Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”. Жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгээр дамжуулан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчинтэй тэмцэхэд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг онцолж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.

Тухайлбал, жил бүр дэлхийн 100 гаруй улсын хүн эмнэлэг, мал эмнэлгийн үйлчилгээ хязгаарлагдмал газарт амьдардаг олон мянган хүн энэхүү аюулт өвчнөөр өвчилж нас бардаг гэсэн судалгаа бий. Тиймээс галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нохдын масс дархлаажуулалт, өртөлтийн дараах хүний дархлаажуулалт гэсэн гурван үйл ажиллагааг уг өвчний хяналтын программыг амжилттай хэрэгжүүлэхэд тусгаж байна.

Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа энэ үед эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохойн тоо толгой ихэссэн нь галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг нэмэгдүүлж байгаа юм.

Иймд айл өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях, мөн иргэд гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.




Categories
мэдээ цаг-үе

Г.Долгорсүрэн: Цагаан хорхой өвчний хамгийн ноцтой шинж тэмдэг нь хамраас цус гарах

“Энэрэлт манал” эмнэлгийн лабораторийн эмч Г.Долгорсүрэнтэй ярилцлаа.


-Цэцэрлэг, сургууль эхлэх үеэр хүүхдүүдээс цагаан хорхойн шинжилгээ авдаг. Ер нь энэ цагаан хорхой гэдэг нь ямар төрлийн өвчин юм бэ. Мөн цагаан хорхой гэдэг нь ямар янзын хорхой байна вэ?

-Бүдүүн, шулуун гэдсэнд амьдардаг хэвийн бус биет буюу хорхой юм. Энэ хорхой нь хүний гэдсэнд нуугдмал маягаар байдаг. Хүний бүдүүн, шулуун гэдсэнд хэвийн болон хэвийн бус маш олон төрлийн бичил биетүүд их хэмжээгээр амьдардаг. Эдгээр бичил биетүүдийн хоорондын зохистой хэмжээ нь алдагдаад ирэхээрээ энэ өвчин тухайн хүндээ ямар нэгэн байдлаар илэрч эхэлдэг. Тэр дундаа бага насны хүүхдүүдэд энэ өвчин яагаад их илэрдэг вэ гэхээр сургууль, бага ангийн хүүхдүүд үдийн цай ууна, цэцэрлэгийн хүүхдүүд цэцэрлэгтээ хоол идэж, унтаж, цэцэрлэг дээрээ өдөржингөө гар хуруугаараа нүүр амаа оролдох зэргээр хөдөлгөөн хийдэг. Тийм болохоор энэ үед хүүхдүүдэд нэг нэгнээс нь халдвар дамждаг. Дээхнэ үед хүүхдийн ялгадсанд цагаан хорхой ажиглагддаг байсан бол одоо тийм хорхойгүй, хүүхдэд ямар нэг загатнаа мэдрэгддэггүй байлаа ч хүүхдийн эмчид үзүүлэхэд цагаан хорхойтой байх нь түгээмэл болсон.

-Цагаан хорхойтой хүүхдэд ямар шинж илрэх вэ?

-Хамгийн ноцтой шинж тэмдгүүдийн нэг бол цагаан хорхойн өвчнөө эмчлэхгүй удаан явбал хамраас цус гардаг. Цэцэрлэгийн насандаа цагаан хорхойтой байсан хүүхдийг эмчлүүлэхгүй байлаа гэхэд бага анги, дунд ангид ороод хамраас нь цус гарч эхэлдэг. Энэ бол ноцтой шинж тэмдэг. Хүмүүс хүүхдийн хамраас цус гарахыг юу гэж ойлгодог вэ гэхээр цус бүлэгнэлт, элэг, чих, хамар, хоолой, хамрын бие даасан өвчин гэж үзээд байдаг. Хамраас нь цус гардаг хүүхдүүдийн дийлэнх буюу 98 хувь нь цагаан хорхой өвчний улбаатай байдаг. Шимэгч бичил биетэн нь механизмаараа үйлчлээд хүүхдийн хамрын дотор талын нимгэн салстуудыг гэмтээдэг. Хоруу чанар нь тийм ноцтой илэрдэг гэсэн үг.

Мэргэжлийн эмч дурангаар хамрын салстыг нь харахад маш том шалбархай, шарх, судасжилтууд үүссэн байдаг. Ханиад хүрэх, эсвэл хуурайшилттай үед хүүхэд хамраараа оролдох, нусаа нийхэд л хамраас нь цус гарчихдаг. Тэрийг нь ээж, аавууд ихэнхдээ мэддэггүй. Хэрвээ ийм түгээмэл шинж тэмдэг таны хүүхдэд илэрвэл хүүхдийн мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зүйтэй. Хоолонд дургүй болох, гэдэс орчмоор нь эвгүйрхэх, хошного нь загатнах зэрэг шинж нь бага нас, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд илэрдэг шинж тэмдэг. Гэхдээ хүүхдүүд зовиураа тэр бүр хэлж мэддэггүй болохоор хоолондоо дургүйлхэхээс эхлүүлээд бие нь тавгүйрхдэг учир эцэг эхчүүд бага насны хүүхдээ маш сайн анзаарч байх хэрэгтэй. Хошного нь илтэд загатнахгүй байлаа ч гэсэн хүүхдийн эмчид үзүүлэхэд буруудахгүй.

-Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө юуг анхаарах ёстой вэ?

-Та хүүхдээ лабораторид дагуулж очоод шинжилгээ өгөхөд хүүхдээс тань цагаан хорхой илрэхгүй байж болно. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр хүүхдийг унтаж амарч байхад цагаан хорхой нь хошногоны амсар дээр ирж, тэр хавьд байж байгаад хүүхэд босоод хөдлөхөөр нааш хөдлөөд явчихдаг. Үнэхээр л цагаан хорхойг илрүүлэх зорилгоор шинжилгээ өгөх гэж байгаа бол урьд өдөр нь усанд ороогүй, өглөө нь хүндрээгүй, босонгуутаа цаг алдалгүй тэр дороо лабораторид ирж шинжилгээ өгвөл цагаан хорхойн шинжилгээг үнэн зөв бодитой илрүүлэх боломжтой. Цагаан хорхой 21 хоног тутамд өндөглөдөг. Лабораторийн шинжилгээгээр тэр өндгийг нь хардаг. Ид хорхойтой үед гэдсээр нь дүүрэн өндөг, цагаан хорхойтой байгаа нь лабораторийн эмч нарт харагддаг. Бид чинь микроскопоор харж байгаа шүү дээ. 21 хоногийн хугацаанд илрэхгүй бол ойр ойрхон буюу 3-4 хоногийн хугацаатай шинжилгээ өгч цагаан хорхойг нь илрүүлэх хэрэгтэй.

-Энэ өвчний эмчилгээ хэр удаан үргэлжилдэг вэ. Ганцхан эм уухад л бүрэн эдгэчихдэг гэх юм?

-Өрхийн эмнэлгүүдээр цагаан хорхойн эмчилгээ хийгдэж байгаа. Мөн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар энэ эмчилгээ хийдэг. Цагаан хорхойн өвчинд уудаг хэд хэдэн төрлийн эмнүүд бий. Тухайн хүний биеийн жинд тааруулж эмийг уулгалаа гэхэд хажуугаар нь баримталдаг дэглэмүүд байдаг. Уг дэглэмийг баримтлаад 14 юм уу, 21 хоногийн дараа яг тэр эмийг нь дахин биеийн жинд нь тааруулаад уулгадаг. Эмчилгээний схем нь тийм байдаг. Ямар эм уулгахаа тухайн эмч нь сонгодог.

-Ямар дэглэм бэ?

-Өдөр болгон хүүхдийнхээ ор хөнжлийн даавууг солих хэрэгтэй, даавууных нь нугалаас, хуниасыг индүүдэх хэрэгтэй. Мөн дотуур хувцсыг нь өдөр бүр сольж, индүүдэж өмсгөх ёстой. Шингэн бүлээн юм сайн уулгаж, унтаж амраах хэрэгтэй. Цагаан хорхойн эмчилгээний үед энэ дэглэмийг аав, ээж нь ч бас давхар баримталж байж эмчилгээ үр дүнгээ өгдөг. Ингэж байж хорхой устдаг. Тэгэхгүй ганц эмээ уучихаад л ингээд боллоо гэж бодож болохгүй. Хэрвээ дотуур хувцсыг нь өдөр бүр сольж, индүүдэж өмсгөхгүй бол нугалаа, оёдол, хуниасанд нь байсан нэг ширхэг хорхой хөдлөхөд хүүхэд гараараа маажина. Гараа ам, хамартаа хүргэнэ. Ингээд тойрон эргэлдэх хөдөлгөөнд орчихдог. Цагаан хорхой өвчнийг эмчилгээний үед 100 хувь устгаж чадахгүй байгаа нь тийм учиртай.

-Эмчилгээний үед ямар хоол хүнс идвэл зүйтэй вэ?

-Болж л өгвөл унтаж амрах хэрэгтэй. Шингэн бүлээн юм ойр ойрхон оочиж ууж, шарсан хуурсан хоол хүнс идэхгүй байвал сайн.

-Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор хүүхдүүдээс цагаан хорхойн шинжилгээ авдаг нь жилийн энэ л үед уг өвчин ихээр дэгддэг гэсэн ойлголт төрүүлэхээр юм байна шүү?

-Есдүгээр сарын нэгэн болохоос хэдхэн хоногийн өмнө, эсвэл бүр хичээл эхэлсний дараа зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ цагаан хорхойн шинжилгээг өгөх гээд гүйж байдаг. Уг нь ялангуяа цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхойн шинжилгээг наад зах нь сарын өмнө өгчихвөл шинж тэмдэгтэй эсэхийг нь мэдчихнэ. Хэрвээ шинж тэмдэг илэрвэл эмчлүүлээд хичээл эхлэхэд эмчилчихсэн байвал зөв юм. Болж өгвөл хичээл эхэлсэн хойно акт авахгүйн тулд багш нар нь хичээл эхлэхээс өмнө шинжилгээ өгөхийг шаарддаг, эцэг эхчүүд нь ч тэр үүргээ ухамсарлаад биелүүлэх ёстой байгаа юм. Тэгтэл гэнэт л шинжилгээ өглөө, хүүхэд нь хорхойтой гарлаа. “Эмч ээ, зүгээр гэж бичээд өгөөч. Хүүхэд маань цэцэрлэгтээ явах юм” гэцгээнэ. Ингэж болохгүй. Хэрвээ ийм худал бичиг хийлгэвэл тухайн хүүхэд цэцэрлэгтээ, ангидаа хорхойны халдвар тараана.

