Categories
мэдээ нийгэм

“Боловсролын гэрчилгээний лавлагаа”-г ТҮЦ машинаас авах боломжтой боллоо

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлдэг ТҮЦ машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. ТҮЦ машин үйлчилгээнд нэвтэрснээр давхардсан тоогоор зургаан сая гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлээд байна.

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам”-тай хамтран иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах үүднээс “Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа” болон “Суурь боловсролын гэрчилгээний лавлагаа” ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Ингэснээр нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 ТҮЦ машины хаанаас ч иргэний цахим үнэмлэхээ ашиглан тухайн лавлагааг авах боломж бүрдлээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ.

Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 58 минутад, гишүүдийн 76 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр завсарласан. Иймд гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлгагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэв.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар дээрх заалтын санал хураалтыг хойшлуулж, дахин ярилцаж, найруулах шаардлагатай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Учралаас төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгээс “шатлан дэвших” гэснийг хасах санал гаргасныг хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Болд, С.Чинзориг, Д.Хаянхярваа нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Үндсэн хуулиараа зөвхөн 250 мянган хүнийг дархалж болохгүй. Ингэснээр иргэд хувийн хэвшил бус төрийн албанд ажиллах орох сонирхол нэмэгдэнэ. Төрийн албаны чадавх сул байгаа нь хуулиндаа биш хүндээ байгаа гэдэгт санал нэг байна гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Учрал, шатлан дэвших гэдэг үгийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулснаар Монголын олон мянган залуусын ирээдүйн хаалгыг хаалаа гэж тухайн үед хэлж байсан. Мерит гэдэг бол мэдлэг, ур чадварын тухай ойлголт. Ур чадварт нь суурилж, ажилд томилдог зарчмыг мерит гэдэг. Барууны орнуудад ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд нь суурилж, ур чадварын шалгуураар нь цалин хөлсийг нь нэмдэг тогтолцоонд шилжсэн гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг, шатлан дэвших гэдэг үгийг хасвал төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх үндсэн зарчим алдагдана. Төрийн жинхэнэ албан хаагч зарим үндсэн эрхээ хязгаарлуулдаг учир арай өөр хандах шаардлагатай гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, шатлан дэвших гэдэг үг байх ёстой. Төрийн албаны чадвар сул байгаа нь хүндээ, хуулиндаа ч биш, улс төрийн намд байна. Сонгуулиас сонгуулийн хооронд гарч ирсэн нам нь төрийн албыг бужигнуулдаг. Яам, агентлагын нэрийг жаахан өөрчлөөд, бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг хэдэн зуугаар нь халдаг, сольдог байдал хэрээс хэтэрсэн. Төрийн албаны тухай хууль байгаа ч бүрэн утгаараа хэрэгжихгүй байна. Иймд Үндсэн хуульд тусгаж, баталгаажуулах шаардлагатай гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн. Ингээд “шатлан дэвших” гэдгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэнгүй.

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчид тавигдах шалгуур нь чадвар, хүнлэг ёс, урьд нь эрхэлж байсан ажлын үнэлэмж байна. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөхөөр санал оруулахдаа төслийн 23.1 дүгээр заалттай утга, агуулга нэг тул хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Гишүүд төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой төслийн заалтуудыг утга, агуулгын хувьд дахин ярилцаж, өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзэн байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.9 хувь нь дэмжсэнгүй.

Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нараас төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулах асуудалд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэдгийг дэмжиж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ, Ерөнхийлөгчид нэр дэвших насыг одоогийн Үндсэн хуульд заасныг хэвээр үлдээх, Ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвшихийг хориглох талаар төсөлд тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаанд түр завсарлав. Үдээс хойших нэгдсэн хуралдаан уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтаар үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоноглогдсон лабораторийн 2 дахь машиныг гардан авлаа

ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Ази номхон далайн орнуудын эдийн засгийн 5-р чуулганд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах нар оролцлоо.

Чуулганы үеэр хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг үнэллээ. Хэлэлцүүлгийн үеэр ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналтын холбооны газрын дарга А.Ю.Попова хээрийн тандалт судалгаанд зориулж иж бүрэн тоноглосон лабораторийн 2 дахь машиныг гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зөөлөн зайрмагийн бэлдэцийг зориулалтын бус саваар тээвэрлэж байжээ

МХЕГ-ын дэд даргын баталсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/234 тоот Сүүн зайрмагны худалдаалалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулж байсан иргэн Э-ийн зөөлөн зайрмагийн мухлаг нь бэлдэцийг зориулалтын бус саванд тээвэрлэж байсан нь ХБАБХТХуулийн 12.1 дэх заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулиар илэрсэн зөрчилд нь арга хэмжээ авч хугацаатай албан даалгавар хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллав.

