Categories
мэдээ цаг-үе

Хороондоо бүртгэлтэй өрхүүдэд өнөөдөр түлшний карт тараана

АРТААР ОЛГОХ ШАХМАЛ ТҮЛШ ТОНННЬ 150 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-


Засгийн газраас түүхий нүүрс ахуйн хэрэглээний зориулалтаар Улаанбаатар руу нэвтрүүлэхийг хориглож, хэрэглэсэн айл өрхийг 300 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Тэгвэл “Таван толгой түлш” компани өнөөдрөөс эхэлж айл өрхүүдэд гурван тонн шахмал түлшний эрх бүхий картыг тарааж эхэлж байна. Уг картын талаар тус компанийн борлуулалтын мэргэжилтэн Ш.Батсууриас тодрууллаа.


-Нийслэлчүүд энэ жил шахмал түлшийг хэрэглээндээ бүрэн нэвтрүүлж байна. Уг хэрэглээнд зориулж танайхаас тарааж буй картны талаар тодруулахгүй юу?

-Юуны өмнө энэ карт төлбөрийн систем биш. Харин хяналтын карт юм. Картыг үнэ төлбөргүй тараана. Хороодтой хамтарна. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд сайн дурын 4600 ажилтан байдаг. Тэдэнтэй хамтарч картаа тараана. Энэ картаар гурван тонн түлш худалдан авах эрхтэй.

Карт тарааж байгаа нь хоёр шалтгаантай. Нүүрсний ченж нар их хэмжээгээр шахмал түлш аваад цааш дамлаж, үнэ өсгөж зарах эрсдэлтэй байдаг. Тиймээс үүнээс сэргийлэх, худалдааны цэгүүдэд хомсдол үүсгэхгүй, хэн нэгэнд давуу эрх олгохгүй гэдэг үүднээс карт тарааж байгаа. Хоёрдугаарт, хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг хянах боломжтой. Манайх жилд хэчнээн тонн түлш хэрэглэж байна, хэчнээн төгрөг зарцуулав гэх зэргээр хэрэглээгээ хянахад карт баримт болно.

-Шахмал түлшийг илч муутай гэсэн яриа байна. Нэг өвөл гурван тонн түлш хүрэлцээтэй гэсэн тооцоог хэрхэн гаргасан бэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс түлдэг байхад 1.2 сая тонныг хэрэглэдэг байсан. Шахмал түлшний хувьд энэ хэрэглээг хоёр дахин бууруулахад нийслэлчүүдэд хүрэлцэнэ гэж үзсэн. Энэ бол судлаачдын гаргасан тоо. Өөрөөр хэлбэл, өвөл 4-5 “Портер” буюу 6-7 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан айлууд гурван тонн шахмал түлшээр өвлөө давах боломжтой гэсэн тооцоо юм. Магадгүй тухайн айлын зуух, байшингийн дулаалга зэрэг олон хүчин зүйлээс хамаарч хэрэглээ янз бүр байна. Гурван тонноос ихийг ч хэрэглэж мэднэ. Хүрэхгүй бол хэрэглээний эрхээ сэргээлгээд түлшээ нэмүүлээд явж болно.

-Үнэ ханш, савлагааны тухайд тодруулахгүй юу. Жижиглэнгээр болон бөөнөөр авахад үнийн ялгаа үүсэх үү?

-Нэг тонн нь 150 мянган төгрөг. Гурван тонноор өвлийг давна гэвэл 450 мянган төгрөг болно. Түлшийг нэг тонн болон 25 кг-ын савлагаатай борлуулна. 25-кг-ын савлагаатай нь 3750 төгрөг байна. Энэ бол үйлдвэрийн үнэ. Яг энэ үнээр борлуулалтын цэгүүдээс хэрэглэгч авна гэсэн үг. Жижиглэн авсан, бөөнөөр авсан ч үнийн ялгаа байхгүй. Манай түлшийг худалдаалж байгаа гэрээт цэгүүд орлогынхоо тодорхой хувиар цалинжаад явна.

-Шахмал түлшний нөөц хэр хангалттай байгаа вэ?

-Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 200 мянган тонныг үйлдвэрлэж, нөөцлөөд байна. Түлш үйлдвэрлэх түүхий эдийг хангалттай нөөцөлсөн байгаа. Өнөөдрийн байдлаар 800 мянган тонныг нөөцлөөд байна. Энэ жилдээ сая тонныг нөөцөлнө гэж төлөвлөсөн байгаа. Борлуулалтын цэгүүдийн хувьд 200 гаруйг нээгээд, түлшээ хүргээд, гэрээгээ байгуулаад явж байна. Ер нь нийслэлийн хэмжээнд 500 гаруй цэг байгуулна гэж төлөвлөсөн. Гэхдээ иргэдээс хамтран ажиллах хүсэлт их тавьж байгаа. Шаардлага хангасан хүсэлт гаргагч бүртэй хамтран ажиллана. Байрлал сайтай, битүү агуулах савтай байх гэсэн шаардлагууд бий.

-Танай шахмал түлшийг хадгалах горим бий юу. Мөн хэрхэн галлах вэ?

