Энэ үед бидэнд Далай
багш маань их тус болсон
доо. Далай ламын Энэтхэг
улсад гарсан 100 гаруй
мянган төвд дүрвэгсдийн
байгуулсан сургуулиас өөр
бидний уламжлалт сургалтыг
заах сургууль байгаагүй. Бид
хүүхдээ эрэмбэ дараатайгаар
Энэтхэгт суралцуулж эхэлсэн.
2019 он хүрэхэд 700 гаруй
хүүхэд Энэтхэгт сурчээ. Зарим
түрүүч нь гэвш, лхаарамбын
дамжаабарьж цолоо
хамгаалаад ирж байна.

-Шашны дээд сургууль
ч Монголд өргөжиж, элсэн
суралцагчид нэмэгдэж байв
уу?

-Үлдсэн бид зүгээр суугаад
байсангүй. Эндээ Шашны
их сургуулиа дөрвөн жил
болгож, маш хурдавчилсан
сургалтыг хийгээд Монгол
орон даяар сэргэж байгаа
200 гаруй сүм хийддээ лам
боловсон хүчин бэлдсэн.
Түүгээр ч зогсохгүй Цогчэн
анги нээгээд уншлагатай лам
нарыг төгсгөдөг болсон. Ийм
журмаар бид эрэмбэ дэс
дараатайгаар хөгжлийнхөө
шатыг тавьж яваа юм. Одоо
юу дутаж байна вэ гэхээр
бидэнд өнөө Цогчэн маань
жижигдэж эхэлсэн.
Учир нь их хэл мэгдүүлэлтээс
Ганданд
зөвхөн Богд нарын шарилын
сүм л үлдсэн юм. Гэтэл өнөөг
хүртэл өнөө л шарилын
сүмүүддээ хурсаар байгаа.
Тиймээс дуган сүмдээ
багталцахгүй болсон. Ийм
учраас бид Батцагаан дуганаа
дахин сэргээхээр 2007 оноос
бариулж эхэлсэн. Энд хэдэн зүйлийн учир
шалтгааныг дурдах ёстой.
Нэгдүгээрт, бусад коммунист
байсан 10 гаруй орон
ардчилалд шилжихдээ сүм
хийдээ нураасан, лам нараа
егүүтгэснийхээ уучлалтыг
гуйж, дуган сүмийг нь буцаан
олгох, дуган сүм байгуулж
босгож өгөх, хөрөнгийг нь
буцааж өгсөн. Гэтэл манай
Монгол огт хөдлөөгүй. Тиймээс
бид Батцагаан дуганыг сэргээн
босгох хүсэлтээ төр засагтаа
тавьсан. Хоёрдугаарт,
уламжлалыг сэргээе. Гуравт,
сүсэгтэн олондоо чөлөөтэй
сайхан тайван үйлчилье.
Дөрөвдүгээрт, гадаад
дотоодын төрийн тэргүүнээс
эхлээд ердийн жуулчид хүртэл
ирдэг энэ газраа улсынхаа
нэрийг бодож сайхан болгоё
гэсэн зорилт тавьсан юм.
Ингээд Өндөр гэгээнийхээ
нэрийг түүхийн ёсоор сэргээж
байгаа учраас Батцагаан
гэдэг нэрээ дугандаа өгсөн.
Түүгээр ч зогсохгүй бид
Энэтхэг Будгаяа гэж Бурхан
багш анхлан номоо номлосон
газарт Монгол сүм барьсан.
Түүндээ ч Батцагаан гэдэг
нэрийг хайрласан. Энэтхэгийн
Наландарын хийдийн эх үүсэл
Төвдөөр дамжиж Монголд
ирэхдээ Батцагаан гэдэг
Цогчэн дуганаар бэлгэдсэн
агуулгатай. Шинэ дуган бол
1080 лам багтах хэмжээний
том сайхан дуган. Доод
давхартаа лекц, дугуйлан,
бясалгал явуулж, хурал ном
уншиж боломжтой. Сүсэгтэн
олон дүйцэн өдөр ирэхдээ
тав тухтай байж чадна. X Богд
тодрох юм бол энэ дугандаа
залраад, хувилгаад хутагтууд
ирээд хурал номоо хурж,
хамба нар лам хуврагууд ирж
хурдаг сайхан дуганыг барьж
байгуулж нээлтийн ёслолын
үйл ажиллагаа есдүгээр сарын
6-ны өдрөөс эхлэн гурав хоног
үргэлжилнэ.
АНУ болон Европын
орнууд шашиндаа асар их
анхаарал тавьдаг. Яагаад
гэвэл бурхны шашныг шүтдэг
хүмүүс бол тухайн орны
иргэд байдаг. Иргэд нь зөв
боловсон хүмүүжиж, шашин
шүтлэгээ цэвэр ариунаар
уламжилж явах нь Монгол
Улсын эрх ашигт зохицдог.
Үндэсний аюулгүй байдалд
ч нөлөөтэй байдаг. Бүх улс
орон шашиндаа анхаарал
тавьдаг нь улс орны аюулгүй
байдал, тусгаар тогтнолд асар
их тустай зүйл дээ. Сүсэгтэн
олон ч сүм хийдээсээ ёс зүй
авч, өөрийнхөө сэтгэл зүйг
боловсруулж дутагдсан сүсэг
бишрэлээ гүйцэлдүүлэн соён
гэгээрэлд хүрч байвал Монгол
Улсад асар их ашигтай юм.
Буддын шашин бол яалт ч
үгүй Монгол оронд хүн амын
60, 70 хувь нь бурхны шашин
шүтдэг, биширдэг, хүндэтгэдэг
улс байгаа.


-Батцагаан Цогчэн дуган
гэж тэр чигтээ Монголын
бурхан шашны гол түүх
байжээ. Тэгвэл энэ цаг
үед Монгол Улс Үндсэн
хуулийнхаа өөрчлөлтийг
хэлэлцэж байна. Анхны
Үндсэн хуулийг батлахад
гар бие оролцож явсан
хүний хувь таны байр
суурийг сонсмоор байна?

– Бид шашнаа үе
шаттайгаар хөгжүүлэх гэж
оролдож байгаа. Өнгөрсөн
70 жилд шашингүйн үзлийг
хэтэрхий зааж сургасан. Тийм
учраас ардчилсан нийгэм
байгуулж эхэллээ гээд л
дуулангуутаа ардчилагч
болдоггүй юм байна. Асар
их хугацаа зарж байж, асар
их туршлага хуримтлуулж
байж, асар их явцын дунд энэ
нийгмийн сайн сайхныг харж
байж, хүний оюун тархинд
ардчилал, эрх, эрх чөлөө
бусад харьцаанууд бий
болдог юм байна. 1921 онд
социалист нийгэмд шилжсэн
мөртлөө 70 жил явахад
нөгөө феодлын үеийн шашин
шүтлэг хэвээр байсан нь
зөндөө харагддаг. Хэдийгээр
коммунизм кино ший, сонин
хэвлэл бүгдийг ашиглаад
сурталчилгаа явуулсан ч
өмнөх нийгмээ хүсдэг хүмүүс
байсан нь гарцаагүй. 1990
онд ардчилал ялж, 29 жил өнгөрсөн ч “Коммунизм
сайхан нийгэм байсан даа”
гэдэг бодол нэлээд хүмүүсийн
сэтгэлд байгаа. Энэ бол тийм
ч амар өөрчлөгдөх зүйл биш.
Ерөнхийгөөрөө манай нийгэм
эдийн засаг, улс төрөө дэндүү
их анхаараад, хүмүүсийнхээ
толгойг өөрчлөөгүй, тэдэнтэй
ажиллаагүй. Ийм нийгэм
учраас хүмүүс маань
ардчилсан нийгэмд амьдарч
байгаа ч коммунист үзэл нь
хэвээрээ байж болох талтай.
Тийм болохоор аливаа нэг
зүйлд коммунистаар ханддаг.
Жишээ нь, зах зээлийн
нийгэмд хэн ажил хийж, хэн
зүтгэл гаргаж, хэн зөв, сайн
бодлого явуулж бизнес хийж
чадсан нь өргөжөөд бусдыгаа
ажилтай болгоод явах ёстой.
Гэтэл монголчуудын дунд
инээдмийн нэг ийм яриа
байна. Монгол хүнээс “Чиний
хамгийн дургүй юм чинь юу
вэ” гэхэд “Баян хүн”. “Хамгийн
дуртай юм чинь юу вэ” гэхээр
“Баяжих” гэдэг. Тэгэхээр
энэ бол өнөө сэтгэлгээний
өөрчлөлт монголчуудын дунд
гараагүй яваа гэсэн үг. Би
ажиллаад, хөдөлмөрлөвөл
сайхан амьдарна. Баян хүн
гэдэг чинь өөрөө ажилласаг
хөдөлмөрч овсгоо самбаатай
хүнийг хэлдэг. Үүнд андуурга
гарах шалтгаан байгаа юм.
Буруу аргаар баяжсан
хүмүүс түрүүлж харагдаад зөв
ажилтай улс нь харагдахгүй
болчихоод байгаа юм уу даа.
Сэтгэлгээний ялган салгах
мэдрэмж муутай болжээ,
зарим хүмүүс.

– Үндсэн хуулийн
өөрчлөлтад шашин шүтэх
эрх, эрх чөлөөг хэрхэн үзэж
байна вэ?

-Үндсэн хуулийн хувьд
шашин номын талаар ярих нь
арай болоогүй байх аа. Ер нь
бусад улс оронд бол шашнаа
ихээхэн хүндэтгэдэг байдал
харагддаг. Энэтхэг улс гэхэд
төрийн томчууд нь манайд
айлчлахдаа хамгийн түрүүнд
Гандан хийдээр орчихоод
төрийнхөө айлчлалыг
эхэлдэг. Оросын Батлан
хамгаалахын сайд буддын
шашинтай мөртлөө манайд
ирэхдээ уугуул гол шашнаа
хүндэтгээд Оросынхоо сүмд
очоод төрийнхөө айлчлалыг
хийх жишээтэй. Одоо Путин
гуай ирнэ гэж байгаа. Бас л
хамгийн түрүүнд өөрийнхөө
үнэн алдартны шашны
хийдээр орчихоод айлчлах
гэнэ лээ. Энэ бол манайхан
шашнаасаа нэлээд хол
байгаа учир арай л болоогүй
байгаа гэж бодогддог юм.
Яагаад гэвэл шашнаа үнэлэн,
цэгнэж дүгнэж, түүгээрээ ард
түмнээ соён гэгээрүүлэх гэдэг бодлоосоо илүү одоо
бол “Шашнаас л хол явах
юмсан” гэдэг коммунист үзэл
нь хэвээрээ байгаа. Тийм
учраас манай олон хуульд
шашинтай холбоотой зүйл
заалт нь хоцрогдчихсон.
Одоо үйлчилж чадахаа ч
байчихсан. Тэгсэн хэрнээ
түүндээ хүрье гэдэг нэг ч улс
төрийн бодлоготон байхгүй.
Ийм л хэмжээнд байгаа. Үе
шаттайгаар боловсроод ирсэн
үед гарцаагүй шашныхаа
хуулиндаа хандана. Гэхдээ
хожигдож л явах нь дээ.

-Монголчууд маань
стресс голдуу нийгэмд
амьдраад байна уу даа.
Хаана л явна, хаашаа л
харна уур бухимдалтай
байдал ажиглагдах боллоо.
Яагаад бид ингээд байна вэ.
Яаж тайвшралыг олох вэ?

