Categories
мэдээ нийгэм

“Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн энэ сарын 7, 8-нд болно

Монголын морин харвааны холбооноос “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 7, 8-нд “Чингис хааны хүрээ жуулчны бааз”-д зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Морин харвааны Дэлхийн аварга Э.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

Монголын морин харвааны холбооны ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү “Тэмцээнд дэлхийн олон орны морьт харваачид нэг дор цугларан туршлага солилцох бөгөөд Монгол морийг дэлхийд таниулах, сурталчлах зорилготой юм. Морьт харваа гэдэг бол бид бүхэнтэй салшгүй холбоотой. Өвөг дээдсийн минь дайчин уламжлалыг морь, нум сумгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ уламжлалыг монголчууддаа өвлүүлээд зогсохгүй олон улсын түвшинд морьт харваа сонирхогчдыг нэг дээвэр дор цуглуулж тэмцээн зохион байгуулах болсноороо онцлог юм” хэмээв.

Тэмцээнд Малайз, Канад, Унгар, Өмнөд Африк зэрэг 18 орны 40 гаруй тамирчид оролцохоор хүрэлцэн иржээ. Тэмцээн зөвхөн спортоос гадна аялал жуулчлал, эдийн засагт хувь нэмэр оруулж, морьт харваагаар хичээллэдэг залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй болгож буйг тэмцээний зохион байгуулагчид онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Баймачилинтэй уулзав

“Монгол, Хятадын 3 дахь удаагийн Экспо”-д Монгол Улсын төлөөлөгчдийг ахлан оролцож буй Шадар сайд Ө.Энхтүвшин хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Баймачилинтэй 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотноо уулзав.

Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалууд хэрэгжиж, хамтын ажиллагааны бүх салбарыг хамарсан олон чухал арга хэмжээг хамтран зохион байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хөгжүүлж буй Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, үүний дотор худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг өсгөх, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлэх, уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжих бодлогыг баримталж буйг онцлон тэмдэглэв.

Шадар сайд түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ӨМӨЗО жинтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд, цаашид худалдааг хөнгөвчлөх, тарифын бус хориг, саадыг багасгах,боомт, төмөр зам, авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

Баймачилан Хятад улс хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх бодлогын хүрээнд Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж буйг тэмдэглэж, хоёр улсын хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Монгол, Хятадын Экспо” хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлэв. Шадар сайд Ө.Энхтүвшин, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Баймачилан тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид мөн өдөр “Монгол, Хятадын 3 дахь удаагийн Экспо”-д зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, Монгол-Хятадын соёлын солилцооны долоо хоногийн нээлтийн тоглолтыг үзэж сонирхов.

Categories
мэдээ нийгэм

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлнэ.

Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Давхар дээл”-тэй холбоотой заалтаар санал хураалт явуулна.

УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгасан бол Ерөнхийлөгчийн төсөлд Ерөнхий сайдаас нь бусад давхар дээлгүй байх саналыг оруулсан.

Санал хураалт одоогоор эхлээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн байрны үйлчилгээ эрхлэх журмын төслийг НИТХ-д өргөн барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай”, “Теле хяналтын камеруудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай захирамжийн танилцуулга”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ын төсөл, “Нийслэлийн нутаг дэвсгэр дээр оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын тухай шинэчилсэн найруулгын тухай хэлэлцлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16квт/цагаас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг цахилгаан, дулаан хангамжаар халаах ажлын явцын талаар, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагын шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааны тухай, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах үйлчилгээний ухаалаг системийн үйл ажиллагааг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийн тухай зэрэг асуудлуудаар холбогдох албаны хүмүүс зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

СХД-ийн 23 дугаар хороонд гэр хорооллыг дахин төлөвлөх “Оргил” төсөл хэрэгжинэ

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 7227 айлын орон сууц ашиглалтад оруулж, 1712 нэгж талбарын газрыг чөлөөлж, орон сууцанд оруулан 5001 айлын янданг буулгасан байна. Үүнээс 2018 онд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2017 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Төслийн хүрээнд 2019 онд 3417 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр барилга угсралтын ажлууд хийгдэж байгаа юм.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх байршлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 24 га газрыг хамарсан “Оргил” төсөл нь НИТХ-ын 2016 оны 11 дүгээр тогтоолоор газар шинэчлэн зохион байгуулах 9 байршилд хамрагдан батлагдсан. “Содон” хороооллын зүүн хойд талд байрлах юм. Уг байршил нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нам болон дунд давхрын орон сууцны газар зохион байгуулалтын бүсэд хамрагддаг. Төвийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой. 1280 өрхтэй, 920 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг өрхийн болон амбулатори тус бүр нэг эмнэлэгтэй байхаар төлөвлөсөн” гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

Зөвлөлийн гишүүд үүнийг дэмжиж нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо.

