Categories
мэдээ нийгэм

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд гишүүд орон нутагтаа санаачилга гарган ажиллаж байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Уг хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн 8 сумын 44 багт мал угаалгын суурин ванн барьж, малаа эрүүлжүүлэх аяныг эхлүүлээд байна.

Өнгөрсөн амралтын өдөр /2019.09.01/ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уг хуулийн хэрэгжилтийг хангаж өөрийн тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон бусад албаны хүмүүст танилцуулж, мал угаалгын үзүүлэх сургалтыг Архангай аймгийн Булган суманд зохион байгууллаа. Үзүүлэх сургалтаар суурин ваннд болон зөөврийн угаалгын төхөөрөмжөөр бог малыг угааж, бод малыг зориулалтын шүршигчээр угаалгад хамруулсан юм. Анхан шатны нэгж буюу баг, сум суурин ваннтай болсноор богино хугацаанд түргэн шуурхай малаа угаалгад хамруулах боломж бүрдэж байна. Мөн уг ванныг цаашид олон жил ашиглах боломжтой учир төсөвт ч хэмнэлт гарч байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн онцолж байлаа. Монгол малыг эрүүлжүүлэх аяныг Архангайчууд санаачилж, баг бүр суурин ваннтай болж байна. Цаашид улс даяар 1500 гаруй баг бүрт суурин ванныг суулгаснаар нэг жилдээ 500-600 тэрбум төгрөгийн ашигтай байх боломжтой гэдэг тойм судалгааг гаргасан байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мал угаалгад малчдыг бүрэн хамруулахын тулд суурин болон зөөврийн угаалгын ваннаар хангах, хөдөлмөр, хүн хүчийг хэмнэсэн орчин үеийн арга, технологитой хослуулах боломжоор хангах ажил ийнхүү орон даяар өрнөж байна. Энэ жилээс эхлэн малын угаалгыг жилд хоёр удаа тогтмол зохион байгуулж байхаар болсон гэдгийг тодотгосон юм.

Чанарын шаардлага хангахгүй байгаа учир хонины нэхий үнэгүйдсээр өнөөдөр 500 төгрөгний үнэ хүрэхгүй байна. Тэгвэл мал сүргийг тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтын арга хэмжээнд тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулснаар арьсны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлж, арьс, шир, ноос ноолуурын чанар сайжирч, мах сүүний гарцыг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой байдаг. Ийнхүү Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн улс орон даяар хэрэгжиж эхнээсээ тодорхой үр дүн гарч эхлээд байна.




Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг болно

Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг энэ сарын 7-8-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Хоёр улсын шувууны судалгаа, хамгаалал, сурталчилгааны ажил эртний түүхтэй ч хамтран өдөрлөг зохион байгуулж байгаагүй аж. Уг өдөрлөгийг Хятадын олон улсын шувууны өдөрлөг байгууллагын санал болгосноор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика ХХК зэрэг байгууллага хамтран зохион байгуулах аж.

Монголд үржиж, Хятадад өвөлждөг нүүдлийн шувууд болон бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, шувуу ажиглах аяллыг хөгжүүлэх зорилготой дээрх өдөрлөгт шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагууд оролцоход нээлттэй юм.

Мөн .

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнхжаргал: Энэ долоо хоногоос “Сайн” картыг тарааж эхэлнэ

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд байгуулах, тээвэрлэх, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа.

“Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний төвийн бүсийн хангамжийн бааз нь өнөөдрийн байдлаар 2300 тонн түлш нөөцөлсөн. Мөн саравчинд 25 кг савалсан түлшийг нөөцлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бааз нь Халайст, Чингэлтэй, Долоон буудал орчмын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангана” гэж Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэв.

Дараа нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдээр очиж, борлуулагч нарын санал сэтгэгдлийг сонсож, түлшний борлуулалт, хадгалалт, савлалт ямар шатанд хийгдэж байгаатай танилцсан юм. Борлуулах цэгийн борлуулагч Т.Мандах “Манай борлуулах цэгийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж савлагаа, борлуулалтаа хийж байна. 10 тонн сайжруулсан шахмал түлш буусан байна. Өдөрт 2 тонныг савлана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өнөөдрийн байдлаар 230 борлуулалтын цэг байгуулагдсан байна. Өдөрт бид борлуулалтын цэг ажиллуулах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдтэй нэмж, гэрээ байгуулж байна. Өнөөдөр гэхэд 85 иргэнтэй дахин гэрээ байгууллаа. Одоогийн байдлаар 150 орчим цэгт түлш түгээгдсэн. Тээвэрлэлтийн ажлыг өшөө эрчимжүүлэх шаардлагатай байгаа учраас шөнийн тээвэрлэлтийг эхэлж байна. Мөн борлуулалтын цэгүүдээ илүү эрчимтэй байгуулах талд шахаж ажиллаж байна. Бид энэ долоо хоногоос сайжруулсан шахмал түлшийг худалдаж авах “Сайн” картыг тарааж эхэлнэ” гээд сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг хангамжийн бааз болон борлуулалтын цэгүүдийн хамт олноос хүсээд агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэж, хамтарч ажиллахыг хүссэн юм.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордож, нас баржээ