Categories
мэдээ нийгэм

“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно

“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээнийг есдүгээр сарын 08-ны өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Япон Улсын иргэн Кон Аяа, Монголын Үндэсний олимпийн хорооны Олимпийн боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар мэдээлэл хийв.

Тэмцээн нь өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн дөрвөн үндсэн ангиллаар зохион байгуулагдах аж. Оролцогчдын гүйх зай нь 3 км, 5 км, 10 км, 21 км юм байна. Зай тус бүрт эхний гурван байранд орсон тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Хамгийн холын зай болох 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хурдан удмын даагаар шагнах аж. Энэ жилийн тэмцээнд зургаан улсын 3.000 гаруй тамирчид, гүйлт сонирхогчид, оюутан, сурагчид оролцоно.

Монгол Улсын соёл, онгон байгаль, зан заншлыг сурталчлах, хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, хүүхэд залуучуудын бие бялдарын өв тэгш хөгжлийг хангах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, шилдэг тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр соёл, урлаг, нийтийн үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааны олон арга хэмжээ зохион байгуулагдана гэж албаны хүмүүс онцолж хэлсэн юм.

Энэ удаагийн “Тал нутгийн Монгол” марафон гүйлтийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хөнгөн Атлетикийн холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци “Candy” цахим мөнгө, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний олимпийн хороо, Төв аймгийн ЗДТГ болон бусад холбогдох газрууд хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчлэв.

Холбогдох хууль, дагалдах журмын дагуу уул уурхайн салбарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар төлж байгаа билээ. Харин эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч, аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд борлуулж буй бүтээгдэхүүндээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй зохицуулалттай байв.

Иймд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх”, “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох” журмыг тус тус шинэчлэн баталж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэнцвэржүүлэн ногдуулахаар Засгийн газраас журамлав.

Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Ингэснээр орлогын албан татварын суурийг үнэн зөв, нарийвчлан тодорхойлох, улмаар татварын орлого нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. Уул уурхайн салбараас улс, орон нутгийн төсөвт төвлөрч байгаа орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг тул энэхүү журам нь төсвийн орлогын бааз, суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно

Монгол Улсын Засгийн газар 2011 онд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай” журмыг анх баталж мөрдөх явцдаа хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Журам хэрэгжиж, малчдад ноосны урамшуулал олгож эхэлснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэж, үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр нэмэгджээ.

Мөн орон нутагт ноос угаах, самнах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд олноор ашиглалтад орсон нь ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, өртөг багатай чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад хувь нэмрээ оруулсаар байна. Цаашид ноос ноолууран түүхий эдийн бүрэн боловсруулалтыг Улсын хэмжээнд 60 хувьд хүргэх зорилт тавьж байна. Иймд урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болов.

Ноосны урамшууллыг малчны өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанарыг харгалзан килограмм тутамд 1500-2000 төгрөг байхаар батлав. Ноос тушаах, урамшуулал олгохтой холбоотой ажлыг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн хоршоо нь Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж ажиллах юм.

  • Товч мэдээ
  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр болов.
  • Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2019 оны эхний хагас жилд нийт 395,459 иргэн хандаж, санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргасан байна. Үүнээс 97,6 хувьд нь буюу 386,004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн бол 1696 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дийлэнхийг нийгмийн халамжид хамрагдах тухай, гэр бүлийн амжиргааны түвшинээ тодорхойлуулах, хүүхдийн мөнгөн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудал эзэлж байна.
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-д мөн оны эхний хагас жилийн байдлаар нийт 5018 иргэн хандсанаас 91,2 хувьд нь хариу өгч шийдвэрлэсэн байна. Тэдгээрийн 61 хувь нь санал хүсэлт хэлж, 29 хувь нь гомдол гаргасан бол 9 хувь нь талархал илэрхийлжээ
  • “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тус хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг чиглэл рүү Булган аймгийн Дашинчилэн сумын замаар зорчоорой

“Улаанбаатар-Дархан” чиглэлд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж, хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор дээрх чиглэлийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа тул Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлын хэсэг ажиллаж замын нөхцөл байдлыг газар дээр нь судлан үзэж, зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.

Тухайлбал, Улаанбаатар- хот- Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлт эрхэлж буй аж ахуй нэгжийн тээвэрлэлтийг Булган аймгийн Дашинчилэн сумын замаар Дарханы зам засвар, шинэчлэлтийн ажлыг дуустал зохион байгуулахаар боллоо. Мөн Дархан-Сэлэнгэ чиглэлд зорчих нийтийн тээвэр болон Улаан-Үүд чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Төмөрлөгийн уурхайн зам буюу Хонгор сумын 4-р бригадаар салдаг замаар тээвэрлэлт хийлгэхээр зохион байгууллаа.

