Categories
мэдээ нийгэм

Бутаны Хаант Улсын Дотоод хэрэг, соёлын сайдтай уулзлаа

Бутаны Хаант Улсын Дотоод хэрэг, соёлын сайд Шеруб Гелцен Монгол Улсад айлчилж байна. Ноён Шеруб Гелцен болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын талаас ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нар оролцов.

Хоёр улсын хувьд их гүрнүүдтэй хил залгаа оршдог, шашин, соёлын болон хүмүүс нь царай төрхийн хувьд адилхан гэх зэргээр ижил төстэй олон зүйл байдгийг уулзалтын эхэнд Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээн тогтворжуулах, төрийн албаны шинэчлэл, иргэн төвтэй төрийн бодлого гэсэн гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлж байгаа, энэ хүрээнд хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг шинээр бий болгох, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд голлон анхаарч байгааг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн болохоор Монгол Улсын хувьд цаашдын хөгжлийн бодлогоо урт болон дунд хугацаанд төлөвлөх зайлшгүй шаардлага, нийгмийн захиалга үүссэн. Тиймээс хөгжлийн урт хугацааны хөтөлбөр боловсруулах томоохон ажлыг Засгийн газрын зүгээс улс орны хэмжээнд эхлүүлээд явж байгаа, мөн Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг парламентаар хэлэлцэж байгаа зэрэг түүхэн, онцгой үйл явдлууд ид үргэлжилж байгаа үед Монгол Улсад айлчлан ирсэн нь ихээхэн онцлог гэдгийг тодотгов.

Хоёр орны түүхэн харилцааны зарим жишээ болон ижил төстэй, ялгаатай зүйлсийг уулзалтын үеэр талууд хөндсөн бөгөөд бие биеэсээ суралцах зүйл байгаа гэдэгт санал нэгдсэн юм. Бутаны Хаант Улсын тухайд Монгол Улсаас туршлага судлах зүйл багагүй байгааг ноён Шеруб Гелцен онцолсон бөгөөд улсынхаа эзэн хааны мэндчилгээг уламжилсан юм.

Бутаны нийгмийн давхаргын ялгаа, эдийн засгийн өнөөгийн байдал, байгаль, экологи, шашин, соёлын онцлог зэргийг уулзалтын үеэр дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсад айлчлах бүхий л бэлтгэлийг хангаж, төрийн зүгээс иргэдэд үзүүлж байгаа нэгдсэн үйлчилгээний ажилтай танилцах боломж олгосонд Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Бутаны Хаант Улсын Дотоод хэрэг, соёлын сайд Шеруб Гелцен болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид нийслэлийн болон Төв аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дэх зарим заалтад байр сууриа нэгтгэж байгаа юм.

Үдээс хойш УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх асуудлаар санал хураалт явуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд хүн нас барсан байна гэсэн дуудлага 9 дүгээр сарын 4-ний 04:00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр очиход 40 настай эмэгтэйг хамтран амьдрагч 53 настай, Баярсайхан гэгч этгээд амь насыг нь хороогоод, зугтсан байсан. Хэргийн газраас зугтсан Ч.Баярсайхан гэгч этгээдийг эрэн сурвалжилж байна. Ч.Баярсайхан нь 1966 оны 9 дүгээр сарын 2-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 53 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй. Эрдэнэмандал суманд мал маллаж байгаад 2018 оноос Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд эхнэр, хүүхдийн хамт оршин сууж байсан. Хүний амь нас хөнөөгөөд оргон зайлахдаа улаан футболк, ногоон өнгийн биеийн тамирын өмдтөй, цагаан пүүзтэй явсан. Оргодол этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авна. Мэдээллийн нууцыг чанд хадгална. Иргэд эрэн сурвалжилж байгаа этгээдийн талаарх мэдээллийг 102, 98666969, 96067360, 89345555, 99697220 гэсэн дугаарт өгч болно. Оргон зайлсан этгээдийг олохоор шуурхай ажиллаж байна. Урьдчилсан байдлаар Ч.Баярсайхан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч эхнэрийнхээ амийг хөнөөсөн байна” гэлээ.

Categories
мэдээ спорт

М.Хишигбаяр дэлхийн аварга болжээ

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн сард Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д түрүүлжээ. Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 орчим тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр дөрөв хожиж, гурав тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар түрүүлсэн аж. Үндсэн төрөлдөө аваргалсан манай тамирчин рапид төрлөөс мөн хүрэл медаль хүртсэн байна.

Сонирхуулахад, М.Хишигбаяр даам, шатрын спортоор аль алинаар нь спортын мастер цол хүртсэн Монголдоо цорын ганц тамирчин бөгөөд даамын УАШТ-ээс гурван алт (1990, 1991, 2005), нэг мөнгө (2006), хоёр хүрэл (2004, 2013) медаль хүртэж, 2005 онд Италид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож байжээ.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Фэско” группийн хамтарсан нүүрсний терминал байгуулах ТЭЗҮ бэлэн болжээ

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай цөөн хором уулзлаа.

Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тэээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосноо танилцуулсан юм.

ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар 6 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах, 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

ТЭЗҮ-г боловсруулахдаа “Фэско” групп нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай нягт хамтран ажилласан бөгөөд ТЭЗҮ-ийн анхны хувилбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгснөөр ийнхүү төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна

Энэ сарын 09-нөөс 21-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулагдах “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, сургуулийн хүрээнд анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

Дадлага сургуулийн үеэр Монгол, АНУ-ын аврагчид хамтран газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, анхны болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх, үйлдвэрийн барилгад химийн ослын үед аврах, хор уршгийг арилгах болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дадлага, сургуулийг хийх юм.

Мөн “Аюулгүй болон барилгын нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа”, “Хязгаарлагдмал давчуу орон зайн эрэн хайх, аврах ажиллагаа”, “Өндөр өнцөг болон олсны аврах ажиллагаа”, “Төмөр замын осол болон галын эсрэг хариу арга хэмжээ”, “Малын эмчийн болон нохойн арчилгаа, нохойг эрэн хайх, аврах ажиллагаа”, “Олон нийтэд зориулсан анхны тусламж”, “Эмнэлгийн анхны болог амилуулах суурь тусламж”, “Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог хангах” зэрэг 21 төрлийн онолын сургалт зохион байгуулагдана.

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран 8 дах удаагаа зохион байгуулах гэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Нутгийн удирдлагын тогтолцооны асуудлаар зарчмын зөрүүтэй санал хураалт явуулав. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг нутгийн иргэдийн саналыг харгалзан өөрчилнө” гэсэн саналыг гишүүд дэмжлээ. Үүний дараагаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа. Тэрбээр:

-Зарчмын зөрүүтэй санал үндсэндээ дуусч байна. Харин хойшлуулсан асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авч байна. Манай бүлэг одоо хуралдана. Үдээс хойшхи хуралдаанд асуудлаа нэгтгэсэн байна гэлээ.

Ийнхүү үдээс өмнө хуралдаан өндөрлөлөө.

Техникийн саатлаас гишүүд дахин санал хураалт явуулж байна

11:15 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Нийт 150 зарчмын зөрүүтэй санал байснаас 90 санал хураалтыг явуулсан байна. Одоо 30 асуудлаар 60 зарчмын зөрүүтэй санал байгааг УИХ-ын дарга хуралдааны эхэнд онцоллоо. Нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой асуудлаар зарчмын зөрүүтэй санал хураалт явагдаж байна.

“Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, сум дүүрэгт ИТХ байна Хуулиар тогтоосон хэмжээн татварын өөрчлөлтийг тогтоох эрхтэй” гэсэн Д.Эрдэнэбат гишүүний гаргасан саналаар санал хураалт явууллаа. Санал хураах үед Ц.Нямдорж, М.Оюунчимэг нарын техник гацсанаас өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулав. Дахин санал хураалт явуулахад Л.Энхболд, С.Чинзориг, Д.Эрдэнэбат нарын санал техникийн саатлаар эсрэг саналтай гарсанаас мөн л дахин санал хураалт явуулж өгөх горимын санал гаргалаа. Тиймээс өмнөх санал хураалтаа хүчингүйд тооцож, гурав дах санал хураалтаа явуулахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар дэрэвгэр жиргэрүү түүж бэлтгэсэн зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авлаа

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран Чойбалсан, Чулуунхороот сумдын нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьжээ. Шалгалтаар Чойбалсан суманд үйл ажиллагаа явуулж буй хайлуур жоншны “НЬЮ НИМОН МАЙНИНГ” ХХК нь газар, ус ашиглах гэрээ, хог хаягдалын гэрээ зэргийг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, “Буул Бл” ХХК хайгуулын өрөмдлөг хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан зөрчил илрүүлж, “Буул Бл” компанийн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Мөн Улаанбаатар хотын иргэн Л нь хууль бусаар дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэсэн, Чулуунхороот сумын нэр бүхий иргэд хашаа, агуулахдаа байгалийн ургамал, дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс хатааж хадгалж байсныг илрүүлэн нийт 13.1 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэв.

Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнасан иргэн Т-д 1.0 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, торгуулийн арга хэмжээ авлаа.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас Эрдэнэт чиглэлийн нэмэлт галт тэргийг аялуулахгүй

Маргааш буюу есдүгээр сарын 6-наас Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлд нэмэлтээр явж байсан галт тэрэг зорчихгүй болсон байна.

Улаанбаатар-Дархан-Уул аймгийн авто замыг засч байгаатай холбоотойгоор галт тэргээр зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тул тус байгууллага наймдугаар сарын 10-аас Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд Мягмар, Пүрэв, Бямба гарагт 21:40 цаг, Эрдэнэтээс-Улаанбаатарын чиглэлд Лхагва, Баасан, Ням гарагт 21:15 цагт нэмэлт галт тэрэг гаргаж зорчигчдыг тээвэрлэж байсан юм.

Есдүгээр сар гарсаар зорчигчийн урсгалын хэмжээ эрс буурч 311 дүгээр галт тэрэгний дүүргэлт 80-85 хувь, 975 дугаар галт тэрэгний дүүргэлт 65 хувьтай байгаа тул энэ сарын зургаанаас нэмэлт галт тэргийг аялуулахгүй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон тооны үхсэн шувуудаас гоц халдварт өвчний нян илрээгүй гэв

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуурын усанд бор галуу, цахлай, алаг нугас гэх мэт 16 зүйлийн 1521 усны шувуу үхжээ. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу ажлын хэсэг болох Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нутгийн захиргааны байгууллагын гээд нийт 22 алба хаагч есдүгээр сарын 1-ний өдрөөс тухайн газарт ажиллаж байгаа аж. Тухайн өдөр үхсэн шувуу болон хөрс, уснаас дээж авч УМЭАЦТЛ-д энэ мягмар гарагт шинжилгээнд өгч үхсэн шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Мөн өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй тул эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав мэдээлжээ. Эсийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм.