Categories
мэдээ нийгэм

Үдийн цайнд өгдөг таргийг хүнсний зориулалтын бус саваар зөөж байсныг илрүүлжээ

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн 84 дүгээр сургуулийн Үдийн цай хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд хийж зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.
Нийслэлийн 84 дүгээр сургуульд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн. Тиймээс ашиглаж байсан сав болон таргийг лабораторийн шинжилгээнд хамруулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Тиймээс тус компанийн гэрээ цуцлах саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэхээр боллоо.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 09 сарын 03-16-ны өдрүүдэд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Эрэн хайх, аврах нэгжүүдийг байгуулна

Эрэн хайх, аврах нэгжүүдийг байгуулнаЗасгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаар тогтоолоор Онцгой байдлын албанд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулахаар боллоо.

Тогтоолоор Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах юм.

Мөн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги”, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлээд байна.

Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги байгуулснаар хил залгаа 2 аймгийн 5 сумын 22.8 мянган иргэнд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Эрэн хайх, аврах салбарыг байгуулснаар хил залгаа 2 сумын 13.8 мянган иргэнд, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 4 сумын 34.2 мянган иргэнд, Баянхонгор аймгийн Жаргалант суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 5 сумын 15.6 мянган иргэнд, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 2 аймгийн 6 сумын 28.9 мянган иргэнд, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 6 сумын 34.2 мянган иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сараас мөрдөнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг анх удаа хэлэлцэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагт дагаж мөрдөх С.Бямбацогт нарын саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос гадна Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” хэмээн өөрчлөн найруулах санал дэмжигдсэн билээ. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар энэхүү дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ санал мөн дийлэнхийн саналаар дэмжигдлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбоотой хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлэхээр санал гаргасан байна. Дээрх хоёр саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн юм. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эмнэлгийн гадна тохижилтын ажлыг хүйтрэхээс өмнө дуусгах үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлын явцыг газар дээр нь очиж шалган, холбогдох албан тушаалтнуудад тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Хотын Захирагчийн хамт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, зураг төслийг боловсруулсан “Мод арч” ХХК, гадна зам талбайн гүйцэтгэгч “Жи Пи экспресс финанс” ХХК-ийн төслийн инженерүүд, захиалагчын хяналтын тавьж буй Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд байлцав.

Эмнэлгийн өмнөх тохижилтын ажлын хүрээнд хийгдэх усан оргилуурын шугам хоолойг зураг төсөвт тусгагдсан материал хийцээр хийж гүйцэтгэх ёстой байтал PVC хоолойгоор гүйцэтгэснийг Хотын захирагч шүүмжлэлтэй хандаж, хөлдөж хагарах, даралттай ус даахгүй задрах нөхцөл үүссэнийг хэлж, үүнд хяналт тавьж ажилласан байгууллага, инженерүүд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандахыг сануулж, тус хоолойг зураг төслийн дагуу металл хоолойгоор солихыг шаардлаа.

Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урд талын газарт зөвшөөрөлгүй барилга барисан барилгын компани эмнэлгийн зөвшөөрөлтэй газрыг оршин суугчдад хашаалж өгснөөр газрын маргаан үүсээд байсныг Хотын Захирагч шийдвэрлэн, тухайн газрыг хэсэгчлэн хувааж, нэг хэсгийг иргэд, оршин суугчдад ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулж ашиглах, нөгөө хэсгийг нь эмнэлэг ногоон байгууламжаар тохижилтын ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлийг өглөө.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлэн үе шаттайгаар тохижуулж байна. 2019 онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, УНТЭ, ШШҮХ, СЭМҮТ-ийн гадна зам талбайг тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж, эмнэлгийн гадна зам талбайн тохижилтын ажлуудыг эхлүүлсэн.

Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц, гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Эдгээр ажлуудыг хүйтрэхээс өмнө амжуулж дуусгахыг холбогдох албан тушаалтнуудда хандан Хотын захирагч үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Дуудлага хүлээн авагч, холбоочдын сургалт эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа нийслэлийн Аврах анги 105, Гал унтраах, аврах ангиудын дуудлага хүлээн авагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт эхэллээ.

Сургалтын хүрээнд алба хаагчдын холбооны техник хэрэгсэл ашиглах, чадамжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон цэргийн хэргийн ур чадварыг дээшлүүлэх сургалтууд явагдаж байна.

Энэ сарын 08-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтсүүдийн 60 гаруй дуудлага хүлээн авагч хамрагдаж байгаа юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ард нийтээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэхийг асууна

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-н бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг зургаан сараас хойш хэлэлцлээ. УИХ-аар Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууслаа. УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж хэлэлцсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэг сар орчим явагдлаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн онцлог бол ирц өндөр байх ёстой. Зарчмын зөрүүтэй саналуудыг 57 гишүүн дэмжиж байж дэмжигдэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос 60 зүйлийг оруулсан. Үүнээс 34 зүйл хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу, Ард нийтийн санал асуулга авах уу гэдгээр олонхийн бүлэг хуралдсан. Ирц сайн байсан. Бүлгийн гишүүд ард нийтээс санал асуулга авахаар болсон. Өөрөөр хэлбэл, 1945 оноос хойш анх удаа ард нийтээс санал авах гэж байна. Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард нийт шийдэх эрхийг нь өгч байна. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ард нийтээс санал асуулга авах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүнд шалгууртай, хүнд асуудал байдаг юм байна. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Үүнээс найман заалт огт хөндөгдөөгүй. Бусдыг нь хэлэлцэхээр болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гол гол асуудлыг танилцуулахад Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрэн баталгаажсан өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга авахыг хориглосон заалт оруулахыг олонх дэмжсэн. Мөн байгалийн баялгийн асуудлаар, төрийн нийтийн зориулалттай өмчийн асуудлыг ард нийтээс асуух зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгч байгаа. Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого орхигдсон байсан. Тиймээс Монгол Улсдаа тусгаж өгөөд ямар ч улс төрийн хүчин хэрэгжүүлдэг байх асуудлыг Үндсэн хуульд оруулсан. Мөн нутгийн удирдлагатай холбоотой, төвлөрлийг сааруулах асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр яригдсан. Дархан-Эрдэнэтийг хот болгох 21 аймгийг хот болгох асуудлыг шийдэх боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээж өгч байгаа. Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд давхар дээлтэй байх, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох заалт оруулж ирж байгаа. Мөн УИХ-аар хууль батлахдаа 39 гишүүнээс дээш хүн санал өгч батлах өөрчлөлтийг оруулж өгсөн. Төсвийн хариуцлагатай байдал орж ирсэн. Жалга довоор хуваах, төслийн зарлагыг өргөн мэдүүлснээс өөрчлөх асуудлыг оруулж ирсэн. Шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтийг оруулж өгч байгаа хэмээн мэдээлээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудлыг УИХ-аар дэмжээгүй унасан бэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Уг нь 62 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудлыг өргөн барьсан. Мөн Ерөнхий сайдтайгаа зэрэгцсэн том сайд, УИХ-ын гишүүдийн сайд нарын томилгоонд оролцох асуудал цөөн гишүүдийн саналаар унасан.

-Ард нийтээс ямар санал асуух вэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Ард нийтээс ганцхан санал асууна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуудлаар санал авна. Хугацааны хувьд хэлэлцэж тогтоогүй байна. Зардлын хувьд гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах хэмжээний зардал гарна.

-Ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байвал дэмий зардал гарахгүй гэсэн баталгаа байна уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Үндсэн хуулийг хууль батлах, хэлэлцэх эрх нь өнөөгийн парламентад байгаа. Ард нийтээс Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгээр нэг санал асуучихад зүгээр. Хэдийгээр МАН 64 суудалтай ч гэсэн Үндсэн хуулийг өөрчлөхөд 57 гишүүн саналаар шийдэгдэнэ гэдэг асар өндөр хариуцлага.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй бол хуулиараа найман жил гарч хүрч болдоггүй. Дээр нь нэг нам үнэмлэхүй олонх болох боломж ойрын хугацаанд гарч ирэхгүй байж мэднэ. Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг зөвшилцах ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авна гэдэг их өндөр босго юм байна. Тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарсан өөрчлөлт болж байна. Үүнийгээ ард нийтээр дэмжүүлж чадахгүй бол ахиад 8 жил алдана. Мөн ойрын 10, 20 жилд 57-гоос дээш суудалтай нам УИХ-д гарч ирэх үү гэдэг эргэлзээтэй.

Categories
мэдээ нийгэм

Тактикийн сургууль зохион байгууллаа

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, обьектын галын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад аж ахуй нэгж байгууллагуудын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрт гал түймэр унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Суургуульд оролцогчид “Үйлдвэрийн байранд гал түймэр гарч барилга байгууламж бүхэлдээ утаажсан, гал түймрийн тархалт хоёрдугаар давхарт бүрэн дэлгэрч, угаартсан ажилчид байна” гэсэн цагийн байдлын дагуу дадлага хийж, гал түймэр гарсан үед ажиллагсадын амь нас, эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Онцгой байдлын газартай гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах чиглэлээр танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгээ бататгасан юм.

Эрэлч нохой оролцуулснаараа онцлог болсон энэ удаагийн сургуульд “Өгөөж гурил” ХХК-ийн 51 ажилтан албан хаагч, Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн нийт 55 алба хаагч 5 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкчууд лав аварга болохгүй бололтой

Сагсан бөмбөгийн ДАШТ таван жил завсарласны эцэст анх удаа 32 багийн бүрэлдэхүүнтэй 19 дэх удаагийнхаа тэмцээнийг Хятад улсын найман хотод зохион байгуулж эхэлснээс хойш хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ удаагийн ДАШТ юугаараа онцлог вэ, жаахан баримт сэлт бичье. Өнгөрөгч ДАШТ Испани улсад зохиогдсоноос хойш анх удаагаа ийм удаан хугацаа буюу таван жил завсарлалаа. Бас урьд нь 24 улсын шигшээ баг оролцдог байсныг өргөтгөн 32 болгосон байгаа. Хамгийн “том” мэдээ нь гэвэл Америкаас дрийм тим ирээгүй. Урьд жилүүдэд яадаг байлаа. ДАШТ-д ирж буй багууд зөвхөн мөнгөн медалийг хэн хүртэх вэ гэж л тэмцдэг байлаа шүү дээ. Учир нь НБА-гийн одуудаас бүрдсэн Америкийн шигшээ багт бараг л тэмцээн эхлэхээс өмнө алтан медалийг нь хүзүүдүүлчих шахдаг байв. Ирвинг, Леброн, Кавай, Карри, Харден зэрэг нь ДАШТ-д оролцсонд орвол амралтаа сунгаад ээлжит улирлын тэмцээндээ бэлдэхийг илүү тооцлоо. Хятад улсыг зорьсон баг яавч мөрөөдлийн баг биш. Гэхдээ л НБА-даа гайгүйд тоглодог залуучуудаас бүрдсэн тул аварга болох багуудын эгнээнд багталгүй яахав. Туркийн шигшээ багийн эсрэг тоглож буйг анзаарах нь ээ тэд хэцүү л харагдаж байна лээ. Туркүүд л өөрсдөө алтан боломжоо дараалан алдаж хожигдсон болохоос америкчууд чадлаараа хожсон гэж хэлэхээргүй л тоглолт харагдсан. Гэтэл энэ зөвхөн хэсгийн тоглолт. Цаана нь Серб, Испани, Грек, Литва, Франц гээд гар нийлээд олон жил тоглочихсон багууд нижгээд зогсож л байна. Товчхондоо Америкийн шигшээ баг “яавний” аварга баг биш гэдэг ДАШТ өмнө минь байна.

19 дэх удаагаа зохиогдож байгаа сагсан бөмбөгийн ДАШТ нь есдүгээр сарын 01-нээс есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд дотроо гурван шатлалтайгаар зохиогдох дүрэмтэй юм билээ. Одоо 32 баг маань дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдсан байгаа, хоорондоо нэг, нэг удаа халз тоглосны дараа шилдэг хоёр баг нь хэсгээсээ шалгарна. Ингэж шалгарсан 16 баг нь дахин дөрөв дөрвөөрөө дөрвөн хэсэгт хуваагдаад бас халз тоглоно. Мөн л хэсгээсээ шилдэг хоёр нь шалгарч оноолтоор хасагдах шатлалтай тоглосоор аваргаа шалгаруулна гэж байгаа. Энэ ДАШТ-ээс дараа жилийн олимпийн тэмцээнд оролцох эрхийг олгох тул тун хариуцлагатай наадах ёстой болчихоод буйг баг болгоны удирдлагууд онцолно билээ.

Америкчууд шилдэгүүдээ авчраагүй юм бол өөр хэнийг харах вэ гэж бодож байна уу. Харж баясаж, дэмжиж ухайлах сагсан бөмбөгчид зөндөө бий. Өнгөрөгч НБА-гийн улирлын MYP Яннис Адетокунбо хэмээх эртний баатруудын амьд хувилбар лугаа биетэй грек залуу багаа яаж асаах нь вэ гэдгийг харж болж байна, хэдийгээр хэсэгтээ бразилчуудад хожигдсон ч гэлээ. Сербүүдийг дэмжээрэй. Тун хүчтэй багтай ирсэн шүү. Хойд Америкийн лигт дээгүүр тоглодог Йокич хэмээх ухаалаг залууд хань болох бөөн одууд байгаа. Испаничууд угийн шилдэгт багтдаг бас Рубио, Газоль, Фернандес гээд бүх шилдэгүүдээ авчирч чадсан. Цаана нь Бразил, Аргентин, Итали гээд сонирхолтой багууд зөндөө байна. За тэгээд ДАШТ дөнгөж л эхэлж байна даа, удахгүй плей оффын багууд шалгараад эхлэхээр зөндөө сонирхолтой үйл явдал өрнөх нь дамжиггүй.

Д.БАТ-ЭРДЭНЭ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарханы замын хөдөлгөөнийг төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлийн ажлыг зургадугаар сарын 17-ноос эхлүүлсэн билээ. Улмаар долдугаар сарын 15-наас эхэлж зарим замыг хэсэгчлэн хааж, зам шинэчлэлийн ажлыг явуулж байна. Үүнтэй холбоотойгоор шороон замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч нарт багагүй хүндрэл тулгарах болов. Хэсэгчлэн хаасан хэсгүүдэд Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсээс есөн албан хаагчийг гурван автомашинтайгаар 24 цагаар хөдөлгөөнт эргүүлд гаргаж байгаа аж.

