Categories
мэдээ цаг-үе

А.Энхжин: Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авдаг

Монголбанкны нөөц сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, нөөцийн хэмжээ дөрвөн тэрбум долларыг давжээ. Монголбанкны үзэж буйгаар манай эдийн засаг эрчимтэй өсч байна. Гэвч тус банкны алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр тонноор буурчээ. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс тодрууллаа.


-Эдийн засаг өсч байгааг ямар үзүүлэлтээр тооцож байна?

-Монгол Улсын хувьд эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа.2019 оны эхний хагаст эдийн засгийн өсөлт 7.3 хувьд хүрсэн. Экспорт арав, импорт долоон хувиар өслөө. Экспорт эхний долоон сарын байдлаар тэрбум гаруй долларын ашигтай гарсан. Дээр төлбөрийн тэнцэл 500 шахам сая долларын ашигтай байна. Манай орны хувьд бол эдийн засаг өсөлттэй байна. Гэхдээ нөгөө талдаа гадаад орчны эрсдэл өдөр ирэх тутам тодорхойгүй болж байна.

-Жишээлбэл…

-АНУ БНХАУ хоорондын худалдааны маргаан.

-Монголбанкны алт худалдан авалт яагаад хоёр тонноор буурав, хөдөө орон нутгаас авч эхэлсэн биз дээ?

-Монголбанкны хувьд алтны худалдан авалтаа нэмэгдүүлэхээр олон чиглэлээр ажиллаж байна л даа. Эдгээр ажлуудын нэг нь Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Дархан-Уул, Баянхонгор аймгуудад алт хүлээн авах цэг байгуулсан.

Өнөөдөр энэ хоёр аймгаас тонн гаруй алт худалдан авсан. Өмнө орон нутгаас алт худалдан авдаггүй байсан. Өнгөрсөн жилээс энэ хоёр аймгаас авч эхэлсэн. Энэ онд алт худалдан авалт буурсан шалтгаан нь нэгдүгээр улиралд Ашигт малтмалын хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа юм.

-Тэр юу вэ?

-УИХ ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа алтны ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг өмнө нь 2.5 хувь байсныг таван хувь болгочихсон. Энэ заалт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс болж тушаалт буурсан гэж үзэж байгаа. Гэхдээ бид энэ жил 20-иод тонн алт худалдан авах зорилготой ажиллаж байна.

-Зарим мэдээллийн хэрэгслээр алтны олборлолт буураагүй байхад Монголбанкны худалдан авалт буурсан нь алт гадагшаа гарч байгаатай холбоотой гэсэн таамаг дэвшүүлж байна.

-Хилээр хууль бусаар алт гаргах тохиолдол гардаг. Гэхдээ үүнтэй холбоотой Монголбанкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй л дээ.

Энэ хууль хяналтын байгууллагуудын ажил. Гэхдээ бид хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, ухуулан таниулах, алтны худалдан авалтыг хялбаршуулах, ил тод болгох ажлыг тасралтгүй хийж байгаа.

-Жишээлбэл?

-Иргэдэд Монголбанк хэзээ, ямар үнээр ямар процедураар алт худалдан авдаг тухай цахим хуудсаараа дамжуулан мэдээлдэг.

-Ямар үнээр худалдан авдаг вэ?

-Өнөөдөр Лондонгийн бирж дээр байгаа нэг унци алтны үнээр худалдан авна.

-Ямар ч шимтгэлгүй үнээр авах уу?

-Нэг унци алтнаас (33 грамм) нэг долларыг цэвэршүүлэлтийн зардал болгож суутгана. Бидний худалдан авч байгаа үнэ бол дэлхийн зах зээлийн үнэ.

-Энэ жил 20 тонн алт авч чадах болов уу?

-Алт тушаалтын оргил үе нь ес, аравдугаар сар байдаг.

-2021 оноос том төлбөрүүдийг хийж эхэлнэ. Гал алдвал манай улсын нөөцөд халдах болов уу?

-Засгийн газар өрийн стратегиа боловсруулаад явж байгаа байх. Хэрэв үнэхээрийн төлж чадахгүйд хүрвэл гадаад валютын нөөцийг ашиглана.Гэхдээ ийм байдал үүсгэхгүйн төлөө Монголбанк, Засгийн газар ажиллаж байгаа. Нааштай шийдэгдэх байх.

-Мэргэжилтний нүдээр харахад дахин өрийг өрөөр төлөхгүй байх боломж байна уу?

-Төсвийн орлого бол өндөр байгаа шүү дээ. Ашигаа хуримтлуулаад зөв менежмэнт хийвэл гадаад өрийг хөнгөвчлөх арга байгаа гэж харж байна.

-Төгрөгийн хуримтлалаар долларын өрийг бууруулах боломжтой юу?

-Сангийн яамны зүгээс боломтой байгаа үедээ гадаад хүү өндөртэй зээлээ төлөх бодлого яригдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хамгийн гол нь макро эдийн засгийн тогтвортой бодлогоо үргэлжлүүлээд, төсвөө сахилгажуулаад, орлогоо хуримтлуулах замаар явах нь л зөв шийдэл байх.


Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэтийн 5 дугаар сургуулийн нэрийн хуудас болсон захирал Даваагийн Дондол

-ТЭРЭЭР ЕБС-ИЙН ЗАХИРЛААР 23 ЖИЛ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ МОНГОЛЫН БАГШ НАРЫН ДУНД ӨӨРИЙН ДЭГ СУРГУУЛИЙГ БИЙ БОЛГОСОН ГАВЬЯАТАН ЮМ-

Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ цаг дор “Багш” булангийнхаа зочноор Монголын мянга мянган багш нарын төлөөлөл болсон эгэл даруухан буурал багшийг онцолж байна. Эл эрхэм бол Эрдэнэт хотын 5 дугаар сургууль, “Орхон цогцолбор” сургуулийг үүсгэн байгуулж 18 жил захирлаар нь ажилласан Даваагийн Дондол юм. Булган аймгийн арван жилийн сургууль, мөн Архангай аймгийн арван жилийн сургуульд тус тус суралцаж төгссөн тэрээр тухайн үеийн Багшийн дээд буюу одоогийн Монгол Улсын боловсролын их сургуулийг орос хэлний багш мэргэжлээр төгсчээ. Оросын шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухааны цөм нь, гол хөрс суурь нь юм гэдэг. Ерөнхий боловсролын сургуульд Оросын сургалтын программ хамгийн чухал гэдгийг дэлхийн глобал орон болох Америк, Англи зэрэг орнууд өдгөө онцлох болсон.