Нийслэлд суурилуулсан камеруудын 39.2 хувь нь шаардлага хангахгүй байна

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөнд хяналт тавих, тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэх чиглэлээр нийслэлд 2010, аймгуудад 2012 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөнгөлөлттэй зээлээр улсын хэмжээнд нийт 3569 хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналттай системийг суурилуулсан байна. Дээрх суурилуулсан хяналтын камеруудаас 78.4 хувь нь хэвийн, 32.1 хувь нь цахилгаан тэжээлийн найдвэргүй холболттой, тоног төхөөрөмжийн эвдрэлтэй, 7.1 хувь нь дүрсний чанар шаардлага хангахгүй байгаа юм.

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Нийслэлийн нутаг дэвсгэр 4704.4 кмкв талбайтай. Нийслэлд суурилуулсан 2065 камер бүрэн ажиллахад суурьшлын бүсийн 20 хувь орчмыг хянах боломжтой. Иймд шинээр суурилуулах камеруудыг хяналттай, зөв зохион байгуулалттай хийх нь чухал асуудал болоод байна. Теле хяналтын нэгдсэн бүртгэлийн загварыг үүсгэж, орон зайн мэдээллийн санд суурилсан мэдээллийн санг зохион байгуулах, хяналтын камер бүр өөрийн кодлох дүрмийн дагуу кодтой байна. Мэдээллийн санг орон зайн мэдээллийн санд суурилуулан хийснээр камерын гэмтэл, холболтын төрөл, хүчин чадал, үзүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн хянах боломжтой болно. Түүнчлэн хяналтын камерын бүртгэлд хандах эрх бүхий байгууллагуудад хэрэглэгчийн эрх нээж өгснөөр өгөгдөл, мэдээлэл солилцох, шийдвэр гаралтад үзүүлэх хэрэгсэл болох юм” хэмээн танилцууллаа.

Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагуудын камерын нэгдсэн системийг хөтлөх, мэдээлэл солилцох боломж бүрдэх юм байна. Мөн удирдлагын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлж, камерын мэдээллийн давхардлыг арилган, хамтын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэнэ. Нутгийн захиргааны байгууллагууд цаашид теле хяналтын камерын суурилуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хяналтын камеруудыг суурилуулж, гэмт хэрэг гаралтыг бууруулах нөхцөл боломжийг бүрдүүлэн иргэдийн амар тайван амьдрах нөхцлийн бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх аж.

Эрэн сурвалжлагдаж байсан 140 этгээдийг нийтийн байрнаас баривчилсан байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмын төслийн талаар өнөөдрийн зөвлөлийн хурлаар мөн хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 649 байранд нийтийн байрны үйлчилгээ үзүүлж байгаагаас 4.1 хувь нь аж ахуйн нэгж, 95.9 хувь нь хувь хүний эзэмшлийнх байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудаас нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж, нийтийн байранд амьдарч байгаа болон хөдөө орон нутгаас түр оршин сууж буй иргэдийн бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, сэжигтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон орон байрны ариун цэвэр, эрүүл ахуйн норм шаардлагыг бүрдүүлэх зорилгоор шалгалт хийхэд Эрэн сурвалжлагдаж байсан болон оргон зайлсан 140 этгээдийг олж баривчилсан, Төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, өрөөний температур 20-22, чийглэг 30-40, Галын самбаргүй-10, галын хоргүй-15, цахилгаан утас гэмтэлтэй 13, байшин хоорондын зай ойр 31, Эрхэлж буй иргэн, хуулийн этгээд албан ёсны бүртгэл, зөвшөөрөлгүй Дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулдаггүй, Нийслэл, дүүргийн татварын албанд татвар төлдөг эсэх нь тодорхойгүй, Нийтийн байруудыг бүртгэн зөвшөөрөл олгодог, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг төрийн байгууллага байхгүйгээс оргон зайлсан этгээдүүд орогнож гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нөхцөл бүрдсэн зэрэг цөөнгүй зөрчил дутагдал илэрсэн байна.

