Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаана

УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслөөс гадна зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл болон Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэхь хэлэлцүүлгийг хийнэ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нийт 14 асуудал хэлэлцэнэ.

Мягмар гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төсөл, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ийнхүү УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, ээлжит бус чуулганыг хаана.

Categories
мэдээ нийгэм

Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 9-ний даваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: СХД 20-р хороо 35/10 кВ Гэрэл дэд станцаас 10кВ Монгол машин, Нефть, Баруун туруун, Тахилт, Эмээлт, Агуулах, Таван толгой, 3-н цохио, Төмөр зам, Хайрт хаан, тахир соёот, Төмөр зам, Нүүдэл, 121-р сургууль, Буян, Даваа, Улаан богт, Орхон, Ар гүнт, Төмөр зам, Гарам, Гранд Повер ХХК, Шинэ Товчоо, УБ Буян, Агротрак, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Мобиком, Иргэн Насанжаргал, Алтандорнод ХХК, СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

10:00-18:00 цагт: БХД 4, 5, 6-р байр, ШТС, Нийгмийн даатгал.

Categories
мэдээ спорт

Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Екатеринбург хотноо эхэлнэ

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Екатеринбург хотноо эхэлнэ. Есдүгээр сарын 21 хүртэл үргэлжлэх ДАШТ-д 78 орны 365 тамирчин найман жинд оролцож байна. Олимпийн шинэчилсэн жингээр явагдаж байгаа тус ДАШТ-ий сугалаа, тэмцээний нээлтийн ёслол өчигдөр явагдлаа.

Манай улсаас ДАШТ-д долоон боксчин оролцож буй бөгөөд тэднээс хамгийн түрүүнд 75 кг-ийн Д.Давааням өнөөдөр рингэнд гарч Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдахаар болжээ.

Маргааш буюу есдүгээр сарын 10-нд 81 кг-ийн Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовтой, 91 кг-ийн С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалектай тус тус эхний даваанд өрсөлдөх юм. Хөнгөн жингийн дөрвөн боксчин маань дөрвүүлээ эхний даваанд гоц мөргөөд байна. Улмаар: 52 кг-д ОУХМ Х.Энхмандах есдүгээр сарын 14-нд Казахстаны С.Бибоссиновтой, 57 кг-д жингийнхээ гуравдугаарт эрэмбэтэй ОУХМ Э.Цэндбаатар есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн хэн хожсонтой нь, 63 кг-д жингийнхээ дөрөвдэх чансаатай ОУХМ Б.Чинзориг есдүгээр сарын 14-нд Палестин-Хятадын хэн ялсантай нь, 69 кг-д спортын мастер Г.Баярхүү есдүгээр сарын 16-нд Украин-Тайванийн хэн ялсантай нь тус тус анхны тулаанаа хийнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр дахин томилогдлоо

2019 оны 9-р сарын 5-ны өдөр Монголын банкны холбооны Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ олонхын саналаар сонгогдлоо.

Холбооны дүрэмд зааснаар Ерөнхийлөгч нь Үндсэн гишүүд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн төлөөлөл байх ба Чуулганаар 2 жилийн хугацаатай сонгогддог.

ХХБанкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ нь Монголын Банкны Холбооны ерөнхийлөгч байх хугацаандаа зээлийн хүүг бууруулах арга хэмжээг цааш үргэлжлүүлэн, цогц арга хэмжээ авч үр дүнтэй ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах хүрээнд банкнуудад давхардан гарч буй зардлуудыг нэгтгэх, финтек компаниудаар гүйцэтгүүлэх талаар манлайлан ажиллахаа мэдэгдлээ.

Мөн тэрээр өмнө нь Монголын банкны Холбооны Ерөнхийлөгчөөр нэг удаа, Дэд ерөнхийлөгчөөр 2 удаа тус тус сонгогдон ажиллаж байсан төдийгүй банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн туршлагатай банкир юм. Тухайлбал:

• Хоёр шатлалт банкны тогтолцоог анхлан санаачлагчдын нэг;

• Орон сууцны 8%–н зээлийг анхлан санаачилсан;

• Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл”–ийн хөтөлбөрийг Монголын арилжааны банкнуудад хэрэгжүүлэх ажлыг санаачлагч;

• Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай болон зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслүүдийг санаачилж байсан.

