Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иржээ.

Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.

ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

БНХАУ-тай хийсэн худалдаа 2018 оны байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрчээ

Гурав дахь удаагаа зохиогдож буй Монгол-Хятадын Экспо арга хэмжээ үргэлжилж байна. Экспогийн үеэр болсон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форумын нээлтэнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг “2015, 2017 онд зохион байгуулсан өмнөх экспод давхардсан тоогоор нийт 700 орчим аж ахуйн нэгжийг оролцож, нийт 2,28 тэрбум юанийн өртөг бүхий хамтын ажиллагааны 278 баримт бичгийг байгуулан хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн өнгөрсөн хоёр удаагийн үзэсгэлэнд нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийжээ. Монгол, Хятад хоёр улс бол 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг, худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд бие биенээ нөхөх онцлогтой, олон салбарт нягт хамтран ажилладаг найрсаг хөрш орнууд билээ. Манай улсын нийт гадаад худалдааны 65,2 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж, 2018 оны эцсийн байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн байна.” гэв.

Энэ удаагийн Экспо арга хэмжээнд БНСУ, Япон Улс, ОХУ зэрэг бүс нутгийн зочид төлөөлөгчид, БНХАУ-ын Төрийн болон Бээжин хотын удирдлагууд, Хонгконг, Макао зэрэг тусгай захиргааны бүсийн төлөөлөгчид, бүс нутгийн тэргүүлэх аж ахуйн нэгж, группын удирдлагууд, эрдэм шинжилгээ, судалгааны эрдэмтэд, соёл, урлагийн салбарын нэрт төлөөлөгчид оролцсон нийт 7000 хүнийг хамрагдаж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл дэх “давхар дээл”-ийг тайлах асуудлыг дахин хэлэлцэж байгаа юм. Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн “давхар дээл”-гүй байхаар тохирсон боловч чуулганы хуралдаанд уг санал унасан тул дахин хэлэлцэхээр болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэртэй тэмцэх байгууллагын 47 жилийн ой тохиож байна

Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1972 оны 09 дүгээр сарын 06-ны энэ өдөр Сүхбаатар аймагт гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч байжээ. 20-оод гал сөнөөгч, гурван автомашин, нэг гэртэйгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гал команд өдгөө аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги нэртэйгээр өргөжин тэлж, 47 жилийн ойтойгоо золгож байна.

Ойн өдрийн хүрээнд аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал хийж, гал түймрийн аюулаас улсын хөрөнгө, эрдэнэт хүний амь насыг аварсан жирийн гал сөнөөгчдийн ажил үйсийг мөнхжүүлэх зорилгоор 2003 онд босгосон хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Нийгмийн хөгжил дэвшлээ дагаад гал түймэртэй тэмцэх байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хүний нөөц ч нэмэгдсэн. Одоогоор манайх 100 гаруй алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн Сүхбаатар аймагт зориулсан гал унтраах байгууллага биш бүс нутгийн түвшинд, цаашлаад олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай аврагч, гал сөнөөгчдийг бид бэлтгэхийг зорин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд гал түймрийн тоо, үүнээс үүдэн гарах хохирол ихэссэн, шатах материалын бүтэц ч өөр өөр болсон. Тиймээс ийм гал түймэр гарсан үед гал сөнөөгчид хэрхэн ажиллах вэ гэдэг дадлага, онолын сургалтыг тогтмол төлөвлөгөөт хуваарийн дагуу маш сайн явуулах ёстой. Аврагч гал сөнөөгч гэдэг бол өндөр мэдлэг боловсролтой, биеийн хөгжил сайн, зэвсэг техникээ бүрэн эзэмшсэн, чадварлаг нэгэн байх ёстой. Үүнтэй холбоотойгоор бид шинэ хичээлийн жилд маш их ач холбогдол өгч ажиллаж байна гэж аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Энхбаатар ярилаа.

Гал түймэртэй тэмцэх байгууллага анх үүсэхэд байсан 20-оод алба хаагчаас өдгөө гурав нь амьд сэрүүн байна. Тэд өөрсдийн дараа дараагийн үеийн ахмад ажилчдын хамтаар 47 жилийнхээ ойд оролцлоо.