-Насанд хүрчихээр цагаан хорхойгүй болчихдог. Цагаан хорхой бага насны хүүхдүүдийн өвчин гэж эндүүрдэг. Гэтэл энэ өвчнөөр өвддөг насанд хүрэгчид бий шүү дээ?

-Тухайн айлын нэг хүүхдэд цагаан хорхойн шинж тэмдэг илэрч, үзлэгээр хорхой илэрсэн бол тэр хүүхэд ганцаараа биш, гэр бүлээрээ эм уудаг. Тийм схемээр эмчилдэг өвчин л дөө.

Цагаан хорхойн эмчилгээг нэг удаа маш даацтай хийлгэх хэрэгтэй. Эмчилгээний үеэр ахуйн талаас юуг баримталбал зүйтэй вэ тэрийгээ сайн баримталж эмчилгээ хийлгэвэл тэр дороо эдгэрдэг. Хэрвээ дэглэмээ баримтлахгүй, хэнэггүй байдал гаргаж эмчлэгдэхгүй удвал хорхой улам идэвхжээд яваад байдаг. Цагаан хорхойн эмийг санаан зоргоороо эмийн сангаас авч ойр ойрхон уугаад байвал хоёрдогч хэлбэрийн маш хүнд өвчлөлд шилжүүлдэг шүү гэдгийг эцэг эхчүүд мэдэх ёстой.


Categories
мэдээ нийгэм

Цусны даралт ихсэлтийн эсрэг аян өрнөж байна

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Хаан банк сангийн дэмжлэгтэйгээр “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Төв аймагт Мөнх-Алдарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна.

Дэлхийн зүрхний өдрийн хүрээнд зохион байгуулж байгаа уг аян нь цусны даралт ихсэлтийн оношилгоо эмчилгээний шинэчлэгдсэн зааврыг аймаг, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэнд таниулах, ард иргэдэд цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйл болон хүндрэлээс сэргийлэх, эрүүл амьдралын зөв дадал, хандлага бий болгох зорилготой аж.

Аяны хүрээнд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоог хийж байна.


Categories
мэдээ цаг-үе

Амьдрал байх боломжтой гэгддэг K2-18b гаригаас ус илэрлээ

Энэ онд сансар судлалд нэгэн томоохон ахиц гарлаа. Эрдэмтэд Кеплер, Спитцер болон Хаббл сансрын телескопын өгөгдлийг нэгтгэсэн хоёр бие даасан судалгааны үр дүнд K2-18 тойрог замын агаар мандалд их хэмжээний усны уур байгааг илрүүлсэн байдаг. Энэ нь хүн төрөлхтөн амьдрах боломжтой бүсэд байрлах анхны гарц хэмээн дэлхий нийтээрээ шуугьж байв.

Тэгвэл энэхүү тойрог замд орших K2-18b гариг дээр ус байгааг одон орон судлаачид илрүүлснийг BBC зарлажээ. Энэ гариг нь дэлхийгээс хоёр дахин том хэмжээтэй, “супер дэлхий” ангилалд багтдаг юм байна. Супер дэлхий гэдэг нь манай гаригаас хэмжээгээр үлэмж том боловч устай, уур амьсгалын хувьд дэлхийтэй харьцангуй адил гаригуудыг хэлнэ. Тэгээс 40 хүртэлх хэмийн уур амьсгалтай тус гариг дээр ус шингэн төлөвт орших боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

K2-18b гаригийг анх 2015 онд нээсэн бөгөөд судалгаа шинжилгээний ажил ид явагдаж байгаа юм. Уг гариг нь M2.8 хэмээх одны спектр хэлбэртэй улаан одой одны (одоо K2-18 гэгддэг) тойрог замд байрладаг. Судлаачид 2016-2017 оны хооронд Хаббл сансрын телескопоор нээсэн гаригуудыг судалж эхэлжээ. Ингэхдээ тэд гаригууд нараа тойрч байх үед оддын гэрлийн өөрчлөлтийг судалж агаар мандал дахь зарим химийн бодисыг тодорхойлсон байна. Гэтэл зөвхөн K2-18b гариг дээрээс дэлхийн амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг болох усны молекулыг илрүүлжээ.

K2-18b гариг нь дэлхийгээс 111 гэрлийн жилийн зайд оршдог. Тийм ч учраас судалгаа шинжилгээ хийхэд хэтэрхий хол зайтайд гол асуудал нь байгаа аж. 2020 онд сансрын шинэ телескоп хөөргөх хүртэл амьд организмын үүсгэдэг уур амьсгал тус гариг дээр үнэхээр байгаа эсэхийг судлах ажил эрдэмтдэд үлдээд байгаа юм. 2020 онд “Жеймс Уэбб”, 2028 онд “Ариел” нэртэй телескопуудыг тус тус сансарт хөөргөхөөр зэхэж байгаа бөгөөд эдгээр телескопуудад K2-18b гаригийн агаар мандлыг судлах тусгай, нарийвчлал бүхий багажуудыг тээж хөөргөх гэнэ.