Categories
мэдээ цаг-үе

Хууль зүйн яамны өргөтгөлийг барьсан 30 тэрбумаар 10 гаруй цэцэрлэг босгож болох байв

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай төрийн байгууллагууд барилгаа шинэчилж, шил толь болсон оффисуудад нүүж орсон нь түгээмэл байсан бол нөгөө талд сурагчид нэг ангид 50-н хэдүүлээ чихцэлдэж, сугалаагаар аз дутсан багачууд гэртээ цоожлуулж хоног өдрийг барсаар байна. Шүүх, цагдаа, прокурор, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагаас эхлээд яамд, хотын захиргаа, дүүргүүд гэх мэтээр ихэнх төрийн байгууллага өндөр сүрлэг байшингуудад нүүж оров. Ядаж л өргөтгөл хэмээн үндсэн байрнаасаа том байгууламжийг бүтээн босгож, тухалсан байдаг. Хамгийн хачирхалтай нь албан хаагчдын дээрх тухлаг орд харшууд маш богино хугацаанд сүндэрлэчихдэг нь сонин.

Төр иргэн бүртээ хүрч үйлчлэхийн тулд тохилог, том сууц сав хамгийн их “хэрэгтэй” байсан бололтой. Төрийн ордны зүүн хойд уулзвараас Улаанбаатар банкны хойд уулзвар хүртэл ганц км орчим газар алхахад замын урд талд Төрийн тусгай албан хаагчдын долоон давхар нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газрын зургаан давхар байр, Прокурорын ерөнхий газрын дөрвөн давхар, саарал хавтангаар бүрсэн шилэн барилга нүдэнд тусна. Хэрэв замын эсрэг тал руу харвал Сангийн яамны шинэ сүрлэг байр, Татварын ерөнхий газрын есөн давхар байшин зэргээр харж болно. Бараг л нэг цэгээс энэ бүхнийг тольдох боломжтой. Үүнээс гадна нийслэлийн болон дүүргүүдийн шинэ барилгуудыг дурдаж болно. Эдгээр барилга байгууламжуудын төсөв хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэхээр байна. Одоогоос 20 орчим жилийн өмнө буюу ханш өнөөгийнхөөс хэд дахин сул байх үед тухайн үеийн барилгууд гурваас дээш тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босч байжээ. Тухайлбал, Татварын ерөнхий газрын байр тухайн үедээ 3 тэрбум 750 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй боссон байна.

Сүүлийн үед цагдаа, хууль хяналтын байгууллагын барилгуудын бүтээн байгуулалтууд тун сайн явагдаж байна. Хэдхэн жилийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл Тасганы овооны зүүн хойд энгэрт шинэ байртай болов. Өнгөрсөн жил Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба шинэ байрны нээлтээ сүр дуулиантай хийлээ. Нийт есөн давхар, 6800 гаруй метр квадрат талбайтай уг барилгын тоног төхөөрөмж, тавилгад нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан гээд бодохоор чамгүй өртөгтэй нь харагдана. Одоо хамгийн их хэл аманд өртөж байгаа нь Хууль зүйн яамны өргөтгөл барилга юм. Арав гаруй давхар уг барилгыг 30 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр босгож буй гэх.

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн зургаан давхар барилга нийслэлийн А зэрэглэлийн бүсэд чихцэлдэн сүндэрлэж байна. Түүний хажууханд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар 16 давхар бүхий оффисын барилгыг “Асар өргөө” компани гүйцэтгэж буй. Анх байгуулсан концессын гэрээнд нийт 12150 метр квадрат талбай бүхий барилгын 4114 метр квадрат талбайг үнэ төлбөргүйгээр нийслэлийн өмчид шилжүүлэн, үлдсэн талбайг өмчлөн ашиглахаар тусгасан байдаг. Уг нь Сүхбаатар дүүрэг 2014 онд шинэ байранд орсон түүхтэй. Одоогийн барилга ашиглалтад орсноор хэнийгээ шингээх юм бүү мэд.

Ер нь автомашины түгжрэл нэмэгдэж иргэдийг бухимдуулж байгаа нь хэт төвлөрлөөс үүдэлтэй. Гэтэл төрийн байгууллагууд нь хотын А зэрэглэл дэх алга дарам газраа улам бүрт шавж, хэдэн арван давхараар нь оффис босгоод дүүргэв. Ингэхдээ олон нийтэд үйлчлэх ёстой гэдгийг мартдаг бололтой. Учир нь төрийн байгууллагуудын гадна автомашин байршуулах зогсоол бараг алга. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны гадна иргэдэд зориулсан авто зогсоол бараг алга. Зарим нь төлбөртэй. Сайд дарга нарын автомашины зогсоолыг гинж татаж “хамгаалжээ”.