Мөн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг хяналт шалгалт хийж байна. Анх түр ашиглаж байгаа шороон замын арчилгаа сар гаруй хоцорсон. Энэ үед бороо их орж, зам ихээр эвдэрсэн тул авто тээврийн осол багагүй гарч байсан аж. Харин хөдөлгөөнт эргүүл ажиллах болсноор жолооч нарыг хянах хяналт сайжирч дэг журманд орж эхэлсэн хэмээж байна. Гэхдээ замын эвдрэлээс шалтгаалж жолооч нар автомашинаа эвдэх, ялангуяа өмнөх автомашинаас хангалттай зай барьж яваагүйгээс салхины шилээ чулуугаар цуулах явдал түгээмэл гарч байгаа аж. Үүнд жолооч нар ихээхэн бухимдаж байгааг хэлсэн. Түүнчлэн, Дарханы замд тоос их босч байгааг анхааруулав. Хөрс нь суларсан тул бороо орсон ч ганц хоногийн дараа л цагаан тоос дэгдэж эхэлдэг. Сүүлийн сар гаруйн хугацаанд бороо хур бага байсан тул тоос дэгдэлт улам бүр нэмэгдэх болжээ. Хамгийн гол нь ОХУ-аас ачаа тээврийн том оврын авто машинууд олноор зорчдог. Тоосжилттой, үзэгдэх орчин хязгаарлагдмал замд жолооч нар ачааны урт автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад өмнөөс гарч ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх эрсдэлтэйг анхаарууллаа. Мөн жолооч нар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож болохгүй. Тэр дундаа үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалтай зам дээр тоормосын гэрэл бүрэн бүтэн, шатаагүй байх нь чухал аж.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил удаашралтай явагдаж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 1-ний байдлаар ажлын гүйцэтгэл 4-6 хувьтай байгааг мэдээлсэн. Энэ нь зуны бороо уснаас ихээхэн шалтгаалсан гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна. Харин одоо ажлыг нэлээн эрчимжүүлсэн аж. Хугацаандаа ашиглалтад оруулна гэдгийг хэлэв. Өнөөгийн байдлаар ажлын явц 28 орчим хувьтай байгаа аж. Замыг нийт таван хэсэгт хааж засвар, шинэчлэлийн ажил явагдаж байгаагаас 2, 4 дүгээр хэсгийн ажил хоцрогдолтой байгааг хэлэв. Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Хоцрогдлыг арилгуулах шаардлагууд өгсөн. Энэтхэгийн зөвлөх компани өдөр тутмын хяналтаа тавиад явж байна. Төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнийг нээх болно” гэв.

Нэн тэргүүнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, үзэгдэх орчин муу, осол аваар их гардаг есөн цэгийг засварт оруулж байгаа аж. Их засварын дараа Дархан-Улаанбаатарын зам 8 метрийн өргөнтэй, 5 см-ийн хучилттай, цементээр бүрхсэн хоёр үе суурьтай болох аж. Олон улсын санхүүжилтээр хийгдэж байгаа учир энэхүү зам засварын ажилд Энэтхэгийн ICT компани өдөр бүр хяналт тавьж байна. Дарханы зам засвар, шинэчлэлийн ажлыг таван компани гүйцэтгэж байгаа юм.

Г.БАТЗОРИГ


Categories
мэдээ цаг-үе

Т.Батсүх: Үе үеийн захирлууд Хүрээлэнгийн мэдлийн газарт амины орон сууц барьчихсан байна


Хүрээлэнгийн мэдлийн газар баригдсан орон сууцнууд

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх албан хэрэгцээний унааг хувийн хэрэгцээнд ашиглаж буй бичлэг цахим орчинд түгсэн. Үүнээс шалтгаалж түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар түүнээс тодруулаа.


-Таныг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарсан байна. Хэний ямар тушаалаар таныг чөлөөлөв?

-Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал наймдугаар арын 8-нд миний гурван сарын цалинг 20 хувиар бууруулах шийдвэр гаргасан байдаг. Удалгүй тухайн тушаалыг хүчингүй болгож 19-нд албан тушаалаас нь халах тушаал гаргасан байна лээ. Өнөөдөр миний оронд минжигдоржийн найданхүү гэж Ё.баатарбилэг сайдын зөвлөх томилогдож байгаа юм байна. миний хувьд мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрыг сүүлийн долоо найман жил хамгаалж ирсэн байдаг. г.чадраабал, н.эрдэнэцогт, Ё.загдсүрэн, Б.Минжиддорж нарын манай үе үеийн захирлууд улсын байгууллагын мэдлийн тусгай хамгаалалттай газрыг хувааж аваад амины орон сууц барьчихсан. Би тухайн улсуудын төлөөллийг дуудаж уулзаад энэ асуудлаа зогсоохыг шаардсан л даа. Өнөө хэд маань “Чи ч гэсэн энэ газарт байшин барьчих, асуудлыг ингээд л шийдчихье” гэж хэлсэн байдаг. Шинээр томилогдоод байгаа найданхүүгийн аав б.минжиддорж мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрыг “Аж ахуй эрдэм шинжилгээний сургалтын зориулалтаар ашиглана” гээд хувьдаа гэрчилгээ авчихсан байгаа.