-Хадгалах горимын хувьд нүүрстэй ижил. Чийг авахуулахгүй, нарны хурц гэрлээс хол, битүү саванд хадгалах ёстой. Зун иймэрхүү байдлаар хадгална. Өвөл харьцангуй гайгүй. Галлагааны горим гарсан байгаа. ШУТИС-ийн дэргэд зуухны төв лаборатори гэж бий. Тэнд олон удаагийн туршилт хийсэн. Эрдэмтдийн зөвлөж байгаагаар төслийн зууханд бол түлшээ хийгээд дээрээс нь галлана. Уламжлалт зуух байвал түлшээ хийгээд дээрээс нь мод шатах материалаа хийж асаана.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Эхнэрийнхээ амь насыг хөнөөгөөд, цогцсыг нь галдан шатаажээ

Говь-Алтай аймагт өчигдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, Есөнбулаг сумын Наран багийн ойролцоо уулын бэлд иргэн Г.Мөнхбаяр эхнэр Б-гээ хардаж зодож, улмаар амийг нь хөнөөгөөд Приүс 20 маркийн машинд цогцсыг нь хийгээд галдан шатаасан байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Нөхөр Г.Мөнхбаяр нь Howo маркийн ачааны машин барьдаг бөгөөд хил рүү ачаа ачдаг байсан. Хэрэг гардаг өдөр ачааны машинтай Бигэр суманд ачаа буулгах гэж яваад түлш дуусч эхнэрээ шатахуун аваад ир гэж дуудсан юм билээ. Эхнэр нь өөрийнхөө машинтай шатахуун аваад хээр байгаа нөхөр дээрээ очтол хардаж зодоод амийг нь хөнөөжээ. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд хоёр охин нь дагавар юм байна. Харин бага хүү нь Г.Мөнхбаярын хүүхэд” гэв.

Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Г.Мөнхбаярыг цагдан хорьжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уянга: ТЕГ-ын хүсэлтээр цагдаа нар 22:00 цагт намайг байцаалт өгөхийг шаардсан

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр цахим хаягтаа хувийн үзэл бодлоо илэрхийлсэн иргэн “Элийрэгч” хаягтай Ц.Уянгад Тагнуулын Ерөнхий газрын хүсэлтээр цагдаа нар шалгасан дэх мэдээлэл тархаад байгаа. Энэ талаар иргэн Ц.Уянгатай ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол Улс дахь айлчлал болж өндөрлөлөө. Энэ үеэр цахим ертөнц дэх жиргээнээс тань болж Зөрчлийн хэрэг нээсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Зөрчлийн хуулиар хэрэг нээсэн эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Ямартаа ч Тагнуулын Ерөнхий газраас цагдаад гомдол гаргасан байна лээ.

-ТЕГ-аас гомдол гаргасан эсэхийг нь та яаж мэдсэн бэ?

-ЦЕГ-аас зөрчлийн хэлтэс хариуцсан дэд дарга, дэд хурандаа н.Чинбат, ахмад н.Ганзориг гэж байцаагчийн хамт энэ сарын 2-ны өдөр манай байрны гадаа ирсэн. Миний утас руу залгаад “ТЕГ-аас гаргасан гомдлын дагуу явж байна. Танай цонх гэрэлтэй байна. Гарч ирж байцаалт өг” гэсэн шаардлага тавьж байна лээ. Энэ нь оройн 22:00 цаг өнгөрч байхад болсон явдал шүү дээ. Тухайн үед нь би нохойгоо салхилуулахаар гараад явчихсан байлаа. “Хойшлуулшгүй асуудал байгаа бол хуулийнхаа зүйл, заалтыг тайлбарлаад шаардлагаа хүргүүл. Та нар ажлын цаг дууссан хойно, шөнө хүн дуудах ёсгүй” гэж хэлсэн.

-Ямар асуудалд буруутгаж гомдол гаргасан талаар мэдээллийг танд өгсөн үү?

-Ямар үндэслэлээр буруутгагдаж байгаагаа лавлахад “Путины айлчлалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдалд харшилсан зүйл бичсэн байна” гэж хэлсэн. “Путин мандтугай, Орос ахыгаа дагаад автономит болсон ч яадаг юм” гэж л бичсэн. Энэ миний чөлөөт үзэл бодол. Би ёгтолсон ч байж болно. Шүүмжилсэн ч байж болно. Юугаараа Үндэсний аюулгүй байдалд харшлаад байгааг нь ойлгохгүй байна. Би Үндэсний аюулгүй байдлыг сахиж байдаг хүн ч биш. Энгийн л иргэн. Ер нь би Путиныг шүтсэн ч байж болно. Автономит болъё гэсэн хүсэлтэй ч хүн байж болно биз дээ. Ингээд байцаалт өгөхөөс татгалзахад “Бид нар урьдчилж мэдэгдээгүй учраас энэ удаа ирэхгүй байж болно. Утсаар холбогдоод ирж уулзаарай” гэж хэлсэн. Маргааш нь өмгөөлөгчтэйгөө уулзаад болсон явдлын талаар зөвлөгөө авахад “Хуулийн хойшлуулшгүй хэрэг үүссэн байсан бол цагдаагийн байгууллага хуулийн дагуу өөрсдөө тухайн процессоо хангах ёстой. Ийм биш бол хуулийн ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байгаа учраас очих хэрэггүй. Тэгээд ч бүх нийтийн амралтын өдөр очих хэрэггүй” гэж зөвлөсөн.

-Айлчлалын үеэр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн хэд хэдэн иргэдийг буруутгаж цагдаа хүчний байгууллагаас анхааруулга өгсөн байна. Та үүнийг яаж харж байна вэ?