Төрийн байгууллагууд цоо шинэ орд харшид орж төвхнөж байхад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй хэвээр байна. Цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас хамаарч 2015 оноос сугалаагаар хамруулах болсон. Өнөөгийн байдлаар гурван цэцэрлэг тутмын нэгийн бүлгийн өрөөний зай талбай нь хүүхэд чөлөөтэй тоглоход хангалтгүй, нэг бүлэг дунджаар 42, хот суурин газар 50 хүүхэдтэй хичээллэж байгааг хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг үнэлсэн тайлан мэдээнд дурджээ. Хамрагдсан нь нэг өрөөнд чихцэлдэн “хүмүүжиж” байхад аз дайраагүй нь гэрийн мухар сахиж байна. Тодруулбал, улсын хэмжээнд 3-5 насны хүүхдийн 68 хувь, орон нутагт 57 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Ялангуяа, алслагдсан орон нутаг, дүүргийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт тун бага хувьтай байгаа юм. Энэ бүхнээс хамаарч Ерөнхий боловсролын сургуульд элсэж буй хүүхдүүдийн 35 орчим хувь нь цэцэрлэгт явж байгаагүй хүүхдүүд байгаа юм.

Нийслэлд төрийн өмчийн сургуульгүй 40 гаруй хороо, төрийн өмчийн цэцэрлэггүй 40 орчим хороо байна. Энэ хүртээмжгүй байдлаас хамаарч Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу нэг анги дунджаар 40, бага анги 50 сурагчтай, гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Ийн гурван ээлжээр хичээллэснээр сүүлийн ээлж 20:00 цагт тарах асуудал ч гарч байгаа юм. Ер нь гурван ээлжээр хичээллэж байгаа ангийн 85 хувь нь бага анги байна. Энэ бүхнээс бидний ирээдүй болсон бага балчир хүүхдүүд түрэн орж ирж, эрдмийн аянд мордож байхад улс орон нь хичээллэх анги танхим, сургуулийг нь бэлтгэж амжихгүй байгааг харж болно.

Төрийн байгууллагууд үнэхээр шинэ оффис, тохитой байргүй бол ажиллаж чадахгүй болчихсон уу. Хэрэв энэ олон төрийн оффисуудад зарцуулсан хөрөнгө оруулалтыг сургууль, цэцэрлэг рүү шилжүүлсэн бол хэчнээн олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэх байсан бэ. Нэг цэцэрлэгийн төсөв дунджаар 1.5-2 тэрбум төгрөг гэж яригддаг юм билээ. Харин нэг сургууль 5-6 тэрбум төгрөгт босдог гэдэг. Хэрэв Хууль зүйн яамны өргөтгөлийн оронд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол 5-6 сургууль, эсвэл 10 гаруй цэцэрлэг босгох байжээ. Мөн 97 тэрбум төгрөгөөр босч буй хотын захиргааны шинэ барилгын төсвийг бяцхан багачуудад зориулсан бол 40 гаруй цэцэрлэг, 15-16 сургуулийн үүд хаалга нээгдэх боломжтой байв. Энэ мэтээр цааш хөвөрвөл бид хүүхэд багачуудаа аль хэдийнэ сургууль, цэцэрлэгээр бүрэн хамруулчих дүр зураг бууж байна.

Г.БАТЗОРИГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

И.Баттөгс: Иргэд автобусанд сууж, буухдаа халаасны хулгайд өртөж байна

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгстэй ярилцлаа.


-Нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүдийг ангилж үзвэл ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Ер нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийн дийлэнх хувийг зөрчлийн шинжтэй үйлдэл эзэлдэг. Тухайлбал, хоногт 1000-1800 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ гэж үзэхэд 80 орчим хувь нь зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл байдаг. Эдгээр нь ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна. Хүний эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргасан дуудлага мэдээлэл зонхилдог. Энэ бүхнийг цагдаагийн байгууллага шуурхай шалгаж гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэлд тохирсон хариуцлага тооцдог. Ингэснээр нэг иргэн гэмт хэргийг давтамжтайгаар үйлдэх явдал багасдаг. Нэг согтуу нөхөр гэр бүлийнхнээ дарамталдаг, хүчирхийлэл үйлддэг, байдал багасна гэж ойлгож болно. Тэр хэмжээгээр цагдаагийн байгууллагад ирэх дуудлага мэдээллийн тоо буурч байгаа юм. Цагдаагийн байгууллагад ирж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 36000-аар буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл 36000 гаруй иргэний эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлсэн нь бидний ажлын үр дүн юм даа. Энэ эерэг нөхцөлийг улам бүр бүрдүүлэхийн төлөө дүүрэг, хороод, гудамж руу чиглэсэн бусад иргэд рүү хандсан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдыг идэвхжүүлж, орон тоог нь нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм. Үүний тулд бүтцийн өөрчлөлт хийсэн.

-Жил бүрийн өдийд хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ үед ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил зонхилдог вэ?

-Шинэ хичээлийн жил эхэлж, оюутнууд цуглахад архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлт нэмэгддэг. Хулгай, тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэг өснө. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд хүүхдүүдээ сургуульд оруулаад буцахдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байдаг. Тэдгээрийн анхаарал, болгоомжгүй байдал нь хулгайчдад боломж олгодог. Иймээс Нийслэлийн цагдаагийн газраас “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг Тээврийн цагдаагийн албатай хамтарч зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, мөн шөнийн эргүүл, шалгалтыг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тодорхой анхаарал татсан 770 гаруй цэг, орчин нөхцөлийг тодорхойлоод бүх нэгжийн албан хаагчдаа хуваарьт оруулаад эргүүл, хяналт шалгалт зохион байгуулж байгаа. Түүнчлэн халаасны хулгайн тухайд урьдчилан сэргийлэх ажил чухал байдаг. Хулгайн гэмт хэргээс өөрсдөө урьдчилан сэргийлэхийг л иргэдийн ухамсарт суулгаж өгөх хэрэгтэй байна. Үүний тулд шаардлагатай мэдээллийг нь тэдэнд өгөх нь чухал даа.Үүн дээр мэдээлэл өгөх хувилбар нь ямар байж болох талаас нь судалж үзсэн. Иргэд хаана, хаана хулгайн гэмт хэргийн хохирогч болж байна гэдгийг судалж үзэхэд гол төлөв автобусны буудал, автобусанд бууж суухдаа халааснаасаа эд зүйлсээ хулгайд алдсан байгаа юм. Үүнд үндэслээд автобусны картан дээр нь халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлэх зурган тэмдэгт, өртсөн тохиолдолд хаана хандах тухай мэдээллийг байршуулж өгөхөөр болсон. Автобусанд суухдаа картаа уншуулах үедээ л өнөөх зургаа хараад сэрэмжилнэ шүү дээ. 20 мянган ширхэг сэрэмжлүүлэгтэй картыг БНСУ-д хэвлүүлсэн. Хэрэглэгчдийн гарт удахгүй хүрнэ.

-Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр ажлуудыг шат дараатайгаар зохион байгууллаа. Тодорхой цэгүүдэд царай таних камер байршуулсан, мөн автобуснуудад камер байршуулж, нэгдсэн мэдээллийн сантай болгосон шүү дээ. Энэ ажлуудын үр дүн яаж гарч байна. Камер ашиглаж хулгайн хэдэн хэрэг, зөрчил илрүүлэв?

-Үр дүн гарч байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт 63 хувиар буурсан байгаа. Ер нь хулгай хийгээд явдаг нөхдүүд манайд бүртгэлтэй байдаг л даа. Автобусанд камер байршуулснаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хялбар болсон. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар тухайн цаг мөчид ямар ямар сэжигтэй нөхдүүд явж байсан гэдэг нь тодорхой болж байгаа юм. Хүн болгон ямар орчинд халаасны хулгайд өртөх билээ гэдгээ ухамсарлаж, эд зүйлсээ хямгадаад эхлэхэд л халаасны хулгайн гэмт хэрэг бүр багасна.

-Бэлэн мөнгөө хулгайд алдсан иргэд хэрхэн олж авах вэ. Хулгайчийг нь олж тогтоосон ч өнөөх нь төлбөрийн чадваргүй гээд сууж байдаг шүү дээ. Энэ тохиолдолд иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Хохирол нөхөн төлүүлэхэд бид онцгой анхаарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө битүүмжлэх ажиллагааг цаг алдалгүй авах гэх мэт.

-Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэр гарчээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, нэгж дээрх орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

-Бүтцийн өөрчлөлтийн ач холбогдлыг та яаж харж байна?

-Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий нэгж дээр ажиллаж байгаа алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлсэн. Хороодод цагдаагийн 16 хэсгийг шинээр нэмж байгуулснаар 154 хороо цагдаагийн 33 хэсэгтэй боллоо. Хэсгийн бүрэлдэхүүнд эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарыг тогтмол ажиллуулахаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж өгсөн. Тус байгуулагдсан хэсгүүд дээр эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарыг тогтмол ажиллуулах нь үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Дүүргүүдийн хэлтсүүдийн уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, алба хаагчдын ажил ачааллыг тэнцэвэржүүлэх, сэлгэн ажиллуулах нөхцөлийг шуурхай болгосон. Мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу иргэдийн хурал, Засаг даргатай нэг бодлогоор харилцдаг болж байна.

-Шинэ бүтэц зохион байгуулалтад оруулах ажлын хэсэг хэрхэн ажилласан бэ. Албан хаагчдын санал дээр тулгуурлаж энэ шийдвэрийг гаргасан уу?

-Энэ удаад бүтцийн хувилбарыг хийхдээ алба хаагчдаас хоёр удаа санал авсан. Эхний удаад ажлын хэсгийн гишүүд буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд нийслэлийн цагдаагийн газрын нэгж бүр дээр биечлэн очиж, алба хаагч нэг бүрийн санал хүсэлтийг сонсох ажиллагаа явуулсан. Тэднээс гарсан санал дээр тулгуурлан бүтцийн хувилбаруудыг гурван байдлаар гаргаж дахин тэднээр хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг анхаарч, мөн эрх зүйн үндэслэлийг баримтлан бүтцээ хийсэн. Ингээд Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд “Монгол Улсын засаг захиргааны нэгжийн удирдлагын тогтолцоо нийслэл дүүрэг, аймаг, хороо гэсэн бүтэцтэй байна гээд заачихсан байдаг. Үүнтэй уялдуулж энэ шийдвэр гаргасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 6.1-д цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллагад түүний харьяа албаны нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ гэсэн заалт бий. Үүнээс гадна Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн долдугаар зүйлд харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулна гэсэн заалт байдаг. Яг энэ хуулийн заалтуудад нийцүүлсэн. Дээр нь олон улсын зарим орнуудын бүтэц тогтолцоог давхар судлах ажлууд хийгдсэн.

-Өөрчлөлтийн үр дүнг та яаж харж байна?

-Ер нь үндсэн хэлтсийн бүтцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй харин нэмэгдсэн, цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлуудыг нэгж хороон дээр иргэдэд ойртуулж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл иргэн цагдаа хоёрыг ойртуулж байгаа юм. Иргэн цагдаа хоёрын хамтын ажиллагаа сайжирснаар хороо, дүүрэг, нийслэлийн иргэдийн амар тайван амьдрахад чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна. Цагдаагийн байгууллагын доод шатны нэгж дээр илүү бэхжих хэрэгтэй. Гүйцэтгэх үүрэг бүхий албан хаагчдыг өргөжүүлэх гэсэн үг . Өргөжих тусам л хороодын иргэд рүү ойртож, санал бодлыг нь сонсоно шүү дээ. Энэ ажлын эцсийн зорилго нь иргэн цагдаагийн хамтын ажиллагааг л бэхжүүлэх. Иргэд гэмт халдлагад өртөж хохироод цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрдөг ганц нэг жишээ бий. Энэ байдал арилна гэж харж байна. Цагдаагийн алба хаагчид хаана ямар гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүд байна гэдийг нарийвчлан олж тогтоогоод хяналтандаа авч, дүүрэг, нийслэлийн хэмжээнд бодлогын асуудлаа бүхэлд нь томоор харж ажиллах боломж, нөхцөл бүрдэж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Б.Жигмэддорж: Ажил, амьдралынхаа хэрэгцээнд унадаг энгийн автомашинаар дрифт хийж болдоггүй


Дүнжингарав-ын зүүн урд замд өнгөрсөн сарын 29-ний шөнө залуус уралдаж, дрифт хийж байгаад осолдов

Залуус шөнө оройн цагаар гудамж талбайд авто уралдаан зохион байгуулах, дрифт хийх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, цаашлаад осол гаргаж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарч байгаа билээ. Энэ талаар Монголын мэргэжлийн спорт, автомашины холбооны гүйцэтгэх захирал Б.Жигмэддоржтой ярилцлаа.


-Өсвөр үеийнхэн, залуус шөнө оройн цагаар авто уралдаан зохион байгуулах, дрифт хийх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, мөн осол гаргах эрсдэлийг бий болгож байна. Саяхан дрифт хийж байгаад авто осол гаргаж, гурван залуу амь насаа алдлаа. Ер нь энэ спортын тухайд тодруулахгүй юу?