-Энэ бол голдуу хиймэл
стрессүүд байна. Улс
орноо хөгжихгүй байна, бид
хоцорчихлоо гэдэг өөрийгөө
зовоосон том стресс. Улс орон
маань хөгжилгүй болчихлоо,
хэдэн олигархиуд идээд
дууслаа. Улаанбаатар хотоо
харчих, утаанд дарагдаад
дууслаа гээд л түүндээ асар
их том стрессс авдаг болж.
Нөгөө талаас нь хараад үзье л
дээ. 1990 оны Улаанбаатарыг
дээрээс нь зураг авалт хийгээд
өнөөдөртэй харьцуулах юм
бол бид хөгжөөгүй биш л дээ.
Саяхны бодитой тоо гэхэд
бүхэл бүтэн коммунизмын
жилд 38-хан мянган хүнийг
орон байраар хангаж орон
сууцтай болгосон бол 180
мянган орон сууцыг ардчиллын
29-хөн жилийн дотор барьжээ
гэж нэг улстөрч ярьж байна
билээ. Шилэн байшин, оффис,
зочид буудал, зам талбай,
харгуй ямар гоё болсон бэ.
Ингээд хоёр талаас нь дүгнээд
харах ёстой. Ингэхээр арай
уужраад, “Гүй ээ бид ч будилж
яваа ч гэсэн бас ч гэж” гэдэг
бодол төрнө дөө. Аймгийн
төв дээр очиход ч жигтэйхэн
аятайхан болчихсон байна
лээ. гоё Хөдөөний айлууд
ачааны машинтай, суудлын
машинтай. Бас хоёр гурван
мотоцикл гаднаа тавьчихсан
байх шиг. Үүнийгээ хараад
бид улс орон маань 29 жилийн
дотор хөгжиж л байна даа.
Жаахан замбараанд оруулах
ажил хэрэгтэй юм байна
даа гэж бодохоор нөгөө их
бухимдаж байгаа, гадаад явах
юмсан, энд ингэж зүдэрч яваад
яахав гэдэг сэтгэлгээ уужирна
даа, уужирна. Тэгэхээр хиймэл
стрессээ дарвал нэлээн их
стресс хорогдоно доо. Бид
энэ хиймэл стрессээ дарах
ёстой.

-Ахуйн стресс ч бас их
байх шиг?


-Ахуйн нөхцөл нь хэтэрхий
америк, солонгос кино болон
гадаад улсын хүмүүсийг
дуурайж байгаагаас болж
стресс бий болж, нэгэндээ
хэтэрхий хүчнээс нь
хэтэрсэн шаардлага тавьж
эхэлснээр хуучин нийгэмд
байсан хэвшлүүд эвдэрч гэр
бүл дотор хөдөлгөөн гарч
хоорондоо эвцэхгүй, бие
биенээ ойлгохгүй болоод
эхэлж байгаа юм. Ийм байдал
маш их байна. Хиймэл стресс,
дээр нь маягийн стресс ч
байна. Хоёрдугаарт, эрх
чөлөө гэдгээ буруу ойлгосноос
үүдсэн стресс байдаг. Би
эрх чөлөөтэй гээд л хотын
замаар ганцаараа дураар
явах гэж оролдоод дүрэм
баримталж байгаа жолооч
урд нь тээглэчихээд болж
өгөхгүй, хажуу талаас өөр
нэг зүйлд яарсан хүн жаахан
дарчихаар уур нь хүрээд л,
өнөө “п”-гээ урсгаад гарч
ирээд зодолдож нүдэлдээд
эхэлдэг болж. Эрх чөлөө гэдэг
нэг хүний эрх чөлөө бусдын
эрх чөлөөгөөр хязгаарлагдана
гэдэг. Үүнийгээ ойлгохгүй
байна. Орон сууцанд хэдэн
арван хүнтэй хамт амьдарч
байгаагаа мэдэхгүй, доод айл
нь тайван сайхан унтах гэж
байтал дээр нь пижигнээд,
хөгжмийнхөө дууг хамгийн
дээд цэгт нь тавьж бүжиглээд
л, шал нь доошоо цөмрөх
гэж байгаа юм шиг болоод
л. Ёстой орк гэдэг чинь тэр
биз дээ. Сармагчин шиг бие
биенээ дууриасан, хөрөнгөтөн
орон ингэж амьдардаг байх
гэж төсөөлсөн төсөөллөөрөө
яваа хиймэл стрессүүд юм.
Харин хүн амын бага хэсэг
нь үнэхээрийн хиймэл биш
стресс байж болох байх.


– Нийгэмд болж
бүтэхгүй байгаа зүйлийг
засч залруулах гээд хүч
хүрдэггүй. Тухайлбал,
өндөр албатай хүмүүс нь
муу хэрэгт холбогддог ч
хариуцлага хүлээдэггүй
байдлыг олон түмэн эцэст
нь “Үйлийн үрээ эдэлнэ
дээ” гэж цөхөрсөн байдал
ажиглагдах болж. Хувь
хүний хувьд ч тэр. Үйлийн
үр гэж чухам юу юм бэ.
Үнэхээр үйлийн үр ирдэг
үү?


-Үйлийн үрийг ойлгоё
гэвэл маш олон юмнаас
харж болно. Бид хуучин үед
зэрэгцэн амьдарч байхдаа
нутаг нугаараа, хошуугаараа
бусармаг юм хийсэн хүн бүр
амьдралын эцэст шороо үмхэж
байгааг хараад “Болохгүй
юм байна шүү, заавал нэг
үйлийн үр нь ирдэг юм байна”
гэдэг ойлголтыг авдаг байж.

Одоо бол хот орон газар
бие биенээ танихгүй, нүүрэн
дээр болж байгаа үйлийн
үр нь мэдэгдэхээ байсан.
Тийм учраас уужраад үйлийн
үр байхгүй юм шиг ойлгоод
байгаа юм. Үнэхээрийн
үйлийн үр байна шүү дээ.
Ялангуяа сүүлийн үеийн
солонгос кино бол үйлийн
үрийг маш сайн харуулж
байгаа. Эхлээд гаардаг,
дэвэрдэг, бүх л бусармаг
бүх юмыг хийгээд хамгийн
сүүлд нь хог дээр хаягддаг,
уучлалт хүсдэг, гэмшиж
дуусч байгаа байдал. Гэтэл
бид алж хядсаар байгаад
жаргаад дуусдаг америк киног
бодит байдал шиг ойлгоод
байна уу даа. Үйлийн үр
гэдэг өөрийнхөө хийсэн
зүйлийг өөрөө амсана гэсэн
үг шүү дээ. Сайн сайхан зүйл
хийвэл сайн үрийг амсана.
Ажиглах юм бол засаг төрд
ажиллаж байгаа хүмүүст ч
гэсэн харагдана даа. Хэчнээн
сайхан явж байсан ч шоронд
орж байгаа нь ч байна, янз
бүрийн хэрэг зөрчилд орж
байна, жигтэйхэн баян тансаг
болчихоод уулын амаар
давхиад л наргиж жаргаад
байсан нөхөд гудамжинд
гараад архичин болчихсон
байгааг хар. Үйл хөдлөлийн
үр дүнд, бодлогогүй үйл,
буруу үйлийн үр дүнд заавал
зовлон амсдаг гэдэг нүүрэн
дээр ил байгаа зүйл. Түүгээр
ч зогсохгүй үр хүүхдэд нь
нөлөөлдөг. Гэхдээ өнөө үед
бүх зүйлийг хууль номын дагуу
шударга журмаар шийдэж
байгаа гэдэгт бас итгэхэд бэрх
байгаа юм.

-Энэ цагийг цөвүүн
цагийн төгсгөл гэж үзэх
хүмүүс бий. Бурхны шашинд
үүнийг хэрхэн үздэг юм
бэ?


-Цөвдөлт гэж байдаг.
Нэгдүгээр цөвдөлт буюу
цагийн цөвдөлт. Хавар нь
хавар шиг биш. Өвөл нь
бороо орж, зун нь цас орж
мэдэх. Ертөнц дөрвөн улирал
ээлжлээд л байдаг байсан бол
тэр нь өөрчлөгдөхийг хэлдэг.
Бас насны цөвдөлт явагддаг.
Хүн 60, 70 хүрээд өнгөрөөд
өгдөг байсан бол өчигдөр
төрж гэнэ, маргааш нь үхэж
гэнээ гэдэг. Ямар ч магадлал
байхгүйгээр насаа насалж
чадахгүй байгаа хэлбэр.
Амьтны цөвдөлт гэж байдаг.
Амьтны ертөнц байгалиас
тогтож авсан хэвшлүүд нь
эвдэрч эхэлдэг. Жишээ нь,
зүгээр хотондоо бэлчиж
явсан хонь эзнээ мөргөөд
алчих жишээтэй. Иймэрхүү
маягтай амьтны хэвшил
амьдрал нь өөрчлөгдөөд шал
хачин болоод ирнэ. Түүний дээр сэтгэлд нь нэг ч зөв
юм бодогддоггүй. Дандаа
буруу юм ярьж, буруу үйл
хөдлөл хийж байдаг. Энэ
бол сэтгэлийн цөвдөлт. Сайн
зүгийн буянтай үйл орж
ирдэггүй, харддаг хорддог.
Хамгийн сүүлчийнх нь үзлийн
цөвдөлт. Ертөнцийг үзэх үзэл
нь шал өөр болдог. Шал өөр
өнцгөөс харна гээд бодит
байдлаас өөр үзэл бодолтой,
бодит байдлыг дагахгүй,
бодит оршин тогтнолыг
хүлээн зөвшөөрөхгүйгээр үзэл
бодол нь буруудаад ирэхээр
бие, хэл, сэтгэл гурвын үйл
бүгд буруу явж, ертөнц дээр
байхгүй муухай зүйл бий
болоод эхэлдэг. Ийм таван
цөвдөлтийг бид шинжлэх
ёстой юм. Цөвдөж байна уу
үгүйг ажиглах ёстой.

-Энэ цаг ер нь дуусах
уу?

-Болно оо. Нийгмийг харж
байхад нэлээд аятайхан болж
явна. Миний ажиглалтаар бол
энэ нийгэм маш сайхан сэргэж
байгаа. “Хэзээ ийм байлаа” гэж
бодогдохоор байшин барилга
зам талбай, хүмүүсийн
харьцаа өөрчлөгдөж байна.
Ялангуяа хүний хөгжил их
өөр болж. Сэтгэхүйн хөгжил
нь ямар байгааг мэдэхгүй юм.
Биеийн хөгжил маш сайн болж
байна. Бүх юм өөрчлөгдөж
хөгжил дэвшил рүү явж байна.
Одоо бид ганцхан хаячихсан
сэтгэл рүүгээ л явах, сэтгэлээ
засах, үзэл бодлоо засах
дутуу байна. Дээрх таван
цөвдөлтийн хамгийн аюултай
нь үзэл бодол цөвдөлт. Үзэл
бодол, философи буюу гүн
ухааныг цэгцэлж өгөхгүй
бол урагшаа явахгүй. Тэр
үзэл бодлыг зөв төлөвшүүлж
тогтоогоод ирэхээр үзэл
бодол нь онол болоод, онол
нь бие, хэл, сэтгэл гуравтаа
ирж амьдрал өөрчлөгдөөд
эхлэх учиртай юм.


-Хүн заавал буян хийх
ёстой юу?