Даваагийн Дондол багш орос хэлийг сурч дэлхийн шинжлэх ухааны суурь болсон Оросын шинжлэх ухаан, ялангуяа боловсролынх нь тогтолцоог Монголын хөрсөнд суулгах гэж олон жилийн хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулсандаа бардам байдаг нэгэн. “Орос хэлний” хэмээн алдаршсан Монгол Улсын ардын багш С.Галсан, мөн хэл шинжлэлийн доктор орос хэлний нэрт эрдэмтэн Чогдовын Цэдэндамба нарын аваргуудаар хичээл заалгаж орос хэлийг эзэмшсэн тэрээр Улаантолгойн САА буюу одоогийн Орхон аймгийн Жаргалант сумын дунд сургуулиас ажил амьдралын гараагаа эхэлжээ. Үндсэндээ Жаргалантын сургуулийг үүсгэн байгуулж багшлаад удаа ч үгүй захирлынх нь албыг хашиж эхлэх нь тэр. Залуухан захирал Улаантолгойд гялалзаж явах үе буюу наян гурван оныг “Сурагчийн жил” болгон зарлав. Дондол захиралд сургуулийн дотуур байрыг айл гэрийн нөхцөлд ойртуулах бодол төрж түүнийгээ ажил хэрэг болгосон байна. Хүүхэд төрсөн гэртээ яаж амьдардаг уу, яг л тийм орчныг дотуур байранд бий болгон, төрсөн гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ хэмээн зүтгэжээ.

Энэхүү ажил нь үр дүнгээ өгч Улаантолгойн САА-н сургуулийн дотуур байр улсын хэмжээнд шалгарч, тэгээд зогсохгүй бусдад үлгэр жишээ болох үүд хаалга нээгдэв гэнэ. Жаргалантын сургуулийн аж ахуйг бэхжүүлж шинээр10 тонн ногооны зоорь бариулав. Дотуур байрыг аж ахуйн аргаар засварлан сурагчдын хэрэгцээт хүнсний ногоог тариалж хүүхдийн хоолны төсөвт зардлыг 60-70 хувиар хэмнэж байв. Сурагчдын хөдөлмөрийн бригадыг газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хавар намрын улиралд ажиллуулж байсан нь “Хөдөлмөр хүмүүжил олгодог” АС Макеронкогийн үзэл санааг хэрэгжүүлсэн явдал байв. “Дондол захирлын нэвтрүүлсэн туршлагаас бүгд суралцах хэрэгтэй” гэсэн уриа лоозон гарч, залуухан захирал тухайн үеийн Боловсролын яам, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Шинжлэх ухаан дээд боловсролын хороо тэргүүт дөрвөн ч байгууллагын баярын бичиг, мөнгөн шагналыг хүртэв гэнэ. “Тэр үеийн 300 төгрөг ч бас мөнгө байсан шүү” гээд өвгөн багш инээд алдаж сууна. Хөдөөх суурингийн сургуулийн захирал улс даяар нэрээ мандуулаад ирэхээр төв газрынх нь дарга нар яаж зүгээр байлгах билээ. Эрдэнэт хотын сургалт заах кабинетэд мэргэжилтнээр дуудан, хоёр жилийн хугацаанд ажиллуулжээ. Ингээд наян долоон оны намартай золгосон байна.

Наян долоон оны есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн баяр бол ахмад багш Даваагийн Дондолын амьдралынх нь хамгийн баярт мөчийн нэг яах аргагүй мөн. Нэгэн насны ухамсарт амьдралынхаа хорь гаруй жилийг зориулж, чухамхүү нэрийн хуудас болтлоо зүтгэн, эцгийн нэр шигээ овоглож алтан титмээ болгож ирсэн Эрдэнэт хотын 5 дугаар сургуулийн захирлаар сонгогдсон ийм л түүхтэй өдөр нь билээ. “Хотын нийт багш нарын бага хурлаас тавдугаар сургуулийг толгойлон удирдахаар сонгогдож байснаа би хэзээ ч мартдаггүй” гэж буурал багш минь нэгэнтээ хэлсэн чин зүрхнийх нь үг байсан. Мянга гаруй сурагчдын инээд хөөр цалгилж, эрдэм номын алтан хонх жингэнэх ахуйд шинэхэн сургуулийн түлхүүрийг Зөвлөлтийн барилгын газрын төлөөлөгч Дондол захиралд гардуулснаар тус сургуулийн хамт олны түүх эхэлжээ. 1176 хүүхдийн суудалтай хичээлийн 30 анги танхим, физик, хими, гадаад хэл, хөдөлмөр, биологи, дуу хөгжмийн 10 гаруй кабинет биеийн тамирын заал, номын сан, 260-290 хүний суудалтай хурлын ба хоолны газартай иж бүрэн сургууль тийнхүү Эрдэнэт хотод өнгө жавхаа нэмж цогцлон сүндэрлэх нь тэр ээ.

1987-1988 оны хичээлийн жилд 1-9 ангийн 41 бүлэгт 1600 гаруй сурагч, 70 багш, 26 үйлчилгээний ажиллагсадтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр Б.Батбаатар, бага ангийн хичээлийн эрхлэгчээр Г.Цогзолмаа, хүмүүжлийн эрхлэгчээр П.Нямдорж, пеонерийн ахлах удирдагчаар У.Олдохгүй нар удирдлагын бүрэлдэхүүнд орж ажилласныг тэмдэглэх нь зүйн хэрэг. Тавдугаар сургууль хожим нь Орхон аймгийн “Орхон” цогцолбор сургууль болон хүрээгээ улам тэлэхэд тус сургуулийн ерөнхий захирлаар Даваагийн Дондол багш мөн томилогдон ажилласан байдаг. Тэрээр 2002-2005 онд энэхүү хариуцлагатай албыг нэр төртэй хашаад сургуулиа “Улсын тэргүүний сургууль” болох болзлыг нь бүрэн дүүрэн хангачихаад сая нэг санаа амарч гавьяаныхаа амралтад суусан. Дондол захирлыг чөлөөндөө суугаад хоёр жилийн нүүр үзэхэд буюу 2007 онд “Орхон” цогцолбор сургууль “Улсын тэргүүний сургууль” болж мандсаан. Мөн “Шилдэг менежмэнттэй улсын ТОП-20 сургууль”-ийн нэгээр шалгарсан нь бий. Энэ бүх гавьяа тус сургуулийг арван найман жил тасралтгүй удирдсан эрхэм захирлын хүч хөдөлмөр, бахдам үйлстэй холбоотой нь мэдээж.