-Дрифт нь зориулалтын зам талбай дээр тусгай тоноглолтой, аюулгүй байдлаа бүрэн хангасны үндсэн дээр автомашиныг чигээр нь бус хөндлөнгөөр шарвуулж хоорондоо өрсөлдөх спортын шинэ төрөл юм. Дэлхийд сүүлийн 20 шахам жилд маш хурдацтай хөгжиж байгаа. Монголд хөгжөөд 12-13 жил болж байна. Энэ хугацаанд залуус уг спортыг сайн мэдэхгүй байсан болохоор нийгэмд буруу ташаа, сөрөг ойлголт үүсгээд байна. Саяхан “Субару”-тай залуус авто осол гаргасан харамсалтай хэрэг гарлаа. Энэ нь дрифт хийдэг автомашин биш юм. Мөн шулуун зам дээр дрифт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Уралдаж, хурд хэтрүүлж яваад ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Ойлголтын зөрүүтэй байгаа учир нийт иргэд маань үүнийг дрифт хийдэг залуус осол гаргалаа гэж байна. Гэтэл бодит байдал дээр анхлан суралцагч, автомашин аваад удаагүй, хурд хүчтэй машин анх удаа унаж үзэж байгаа залуус шөнө оройн цагаар хоорондоо уралдаж осол гаргах, мөргөлдөх, шүргэлцэх асуудал олон гарч байна. Манай холбоо “Mongol 63 circus”-ыг 2018 онд ашиглалтад оруулсан. Энэ бол дрифтийн аюулгүй байдлыг бүрэн хангасан зам юм. Яг дрифтээр хичээллэж байгаа 100 гаруй тамирчин бий. Ер нь автомашины хүч нэмэх, аюулгүй байдлыг хангах тоноглолууд тус тусдаа байна. Энэ үүднээс манайх Дэлхийн автомашины холбооноос гаргасан стандартын дагуу тамирчдад шаардлага тавьж, тэдгээрийг хангасан тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулж автомашиныг шарвуулах үзүүлбэрээр уралдуулдаг.

Хотын гудамж, талбайд дрифт хийж байгаа залууст хандаж хэлэхэд энэ зүй бус үйлдлээ больж, зориулалтын талбай дээр нь очиж спортынх нь чиглэлээр хөгжүүлээд явбал нийгэм дэх сөрөг ойлголтыг засаж чадна. Нөгөө талаас өөрсдийн ур чадвараа нэмэгдүүлж тамирчин болох боломжтой.

-Залуус авто уралдааны тухай кино их үзэж, улмаар даган дуурайх явдал түгээмэл байна. Гэтэл зүгээр нэг жолоо мушгих, мэргэжлийн түвшинд дрифт хийх ур чадвар эзэмших хоёр нь өөр ойлголт гэдгийг ойлгохгүй байх шиг?

-Спорт машин дотроо маш олон төрөлтэй. Бидний хөгжүүлээд байгаа дрифт маань спорт машин дотроо арай өөр тоноглолтой. Аюулгүй байдлыг сайн хангана. Хөдөлгүүр, хурдны хайрцагт нэмэлт тоноглолууд хийж, хүчитгэнэ. Кинон дээр гарч байгаа уралдаан, дрифтүүд тусдаа бэлтгэгдсэн, өчнөөн олон жил хичээллэж байгаа тамирчдын үзүүлбэр юм. Энэ спортоор удаан хичээллээд ирэхээр машинаа мэдэрч эхэлнэ. Үүний дараа ийм орчинд, ийм үзүүлбэр үзүүлмээр байна гэсэн тусгай захиалгын дагуу өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, орчин нөхцөлийг сайн бэлдсэний үндсэн дээр хийж байгаа юм. Гэтэл үүнийг залуус маань бодит амьдрал дээр дрифтлээд байгаа мэтээр ойлгоод байх шиг байна. Жолооны курс төгсөөд машин хөдөлгөөд сурчихдаг. Хөдөлгөөд сурчихлаа гэдэг нь дрифт хийж, уралдаад сурчихлаа гэсэн үг биш. Уралдаж, дрифт хийж сурна гэдэг тухайн автомашиныг өөрийн мэдрэмж дээрээ тулгуурлан бүрэн эзэмшиж байна гэсэн үг. Тэр мэдлэг, дадлыг эзэмшүүлэх сургалтыг манайд хийдэг. Анхлан суралцаж байгаа залуус машинаа гартаа оруулахын тулд зориулалтын зам талбай дээр олон цагийн бэлтгэлийг хийж байж дараа нь багшгүйгээр дрифтэлж эхэлнэ.