-Ганбат гэж хүн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шөнийн цагаар гэр оронд нь очсон байна лээ. Энгийн иргэн л үзэл бодлоо илэрхийлсэн байсан. “Манайх ОХУ-руу бага хэмжээний бүтээгдэхүүн экспортолдог. Үүний татвар нь хэтэрхий өндөр байдаг. Харин манайх ОХУ-аас их хэмжээний бүтээгдэхүүн авдаг. Үүнд харилцан хөнгөлөлттэй хамтарч ажиллаж болдоггүй юм уу. Айлчлалаар энэ асуудлыг шийдэх үү” л гэсэн үзэл бодлоо жиргэсэн байсан. Үүнд доромжлол, ямар нэгэн турхирсан өнгө аяс ч алга. Ер нь өмнө нь бага зэрэг дээрэнгүй бодлого явуулж байна гэсэн шүүмжлэл явж л байсан. Тэр дундаас хэдэн хүнийг сонгож аваад айлгах зорилготой юм уу, Элчин сайдын мэдэгдлээр үүрэг даалгавар ч биелүүлж байгаа юм уу, би сайн мэдэхгүй байна. Үүний өмнөхөн “Халх голын дайны ойн үед хоёр улсын харилцаанд сөрөг үзэл бодолтой, төөрөгдсөн улсуудыг нэн даруй таслан зогсоох шаардлагатай” гэсэн мэдэгдэл гаргахад Баабар гуай нийтлэлээрээ “Манай улсад хүмүүсийн үзэл бодлыг таслан зогсоодог асуудал байхгүй. Ардчилал тогтоод 30 жил болж байна” гэж хариу барьсан байсан. Бодвол ОХУ-ын талаас ямар нэгэн шүүмжлэлтэй, эргэлзсэн, төөрөгдсөн хүмүүсийн үзэл бодлыг зогсоох даалгаврын дагуу хүчний байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм уу, эсвэл үнэхээр үндэсний аюулгүй байдалд харшлах учраас хэсэг бүлэг хүмүүс зогсоо гэсэн ч юм уу. Эсвэл бие даасан үзэл бодолтой байх хүний эрхэд халдаж, эхнээсээ амыг барих оролдлого ч хийж байгаа юм уу, мэдэх юм алга даа.

-Манайх социализмын нийгэмд байхад ингэж хүний эрхэд халдаж байсан удаагүй биз дээ?

-Хүүхэд байхад ч элдэв юм асуухад “Ийм юм ярьж болохгүй шоронд орно” л гэж хэлдэг айдастай өссөн шүү дээ. Социализмын үед үзэл санаа, бодол хаалттай хязгаарлагдмал байлаа. 1990-ээд оноос хойш бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бодит утгаараа хэрэгжсэн. Үүнээс хойш сэтгүүлчдийг улс төрчид “гүтгэсэн, гутаасан” гэж хууль шүүхийн байгууллагад хандаж л байсан байх. Гэхдээ энэ удаагийнх шиг төрийн байгууллагаараа Ерөнхийлөгчийн тамгын газар, эрх бүхий институциэр нь дамжуулж ингэж иргэнд хандаж байсан удаа байхгүй. УИХ-ын гишүүд юм уу, сайд юм уу хүмүүс иргэнээрээ гомдол гаргадаг байсан. Тэр нь өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, буруутгагдаж байгаа зүйлдээ тайлбар авах, Үндсэн хуульд заасан бүх эрхийн дагуу л явдаг процесс.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас танд гомдол гаргаж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Үргэлжилж л байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар Ерөнхийлөгчийн өмнөөс надад гомдол гаргасан. Надад гаргасан гомдолтой нь танилцаж, өөрийгөө өмгөөлөх үйл явцгүйгээр шууд л шийтгэврийн хуудас гаргасан байна лээ. Энэ нь Үндсэн хуулийн шаардлага хангахгүй шүү дээ. Энгийн иргэн хувийн үзэл бодлоо цахим хаягтаа бичсэнийх нь төлөө гомдол гаргаж байгаа тохиолдол ховор байх. Үүн дээр зүгээр надад тохиолдсон асуудал гэхээс илүү ардчилсан хүний эрхийн зарчмуудыг хангах, дархлаажуулах эрхийн төлөө тэмцэж давж заалдаж, олны анхааралд хүргэж байгаа л хэрэг.

-Үндсэн хуультай харшилсан хуулийн заалтууд олон байх шиг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Баталсан хууль нь алдаа гажуудалтай, өөр хоорондоо уялдаагүй, Үндсэн хуультай харшилсан байвал засч залруулаад явдаг. Үндсэн хуулийн заалттай харшилж байгаа хуулийн хэрэглэх байдлыг түр түдгэлзүүлээд, яаралтай дахин хэлэлцээд залруулдаг. Харин үүний оронд Зөрчлийн хуулиараа надаас гадна олон хүнийг амыг нь барихаар эрхэнд нь халдаж, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх эрх чөлөөнд халдаж байгаад нь харамсаж байна. Энэ асуудал дээр дүгнэлт хийгээд цааш явах болов уу гэтэл иргэдээ нухчин дарах зэвсэг болгож ашиглаж байгаа учраас би Олон улсын байгууллагад хандахаас өөр аргагүй болж байгаа юм. Албан ёсны гомдлоо гаргаад, тохиолдлууд нь бүртгэгдээд явж байгаа. Энэ хэргүүд анхааралд нь өртсөн байгаа. Өнөөдөр гэхэд НҮБ-ын хүний эрхийн илтгэгч манайд ирээд байна.


Categories
мэдээ нийгэм

Нөхөн сэргээлт хийсэн тухай тайланг энэ сарын 25-ны дотор ирүүлэхийг үүрэгдлээ

МХЕГ-аас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан уул уурхайн компаниудад эзэмшиж байсан талбайдаа нөхөн сэргээлтийг холбогдох журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгөх, үүрэг даалгаврын биелэлтийг энэ сарын 25-ны дотор МХЕГ-т ирүүлэхийг үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь, Архангай аймгийн нутагт ашигт малтмалын 23 тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас уурхайн үйл ажиллагааг нь актаар зогсоосон. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсний дагуу эдгээр компаниуд нөхөн сэргээлт хийх юм.

Нөхөн сэргээлт хийсэн тайланг ирүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг мөн анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Онон: Охин минь “Тавтай морилно уу” гэхэд Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь” гээд үнссэн гэнэ лээ


ОХУ-ын Ерөнхийлөгч B.В.Путиний Монгол Улсад хийсэн айлчлал сонин, хачин ихтэй өндөрлөв.

Тэр дундаас хойд хөршийн ерөнхийлөгчийг Сүхбаатарын талбайд угтан авах ёслолын үеэр монгол үндэсний хувцастай бяцхан охин цэцэг барин угтсан юм. Ерөнхийлөгч В.Путин өвдөг нугалан сууж цэцэг барьсан охинтой мэндчилэн үнсэж буй мөч монголчуудын анхаарлыг татав бололтой. Бяцхан охины ээж А.Ононтой ярилцлаа.