ХЭДИЙ УСТАЙ Ч ГЭСЭН АМЬРАЛЫГ
ДЭМЖИХЭСЭХНЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Монтреалын их сургууль болон Лондонгийн их сургууль, коллежийн эрдэмтдийн баг гаригийн агаар мандлаар дамждаг одны гэрлийн спектрүүдийг судалж үзэхэд K2-18b нь устөрөгч-гелийн уураг ихтэй, усны уур нь 0.01 хувиас 12.5 хувь хооронд, 20 хувиас 50 хувь хүртэл байна хэмээн шинжилжээ. Усны уур нь үүл үүсэхэд хангалттай өндөр үзүүлэлттэй байгаа аж. Лондонгийн их сургууль, коллежийн зүгээс хийсэн судалгаа зургаахан хоногийн өмнө буюу есдүгээр сарын 11-нд “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Тэдний судалгаагаар тус гариг дээр ус байх магадлал 99,9 хувьтай гэж гарчээ. Ус байх магадлал ийм өндөр байгаа нь амьдрал байх магадлал төдий чинээ их гэсэн үг. Лондонгийн их сургууль, коллежийн (UCL) тэргүүлэх эрдэмтэн, профессор Жованна Тинетти энэхүү нээлтийг “оюун ухааны тэсрэлт” гэж тодорхойлжээ. Тэрээр “Бид анх удаагаа амьдрал байж болохуйц гариг дээрээс ус илрүүллээ” хэмээн онцолсон байна. Харин Монтреалын их сургуулиас явуулсан судалгааны хариу хараахан олны хүртээл болоогүй байгаа аж.

Энэ нээлт нь сансар огторгуйн судалгаа шинжилгээнд гарч буй томоохон амжилт болохыг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр баталж байна. K2-18b нь оддын амьдрах орчинд байрлах анхны экзопланет (амьдрал байх боломжтой гариг). Түүнчлэн ийм бүс дэх анхны гаригаас ус илэрсэн нь сансар судлалын шинжлэх ухаанд томоохон үсрэлт болж байна гэхэд болно. Ерөөсөө өөр гаригаас ус нээсэн нь шинжлэх ухааны талаасаа тунчиг онцлох үйл явдал юм хэмээн эрдэмтэд бичиж байгаа юм. Гэхдээ K2-18b-ийн агаар мандалд ус илэрсэн нь тухайн гариг дээр амьдрал байгаа, эсвэл амьдралыг бүрэн дүүрэн тэтгэнэ гэсэн үг хараахан биш. Учир нь одоогоор гадаргуу болон агаар мандлыг нарийвчлан судлаагүй байгаа гэдгийг эрдэмтэн судлаачид мөн анхааруулж буй. Тэгээд ч одон орон судлаачид тухайн нээсэн гариг дээр амьдрах боломжтой эсэхийг батлах буюу зөвшөөрөх эрхгүй байдаг аж.

Харвардын их сургуулийн Астрофизикийн төвийн доктор Лаура Крейдберг “Одоохондоо энэ гариг нь хуурай газар эсвэл далай тэнгис бодитоор оршин байгаа эсэхийг бид ажиглаж хэлж чадахгүй байна. Гэвч агаар мандалд устай байх нь сайн эхлэл юм шүү” хэмээжээ.

ЭКЗОПЛАНЕТ ГЭЖ ЮУ ВЭ?

-Манай Нарны системээс бусад гаригуудыг экзопланет гэж нэрлэдэг.

-Хамгийн анхны экзопланетыг 1992 онд пульсар (цахилгаан соронзон цацраг ялгаруулдаг нейтрон од) тойрог замаас нээж байжээ.

-Өнөөдрийг хүртэл хэд хэдэн арга техникийг ашиглаж 4000 гаруй экзопланетыг илрүүлжээ.

-Эдгээрийн олонх нь Бархасбадь болон Нептунтай төстэй томоохон гаригууд юм.

-Энэ мэт олон аварга гариг өөрийн одны тойрог замтай маш ойрхон зайнаас олдож байжээ.

Энэ жил сансар судлалд гарсан томоохон ахиц дэвшлүүдээс дурдвал:

-Хар нүхний зургийг хүн төрөлхтөнд анх дэлгэн харуулав.

-Манай нарны аймгийн хамгийн жижиг нь болох Меркүри гаригийн цөм нь чулуулаг болохыг олж нээсэн.

-НАСА-гийн шинэ ангууч Тэсс нь дэлхийтэй ижил хэмжээтэй шинэ гаригийн зургийг HD форматаар авсан.

-Саяхан эрдэмтэд сар нь Теа (Ангараг гаригийн хэмжээтэй гаригийн объект) -оос болж үүссэн байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн.