-Мөн залуусын хувьд найзууд, найз охиндоо гоё харагдах, мөн чамирхах, гайхуулах зорилгоор шөнө оройн цагаар уралдах явдал түгээмэл байна. Дүнжингарав-ын зүүн урд зам, Хүннү-2222 хороолол зэрэг замуудаар шөнө орой хөдөлгөөн татарсны дараа уралддаг. Энэ нь ихээхэн эрсдэл дагуулж байна?

-Жишээ нь “Субару” шороон зам дээр давхидаг машин. Монголд энэ чиглэлээр хөгжөөд явж байна. Хоёрдугаарт, шулуун замын уралдаан байдаг. Энэ нь асфальтан зам дээр уралддаг. Гэхдээ Монголд уг уралдааны зориулалтын зам талбай байхгүйн улмаас зарим залуус шөнө оройн цагаар хоорондоо уралдаж бие биенээ гэмтээж, осол гаргаж амь насаа хохироож байна. Гуравдугаарт дрифт. Энэ нь жолоочоос маш их ур чадвар, самбаачлах хугацаа шаарддаг. Ер нь авто спорт дотор хамгийн өндөр мэдрэмжийг шаардсан спорт юм. Дөрөвдүгээрт, автомашиныг харагдах байдал талаас нь гоё болгож тоноглодог. Намхан болгох, салон болон хөгжмийн тоноглолууд гэх зэргээр тусдаа байна.

Шөнө оройн цагаар замын хөдөлгөөн багассан хойно кинон дээр гарч байгаа үзүүлбэрүүдийг хийх, эсвэл эдэлж байгаа автомашиныхаа хурд хүчийг сорих үйлдлийг их гаргаж байна. Гэхдээ тэнд мэргэжлийн тамирчид ерөөсөө байдаггүй. Анхлан суралцаж байгаа, эсвэл хүчтэй автомашин унаж хэрэглэж буй хүмүүс хоорондоо уралдаж байна. Үүнийг манайхан болих хэрэгтэй. Хоёрдугаарт, сүүлд гарсан ослоос болж нийтээрээ цочрол авлаа. Том сургамж болж байна. Зориулалтын замгүй газар дрифт хийх нь эрсдэлтэй. Дээрээс нь тоноглолоо хийгээгүй бол бүр эрсдэлтэй. Нэмээд аюулгүй байдлаа хангаагүй бол оролдох ч хэрэггүй гэдгийг анхааруулмаар байна. Энэ спортыг сонирхож байгаа бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, сургалт семинаруудад нь суугаад явах хэрэгтэй.

-Энгийн автомашинаар уралдах, дрифт хийх явдал байдаг. Энэ нь боломжтой юу?

-Энгийн машин дрифт хийх ямар ч боломжгүй. Дрифтийн машин хойноо хөтлөгчтэй, механик хурдны хайрцагтай, турбо хөдөлгүүртэй, дотроо аюулгүй байдлыг хангасан стандартын дагуу карказаа хийсэн, мөн жолооч маань аюулгүй байдлаа хангасан хувцас хэрэглэлтэй, автомашин нь ямар ч тохиолдолд жолоочийг хөдөлгөөнгүй байлгахад зориулсан спорт сандал, дөрвөн цэгийн бүстэй байна. Ийм машиныг дрифтэд зориулсан машин гэнэ. Хотын хөдөлгөөнд оролцож, ажил амьдралдаа хэрэглээд явдаг энгийн автомашинуудаар дрифт хийх ямар ч боломжгүй. Хийгээд ч амжилт олохгүй. Хабрид машин бүр ч болохгүй. Яахав автомашинаа харагдах байдлаар нь гоё тоноглож болно. Яг дрифтээр хичээллэдэг тамирчид маань тусдаа нэг машин тоноглоод бэлдчихсэн байдаг. Энэ машинуудаараа тэмцээн уралдаанд оролцох үедээ л гаргадаг. Түүнээс хотын хөдөлгөөнд унаж оролцдоггүй. Унах ч боломж байхгүй.

-Хөрөнгө мөнгөтэй, баян айлын хүүхдүүд авто уралдаан, дрифтийг сонирхож, зугаацаж байна гэдэг?