-Ерөнхийлөгч В.Путинийг цэцэг барин угтсан бяцхан охины нэр алдар хэн бэ. Хэдэн настай вэ?

-Охиныг маань Намударь гэдэг. Зургаан настай. “English school” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч.

-Шинэхэн сурагч байх нь ээ?

-Тийм ээ.

-Ерөнхийлөгчийг угтах ёслолд хэр бэлдэцгээв?

-Охин маань чухал үйл явдалд оролцож байгаа болохоор сэтгэл их догдолж байлаа. Хувцсаа захиалж хийлгэхдээ их анхаарсан, зөндөө газруудаар явсан.

-Үг, үйлдлийг бас зааж байв уу?

-Зааж өгдөг юм билээ. Ингэж хэлээрэй, тэгж өгөөрэй гээд

-Ёслолын багийнхан зочдыг цаг гаруй хүлээцгээсэн. Нэлээд халуун өдөр ч болсон. Охиныг тань нэг хэсэг сүүдэрт байлгаж байгаад л авчирч зогсоогоод байна лээ. Хүүхэд болохоор ядарсан байх?

-Би яг тэр үед нь хажууд нь байгаагүй. Утсаар шууд бичлэг үзэж байсан. Харин цаана нь юу болж байгааг нь мэдээгүй. Ер нь их халуун өдөр болсон. Охин маань их халууцсан гэсэн.

-Ерөнхийлөгч В.Путин бууж ирээд охинтой тань мэндчилж байгаа мөчийг монголчууд одоо ч дурсаж байна. Танд ямар санагдаж байв?

-Тэгэлгүй яахав. Мэдээж том гүрний ерөнхийлөгч манай улсад айлчлаад охин маань цэцэг бариад угтаж байна гээд бодоход бидэнд төдийгүй охины маань амьдралд сайхан дурсамж болж үлдэж байна.

Үнэхээр дурсгалтай, гоё үйл явдал байлаа. Путин ерөнхийлөгч хөл дээрээ өвдөглөж суугаад охины минь харааны түвшинд зэрэгцэж очоод мэндчилж байгаа тэр мөч маш гоё санагдсан. Хүүхдийг хараа, өндрийнх нь түвшинд тааруулж харьцана гэдэг бол маш өндөр соёл.

-Охиныг тань үнсээд, хоорондоо хэсэгхэн хором ярилцах шиг болсон. Юуны тухай ярилцаж вэ?

-Манай охин орос хэл дээр “Тавтай морилно уу” гэж хэлсэн. Хариуд нь Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь” гэсэн гэнэ лээ. Бас дараа нь “Намайг үнсчихээд урдаас хараад инээсэн” гээд охин маань их хөөр баяртай ирсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас дэргэд нь байсан шүү дээ?

-Тийм ээ, Ерөнхийлөгч маань бас охинтой маань мэндчилээд нэр, насыг нь асуусан байсан.

-Олон нийт Ерөнхийлөгч Путиний хүндэтгэлтэй харьцааг онцолж, охиныг тань ихээхэн өхөөрдсөн сэтгэгдэл илэрхийлсээр байна. Та бүхэн тэр сэтгэгдлүүдийг уншиж л байгаа биз дээ?

-Хүмүүсийн сэтгэгдлийг уншлаад л байгаа. Зарим нь шүүмжилж байсан. Дараа нь бодоход “Нээрээ бодоход тийм байж шүү” гэж бодох ч үе гарч байна. Жишээ нь, бид гутлыг нь солих байж гээд л. Цаанаасаа нэг их шаардлага тавиагүй болохоор бид байсан гутлыг нь л өмсгөсөн. Гэхдээ сөрөг гэхээс эерэг сэтгэгдлүүд дийлэнх байгаа учраас уншаад л баймаар байна.

-Хувцсыг нь бэлдэхдээ ямар нэгэн зүйлийг бэлгэдэв үү?

-Монголынхоо хөх тэнгэрийг бэлгэдэж цэнхэр, номин цэнхэр өнгийг сонгохыг хичээсэн. Оёдолчинтойгоо ярилцаж байгаад охин маань цайвар царайтай болохоор цэнхэр өнгө гоё зохих байх гэж сонгосон. Бидэнд тавьж байсан шаардлага бол хэт гялалзсан, ганган байх дэмий гэж хэлж өгсөн.

-Б.Намударь охин ах дүү хэдүүлээ вэ, аав ээж нь ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Манайх ам бүл долуулаа. Охин маань дээрээ ах, эгч хоёртой, доороо хоёр дүүтэй.

-Ямар авьяастай вэ?

-Дуулж, бүжиглэх дуртай. Дээр нь бас номын хуудас эргүүлэх их дуртай. Дөнгөж нэгдүгээр ангид орсон болохоор уншиж сурахаараа номонд илүү дуртай болох байх аа.“Том болоод мисс болно” гээд л явдаг охин доо (инээв).

-Дуучин А.Хаянхярваа охиныг “Хайртай дүү Наамуу цэцэг өгсөн” гэж олон нийтийн сүлжээнд жиргэсэн байсан. Та бүхэн ах дүүс үү?

-Бид гэр бүлийн л найзууд.

-Гадны улсын ерөнхийлөгчийг угтах ёслолд оролцох болсноо та бүхэн яаж мэдсэн бэ. Шалгуур шүүлэг хэр тавив?

-Шалгуур тавилгүй яах вэ. Яг нарийн юу, юу шалгасныг сайн мэдэхгүй байна. Би өөрөө нялх хүүхдээ хараад гэртээ байдаг хүн. Хүүхдээ ирж шалгуулаарай гэхэд нь явуулсан.