-Хятадууд судалгааны станцаа сарны нөгөө талд буулгав.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Өндөр гэгээний “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг толилуулж эхэллээ

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийв.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн байна. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу Номын их хүрээний туурь болохыг нотолж, ховор олдвор, дурсгалуудыг нийтэд толилуулж байна. Тухайлбал Язгуурын таван бурхны цогц дурсгал болох 3000 орчим бурхан илэрсний 1000 бурхныг Өндөр гэгээний Ногоон дара эхийн хамт залжээ.

Өндөр гэгээн Занабазар нь хөөмөл, шавар урлал, уран барилга, зураасан зургийн төлөөлөгч, тухайн цаг үеийнхээ улс орнуудтай харилцдаг, жинхэнэ Азийн Мекаланжело байсныг судалгааны дүн нотолсон тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун хэлэв. Сарьдагийн хийд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх олдворууд илрээд байна. Мин Улсын үеийн шаазан цом, аяга, Юань Улсын үеийн ваар, Монголын Эзэнт гүрний үеийн сумны зэв болон бусад улсын зоос, галт буу, нарны цаг зэргийг дурдаж болох юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Тэрээр Өндөр гэгээн Занабазар нь дээдлэн хүндлэх их хүн төдийгүй дэлхий дахинд өөрийн урлаг, дэг сургууль, гоо зүй, хосгүй үнэт соёлын өв, бүтээлүүдээрээ танигдсан. Бурхны шашныг түгээн дэлгэрүүлсэн нэрт соён гэгээрүүлэгч, дорно дахины сонгодог урлагийн гоц авъяас билэгт төлөөлөгч, нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн байсныг тэмдэглэв.

Сарьдагийн хийдийн дурсгалд 12 барилга, хоёр суварга, шороо, чулуун хэрмийн тус бүр нэг дурсгал бүртгэгдээд байна. Хийдийн барилгууд түвд загвартай боловч монголын уламжлалт уран барилгын төрөл зүйлс шингээсэн байжээ.

“Сарьдагийн хийд” үзэсгэлэнг 2019 оны 12 дугаар сарын 20 хүртэл иргэдэд толилуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад суралцах хүсэлтэй залуус ТҮЦ машинаас тодорхойлолтоо авна

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам нь мэдээллийн системийн тусламжтай боловсролын баримт бичиг дэх монгол бичгийг гараар бичих шаардлагагүй болжээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулиуд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн лавлагааг яамнаас авах шаардлагагүй болж, өөрсдөө хэвлэх боломжтой болсон байна.

Энэ талаар БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн системийн зөвлөх Д.Үнэнбат “Боловсролын баримт бичгийн лавлагааг ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдөө хэвлэх болсноор яамнаас олгодог лавлагааны тоо буурч байна. Энэ сард ТҮЦ машинд ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны төгсөгчдийн үнэмлэх хадгалагдлаа. Гадаадад суралцах хүсэлтэй залуус Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамыг зорих шаардлагагүй ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулж адистатын тодорхойлолтоо авч болно. Уг тодорхойлолтыг жилд 3000-4000 гаруй хүүхэд, залуус тогтмол авдаг. Өөрөөр хэлбэл, адистатын тодорхойлолт олгох 24 цагийн үйлчилгээг нэвтрүүлснээрээ иргэдийн цаг завыг хэмнэж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай улс төрийн намын тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллахаар боллоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингамийн Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг хүлээн авч уулзлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барихаар хэлэлцэж буй энэ цаг үед уулзалт болж байгааг онцлон тэмдэглэлээ. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд Улс төрийн намуудыг ардчилсан, нээлттэй, хариуцлагатай болгоход олон улсын чиг хандлага, манай улсын улс төрийн орчин, соёл, нөхцөл байдалд тохируулан эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар санал солилцлоо. Түүнчлэн хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа, намын гишүүнчлэлийн босгыг хэрхэн тогтоох талаар бусад улс орны туршлага зэрэг асуудлаар ярилцлаа.

Ингээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай улс төрийн намын тухай хуулийн төслөөр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын зэвсэгт хүчинд ажиллаж байсан бэлтгэл болон ахмад дайчдад мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ ахмадын баярыг угтан цугласан Монголын Улсын зэвсэгт хүчинд ажиллаж байсан үе, үеийн ахмад дайчиддаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

Энэ үеэр ЗХЖШ-ын ахмадын хорооны дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, ахмадуудын нийгмийн оролцоо, аж амьдралын өнөөгийн байдлыг танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ахмадуудын амьдралын түвшин харилцан адилгүй, нийгмийн халамж үйлчилгээний чанар, хүртээмж төдийлөн хангалттай бус байгаа ч улс орны нийгэм, эдийн засгийн байдал сайжрахын хэрээр ахмад настнуудад тэр дундаа цэргийн тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад тавих төр, засгийн халамж анхаарал улам бүр өсөн нэмэгдэнэ гэсэн бодолтой буйгаа илэрхийллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа!

Эрхэм хүндэт бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Та бүхэнд Олон цлсын болон Монголын ахмадын өдрийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье!

Олон зуун жилийн баатарлаг түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх их үйл хэрэгт үе үеийн ахмад дайчдын оруулсан хувь нэмэр үлэмж их билээ.

Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүйтэй адил өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжлийн нүүр царай, өнгө төрх нь цэл залуу нас, ухамсарт амьдралаа эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт зориулсан эрхэм ахмадууд та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. Баяр хүргэе.

1990-ээд оноос эхэлсэн цэргийн шинэчлэлийн бодлогын агуулга нь нийгмийн шинэ тогтолцоонд нийцсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлалыг төлөвшүүлж, Төрийн батлан хамгаалах бодлогыг цоо шинээр тодорхойлох, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, цэргийн номлол, Зэвсэгт хүчний байгуулалтын зарчмыг шинэ нөхцөл байдалд зохицуулан боловсруулах, Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтад зарчмын өөрчлөлт, шинэчлэл хийх зэрэг олон талт, өргөн цар хүрээтэй үйл явц байсан бөгөөд одоо ч гэсэн үргэлжилж байна.

Та бүхэн дүрэмт хувцсаа тайлж, иргэний амьдралд шилжсэн ч эх оронч үзэл хүмүүжил, үндэсний ухамсрыг иргэд, цэргийн алба хаагчдад төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ байнга оруулж ирсэн, одоо ч идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байгааг бид зүй ёсоор үнэлдэг.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг санаачлан Монгол Улсын Их хурлаар батлуулж, өнөөдөр эдгээр батлан хамгаалах салбарын багц хуулиудыг амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явц эрчтэй өрнөж байна.

Батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, мэргэжлийн цэрэгт суурилсан байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орныхоо бүтээн байгуулалтад амжилттай оролцож ирсэн туршлагадаа тулгуурлан нэгдмэл удирдлагатай, хариуцлага, зохион байгуулалттай энэ хүчийг ашиглан бүтээн байгуулалтыг түргэсгэх, бизнесийн орчныг тэлэх ажил хэрэгч санал, санаачилгыг ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага өнөөдөр бидний өмнө тулгарч байна. Иймд “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах” журмыг шинэчлэн 2018 онд зарлигаар батламжилсан. Энэ журам хэрэгжиж үр дүнгээ өгч эхлээд байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох бүтээн байгуулалтын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээ суманд, ойг цэвэрлэн ойн санг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас эхлүүлж, Дорнод аймгийн Халх гол суманд “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний алба хаагчид амжилттай оролцсон.

Түүнчлэн Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих ажлыг шинээр байгуулагдсан хээрийн 7781, 7782 дугаар ангиуд амжилттай гүйцэтгэж байна. Цаашид ч бид улс орны бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний үүрэг, оролцоо өсөн нэмэгдэх нь гарцаагүй гэж дүгнэж байна.

Төр, засгаас ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах талаар дэс дараатай олон чухал арга хэмжээ авч байгаагийн дотор тэтгэврийн зөрүүг ойртуулах, хэмжээг нь нэмэгдүүлэх, халамж үйлчилгээний хүрээг өргөтгөх талаар ихээхэн анхаарч, тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

Түүнчлэн түүхт ой, тэмдэглэлт өдрүүдийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ жил Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, нийгмийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг улс орны хэмжээнд зохион байгуулж явуулсан билээ.

Өнөөдөр манай ахмадуудын амьдралын түвшин харилцан адилгүй, нийгмийн халамж үйлчилгээний чанар, хүртээмж төдийлөн хангалттай бус байгаа ч улс орны нийгэм, эдийн засгийн байдал сайжрахын хэрээр ахмад настнуудад тэр дундаа цэргийн тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад тавих төр, засгийн халамж анхаарал улам бүр өсөн нэмэгдэх нь дамжиггүй.

Та бүхэн гавьяаныхаа амралтад гарсан ч гэсэн нийгмийн идэвхтэй гишүүн байж, өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, арвин баялаг туршлагаа өвлүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсаар байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Эх орноо батлан хамгаалах эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж, өнөөдөр ахмадын баяраа тэмдэглэж байгаа та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээл, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Баярлалаа та бүхэнд” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: ДНБ-ий ядаж 1 хувийг эрдэм судлалын ажилд зарцуулах хэрэгтэй

Шинжлэх ухааны ажилтнууд анх удаагаа салбарын хэмжээнд цуглаж, төр засгийн оролцоотойгоор тодорхой бодлого шийдвэр гаргахаар хоёр өдрийн турш хуралдсан юм. Энэ чухал хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо шинжлэх ухааны ажилтнуудыг төр засагт үг, үйлдлээ хүргэдэг, салбартаа ногдох төсвийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаардаг тодорхой механизм бий болгож ажиллахыг уриалсан юм.

ТУХАЙЛБАЛ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Монголын оюун ухааны охь, эрдэм мэдлэгийн ундарга болсон эрдэмтэн судлаачид Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Эрдэмтэн судлаачдынхаа санал санаачилга, судалгаа шинжилгээний үр дүн, тулгарч буй саад бэрхшээл, ирээдүйн төсөөлөл, төлөвлөгөөг сонсохоор энэхүү анхдугаар Их хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна.

Мөн энэ Их хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэрбээр сая хэлсэн үгэндээ төр засгаас эрдэмтэн судлаачдынхаа үйл ажиллагаанд анхаарал хандуулж ажиллах талаар ярилаа. Энэ механизмыг өнөөдрийн хурлын үр дүнд бий болоосой гэж хүсэж байна.

Монгол Улс сүүлийн 30 орчим жилийн туршид эрдэмтэн судлаачдаа сонсолгүй өдийг хүрсэн байна. Эрдэмтдийнхээ судалгаа, үйл ажиллагааг дэмжилгүй өнөөг хүрлээ. Эрдэмтдийн бүтээл, санал онолыг анхаараагүй, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарт асар бага төсөв хуваарилдаг учраас бидний хөгжлийн өнөөгийн өнгө төрх энэ байгаа юм. Аливаа улс орны хөгжил, алдаа багатай шийдэл, алсыг харсан зөв бодлого бүр эрдэмтэн судлаачидгүйгээр алхам ч явахгүйг хүн төрөлхтний хөгжлийн түүх гэрчилнэ.

Монголчууд бид энэхүү үзэл санааг аль эртнээс мэдэж ойлгож, эрдэмтэн судлаачдаа дэмжин тэтгэж, хүндэтгэн дээдэлж, оюун ухааныг нь төрийн бодлого үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн түүхтэй ард түмэн. Эзэн Чингис хаан, түүний угсааны их хаад ч дэргэдээ өөрийн орны болон дэлхийн улс түмэнд буй эрдэмтэн мэргэдийг хүндэтгэн залж, анхааран сонсож, төр улсыг жолоодохдоо мэргэн ухааныг нь түшиглэж, шинжлэх ухааныг хөгжүүлж байсныг Та бүхэн сайн мэднэ.

Өнөөдөр Монголын эрдэм судлалын ууган байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш нэгэн зууныг туулж ирэхдээ саад бэрхшээл, дэмжлэг тусламж аль алиныг хүртэж байсан ч шинжлэх ухааны баялаг өвийг манай ахмад үеийн эрдэмтэд, өнөө цагийн та бүхний цуцалтгүй их хөдөлмөрийн үр шимээр нэгэнтээ буй болгож чаджээ. Баяр хүргэе.

Бидэнд шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт амжилт, эрдэмтэн судлаачдын нөөц боломж бүрэн бий болж чадсан. Гэвч судалгааны үр дүнг ашиглах, дэмжиж туслах талаар төр засгийн бодлого өнөөг хүртэл урагшлахгүй байгаа нь бодит үнэн. Шинжлэх ухаанд зарцуулж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ дөнгөж 0.12 хувьд байгаа нь цалингаас өөр дэмжлэг үзүүлэхгүй байна гэсэн үг. Ядаж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувийг эрдэм судлалын үйл ажиллагаанд зарцуулж, түүнийгээ тогтмол хэрэгжүүлж байх ёстой гэж үзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувийг зарцуулдаг, тодорхой механизмтай болох хэрэгтэй бөгөөд энэ асуудлыг анхдугаар Их хурлаараа бий болгоё гэдэг саналыг хэлж байгаа юм.

Шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд биш боловч цаашид бүс нутгийн хөгжиж буй улс орнуудын жишгээс доогуур байгаа байдлаа засаж залруулах цаг нь болжээ, шаардлага тулгарчээ.

Эрдэмтэн судлаачид маань өөрсдийн хүсэл сонирхол, шинжлэх ухаанд дурласан уйгагүй их хөдөлмөрөөр цаг наргүй ажиллаж, ар гэр, хувийн асуудлаа огоорон зүтгэсэн зүтгэлээрээ Монгол Улсад өнөөдрийн энэ хэмжээнд шинжлэх ухааны салбарыг тогтоон барьж байгааг бид ойлгох хэрэгтэй. Эрдэм судлалын ажилд өнөөдөр дэмжлэг үзүүлээд, маргааш үр дүнг нь нэхдэг биш алс хэтийг харсан, төлөвлөлт сайтай, тооцоо судалгаатай, хүрэх, бүтээх чиглэл нь тодорхой төлөвлөгөөтэй явуулах нь улс орны хөгжилд нэн чухал асуудал болоод байна.

Өндөр технологи хөгжсөн, шинжлэх ухааны олон зуун жилийн түүхтэй улс орнуудын шинжлэх ухаандаа хандаж, эрдэмтдэдээ анхаарч бодит дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг миний бие сүүлийн үед гадаад улсад хийсэн айлчлалын хүрээнд байнга анхаарч, хамтран ажиллах боломжийг бий болгохыг зорьж байна. Хүн төрөлхтөнд тулгараад байгаа байгаль экологи, хог, эрчим хүчний асуудлуудаас гадна сансар судлал зэрэг томоохон чиглэлүүдээр манай эрдэмтэн судлаачид зөвхөн Монголын хэмжээнд биш бүс нутаг, олон улсын хэмжээнд идэвх зүтгэл гаргаж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийг хичээж байна.