-Таныг ажлаас чөлөөлөх үндэслэл юу байв. олон нийт бол албаны унаагаар Өвөрхангай аймагт зугаалж яваад халагдчихлаа гэж харж байгаа байх?

-Өнгөрсөн сарын 19-нд л дөө. би Өвөрхангай, Өмнөговь аймгуудаар явах албаны ажилтай байсан юм. тухайн үед миний жолооч олон жил ажилласан учраас хөл гар нь өвдөөд машин барих боломжгүй болсон. иймээс хүү маань бариад түрүүлж очсон. ингээд найман нуур луу хэдэн хүн хүргэж өгсөн юм билээ. Яг энэ үед нь араас нь дагаад бичлэг хийгээд нийтийн сүлжээнд цацчихсан. үүнийг Зариг.мн гэж сайтынхан өлгөж аваад “батсүхийг чөлөөл” гээд сайд руу гүйсээр байгаад л санасандаа хүрч байгаа нь энэ юм болов уу даа.

-Та албаны унаа ашиглаад гэр бүлээрээ зугаалж явсан юм биш үү. албан ажилаар, томилолтоор явсан гэдгээ яаж нотлох юм?

-Томилолтын нотлох баримт нь захирал дээр байгаа. шаардлагатай гэвэл харж болно.

-Чөлөөлөгдөх болсон үндэслэлээ та харсан уу. Үндэслэл нь юу байна?

-Тодорхойгүй юм билээ. Хууль зөрчсөн шийдвэр гэж ойлгож байгаа. эрдэм шинжилгээний хүрээлэнг төрийн албан тушаалтан ирж удирдаж байгаа нь цаагуураа ашиг сонирхлын зөрчилтэй байна л гэж харж байна.

Архангай засаг дарга Ц.Мөнхнасан та хоёрын дунд үл ойлголцох байдал үүсч зодоон болсон гэсэн. Энэ талаар та цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна лээ. Энэ асуудлын талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 26-ны шөнө л дөө. Архангай аймгийн засаг дарга Ц.мөнхнасан над руу залгаад байсан юм. Ингээд манайд бага зэрэг халамцуу орж ирсэн. Хүндэтгээд сууж басан чинь өнөөх маань “чи ер нь ажилаа зүгээр өгчих” л гэж байна. “Би ч ашиг сонирхлын зөрчилтэй хүнд өгөхгүй” гэж шууд хэлсэн. Үүний төлөө л миний биед халдсан. Намайг зодуулаад ухаан адчихсан байхад цагдаа нар ирсэн байна лээ. Би Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гарагсан байгаа. Ер нь шинээр томилогдсон захирал М.Найданхүү, түүний аав Б.Минжигдорж нар бүгд Архангайн хүмүүс л дээ. Эд нар хамтарч том төсөл дээр ажиллаж байгаа. Ингээд намайг албан тушаалаас халахгүй бол болохоо байсан юм шиг байгаа юм. Сонгон шалгаруулалт зарлаад хүн гарч ирсэн бол би амжилт хүсээд л албан тушаалаа өгнө. Сайдын зөвлөх ирээд л эрдэм шинжилгээний хүрээлэнгийн жолоо атгадаг асуудал байж болохгүй.

-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн даргын төлөөх албан тушаалын төлөөх өрсөлдөөний цаад ашиг сонирхлыг та яаж харж байна вэ?

-Би яриандаа дурдсан. Энэ хүрээлэнгийн газартай л холбоотой гэж харж байна. шинээр томилогдоод байгаа найданхүүгийн аав Минжигдорж гуай 1988-1996 хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан хүн. одоо зөвлөхөөр ажилладаг. гэр бүлийн аав хүү хоёр улсын байгууллагын жолоог атгаад явж болох уу. газрын асуудлыг эсэргүүцэхэд намайг түлхэж байна л даа. минжигдорж гуай ч эндээс хувьдаа газар авч гэрчилгээ гаргаж авсан.