-Хийх ёстой. Буян гэдэг
ерөөсөө бидний хуучин, шинэ
нийгмийн алинд ч үүссэн зүйл
биш. Ерөөсөө хүн хүнд байгаа
сайн сайхан зүйлийг буян
гэж ойлгох ёстой. Өөрийг нь
эрх чөлөөтэй, баталгаатай,
жаргалтай болгодог зүйлийг
буян гэдэг. Хүнд хөнөөлтэй,
өөрийн эрх чөлөөг алга
болгодог, өөрийг нь зовлонд
унагадаг зүйлийг нүгэл
гэдэг. Буян хураах зайлшгүй
шаардлагатай. Буяны эрхээр
жаргадаг гэдэг дээ. Алив сайн
буяныхаа үрээр Монголын ард
түмэн эв найрамдал зохицон,
өнөр буян сүндэрлэн, ачлал
хүндлэл дүүрэн, цог жавхаа
арвидан мандах болтугай.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ улс-төр

​Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлжээ. Уг хуралдаанаар Тавантолгойн нүүрсний экспортын зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам, зарим сайд нарын гадаад томилолтын тухай зэрэг нийтдээ 17 асуудал хэлэлцэхээр багтаажээ.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Тавантолгойн нүүрсний экспортын зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
2. Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл Н.ЦЭРЭНБАТ
3. Швейцарын Холбооны Улсын парламентын даргын айлчлалын дүнгийн тухай Д.ЦОГТБААТАР
4. Журам батлах тухай (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам) Ч.ХҮРЭЛБААТАР
5. “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд Ч.ХҮРЭЛБААТАР
6. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
7. Мөнгөн урамшуулал олгох журам шинэчлэн батлах тухай /Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд/ Ч.УЛААН
8. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай/ Ц.ДАВААСҮРЭН
9. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Д.САРАНГЭРЭЛ
10. Хөрөнгө гаргах тухай Д.САРАНГЭРЭЛ
11. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

12. Иргэд, олон нийттэй харилцах төвд 2019 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
13. 2019 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
14. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
15. Уул уурхайн салбарын цаг үеийн зарим асуудлын талаар* Н.ЦЭРЭНБАТ
16.2 “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Х.БАДЕЛХАН

17. Монгол Улсын их сургуулиудын өнөөгийн байдал, судалгаанд суурилсан их сургуулийн талаар Ё.БААТАРБИЛЭГ
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн дайн 80 жилийн өмнө эхэлсэн

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Зургаан жил үргэлжилж 70-85 сая хүний амь авч одон хөрст дэлхийг нураахтай шахсан Дэлхийн сүүлчийн дайн эхэлсний 80 жилийн “ой” энэ өдрүүдэд болж байна. Тухайн үед бие даасан тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн нийт 73 улсын 62 нь оролцож дэлхийн бөмбөрцгийн газар нутгийн 80 хувийг хамарсан энэ дайн хүний түүхэнд тохиосон хамгийн цуст, хамгийн том байлдаан байлаа.

Дэлхийн анхдугаар дайн дуусч Вэрсальд энхийн гэрээ байгуулан гариг ертөнцөө амар амгалан болголоо гэж хүн төрөлхтөн баярласан юм. Гэтэл үгүй ажээ. Нэг хэсэг нь ялагдсандаа хонзорхож, нөгөө хэсэг нь дэлхийн дайн асар их хожоо авчрах бололцоотойг хараадахаж. Дайнд ялсан зарим нь олсон олзоо чамлалаа. Бараг л дайны маргаашаас нэлээд улс орон дараагийн дайнд бэлдэж эхэлсэн юм. Голлох хэдэн хүчирхэг орнуудад цэргийн дэглэм тогтов. Цэргийн биш нь гэхэд цэрэг үзэл суртлаа бүрэн атгасан иргэний дарангуйлал. Муссолин Италид фашист дэглэм, Гитлер Германд нацист дэглэм, Сталин Орост коммунист дэглэм тогтоосон бол Японы төрийн эрх мэдлийг цэргийнхэн гартаа авчээ.

Түрэмгийллийн анхны туршилтыг Японы милитаристууд эхэлсэн. Тэд 1931 онд Зүүн Хойд Хятадын эзлэн авсан ба тэндээ Манж Го хэмээх тоглоомын улс байгуулж, цэргийн бүрэн хяналтдаа авсан. Дараагийн түрэмгийлэгч нь Итали. Тэд 1937 онд Этиопыг эзлээд хойтон жил нь Албанид довтолж өөрийн протекторат гэж зарлах нь тэр. 1937 онд Япон Хятадад дайн зарлалаа. Түрэмгийллээ дэлхий нийтийн өмнө зөвтгөхийн тулд Итали, Герман улсууд 1936 онд “Коминтерний эсрэг холбоо” гэгчийг байгуулсан юм. 1919 онд Москвад байгуулагдсан III Интернационал буюу Коминтерн тухайн үед дэлхий нийтэд хүчээ авч орон бүрд салбарууд нь байгуулагдан терроризм үйлдэн төрийн эрх мэдлийг хууль бусаар булаах оролдлого энд тэндгүй гарах болсон юм. Чухам ийм дарамтын эсрэг хуурамч нэгдэл нь олон оронд дэмжигдэж удалгүй Япон, Унгар, Финланд, Дани, Румын, Испани, Түрэг, Болгар зэрэг арав гаруй орон нэмж нэгджээ.

Гэтэл хойтон жил нь 1937 оны арваннэгдүгээр сард Герман, Итали улсууд “Тэнхлэг” гэх цэрэг эдийн засгийн холбоо шинээр байгуулсанд удалгүй Япон энд нэгдсэн юм. Үүнийг Берлин-Ром-Токиогийн холбоо ч гэдэг. Түрэмгий гурван орон шинэ дайн өдөөх үнэн хорхойсож байлаа. Анхдугаар дайнд ялагдсан Герман хонзогнолдоо баригдаж байсан бол, нэгдүгээр дайнд ялагч талд байсан Итали эдийн засгийн гүн хямралтай, харин мөн ялагч талд байсан Япон байгалийн баялаг, түүхий эдийн нэн хомсдолтойгоос гадна жижигхэн арал хүн амаа тэжээж хүрэлцэхгүй байжээ. Тэд зөвхөн гадагш түрэмгийллээр бэрхшээлээсээ гарч болно гэж үзэж байв.

СССР энэ үед алцганасан байдалд оржээ. Бүх дэлхийд коммунизм байгуулах үндсэн зорилготой учир хаашаа л бол хаашаа түрэмгийлэл үйлдэх сонирхолтой боловч Европын олон орон нэгдэж Коминтерний эсрэг холбоо байгуулсан учир хэцүү байдалтай. Учир нь Коминтерн гэдэг бол СССР! Иймээс үзэл суртлын хувьд Япон, Германыг маш ихээр харааж тэднийг буруутгаж байлаа. Нөгөө талаас Англи Францын ардчилсан орнуудыг өөрийн үндсэн зарчмын хувьд дэмжиж болохгүй байв. Коммунист онолоор бол хөрөнгөтний ардчиллыг юун түрүүн хүний түүхээс үлдэн устгах ёстой аж. Гэтэл Муссолины дэглэм юутай ч социалист, Гитлерийн дэглэм юутай ч бүр ажилчны социалист баримжаатай билээ. Зөвлөлтүүд Испанид болсон иргэний дайнд оролцон бүгд найрамдахчуудыг дэмжин тулалдсан. Бас хоорондоо биенээ үздэггүй Хятадын коммунист нам ба гоминданы намыг Японы түрэмгийллийн эсрэг аль алиныг нь дэмжиж байв. Герман, Италитай шууд нүүр тулан дайсагнахаас зэнзийрхэж байсан бол тэдэнтэй харьцуулахад дорой Японыг илэрхий өдөөн хатгаж мөргөлдөөнд дуудаж байсан юм. Энэ нь ч өөрийн логиктой. Удахгүй дэлхийн дайн болох нь сохор хүнд ч ойлгомжтой болсон энэ үед Сталин шинэ дайнд идэвхтэй бэлдэж байлаа. Дайн боллоо гэж үзэхэд асар уудам нутагтай СССР хоёр талдаа фронт нээн дайтах магадлал нэн өндөр. Иймээс тэрээр Дорно талдаа Японыг айлгах, өрнө талдаа Германтай холбоотон болох тактик барьж байсан. Иймээс Герман Италийн түрэмгийлэлд төвийг сахиж, Харин Японы Хятадад хийж буй дайнд Хятадыг илэрхий дэмжин зэвсэг байтугай цэргийн бие хүчний тусламж үзүүлж байв.

Герман 1938 оны гуравдугаар сард Австрийг өөртөө аншлуз хийн нэгтгэсний дараа Чехословакийн Сүдэтийг анекс болгон өөртөө нэгтгэхийг шаардах боллоо. Гитлертэй тохиролцож болно гэж үзсэн, нөгөө талаас түүнээс айсан англи, францчууд 1938 оны есдүгээр сард Мюнхэн хотноо Германтай хэлэлцээр хийн Сүдэтийг түүнд өгөхийг зөвшөөрч шанд нь цааш даврахгүй, дайн гаргахгүй гэсэн амлалтыг нь авчээ. Энэ бол өрнийн ардчиллын нэр хүндийг унагасан, түрэмгийлэлд бууж өгсөн, Гитлерийг улам давруулсан шившигт гэрээ байсан юм. Мэдээж Гитлер улам цаашилж Чехээс Словакийг салган өөрийн холбоотон болгосон ба Чехийн хойд хэсгийг нь Польшид, урд хэсгийг нь Унгарт “бэлэглээд”, үнэн хэрэгтээ Чехословак улсыг үгүй хийв.

Ийнхүү Дэлхийн дайн өдөөх түрэмгийлэгч орнуудын бэлтгэл бүрэн хангагдлаа. 1939 оны есдүгээр сарын 1-нд Герман Польш улсад гэнэт халдан довтолсноор дэлхийн Хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Польшийн холбоотон Британи, Франц улсууд 1939 оны есдүгээр сарын 3-нд Германд дайн зарлав. Дагаад Англи, Францын колони орнууд, гол холбоотон Канад, Австрали улсууд дэлхийн дайнд татагдан орох нь тэр ээ. Гэхдээ Холбоотонд АНУ, СССР, Хятад гэсэн аварга гүрнүүд нэгдэхгүй, байдлыг хөндлөнгөөс хараад хэрхэхээ шийдэж ядаж байв. АНУ нь Холбоотнуудад эд материалын дэмжлэг үзүүлж, СССР болохоор Хятадад зэвсэг техникийн тусламж үзүүлж, харин тэнхлэгийн гол гүрний нэг Японтой байлдаж буй Хятад яагаад ч юм АНУ-ын байр суурийг харзнаад байв.

Японы Хятадад хийж буй дайн сунжирч тамирыг нь барж байв. Энэ нь СССР-т ашигтай, учир нь юутай ч Алс Дорнод руу довтлохыг дэмждэг Японы цэргийн бүлэглэлийг ганцаардуулах хэрэгтэй байлаа. Иймээс байлдаж буй Хятадыг аль болох ихээр дэмжихийн зэрэгцээ Манж Го улстай хиллэсэн хилээр зөвлөлтүүд Японы эсрэг өдөөн хатгалга хийх болов.

