Categories
мэдээ нийгэм

Зайсангийн зарим хотхонд үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсгийг байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу өчигдөр орой Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Тухайн хотхонуудад амьдардаг, иргэд оршин суугчдын Хотын даргад мэдээлснээр Хөрсний нуралт үүссэн, газар олгох ёсгүй газар олгогдсон, бохир усаа усан сан үүсгэж шууд ил задгай асгадаг, үргэлжлэн орсон борооны улмаас авто зам эвдэрч сүйдэн захаасаа эмтэрсэн, хүүхдүүд тоглох, ахмадууд салхилах ногоон байгууламж байхгүй, анхнаас ногоон байгууламж барина гэж төлөвлөгдсөн газарт байшин барихаар ухаж сэндийлсэн, асуудлаа шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтнуудад ханддаг ч гомдол саналыг “хав дарчихдаг”, холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй гэдгийг мэдээллээ.

Үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд Зайсангийн Peace Village, General town хотхонуудын орчмын гадна талбайн газрыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар ашиглах эрхийг цуцалсан боловч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөх цуцалсан эрхийг хүчингүйд тооцон газар ашиглах гэрчилгээг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаарал бүхий этгээд болох иргэн О.Одсүрэнд “Буудаллах, отоглох” зориулалтаар 2.041 га талбайг таван жилийн хугацаатайгаар дахин олгосон байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн гомдолтой холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үзлэг, шалгалт явуулж, барилга барихаар ухсан хоёр нүхэнд бохир дүүрч, үмхий үнэр ханхалсан байсныг бөглөх шаардлагыг газар эзэмших компанийн удирдлагуудад хүргүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгжүүд одоог хүртэл дээрх шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж.

Хотхоны оршин суугчид “Хотхонуудын ойролцоох зам талбай болон явган хүний замаар явах ямар ч боломжгүй болсон. Хүүхэд багачууд тоглох талбай, амьдрах орчны эрсдэлд ороод байна. Ухсан хоёр нүхэнд бохир дүүрч айлууд цонх, салхивчаа ч нээх боломжгүй нөхцөлд амьдарч байна. Тиймээс Хотын дарга та эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч” хэмээн учирлав.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энд амаргүй, хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Аль аль талдаа асуудлыг эзэнгүйдүүлдэг, төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаагаас байдал хүндэрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, асуудлыг судлуулж, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллана. Иргэд оршин суугчид та бүхэн ч гэсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдөө идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй. Цаашид энд дахин ямар ч барилга байшин, орон сууц нэмж барихгүй, Хот төлөвлөлтийн газраас зөвшөөрөл олгохгүй гэдгийг албаны хүмүүст сануулж, иргэдийн хүсэлт болох нийтийн тээврийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол байгуулах асуудлыг холбогдох газарт уламжлан судлуулах, боломжит гарц гаргалгааг бий болгож ажиллана” гэдгийг иэлэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

​“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам болж байна

Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам өнөөдөр болж байна. Уламжлал ёсоор тав дахь жилдээ болж буй тус наадам өмнө нь Хүй долоон худагт болж байсан бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү Монголын шашин соёлын наадмыг дотоод, гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхдог гэдгээрээ онцлогтой. Энэ жил жуулчдыг татахын тулд Жахар цам харайх, Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар нээсэн бөгөөд наадмын үеэр 256 бөхийн барилдаан болж түрүүлсэн бөхөд даншигийн цол олгох юм.

Categories
мэдээ нийгэм

“Өчигдөр ба өнөөдрийн монгол” ховор нандин гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

Жил бүрийн есдүгээр сарын 15-нд тохиодог “Олон улсын ардчиллын өдөр”-ийн хүрээнд “Өчигдөр ба өнөөдрийн монгол” ховор нандин гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэхээр болжээ.

Тус үзэсгэлэнг өнөөдөр 17 цагт BLUEMON TOWER үзэсгэлэнгийн танхимд дэлгэх бөгөөд энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм. Харин Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 13-ны өдөр 14.00 цагаас бүх нийтэд нээлттэйгээр дэлгэх юм байна.

Энэ жилийн “Олон улсын ардчиллын өдөр”-ийг Ардчилсан нам “Ардчиллаа хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэсэн 24 иргэнийг үйлдэл дээр нь баривчиллаа

Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийлээ.

Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 21-41 насны 24 хүн хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ. Мөн таван хүн биедээ хар тамхи авч явсан нь тус шалгалтаар тогтоогдлоо.

Categories
мэдээ нийгэм

Тарваганы нойтон мах нэвтрүүлэх үйлдлийг таслан зогсоолоо

НЗД-ын 2019 оны А/772 дугаар захирамж, НМХГ-ын даргын А/46 дугаар тушаалын хүрээнд Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хийгдэж буй хяналт шалгалтаар Хэнтий-УБ чиглэлд явж байсан пронтер маркийн ….УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тарваганы 4 тулам тээвэрлэснийг илрүүллээ.