Тиймээс нийтийн байрны үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулах шаардлага тулгараад байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж, нийтийн байрны үйлчилгээ эрхлэх журмын төсөл боловсруулснаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүллээ. Зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний ялагчдад шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өчигдөр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулагддаг Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний финалын барилдаануудыг үзэж сонирхлоо.

Мөн тэмцээн өндөрлөсний дараа шагнал гардуулах ёслолд оролцож, өсвөрийн тамирчдад спортын амжилт хүсэв.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга, уулзалтаа өндөрлүүлж өчигдөр эх орондоо ирлээ.




Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналыг дэмжлээ.

С.Бямбацогт нарын гишүүдийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг дэмжив. Энэ санал гишүүдийн дунд маргаан дагуулж байсан юм. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд одоогийн Үндсэн хуульд заасан заалтыг хэвээр хадгалах буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж оруулж ирсэн бол Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд “нийтийн өмч” байхаар тусгасан. Тиймээс гишүүд “төрийн, нийтийн” гэсэн хувилбарыг оруулж ирж дэмжүүллээ.

Д.Эрдэнэбат гишүүний гаргасан “УИХ нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно” гэсэн санал дэмжигдээгүй. Харин гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын ” УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдөр бүртгэнэ

“Даншиг наадам-Хүрээ цам-2019” шашин соёлын наадам энэ сарын 8-нд болох бөгөө наадмын үеэр цам харайхаас гадна 256 хүчит бөх барилдах юм. Бүртгэл Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд бөхчүүдийг иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирж бүртгүүлэхийг наадмын зохион байгуулагчид сануулжээ.

Энэ жил Даншиг өргөх ёслолыг Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс бие даан зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Н.Энхболд: Уул уурхайтай адил генетик нөөцийн ашиглалтаас монголчууд бид ашиг олохын тулд хууль эрхзүйн орчин байх шаардлагатай байна

ХААИС-ын Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭШ-ий тэргүүлэх ажилтан, ХАА-н академийн гишүүн Н.Энхболдтой ярилцлаа


-Нүүдлийн мал аж ахуйд суурилсан амьдралын хэв маяг , ахуй байдал нөгөө талаасаа байгалийн нөөц баялаг зэрэг онцлог байдлын улмаас Монголчуудыг асар их уламжлалт мэдлэг тээж ирсэн ард түмэн гэх нь бий. Салбарын эрдэмтэн хүний хувьд та юу гэж бодож байна?

-Манай ХАА-н салбарын тухайд авч үзвэл үеэс үед уламжилж ирсэн асар их уламжлалт мэдлэг байна. Зөвхөн цайтай холбоотой 30 гаруй, хөнгөн үйлдвэрийн 16, малын тэжээл бэлтгэх 52 ,бусад мал,амьтны гаралтай 60 гаруй бүтээгдэхүүн хийх арга гэх мэтчилэнгийн маш олон мэдлэг байна. Энэ болгонтой холбоотой бичил биетнүүдийг ялгаад омгоор батлуулаад явж байгаа миний мэдэх 20 гаруй бүтээгдэхүүн бий. Өнгөрсөнөөс өнөөдрийг хүртэл эдгээр уламжлалт мэдлэгийг ШУ-ны мэдлэг болгосоор ирлээ.

Уламжлалт мэдлэг, мөн түүнд суурилсан шинжлэх ухааны мэдлэгийг эргэлтэд оруулсан улс орнууд илүү хөгжөөд байна гэх юм?

-Үнэхээр тийм.Дэлхий даяар хэрэглэж байгаа хавдрын эмчилгээний батлагдсан эмийн 60 орчим хувь нь эмийн ургамлын генетик нөөцөөс,үүнд манай олон эмийн ургамал орж байна. Монголчуудын олон зуун жилийн туршид үеэс үед уламжлуулж ирсэн уламжлалт мэдлэг болон эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнд бий болсон ШУ-ы мэдлэгийг эргэлтэнд оруулж ашиг хүртэх зайлшгүй шаардлагатай байна. Ингэх асар их боломж бий. Уул уурхайтай адил генетик нөөцийн ашиглалтаас Монголчууд бид ашиг олох ёстой. Энэний тулд хууль эрхзүйн орчин байх шаардлагатай байгаа юм.