1938 онд Хасан нуур орчимд ийм өдөөн хатгалгынхаа хүчээр мөргөлдөөн үүсгэсэн боловч нэлээд хохирол хүлээжээ. Ингээд 1939 онд Монголын эзгүй тал нутаг болох Дорнод хилийг мөргөлдөөний полигон болгон сонгож аваад томоохон тулалдаан үүсгэсэн юм. 1939 оны наймдугаар сарын 20-нд хоёр тал ихээхэн хүчээр байлдаж зөвлөлтүүд энэ тулалдаанд ялалт байгуулжээ. Энэ бол СССР дайны сайн бэлтгэлтэй, хүчирхэг байгаагаа дэлхий дахинд харууллаа. Чухам үүнийгээ үзүүлэх нь ч Сталины ганц зорилго байсан юм. Ингээд 1939 оны наймдугаар сарын 23-нд Москвад Риббонтроп-Молотовын хэлэлцээ гэж түүхэнд нэрлэгдэх болсон СССР, Германы найрамдлын гэрээ байгуулагдлаа. Хоёр тал харилцан үл довтлох гэрээ илээр хийж, Европын газар нутгийг хувааж авах гэрээг нууцаар хэлэлцэн тогтов. Дараа нь Халх голын тулалдааны гал зогсоох хэлэлцээг 1939 оны есдүгээр сарын 15-нд Японтой хийж тохиров. Ердөө маргааш нь Германтай тохирсны дагуу Зөвлөлтийн цэрэг Польшид зүүн талаас нь халдан газар нутгийг нь эзэлснээр Герман, СССР хоёрт шахагдсан Польш улс газрын зургаас арчигдав. Эдгээр нь урьдаас төлөвлөсөн цуврал үйлдэл байлаа. Японтой харилцан үл довтлох гэрээг СССР 1941 оны гуравдугаар сард хийсэн юм.

Вэрсалийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан Лиги Наци буюу дэлхийд энх тайвныг сахин хамгаалах олон улсын байгууллагаас түрэмгийлэгч гүрнүүд болох Герман, Итали, СССР, Японыг хөөсөн боловч аль нь ч үл тоожээ. Харин ч энэ нь дэлхийн дайныг шатлан өргөжүүлэх сайхан далим болов. Герман, СССР хоёр Европыг хувааж авахаар нэгэнт тохирсон учир германчууд өрнө тийш Францыг цахилгаан дайнаар эзлэн авсан ба цааш улам давшин Бельги, Дани, баруун Скандинавыг булаан авлаа. Тэд Балкан руу довтлон Герег, Югослав зэрэг орнууд руу дайтав. СССР нууц гэрээгээр өөрт нь ноогдсон Румыны Бэссараби, Чехийн Карпатыг булаасан төдийгүй Эстони, Латви, Литвийг эзэлж өөртөө аван анекс хийсэн юм. Тэр байтугай Германтай тохироогүй байж Финланд улсад довтолж Карилийн хойгийг нь булаан авчээ. Ийнхүү СССР нь эргэлзээгүйгээр Тэнхлэгийн гүрнүүдийн хамсаатан болсон билээ. Дэлхийн дайн ийнхүү үнэхээр бүх дэлхийг хамарсан юм.

Түрэмгийлэгч гүрнүүд бүх дэлхийг эзэгнэн захирах дээр ижил зорилготой байсан болохоос хэзээ ч биендээ итгэж байгаагүй. Дайнаас өмнө Муссолини Гитлерийн бодлогыг үргэлж шүүмжлэн түүнийг үзэж чаддаггүй байжээ. Испаний фашист дарангуйлагч Франко иргэний дайны үеэр Герман, Италиас асар их дэмжлэг авсан боловч дайн дуусангуут улсаа төвийг сахилаа гэж зарлав. Нацист Герман холбоотон Японыгоо дандаа басамжлан үздэг, зөвхөн ашиглахын тулд АНУ-ын эсрэг өдөөн хатгалга хийхийг шаарддаг байлаа. Япончууд Америкт довтолоход Герман маргааш нь АНУ-д дайн зарласан бол Герман СССР-т дайн зарлахад япончууд харилцан үл довтлох гэрээгээрээ бамбай хийн хойш сууж байсан. Уг нь тэнхлэгийнхэн хэн нэг нь аль нэг оронтой байлдахад шууд хавсрах гэрээтэй юм.

Шинээр холбоотон болсон Герман, СССР хоёр харилцан үл довтлох гэрээгээ хөсөрдүүлэн биен рүүгээ түрүүлж довтлохоор сэм бэлдэж байжээ. Германчууд түрүүлэн 1941 оны зургадугаар сарын 22-нд гэнэдүүлэн довтолсноор оросуудын өөрсдийнх нь нэрлэдэгээр Аугаа их эх орны дайн эхэлжээ. Хил дээрээ зөвхөн довтолгооны хүч бөөгнөрүүлсэн байсан, хамгаалалтын хүч бэлдээгүй СССР эхний цохилтонд сүйрэлд орлоо. Удалгүй Английн Ерөнхий сайд Чөрчилл Москвад айлчилснаар СССР нь Холбоотны талд нэгмөсөн орсон юм. Япончууд 1941 оны арваннэгдүгээр сарын 26-нд АНУ-ын Пөрл Харборт гэнэдүүлэн довтолсноор хоёр тал дайны байдалд шилжлээ. Ингээд АНУ Холбоотны нэг болсон ба тэр дор нь Хятад мөн Холбоотонд нэгдэв. Дэлхийн энэ дайн 1939 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 1945 оны есдүгээр сарын 2-нд дууссан. Аймшигт дайн! Дайны дундуур голлох түрэмгийлэгч улсуудаас СССР 1941 онд, Итали 1943 онд Холбоотны талд орсон тул дайны хариуцлага хүлээгээгүй. Энэ дайнд хамгийн хохирол хүлээж олон сая хүнээ хядуулсан нь Хятад, СССР хоёр юм.

БНМАУ 1945 оны наймдгуаар сарын 10-нд милитарист Японд дайн заралснаар бас Холбоотны нэг боллоо. Монгол ардын хувьсгалт цэргийн 21 мянган байлдагч Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд оролцсоноор эргэлзээгүйгээр ялагч гүрнүүдийн тал болсон юм. 1945 оны есдүгээр сарын 2-нд дэлхийн дайн дууссаныг тохиолдуулан Улаанбаатарын тэнгэрт Их Британи, СССР, АНУ-ын үндэсний туг БНМАУ-ын төрийн далбаатай зэрэгцэн намирч байсан билээ. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд энэхүү ялагч гүрнүүдийн холбоотон болсон явдал голлох үүрэг гүйцэтгэсэн. Чухам монголчууд холбоотон болсон учраас 1945 оны наймдугаар сарын 15-нд хоёр хөрш Хятад, СССР нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. 1946 оны нэгдүгээр сарын 6-нд Бүгд найрамдах Хятад улс, 1946 оны хоёрдугаар сарын 28-нд Зөвлөлт холбоот улс тус тус Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.

Дэлхийн энэ дайнаас хойш хүн төрөлхтөн дал гаруй жил энх амгалан амьдарсаар ирлээ. Бүс нутгийн байлдаан, үзэл суртлын мөргөлдөөн, үзэн ядахуйн дайсагнал, овог омгийн зөрчилдөөн тасралтгүй болж байсан ч гэсэн хүн төрөлхтөн дайны дараахь тогтсон дэг сахилгаа ерөнхийдөө барьсаар өдий хүрчээ. Үнэндээ өдий хүртэл хэн нь ч хэнийхээ газар нутгийг булаан эзэлж өөрийн болгох, анекс хийх явдал гарахгүй явсаар өдий хүрсэн юмсан. Харилцан хүчтэй зэвсэглэсэн хүчирхэг гүрнүүд хоёр лагерт хуваагдан удтал хүйтэн дайны нөхцөлд байсан ч мөн харилцан ойлголцлын үндсэн дээр халуун дайнд хүргээгүй.

Гэвч дэлхийн дайнаас 80 жилийн дараахь хорвоо ертөнц эрс өөрчлөгджээ. Хүйтэн дайн төгслөө. Энэ олон жилд дэлхийн дэг журмыг сахиулж байсан Зөвлөлтийн эзэнт гүрэн тарж бутарлаа, нөгөө талаас АНУ-ын зөвхөн амиа бодох хууч өвчин сэргэж байна. Тэртээ дайны үед сул дорой байсан Хятад, Энэтхэг улсууд дэлхийн сүпэр гүрнүүд болон өсч өндийжээ. Дайнд ялагдан сүйрсэн Герман, Япон улсууд эдийн засгийн аварга гигант болсон байхад ялсан оросууд эдийн засгийн чадвахаар эхний аравт ч багтахгүйгээр хойш суужээ. Тухайн үед байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байсан араб үндэстний улсууд өдгөө хамгийн баян орнууд болсон байна. Шашин хоорондын болон үндэстэн хоорондын зөрчил улам хурцдан байнга байлдаан тулалдаан мөргөлдөөн гарах болжээ. Нэг талаас салан тусгаарлах явдал газар авч, нөгөө талаас газар нутгийн маргаан улам дэвэрч байна. Үндэсний үзэл, үндсэрхэх явдал өнөөгийн ертөнцийн гол нүүр царай. Нэг л үгээр хэлэхэд Дэлхийн нэг, хоёрдугаар дайны хооронд манай гариг дээр үүссэн нөхцөл байдалтай тун төстэй явдал давтагдаад байна уу? Карл Маркс нэгэнтээ “Түүх хоёр удаа давтагддаг, эхнийх нь эмгэнэлт хэлбэрээр, дараагийнх нь ердөө л шоглол”! Түүнээс ч өмнө Шекспир “Амьдралд бүх юм хоёр дахидаг, драм хэлбэрээр ердөө ганцхан удаа, харин дахихаараа инээд хүргэсэн ядуухан элэглэл”! Энэ суутнуудын үг үнэн байгаасай даа.

2019.09.01

Categories
мэдээ нийгэм

Л.Гүндалай: М.Сономпил хахууль авсан гэдэг нь ор үндэслэлгүй. Би бодит гэрч нь байна

Эрчим хүчний сайд асан М.Сономпил албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр дөрвөн жилийн ял сонсож, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа. Тэрбээр М.Сономпилын дотны найз юм.


-Та улс төрөөс хөндийрснөөс хойш нам жим байх болсон. Тиймээс танаар сонин сайхан юутай вэ гэдгээс эхэлж ярих нь зүйтэй болов уу?

-Би ажилгүй хүн шүү дээ. Гэр бүлээрээ амарч байна. Ерөнхийдөө биеийн тамир, спорт бага зэрэг оролдсон шиг, хүүхдүүдээ сургуульд нь өгч, авсан шиг өдрийг өнгөрүүлж байна. Улс төрийн хувьд Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг ажиглаж байгаа. Энэ салбарт өрнөж буй үйл явцыг өөрийнхөө хувьд үнэлж, дүгнэж яваа.

-Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг авлига албан тушаалын хэрэгт холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан буруутай хэмээн шүүхээс ял оноосон. Энэ нь сүүлийн жилүүдэд шалгагдаж буй авлига, албан тушаалын томоохон хэргүүдээс шийдэгдсэн цөөн хэргийн нэг болж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Сайд асан М.Сономпил бол их сайн ажилласан, томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн хүн. Амгалангийн дулааны станцаас эхлээд бусад станцын өргөтгөл зэрэг олон асуудлыг шийдсэн. Зөв ажил хийсэн хүмүүсийнхээ улыг шагайж, ямар нэг өө хайж байгаа нь надад харамсалтай санагдаж байна. М.Сономпил хахууль авсан гэдэг нь ор үндэслэлгүй зүйл юм шүү. Би бодит гэрч нь байна. Бид хэдэн гэр бүлээрээ гадаадад амарч явсан юм. Тэгээд эрчүүд болсон хойно нэг казинод тоглосон нь үнэн. Бүгдээрээ л байсан 5-10 мянган ам.доллараа өгцгөөсөн. Миний санахын М.Сономпил найз маань Муратаас хэдэн төгрөг авъя, “IPO” босгоё гэсэн юм. Би ч бас дүү рүүгээ яриад таван мянган ам.доллар шилжүүлчихээч гэж гуйсан. Мань хүн ч бас хэдэн төгрөг шилжүүлж аваад долоо хоног амраад явж байсан. Тоглосон. Гэтэл үүнийг ашиглаад дансаараа мөнгө авсан байна гэсэн. Би мэдэж байна. Тийм болохоор миний муу найз Сономпил хэлмэгдсэн. Миний санаанд ч ороогүй юм. Гэтэл өөрөө сүүлд тэгж ярьж байсан. “Хэдүүлээ хэдэн жилийн өмнө өөрсдийн данс руу мөнгө шилжүүлж аваад тоглож байсан шүү дээ. Гэтэл тэрийг маань хахууль авсан гэсэн баримт болгоод ашиглаж байна” гэж ярьсан. Шүүхийн шийдвэр нь тэгж л гарсан байна лээ. Би бол гэрч. Яг дэргэд нь хамт байсан хүний хувьд 100 хувь гэрчилж байна.