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордлогод орсон байдалтай нас баржээ.
Хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэрт гурван ширхэг, тунгалаг шингэн 100 грамм, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ-д оролцох баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо 2019 оны есдүгээр сарын 8-16-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзаж, Төрийн далбаа гардуулан, амжилт хүслээ.

Энэ удаад шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Г.Баттөгс, дасгалжуулагчаар НОБГ-ын СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн захирагч, ахмад Н.Адьяадорж нар ажиллаж байна.

Улсын шигшээ багт ГТУА 24 дүгээр ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, ГТУА 20 дугаар ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, ГТУА 58 дугаар ангийн аврагч, спортын мастер Ц.Балжинням, ГТУА 56 дугаар ангийн аврагч, спортын мастер Г.Энхтөр, ГТУА 56 дугаар ангийн салааны захирагч, спортын мастер Б.Эрдэнэсайхан, ГТУА 10 дугаар ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, ГТУА 56 дугаар ангийн автомашины жолооч А.Баттөмөр, ГТУА 22 дугаар ангийн аврагч Г.Гантулга, ГТУА 41 дүгээр ангийн аврагч Д.Сайнжаргал, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн төгсөгч Г.Дэлгэрдалай, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Г.Цогтбаяр нар багтаж байгаа юм.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Шатрын өсвөр үеийн ДАШТ-ээс Л.Очирбат хүрэл медаль хүртлээ

БНХАУ-д болсон шатрын өсвөр үеийн ДАШТ-ий 12 хүртэлх насны ангилалд “Дагшаахүү” клубийн тамирчин Лхагважавын Очирбат хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр тэрбээр дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол биелүүлжээ. Өнгөрсөн жил сурагчдын дэлхийн аварга болсон М.Очирбат ДАШТ-ий нээлттэй ангиллаас медаль авсан Монголын дөрөв дэх өсвөрийн шатарчин болсон нь энэ.

Тэмцээний 12 хүртэлх насны охидын ангилалд “Мон чесс” клубийн тамирчин, ДШХ-ны эмэгтэйчүүдийн дэд мастер Н.Энхболор V, 10 хүртэлх насныхад Б.Тэнүүнболд IX, ДШХ-ны дэд мастер Н.Содбилэгт, Н.Содгэрэлт нар X байрт шалгарлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрдэнэчулуун: ОХУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ажил хэрэг болгохын тулд хөтөлбөр гаргах нь зөв


Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунтай ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчиллаа.Таны хувьд айлчлалын үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноос хойш ОХУ-тай харилцах харилцаа мэдэгдэхүйц нааштай өөрчлөгдсөн байна.

Хоёр Ерөнхийлөгч хувийн сайн харилцаатай болсон байна лээ. Энэ бол маш чухал. Ер нь төр, засгийн тэргүүнүүд хувийн сайн харилцаатай байх явдал улсын ажлыг урагшлуулахад ихээхэн дөхөмтэй байдаг. Нэг өдрийн айлчлал хэн нэгэнд чамлалттай харагдаж магадгүй. Гэхдээ гол нь үр дүнг нь харах хэрэгтэй болов уу.

Иж бүрэн стратегийн түншлэлийг өнөөгийн нөхцөлд хамгийн дээд түвшин гэж харах нь зүйтэй байх. Ийм учраас энэ айлчлалын үр дүнг өндрөөр үнэлэхээс өөрцгүй.

Намайг 2000 онд Гадаад харилцааны яамандаа буцаж ирэхэд ОХУ-тай харилцах харилцаа уналтын байдалтай байсан. Тэр үеийн Засгийн газар юун түрүүнд ОХУ-тай харилцаагаа өндөр түвшинд хүргэх зорилго тавиад ажилласан.