Ахмад гал сөнөөгч Ж.Энхбаатар хэлэхдээ, Миний хувьд Сүхбаатар аймгийн анхны гал сөнөөгчдийн нэг. 20 гаруй жил ажиллаад гавъяаныхаа амралтад гарсан. Тухайн үед одоог бодвол техник хэрэгсэл муу, хүн хүч ч цөөн байлаа. Гал унтраах хоёр машин, нэг усны машинтай байсан. Гэхдээ бид өргөсөн тангарагтаа үнэнч байж, Баруун-Урт сумынхаа хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраах ажлаа тасралтгүй хийж ирсэн. Бид тухайн үед хэд хэдэн томоохон гал түймрийг унтраасан байдаг юм. Сургуулийн дээврийн түймэр, эрчим хүчний салбарт гарсан объектын томоохон түймэр, гэр хороололд гарсан ноцтой гал түймрийг унтраах ажилд гар, сэтгэл нийлэн ажиллаж, амжилттай даван гарч байлаа. Бидний залгамж халааг мэргэжлийн залуу боловсон хүчнүүд үргэлжлүүлж, үүрэгт ажлаа сайн биелүүлж байгаад ахмадуудын хувьд үнэхээр баяртай байдаг гэв.

Баярын үеэр үүрэгт ажилдаа өндөр амжилт гаргасан дөрвөн алба хаагчийг шагнан урамшуулж, ахмад гал сөнөөгчиддөө хүндэтгэл үзүүлж, мөн аймгийн ОБГ-ын музейтэй алба хаагчдыг танилцуулсан юм.

өдгөө Сүхбаатар аймгийн ОБГ нь таван нэгжтэйгээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулан хуулийн хүрээнд ажиддаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Төр барьж байсан нам хөнгөн хуумгай хандаж байгааг харамсаж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг явагдлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан “Давхар дээл-“ийг тайлах асуудал маргаан дэгдээлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-АН-ын зөвлөлийн гаргасан зарчмын саналууд бүгд унасан. Тиймээс өчигдөр АН-ын зөвлөл энэ хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр би УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой саналыг дэмжиж саналаа өгсөн. Засгийн газрын гишүүний тухай, УИХ-ын гишүүн “давхар дээл”-ээ өмсөхгүй байх саналаа гишүүд нам харгалзахгүй хэлэлцээд явах хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байсан ард иргэдийн сэтгэл, итгэл байхгүй болж байгаа гэдгийг сануулж хэлмээр байна.

Бидний зарчмын санал дэмжигдээгүй учир бид Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр би УИХ-ын гишүүний тогтоолын төслийг өргөн барьж, цаашдаа энэ хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт АН замын хагасаас гарч байгаад харамсаж байна. “Давхар дээл”-ийг тайл гэж Алтанхуягийн Засгийн газрыг удаа дараалан шахсаар байгаад унагасан. Энэ бол нэг намын асуудал биш. Олон нийт хүсч, хүлээгээд ямар нэг шийдэл байх ёстой гэж үзсэн. Гэтэл төр барьж байсан нам хөнгөн хуумгай хандаж байгааг харамсаж байна. Асуудал шийдэх гэхээр гарч байгаа чинь таалагдахгүй байна. Энэ хэлэлцүүлэгт оролцооч гэж уриалж байна. Улсад хэрэгтэй асуудал шийдэхэд та нар оролц. Эрх барьдаг хувь тавилан байдаг юм бол та бүхэнд хэрэг болно. Би улсын эрх ашгийн төлөө хэлж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авч байна. Үдийн ундны цагаар МАН-ын бүлэг завсарлага авч, энэ асуудлаар хуралдъя. Үдээс хойш чуулганы хуралдаанаар хэлэлцье гэлээ.

Ийнхүү үдээс хойшхи чуулганы хуралдаан завсарлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд нэгдэж байна

ХХБанк нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний нийгэмд оруулах хувь нэмэр, дуу хоолойг дэмжих зорилго дор Ахиллис Монгол Олон улсын байгууллага (ОУБ)-тай 3-н жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй “Итгэл найдвар, боломж” уриа дор зохион байгуулагддаг марафон гүйлтийн тэмцээнд ХХБанкны ажилтнууд дэмжин оролцохоос гадна Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллахаар боллоо. Энэхүү марафон гүйлт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдэнд урам зориг, эрч хүч болон өөртөө итгэх итгэлийг өгөх үндсэн зорилготой.

Монгол улсын хэмжээнд 160 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд үүнээс 30 хүрэхгүй хувь нь идэвхтэй сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоо баримт байна. Ахиллис Монгол ОУБ нь тэдний биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг дэмжих, хувь хүний ур чадварыг сайжруулах зорилгоор 2015 оноос хойш жил бүр холын гүйлт, алхалтын тэмцээнийг амжилттай зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү тэмцээнүүдэд ХХБанкны ажилтнууд сайн дурын үндсэн дээр идэвхтэй дэмжин оролцдог.

Энэ жилийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хандивын марафон гүйлт нь 9-р сарын 14-ний өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана.