Дэлхий нийтийн, ялангуяа шинжлэх ухааны гол суурь болсон Оросын боловсролын тогтолцоонд ямар л шинэ арга нэвтэрнэ, тэр бүгдийг Дондол багш өөрийн сургуульд хэрэгжүүлж, багш нартаа мөрдлөг болгодог байв. Наяад оны эхээр Оросын боловсролын тогтолцоонд томоохон өөрчлөлтүүд гарч, тэрхүү шинэчлэл нь дэлхий дахинд шуугиан дэгдээж байсан үе. Горбачевын өөрчлөлттэй хамт дуулиан болж гарч ирсэн Шаталов, Лысенкова, Аманашвили нарын шилдэг багш, эрдэмтэн профессоруудын шинэ санаачилга бүхнийг Эрдэнэт хотын 5 дугаар сургуульд хэрэгжүүлсэн юм. Гүржийн Аманашвили гэж багш зургаан настай хүүхдийг тоглоомын аргаар сургах, Шаталов багш тулгуур дохио буюу гол ухагдахууныг хялбар аргаар хүүхдэд ойлгуулах, Лысенкова багш хичээлийн программаас түрүүлж хүүхдийг сургах зэрэг олон шинэлэг арга дэвшүүлснийг багш нартайгаа хамтарч мөрдлөг болгосон нь улсын хэмжээнд анхны байсан гэдэг. Оросын шинжлэх ухаан, боловсролын гол гол сэтгүүлүүдийг Монголд тогтмол захиалж уншдаг хүн нь мөн л 5 дугаар сургуулийн Дондол багш байв. Ингэж тэрбээр дэлхийн боловсролын тогтолцоог соргогоор мэдэрч, Монголын хөрсөнд суулган өөрийн гэх дэг сургуулийг бий болгосон. Эл эрхэм сурган сэтгэл зүйн 30 гаруй өгүүлэл, орчуулгын ном, гар авлага гаргасан нь үе үеийн багш, сурагчдын ширээний ном болж иржээ.

Монголын боловсролын салбарт сүүлийн жилүүдэд мэдлэгийн тестийн арга нэвтэрсэнтэй холбогдуулж Америкийн нэрт сэтгэл зүйч Спилбергер, Ханиным болон Оросын сэтгэл судлаач эрдэмтдийн бүтээлийг орчуулж “Сэтгэл зүйн тест” гэх гарын авлага номыг багш сурагчдын хүртээл болгож байсан. Мөн“Сургуулийн удирдлагыг боловсронгуй болгож байгаа туршлагаас”, “Суут хүмүүсийн гэр бүл дэх харилцааны тухай”, “Сурагчдын мэдлэгийг тестийн аргаар шалгаж байгаа туршлагаас”, “Хөгжингүй орнуудын туршлага ба сургуулийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлэх асуудалд”, “Хүүхдийн орчин хөдөлмөрийн хүмүүжил” зэрэг олон өгүүллийг нь нэрлэж болно. Ерөөс Дондол багшийг гадны орнуудын боловсролын системийг Монголд нэвтрүүлэгч холбогч гүүр нь гээд хэлчихэд буруудахгүй. Гадаад болон өөрийн орны сургалт арга зүйн 20 гаруй тэргүүн туршлага дэвшилтэт арга барил шинэ санаа нэвтрүүлсэн.

“Педагогика” тэргүүт олон сэтгүүлээс “Израилийн сургуулийн давуу ба сул тал”, “Японы сургуулийн шинэчлэл”, “Хятадын боловсролын агуулгын шинэчлэлээс суралцъя” гэх асуудал дэвшүүлсэн, сайн мууг нь харьцуулсан олон өгүүлэл, ном товхимол гаргаж багш сурагчдад зүг чигийг нь зааж залж ирсэн юм.Хөгжингүй орнуудын сурагчдын мэдлэг шалгах сорилын аргыг хөрвүүлэн өөрийн сургуульд газар зүй, биологи, математик, орос хэлний хичээлүүдэд туршиж хэрэглэсэн нь амжилттай болж энэ нь улсын хэмжээнд анхных байсан нь лавтай. 5 дугаар сургуулийн хичээлийн сургалтын явцад 8-10 дугаар ангид мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хичээлийг хөтөлбөрт тусган сурагчдад чиг баримжаа олгож байв.Үүнд хөргөгч, зурагт засвар, үсчин гоо сайхан, уул уурхайн 20 гаруй мэргэжлийн сургалт явуулж мэргэжлийн үнэмлэх олгож байсан нь бас л нэгийг хэлнэ.

Дондол захирлын удирдсан сургууль нь 1993 онд явагдсан АБЯ-ны дэд сайд Дамдинсүрэнгийн удирдсан иж бүрэн шалгалтаар “Сайн”, 2002 онд явагдсан МХУА-ны дарга В.Алзахгүйн удирдсан шалгалтаар “Хангалттай сайн” гэх үнэлгээг авч байсныг зориуд тэмдэглэе. Ингэж л Эрдэнэт хотод төдийгүй улс даяар Дондол захирлын нэр алдар түгж байв. Ямар сайндаа л “Тавын Дондол захирлыг танихгүй хүн цөөхөн” гэсэн шүлэг хүртэл гарч байхав дээ. Төрсөн нутаг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сум. “Хөх тэнгэр байдаг байдаг гэхэд Хөшөөтийн голынх шиг нь байдаг гэж үү” хэмээн төрийн шагналт найрагч Зундуйн Дорж дуун алдсан. Тэгвэл яалт ч үгүй Хөшөөтийн гол, Тээгийн голын унаган хүү. Багадаа өнөө Зундуйн Доржтойгоо, Ообо буюу жараад оны яруу найргийн гол төлөөлөгч болох Намжимын Очирбат нартай Хөшөөт, Шархын хөндийд морь унан уралдаж явснаа буурал захирал дурсах дуртай. “Ооботойгоо хожмын өдөр хүртэл нөхөрлөсөн” гэж хэлнэ билээ.