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараахан Н.Багабанди Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийсэн. Манай улсад умард хөршийн төрийн тэргүүн хамгийн сүүлд 1974 онд айлчилж байлаа. Өөрөөр хэлбэл, 26 жилийн дараа болсон энэ айлчлал шинэ цагийн дээд хэмжээний анхны айлчлал байсан юм.

Тэрхүү айлчлалаар хоёр Ерөнхийлөгч “Улаанбаатарын Тунхаглал” нэртэй баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ Тунхаглалд харилцааны гол асуудлуудыг хөндөж тэдгээрийг шийдвэрлэх зарчим, арга замыг тодорхойлж өгсөн юм.

Айлчлалын дараа болсон олон удаагийн яриа хэлэлцээний дүнд монголчуудын хувьд нэн чухал гэгдэж байсан их өрийн асуудал нааштайгаар шийдвэрлэгдсэнийг бид мэднэ.

Оросын тал өрийн 98 хувийг тэглэснээр нэг хүнд ногдох өрөөр бараг нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Монгол Улс нэг хормын дотор өргүй болж байсан юм шүү дээ. Манай тал 250 сая ам.доллар төлөөд энэ асуудал хаагдаж байлаа.

Ийм сайхан үр дүнд хүрчихээд харилцаагаа улам сайжруулаад явахын оронд манайхан хаячихсан гэж хэлж болно. Сүүлийн 30-аад жилийн динамикийг харахад хоёр орны харилцаа савласан байдалтай явж ирсэн гэлтэй. Байдал ийм байхад харилцааны тогтвортой хөгжлийн тухай яриад байх боломжгүй юм.

Иймд нэгэнт сайн эхлэл тавигдаж байгаа учир энэ үйл явцыг сааруулчихгүйгээр төрийн өндөрлөгүүд хамтраад идэвхтэй ажиллах нь хамгийн чухал зорилт болж байна. Хэд хэдэн чухал ажил хийгдлээ шүү дээ.

-Тухайлбал?

-Саяхан л гэхэд ОХУ-ын нутаг дэвсгэрээр транзит тээврийн асуудлаар хэлэлцээр байгуулчихлаа. 25 жилийн хугацаанд 66 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэхээр тохирчихлоо. Жишээ нь, нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлтийг манай тал эдлэхээр боллоо.

Дээрээс нь ерөнхийлөгч В.Путин манайд зориулж Владивостокт боомт гаргаж егье гэсэн шүү дээ. Манайх шиг түгжигдмэл улсад аль болох олон гарцтай байх нь чухал биш үү. Энэ яриа гарах үеэр манай зарим хүмүүс Владивосток их хол, манайд ашиггүй, зөвхөн урагшаа л гарцтай байх нь зүйтэй гэх юм ярьсан нь сонсогдож байсан.

Тэр үед өгсөн нэг ярилцлагадаа би “Урагшаа гарц хаагдвал бид яах билээ” гэх асуулт тавьж байсан. Ийм байдал үүсэхгүй гэх газаргүй шүү дээ. Тулга тойрсон юм дандаа ярина ч гэж байж болохгүй байх аа.

-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний айлчлалын үр дүнд хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлтэй боллоо. Одоо бид яах ёстой вэ?

-Юуны өмнө иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэх, ажил хэрэг болгохын тулд баримт бичиг, хөтөлбөр батлан ажиллах хэрэгтэй. Жил жилээр хэрэгжилтийн явцыг дүгнэж, хийх ажлаа тодотгож байвал үр дүн гарах нь дамжиггүй.

Энэ жил хоёр орны хувьд онцгой жил тохиож байна. Халхын голын ялалтын 80 жилийн ойг энэ цаг үед тэмдэглэж байна. Энэ бол хоёр орны хамтын баяр. Энэ дайнд ЗХУ манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахад шийдвэрлэх үүрэгтэй оролцсоныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

ЗХУ-ын олон хөвгүүд амиа өгсөн томоохон дайн болсон юм шүү дээ. Тэр үеийн тухай АНУ-ын хэвлэлд бичсэн зүйлсийг манай яамныхан орчуулж байсныг санаж байна.

Тэдгээр мэдээ дотор Халхын голын дайныг хилийн будилаан гэх утгаар бичсэн байсан. Энэ тухай Ю.Цэдэнбал дарга нэг уулзалт дээр ярьж байхыг би сонссон юм. Энэ дайны ач холбогдлыг бууруулахыг оролдох нь түүхийг гуйвуулж байгаа гэсэн үг. Хэрэв ЗХУ орж ирээгүй бол бид улс орноо алдах байсан шүү дээ.