Тарваганы түүхий тулмыг шинжлүүлэхээр Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэн, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд-2019″ хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа нээгджээ

“Намрын ногоон өдрүүд-2019″ хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ Барилгачдын төв талбайд нээлтээ хийжээ. Химийн бордоогүй, эрүүл хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ дэмжих, иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, хямд хүнсээр хангах зорилтын хүрээнд жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэн худалдааг “Скай” их дэлгүүрийн гадна талбайд нээгджээ. Үзэсгэлэн худалдаанд Дархан, Сэлэнгэ, Хөвсгөлийн тариаланчид оролцож байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеевийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев, тус академийн дэд ерөнхийлөгч, академич А.В.Адрианов нарын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын ШУА-ын төлөөлөгчид, тэр дундаа Академийн Ерөнхийлөгч нь 98 жилийн дараа анх удаа Монгол Улсад ирж, ШУА хооронд хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан явдал нь хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихийн баталгаа хэмээн үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юун түрүүнд онцлон тэмдэглэлээ.

Улмаар хоёр орны ШУА хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэлэлцээр, хамтарсан судалгааны ажлын чиглэлийг тогтоож, цаашдаа байнгын хамтын ажиллагаатай байх механизм бүрдүүлэх нь нэн түрүүнд анхаарах асуудал гээд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Манай хоёр улсын шинжлэх ухааны салбарын гүн бат хамтын ажиллагааны нэг хэсэг нь сансар судлал бөгөөд дэлхий даяар эрчимжсэн сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах, Монголын говь дахь өвөрмөц тогтоц, шинжүүдийг ашиглах боломж, бололцоо байгаа талаар талууд дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн түүх, соёл, археологийн салбарт бэлтгэгдсэн эрдэмтэд манай хоёр улсад нийтлэг тул хамтын ажиллагааг эрчимтэй сэргээх нь зүйтэй гэв.

Үүнээс гадна шинжлэх ухааны салбарын төсөв, патент, бүс нутгийн салбарын хөгжил зэрэг өргөн асуудлаар санал солилцож, үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн шинжлэх ухааны салбарт эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, санал санаачилга хэрэгтэй тул хамтын ажиллагааг чухалчлахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүссэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд ярилцсан сэдэв бүрийг хариуцах эзэн, хамтын ажиллагааны механизмтай болгож, эргэн уулзалдахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр судалгааны их сургуулийг хамтарч байгуулах талаар саналаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны төв байгууллага болох ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилж буйд талархал илэрхийлж, энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлал, Халх голын байлдааны түүхт 80 жилийн ой, Монгол – Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулагдсан зэрэг түүхт үйл явдлуудтай давхцаж буйг тэмдэглэв.

Академич А.М.Сергеевийн зүгээс тус гэрээний ач холбогдлыг тэмдэглэн уг стратегийн хамтын ажиллагаа нь хэрхэн хоёр орны хууль тогтоомжид тусгагдах, мөн Монголд хийгдэж буй шинэчлэлийн үйл явцад шинжлэх ухаан, технологийн салбар хэрхэн хамрагдаж буй байдлыг чухалчлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг, дээд боловсролын салбарын шинэчлэл хийгдэхээр төлөвлөгдөж буй талаар товч танилцуулаад, цаашид Монгол – Оросын хамтарсан судалгааны их сургууль байгуулж, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа талаараа уулзалтын үеэр хэллээ.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев “Улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт ногдуулж буй санхүүжилт чамлалттай байдаг. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай” гээд орчин үеийн хөдөө аж ахуй, газрын ховор металууд, орчин үеийн сэргээгдэх эрчим хүч, сансар судлал болон археологи, генетик, угсаатны зүйг үндэс болгон нийтлэг түүхээ судлах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлээд УИХ-ын даргын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.

Хоёр тал шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, үр дүнтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа санал нэгтэй илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг “Алтан од” одонгоор шагналаа

Монгол Улс “Бээжин-2008” олимпийн наадмаас алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг шагналаа.

Эл шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулж, баяр хүргэв.

МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав ХХК “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжин олимпизмийг түгээн дэлгэрүүлж, анхны олимпийн аваргууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй аж.

Тодруулбал, бөгөөд цаашид олимпид оролцох баг тамирчдыг дэмжих, спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Заасан хугацаанд нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авна

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг зогсоож, эдгээр компаниудын олборлолтын талбайн хөрс, далан, усан сангийн уснаас нийт 29 дээж авч шинжлүүлсэн.

Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр усны дээжинд агуулагдах химийн бодисийн агууламж, хүнд металл, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр зэрэг нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, хөрсний дээж стандартын шаардлагыг хангаж байв.

Иймд усан сангийн усыг задлан урсгаж нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 усан сангийн даланг сэтлэн урсгаж, техникийн нөхөн сэргээлтийг 34.5 га, нөхөн дүүргэлтийг 6 га, биологийн нөхөн сэргээлт 11.5 га талбайд хийлгээд байна.

Монгол газар ХХК, Эм Жи Эйч ХХК, Сэншивэе Монгол ХХК-аас бусад аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд МХЕГ-аас энэ сарын 25-ны дотор эдгээр 11 компани нөхөн сэргээлтийг холбогдох стандартын түвшинд хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгч, тайлан мэдээг ирүүлэхийг үүрэг болгосон.

Энэ хугацаанд тайлан мэдээ ирүүлээгүй, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.