-Баян айлын хүүхдүүд мөнгөө үрж тоглож байна гэх нийгмийн сөрөг ойлголт байна. Гэтэл энэ маань дэлхийд хурдацтай хөгжиж буй маш том спорт шүү дээ. Саяхан манай хоёр тамирчин ОХУ-д зохиогдсон дэлхийн хамгийн том тэмцээнд оролцоод ирсэн. Мэдээж техникийн спорт учир санхүүгийн нөөц бололцоо шаардана. Гэхдээ бид ажил хөдөлмөрөө хийгээд, ар гэрээ авч яваад, хоббиндоо мөнгө төгрөгөөсөө илүүчлээд явж байгаа залуучууд байдаг. Энэ спортод үнэнч, дуртай хүмүүс юм. Залуус маань буруу үлгэр дуурайлалд битгий автаасай гэж хүсмээр байна.

-Та бүхэн Тээврийн цагдаагийн албатай хамтарч ажилладаг гэсэн. Шөнө оройн цагаар гудамж талбайд уралдаж, дрифт хийж байгаа залуустай уулзаж, шаардлага тавьдаг уу?

-Бид эргүүлээр ажиллаж үзсэн. Манайхны өөрсдийн тамирчид, эсвэл гадны хүн байгаа эсэхийг тандах, хоёрдугаарт таслан зогсоох байдлаар очиж үзсэн. Үүн дээр мэргэжлийн тамирчид оролцдоггүй гэдгийг хариуцлагатай хэлье. Ёстой л 17,18-тай, анх удаа автомашин унасан залуус сонирхлоороо нийлчихсэн давхиж байдаг. Бид Тээврийн цагдаагийн албанд дуудлага өгч, хууль бус уралдааныг таслан зогсоож өгөхийг хүсдэг. Нөгөө талаас манай холбоонд харьяалагдаж байгаа тамирчид байвал бид энэ хүмүүсийг гишүүнчлэлээсээ хасах, тэмцээн уралдаанд оролцохгүй байх хүртэл арга хэмжээнүүдийг авах болно. Дээрээс нь олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хүргэлт маш сайн болчихсон. Энэ сувгуудыг ашиглаад бусдыгаа ийм үйлдэл гаргуулахгүй байхад уриалан дуудах, таслан зогсоохыг хүсдэг.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Мод түлэхээ больж, нүүрс түлдэг болмоор байна” хэмээн өгүүлжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Мод түлэхээ больж, нүүрс түлдэг болмоор байна” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Путин Новосибирск, Улаан-Үдээ өөд нь татчихаад “Намайг загна!” хэмээн өгүүлжээ.

З.Энхболд: Орос улстай байгуулсан “Иж бүрэн стратегийн гэрээ” хугацаагүй хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдэхээр болов” хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадмаар “Батцагаан” хийд нээлтээ хийлээ хэмээн “Цаг үе” нүүрт бичжээ.

“Танайд өнжье” нүүрт “Батцагаан цогчин дуганы нээлт боллоо” хэмээн өгүүлжээ.

“Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд 3.4 их наяд рублийн гэрээ байгуулжээ” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

“Ө.Ганзориг: Бидний ашигладаг цээжлэлтэд суурилсан боловсролын системээс дэлхий тавин жилийн өмнө татгалзсан” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

“Энэ тухай” нүүрт “Аяны хүрээнд Увс аймагт 400 хүн өөрийгөө цусны даралт ихсэлттэй гэдгээ анх мэджээ” хэмээн бичжээ.

“Хууль зүйн яамны өргөтгөлийг барьсан 30 тэрбумаар 10 гаруй цэцэрлэг босгож болох байв” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Сербийн шигшээ түрүүлэх магадлалтай багийн эхэнд бичигдэх нь яалт ч үгүй үнэн” хэмээн “Спорт” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр агаар” өдөрлөгт оролцох аж ахуй нэгжүүдийг бүртгэж байна

Энэ сарын 14-15-ны өдрүүдэд болох автомашингүй өдрийг угтан Сүхбаатарын талбайд “Цэвэр агаар” өдөрлөг болно.

Өдөрлөгөөр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан түлшний талаар иргэдэд мэдээлэл өгч бүтээгдэхүүнээ танилцуулах аж.

Мөн энэ арга хэмжээнд оролцох ААН, байгууллагыг есдүгээр 12-ны өдрийг хүртэл нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэх юм байна. Дээрх арга хэмжээний үеэр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгж байгууллагыг оролцохыг урьж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас хус модны самар зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрчээ.

Харин бусад аймаг, сумаас 2020 оны есдүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон байна. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан ,Увс, Хэнтий аймгийн Засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт даалгасан аж.