-Та сайд асан М.Сономпилыг хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа юм байна. Яагаад, ямар зорилгоор тэр вэ?

-Сономпил бол хувь хүний хувьд жинхэнэ мужик, эр хүн. Олон найз нөхөдтэй. Хүнтэй их сайхан харьцдаг. Улс төрийн хувьд юм бүтээе гэсэн сэтгэлтэй улстөрч шүү. Гэтэл тийм нэг бэлтгэл ажил яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газрын дарга зэрэг хүмүүсийг сольчихлоо. Тэгээд нийгэм нэг тийм “цус гарах”-ыг хүлээгээд байна. Тэр цус гаргах үйл явцын эхний алхам нь тавигдах ёстой. Түүнд нь Сономпил найз маань өртлөө гэж харж байна. Амгалангийн дулааны станц хэмээх том байгууламжийг байгуулсны төлөө шалгаад юм олоогүй шүү дээ. Тэгээд дансаар нь орж ирсэн мөнгөөр барьцаалж байна. Өөрийнхөө дансаар мөнгө авахгүй бол болдоггүй юм. Хамт зэрэгцэж зогсож байгаад би дүүгээсээ, Сономпил Муратаас мөнгө зээлсэн юм. Гэтэл тэрийг нь хахууль авсан болгоод дайрчихаж байна.

-Таны талаар зарим зүйлийг тодруулмаар байна. Та нам жим болсон нь улс төрөөс гарч байгаа гэж ойлгож болох уу?

-Миний хувьд арвин их улс төр, нийгэм, эдийн засгийн туршлагатай. Өнөөгийн улстөрчид, ялангуяа 76-г харахад өрөвдөлтэй харагдах юм. Улс орны эдийн засгийг харахад ч хайран санагдаж байна. Би өөртөө нэг үг бодож олсон. Чи хэрэв хөрсөн дээрээ ургахгүй юм бол чиний оронд шарилж ургана шүү дээ гэж. Өөрөөр хэлбэл, улс орноо өөд нь татахын төлөө бүгд л хамтарч зүтгэхгүй бол улс орныг чинь хоосолж, цөлмөөд, эдийн засгийн хувьд бусдын колони болгоод явах хүйтэн сэтгэлтэй хүмүүс олон байна. Тиймээс би өөрийгөө өвс гэж бодож байна. Би өөрийнхөө хөрсөн дээрээ ургахгүй юм бол миний оронд шарилж ургах гээд байна. Тийм болохоор би улс төрийг хаяагүй. Хэрэв шарилж ургах гэж байвал би ургуулахгүйн төлөө тэмцэх болно. Өөрөө ургах болно гэж бодож байгаа.

-Тэгэхээр та ирэх сонгуульд хүч үзэх бодолтой байна гэсэн үг үү?

-Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн хууль хаашаа хэрхэн шийдэгдэх үү, намуудын тухай ямар зүйл заалт орох вэ гэдгийг харж байна. Энэ оны сүүл, 2020 оны эхээр улс төр ид идэвхжинэ шүү дээ. Тэр үед л нэг шийдвэр гаргах байх даа. Өмнө нь хэлсэн. Би улс төрийг орхиогүй. Энэ улс төр дэндүү бохир, муу муухай байна. Үнэндээ улстөрчид Монголыг доош нь чангааж байна. Улс төрийн хүчтэй лидер гарч ирэхгүй байна. Зөв бодлого явахгүй байна шүү дээ. Зүгээр доороо дэвхцээд л, бүх юмаа сүйтгээд байна. Ийм маягаар улс орон хөгжихгүй. М.Энхболдыг зайлуулчихвал улс орон хөгжчихөөр, МАНАН алга болчих мэтээр яриад байсан. Тэр хүн суудлаа өгсөн. Хагас жил боллоо. Юу өөрчлөгдөв. МАНАН-тай байлдаад байна гэдэг. Гэтэл өөрсдөө МАНАН болчихсон. Үнэхээр шударга ёс тогтооё гэж бодож байгаа бол зүв зүгээр байж байгаад баяжчихсан хүмүүстээ хариуцлага тооц. Үзэгний үзүүрээр Дубайн гэрээ байгуулаад баяжчихсан. Монголыг худалдаад баяжчихсан өч төчнөөн хүн байна. Тэднийг барьж авч, өмч хөрөнгийг нь хурааж, шударга ёс тогтоож, ингэж болдоггүй юм шүү гэдгийг үзүүлэх ёстой. Гэтэл зүгээр байсан Сономпил сайдыг барьж авч ял оноож байгаа нь шударга бус. Энэ хүн том компанитай, бизнестэй. Өөрийн өмч хөрөнгөтэй шүү дээ. Авлига аваад байх шаардлагагүй. Бид казинод сууж байгаад Монгол руу утасдаж мөнгө авсан.

-“Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо” ТББ-аас өнөөдөр (өчигдөр) таныг газрын сүлжээний бизнес хийдэг, Ерөнхий сайдын нэр барьж иргэдийн газрыг дээрэмдсэн гэж мэдээлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Өнөөдөр хүн яриад сайт дээр хүний газар дээрэмдээд, нохойг нь алсан гээд гурван хүн хэвлэлийн бага хурал хийсэн тухай мэдээ гарсан байна гэлээ. Би тэрийг нь уншлаа. Үнэхээр ор үндэслэлгүй гүтгэх юм. Монгол Улсад хууль алга. Энэ хүмүүс хүн гүтгээд зүв зүгээр өнгөрч чадаж байгаа байхгүй юу. Хууль нь тийм, хуулийн байгууллага нь ч ийм. Тийм учраас л хүнийг ор үндэсгүй ингэж гүтгэж болоод байна. Би олон гүтгүүлж байсан. 30-40 үүлээ суугаад хэвлэлийн хурал хийгээд гүтгэж дайрч байсан. Надад хүнээс сэтэрхий тэвнэ ч авах шаардлага байхгүй. Би гүтгэлгүүдийг тоохоо больсон. Гэхдээ бурхан дээрээс харж зөв бурууг нь ялгаж байгаа байх гэж боддог.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Н.Сүхдорж: “Болор цом”-оос хасагдсаны дараа П.Бадарч ах намайг “Шүлэг уншаад боссон байна, шулга уншаад унасан байна” гэдэг байгаа

Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвиж яваа цөөхөн зохиолчийн нэг бол Сэлэнгэд ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвиж яваа зохиолч, яруу найрагч Нямжавын Сүхдорж билээ. Түүнийг манай уншигчид “Айлын хөөрхөн Жинжиймаа”, “Монгол наадам”, “Эх Монгол орон“, “Сэлүүн дэнжийн яргуй”, “Буур хээр” зэрэг нийтэд хүрсэн дуу шүлгээр нь эчнээ таних биз ээ. Бас тэрээр 1995 оны Монголын анхны кино наадмын тэргүүн шагналт “Бор чоно” кино, 2014 оны олон улсын “Гэгээн Муза-12” наадмын тэргүүн шагнал хүртсэн “Галдан бошигт хаан” жүжиг, 2019 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртсэн “Өндөр хөхийн унага” романы зохиогч юм. Энэ удаа бид сониныхоо зочин хоймортоо зохиолч яруу найрагч Нямжавын Сүхдоржийг урилаа.


-Манай ихэнх уран бүтээлчид төв нийслэлдээ ажиллаж, амьдарч, төвийн сонин сэтгүүл, радио телевизэд ажиллаж уран бүтээлээ туурвидаг. Гэвч та хөдөөнөө л сууж уран бүтээлээ туурвиж явна. Хотоосоо алс газарт уран бүтээл туурвих нь танд илүү тааламжтай байна уу?

-Надад хотод суух бололцоо олдоогүй юм аа. Уг нь би 1975 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн хүн. Намайг төгсөхөд Ховдод хуваарилсан юм. Би яваагүй. Тэгээд хотод үлдэх санаатай дээгүүр, доогуур гүйж байгаад “Улаан од” сонинд сэтгүүлчээр орохоор боллоо. Би өөрийнхөө сайндаа ч биш. Намайг цэрэгт байхад манай ангийн хүнсний албаны дарга байсан хошууч Ж.Зундуй минь зуучилсан хэрэг. Долоо хоногийн дараа ажилд орохоор тохироод би гэдэг хүн баярлан гарч найзуудтайгаа ромбоны баяраа тэмдэглэн хоёр гурав хоног гадуур гишгэж яваад байрандаа иртэл ааваас “Ээж чинь эмнэлэгт хэвтсэн. Маш хүнд байна. Яаралтай ирж амьд дээр нь уулз” гэсэн цахилгаан ирсэн байдаг байгаа. Ийм цахилгаан авсан хүн чинь сандарна биз дээ. Ямар ч байсан ээжтэйгээ амьд дээр нь уулзъя гэж бодлоо. Явахаас аргагүй. Явах гэхээр зардал мөнгө байхгүй. Ажилдаа оронгуут чөлөө мөнгө гуйлтай биш. Тэгээд л Боловсролын яаман дээр очиж Ховдод ажиллая гэж томилолт зардлаа аваад нисч очвол ээж маань зүв зүгээр “Чамайг сайхан хуурч авч ирлээ дээ дээ” гээд инээчихсэн цайгаа самраад зогсож байдаг байгаа. Ээжийнхээ эрүүл саруул байгааг хараад баярласан ч харин хуурч хөдөө авч ирснийг нь бодохоор гомдох шиг болж билээ. Нэг ийм юм болоод хөдөө гарчихсан хэрэг. Тэглээ гээд нэг их алдсан юм үгүй л дээ. Бичихийн хувьд гэвэл хонины бэлчээрт бичнэ үү, хотын цэцэрлэгт бичнэ үү ялгаа үгүй. Харин бичсэн зүйлээ түмэн олондоо хүргэхэд л төвд байдаг хүмүүст давуу тал их байдаг даа. Жишээ нь, нэг дууны шүлэг бичлээ гэж бодоход хотод бол хэн нэгэн хөгжмийн зохиолчтой холбогдоод ая дан хийлгэж дуулуулаад радио юм уу телевизэд өгчих боломж их. Харин хөдөө бол ийм боломж хомс байдаг. Харин одоо бол харилцаа холбоо хөгжөөд хот хөдөө, хоймор хатавчны ялгаа арилж байх шиг байна.

-Танд мартахын аргагүй гэгээн сайхан дурсамж их байгаа даа. Үүнээс хамгийн их тод дурсамж юу байна?

