Categories
мэдээ нийгэм

Хуульчийн мэргэжлийн шалгалтад 209 хүн тэнцлээ

Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг өнгөрсөн сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ жилийн Хуульчийн мэргэжлийн шалгалтад 1243 эрх зүйч бүртгүүлснээс 1069 нь шаардлага хангаж, үүнээс сорилгын шалгалтад 960 орсноос 711 нь тэнцэж, бодлогын шалгалтад орсон. щ Сорилго болон бодлогын шалгалтын нийт дүнгээр Хуульчийн мэргэжлийн шалтгалтал 209 нь хүн тэнцсэн байна. Шалгалтад оролцсон эрх зүйчид Та бүхэн burtgel.mglbar.mn цахим хаягт өөрийн нэр, нууц үгээр нэвтрэн орж, хэрэглэгчийн самбар хэсгээс өөрийн бүртгэлийн дугаараа харна уу.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж нам байгуулна

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан хойшлуулсан заалтаар зарчмын зөрүүтэй саналаар үргэлжлүүлэн санал хураана гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. УИХ-ын гишүүдийн, тэр дундаа МАН-ын бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрэхээр хойшлуулсан заалтуудаар санал хураалт явуулах юм. Үдээс хойшхи хуралдааны дараагаар тус намын бүлэг хуралдсан. Парламентын засаглах асуудалтай холбогдуулан “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналд гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-20-30 мянган гишүүнээр нам байгуулж болохгүй гэж бодож байна. Монголчууд 30 жил хоёр намын системээр байгуулагдсан. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн заалт гэж үзэж байна. Энэ чинь МНН-ыг байхгүй болгох бодлого.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ заалтыг засч, дэмжих ёстой. Намыг үүсгэн байгуулах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох ёстой. Ингэхдээ тухайн жилийн сонгуулийн насны тоогоор нэг хувь хүртэл гэж үзэх хэрэгтэй. Өнөөдөр борооны дараах мөөг шиг 34 нам байна. Бүгдээрээ нэг тамгатай. АН харин ч ардчилалтай. Бусад жижиг нам компани болсон. Сонгуульд ялагдахаараа намын дарга нар нь хариуцлага тооцдоггүй. Нам нэртэй тоглож байна. Тиймээс намын санхүүжилтийг ил болгоод, тоог гаргах хэрэгтэй. Ногоон нам ч гэсэн нэг хүний бургас барьсан нам байдаг. Яагаад ч юм улс төрийн намын гуравдугаарт бичигдээд, тэрийгээ наймаалцах гээд явж байдаг.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Монголын бүх улс төрийн процессийн нүгэл улс төрийн нам дээр очиж байна. Яагаад Засгийн газар огцордог вэ. Тэр намууд худлаа ярьдаг, хулгай хийдэг хуулиа мөрддөггүй хүнийг өөрсдөө гаргаж ирдэг. Намуудынхаа учрыг олоогүй цагт буруугаа Үндсэн хууль руу чихэж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Намын санхүүжилт байхгүй, ганц хүнтэй намууд байна. Сонгууль болохоор идэвхждэг. Намуудын хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өндөржүүлэх ёстой. 801 хүний гарын үсэг зурдаг байсан бол одоо 20 мянган хүний гарын үсэг зурах юм байна. Би энэ төслийг дэмжиж байгаа.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 65 гишүүн оролцож, 90,8 хувь нь гишүүн дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Айзава Ичиро, “Хоёр улсын парламентын бүлгийн дэд дарга нарын хувьд парламентын түвшинд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” гээд сүмо бөхөд монгол бөхчүүд амжилт гаргаж байгаа тухай болон 2020 онд болох Токиогийн олимпд Монголын тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв.

Тэрбээр мөн, Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрлөлт оруулах талаар хэлэлцэж байгаа нь маш том асуудал хэмээн тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан, “Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Таны айлчлал хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гээд тавтай зочлохыг хүслээ.

Тэрбээр, Монгол Улс нь Япон Улсыг гуравдагч хөрш гэж үздэг, Япон Улс Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын төр, УИХ, Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг хэмээгээд хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцоллоо.

Энэ үеэрээ “Монгол Улсын Засгийн газраас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд эдийн засаг богино хугацаанд сэргэж, нааштай үзүүлэлтүүд гарсан. Энэхүү хөтөлбөрийн хамгийн том санхүүжүүлэгч нь Япон Улс байсан, Япон Улсын Засгийн газраас олгож байгаа урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна” гэв.

Түүнчлэн, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн концессын гэрээнд талууд гарын үсэг зурсанд болон Япон Улсын Засгийн газартай хамтарсан монгол инженерүүдийг бэлтгэх “1000 инженер” хөтөлбөр, Монгол-Японы сургалтын эмнэлэг төсөл амжилттай хэрэгжиж, ашиглалтад орсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд энэхүү уулзалтаар, хоёр улсын хоорондын соёлын харилцааны 45 жилийн ойн хүрээнд урлаг соёл, олон нийт, биеийн тамир спортын олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаар харилцан санал солилцсон төдийгүй хоёр улсын парламент, Засгийн газрын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна хоёр улсын муж, аймаг хоорондын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хөгжүүлэх нь чухал талаар ярилцав.

Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато байлцлаа.

Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоолоо

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран тус аймгийн Өлзийт сумын нутагт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж тусгай зөвшөөрөлгүй хайлуур жонш олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоов. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, хууль бусаар олборлосон хайлуур жоншийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэдээр техникийн нөхөн сэргээлт хийлгэжээ.

Тус сумын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад комисс гарган нөхөн сэргээсэн талбайг хүлээж авах, цаашид хууль бус үйл ажиллагааг давтан гаргуулахгүйгээр байнгын хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдэн батлагдсан стандартуудыг танилцуулав

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдэн батлагдсан стандартуудыг дүүргүүдийн салбар хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбарын стандартыг шинэчлэх болон шинээр боловсруулж, олон улсын түвшинд хүргэхээр заасан. Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стандартуудыг шинэчлэн боловсруулж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн дунд 8 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох саналыг тусган, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS5021-1:2005”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага MNS4946:2019”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын нэр томъёо, тодорхойлолт” MNS6777:2019” стандарт батлагдсан.

Энэ стандарт нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөл, шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний хүрээг тэлж, хоол хүнснээс шалтгаалсан халдварт болон халдварт бус өвчлөл буурч, хүнсний аюулгүй байдал хангагдаж, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтой юм.

Дээрх стандартууд 2019 оны 10 дугаар сарын 01-нээс эрхлэн мөрдөж эхлэх бөгөөд энэ 9 дүгээр сарын 10-наас эхлэн дүүрэг тус бүр дээр худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд стандартыг танилцуулах сургалт, семинар зохион байгуулагдана.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд анх удаа оролцож буй Ерөнхий сайд Н.Модид амжилт хүслээ.

Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилснаас хойш нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай, үйлдвэр хүртэлх төмөр зам, засмал зам баригдаж, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг дуулгалаа. Улмаар тус улстай нефьт, бусад эдийн засгийн хамтын ажиллагааг идэхжүүлэхээр ажиллаж байгаагаа хэлсэн юм.

БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди мөн худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн чухалыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийх айлчлалын үеэр илүү бодитой зүйл хийж, үр дүнд нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.

Талууд манай хоёр улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Сүүн зайрмагны шингэн сүүн хольцыг хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй байна

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд даргын 01/234 дугаартай удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэний “Сүүн зайрмаг”-ны худалдаалалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар Сүүн зайрмагны шингэн сүүн хольцыг хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа цувралын дугаар, орц бүрдүүлэгчийн жагсаалт тэмдэглэгээгүй, 100 гр дах илчлэг, шимт бодисын мэдээлэл болон хэрэглэх заавар, гаж нөлөө тусгагдаагүй байна. Мөн шинжилгээ баталгаажилтгүй саваар, зориулалтын бус тээврийн хэрэгслээр шингэн бэлдэц зөөвөрлөж байгаа дутагдал илэрч байгаа тул иргэн та бүтээгдэхүүний шошгын мэдээлэлийг сайтар үзэж сонголт хийж байхыг зөвлөж байна.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзав

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа.

Юун түрүүнд талууд Владивосток хотод гурав дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, түлхүү эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулав. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах зэргээр эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ мэдэгдлээ.

Хоёр улсын дараагийн хамтран ажиллах өргөн боломжтой салбар нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, дэлхийн ноолуурын 50 орчим хувийг дангаар хангадаг Монгол Улс Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах байх гэсэн хүлээлттэй байгааг хэлсэн юм. Гэхдээ АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэлэлцэж буй Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах эсэхээс үл хамааран ноос, ноолуурын салбарын урдын харилцаагаа сэргээж, ноолуур ээрэх, самнах зэрэг сүүлийн үеийн технологийг нутагшуулах, экспортын бүтээгдэхүүнээс харилцан ашиг хүртэх боломж бий хэмээн тооцож буйгаа илэрхийлсэн юм.

Энэ дашрамд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг үр дүнтэй болсонд баяр хүргэж, Монгол-АНУ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Япон-АНУ-Монгол Улс гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс боллоо хэмээв.

Уулзалтын төгсгөлд талууд харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, хоёр улс илүү ойр дотно харилцаатай болж байгааг тэмдэглээд уулзалтаа үр дүнтэй болгох, дараагийн уулзалтад бэлтгэх зэрэг асуудлыг ярьж тохиров.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл рүү 36.5кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал нэвтрүүлэхийг завджээ

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулж байна.

Шалгалтын явцад 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 05 цаг 30 минутанд Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар ….УБН улсын дугаартай Toyota Premio маркын суудлын автомашинаар 36,5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүллээ. Тус иргэдийг саатуулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өглөө.

Өмнө нь НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 3 удаагийн үйлдлээр 18 уут сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгч ажиллажээ.

Categories
мэдээ спорт

“Tokyo~2020”-д М.Анхцэцэг оролцоно

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 18-27-д Тайланд улсын Паттая хотноо болно. Уг ДАШТ-д эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор 7 тамирчин Тайландыг зорино.

ДАШТ-ий өмнөхөн манай залуу тамирчид Япон улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ. “Tokyo~2020” олимпийн өмнөх хүндийг өргөгчдийн шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэл үр дүнтэй болсон байна.

Хүндийн өргөлтийн шигшээ багийн хувьд дундаж нас нь 20 бөгөөд бусад шигшээ багаасаа хамгийн залуу нь юм. Манай туйванчдаас ДАШТ-ий түүхэнд анхны хүрэл медалийг М.Анхцэцэг 2018 онд хүртсэн бөгөөд тэрээр мөн Риогийн олимпод шагналт байранд орсон юм.