-Мөн айлчлалын дүнд цөөнгүй баримт бичигт гарын үсэг зурлаа. Тэдгээрийн ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Энэ айлчлалын үеэр 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Мэдээж улс төрийн ач холбогдлоороо хоёр Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ” хамгийн эхэнд орох нь дамжиггүй. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү гэрээг түүхэн ач холбогдолтой гэж хэвлэлийн хурал дээр дүгнэж хэллээ.

Уг баримт бичгийн бас нэг онцлог бол иж бүрэн стратегийн түншлэлээ хоёр улс гэрээгээр баталгаажуулаад, түүнийг хугацаагүйгээр байгууллаа. Бусад оронтой тогтоосон стратегийн түншлэлийн баримт бичгүүдийг гэрээгээр баталгаажуулж байгаагүй юм.

Үүнээс гадна байгуулсан хэлэлцээрүүд дотроос терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай болон бүс нутгийн хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай, мөн цэрэг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг онцолж хэлэхийг хүсэж байна. Хоёр Ерөнхийлөгч хувийн сайн харилцаатай болсон тухай би дээр хэлсэн. Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр машинаас буугаад тэврэлдэж байгааг харахад л бүх юм ойлгомжтой байна даа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны долдугаар сард АНУ-д айлчлал хийлээ. Таны хувьд айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал үр дүн сайтай, их чухал айлчлал боллоо гэж дүгнэх байна.

-Монгол, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь манай улсын хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх бол?

-АНУ-тай стратегийн түншлэл тогтоосон нь зөвхөн манай орноор зогсохгүй бүсийн хэмжээнд чухал нөлөөтэй байх болно гэж бодож байна. Манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн тухай концепц тусгалаа олсныг хэн бүхэн мэдэж байгаа.

Энэ концепц хэрэгжсэнээр хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн орнуудтай улс төр, эдийн засгийн ергөн хүрээтэй харилцааг бодлогоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Улмаар бидний үйл ажиллагааны цар хүрээ тэлнэ. боломж бололцоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тэгш талтай гурвалжин адил харилцааг бий болгосноор манай улсын аюулгүй байдал бэхжин, эдийн засгийн биеэ даасан байдал бий болно.

Хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх тал дээр манай ГХЯ сайн ажиллаж гэж хэлмээр байна. Энэ зорилгод хүрэхийн тулд манай зүгээс сүүлийн жилүүдэд багагүй хүч чармайлт гаргаж ирснийг хэлэх нь зүйтэй байх.

Үүнтэй холбоотойгоор манай төр засгийн тэргүүнүүдийн АНУ-д хийсэн айлчлалуудын тухай баримт бичгүүдийг сөхөж үзлээ.

-Ямархуу дүр зураг харагдаж байна вэ?

-2004 онд Н.Багабанди Ерөнхийлөгч айлчилсны дүнд Хамтарсан мэдэгдэл гаргасан. Түүнд “Хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эрин үеийг зарлан тунхаглав” гэжээ.

Тэр үед бид стратегийн гэсэн тодотголтой болгоё гэж анхнаасаа санал болгоод явж байсан боловч яриа хэлэлцээний дүнд иж бүрэн түншлэл гэдэг үгийг авахаар тохиролцсон. АНУ-ын тал хоёр орны харилцаанд стратегийн элементүүд байгаа боловч тэр түвшинд хараахан хүрээгүй гэж үзсэн бололтой. 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлалын дүнд “Хоёр улсын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай” тунхаглал гаргасан юм.

Энэ Тунхаглалд хамтын ажиллагааны найман зарчмыг тусгаад зогсохгүй иж бүрэн түншлэлийн цар хүрээг өргөтгөх нь зүйтэй гэж үзсэн. Үүгээрээ ч өмнөх Тунхаглалаасаа онцлог байсан. Дараа нь 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын дүнд Хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Түүнд иж бүрэн түншлэлийн тухай гаргасан өмнөх бичиг баримтуудыг нотолсон байна лээ. Уул нь түүндээ иж бүрэн түншлэлийг өргөтгөх тухай гэсэн санааг давтаж оруулсансан бол зүгээр байх байсан. Ер нь ингэж явах ёстой юм л даа.

ГХЯ-ныхан дутуу харсан бололтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн онд хийсэн айлчлалын дүнд гаргасан Хамтарсан мэдэгдэлд хоёр орны харилцаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг тэмдэглэжээ.