Түүнээс гадна нүүдэлчдийн агуу их өв соёлын харилцаа, түүний хөгжлийн зүй тогтол, тархац, хадгалалт хамгаалалтыг бүс нутгийн хэмжээнд хамтран хөгжүүлэх, судлан шинжлэх ажлууд айлчлалуудын нэгэн гол чиглэл болж байна. Сүүлийн 2 сарын хугацаанд Америкийн Нэгдсэн Улсын НАСА-гийн сансар судлалын төвийн дарга, ОХУ-ын Шинжлэх ухаан Академийн Ерөнхийлөгч, Энэтхэгийн Сансар судлалын төв, шинжлэх ухаан, технологийн судалгааны газруудын удирдлагатай ажил хэргийн уулзалтууд хийгээд байгааг эрдэмтэн судлаачид Та бүхэн анхаарч, энэ ажлуудад идэвх санаачилга гаргаж, хамтран ажиллахыг хүсэж, уриалж байна.

Өнөөдрийн шинжлэх ухааны анхдугаар их хурлаар Монголын шинжлэх ухааны ойрын болон хэтийн ирээдүйн талаар хэлэлцэж, эрдэмтэд санал бодол, судалгааны үр дүнгээ чөлөөтэй ярилцаж, төр засгийн бодлого шийдвэр гаргах түвшний хүмүүс анхааралтай сонсож, ач холбогдол өгч, зөв зохистой шийдвэрийг гаргана гэдэгт миний бие найдаж байна. Тэрхүү шийдвэр нь зөвхөн цаасан дээр үлдэх биш төрийн бодлого шийдвэрт бодитой тусаж, хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нь санхүүгийн дэмжлэг туслалцааг үзүүлж, зөв зохистой хамтран ажиллах шаардлагатай. Нөгөө талаараа нэгэн зууны турш буй болгож чадсан Шинжлэх ухааны Академийнхаа үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, бодитой судалгааны ажлууд хийх боломжит орчин, сайн лабораториуд байгуулж, малтлага судалгааны томоохон ажлуудыг нь анхаарч дэмжих алхмууд хийх хэрэгтэй. Өнөөг хүртэл улс төрөөс ангид байж, өөр өөрийн өмнөх ажлаа төр засагт дараа төвөг бололгүй хэрэгжүүлж ирсэн бараг цорын ганц салбар бол шинжлэх ухааны салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Харин мөрөөрөө судалгаагаа хийж байгаа эрдэмтэн судлаачдаа сонсохгүй, анхаарахгүй, судалгааны нөр их хөдөлмөрийн үр дүнг ашиглахгүй байж олохгүйг төр засгийн бодлого баригч хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй. Нийгэмд өндөр технологи, орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэхээс гадна нийгмийн соён гэгээрэлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх түүх, хэл, соёл, гүн ухааны салбаруудыг онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Бидэнд бусдаас ялгарах Монголын өнгө төрхийг харуулж чадах зүйл бол түүх соёлын салбар юм. Эх түүх, өв соёл, монгол судлалын чиглэлийг эрчимтэй хөгжүүлэх ёстой. Бид бүхний хэн байсан зөвхөн түүхэнд л үлдэнэ. Тэгвэл шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд үлдэх түүхэн шийдвэр гаргах, түүхэн дэмжлэг үзүүлэх боломжийг өнөөдрийн их хурал хэлэлцэх байх гэдэгт миний бие тун их найдаж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор, эрдэмтэн судлаачдынхаа хичээл зүтгэлээр Монголын шинжлэх ухаан хөгжин дэвших болтугай.

Анхдугаар их хуралд оролцогчдод амжилт хүсье.

Дорвитой, санаачилгатай, үр дүнтэй хурал байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Баярлалаа” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 017-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын гавьяат барилгачин, Хошууч генерал Х.Жүгдэрнамжилийн нэрэмжит Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа нар тус ангид ажиллав.

Барилгын цэргийн гэж нэрлэгддэг тус анги барилга угсралт, төмөр бетон материал хийцийн үйлдвэр /мужааны, вакум цонхны, агааржуулалт, халаалтын тогоо үйлдвэрлэлийн зэрэг цех багтана/ гэсэн үндсэн салбартай үйл ажиллагаатай явуулдаг талаар Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагч, ахмад Т.Амартүвшин танилцуулсан юм.

Энэ анги 16 хүртэлх давхар барилга угсралтын ажил гүйцэтгэх, зураг төслийн ажил боловсруулах, барилга-инженерийн ангиудын барилгын бага мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг байна. Энэ хүрээнд 2009 оноос эхлэн барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, мужаан, гагнуурчин, бетон арматурчин зэрэг өргөн мэргэжлээр алба хаагчдад хос мэргэжил эзэмшүүлжээ.

Барилга угсралтаас гадна төмөр бетон материал хийцийн үйлдвэр нь нүхтэй блок, эко хавтан, авто болон явган замын хашлага, 2-3 давхар шиллэгээтэй вакуум цонх, хаалт, төрөл бүрийн металл хийц, ширээ сандал, тавцан, сүүдрэвч гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн энэ цаг үед барилгын цэргийн суурь болсон 017-р ангийг бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцох ёстой гээд энэ асуудалд анхаарал хандуулахыг ЗХЖШ-ын дарга А.Ганбатад үүрэг болгосон юм. Мөн энэ ангид байгаа барилгын угсралтын мэргэжилтэн, техник хэрэгслийг бүрэн ашиглаж, аливаа бүтээн байгуулалт, тендерт оролцуулах асуудлаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.