-Ярилцсанд баярлалаа

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Дордохын долоон өөрчлөлт дампуурахын далан нөхөөс болох нь

Үндсэн хуулийг өөрчлөх санаа дордохын долоон заалт гэгчээс эхлэлтэй. Долоон заалтаас болж Үндсэн хуульд гар хүрэхээс аргагүй гэсэн яриа аль хэзээнийх л дээ. Төдийгөөс өдий хүртэл эцэг хуулийг өөрчилнө гэсэн яриа, байр суурийн шалтаг шалтгаан болсоор ирсэн долоон заалт үнэхээр гай түвэг болохоор нөлөөтэй заалтууд байв уу гэвэл бас үгүй. Давхар дээлийг эс тооцвол бусад нь ардчилал, засаглалд тэгтлээ ад дараа болсон агуулга байхгүй. Сайн талаас нь харвал боломжийн, муу талаас нь харвал хэн ч өө гаргаж ирээд шүүмжилчихээр заалтууд. Муулахын тулд муулъя гэвэл юуг ч шүүмжилж болдог гэдгийг мэргэн уншигчид юу эс андах. Товчхондоо өнөө долоо өөрчлөхгүй л бол болохоо байчихсан заалтууд биш.

Болохгүй долоогоо сайжруулъя гэж оруулж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл сүүлдээ бүр бантан болоод хувирчихлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг шүүмжлэгчдийн нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэрээр өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд тусгайлан мэдээлэл хийхдээ “Зөвшилцөх ажлын хэсэг гэсэн нэрийн дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тохиролцож байна. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч ажиллаж байгаа. Уг нь хууль дүрмээрээ бол Ерөнхийлөгчийн бараа бологч жижигхэн залуу З.Энхболд энд үгээ хэлээд, тэмдэглээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг рүү ороод явж байх ёстой. Гэтэл бүгдийг нь “төмсөгдчихсөн”. 49 ЖДҮ-чин, 60 тэрбум, концессчин, хүн амины хэрэгтэн гээд намын даргынх нь хэлснээр тэр хүмүүс нь энд суугаад Үндсэн хуулийг хэлэлцэж байна. Хуучин буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг батлахдаа 400 гаруй депутатууд төслийн заалт тус бүр дээр 10 минут үг хэлж хэлэлцэж баталсан. Гэтэл МАН-ынхан өчигдөр гэнэт бүлгийн хурлаа зарлаж гишүүдийнх нь нэг нь ч төслийн заалттай холбогдуулан үг хэлж, асуулт асууж болохгүй гэдэг чиглэл өгсөн. Тэрийгээ тэд өөрсдөө хэлж байна. Тэгээд намайг асуулт асуухаар “Чи 30 цаг ганцаараа ярих нь” гээд үг хэлэх эрхийг хассан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо, наймааны хэрэгсэл болголоо гэж би үзэж байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

О.Баасанхүү гишүүн УИХ-ын гишүүдийг 99 болгох, сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ, Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох зэрэг заалт дээр шүүмжлэл, эргэлзээтэй хандаж яваагаа дуулгаад буй. Эрхэм гишүүний Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой хардангуй хэлсэн байр суурийг ч хэвлэлийнхэн онцолж байна. Тэрээр “Үндсэн хуульд өөрчлөлт хийж байгаа нь ШХАБ-аас болсон шүү. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч давуу эрхтэй болно. Үүнийг нь хэлсэн хүн бүхэн рүү ямар нэгэн байдлаар дайрч байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүд “төмсөгдүүлж” саналаа өгч байна гэсэн О.Баасанхүүгийн шүүмжлэлийг батлахаар хэд хэдэн заалт анхаарал татаж байгаа. УИХ-ын гишүүд төсөв санхүүгийн ямар ч шийдвэрийг бие дааж гаргахгүй гэх мэт парламентын чадамжид халдсан утгатай заалтууд дээр толгой дохисон шигээ сууна гэсэн шүүмжлэл учир мэдэх улсын дунд өрнөж буйг энэ дашрамд онцолъё.

Үндсэн хуульд хувийн хэвшлийг хамгаалах заалт алга гэж шүүмжилж суугаа гишүүдийн нэг нь Ж.Ганбаатар. Баялаг бүтээдэг хувийн хэвшлийнхнийг биш, төрийн албыг хэт хамгаалсан заалт оруулсан гэх түүний байр суурь үнэний ортой. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд халахгүй гэдгээс эхлээд төрийн алба руу хандсан цөөнгүй заалт төсөлд туссан нь ингэж шүүмжлэх шалтгаан болсон хэрэг. Энэ тухай Ж.Ганбаатар гишүүн “Хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийг хамгаалдаг нэг ч заалт оруулаагүй мөртлөө төрийн албан хаагчийн эрхийг хамгаалсан заалтыг Үндсэн хуульд тусгаж өгч байна. Ийм заалт хэрэгжээд эхэлбэл баялаг бүтээх гэхээс илүү төрийн албанд ажиллах сонирхол нэмэгдэх эрсдэлтэй. Энэ бол хүнийг ялгаварлан гадуурхсан заалт” гэсэн шүүмжлэл хэлнэ лээ. Хуульч гишүүдийн нэг Ц.Мөнх-Оргил ч Ж.Ганбаатартай санаа нэг байгаагаа илэрхийлчихсэн. Төрийн албаны хуулиар хангалттай зохицуулсан харилцааг Үндсэн хуульд заавал тусгах шаардлагагүй гэсэн гишүүний үг үнэний ортой. Ортой ч гэж, ер нь үнэн.