-За би одоо дал хүрч байна. Эргээд бодоход хүний амьдралд ердөө дурсамж л үлддэг юм уу даа. Урьд байсан юм одоо үгүй болж гоо сайхан охид эмээ болж, эрмэг зоримог хөвүүд өвөө болж. Өчигдрийн байсан юм өнөөдөр үгүй, бас цоо шинэ юм бий болж, ертөнц бидний нүдэн дээр өөрчлөгдөж байна. Он цагийн насан хөсөг жам ёсоороо урсан өнгөрч байна. Бид энэ их урсгалд зөвхөн дурсамжаа үлдээгээд л хөвөн оддог өчүүхэн бяцхан зомгол юм аа. Би бусдын нэгэн адил хүн ёсоор хүний амьдралыг туулж явна. Тийм болохоор надад гэрэлтэй, сүүдэртэй олон дурсамж үлдсэн дээ. Би анх Ховд аймгийн Мөст суманд айл орон болж анхны галаа асааж байлаа. Ууган хүүгээ өлгийдөн авч бас аав болж байлаа. Энэ бүхэн мартахын аргагүй сайхан дурсамж. Уран бүтээлч хүний хувьд надад үлдсэн хамгийн сайхан дурсамж бол уран бүтээлээ үзэгч, уншигч олондоо хүргээд нижигнэсэн алга ташилтаар шагнуулаад зогсож байсан дурсамжууд минь юм. Намайг Мөст суманд ажиллахаар очиход нэрт хөгжмийн зохиолч Х.Баатарын дүү Х.Мөнхнасан гэдэг залуу дуу хөгжмийн багшаар ирэв. Тэр их авьяастай. Миний нэг шүлгэнд ая хийгээд Октябрийн баярын концертэнд сумын тэргүүний уран сайханч Моонж гэдэг залуугаар дуулууллаа. Клубийн эрхлэгч Басан гэж өндөр бор залуу найрал баян хуур хөгжмөө алд алд сунгаж татан ая хөгийг нь өгч тоглоход Моонж ч

“Эргээ давалсан урсгал Буянтын эрчлэн хуйларсан мөнгөн давлагаа

Эрхэс тэнгэрийн нарны дор энхийн далбаа шиг намиран байна аа”

гээд л цангинуулж өглөө. Дахиуллаа. Сумынхан гэдэг чинь нэг дууг хэд дахиулах нь бүү хэл бөхөө хэд дахиулан барилдуулж мэдэх дөжгөө улс хойно доо. Үзэгчид нижигнэтэл алга ташаад дахиуллаа. Бүгдээрээ л над руу хараад байх шиг. Тийм нэг сайхан дурсамж тод байна. За тэгээд “Бор чоно” киногоо хийчихээд нээлт хийж байхад сайхан байлаа. Тэр үед чинь билет нь олдохгүй шагаар зарагдаж байсан юм шүү дээ. Жүжгийн нээлт хийгээд улаан хивсэн дээгүүр алхах ч бас л сайхан дурсамжай л юм билээ. “Галдан бошгот” жүжиг маань 2014 оны “Гэгээн муза-12” наадмын шилдэг жүжгээр шалгарч “Шилдэг жүжгийн шагнал” цомыг нь аваад зогсож байхад сайхан л байсан даа.

-“Болор цом”-ын наадамд хэр үзэж байв даа. Ер нь “Болор цом”-ын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-“Болор цом” бол сайхан наадам шүү дээ. Одоо монголчуудын хүсэн хүлээдэг сайхан наадам болсон. Би ганц хоёр л оролцсон. Хөдөөнөөс чинь ирэхэд явдал чирэгдэл ихтэй байдаг болохоор тийм ч олон оролцож чадаагүй. Нэг удаа ирж үзэлцээд нэгийн даваанд уначихлаа. Наадмын дараа жижигхэн цайллага боллоо. Би Сэлэнгээс авч гарсан ганц юмаа нэмэр болгон барьтал Бадарч ах аваад хундаганы үг хэллээ дээ. Намайг харж тас, тас хөхөрснөө нүдээ онийлгон жоготой хараад хэлж байна аа. “Сэлэнгээс Сүхдорж ирсэн байна. Сэржимээ аваад ирсэн байна. Болор цомд орсон байна. Боржоомны шилэнд уралцсан байна. Шүлэг уншаад боссон байна. Шулга уншаад унасан байна” гэдэг байгаа. Бөөн инээдэм. Би нээрээ өөрөө мэддэггүй болохоос шүлгээ муу уншдаг, шулга нөхөр юм байна лээ шүү дээ. Тэгээд ч шүлгээ сайхан уншдаг яруу найрагч хүн хийморьтой сайхан шүү дээ.

-Ингэхэд таны уран бүтээлийн багш хэн бэ. Та хэдийгээс эхэлж уран бүтээл туурвиж эхэлсэн бэ?

-За даа ер нь бол тэтгэвэрт гартлаа ажлынхаа чөлөө заваар хагас бүтэн сайнаар л уран бүтээлтэй ноцолдож байлаа. Бид бүгд л тийм дээ. Тэтгэвэрт гарснаасаа хойш уран бүтээлээрээ дагнасан гэж болно. Би анх 1965 онд Ховд аймгийн Зэрэг сумын долоон жилийн сургуулийн долдугаар ангид байхдаа шинэ жилээр шүлгийн уралдаанд анх орж, “Өвгөн аав” гэдэг шүлэг бичээд нэгдүгээр байр эзэлж дэвтэр харандаагаар шагнуулж урам авсан хүн л дээ. Түүнээс хойш л уран зохиолд хорхойсдог болсон. Бага байхад эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. Тэр үед ямар радио, телевиз байсан биш. Эмээ, өвөө хоёр маань орой болохоор надад үлгэр их ярьж өгдөг байлаа. Тэр бүхэн л нөлөөлсөн байх даа. 10 жилд манай Утга зохиолын дугуйлангийн Баянзулын Баасанжав гэж сайхан цэцэн цэлмэг багш байлаа. Оюутан болоод Дашдорж гэдэг сайхан буянтай буурал багшийн гар дээр очсон доо. Сүүлдээ бүр дугуйлангийн эрхлэгч болж Р.Батаахүү, Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, Л.Мягмарсүрэн, Хөвсгөлийн Түмэндэмбэрэл, Анагаахын дээдийн шар Л.Мягмарсүрэн, Д.Цогтоо, хуулийн сургуулийн Б.Сундуй гээд хэдэн сайхан “амьтад”-тай нийлж дугуйлан хэсээд өвчигнөж явдаг байлаа. Одоо эд нар маань сайхан уран бүтээлчид болсон байна аа. Ш.Сүрэнжав ах, Галсан ах, П.Бадарч, Б.Хүрэлбаатар гээд сайхан буянтай хүмүүсийн нөмөр нөөлгөн дор явж өдий хүрсэн дээ. Хар хэмээх Зана, З.Түмэнжаргал, С.Пүрэв, орчуулагч Алтанхуяг, зураач Жандал гээд олон сайхан найзуудтай уран бүтээлийн урт замд дөрөө харшуулж явсан минь юутай их аз завшаан бэ гэж боддог доо.

-Сүүлийн үед уран бүтээлийн олз омог хэр байна даа?

-Он гараад нэг тууж бичлээ. Атрын 60 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж гэх үү дээ. Миний авга ах Хөхийн Готов гэж Халх голын дайнд явж байсан одонтой лут өвгөн байсан. Тэр өвгөн дайн байлдаанд явсан тухайгаа ярьдаг байсан. Болсон үүх түүхээс сэдэвлэн бичсэн хэрэг. Бас хоёр жүжиг бичлээ. “Нүдэн булаг” жүжгийг нь манай аймгийн Засаг дарга Шархүүгийн Оргил, Монгол телевизийн найруулагч Намсрайн Чингис, төрийн шагналт зохиолч Д.Норов нар дэмжиж теле жүжиг хийхээр ярилцаж байна. Мөнгө цаас нь бүтвэл энэ жилдээ үзэгчдэд хүрчих байх аа. Ганц хоёр кино зохиол яригдаад л байдаг юм. Мөнгөн дээрээ очоод зогсчихоод л байна даа.

-Энэ жилийн“Алтан өд” шагнал хүртсэн “Өндөр хөхийн унага” роман таны анхны роман гэж сонссон. Яруу найрагч хүнд үргэлжилсэн үгийн зохиол бичих хэр байв?

-Би дууны шүлэг, яруу найраг голлон бичдэг, үргэлжилсэн үгийн зохиол бол цөөхнийг бичсэн хүн. “Өндөр хөхийн унага” бол миний анхны роман юм. Хөдөө амьдарсан хүний дурсамж сэтгэлд тод байдаг юм байна. Тэр үед ажиллаж, амьдарч байсан хүмүүсийн ярьж, хэлж байсан зүйлүүд сэтгэлд тод үлдсэн. Тэдний яриа хөөрөө, тэр хүмүүсийн үйл, амьдрал сэтгэлд кино зураг шиг тод буусан. Хэзээ ч баларшгүй тэр сайхан дурсамжийг бичиж үлдээх нь зөв гэж бодоод уран зохиолын янз бүрийн төрөл жанрт шингээж туурвисан. Энэ удаа роман бичсэн нь энэ. Монгол хүн морио бичихгүй бол болохгүй. Монголын сайн эр, сайхан бүсгүйчүүдийг бичихгүй бол болохгүй. “Өндөр хөхийн унага” романд сайн эр, сайхан бүсгүйн тухай гардаг. Түүхэн цаг үеийг баримттайгаар тусгаж, 1911 оны Ховд хотыг чөлөөлөх түүхэн үйл явцыг нэлээд дүрсэлсэн ийм бүтээл.

-“Гэгээн муза” наадмын шилдэг бүтээл “Галдан бошигт хаан” жүжиг ч бас аатай бүтээл болсон талаар тухайн үел шүүмжлэгчид хэлж байсан. Энэ бүтээлийн тань тухай асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Тухайн үед Зүүнгарын хаант улс буюу Ойрадын хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийн ойг Ховд аймагт тэмдэглэж даншиг наадам зохион байгуулсан юм. Тэр үеэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Галдан бошигт хаан” дуулалт жүжгийг тайзнаа тавьсан. Өмнө нь би “Ану хатан” жүжиг бичиж Ховдын театрт тавиад байсан. “Ану хатан”-г бичихийн тулд нэлээд судалгаа хийсэн маань “Галдан бошигт хаан”-ыг бичихэд илүү ойр дөт дөхөмтэй болгосон. Түүхийн мэргэжлийн олон хүнтэй уулзаж судалгаагаа гүнзгийрүүлсэн. Галдан бошигт хааны тухай олон жүжиг, кино, роман, тууж гарсныг манай уншигчид сайн мэдэж байгаа. Гэхдээ Галдан гэдэг хаан байсан, хувилгаан байсан, бурхан, чөтгөр байсан гэдэг хувь хүн талаас нь биш, Монголын түүх гэдэг өнцгөөс харж цомнолоо бичсэн гэх үү дээ.

-Та манай уншигчдад уран бүтээлийнхээ дээжээс толилуулахгүй юу?

-Өө тэгэлгүй яах вэ. Би аян замынхаа шүлгүүдээс ганзага задалж шүлэг өргөе.

Дүүмэд бүсгүй

Дүүмэд бүсгүйн

Дүрлэн алаг нүд

Дүүрэн жаргалтай

Эрвэлзсэн

Энэ алаг нүд

Эгдүүтэй

Хөөрхөн энэ алаг нүдэнд

Хорвоо ямар гоё харагддаг бол

Хөнгөхөн шүүрс алдах чинь

Харин чамд зохисонгүй л дээ.

Дуниартсан алаг нүд чинь

Униартсан сэтгэлийг минь гижигдэнэ.

Дуу аялсхийж, зуу татаж, тамхи зууж

Хэн нэгэн рүү утасдмаар санагдана.

Хаа нэгтээ гээсэн юмаа эрэх шиг

Халаас энгэрээ тэмтчинэ.

Гэртээ орж нэг суумаар

Гадаа гарч нэг алхалмаар

Сэтгэл хөвхөлзөнө.