Түүнчлэн зам засварын ажил хийж байгаатай холбоотойгоор замын үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдал үүсч байгаа тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж урд яваа тээврийн хэрэгслээс 10 метрээс доошгүй зайтай зорчихыг тээвэрлэлт эхлэх бүр анхааруулж, зааварчилгаа өгөх юм байна. Дээрх зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авснаар авто замын бодит нөхцөл байдлаас үүдсэн зам, тээврийн осол болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алджээ

Баянгол дүүргийн 10-р дугаар хорооны нутаг дэвсгэрт ой таван сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Есдүгээр сарын 3-ний өдрийн 18 цагт тус хэргийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд охиныг амиа алдах үеэр гэр бүлийнхэн нь гэртээ байсан аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Бага насны хүүхдэдээ байнгын анхаарал хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа: Төрийн албаны чадавхи муудаж байгаа нь хүндээ ч биш, хуулиндаа ч биш, намд байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Төрийн албатай холбоотой 23.1 дэх ” “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтад гишүүд нухацтай хандаж, МАН уг заалт завсарлага авлаа. Дараагаар нь Н.Учрал гишүүний гаргасан төслийн “Төрийн алба шатлан дэвших зарчмаар явах” гэсэн заалт дахь “шатлан дэвших” гэдгийг үгийг хасах горимын саналаар хэлэлцүүлэг үргэлжлэв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид тодорхой хэмжээгээр тангараг өргөж, үндсэн зарим эрхээ хязгаарлуулаад явдаг. Тиймээс шатлан дэвшүүлэх заалт байх хэрэгтэй. Төр хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй байна гэдгийг шатлан дэвших гэдгээр нь тодорхойлж байгаа. Сүүлийн олон жил улс төрийн сонгуулийн дараагаар улс төрийн албан тушаалтнуудыг сонгуульд нь дагаж давхисан хүмүүс нэг өдөр яам тамгын газарт, хэлтсийн дарга, Төрийн нарийн болоод суучихдаг. Үүнээс бол төрийн алба тогтвортой байх зарчим алдагдаж, насаараа төрийн албанд ажилласан ажиллагсдад итгэл, урам төрөхгүй байгаа. Үүнээс болоод төрийн нэр хүнд унаж байгаа. Тиймээс гишүүд “шатлан дэвших” гэдгийг хасч болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Төрийн албаны чадавхи муудаж байгаа нь хүндээ ч биш, хуулиндаа ч биш, намд байгаа. Төрийн албан хаагчийг халдаг, сольдог зүйл хэрээс хэтэрсэн. Төрийн албан хаагчдын итгэл урам унтарсан. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Энэ нь улс төрийн нам, улстөрчдийн буруу үйл ажиллагаанаас болсон. төрйин халаа сэлгээ яаж явагдаж байна. Энэ дотор сууж байгаа 64-ын бид ч өнөөдөр халаа сэлгээг үргэлжлүүлж байгаа. Ямар нэг аргаар төрийн албан хаагчийг халж, өөрийн хүнээр сэлгэдэг.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Мэрит гэдэг үгийг орчуулахдаа манай шатлан дэвших, чадахуйн зарчим гэж уянгын халилтай орчуулсан. Энэ үгийг хийж өгснөөр олон мянган залуучуудын боломжийг хааж байгаа юм. Одоо Үндсэн хуульд оруулах гэж байна. Энэ бол ур чадварын шалгуураар нь ажилд томилдог байх ёстой. Ажлын гүйцэтгэлийн чадвараар цалинг тогтоодог. Гэтэл 30 жил ажиллачихаад оймсонд мөнгөө хийдэг болтлоо төрийн алба ялзарсан. Юунд нь найдах вэ. Өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа залуусыг туршлагагүй гээд явуулчихдаг. Төрийн албанд салхи оруулах хэрэгтэй. Төрийн албаныхан уучлаарай, та нарын дунд салхи оруулах цаг нь ирсэн. Залуучуудыг оруулах цаг болсон. Би үүнийг байнга шүүмжилж байгаа. Энэ бол миний үг. Та нарт таалагдах эсэх нь та нарын асуудал.

Ийнхүү уг хуулийн төсөл дэх “Төрийн албан шатлан дэвших зарчмаар явагдах” гэх заалтаас “шатлан дэвших гэдэг үгийг хасах Н.Учрал гишүүний саналаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэнгүй.