Categories
мэдээ нийгэм

Э.Оюунболдын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж шүүх үзжээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл ирсэн билээ.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж Захиргааны хэргийн шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гаргасан байна. Тодруулбал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй тул тодруулах шаардлагатай гэж шүүх үзжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол-Хятадын Эскпо” Улаанцав хотод нээлтээ хийлээ

“Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээ нь хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд талууд хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар заасны дагуу “Бүс ба зам” санаачлагын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриалгатайгаар зохион байгуулагдаж байна.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч ажиллаж байна.

“Монгол-Хятадын Эскпо” гурав дахь удаагийн арга хэмжээ энэ оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдахаар ийнхүү Улаанцав хотод нээлтээ хийлээ.

Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцох ба Экспогийн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.

Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, УБТЗ ХНН, МИАТ ХК, МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Худалдааны танхим, Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны зах зээлийн хяналт удирдлагын газар, Хууль зүйн танхим, Соёлын танхим, Боловсролын танхим, Шинжлэх ухааны танхим, ӨМӨЗО-ны үндэсний танхим тус тус хамтран зохион байгуулжээ.

Энэхүү Экспо арга хэмжээнд Монголын талаас урьдчилсан тоогоор 1200 орчим зочид төлөөлөгч оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл нууруудыг сэтэлж урсган, 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлэв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Түүнчлэн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан холбогдуулан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болон бусад арга хэмжээг авахаар Цэнхэр сумын Орхон багт тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтарсан үйл ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүргийн дагуу 10 хиймэл нуурыг сэтэлж урсган, 22 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан хойшлов

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдааныг Улсын Их Хурлын хүсэлтийн дагуу хойшлуулаа.

Уг хүсэлтэд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дуусах хүртэл уг хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн байна. Иймд Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх хуралдааны товыг дараа зарлахаар шийдвэрлэв гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор явган хүний гарцуудыг цөөлж эхэллээ

Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлжээ. Явган хүний ийм гарцууд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлгөөний эрчимд сөрөг нөлөөтэй байдаг байна.

Тухайлбал, Саппоро 21 дүгээр хороолол, 25 дугаар эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1, Монгол Улсын консерватори зэрэг газруудын хэт ойрхон байрлалтайн улмаас замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг тул зарим газрын явган хүний гарцыг нүүлгэн шилжүүлж, засах ажлыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар авто зам засвар арчлалтын компани хамтран хэрэгжүүлжээ.

Улаанбаатар хотод ойролцоогоор 400 гаруй явган хүний гарц байдаг ба явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан явган хүний гүүрэн болон нүхэн гарц 9, гэрлэн дохиотой явган хүний гарц 46 байдаг. Энэ нь нийт явган хүний гарцны 16 хувийг эзлэж байгаа юм гэж Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

С.Баясгалан: Монгол Улс ОХУ-ын аманд орж биш, зөвшилцөж явах ёстой

– ОРОСУУД “БИД САНААЧИЛГААРАА ТАТВАРЫГ ЧИНЬ БАГАСГААД ӨГЬЕ” ГЭЖ ЯАЖ ХЭЛЭХЮМ БЭ-


ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлал, айлчлалын хүрээнд хийсэн гэрээнүүд Монгол Улсад ямар ач холбогдолтой талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалантай ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлаад нутаг буцлаа. Халх голын ялалтын баярт оролцохоос гадна манай хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлтэй болж байна. Нийгэм, эдийн засгийн хүрээнд хэд, хэдэн гэрээнд гарын үсэг зурагдлаа. Хойд хөршийн Төрийн тэргүүний айлчлалыг геополитикийн зүгээс та хэрхэн харж байна вэ?

-Юуны өмнө хоёр улс гэж ярих нь зүйтэй байх. Эхлээд харьцуулах хэрэгтэй. Хятад, Оросыг харьцуулбал Оросын Төрийн тэргүүн Хятадаасаа арай илүү тооны айлчлал хийжээ. Нөгөө талаасаа хоёр улсын Төрийн тэргүүн нар ингэж их айлчилдаггүй байсан. Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдөж Монголд ОХУач холбогдол өгч байна. Гадаад бодлогодоо Монголыг анхаарах нь ихэсч байна. Өмнө нь нэг их анхаардаггүй байсан. Жижиг улс, жийргэвч улс гэдэг байсан уу. Одоо бол өөр болж байна. 2000 оноос хойш Путин анх гарч ирснээр Оросын гадаад бодлого, аюулгүй байдлын тал дээр ерөнхий чиг шугам харагдах болсон. Тэр нь батлан хамгаалах, зэвсэгт хүчнээ бэхжүүлэх талын зүйл гэж хэлж болно. Та бүхэн анзаарсан бол Ялалтын баярын арга хэмжээ жилээс жилд нүсэр болдог боллоо. Харин Хятад бол ийм зүйлд ач холбогдол өгдөггүй.

Эдийн засгийн хүчин чадал нь их учраас эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагаанд голчлон анхаардаг. Орос бол эдийн засгийн хүчин чадал нь сайнгүй байна. Тэр үүднээс батлан хамгаалах, аюулгүй байдлын салбараа илүү хөгжүүлж ард иргэдээ эх оронч, үндэсний үзэл дээр нэгтгэж барихыг чухалд үзэж байгаа нь харагдаж байна. Энэ үүднээс харахад өмнө нь нэг их ач холбогдол өгдөггүй байсан Халхын голын дайнд одоо тэд ихээхэн анхаарах боллоо. “Оросын баатрууд” гээд сөнөөгч онгоцны үзүүлбэр түүхэндээ манайд байгаагүй. Цаашид байх эсэхийг бүү мэд. Гэхдээ ач холбогдол өгөөд эхлэх юм бол энэ дахиад давтагдахаар эд байна. Монголд өөрийн нөлөөгөө бэхжүүлэх зорилгоор Халхын голын дайныг хүчтэй гаргаж ирж байна. Хэрэв нийгэм, хүмүүнлэг, солилцоо, эдийн засгийн бусад салбар хөгжихгүй бол Халхын голын асуудал дээр одоогийн айлчлал шиг ач холбогдол өгөх нь ихэснэ. Дараагийн нэг зүйл нь манай хоёр улс 2006 онд стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Одоо иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байна. Иж бүрэн стратегийн түнш байлаа гээд үнэндээ чанарын асуудал илүү гарч харагддаггүй. Путин бол иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулахдаа биш, Халхын голын Ялалтын баярт ирсэн гэдгийг энд онцлох ёстой.

-Айлчлалын хүрээнд хэд, хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ айлчлалыг Монголын тал хэт их хүлээлттэй хүлээж авсан. Гэвч гарын үсэг зурагдсан гэрээнүүд нь орлогч сайдын хэмжээний айлчлалын үр дүн байлаа гэж зарим олон улс судлаачид онцолж байна. Таныхаар энэ айчлалаас Монголд юу үлдэв?

-11 гэрээ хийгдсэн. Түүний гурвыг телевизээр шууд дамжууллаа. Хамгийн түрүүнд найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэл байлаа. Гэрээний хувьд дээд түвшинд хүрч байна гэсэн үг. Болж байна гэж бодъё. Дараагийнх нь бүс нутгийн хамтын ажиллагаа гэж байгаа. Гурав дахь нь терроризмын эсрэг хамтын ажиллагаа байсан. Үүнээс харахад Оросын гадаад бодлого, эрх ашиг, санаа зовоож байгаа асуудлын хүрээнд энэ гэрээнүүд байгуулагдлаа. Терроризм гэхэд Монголд хар л даа. Хөндөх асуудал мөн үү. Бүс нутгийн хамтын ажиллагаа яахав байж болно. Гэхдээ Оросын бүс нутгийн хамтын ажиллагаа хоцрогдоод байгаа учраас хүчтэй байлгахын тулд эрх зүйн үндсийг нь нээлттэй болгож байгаа явдал. Сэлэнгэ аймгийнхан ОХУ-ын буриадтай хэлэлцээр хийх, Хөвсгөл нь Туватай хамтрах зэргээр явж болохоор юм. Өөр бусад том зүйл яригдсангүй. Үүнээс нэг дүр зураг харагдаж байгаа нь Монголын талаас санаачилга муу байлаа. Уг нь бид нар өөрсдийнхөө санал, санаачилгыг тавих ёстой. Гэтэл энэ гэрээг тэгж өгнө, ингэж өгнө гэж яригдлаа. Бид Оросоос юм нэхэх ёсгүй. Харин санаачлах ёстой. Хамтран ажиллах ёстой. Бид нэхэх биш “Манайд ийм асуудал байна, танайд ийм асуудал байна. Бидний зүгээс танайд ийм юм санал болгож байна” гэж явах ёстой. Янз бүрийн худалдааны тариф татварын асуудал яригдаж л байна. “Хөөрхий монголчууд ийм байгаа юм чинь бид ингэе” гээд ахын ёсоор хандахгүй. Ах дүүгийн харилцаа 1990 оноос өмнө байсан, тэндээ үлдсэн. Оросууд бүр 1990 онд хэлчихсэн шүү дээ. “Бидэнд ах дүүгийн асуудал байхгүй. Хэлэлцээрт хамтрагч байна” гэдгээ аль эрт хэлчихсэн. Түүнийг нь одоо хүртэл монголчууд ойлгоогүй байна. Бид нар санаачилгатай ажиллахгүй байгаа нь гэрээнүүдээс нь хүртэл харагдаад байна. Бид аманд нь орж биш, зөвшилцөж явах ёстой.

-Манай талаас төмөр зам, Эгийн голын цахилгаан станц, татварын хөнгөлөлт зэрэг томоохон салбаруудыг хөндөх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Таны хэлсэнчлэн Оросын талд ашигтай салбаруудад л гэрээ байгуулагджээ?

-Нэгдүгээрт, төмөр зам бол хөгжүүлж болох салбар. Оросын ашиг сонирхолд нийцэх учраас бид санаачилгатай байх ёстой. Төмөр замыг нь тавиад өгчихье гэж байгаа. “Бид эндээс тэдэн хувийг өгье, цаанаас тэдэн хувийг нийлүүлээд хос төмөр зам болгоё” гэхэд Орос үгүй гэхгүй. Одоо бол цэвэр эдийн засгийн ашиг сонирхолтой байна.

-Төмөр замын бүтээн байгуулалтад 100 тэрбум рублийн хөрөнгө оруулалт яригдсан шүү дээ. Тэр нь Ханги, Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замын асуудал байлаа?

-Асуудал байхгүй. Оросын ашиг сонирхол Монголынхтой нийцэж байгаа. Тэр дундаас нь манайх ашиг олох хангалттай боломж бий. Дахиад л манай талын санаачилга яригдана. Харин Эгийн голын цахилгаан станц Оросын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа учраас хөдөлгөхгүй байгаа юм. Тэрэнд нь бид уурлаад байх шаардлагагүй. Энэ чинь их гүрэн. Орос хариуд нь “Бид та нарт атомын авсаархан цахилгаан станц бариад өгье. Сибирийн сүлжээнд нэгтгээд өгье” гэж байгаа.Тусгаар улсын хувьд монголчууд зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудал бий. Түүнийг нь бид урдаас нь чанга дуугаар тавих ёстой юм. Татварын асуудал бол цэвэр Монголын талын санаачилга яригдана. Монголын талаас асуудал тавихгүй байхад нь Орос “Бид санаачилгаараа татварыг чинь багасгаад өгье” гэж яаж хэлэх юм бэ. Асуудал тавихгүй бол тэр хэвээр байж л байна.

-Хамгийн гол нь татварын асуудал байсан. ОХУ-ын Монголд тавьдаг татвар олон улсын жишгээс хэт өндөр гэж эдийн засагчид шүүмжилдэг. Энэ асуудлыг айчлалын хүрээнд ярилцах боломжтой байсан уу?

-“Европод тэгсэн шигээ манайд тавиач” гэхэд “Үгүй” гэхгүй байлгүй дээ. Гэхдээ гол нь энэ асуудлаа манай улс тавьсан юм уу гэдэг нь бүрхэг. Их гүрнүүд өөрсдөө буулгахгүй. “Чимээгүй байгаа юм чинь байж л байя” гэнэ. Миний өнцгөөс бол Монголыг Хятад ч бодохгүй, Орос ч бодохгүй. Монгол өөрөө өөрийгөө бодно. Монголчууд гомдоллох биш том болсон, өссөн хүний байдлаар зоригтойгоор “Манайх ийм саналтай байна, танайх ямар саналтай байна вэ” гэх ёстой юм. Тулгалт ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ геополитикийн байр суурийг нь муугаар хэлэхэд Хятадаар айлгах байдлаар хандаж болно. “Та нар ийм байна шүү. Манайхыг анхаарахгүй юм уу. Бид та нарт бас түүхийн үүднээс жийргэвчийн үүрэг гүйцэтгэж байсан. Угаасаа та нар биднийг үл ойшоох боломжгүй” гэдэг талаас нь нээнтэг маягийн зүйл тавьж байгаад санал оруулж болно шүү дээ. Гэтэл манайд санаачилга алга. Тэр бол манай дотоод байдлаас хамааралтай. Дотроо бодлого байхгүй, цэгцгүй гэдэгтээ л байгаа юм. Та хэрэв санаж байгаа бол Монголын төмөр замын удирдлагыг томилох асуудал дээр бөөн маргаан болж, хоорондоо хэрэлдэж байгаад эцсийн үр дүнд Оросын захирлыг сонгосон. Оросууд хэлж байсан. “Та нар эхлээд дотроо учраа ололцчихоод бидэнтэй ярилц” гээд орхиж байсан. Энэ бол нэг жишээ. Бид нар өөрсдөө эв нэгдэлтэй, геополитикийн нүүдлийг харж байгаад “Ингэвэл оросууд бидэнд үгүй гэж хэлж чадахгүй”. “Үгүй гэж хэлэхийг нь харъя” гэдэг хэмжээнд очтол тооцоолох ёстой. Түүнээс биш оросууд тэгсэнгүй гэж хандах нь өрөөсгөл. Энэ чинь хүүхдийн цэцэрлэг биш. Олон улсын харилцаанд улс бүр өөрийн эрх ашиг, ашиг сонирхлоор явдаг. Гол нь бид эмзэг зүйлийг нь олж харж байгаад түүгээр нь барьцаалж байгаад Орос, Хятадтай ярих ёстой юм. Энэ удаагийн айлчлалаар Төрийн тэргүүний хэмжээнд хангалттай юм явчихлаа. Тэд чинь жижиг ажилтай ноцолддог улс биш. Стратегийн том бодлогоор явж байгаа. Иж бүрэн стратегийн түншлэлээр замыг нь нээгээд өгчихлөө. Одоо Засгийн газар болон доод шатны байгууллагууд хэр авхаалжтай, хэр санаачилгатай ажиллах вэ гэдгээс шалтгаална.

-Одоо боломжууд байгаа гэж хэлж байна уу?

-Зөндөө боломж байна. Гол нь бид тэр бүрийг ашигладаггүй. Тэр байтугай харах юм бол АНУ, Европт хүртэл бидний бараа бүтээгдэхүүнийг импортоор татваргүйгээр авъя гэхэд түүнийгээ хүртэл ашиглаж чадахгүй байна. Уг нь үүнийг бид тултал нь ашиглаж байж сая хөгжил рүү явна. Их гүрнүүдийн дунд байгаа зальжин аргатай, сэргэлэн улс байдаг. Наанадаж эд нар шиг байгаа бүх гэрээ хэлэлцээрээ тултал нь ашигладаг байх хэрэгтэй байна. Тэгсний дараа ерөөсөө илт хөгжихгүй байхад нь илт хориг тавьж, гацаагаад байвал “Тэр хөрш новшийн хөрш” гэж үзэл бодлоо илэрхийлж болно.

-Манай улс цөөн хэдэн улстай стратегийн түншлэлтэй. Жишээ нь, тэдний нэг нь Энэтхэг улс. Энэтхэгтэй стратегийн түнш болсноор Монголд сүйдтэй үр дүн харагдахгүй байгаа. Стратегийн түншлэлээс яаж үр дүн гаргах ёстой вэ?

-Стратегийн түншлэл гэдэг хоёр улсын харилцаа хэр өндөр түвшинд хэр нягт байна гэдгийг харуулж байдаг. Иж бүрэн стратегийн түншлэл гэхээр хамгийн дээд түвшинд байна гэсэн үг. Энэтхэгтэй бид стратегийн түвшинд хамтардаг. Үнэхээр ч Энэтхэгтэй бид харилцаад байх нэг их юм байхгүй. Гэхдээ геополитикийн хувьд бий. Манайх гэхээс илүү Энэтхэгт ашигтай байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн аюулгүй байдлын ашиг сонирхлын асуудлаас үүдэлтэй. Бид бол оюун санааны хөршүүд гэж явдаг. Оюун санаа гэдэг бодит материаллаг юм байхгүй л дээ. Энэтхэг гэхээс илүү Америктай жишээлж ярья. Америктай бид стратегийн түншлэл арай л тогтоочихоогүй байна. Гэхдээ стратегийн түншлэлийг хамгийн нааштай болгох хэмжээнд байгаа гэсэн үг.

-Орос, Хятад хоёр улс Монгол Улсын мөнхийн хоёр хөрш. ОХУ-ын хүчин чадал Хятадыг гүйцэхгүй байна гэж та дээр хэлсэн. Үүнийгээ дэлгэрүүлээч?

-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл нь хоёр хөрш гэж байдаг. Тэр дундаа хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцана гэж байгаа. Тэнцвэртэй харилцах нь Монголоос ганц шалтгаалахгүй. Хятад бол Оросоос илүү чадамжтай. Бид хоёр хөршийн хоорондын харилцаагаа тэнцвэржүүлэх гээд байгаа боловч Хятадынх нь илүү байсаар байна. Өнөөдөр хятад хэл сурах нь илүү, хятадууд манайд олноор бүтээн байгуулалт хийж байна. Нэг компани дээр очиход орос хэлтэй гэхээс илүү англи, хятад хэлтэй хүнийг авна гэсэн нь давамгай байх жишээтэй. Оросын аж ахуйн нэгжүүдээс илүү Хятадынх илүү манайд орж ирж байна. Хятадын “Нэг бүс нэг зам” төслийг Орос сөргүүлэн тавьж чадахгүй, харин эсрэгээр Хятадын аманд ороод байгаа. Хүч нь сул байгаад байна. Оросын одоогийн чадаж байгаа зүйл нь түүхээ сөхөж, эх оронч үндэсний үзлээ сэргээж, мөр зэрэгцсэн ах дүүгийн сайхан харилцаатай байсан шүү гэдгийг чадах ядахаараа хийхийг оролдож байна гэж харагдаж байна.Путины айлчлалаас өмнө Оросын нэлээд хэдэн төлөөлөгч манайд ирсэн. Тэд нар бидний хүсэлтийг боломжоороо хүлээж авч байна. Жишээ нь, Оросод сургах оюутны тоог нэмье гэлээ. Оросын тал уг нь нөхцөл байдлаа мэдрээд байна. Гэхдээ л хүч хүрэхгүй байна. Та бүхэн саяхан харсан байх. Хятад руу сургуульд явах гэсэн залуусын оочер Хятадын Элчин дээр ямар байв. Хятадын Засгийн газрын тэтгэлэг хэр олон зарлагдаж байгааг харж байна. Тэгэхэд Орос гүйцэхгүй байна шүү дээ. Яваандаа гүйцэхийг чармайх л байх. Хятад бүр бодлогын хэмжээнд авч үзэж, жилд хэдэн зуун оюутныг тэтгэлгээр авч байна. Биднээс шалтгаалахгүй их гүрний бодлогоос шалтгаалж байгаа зүйлс энэ мэтчилэн олон бий.

-Гол нь Монгол Улсын эрх ашиг чухал. Хоёр хөршийн тэнцвэргүй байдал манай улсад ямар үр дагавартай вэ?

-Өнөөдөр даяаршил бол дандаа зөөлөн хүчний бодлогоор явж байна. Энэ утгаараа Орос сульдах маягтай байна. Энэ нь бидэнд сөрөг таатай. Оросод боловсорсон залуус ховордож Хятад, барууны талыг барьсан, баруунд суралцсан залуус ирж байгаа. Шинжлэх ухаан технологийн салбарт бол болж байна. Гэтэл улс төр, нийгэм, олон улсын харилцаа талын боловсон хүчин нэг улсаас хэт давамгайлаад эхлэхээр пасив буюу идэвхгүй тархи угаалт явагддаг. Нэг талыг илүү баримтлаад эхлэхээр тэр тийшээ хэлбийж эхэлдэг. Тэгэхээр л нөгөө Оросын талын зүйл багасаад ирнэ. Энэ нь Монгол Улсыг болгоомжлоход хүргээд байгаа. Гол нь бид Хятад гэдэг том гүрнээс болгоомжлох уу, яах уу гэдэг асуудал болоод байгаа. Барууныг баримтлах залуус ихэсч байгаа. Боловсрол эцсийн дүндээ хойч үеэ бэлддэг. Тэгэхэд Оросын судалгаа тасарч, орос хэлтэй хүмүүс цөөрч байна. Энэ чинь Оростой харилцахад ойлгомжгүй байдал үүсгэнэ. Эерэг тал нь шинжлэх ухаан технологийн ололтууд юм. Гол нь манай төр, Боловсролын яамнаас бодлоготойгоор оюутнуудаа явуулах ёстой. Хятад руу нийгмийн салбарыг багасгаж, эсвэл тэнцвэржүүлэх шаардлагатай. Гол нь шинжлэх ухаан, технологи, байгалийн ухааны салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэмээр байна. Хятадаас бид зам барилга, байгуулах мэргэжилтнийг бэлтгээд өгөөч гэж хүсэхээс биш, Хятадын Засгийн газрын бодлогыг манайд баримтлах хүн бидэнд хэрэггүй. Монголд Монголын эрх ашгийг баримталдаг хүмүүс хэрэгтэй. Гэтэл одоо Хятад улсад суралцаж байгаа монгол оюутнууд ихэвчлэн нийгмийн чиглэл давамгай байна. Гэхдээ Орос үнэндээ аль ч салбараараа хоцрогдоод байна. Энэ нь Оросын шинжлэх ухаан хоцрогдож байгаа гэсэн үг биш, хүч нь мөхөсдөөд байгаа юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

​“Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадам нөгөөдөр болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ жилийн даншиг наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулж байна.

Даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.

Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар “Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадмыг нээнэ.

Энэ жилийн наадмаар 256 бөхийн барилдахын зэрэгцээ лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болдог билээ.

Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадмыг дотоод, гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч даргатай уулзав

“Монгол, Хятадын гурав дахь удаагийн Экспо”-д Монгол Улсын төлөөлөгчдийг ахлан оролцож буй Шадар сайд Ө.Энхтүвшин хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Баймачилинтэй 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотноо уулзлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалууд хэрэгжиж, хамтын ажиллагааны бүх салбарыг хамарсан олон чухал арга хэмжээг хамтран зохион байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хөгжүүлж буй Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, үүний дотор худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг өсгөх, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлэх, уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжих бодлогыг баримталж буйг онцлон тэмдэглэлээ.

Шадар сайд түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ӨМӨЗО жинтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд, цаашид худалдааг хөнгөвчлөх, тарифын бус хориг, саадыг багасгах,боомт, төмөр зам, авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн юм.

Баймачилан Хятад улс хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх бодлогын хүрээнд Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж буйг тэмдэглэж, хоёр улсын хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо.

Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Монгол, Хятадын Экспо” хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Путины айлчлалаар зурагдаагүй төмөр замын гэрээг Владивостокт үзэглэх үү?

Хойд хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр хоёр тал арван гэрээ үзэглэлээ. Харилцаагаа шинэ шатанд ахиулсан, цэрэг батлан хамгаалахын салбарт дэмжлэг авахаар болсон гэх мэт үр дүнг нэрлэж болох ч эдийн засаг талаас нь харвал тэр гэж онцлохоор том гэрээ, санамж бичиг алга гэж шинжээчид хэлж байна. Путин “Хийн хоолойг Монголоор дамжуулах эсэхийг судалж үзнэ” гэсэн үгээ дахиад хэлснийг алгасаад харвал эдийн засаг чигийн гялтайх тохироо хийгдсэнгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр Зүүнбаян-Ханги чигийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100 тэрбум рублийн экспортын зээл хүссэнийг эс тооцвол өндөр хүлээлттэй байсан төмөр зам дээр гэрээний түвшний яриа хэлэлцээ өрнөсөнгүй. Төмөр зам дээр Орос ямар бодлого барьж байгаа нь тодорхойгүй гэж хэлж бас болохгүй. В.Путиныг дагалдаж ирсэн “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал О.В.Белозёров “Замын хөгжлийн стратегийн хэтийн төлөвийн талаар гэвэл Зүүнбаян, Ханги чиглэлийн шинэ замын барилгын ажил ихээхэн анхаарал татаж буйг тэмдэглэмээр байна. Энэ зам нь Хятад руу шинэ гарц нээх боломж олгоно. Таван толгой-Зүүнбаянгийн 414 км замын төслийн ажилд Улаанбаатар төмөр замыг оролцуулахыг нааштайгаар харж байгаа” гэсэн нь зүгээр ч нэг унагасан үг биш нь ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр Владивостокт эхлэх Дорнын эдийн засгийн тавдугаар чуулганы үеэр төмөр зам дээр нааштай мэдээ дуулдаж магадгүй.

Олдог долларынхаа дийлэнхийг зэс, нүүрсний экспортоос бүрдүүлдэг манайх шиг улсад эдийн засгаа тэлэх ганц боломж нь Хятад руу чиглэсэн төмөр зам. Төмөр замын маршрутын тухайд Таван толгойн ордоос Оюу толгойгоор дайрч Гашуунсухайт хүрэх чиглэл хамгийн дөт, эдийн засгийн үр ашигтай. Энэ чиглэлд төмөр зам тавих яриа арваад жилийн өмнөөс эхэлж бүтээн байгуулалт хийх оролдлого хэдэн удаа хийгдээд ажил болоогүй өнөөг хүрээд буй. Таван толгойгоос урд хил хүрэх төмөр замыг нарийн царигаар тавих яриа хөөрөө, шийдэл шийдвэр бий. Харин хойд хөршийн тухайд сая болж өнгөрсөн төрийн тэргүүнийхээ айлчлалын үеэр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд дэмжлэг үзүүлэхээ албаны хүнээрээ дамжуулаад илэрхийлчихлээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч эхний ээлжинд Таван толгойгоос зүүн тийш төмөр зам барих талд гар өргөдөг. Тэгэхээр Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр замын бүтээн байгуулалт өрнөх магадлал өндөр гэсэн үг.

ОХУ НҮҮРСНИЙ ЗАХДЭЭР ЯМАР БОДЛОГО БАРЬЖ БАЙНА ВЭ?

Нүүрсний нөөцөөрөө Америкийн дараа дэлхийд хоёрт жагсдаг ОХУ өмнө нь баруун руу нүүрс экспортолж доллар олдог байсан бол одоогийн онилж буй зах зээл нь Зүүн Ази, Зүүн өмнөд Ази. Бүр тодруулж хэлбэл, Хятад гэдэг аварга зах зээл хойд хөршийн нүүрсний уурхайн эздийн хорхойг асаадаг. Урд хөрш өнгөрсөн жил 3.7-3.8 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн гэсэн статистик бий. Араас нь жагсдаг арван улс хэрэглээгээ нийлүүлж тооцож байж Хятадтай дүйж очно гэхээр ямар аварга зах зээл гэдэг нь төсөөлөгдөх байх. Нүүрсний олборлолт нь жил ирэх бүр өссөөр байгаа хойд хөрш яг одоо төмөр замын бүтээн байгуулалтдаа хөрөнгө хайрлахгүй яваа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л коксжих нүүрсний чанар, нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг Колмар байна. Өнөөхөндөө 4.5 сая тонн нүүрс олборлож буй энэ уурхай хэдхэн жилийн дотор олборлолтоо 20 сая тонн болгож өсгөнө гэсэн амбицтай яваагаа зарлачихсан. Ер нь Алс Дорнодын боомтоос нүүрсээ экспортлох том уурхайнууд Орост өчнөөн бий. Колмартай зэрэгцэж яригдах аварга орд гээд яривал олны мэдэх Эльга байна. Хойд хөршийн нүүрсний олборлолт 2014 онд 358 сая тонн байсан бол өнгөрсөн жил 430 сая шүргэсэн. Графиклаад харвал жил бүр өгссөн зурагтай яваа юм билээ. Базаад харвал Алс Дорнодын нөөц ихтэй нүүрсний уурхайнуудаа төмөр замжуулах бодлогыг ОХУ-ын Засгийн газраас онцгой анхаарч байна. Манай нүүрсэнд боломж олгоно гэж найр тавьж буй Алс Дорнодын боомт дээр төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж, Хятадын зах зээлд ахиу нүүрс гаргах өрсөлдөөн ширүүсч байгаа гэж шинжээчид онцолдог нь цаанаа ийм учиртай. Яг нарийндаа Америк, Австрали, Индонез нүүрсний зах зээл дээр манай өрсөлдөгч биш. Нүүрс хүрч буй газар нь манайхаас өчнөөн алс учраас бидэнтэй нэг зах зээл дээр тоглодоггүй. Хамгийн бодитой өрсөлдөгч маань хойд хөрш. Энэ өнцгөөс харвал хойд хөршийн нүүрсний бодлого, уурхайнуудынх нь өнгө янзад чихээ сортойлгож суухаас аргагүй. Колмар, Эльгагийн орд төмөр замтай болж нүүрсний экспортоо огцом өсгөх амбицтай урагшилж буй арван жилд монголчууд Таван толгойгоос Гашуун сухайт руу тавих төмөр замын бүтээн байгуулалтаа гацаасан шигээ аж төрж суугаа нь гашуун ч гэлээ үнэн. Оросын Засгийн газар нүүрсний хэрэглээгээ танасан Европын зах зээлээс Ази руу хараагаа чиглүүлж, тэр зүгт тавих төмөр замын бүтээн байгуулалтыг тултал дэмжиж байгаа бол Монголын Засгийн газар ч гэсэн урд хөрш рүү чиглэсэн хамгийн ашигтай чиглэлд төмөр зам барих хувилбар дээр дэмжлэг үзүүлэх учиртайг өмнө дурдсан жишээнүүдээс харчихаж болно.


ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ЗАХЗЭЭЛ ЯАЖ Ч ЭРГЭСЭН МОНГОЛД АШИГТАЙ

ДНБ, хүн амын хөгжил, нэг хүнд ногдож буй гангийн хэрэглээний дундаж зэрэг үзүүлэлтээс нь харахад Орос, Монголын нүүрснийхний онилчихоод байгаа Хятад улс дэлхийн хөгжингүй орнуудын төвшинд хүрчихсэн. Ингэж дүгнээд, логикоор нь хөөгөөд харвал Хятад улс Японы араас явах учиртай. Өөрөөр хэлбэл урд хөршийн хэрэглээ нь танагдаж, гангийн үйлдвэрлэл багасах нь бараг л тодорхой болчихсон гэсэн үг. Гангийн хэрэглээ нь танагдвал гаднаас авах нүүрсээ огцом багасгах эрсдэл бий гэх гээд байна л даа. Хятад улс түрүү жил 900 сая гаруй тонн түүхий ган хайлуулсан бол энэ тоо ойрын хугацаанд хоёр дахин багасч мэднэ гэсэн таамаглалыг шинжээчид онцлоод эхэлчихлээ. Энэ таамаг хөрсөн дээр буувал бүх импортоо зогсоож, зөвхөн дотоодоосоо нүүрсээ хангаад явах нөхцөл үүсч мэднэ. Гэхдээ бидэнд эерэг, гэгээтэй гэж хэлж болох нэг мэдээ бий. Урд хөрш Бээжин, Шанхай гэх мэт төвийн бүсийн үйлдвэрлэлийг зах нутгууд руугаа шилжүүлэх бодлого бариад эхэлчихсэн. Бүр тодруулж хэлбэл Өмнөд Монгол гэх мэт хязгаар газрууд руу гангийн үйлдвэрлэл төвлөрнө гэсэн үг. Тэгэхээр төмөр замаа барьж, нүүрсний салбарын бодлогоо зөв зүгт залж чадвал монгол нүүрс “моод”-ноос гарахгүй гялалзах өндөр боломжтой.

ОРОСООР ДАМЖУУЛЖ ГУРАВДАГЧ ОРОНД НҮҮРСЭЭ ЗАРАХАД АНХААРАХШИЙДЛҮҮД

Урд хөрш рүү төмөр зам тавих хувилбар өнгөрсөн жилүүдийнх шиг гацаанд орсон хэвээр байвал ОХУ руу төмөр замаар нүүрсээ тээвэрлэвэл ямар вэ гэсэн асуулт тавигдах нь тодорхой. Ганц улсаас хамааралтай биш олон гарцтай байх тусмаа монгол нүүрсний өрсөлдөх чадварт эерэг нөлөөтэй. Ерөнхийлөгчийн одоо яриад байгаа хувилбараар бол манай улс ОХУ руу нүүрсээ тээвэрлэж, гуравдагч хөршид гаргана. Нэг зүйлийг онцлоход Таван толгойн нүүрсийг Алс Дорнодын боомтод хүргэх яриа цоо шинэ санаа биш. Өнгөрсөн хугацаанд хойд хөршөөр дамжиж дэлхийн зах зээлд хүрэх туршилтыг нэг бус удаа хийсэн туршлага бий. Баяжуулсан коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх туршилтын тээвэрлэлтийг 2011 оноос хийж эхэлсэн юм. Япон, Энэтхэгийн гангийн үйлдвэрүүдтэй гэрээлж, 2011 оны арваннэгдүгээр сараас ОХУ-ын Находка боомтоор дамжуулан ачилт хийж байв. Ухаа худагаас Чойр хүртэл шороон замаар автомашинаар, Чойроос цааш төмөр замаар Наушки орж, Оросын нийт 32 өртөө дамжин Находка хүргэсэн удаатай. Япон руу 2012 оны нэгдүгээр сарын 28-нд ачилт хийж байж. Эхний ээлжинд гаргасан хэмжээ нь 20.000 тонн. Гэрээлэгч нь “Сумитомо металс”. Хүргэсэн боомт нь Вакаяама. Зарсан үнэ нь FOB Находка 282 ам.доллар. Харин Энэтхэг рүү 2011 оны арваннэгдүгээр сарын 25-нд ачилт хийсэн түүхтэй..Эхний ээлжинд гаргасан хэмжээ нь 16400 тонн. Гэрээлэгч компани нь “Мэско стийл”. Хүргэсэн боомт нь Парадип. Зарсан үнэ нь FOB Находка 225 ам.доллар. Товчхондоо нэг тонн нүүрсийг хойд хөрш рүү тээвэрлэхэд нийтдээ 171.8 ам.доллар болж байж. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, холбогдох татвар хураамжуудыг нэмэхээр нэг тонн нүүрсийг Находка хүргэж зарахад нийтдээ 237.2 ам.доллар зарцуулсан гэсэн статистик дуулддаг. Япон руу 282, Энэтхэгт 225 ам.доллараар зарсан гэхээр Японд зарсан нүүрснээс тонн тутмаас 45 ам.долларын ашиг хийсэн бол Энэтхэгт худалдсан нүүрсний тонн тутмаас 12 ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Туршилтын тээвэр хийж байх үед нүүрсний үнэ түүхэн дээд түвшиндээ байсан, харин ирэх жилүүдэд уруудалтын цикл рүүгээ орно гэдгийг онцлохгүй орхиж болохгүй. Хойд хөрштэй сайн хэлэлцээр хийж чадвал зардал өртөг, татвар хураамж энэ тэр дээр нааштай шийдэл байж болох л юм. Таван толгойн нүүрсийг хойд хөршөөр дамжуулж гуравдагч оронд хүргэхийн тулд наад зах нь баяжуулж боловсруулах шаардлагатай гэж нүүрснийхэн онцолдог. Гэтэл өнөөдөр бид экспортын нүүрснийхээ дийлэнхийг баяжуулахгүй, түүхийгээр нь гаргадаг. Владивосток руу түүхий нүүрс зөөвөл Япон, Солонгос тоож авахгүй асуудал бий.

НҮҮРСНИЙ ТӨМӨР ЗАМЫН ГУРВАН МАРШРУТ

Нүүрсээ тээх төмөр зам дээр гурван маршрут яригдаж байна. Эхний маршрут нь Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн нарийн царигийн төмөр зам. Зураг төсөл, ТЭЗҮ нь бэлэн. Газар шорооны ажил нь эхэлчихсэн. Ачих нүүрс нь бэлэн, авах худалдан авагч нь дугаарлаад зогсч байгаа. Монгол, Хятадын хувьд нэг нь бүтээгдэхүүнээ тээвэрлэж хүргэж өгнө, нөгөө нь худалдаж авна гэсэн гэрээ тохироонууд бий. Ийм нөхцөлд төмөр зам барихад саад бага, санхүүжүүлэгч олоход төвөгтэй биш. Өмнө нь “Шинхуа” хөрөнгөө гаргаад төмөр зам бариад өгье гэж дуугарсан удаатай. Товчхондоо төмөр зам барих үндсэн нөхцөл бүрдчихсэн. Хоёр дахь маршрут нь Зүүн баян Ханги чиглэлийн төмөр зам. Хойд хөршийн зүгээс дэмжинэ гэдгээ мэдэгдчихсэн. Эрх баригчид, төрийн өндөрлөгүүдийн түвшинд санаа нэг байгаа. Хөрөнгө мөнгө нь шийдлээ олвол энэ чиглэлд өргөн царигийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөх боломж өндөр. Гурав дахь маршрут нь Таван толгойгоос Зүүнбаян Сайншанд руу чиглэсэн өргөн царигийн төмөр зам. ОХУ-ын Засгийн газрыг тэргүүлж байсан М.Е.Фрадков 2006 онд Монголд айлчлахдаа энэ асуудлыг ярьсан түүхтэй. Хоёр улсын түвшинд анх удаа нефть боловсруулах үйлдвэр барих эсэх, нүүрсийг олборлож экспортлох, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах гэх мэт асуудал яригдаж байсан үе учраас энэ асуудал сөхөгдсөн байдаг юм. Энэ маршрутаар төмөр зам баривал замын урт нь 400-500 км-ээр яригдана. Том хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн үг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр нэг иргэнээ ялгаварлан гадуурхаж, нийгэм даяар шившиглэх нь буруу

АТГ-ын мөрдөгчид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханы албан өрөөнд нэгжлэг хийж буй бичлэг нийгэм даяар цацагдаж, Баярсайхан гэх энэ залууг шившиглэж орхив. Монголын төр нэг иргэнээ ялгаварлан гадуурхаж, нийгэм даяар ингэж шившиглэх нь буруу. Буруугаар тогтохгүй энэ бол хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Хятад, Хойд Солонгос зэрэг Азийн зарим оронд нэгнээ гутаан доромжилж шившиглэдэг үзэгдэл бий. Зөрчил гаргасан иргэнийхээ гарыг хүлээд эрэгтэй, эмэгтэй хамаагүй хэн ч байсан өмдийг нь шувтлаад гудамжинд хаячихаар өнөөх нь босч явж, өмдөө ч татаж чадахгүй олон хүний дунд шившиг болж байгаа харагддаг. Тэгтэл Монголын төр үзэл суртлын төлөө иргэнээ гадуурхаж, удам судар, юутай ийтэй бүгдийг нь гутааж орхихдоо оймсны түрүүн дэх хэдэн төгрөгийг нь хүртэл гаргаж ирж нүдний булай болгож шившиглэв. Ардчилсан Монгол оронд бид сүүлийн 30 жилд ийм гутамшигтай юм харсангүй. Төр нь иргэнээ шившиглэдгийг анх удаа хараад цочирдлоо. Хуучин социалист системд буруудсан нэгнээ ялгаварлан үзэж, нийтээрээ шившиг хэмээн тооцож, нүүрээ хийх газаргүй болтол нь хажиглаж элдэв нэр хоч өгөн үр хүүхдүүдийг нь хүртэл сургуульд сурч чадахгүй болтол нь хүнд байдалд оруулдаг байсан сан. Харин Н.Баярсайханы тохиолдолд бол тэр ялаа авчихсан байхад нэмж яллачихлаа. “Миний хувь хүний нэр хүндэд ингэж халдаж байгаад харамсаж байна. Монгол бол Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс орон. Гэтэл хуулиар шийтгэлээ хүлээсэн намайг дахин хэлмэгдүүлж байна” гэж тэрээр бичлэг цацагдсаны дараа ярьсан байсан. Эрүүгийн хуулийн 1.3.5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гээд заачихсан байгаа. Тэгтэл үүн дээр АТГ-ынхан Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Авлигын нөхцөл байдлыг бодитоор харуулах гэж бичлэгийг олон нийтэд цацсан” гэж тухайн үедээ мэдэгдсэн. Төрийн албан хаагч хүн ингэж хууль зөрчих ёсгүй. Монгол Улсын иргэнийг Монгол төр нь шившиглэсний төлөө, ийм мэдэгдэл хийсэн Т.Баярхүүг ажлаас нь халж уг бичлэгийг олон нийтэд цацахыг зөвшөөрсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.

Олон улсад хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд “Нэг хүнийг нийтээрээ гутаан чичлэх, шившиглэх”-ийг хориглодог бөгөөд уламжлалт ёсоор буруу зүйл хийсэн нэгнийг нийтийн дунд гаргаж нүцгэлэх, чулуу шидэх, харааж зүхэхийг хүний ёсноос гажуудсан, болхи нийгмийн хоцрогдсон үйлдэл гэж үздэг юм байна. Тэгтэл өнөөгийн ардчилсан Монгол оронд үзэл суртлын төлөө Монгол төр иргэнээ шившиглэсэн учир АТГ Н.Баярсайханаас уучлал гуйх хэрэгтэй.

Түүний авлига авсан эсэх нь тусдаа асуудал. Тэр асуудал нь Эрүүгийн хуулиар шийдэгдчихсэн байхад иргэнээ ингэж шившиглэж, ялгаварлан гадуурхаж, дахин дахин яллах гэж бид ийм нийгэм байгуулаагүй. Ял авсан ялтан хүртэл тодорхой хэмжээний эрхтэй байдаг. Тийм байтал авдаг ялаа авчихсан Монгол Улсын жирийн иргэнийг шившиглэдэг нь яаж байгаа юм. Мөрдөгчдийн нэгжлэг хийж буй тэр бичлэгийг нийтэд цацах ёсгүй байсан. Энэ хүний ах дүү, амраг садан, үр хүүхэд нь гэж байдаг юм байгаа биз дээ. Нийгмийн сүлжээгээр тэр бичлэгийг үзэцгээсэн хүмүүс “Цаазал!” гэж орилолдоцгоосон. Хэрвээ 10 мянган доллар хулгайлсан болгоныг цаазлаад байвал Монголын төрд хэн үлдэх юм бэ.

Монголын төрд иргэнээ шившиглэх ёс байхгүй, ийм эрх ч байхгүй. Монголчуудын 40-өөд хувь нь ажилгүй. Ажилгүй тэдэнд мөнгө байхгүй болохоор нэг хүнд тийм их мөнгө байгааг хараад хорсож үхчих гээд байгаа юм. Харин ч тэдний дэргэд энэ хүн ажил хийж яваа хүн шүү, тэгж ярих юм бол. Мөнгө олох гэж яваа хүн. Зурагт, гар утсаа ширтээд “Наадхаа цаазал” гэж сэтгэгдэл бичээд ажилгүй хэвтэж байгаа хүний хажууд муугаар ч, сайнаар ч амьдрах гэж зүтгэж яваа юм биш үү, наад иргэн чинь.