“Америк, Орос, Японы мэргэжилтэн багш нартай арваад жил хамтран ажиллаж тэднийг удирдаж бас тэднээс суралцаж байсан нь миний амьдралын алтан үеүдийн нэг байжээ” гэж хэлдэг. Энх тайвны корпусын мэргэжилтэн Сюзен Беконон, Сара Ларош, Матт Стивенсон, Корш Ламарш, Жайкагийн багш Ф.Томоко, А.Казүёо, орос багш Борисовна, К.Е.Пашинская, Владимировна гээд олон хүнтэй ойр дотно ажиллаж ирсэн. Гучин хоёр жилийн тэртээ анх байгуулагдсан өдрөөс нь хойш өнөөг хүртэл сэтгэл зүрхээ салгаагүй яваа 5 дугаар сургуулиас нь Чинзориг, Болормаа, Батсайхан, Түмэнжаргал, Эрдэнэсамбуу нарын шинжлэх ухааны залуу эрдэмтэд, төрийн түшээ, нэртэй эмч инженерүүд олон арваараа төрөн гарсныг дурдаад барахгүй. Англи хэлний багш Ё.Эрдэнэчимэг улсын аварга болж, С.Мэнджаргал, Г.Цогзолмаа, И.Оюунтуяа, П.Оюунцэцэг, Б.Батбаатар нар улсын олимпиад уралдаан тэмцээнд тэргүүн байруудад шалгарч ирсэн байна. Москвагийн Пушкины институтэд удирдах ажилтны дээд курсэд мэргэжил дээшлүүлсэн тэрээр удирдах ажлыг олон жил нэр төртэй хашихын зэрэгцээ ирээдүй хойчийн шинэ залуу лидер удирдагчдыг төрүүлсэн байдаг. Тухайлбал, Дондол захирлын гарын шавь нар болох М.Төмөрбат, Ц.Цэцэгмаа, Болдсүх, Нарангэрэл нарын 14 багш өдгөө Эрдэнэт хотын ЕБС-ийн захирлын албыг нэр төртэй хашиж байна. Түүний шавь нараас холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг, жүдогийн дэлхийн аварга Х.Болдбаатар гээд олон гавьяат төржээ.

“Бидний ажил хөдөлмөр, тэр ч бүү хэл ар гэр амьдралыг минь хүртэл зааж сургаж тусалж дэмждэг хүн бол яах аргагүй Дондол багш маань юм” гэж олон багш нарынх нь дурсамж дурдатгалд дурайна. “Энэ сургуулийн өнгөтэй өөдтэй, амжилт бүтээл арвинтай яваа нь сургуулийг олон жил удирдсан буурал захирлын минь гавьяа” гэж олон хүн хэлж байв. 5 дугаар сургуулийнх нь 30 жилийн хүндэтгэлийн ойн үеэр түүнийг “Гавьяатгүй гавьяат” хэмээн зарлахад танхим дүүрэн цугласан олон бүр нэг сэтгэлийн угаас баяр бахдалтайгаар алгаа ташиж байсан. Тийм ээ, нэгэн сургуулийн түүхийг бүтээхдээ Монголын боловсролын нэгэн цагийн түүхийг хамт бичилцсэн гавьяатан бол Дондол багш билээ сэн. “Би ийм гавьяа байгуулсан хүн” гэж хэзээ ч олны өмнө өөрийгөө зарлаж байгаагүй ч мянга мянган шавь нарынхаа сэтгэлд гэгээн сайхнаар хайрлан хүндлэгдсэн, үе үеийн гарамгай багш нарыг алдрын зэрэгт хүргэсэн эгэл даруухан түүнийг хичээлийн шинэ жилийн баяраар зориуд онцолж буй минь ийм учиртай.


Categories
мэдээ цаг-үе

Д.Жанчивдорж: Түрүү бөх допинг хэрэглэж төрт ёсны наадмаа гутааж байгаа нь эмгэнэлтэй

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглож, өндөр цол хүртсэн хоёр бөхөөс допинг илэрснийг Баяр наадмын комисс албан ёсоор зарлаад байна. Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэг нь улсын аварга Э.Оюунболд бол нөгөө бөхийнх нь В сорьцын хариу ирсний дараа нэрийг нь зарлана гэж мэдэгдэж байгаа. Монголын төрт ёсны их баяр наадамд допингтой бөх зодоглож, түрүүлдэг болсон асуудлыг бөх судлаач, бөхийн хорхойтнууд хэрхэн үзэж байгаа нь сонин. Энэ талаар улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржтой ярилцлаа.


-Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөс допинг илэрснийг Баяр наадмын комисс зарлачихлаа. Монгол бөхийн босоо хийморь хэзээдээ ингэж гундаж, муу аргаар түрүү хүртэхийг эрмэлздэг болчихов гэдэгт олон нийт эмзэглэж байна. Үндэсний бөхөөр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг хүний хувьд та үүнд ямар байр суурьтай явна вэ?

-Би ч Монголын бөхөд дуртай, шимтэн үздэг сонирхдог хүний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд байгаа олон нийтийн байр суурьтай санал нэг байна. Монгол төрийн наадамд сүүлийн жилүүдэд допинг гэж үл үзэгдэх юм ороод ирлээ. Олон улсын түвшинд, тив дэлхийн аварга, олимпийн наадамд л допингийн хяналтад ордог. Түүнийг манай тамирчид бүгд сайн мэддэг. Допинг гэдэг чинь огцом хугацаанд бяр хүчийг нэмэгдүүлдэг, зориг зүрх оруулдаг, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг, эцэж цуцдаггүй байдалд оруулдаг зүйл гэж ойлгоод байгаа. Нэгэнт ийм давуу байдал үүсчихсэн хүнийг хаяхад хэцүү болно. Зөвхөн бөхөөр зогсохгүй бүхий л спортод шударга сайхан хөдөлмөрлөж өрсөлдье гэдэг зарчимтай.Ерөөсөө энэ бол дэлхийн спортын жаяг. Сүүлийн үед жил жилийн наадмын дараа ялангуяа манай үндэсний бөхөд допингийн асуудал яригддаг боллоо.