Дүрлэн алаг нүдээрээ

Намайг харахад чинь би дуртай

Дүүрэн жаргалтай инээд цалгиан

Тосоод ирэхэд чинь би дуртай

Тормолзсон алаг нүдэн бүсгүй минь

Томоотой л байгаарай даа

Насны минь дэнс далбилзаж

Намба алдаж мэдэх нь байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Ц.Нарангэрэл: Вокзал дээр буугаад л “Бид чинь монгол хүн мөн юм байна шүү дээ” гээд уйлсан


Арын эгнээний зүүн гар талаас: Б.Бум-Эрдэнэ, Хастуяа, Хөххад, Мэргэн, Болд, Мэрьеэ. Урд эгнээний зүүн гар талаас: Б.Амин-Эрдэнэ, Ц.Отгонхүү, Ху.Өлзий, Ц.Нарангэрэл

“Хотон монголчуудаа мөшгөсөн аян замын тэмдэглэл” номын зохиолч Ц.Нарангэрэл, түүний охин Б.Бум-Эрдэнэ нартай ярилцлаа.


-Танай гэр бүлийнхэн хотон монголчуудын үүх түүх, үүслийг тодруулах гэж Өмнөд Монголын Иньчуан, Ордос, Алшаа, Туньляо, Хөх хотуудаар аялж ирээд “Хотон монголчуудаа мөшгөсөн аян замын тэмдэглэл” нэртэй ном гаргажээ. Чухам ямар учраас ийм аялал хийх болов?

Ц.Нарангэрэл:-Би Увс аймгийн Тариалан сумын харьяат, хотон хүн. Одоогоос 30-35 жилийн өмнө байна уу даа, Улаангомд сурч байхдаа нэг зүйлийг их содон анхаарсан юм. Тэр үед хотон хүүхдүүдийн хичээлийн дүн их дарагддаг байлаа. Би даалгавраа маш сайн хийж, хичээлээ зуун хувь сайн ярилаа ч дүн тавихдаа үнэлгээг нь заавал дардаг байлаа. Чи ямар ястан бэ гэж асуухаар “Хотон” гэж хэлэхээр “Дунд” тавина, өөр ястаны нэр хэлбэл “Онц, сайн” тавьдгийг хараад “Би яахаараа ингэж ад үзэгдэх болсон юм бэ. Би монгол хүн байж Монгол дотроо яах гэж гадуурхагдаж “Муу сайн ногоорсон хотонгууд, та нар цагаачид” гэж адлуулдаг юм бэ. Монгол эх оронд төрсөн, монгол цус булгилсан, монгол зан заншилтай байж яагаад цагаач гэж дуудуулдаг билээ” гэж бодоод чадал минь хүрвэл энэ бүхнийг судалж мэдье, үнэн зөвийг нь олъё, хойч үе минь бидний үеийнх шиг чичлүүлэхгүй амьдраасай гэж хүссэн. Манай гэр бүл “Хан хөхий Хархираа түргэн” гэж компани байгуулж, ахан дүүсээрээ хамтраад бизнес маань ч хөл дээрээ босч эхлэх үед багадаа хүсч мөрөөдөж, төлөвлөчихсөн байсан судалгааны ажлаа эхлүүлсэн. Ганцхан надад энэ асуудал тохиогоогүй, над шиг хичээлийнхээ дүнгээр даруулахаас эхлүүлээд гадуурхагдсан маягтай амьдрал туулсан хүмүүс олон байдаг. Тэр бүү хэл Төрийн шагнал авсан, одон медальтай, олонд нэр төртэй хотон хүмүүс яс үндсээ нуудаг. Би тэр хүмүүстэй уулзахад “Би дарагдаад байсан болохоор хотон гэдгээ нууж дөрвөд, халх гэж хэлсэн юм аа” гэж байсан юм. Тэгэхээр хотон хүн нүүр бардам “Би монгол хүн” гэж хэлж, хотон гэдгээрээ омогшиж, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээж амьдраасай гэсэндээ, хойч үедээ юм үлдээе, хүн болж төрснийхөө утга учрыг гаргая, гэр бүлийнхнээрээ олсон хэдэн арван төгрөгөө зарцуулж буян хийе гээд Өмнөд Монголыг зорьсон юм.

-Хэзээ аян замд гарсан бэ?

Ц.Нарангэрэл:-Анх 2014 оны хавар явсан юм. Тэр ондоо хоёр ч удаа явсан. Охин Б.Марал-Эрдэнэ, Б.Бум-Эрдэнэ, төрсөн дүү Ц.Отгонхүү, зээ охин Б.Амин-Эрдэнэ, хөтөч Хөххад гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр явсан.

-Эхлээд аль хотод нь очив?

Ц.Нарангэрэл:-Эхлээд Иньчуан хотод очсон. Тэнд Иран, Иракаас гаралтай, дайны хөлөөс зугтсан, коран судар уншдаг, мусульман шашинтай хүмүүсийг бөөнд нь нэгтгээд нэг үндэстэн гэж нэрлэсэн байсан. Тэдний хуримын зан үйл, оршуулга, уншлага гээд нэг ч зүйл нь хотон монголчуудтай таарахгүй байсан. Огт өөр гэж хэлж болохоор байлаа. Тэгээд би мухардсан. Хүний аяллын зорилго мухардахаар хүн их хэцүү байдалд ордог юм билээ. Тэгтэл охин Б.Бум-Эрдэнийн маань өмнөд монгол найз Хөххад нь Болд гэдэг хотон хүнтэй холбогдоод учир байдлаа хэлсэн чинь “Би бас хотон хүн байна аа. Наад хүмүүсээ наашаа, Алшаад дагуулаад аваад ир. Энд хотонгууд амьдардаг” гэж хэлсэн юм. Тэр үгийг сонсоод л бид шууд галт тэргэнд суусан. Алшаад очоод Болд гэх өмнөд монгол хүнтэй утсаар ярьж уулзах газраа товлоод яваад очлоо. Тэр мөч миний санаанаас ер гардаггүй юм. Шатаар өгсөөд дээш гарч байтал цэнхэр ногоон нүдтэй, шар царайтай яг л хотон ястанууд шиг тийм дүр төрхтэй хүн инээмсэглээд угтсан. Тэр хүн Ху.Өлзий гэж мундаг судлаач хүнийг дагуулаад ирсэн байлаа. Мөн хотон ястаны дээл хувцас, өмсгөл, гоёлтой эмэгтэйчүүдийг цуглуулсан байсан юм. Зоогийн газрын жижгэвтэр өрөөнд биднийг оруулсан л даа. Өглөөний цайн дээрээ нууцхан уулзаж байгаа нь тэр. Өмнөд Монголд ястан, угсаатнуудыг цуглаж, Ар Монголоос ирсэн хүмүүстэй уулзахад таатай ханддаггүй юм шиг санагдсан. Аян замын туршид хийсэн бичлэг, дарсан зураг, Ху.Өлзий гуайн ярьсан Цагаадай хааны үеэс монголчууд мусульман шашныг яагаад шүтэх болсон тухай, бидний үр удам Киргизстан, Узбекистан гээд хаагуур хаагуур нутаглаж байгаа тухай баримт нь надад одоо бий. Бид хагас мэргэжлийн камертай явж, бас кино хийсэн.

-Судалгааны ажлаар Өмнөд Монголоор явахдаа хэдий хэрийн хугацаа зарцуулж хичнээн мянган км зам туулсан бэ?

Ц.Нарангэрэл:-Хоёр жилийн хугацаанд явсан. Судлаач хүмүүст гаргалгаа гараг. Үр удамд минь юм үлдэг л гэж бид зорьсон.

Б.Бум-Эрдэнэ:-Бид нийтдээ 16 мянган км зам туулсан байдаг юм.

-Урт аян хийгээд буцаж нутагтаа ирэхдээ богцондоо юу юутай ирэв. Хүүхэд байхаасаа бодож ирсэн шаналгаатай бодол болоод аян замаас ирээд бодсон бодол хоёрын хооронд асар их ялгаа гарсан байлгүй?

Ц.Нарангэрэл:-Монгол хүн гэдгээ мэдэж ирсэн. Маш их баярласан. Вокзал дээр ирсэн чинь нүднээс минь нулимс асгарсан. Бид чинь монгол хүн мөн юм байна шүү дээ бодогдсон. Эх орноо өрөвдсөн. Түүнтэй зэрэгцээд эх орондоо маш ихийг хийж бүтээх эрмэлзлэл төрсөн. Би монгол хүн. Миний Монгол ямар ядуу амьдарч байгаа юм бэ гэж бодогдсон. Өмнө нь амьдарч байгаагүйгүй юм шиг, дотор нь аж төрж байгаагүй юм шигээр эх орноо шинээр харж эхэлсэн. Биднийг буухад их гандуу байж билээ. Тэр нь ч нөлөөлж, эх орон минь яасан гундуу байна вэ, яасан их хогтой бохир байна вэ гэж өрөвдөж хайрласан. Хятадын шинээр байгуулагдсан сайхан, цэвэрхэн хотуудаар явж ирээд эх орноо хараад их өрөвдсөн. Ихийг хиймээр санагдсан. Би цэвэр монгол хүн гэдгээрээ омогшсон.

Ц.Нарангэрэл Алшаа аймгийн хотон эмэгтэйтэй хамт

-Аяллын төгсгөлд таны үзэл бодолд эргэлт гарчээ?

Ц.Нарангэрэл:-Үзэл бодолд маш их өөрчлөлт гарсан. Эргэлздэг байсан. Би яг ямар хүн бэ. Миний өвөг дээдэс ямархуу хүмүүс байсан юм бол. Хаагуур амьдарч байсан юм бол гээд элдвийг боддог хоёрдмол үзэлтэй байсан бол нэг үзэлтэй болсон л доо. Нэг үгээр эх оронч үзэлтэй болоод ирсэн.

-Аяллаар үзэж харсан дуулснаа ахан дүүстээ ярьж сонирхуулсан байх. Мөн аян замын тэмдэглэлээ бичиж ном болгожээ. Хүмүүст сайн хүргэжээ?

Ц.Нарангэрэл:-Энэ номоо мянган хувь хэвлүүлж, сонирхсон, уншъя гэсэн хүмүүст бэлэг болгож тараасан. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 30 ном, “Интерном”, “Мир” номын дэлгүүрүүдэд ч номоо өгсөн. Миний номыг хүмүүс маш их сонирхдог. Одоо ч асууж сурагладаг. Бид энэ номынхоо хоёрдугаар дэвтрийг удахгүй гаргахаар зэхэж байгаа. Энэ их ажлыг манай нөхөр Х.Баярсайхан бид хоёр санаачилж, өөрсдөөсөө хөрөнгө мөнгө гаргаж байгаа ч хамгийн их ачаа, ажлын ихэнхийг миний охин Б.Бум-Эрдэнэ, Б.Марал-Эрдэнэ маань нугалсан. Маш их үүрэг гүйцэтгэсэн. Хятад болон уйгаржин монгол бичиг дээр хэвлэгдсэн түүхэн эх сурвалж, судалгааны ажлуудыг орчуулцгаасан. Энэ бүх ажлын 90 гаруй хувийг хоёр охин минь гүйцэтгэсэн гэж хэлж болно.

Б.Бум-Эрдэнэ:-Арав гаруй ном, эх сурвалжаас гол гол гэсэн сэдвүүдийг орчуулсан.

-Та бүхэн судалгаа хийж ирээд түүхийн ухааны мэргэжлийн хүмүүстэй уулзсан уу. Ямар хүмүүстэй ярилцаж мэдээлэл солилцсон бэ?

Ц.Нарангэрэл:-Уулзсан. Түүхч На.Сүхбаатар, хотон судлаач, Ард түмний гавьяат Б.Санхүү, доктор П.Лхагвасүрэн нартай уулзаж ярилцсан. Ямар нэг хувийн дүгнэлт хийхгүйгээр үзэж харснаа энгийн яриагаар сайн бичжээ. Зөв юм хийжээ гэсэн. Бидний хийж ирсэн камерын бичлэгийг судлаач Б.Санхүү ихэд сонирхож, дахин дахин үзэж сонссон шүү.

Б.Бум-Эрдэнэ:-Б.Санхүү гуай бол манайдаа бол хотон талын ганц том судлаач нь.

-Монголын ястанууд өөр өөрийн гэсэн онцлог, амьдралын хэв маяг, зан харилцаатай улс. Заримыг нь гаднаас нь хараад л ямар ястан болохыг хэлж болдог. Хотон монголчууд ямар онцлогтой улс байдаг вэ?

-Ганц жишээ хэлье л дээ. Дөнгөж сууж байгаа ч юм уу, юм түшээд явж байгаа хүүхдүүд хөгжмийн ая эхлэхэд л толгойгоо хөдөлгөөд, гараа хаялаад биелж эхэлдэг. Жаахан хүүхдүүд хэний ч урилгагүйгээр өөрөө босоод л биелдэг. Бий биелгээ бол бидний яс цусанд байдаг өв юм.

Хотонгууд огцом, цочир, дайчин талдаа. Цагаа яг барина. Хэлснээ хийдэг. Зорьсон зорилгодоо заавал хүрдэг. Маш их хөдөлмөрч. Хамгийн гол нь хүнтэй үерхэж найзалбал үхэн үхтэлээ үнэнч нөхөрлөж л дуусдаг улс. Ийм л зан чанартай хүмүүс байдаг юм. Хүнсний ногоо, тариа тарьдаг хүмүүс шүү. Юм тарьчихмаар газар байвал л тарьж ургуулчих гээд байдаг хүмүүс байсан юм шиг ээ. Хотод байхад л манай ээж гэр орондоо зүгээр суухгүй. Цэцэг, тасалгааны ургамал л тариад байдаг байсан. Би бас цэцэг тарина. Хотонгуудыг Галдан Бошигт Тэнгэр уулнаас авчирсан гэж ярьдаг. Миний өвөг дээдэс их л хямгач хүмүүс байсан юм болов уу гэж бодогддог юм. Юм бүхнийг хямгадаж, арвилж, нөөцөлдөг байж. Тэр зан чанар нь одоо ч бидэнд байдаг.

-Та бүхэн шашны хувьд бусад ястанаас өөр боловч бүх шашныг нэгтгэсэн ч гэмээр өвөрмөц шашинтай болов уу гэж харагддаг юм?

Б.Бум-Эрдэнэ:-Бид зуун хувь Мусульман шашинтай биш. Бүх шашины зан үйлээс тодорхой хэмжээгээр өөртөө тусгасан гэмээр нийлмэл шашинтай. Энэ шашинд шинээр нэр өгчихмөөр санагддаг юм. Исламын шашин биш. Бөөгийн шашин биш. Шарын шашин ч биш. Бүгдээс нь аваад өөрийн гэсэн шашинтай л болчихсон гэх үү дээ.

Ц.Нарангэрэл:-Зуун хувь Мусульман гэж хэлж болохооргүй. Коран судар дотор бөөгийн тэнгэрийн уншлага бас байдаг юм. Бөө, Коран судартай холилдсон ийм л уншлагатай. Манай Коран гэж байгаа л даа. Хотонгууд зурхайг маш гайхалтай зурна. Хотон хүн болгоны хэлсэн ярьсан болгон нь биелдэг, өндөр зөн совинтой хүмүүс байдаг.

-2010 онд 11 мянга гаруй хүн өөрийгөө хотон гэж бүртгүүлжээ. Хотон ястанууд Монгол Улсын аль аль аймагт төвлөрөн амьдран сууж байна вэ?

Ц.Нарангэрэл:-Увсад байна. Сэлэнгийн Цагааннуур, Бургалтай, Эрдэнэт, Чойрт бий. Цагааннуурын төв дээр 280-аад өрх байдаг юм билээ. Тухайн үед хотон ястныг цагаач гэж хавчих ч юм уу, нийгмийн элдэв үзэл гарч байхад өөрийгөө дөрвөд, халх гэж бичиг цаасан дээр өөрчилсөн хүмүүс их байдаг юм. Тэр 11 мянга гэдэг чинь дарсан тоо. 16-20-иод мянга байгаа байх шүү. Хотонгууд маань битгий өөрийнхөө яс үндсээ нууж, битгий ичиж амьдраасай, бахархаж амьдраасай гэдгийг харуулж хотонгууд Монгол мөн, биш гэдэгт хариулт авахын тулд л би аян замд гарсан. Эрлийнхээ зорилгыг биелүүлж, хотонгууд бид монгол хүн мөн гэдгээ олсондоо, монгол хүн гэдэгтээ омогшсон.

-Гучин жилийн өмнө өөртөө тавьсан асуултдаа хариулт авахын тулд түүнээсээ огт буцахгүй, урвахгүй, ухрахгүй, сэтгэлдээ тээсээр яваад хол замыг туулж эцэст нь эрснээ олсноос тань харахад хотон хүн гэж ийм уйгагүй, тууштай дайчин хүмүүс байдаг юм байна гэсэн бодол төрлөө?

Ц.Нарангэрэл:-Баярлалаа. Би бие дааж уламжлалт анагаах ухааныг сурсан. Рейкийн бясалгалын багш. Миний охин Б.Бум-Эрдэнэ маань уламжлалт анагаахын чиглэлээр зургаан жил сураад үргэлжлүүлээд Дүрс оношилгооны чиглэлээр сураад одоо дүрс оношилгооны эмчээр ажиллаж байна. Миний хань Х.Баярсайхан барилгын инженер мэргэжилтэй. Хэдий бид өөр өөр мэргэжилтэй ч гэр бүлээрээ угсаатан зүйн судалгаа хийдэг айл.

-Хотон гэж нэрний учир юу вэ. Хотон шувуутай холбоотой байх боломжтой юу?

Ц.Нарангэрэл:-Иньчуаны хотонгуудыг коран судар уншдаг мусульманчууд болохоор шашнаар нь адилтгаад Хотон гэчихсэн юм болов уу гэж бодож байна.

Б.Бум-Эрдэнэ:-Судлаач нар Хотон гэж нэрний тайлбар дээр нэгдсэн байр суурин дээр хүрээгүй байна. Миний ойлголтоор Шинжаанд хүмүүстэй уулзахад, Хотан гэж бие даасан нэг улс байсан. Тэрнээс үүсэлтэй нэр гэж ярьж байсан. Монголын зарим судлаач ч тэгж бичсэн байдаг. Ээжийн маань ярьсан шиг, хотон үндэстнүүд Исламын шашныг шүтсэн. Тэгтэл монгол хүмүүс исламын шашин шүтсэн чинь тэднийг Хотон Монгол, Монгол хотон гэх нэр авсан гэж үзэх нь ч бий. Шинжаанд зарим нэг хүмүүс “Уйгар, киргиз, монголчууд холилдож наймаа худалдаа хийдэг байж. Тэгтэл хотын хүмүүс ирж тэнд нь наймаа арилжаа хийдэг байжээ. Хотын хүмүүс гэдэг нь сунжирсаар Хотон гэх болсон” гэж ярьж байсан. Энэ мэт маш олон тайлбар, таамаглал байдаг юм билээ. Хотон шувуутай огт хамаагүй нэр.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Дэлхийн дайн 80 жилийн өмнө эхэлсэн” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Дэлхийн дайн 80 жилийн өмнө эхэлсэн” хэмээн өгүүлжээ.

“ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монголд дөрөв дэх удаагаа айлчиллаа” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлэв.

“Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун: ОХУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ажил хэрэг болгохын тулд хөтөлбөр гаргах нь зөв” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Лувсандамбын БатцэнгэЛ: Цэдэнбал даргын даалгавраар домогт Жуков жанжныд 14 хонож биеийг нь эмнэж байлаа” хэмээн “” нүүрт ярьсан байна.

“Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авдаг” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярив.

“Ирвэсний ангуучдад ээрэгдэж яваа хүн…” хэмээн “Хүмүүс” нүүрт өгүүлжээ.

“Дэлхийн худалдааны байгууллагад зарга мэдүүлжээ” гэж “Дэлхийн мэдээ” нүүрт бичлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

В.Путин​ нутаг буцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал дуусаж, тэрбээр нутаг буцлаа.

В.Путин манай улсад нэг хоногийн хугацаатай айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1 цаг 45 минут үргэлжилсэн уулзалт хийж, дараа нь хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан. В.Путины айлчлалын хүрээнд гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт зэрэг хоёр талын найман баримт бичигт гарын үсэг зурав.

В.Путин хэвлэл мэдээллийхэнд мэдээлэл хийх үеэрээ “Хоёр орны худалдааны салбараа улам өргөжин хөгжүүлэх боломж бий. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ” гэдгийг онцолсон.

Тэрбээр Маршал Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, айлчлалынхаа төгсгөлд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцсоныхоо дараа ийнхүү нутаг буцаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад богино хугацаатай айлчилсан ч айлчлалын үр, дүн ач холбогдлыг талууд өндрөөр үнэлж байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч удахгүй нээлтээ хийх гэж буй “Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэх Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг ойр дотноор хүлээн авахдаа таатай байх болно” гэсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь 2000 онд манай улсад анх төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа, 2014 онд Халх голын 75 жилийн ойгоор мөн айлчилж, энэ удаад 80 жилийн ойд уригдан буцлаа.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 19:00 цагт нутаг буцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал дуусаж, тэрбээр нутаг буцлаа.

Тэрбээр манай улсад нэг хоногийн хугацаатай айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн уулзалт хийж, дараа нь хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан. Үндсэндээ В.Путины айлчлалын хүрээнд гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт зэрэг хоёр талын найман баримт бичигт гарын үсэг зурав. В.Путин хэвлэл мэдээллийхэнд мэдээлэл хийх үеэрээ “Хоёр орны худалдааны салбараа улам өргөжин хөгжүүлэх боломж бий. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ” гэдгийг онцолсон. Тэрбээр Маршал Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, айлчлалынхаа төгсгөлд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцсоныхоо дараа ийнхүү нутаг буцаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад богино хугацаатай айлчилсан ч айлчлалын үр, дүн ач холбогдлыг талууд өндрөөр үнэлж байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч удахгүй нээлтээ хийх гэж буй “Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэх Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг ойр дотноор хүлээн авахдаа таатай байх болно” гэсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь 2000 онд манай улсад анх төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа, 2014 онд Халх голын 75 жилийн ойгоор мөн айлчилж, энэ удаад 80 жилийн ойд уригдан буцлаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны хүндэтгэлийн гэр өргөөнд уулзлаа.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгаа хэмээн халуун дотноор эхэлсэн яриа уулзалтын турш ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн юм.

Товлосон цагаас гурав дахин урт хугацаанд уулзаж, ярилцсан талууд өргөтгөсөн хэлэлцээрт ярилцах байсан бүхий л асуудлаа шийдвэрлэж, Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулах зэрэг томоохон асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч, баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар тохиролцсон юм.

Улмаар өргөтгөсөн хуралдааныг хийлгүйгээр шууд баримт бичигт гарын үсэг зурахаар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимийг зорьсон юм.

Уулзалтад, Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат нар оролцов.

ОХУ-ын талаас ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, Ерөнхийлөгчийн туслах Ю.В.Ушаков, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал Г.В.Зиновьев нар оролцлоо.