-Генетик нөөцийн тухай хуультай болох хэрэгцээ шаардлагыг та юу гэж тодорхойлох вэ?

-Монгол Улс Генетик нөөцийн тухай хуультай болох гээд маш олон удаа хэлэлцэж байна. Энэ хууль бол зайлшгүй гарах шаардлагатай хууль. Цаг хугацааны хувьд оройтож байна. Манай улс 1992 онд Шинэ үндсэн хуулиа батлаад,Монгол Улсын Их Хурлаас 1993 онд Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенц ,2012 онд Генетик нөөцийн үр шимийг тэгш хүртэх тухай Нагояагийн протоколыг соёрхон баталсанаар энэ чиглэлээр ОУ-ын өмнө үүрэг хүлээсэн. Үүний дараа л хүлээсэн үүргээ биелүүлж Генетик нөөцийг хамгаалах хуулиа гаргах ёстой байсан.

Монгол орны байгалийн баялаг, амьтан ургамал,ус, хөрс, агаар түүнд байгаа бичил биетний бүхий л генетик нөөцийг хамгаалах үүрэг нь төрд бий. Манай улсад 500 гаруй хууль, 200 гаруй олон улсын конвенц, тэдгээрийг дагасан 2000 гаруй хууль эрхзүйн баримт бичиг байдаг. Гэтэл энэ 500 гаруй хууль дунд генетик нөөцийг хамгаалах санаа нэг ч байхгүй. 2017 онд батлагдсан Малын генетик нөөцийн тухай салбарын хууль л байна. Генетик нөөцийн тухай хууль гарсны дараа салбарын хууль гарах байсан юм. Гэвч салбарын хууль нь түрүүлээд гарчихсан. Тиймээс одоо суурь хууль зайлшгүй шаардлагатай байна.

-Танай хөдөө аж ахуйн салбарын хувьд харин генетик нөөцийн талаархи эрхзүйн орчин нь бүрдсэн юм биш үү?

-Генетик нөөцтэй холбоотой эрхзүйн зохицуулалтын хувьд гэвэл 2017 онд Малын Генетик нөөцийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна. Энэ хууль 5 хошуу мал болон зарим тэжээвэр амьтан, түүний 50 гаруй үүлдэр, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэг гээд маш бага хүрээг хамарч байна. Энэнээс бусад мал аж ахуйн генетик нөөц, түүнтэй уламжлалт мэдлэг хамаарахгүй, хуулиар зохицуулагдахгүй байна. Түүнчлэн, 64 ургамлын гентик нөөцийн ашиглалт хамгаалалтыг зохицуулж буй “Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-нд манай улс 2018 онд нэгдэн орсон. Гэтэл манай улсад эдгээр 64 тарималд хамаарахгүй 20 гаруй сорт, мөн гаднаас орж ирээд манайд нутагшаад байгаа 200 гаруй сорт байна. Эдгээрийг гадаадад гарган түүнээс ашиг хүртэхийн тулд Генетик нөөцийн тухай хууль хэрэгтэй байгаа юм.

О.НЯМ

Categories
мэдээ нийгэм

Явган хүний гарцуудыг цөөлж байна

Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлж эхэлжээ.

Тухайлбал, Саппоро 21 дүгээр хороолол, 25 дугаар эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1, Монгол Улсын консерватори зэрэг газруудын явган хүний гарц хэт ойрхон байрлалтайн улмаас замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг тул зарим газрын явган хүний гарцыг нүүлгэн шилжүүлж, засах ажлыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар авто зам засвар арчлалтын компани хамтран хэрэгжүүлжээ.

Улаанбаатар хотод ойролцоогоор 400 гаруй явган хүний гарц байдаг ба явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан явган хүний гүүрэн болон нүхэн гарц есөн, гэрлэн дохиотой явган хүний гарц 46 байдаг. Энэ нь нийт явган хүний гарцны 16 хувийг эзэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус чуулга уулзалт, үзэсгэлэнг Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулж байгаа билээ.

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том платформ болж ирсэн чуулга уулзалтаар Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн 2019-2020 оны төлөв байдлаас гадна коксжих нүүрсний зах зээлийн ойрын ирээдүйг хэлэлцэнэ.