Авч байгаа арга хэмжээ нь учир дутагдалтай. Зарим хүний цолыг хураадаг, заримынх нь барилдах эрхийг жилээр хасдаг. Юу хэрэглэхээр цолыг нь хурааж хүчингүй болгодог юм, ямрыг нь тодорхой хугацаагаар хасдаг юм. Энэ нь одоо болтол тодорхойгүй. Хоёрдугаарт, аливаа томоохон спортод тамирчдад допингийн хор уршгийг таниулах сургалт гэж хийгддэг. Миний мэдэж байгаагаар наадмын бэлтгэл, цугларалтаар галуудаар явж сургалт хийсэн нэрээр гарын үсэг зуруулдаг. Гэхдээ тэр хангалтгүй. Тийм ч болохоор манай тамирчид хурдан хугацаанд том амжилт гаргачихъя гэсэн бодолтой болж. Түүнээс биш цаад хөнөөлийг мэдэхгүй байна. Энэ жилийн хувьд хоёр бөхөөс илэрлээ. Нэг нь түрүү бөхөөс илэрлээ гэж Баяр наадмын комисс, Шадар сайд мэдээлж байна. Ойлгомжтой болчихлоо. Нэг нь В сорьцынхоо шинжилгээг өгч байгаа юм байна, чухам ямар хүн гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ тэр хэн байх нь хамаа алга. Шударгаар өрсөлдөхийг манай ихэнх бөхчүүд хүсдэг, допингийн эсрэг байр суурь нэг байдаг. Ийм байхад допинг ороод ирж байгаа нь харамсалтай санагдаж байна. Нөгөөтэйгүүр түрүү бөхөөс допинг илэрч төр ёсны наадмаа гутааж байгаа нь бүр их эмгэнэлтэй, харамсалтай асуудал юм.

-Таны ид барилдаж байх үед ер нь ийм допинг, хүч сэргээх бэлдмэлийн асуудал яригдаж байв уу?

-Тэр үед ерөөсөө тийм зүйл мэддэггүй байсан. Байгаа ч үгүй. Одоо сүүлийн үед л допинг гэж яриад, эмнэлэг биеийн тамирын албанаас хүмүүс ирж сургалт зохион байгуулдаг болж. Яахав дэлхийн аварга, олимпийн наадамд явах тамирчдаас тодорхой хувь нь, эсвэл дээгүүр медальт байрт орсон хүмүүсээс шинжилгээ авдаг гэнээ гэж мэддэг болохоос биш баяр наадамд барилдаж байгаа бөхчүүдээс допинг илэрч байсан тохиолдол байхгүй. Жишээ нь, Пүрэвсайхан заан тэргүүтэй хэдэн бөх допинг хэрэглэсэн асуудлаар эрхээ хасуулаад эрх нь сэргээгдээгүй явж байгаа. Тэдний нэг нь сумын заан байгаа шүү дээ. Тэгэхээр залуучууд чинь уураг витамин уухаас гадна их бяр хүч, оруулдаг далдын хүч гаргая гэж боддог болчихож. Тэрийг болдоггүй юм байна гэдгийг хууль журмаар сайн зохицуулаад, бүр мэдрүүлж тухайн гал клубийн удирдлагуудад сургалт зохион байгуулж, тэд нар нь цааш шавь нартаа сургалт хийж наадмын өмнө “Допинг, ийм төрлийн эм элдмэл хэрэглэхгүй” гэсэн гарын үсэг авахад буруудахгүй.

-Допингийн асуудал жил дараалан яригдаж байна гэдэг монгол бөхийн жудаг алдагдаж байна гэж үзэж болохоор биз?

-Ер нь бөх ч адилхан, ямар нэгэн спорт, бусад салбарт ч ялгаагүй өөр, өөрийнхөө үеийг хамгаалж ярьдаг юм шиг байгаа юм. Тэр үе сайхан байсан, ийм байсан гэж. Мэдээж тухайн үед сайн юм байсан ч байх, муу ч юм бий байх. Гэхдээ цолны төлөө улайрдаг, хэтэрхий тийм үзэгдэл байна. Улсын цол битгий хэл аймаг, сумын цол руу хошуураад алга болдог болж. Түүнийг харж мэдсэний үндсэн дээр сая Шадар сайд хэвлэлийн бага хурлын үеэр ирэх жилээс эхлээд Баяр наадмын хуульд өөрчлөлт оруулъя, долдугаар сарын 11,12-ны өдөр ерөөсөө улс даяараа наадамладаг болно гэж мэдэгдлээ. Тэгэхгүй бол баяр наадмыг аймаг, сумдад хойно урд нь оруулаад хийхээр ийшээ тийшээ бөхчүүд цолны төлөө явчихдаг. Харин бидний үед тийм юм байгаагүй. Социализмын үе мэдээж хатуу дэг сахилгатай. Авах юм ч бий, хаях юм ч бий. Наадам бол долдугаар сарын 11, 12-ны өдрөө болдог. Яахав, тэмдэглэлт ой гээд хүндэтгэх шалтгаан байж болно. Тийм тохиолдолд Засгийн газрын тогтоолоор зарлаж хойшлуулдаг байсан. Одоо бол нэг хэсэг долдугаар сар дөнгөж гараад наадмаа хийгээд эхэлж байна. Бөхчүүд ч хошуурдаг болсон.