Энэхүү марафоноос цугларсан хандив, орлого нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тамирчдыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх болон тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломжийг нь бүрдүүлэн өгөх зорилготой байдаг.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
энтертаймент-ертөнц

П.Орхон, Н.Лхамгармаа нар тун удахгүй гал голомтоо бадраана

Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар энэ сарын 25-нд гал голомтоо бадраана.

Тэд “Алдар” спорт хороонд харьяалагддаг бөгөөд үерхээд нэлээн хэдэн жил болж байгаа юм.

Дэлхийн аварга П.Орхон нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн бол түүний сүйт залуу нь 1990 онд Говь-Алтай аймагт төрсөн, Армийн дэлхийн аварга болж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Маргааш буюу 2019 оны есдүгээр сарын 7-ны Бямба гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: СБД 1, 2-р хороо 1, 2, 3, 18, 27, 31, 32, 40, 45, 46-р байрууд, Эрч хүч СӨХ, Чин ван СӨХ, СБД-ийн гэрэлтүүлэг, Цэцэгт төгөл, Монгол ном, Монгол Алтай тур, Си Ти Эс, Өргөн трейд, Си Пи Пи, Ариг интернэйшнл, Уран суварга ХХК-ууд, Тэгш саруул өрхийн эмнэлэг, Иргэн Энхцэцэг, ОСНААУГ-ын ХҮТ-8 болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

⏱ 09:30-18:00 цагт: Синво, Алтан оршихуй, ТЭДЭӨ ХХК.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ улс-төр

Парламент гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэнгүй

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байгаа. Нийт 150 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас 100 орчмыг нь хэлэлцсэн. Мөн зарим хойшлуулаад байсан асуудал УИХ дахь МАН-ын бүлэг дахин байр сууриа нэгтгэн оруулж ирлээ. Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэсэн саналыг дэмжлээ.

С.Бямбацогт нарын гишүүдийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.” зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ. Энэ санал гишүүдийн дунд маргаан дагуулж байсан юм. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд одоогийн Үндсэн хуульд заасан заалтыг хэвээр хадгалах буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж оруулж ирсэн бол Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд “нийтийн өмч” байхаар тусгасан. Тиймээс гишүүд “төрийн, нийтийн” гэсэ хувилбарыг оруулж ирж дэмжүүллээ. Гишүүдийн зарим нь төрийн, нийтийн өмч” гэх нь хуулийн зөрчил үүсэх эсэхийг лавлаж байсан. Харин төр өмчтэй байна гээд одоогийн үйлчилж байгаа холбогдох хуулиудад энэ заалт үйлчилдгийг санаачлагчид онцолж байлаа.

Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгах эсэхэд гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байсан. Холимог тогтолцоотой байх Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дэмжигдээгүй юм. Энэ асуудалд МАН-ын бүлэг сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгах шаардлагагүй гэсэн байр суурь баримталж байсан. Тиймээс ч Д.Эрдэнэбатын гишүүний гаргасан “УИХ нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэсэн санал дэмжигдээгүй. Харин гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын ” УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.

Түүнчлэн гишүүдийг талцуулж, олон нийтийн дунд маргаан үүсгээд байсан УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэх саналууд аль аль нь дэмжигдсэнгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил байхаар тусгасан бол МАН-ын бүлэг гишүүдийн тоог 99 байх хувилбар гаргасан байв.

Ийнхүү эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэв

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн 150 орчим зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр явуулах санал хураалт үргэлжилж байна.

Үндсэн хуулийн 29.1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж өөрчлөн найруулах ажлын багаас гаргасан саналтай холбогдуулан өчигдөр үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн С.Бямбацогт нарын гишүүд дээрх саналд тусгасан хоёр агуулгаар тус тусад нь санал хураах санал гаргаснаар чуулганы өчигдрийн хуралдаан завсарлаад байв. Харин өнөөдрийн хуралдаанаар С.Бямбацогт нарын дээрх горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн.

Ингээд “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн ажлын багийн гаргасан саналын нэг агуулгаар санал хураахад гишүүдийн 95.2 хувь дэмжлээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт үүгээр оролцохгүй гэдгээ мэдэгдэж, хуралдааны танхимыг орхин гарав. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “УИХ-ыг гишүүдийн байр суурь нэгдмэл биш байхад Үндсэн хууль хэлэлцэж болохгүй. Зөвшилцлөө нэг мөр шийдээд цааш нь явуулах хэрэгтэй. АН-ын зөвлөлийн үндсэн зарчмын байр суурь өчигдрийн хуралдаанаар дэмжигдээгүй учраас хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдэг байр сууриа дахин нотолж байна. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ талаарх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барина” хэмээсэн юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн хуралдаанаар нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлагатай зүйл байгаа учир чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулах санал гаргав. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдийн 15.00 цагаас үргэлжлэхээр боллоо.