Мөн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг баталжээ. Энэ хоёр заалт бол шинэ зүйл юм. Ийнхүү явсаар энэ оны долдугаар сард Х.Баттулга Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд хамтарсан Тунхаглал гаргаж, түүндээ стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа.

Эргээд харахад хоёр орны ялангуяа улс төрийн харилцаа тогтвортой өсөж дэвшиж, хөгжиж ирсэн нь тодорхой байна. Саяхны айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудалд онцгой ач холбогдол өгсөн байна лээ. Энэ бол маш чухал.

Ер нь улс төрийн харилцааг эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаагаар баталгаажуулахгүйгээр ирээдүйн тухай бодох ч хэрэггүй биз ээ.

Өмнөх асуулттай холбогдуулаад хэлэхэд бид гуравдагч хөрштэйгөө холбогдохын тулд заавал хоёр хөршөөрөө дамжиж харилцах болно. Энэ чиглэлээр манай Засгийн газар ихээхэн хүч чармайлт гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн. Энэ ажлаа цааш нь эрчимтэй үргэлжлүүлэх нь чухал.

-Та сайд байсан хүний хувьд Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

-Гадаад харилцааны яамны мэргэжлийн чадавх нэлээд доошилсон юм болов уу даа. Энэ байдал төрийн бүх байгууллагуудад хамаатай. 1990 оноос хойш л ийм байсан юм. Үүнд обьектив, субьектив шалтгаан аль аль нь л байгаа байх. Гэхдээ үүнийг яавч зөвтгөж болохгүй. Учир нь энэ манай улс орны нэр хүндтэй шууд холбоотой асуудал.

ГХЯ-ыг гадагшаа харсан Засгийн газар гэдэг. Иймд энэ яамнаас гарч байгаа үг болгоныг гадаад ертөнц сонсоно, дүгнэлтээ хийнэ. Энэ утгаараа гадаад яам тусгай байгууллага. Төрийн аливаа байгууллагад ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд байх ёстой.

Залуучууд нь доод албан тушаалаас шат ахих журмаар дээш явдаг баймаар, одоогийн залуус шууд л сайд болохыг хүсдэг, мөрөөддөг болж. Төрийн байгууллагын чадавх муудсан нь хоёр шалтгаантай. Нэг нь ар, өврийн хаалгаар хүмүүсийг оруулдагтай холбоотой. Хоёрт, намаар дамжиж өндөр албан тушаалд очдог явдал.

-Боловсон хүчнүүдийнх нь хар тамхи, хууль бус наймаатай холбоотой дуулиан шуугиан ар apaadaa дуулдсаар л байна. Хар тамхи зөөж явсан ажилтнуудын нэгийг таныг сайд байх үед жолоочоор тань ажиллаж байсан ч гэх юм?

-Ийм харамсалтай хэргүүд гараад зогсохгүй бүр сүүлдээ улам ноцтой, гэмт хэргийн шинжтэй болж. Хуучин тамхи зөөдөг байсан бол өнөөдөр хар тамхи зөөдөг болж байна. Миний жолоочоор ажиллаж байсан залуу ийм хэрэгт холбогдсонд тун харамсалтай байна. Хөнгөн шуурхай, тун сайн жолооч байсан сан. Нарийн ширийн юмыг нь мэдэхгүй болохоор ярихад хэцүү юм.

Жолооч хүн дур зоргоороо хэнд ч мэдэгдэхгүй ийм юм хийнэ гэж ухаанд багтахгүй юм. Дипломат төлөөлөгчийн газар чинь цомхон, цөөн хэдэн айлтай л байдаг шүү дээ. Юм болгон алган дээр байгаа юм шиг л байдаг. Тийм болохоор бодох зүйл нэлээн байх шиг санагдана. Ер нь Засгийн газрын түвшинд энэ асуудлыг ярьж шийдвэр гаргахгүй бол болохгүй мэт.

-Элчин сайд нарын томилгооны асуудлууд ихээхэн сунжирч байна. БНСУ-ын Элчин сайд томилогдохгүй удлаа. ОХУ-ын Элчин сайдыг ч томилоогүй байна. Үүнтэй холбоотойгоор одоо сайдаар ажиллаж байгаа хоёр ч хүний хүүхэд гадаадад томилогдох тухай шуугиад амжсан. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Үнэн. Миний мэдэхээр 20-иод газар Элчин сайдыг сольж, томилох шаардлагатай болчихоод байгаа юм билээ. Томилоход хэд хэдэн шат дамжлагатай болсон учраас асуудлыг тэр бүр түргэн шуурхай шийдвэрлэж чадахгүй байна.

Эхлээд Засгийн газраар ороод дэмжигдсэн хүмүүсийн нэрс Ерөнхийлөгчид очдог журамтай. Тэнд дэмжлэг авбал УИХ-д орж, улмаар дэмжигдсэнээр хамгийн сүүлд Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Энэ дунд л асуудлууд гацчихаад байгаа юм билээ. Энд би нэг зүйлийг онцолмоор байна.

Элчин сайдын албан тушаалд чадвартай, мэдлэгтэй, туршлагатай хүний явуулдаг байх нь чухал. Мөн төрийн ажилд нухлагдсан, туршлагатай мэргэжлийн бус хүн явуулахад буруутах юм байхгүй. Гэхдээ манайх шиг жижиг улсад болж өгвөл мэргэжлийн, томилогдон очих улс орныхоо хэл соёлыг сайн мэддэг, өндөр түвшинд тухайн орноо судалсан, ёс суртахуунтай, сайн хүнээ явуулах нь зүйтэй.

Мэргэжлийн гээд яамандаа олон жил ажиллаж байгаа хүн болгон Элчин сайд болно гэсэн үг биш шүү дээ. Элчин сайдаар ажиллана гэдэг тухайн хүний мэдлэг, мэдрэмж, туршлага гээд их олон зүйлээс шалтгаална. Тиймдээ ч мэргэжлийн дипломатуудын сорыг нь сонгож явуулах ёстой. Сайд, дарга нарын хүүхдүүд ийм сор нь болж чадах ахул яагаад Элчин сайдаар явж болохгүй гэж.

Иймд асуудалд хандахдаа дээр дурдсан шалгуурыг удирдлага болгож чадвал асуудлыг зев, шударга шийдэж болно гэж бодож байна.

-Ойрын жилүүдийн олон улсын харилцааны ерөнхий төлөв байдлыг хэрхэн харж байгаа бол?

-Сүүлийн 2-3 жилийн байдлаас үзэхэд олон улсын байдал нэлээд ээдрээтэй, яваандаа улам хурцдах төлөв ажиглагдаж байна. Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал гаарах шинжтэй байна. Иймд холбогдох улс орнууд улс төрийн хүсэл, эрмэлзэл гарган ширээний ард сууж, улс төрийн шийдэл олохын тулд хамтран ажиллах хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Батлан хамгаалах яам 1939 оны Халхын байлдаанд оролцож, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн ахмад дайчин Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн, Д.Шагдар, В.Аюурзана нарын дөрвөн бууралд хүндэтгэл үзүүллээ.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ “Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө та бүхний халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж авчирсан ялалтын баярыг Монгол орон даяараа тэмдэглэн өнгөрүүлж байна. Эрхэм буурлууддаа Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлье. Энэхүү түүхт ялалтын ойг тэмдэглэхдээ бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ахмад үеийнхэн яаж амь, бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд манай хөрш ЗХУ хэрхэн тусалсныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу, өсвөр үеийнхэн, цэрэг, дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл, сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа, зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэхэд чиглэж байна. Бид тэгш ойтой жилдээ л яриад өнгөрөх биш үеийн үедээ ялалт ямар их үнээр олдсоныг сануулж байх ёстой. Энэ бол эрхэм буурлууд та бүхний өмнө болон дайнаас эргэж ирээгүй эрэлхэг дайчдын өмнө хүлээсэн ариун үүрэг юм” гээд эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөсөн юм.

Мөн тэрээр ахмад дайчин Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн, Д.Шагдар, В.Аюурзана нарт “Та бүхний тэмцэж авчирсан ялалтын медаль” хэмээн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалийг энгэрт нь зүүж өгөөд мөнгөн тусламж, дурсгалын зүйл гардуулсан юм.

Image may contain: 4 people, people standing

Image may contain: one or more people, people sitting and indoor

Image may contain: 2 people

Image may contain: 1 person


Categories
мэдээ нийгэм

Өндрөөс унаж, амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

Онцгой байдлын албаны аврагчид амиа хорлох гэж байсан иргэнийг тайвшруулан өндрөөс буулгаж, амь насыг нь аварчээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байр 12 давхар барилгын 11 дүгээр давхарын орцны цонхны тавцан дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 03:23 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 03:32 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн А /31 настай, эрэгтэй, согтуу/ орцны цонхны тавцан дээр амиа хорлох зорилготой зогсож байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.