Манай ахмад бөхчүүд жудаг гэдэг юмыг өөрийн биеэр харуулдаг улс байлаа шүү дээ. Дамдин аварга, хоёр Мөнх аварга, Цэрэн аварга, Цэрэнтогтох аварга бүгд адилхан. Би бүгдтэй нь хамт бэлтгэл сургуулилт хийгээд л явдаг байсан. Үнэхээр сайхан жудагтай, сайхан улсууд байлаа. Тэгэхээр ахмад үеийн ёс жудаг, монгол бөхийн ёс жаяг дэгээс суралцах л хэрэгтэй. Заавал зах зээлийн чөлөөт нийгэм рүү орлоо, хүн бүр хэлэх үг нээлттэй чөлөөтэй. Миний цол авах эрх нээлттэй, би яаж авах нь хамаагүй, авч байхад л боллоо гэх маягаар ханддаг болж. Ер нь энэ чинь манай улс төрийн ялзарсан үзэгдэл бүх салбарт шингэж байгаагийн илрэл юм. Улс төрийн томчууд, сайд дарга нар нь янз бүрийн авлига албан тушаалын хэрэг хийгээд болоод байхад бид нар яагаад наадамд түрүүлчихэж болдоггүй юм гэх бодол байхыг үгүйсгэхгүй.

-Ерөөсөө үндэсний бөхийн нэр хүнд сүүлийн жилүүдэд унасаар байгаа нь дотроо хагаралтай, тэмцэлтэй байгаагаас үүдэлтэй гэж хүмүүс хэлдэг. Энэ удаагийн допингийн асуудал дээр ч харагдлаа. Бөхчүүд хоёр талд хуваагдаад л биесээ өмөөрч, нэгнийгээ баалж байх жишээтэй?

-Нэг юмны төлөө хамтдаа зүтгээд явах ёстой хүмүүс замаасаа салснаас л үүдэлтэй. Хоёр өөр холбоо болж хуваагдлаа. Үзэл бодлын зөрүүгээс болдог юм уу яадаг юм, үүнийг дагаад Монголын ард түмнийг хоёр хэсэгт хуваачихаж байна. Үндэсний бөх гэдэг дээр үеэс уламжлагдаж ирсэн ариун нандин их соёлын үнэт өв гэж бид үздэг. Манай бөхчүүдийг хамгийн жудагтай хүмүүс гэж ард түмэн хайрладаг. Гэтэл хоёр холбооны хэрүүл нэлээд олон жил үргэлжилж байна. Холбоо болохоос ч өмнө эхэлсэн асуудал шүү дээ энэ. Явсаар явсаар яаж ч шийдэж чадахгүй байдалд хүрчихлээ. Одоо энэ асуудлыг бөхийн ноён оргил болсон аваргууд өөр хоорондоо буулт хийж ойлголцоод явах ёстой. Монгол хүмүүс байна даа. Хамтраад ажилламаар санагддаг юм. Гэхдээ ийм байдал хүмүүст их муухай харагдаж байна. Найз нөхөдтэйгөө уулзсан ч холбооны зөрчил яригддаг. Нэг холбоог нь дэмждэг хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлыг тулгах, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх гээд улайрдаг. Ер нь энэ жилдээ багтаад нэг тийш болгох хэрэгтэй. Гол байгууллага нь бөхийн холбоо байж таараа. Эрчимтэй нэг баг болоод ажилламаар санагдаад байгаа юм.

-Э.Оюунболд аваргад унасан Н.Батсуурь авраг, Ц.Содномдорж арслан, харцага Д.Анар гээд бүгд түрүү бөхөд нэр нь тодорч байсан бөхчүүд. Одоо тэдний даваа яах билээ гэдэг асуудал эргэлзээтэй байна уу даа?

-Хар ухаанаар бодоод үзэхэд ойлгомжтой. Тав, зургаа, долоо, найм, есийн даваа. Даваа бүрт унасан бөхчүүд яах юм. Манайд байдаг жишгээр бол цол өгөөд байдаг. Уг нь нэг бөх нэг хүнд аваад цол авах ёстой доо. Тавын даваанд Оюунболдод Баян-Өлгийн аймгийн арслан унасан санагдаж байна. Тэгэхээр бүгдэд нь цол өгөөд ахиулаад начин, харцага, заан, даян аварга гээд цолыг нэмээд өгчихөөр нэг тийм өмнө гарч байгаагүй үзэгдэл харагдах гээд байна. Нэг хүн допинг хэрэглэсний төлөө дөрөв, таван хүн цол авах уу яах уу гээд. Сошиал орчин хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн санаа таамаг явж байна. Нөгөө талаар энэ бөхчүүд допинг хэрэглэсэн хүнд унаад нэг ёсондоо хохирч үлдлээ. Спортын хүн гэдэг тодорхой хугацаанд ид үедээ амжилт гаргадаг. Бүтэн нэг жилийн хөдөлмөр нь талаар өнгөрч байхгүй болчихлоо.

-Зөвхөн тавын даваанаас дээш гэлтгүй, нэгээс дөрвийн даваанд унасан бөхчүүд яах вэ гэдэг асуудал бас бүрхэг байх шиг. Тэд ч бас хохирсон бөхчүүд болж таараад байна шүү дээ?

-Тэр бол яг үнэн. Унасан есөн хүн нэгийн даваанд унасан ч адил, үзүүрт унасан ч адилхан бүгд харамсалтай. Ялангуяа гурав, дөрвийн даваанд. Гэхдээ тавын даваанд нэг залуу бөхийг хаясан гэж бодвол түүнд цол өгвөл тэр нь эргээд маапаантай юм шиг санагдаад байдаг юм. Өнгөрсөн жил гэхэд Баянхонгорын аймгийн арслан Эрдэнэхүүд баяр наадмын өмнө улсын начин цол өгсөн. Тэгэхээр шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэсэн байгаа. Допинг хэрэглэснийг нь тогтоогоод нөгөө бөхчүүдэд цол олгоход бага даваанд уначихаад цол авч байгаа бөхчүүд допинг хэрэглэсэн, хэрэглээгүйг яаж мэдэх вэ. Логик ухаанаар бодоод үзэхэд ийм асуудал харагдаж байгаа. Өмнөх жилүүдийн байдлаас харахад допинг хэрэглэсэн нь тодорхой болсон ч бөхчүүд тийм ийм гэмтлийн улмаас эм тариа хэрэглэсэн гэж булзааруулж ярьдаг. Допинг хэрэглээгүй, өвчнөө намдаахын тулд хэрэглэсэн гэж олон нийтийг төөрөгдүүлдэг. Тэгэхээр ямар, ямар эм тариа хориотойг бөхчүүд, дасгалжуулагч галын удирдлагууд нь мэддэг байх хэрэгтэй. Ерөөсөө баяр наадмын тухай хууль, бөхийн найраа, допингийн асуудлыг нарийн дүрэм журмаар зохицуулахаар харагдаж байна. Бөхийн холбоо, Баяр наадмын комисс үүнд дорвитой шийд гаргах цаг нь болсон.

-Э.Оюунболдыг улсын аварга болоход монгол түмэн маш их баярлаж, биширч байсан нь саяхан. Гэтэл тэр олон хүний итгэлийг эвдсэн ийм үйлдэл гаргасан нь залуу бөхөд хүндээр тусч байгаа нь гарцаагүй болов уу?

-Оюунболдыг ямар ч байсан улсын наадамд түрүүлэхийн тулд юу ч хамаагүй хэрэглэе гэж бодоогүй байх. Санаандгүй, магадгүй ямар нэгэн хүн зөвлөснөөр хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Мэдээж допингийг нэлээд нарийн мэргэжлийн түвшний хүн гадарлаж мэднэ үү гэхээс хүн бүр учир зүйг нь олохгүй. Түүнийг яаж хэрэглэснийг мэдэхгүй байна. Өөрөө тодорхой тайлбар өгөх байлгүй. Бөх сонирхогч хүний хувьд Оюунболдыг улсын наадамд хэд түрүүлчих бөх гэж хардаг. Харцага болсон үеэс нь л харагдаж байсан. Дахиад ч Оюунболдод түрүү байгаа. Залуу хүн бэлтгэл сургуулиа чанартай чамбайруулж хийгээд, шударгаар өрсөлдөх юм бол түрүүлэх нас байна, хүч байна, бяр чадал байна. Өөрийн хөдөлмөр, ухаан бодол бүх юм нь байна, өгөгдөл нь өөрт байж байгаа л гэж хардаг.

Б.ЭНХЗАЯА


Categories
мэдээ цаг-үе

ҮАБЗ ба ШЭЭС

“Бөхчүүдийн шээснээс допинг илэрсэн асуудлаар

ҮАБЗ хуралдана”

Мэдээнээс

-ҮАБЗ-ын хурлын нууц протоколоос-

Хэлэлцсэн асуудал: Улсын наадмаар барилдсан бөхчүүдийн шээсэнд допинг байгаа эсэх талаар

Зэрэглэл: Маш нууц

***

Бөхчүүдийн шинжилгээний “В” сорьцтой танилцсаны дараа.

-Үнэр нь нэг л биш юм шигээ. Допингтой нь үнэн юм биш үү?

-Харин тийм ээ, наадмаар зүгээр л үнэртэй байсан

-Сайн сэгсрэхээр зүгээр болчихож байна аа…

-“Цол дагаж амт нэмдэг” гэж үнэн шүү… Ээ дээ энэ ардын ухаан уу?

-За нэгэнт уулзсных. Төлөө!

-Төлөө!…төлөө!…Ёроолыг нь гаргана шүү….

-Гурван сар дарсан болохоор час хийж байна гээч

-Арай л шорвог санагдлаа. Допинг чинь арай чихэрлэг байдаг байх аа.

Бүү мэд, БатЭрдэнэ аваргынх шиг л амттай юм байна.

-Өөрсдийнхтэйгөө харьцуулаад үзэхээр мэдэгдэх юм биш үү!

-Ерөнхийлөгч өө, таных хамаагүй гоё юм байна, алив миний аяга руу дахиад нэг…

***

Орой болтол хурал үргэлжлэв.

-Сэргээштэй нь үнэн юм биш үү? Миний чалх сэргээд байх шиг… та бариад үз дээ…

-Горьд! Наадах чинь минийх.

-Өө, уучлаарай.

-Тэгээд, наад гараа аваач.

-Хөөе хамгаалагч аа…(шивэгнэн) цай зөөгч охиныг шкааванд нуугаарай. Цаадах чинь чалх малх гээд уналаа.

***

Хаалга нүдэх чимээ гарав.

-Нууц хуралдаан болж байхад ямар дурак нь хаалга нүдээд байна аа..

-Эрхэм гишүүд ирчээд, амталгаанаас хоцорлоо гэж уурлаад байна.

***

Шөнө дөл болжээ.

-Дуусчихсан уу?..

-Савыг нь зайлаад аягалж байна аа…

-Олимпийн хороо руу яриад тамирчдын юуг….

-Ярьсаан, ажил тарчаад, лабораторийн эрхлэгч нь олддоггүй.

-Тэгүүл, Батэрдэнэ аваргыг дуудаач

-Өө үхсэн, Аварга хүнийхээс ийм жоохон гарахдаа яадаг юм бэ?

-Би түрүүхэн нойлд орцон гэж хэлээд байхад, та нарыг дуудна гэж яаж мэдэхийн бэ?

-Жаахан ус ууж байгаад дахиад нэг дүлээдэх дээ, аварга аа.

***

Хэдэн хоногийн дараа. Монголд айлчилсан В.Путин буцаж явна.

Манай “Тулка”д хэдэн гаагүй үнэртэй шүдний “оо” явуулаарай, юугаа хэрэглэхээр ингэдэг байна аа… чёрт. Алив нөгөө гаатай үрлээсээ дахиад хэдийг…

2019.09.32

Categories
мэдээ нийгэм

Барилгачдын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан “Монголын барилгачдын өдөр​”-ийг зохион байгуулна

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын үйл ажиллагаа, Барилгачдын баяр, түүхт 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Барилга.мн ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх, БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Батзориг нар оролцлоо.

“Монголын барилгачдын өдөр” ёслолын арга хэмжээ есдүгээр сарын 6-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болох бөгөөд Барилгын салбарын 2019 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа, Салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд залах ёслол болно.

Түүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана. Нээлттэй хаалганы өдөрлөг есдүгээр сарын 6-ны 10 цагаас 17 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт барилгын салбартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой. Өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Барилгын салбарын ТББ, мэргэжлийн холбоод, Барилгын компаниуд оролцоно.