Түүний шүүмжлэлтэй харж байгаа өөр нэг өөрчлөлт нь улс төрийн нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалт. Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам байж болно, заавал улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн босгыг намд тавьж болохгүй гэсэн утгатай байр суурийг нь дэмжих хүн олон байна. Ц.Мөнх-Оргил гишүүн эцэг хуулийн өөрчлөлтөд уянгын халил ихтэй өгүүлбэрүүд их байна гэсэн утгатай шүүмжлэл хэлж харагдсан. Мөн л анзаарч харахаас аргагүй өнцөг.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд шүүмжлэлтэй хандаж яваа өөр нэг гишүүн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар. Тэрээр өнгөрсөн баасан гаригт “Өргөн баригдсан төсөлд байхгүй, хөндөгдөөгүй заалтыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй холбоотой заалтыг төсөлд огт хөндөөгүй байхад санал оруулж, төсөлд тусгаж буй нь хууль зөрчсэн эсэхийг анхааралдаа авч яримаар байна” гэсэн үг унагасан. Цаашлуулж харвал Цэцэд очоод бүдэрч мэдэхээр энэ мэт процессийн алдаанууд хэлэлцүүлгийн үеэр анзаарагдаж буй нь бас л булзаад байх юмгүй үнэн. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд санал нийлэхгүй зүйл байгаа гэсэн үгийг өнгөрсөн баасан гаригийн чуулганы үеэр онцолно лээ. Т.Аюурсайхан гишүүний хувьд шүүхэд шинэчлэл орсон юм алга, шүүх засаглал нэг хүний хараанаас гарахгүй нь гэсэн агуулгатай шүүмжлэл хэлж харагдсан.

Үндсэн хууль тойрсон энэ мэт шүүмжлэлийг УИХ-ын гишүүдээс гадна мэргэшсэн хуульчид хүртэл хэлж байна. Эцэст нь хэлэхэд эцэг хуулийн хэлэлцүүлэг тойрсон маргаан мэтгэлцээнийг анзаарахад дордохын долоон өөрчлөлт дампуурахын далан нөхөөс болох нь гэсэн болгоомжлол төрөөд байна даа.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан байлдагчид холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ
Тодруулбал, Эрдэнэт хотоос тус ангид татагдсан 19 настай байлдагч А нь биендээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан байдаг.
Түүний нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн сарын 28-ны өдөр товлогдсон ч холбогдогч нарын хүсэлтээр хойшилсон бөгөөд хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшилжээ.
Хурал хойшлох болсон шалтгаан нь шүүгдэгч А.Энхбаярын өмгөөлөгч Э.Нарангарав, П.Бадамсамбуугийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, хохирогч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Даваадорж нарын хурал давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж, ирэх аравдугаар сарын 01 хүртэл хойшлуулжээ.
Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж байна. Тодруулбал, тус ангид мото буудлагын бателионы танкийн ротын захирагч, мөн мото буудлагын бателионы танкийн ротын нэгдүгээр салааны механик жолооч, 336-р ангийн салаан захирагч нарыг холбогдуулан шүүх юм.

Categories
мэдээ нийгэм

Дарханы чиглэлийн автобусны цагийн хуваарьт түр өөрчлөлт орлоо

УБ-Дарханы зам засварын ажилтай холбогдуулан Дарханы чиглэлийн автобусны цагийн хуваарьт түр өөрчлөлт орсныг анхаарна уу.

-Дархан-Уул аймаг руу өдөр бүр 09:30, 11:00, 12:30, 14:00, 15:30, 17:00, 18:30, 20:00 цагуудаас тээвэрлэлт хийгдэж байна.

-Орхон аймгийн чиглэлд Булганы Дашинчилэнгээр явах бөгөөд тухайн өдрийн суудал ашиглалтаас хамааран цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа тул эрхэм зорчигч та тасалбараа бичүүлэхдээ тухайн сонгосон цагийн хуваарийг тодруулж асуухыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөнийг энэ сарын 16-нд нээнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн хөдөлгөөнийг 09-р сарын 16-ны өдөр нээх гэж байна.

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байна.



Categories
мэдээ нийгэм

Монгол нүүрсний салбарт хоёр дахь боломжоо ашиглаж чадах уу

Ураны салбар хөгжвөл Тавантолгойн нүүрсийг хэдэн зуу дахин нугалах эрчим хүний эх үүсвэрийн нөөц манайд бий хэмээн энэ чиглэлийн судлаач ярив. Мөн шатдаг занар эрчим хүчний салбарт “битүү морь” хэмээн зарим нь өргөмжилж байна. Түүнчлэн, нар салхины эрчим хүчний тариф байнга хямдарч, өнгөрсөн жилээс өртөг нь нүүрстэй ижил түвшинд ирчихлээ хэмээн сайрхах аж. Ийн харьцуулагдаж, зарим талаар “адлагдаж” буй ч нүүрс өнөөдөр Монголыг тэжээж байгаа нь ил тод баримт юм. Салбарын яамнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний долоон сарын байдлаар уул уурхайн салбараас төсөвт 1.7 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэнээс нүүрсний орлого 788.7 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлж буй нийт орлогын 40 гаруй хувийг энэ гялгар хар чулуу дангаараа бүрдүүлж буй юм.

Манай нүүрсэнд мандаж явсан үе бий. Австралид болсон их үерийн улмаас уурхайнууд нь усанд автаж, 2010-2011 оны үед коксжих нүүрс тонн нь 300 ам.доллар давж байв. Энэ үед манай нүүрс Хятадын нүүрсний экспортод тэргүүлж, үнэ ханш нь ч өсч байлаа. Үнэндээ дээрх нүүрсний үнийн өсөлт, Хятад руу экспортлосон хэмжээгээр Австралийг ардаа хаясан байдалд хэн нэгэн хүний үйл хэрэг онцгойлон нөлөөлсөн хэмээн цохон дурдах боломж байсангүй. Өнгөрсөн хугацаанд нүүрс “өөрийн зөнгөөр” унаж тусч явсаар өнөөдрийн түвшинд ирсэн юм. Хэрэв нүүрс ярьдагсан бол “Чалко”-гийн өрөнд цувуулж ханасан бол төмөр замаа тавьж, угаах үйлдвэрээ барьж “яс амар” гангийн үйлдвэрт хүрэх замыг минь засаад өг гэж “агсамнах” байсан болов уу. Уншихад инээдтэй байж мэдэх ч уг салбарынхан ийн цөхрөнгөө барж “солиорох”-д хүрч байна.