-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хэдэн га газартай байв. Одоо хэдэн га газартай үдсэн бэ?

-Анх 16 орчим га талбайтай байсан. Одоо бол 5-6 га талбайтай л байна. 10 гаруй га талбайд нь үе үеийн дарга нар нь том том амины орон сууц барьчихсан. Харин суудлаачид ажилтнууд нь жижигхэн тоосгон байшинд тух муутай амьдарч байна. Мэргэжлийн хяналтын газраас хүн амьдрах боломжгүй гэж акталсан барилга шүү дээ.

М.НАЙДАНХҮҮ: МИНИЙ ААВД БОЛ ТУХАЙН ҮЕИЙН ЗАХИРАЛ НЬ ГАЗРЫГБЭЛЭГЛЭСЭН ЮМ БИЛЭЭ

Бид Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинэ захирал М.Найданхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Хуучин захирал т.Батсүх ямар үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бэ. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна?

-Албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан гэх үндэслэлээр хааис-ийн ректорын шийдвэр гараад л халагдсан. ингээд л би ажлаа хүлээж аваад сууж байна.

-Та ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ атГ-т шалгуулсан уу?

-Би Норвеги улсад байж байгаад өнгөрсөн зургадугаар сард ирсэн. Ингээд Боловсролын сайд Ё.Баатарбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан. ингэхдээ атг-т мэдүүлгээ өгсөн.

-Танд Мал аж ахуйн эрдэм шинжилгэний хүрээлэнгийн даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилүй гэсэн бичиг байна уу?

-Яамны сайдын зөвлөхөөр ажиллахад зөрчилгүй гэсэн бичиг байгаа. хүрээлэнгийн захирлаар ажиллахад зөрчилгүй гэх бичиг удахгүй ирэх байх.

-Ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг ирсний дараа албан тушаалаа хүлээж авах нь хууль ёсных юм биш үү?

-Би бол ажил сайжруулах зорилготой л энд ирж байгаа. Ажил зогсчихоод байна шүү дээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлаас авахуулаад хийх ажил их байна. Сонгон шалгаруулалт зарлах бол би оролцоход бэлэн байгаа.

-Таны аав Б.Минжигдорж гуай хүрээлэнгийн тусгай хамгаалалттай газрыг өөрийн нэр дээр таван жилийн хугацаатайгаар шилжүүлсэн байна. Хүрээлэнгийн мэдлийн газрыг нэг хүн хувиараа эзэмшиж болдог юм уу?

-2009 оны асуудал л даа. Аавын нэр дээр одоо болтол ашиглагдахгүй байж л байна. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж нэрлэхэд хаашаа ч юм дээ. газар авсан хүмүүс олон байгаа шүү дээ. ганц миний аав авчихсан юм биш. Ёс журмаар нь л авсан. зүй ёсны асуудал. энд газар авсан хүмүүс газраа буцагаад өгвөл аав ч буцаагаад л өгнө. Миний аав гавьяат мал зүйч цолыг 2009 онд хүртэж байсан. Үүний дараа бэлэглэсэн юм билээ.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн гийн16 га газартай байжээ. Ё.загдсүрэн, г.чадраабал, н.эрдэнэцогт, минжигдорж нарын үе үеийн захирлууд нь хувьдаа авч, амины орон сууцаа барьжээ. Хүрээлэнгийн мэдэлд 5-6 газар л үлдээд байгаа аж. Хүрээлэнгийн хашаанд дээрх албан тушаалтнуудын хоёр ч томоохон амины орон сууц сүндэрлэсэн харагдсан. Ноцтой нь барилгын урд талд арван хэдэн давхар шаргал байшин сүндэрлэжээ. Улсын хамгаалалттай газарт боссон энэ барилга “Sunday” групптэй холбоотой талаар Т.Батсүх захирал хэлж байсан юм. хүрээлэнгийн мэдлийн газарт амины орон сууц барьсан асуудлыг холбогдох байгууллагууд шалгах цаг ирсэн байна шүү.