Мөн барилгачдын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор “Барилга орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 06-наас 08-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын материалын худалдаа эрхлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч, барилгын компаниуд зэрэг гадаад, дотоодын 110 гаруй шилдэг, ААН, байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

​”Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээн энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана

“Монголын Морьт Харваа”-ны холбооноос “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг энэ сарын 7, 8-нд “Чингис хаан хүрээ” цогцолборт зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээнд Малайз, Канад, Унгар, Өмнөд Африк зэрэг 17 орны 40 гаруй тамирчид оролцохоор хүрэлцэн иржээ. Тэмцээн зөвхөн спортоос гадна аялал жуулчлал, эдийн засагт хувь нэмэр оруулж, морьт харваагаар хичээллэдэг залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй болгож буйг тэмцээний зохион байгуулагч онцоллоо.

Тэмцээний зохион байгуулагч Ш.Цогтхүү “Морьт харваа гэдэг бол бид бүхэнтэй салшгүй холбоотой. Өвөг дээдсийн минь дайчин уламжлалыг морь, нум сумгүйгээр төсөөлөх аргаагүй. Энэ уламжлалыг монголчууддаа өвлүүлээд зогсохгүй олон улсын түвшинд морьт харваа сонирхогчдыг нэг дээвэр дор цуглуулж тэмцээн зохион байгуулах болсноороо онцлог юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ШУА, Уралын их сургуультай хамтран ажиллана

ОХУ-ын Уралын их сургуулийн төлөөлөгчид ШУА-д айлчиллаа. Монгол Улсын ШУА, Уралын их сургуультай 2017 оноос хамтран ажиллаж буй юм Өнгөрсөн хугацаанд Уралын их сургуулийн эрдэмтэд ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн /ООГФХ/-тэй түлхүү ажиллаж, энэ талын судалгаан дээр хамтарч ажиллажээ. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хамтарсан экспедиц Монголын говиос солирын биет байж болзошгүй зүйл олсон нь өдгөө ООГФХ-д хадгалагдаж байгаа юм.

Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Уралын их сургуулийн захирал Виктор Анатольевич нар 2019-2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төсөлд гарын үсэг зурав. Уралын их сургуулийн эрдэмтдийн зүгээс 2019 онд хамтын ажиллагааны хүрээгээ тэлж нийгмийн салбарын хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Төлөвлөгөөнд урьдчилсан байдлаар говь цөлийн экспедиц, цаг уурын дээжийн түр зуурын экспортын баримтын бүрдүүлэлт, Солирын бодисын дээжийг шинжлэх, Техникийн шинжлэх ухааны салбар дахь судалгааны төслүүдийн уралдаанд зориулж хамтарсан өргөдөл гаргах, Эрчим хүчний системийн аюулгүй байдал, Эрчим хүч, барилгын зориулалтаар үйлдвэрлэсэн стандарт бүтээгдэхүүн болгоход Монголын нүүрсийг ашиглах цогц технологи, Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны судалгааны уралдаанд зориулсан хамтарсан өргөдөл гаргах ОХУ, Монгол Улсын оюутнуудын үнэлэмжийг харьцуулсан судалгаа хийх, оюутан солилцох зэрэг ажлыг тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтөд тэсвэргүй 234 барилгыг ашиглахыг хоригложээ

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга болон барилгын паспортжуулалтын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал, Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Б.Ардабек нар мэдээлэл хийлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1937 барилга бий. Үүний 1413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга байна. Одоогийн байдлаар дээрх барилгуудын 658-д нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, орон сууцнуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 93, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-ийг нь ашиглахыг хориглосон. Төрийн өмчийн болон олон нийтийн барилга байгууламжийн хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 18, хүчитгэх, бэхэлгээ хийх шаардлагатай найм, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 33 барилгын дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт өмчлөгч, эзэмшигч болон хяналтын байгууллагад хүргүүлсэн” хэмээв.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал “2011 онд орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны ойлголт бий болсон. Үүний дараа НИТХ-ын 90 дүгээр тогтоолоор ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих үйл ажиллагааны журмыг баталсан. Мөн 2015 онд хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар шаардлага хангахгүй барилгыг буулган дахиж шинээр барих ажил хэрэгжиж эхэлсэн. Бид дээрх хуулийн дагуу тухайн ашиглалтын шаардлага хангахгүй 234 орон сууцыг дахин төлөвлөх тухай оршин суугчдаас санал асуулга явуулаад байна. Үүний үр дүнд 162 барилгын оршин суугчид дахин төлөвлөх ажлыг дэмжсэн учраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгыг буулган, дахин шинээр барих үйл ажиллагаа хийгдэж байна. Одоогоор төмөр замын хойд талын барилгууд болон нэхмэлийн шар барилгууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхон зэрэг нийт 24 багцын 64 барилгын сонгон шалгаруулалт хийгдсэн учир дахин барилгажуулах ажил хэрэгжиж эхэлсэн. Мөн өнөөдрийн байдлаар нийт 27 орон сууцыг буулган 931 айлын есөн орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан. Энэ жилдээ багтаан дахин хэд хэдэн орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Гамшгийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Гамшгийн даатгалын хууль”-ийн төсөл боловсруулахад хамтран ажиллах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Захиргааны удирдлагын газрын дарга н.Батзориг, актуарч н.Батболд, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, тус газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Дөвшин нар оролцов

Categories
мэдээ нийгэм

Газар эзэмшүүлж ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулна

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 13-нд Улаанбаатар хотын 25 байршилд газар эзэмшүүлж ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах гэж байна.

Нийслэлийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2019 оны А/854 дүгээр захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа энэ есдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдах тул дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ есдүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх талаар мэдээллээ.

Дуудлага худалдааны үнийн саналыг есдүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 16 цаг 00 минут 00 секунд хүртэл авах нь. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 16 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулах аж.

17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэх юм байна.

Дуудлага худалдаагаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ар шижирийн аманд хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн гэр хороолол дахь орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Рашаант өртөөний зүүн талын газар, Баруун турууны давааны орчим газрыг тус бүр аж ахуйн зориулалтаар, Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандан уулын урд талын газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар худалдах юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Газрын биржийн цахим төвийг нээсэн. Уг төвөөр дамжуулан газрын дуудлага худалдааг цахимаар болон гар утсаар явуулах боломжтой болсон юм.