Ойрын хэдэн жил нүүрсний ханш харьцангуй тогтвортой байна. Энэ нь төсвийн орлогыг нэмэгдүүлж, олон хүний аж амьдралыг залгуулж, уул уурхайн салбарт хуруугаа ч дүрж үзээгүй хэн нэгний үмх талханд ч үр шим нь шингэж буй. Тэгвэл байдал энэ хэвээр тааламжтай үргэлжлэх үү. Сингапурын биржийн төлөөлөгчид 2020 оноос коксжих нүүрсний ханш 150 ам.доллар хавьцаа очно гэсэн таамаг танилцуулав. Мөн зарим улсын шинжээч нар ч нүүрсний үнэ унаж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн ханшаас 20 гаруй хувиар унаж магадгүй хэмээж буй. Үүн дээр нэмэгдээд, Хятадын орон сууцны хангамж сайжирч, энэ салбарт эрэлт буурснаар орон сууцны төслүүд багасч, гангийн үйлдвэрлэлд нөлөөлж болзошгүй хэмээж байна. Хятадын гангийн үйлдвэрлэл сүүлийн 30 гаруй жил тасралтгүй өсч ирсэн. Гэвч эдийн засаг тасралтгүй өссөний дараа заавал унадаг цикльтэй гэлцдэг. Тэгвэл эдийн засагч нар сүүлийн хэдэн жил энэ уналтыг хүлээж, зөөлөн газардах эсвэл хүчтэй унаж сүйрэх эсэхийг анхааралтай ажиглаж байгааг манай зарим судлаач анхааруулсан. Хэрэв тэдний хэлсэн үнэн бол бидэнд багагүй хүндрэл тулгарах нь дамжиггүй. Түүнчлэн, ОХУ Азийн нүүрсний зах зээл, тэр дундаа Хятад руу нүүрс экспортлох бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ. Уг нь энэ шинэ зүйл биш л дээ. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новак 6-7 орчим жилийн өмнө “Алс Дорнодын орд газруудаас Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлд нийлүүлэх Оросын нүүрсний хэмжээ 2030 онд гэхэд 6-аас 15 хувь болж өснө” хэмээж байв. Мөн “Таамаглаж буй хэмжээний олборлолтыг ихэсгэхэд Хятадтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хэмжээгээр нөлөөлнө” гэж мэдэгдсэн удаатай. Ер нь ОХУ-ын Кемерово мужид тус улсын нийт нүүрсний нөөцийнх нь 75 хувь бий гэдэг. Үүний араас Якут, Туваагийн нүүрс “сумлагдаж” мэдэхээр байна. Энэ бүхэнтэй зэрэгцээд бас нэг таагүй мэдээлэл гэвэл ирэх оноос манайх бондын томоохон дүнтэй өр төлбөрүүдээ төлж эхлэнэ. Тиймээс бидэнд илүү их мөнгө хэрэгтэй.

Дээрх бүхнийг хамж базвал товчхондоо, манайд занар, уран, нар салхины эрчим хүчний хязгааргүй нөөц нь байгаа ч бидэнд ойрын ирээдүйд нүүрснээс өөр найдах, итгэл хүлээлгэх “түнш” алга хэмээн ойлгож болно. Иймээс уг салбарыг зөнгөөр нь мөлхүүлэхээ зогсоож, аятайхан аваад явчих ур ухаан гаргах цаг иржээ. Дээр Хятадын эдийн засаг, гангийн салбартай холбоотой таагүй баримтууд дурдсан ч нааштай мэдээллүүд бас бий. Хэдийгээр тус улсын барилгын салбарын өсөлт буурч болох ч дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжих эерэг хүлээлтүүд байна. Зөвхөн тус улсын орон нутгийн засаг захиргааны санхүүжилтээр 2.1 их наяд юанийн төсөл зарлагджээ. Үүнийг дагасан гангийн хэрэглээ байна. Мөн Хятадын төв, зүүн хэсэгт байдаг гангийн үйлдвэрүүдийг баруун тийш шилжүүлэх ажил эхлээд явагдаж байна. Төвийн бүсэд хүн ам олноор суурьшсан, үүнийг дагаад байгаль орчны нөхцөл байдал хүндэрсэн зэрэг шалтгаанаар хүнд үйлдвэрүүдээ ийн шилжүүлэх бодлого барьж байна. Өөрөөр хэлбэл, Монголын зах зээлтэй ойртож байна гэсэн үг. Энэ бүхнээс бид эерэг өөрчлөлтүүдийг хүлээж болохоор байгаа юм. ОХУ-ын хувьд ч гэсэн Хятадын зах зээл рүү шунаж байгаа ч бидэнд урд хөршийн зах зээлтэй хамгийн ойр хэмээх маш том давуу тал маань байсаар буй.

Энэ бүхнээс дүгнэвэл, олон улсад нүүрсний салбарт таагүй мэдээллүүд гарч байгаа ч бидэнд боломж бийг харуулж байна. Хамгийн гол нь энэхүү боломжийг алдалгүй хэрхэн ашиглах вэ гэдэгт асуудлын гол зангилаа оршино. Саяхан эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцаж байхад “Өмнө нь нэг удаа Тавантолгойд IPO хийнэ гэж УИХ-ын тогтоол гарсан. Тухайн үед амжиж хийж чадаагүй. 2011 онд уг төслийн IPO-г хийчихсэн байсан бол ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын үнэлгээнд хүрэх байлаа. Энэ бол тухайн үеийн хүмүүсийн ярьж байсан тоо. Ингээд бид 49 хувиа олон улсын хөрөнгийн зах зээл дээр эргэлтэд оруулсан бол гурав орчим тэрбум ам.долларын бэлэн мөнгө авах байсан. IPO гэдгийг хүмүүс зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ бол хэзээ ч эргүүлж төлөхгүй мөнгө байхгүй юу. Бид гадаадаас зээл аваад байна шүү дээ. Үүнийг эргүүлээд хүүтэй нь төлнө. Хэрэв бид Тавантолгойд IPO хийгээд 49 хувийг нь зарчихсан бол гурван тэрбум доллар. Энэ бол эргүүлж төлөхгүй мөнгө. Монголын ард түмний мөнгө болох байсан. Тэгээгүйгээс болж бид Чингис бондыг гаргасан. 1 тэрбум 500 сая ам.доллар. Энэ мөнгөө одоо яаж төлнө өө гээд шоконд орсон сууж байна” гэсэн юм. Хатуу боловч үнэн үг.

Тэгвэл өнгөрсөн онд Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын бодлого гарч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн 30 хувьд IPO гаргахад 1-6 тэрбум ам.доллар босгох боломжтой тухай хэлсэн. Хэрэв бид нүүрсний ханш харьцангуй тогтвортой байгаа энэ үеийг ашиглаж Тавантолгойг урагшлуулахгүй бол IPO гаргах асуудал дахин 7-8 жилээр хойшилж магадгүй. Тиймээс салбарын сайдын зоригтой алхам бодит үйл хэрэг болоосой хэмээн учир мэдэх хүмүүс залбирсаар ирлээ. Мэдээж IPO гаргаж, стратегийн хөрөнгө оруулагч татахын тулд итгэл үнэмшил төрүүлэхүйц төлөвлөгөө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн хувьцааг авах, хөрөнгө оруулалт хийх компанид “Уг уурхай 20-30 жилийн дараа Япон, Өмнөд Солонгос, Хятадыг кокс, кокс химийн бүтээгдэхүүнээр хангана. Угаах үйлдвэр байгуулж, улмаар кокс химийн үйлдвэр болгон өргөжүүлж, металлургийн салбарыг хослуулна” гэсэн тодорхой зорилтууд л таалагдана. Өөрөөр хэлбэл, IPO гаргахын тулд хөрөнгө оруулагчдад тулгарч болох бүх эрсдэлээ тоочиж, хариуг нь олсон байх ёстой. Ядаж л компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгуулийн циклээр байнга сольж ялсан нам нь өөрийн хүнээ тавьдаг, шахааны бизнес хийдэг, ах дүү нараа цуглуулдаг зэрэг муу нэрнүүдээсээ салчих хэрэгтэй юм. Ер нь компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага салбарын ирээдүйн хандлага, стартеги тактик, өрсөлдөөний нөхөл байдлаа мэддэг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байх учиртай. Энэ мэтээр Тавантолгойг урагшлуулахын тулд биднээс хамаарах маш олон ажлыг цэгцтэй, хариуцлагатай хийх шаардлагатай байгаа юм.

Дэд бүтцийн тухайд мэдээж ойлгомжтой. Төмөр зам зайлшгүй шаардлагатай гэдгийг өнгөрсөн түүх хангалттай харуулсан. Мөн боловсруулах үйлдвэрийг ч цаг алдалгүй байгуулах шаардлага буй. Өнөөгийн байдлаар “Энержи ресурс” нүүрсээ угааж тээвэрлээд борлуулсан үнээсээ бүх зардлаа хасахад “Эрдэнэс тавантолгой”-н уурхайн аман дээрээс өгч байгаа үнэтэй бараг л дүйж очиж байгааг зарим хүн ярьдаг. Өөрөөр хэлбэл, тэд үүгээрээ угаах үйлдвэр байгуулахад яаравчлаад байх шаардлагагүй мэтээр тайлбарладаг. Тэгвэл Хятадууд байгаль орчны асуудлыг онцгойлон тавьж байгааг дахин анхааруулъя. Нэг л өдөр тэд зөвхөн угаасан нүүрс авмаар байна хэмээн гэдийх болно. Тэр үед уурхайн аман дээрээсээ түүхий нүүрсээ зараад сууж байж таарахгүй. Энэ үүднээс бодсон ч төмөр зам, угаах үйлдвэрийн асуудлыг эртнээс шийдвэрлэж, хэрэгжүүлэх шаардлагатай. Мэдээж хэтийн зорилго бол кокс химийн үйлдвэр байгуулах явдал биз ээ. Бид Япон, Өмнөд Солонгос, Хятадыг энэ төрлийн бүтээгдэхүүнээр хангах нөөц бололцоо бий. Кокс нь коксжих нүүрстэй харьцуулахад 3-4 дахин өндөр үнэтэй. Тээвэрлэлтийн хувьд жаахан төвөгтэй ч төмөр замаа шийдчихвэл ойрхон шүү дээ. Энэ мэтээр нүүрс тойрсон хөгжлийн зураглалыг дурдвал олон л зүйл бий. Эцэст нь нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх учиртай. Монголын нүүрсний салбарыг зоостой зүйрлэвэл нөгөө тал нь Хятадын зах зээл юм. Бид энэ улсаас яаж ч цэрвээд, Оросоор дамжин гурав дахь ч зах зээл рүү хүрнэ гэж “солиороод” зоосны нөгөө талд байгаа нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Ард түмэн Тавантолгойгоос орж ирэх өгөөжийг1072 хувьцааны ногдол ашгаар илүүтэй хүртэнэ. Үүний тулд компани ТУЗ, гүйцэтгэх удирдлагын түвшингээс эхэлж мэргэжлийн түвшинд улам бүр чадавхижиж, IPO гаргаж, стратегийн хөрөнгө оруулагч татаж, улмаар дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдээ хэрэгжүүлж, олон улсын зах зээлд тогтвортой хүчирхэг байр сууриа олох хэрэгтэй байна. Тэр цагт хувьцаа эзэмшигч хүн бүр баялгийнхаа үр шимийг хамгийн шударгаар хүртэх юм. Энэ нь үүднээс “Эрдэнэс Тавантолгой”-д иргэдийн хяналт, шахалт шаардлага ч хэрэгтэй билээ.

Г.БАТЗОРИГ