Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль техникийн болон онолын сургалтаар эхэллээ.

Дадлага сургуулийн хүрээнд 21 төрлийн техникийн болоод онолын сургалт зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр эрэлч нохойн албаны, бэхэлгээний техник болон аюултай материалын хадгалалт, малын эмч нарт зориулсан сургалтууд явагдаж байна.

Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж, сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105, Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газруудын аврагчид хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сувилагч нарыг чадавхжуулах сургалт боллоо

Японы засгийн газрын “Өвсний үндэс” техникийн хамтын үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэндийн төсөл 2017 оноос Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд тус дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг Япон улсын Хоккайдогийн Китами хотын сувилахуйн сургуульд “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад сувилахуйн мэргэжилтнийг бэлтгэх” сургалтанд хамруулж байгаа юм.

Тус төслийн хамт олон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сувилагч нарын зөвлөгөө өгөх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн 20 сувилагчийг хамруулан тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг, дадлага сургалтыг энэ сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтанд Хоккайдогийн Сувилахуйн их сургуулийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны тэнхимийн доктор Ямамото Нориюүки “Дасгал хөдөлгөөнөөр амьдралын хэв маягтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт лекц уншиж, бие махбодийн бүтэц ба үйл ажиллагаа болон биеийн бүтцийг хэмжих, атгах хүчийг хэмжих, үйл ажиллагааны хүрэх цэгийг хэмжих хэмжилт болон амьдралын хэв маягтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөнийг зааж өглөө.

Categories
мэдээ цаг-үе

О.Машбат: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүчтэй Ерөнхий сайдыг гаргаж байж л улс орны ажил явна

Улс төр судлаач О.Машбаттай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлчихлээ. Энэ нэмэлт, өөрчлөлтийн зорилго, ач холбогдол нь юу вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон суурь шалтгаан гэж бий. Энэ шалтгаан нь гишүүдийн тоо, байгалийн баялгийн асуудал ердөө биш, энэ бол сая шинээр сөхөгдөж байгаа сэдэв. Хамгийн гол хоёр асуудал бий. Нэгд, засгийн газрыг ажлаа хийдэг болгох: хоёрт, шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангах. Энэ хоёр асуудлыг шийдэхийн тулд гурав гурван зохицуулалт хийхээр төсөлд тусгасан, өөрөөр хэлбэл зургаан чухал заалт бий гэж анхны төслийг нь гардан боловсруулсан бидний хэсэг хүмүүс үздэг юм.

Засгийн газар тогтворгүй байгаа болохоор авлигын сүлжээ үүрлэх таатай боломж үүссэн, шүүгч нар хараат бус байж чадахгүй болохоор шударга бусын хонгил үүссэн. Улс төрийн авлигыг устгая, шударга бусын хонгилыг нураая гэвэл Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлж, тогтвортой ажиллах боломжийг олгож, шүүгчийн сонгон шалгаруулах, томилох, огцруулах асуудлыг эрхэлдэг байгууллагыг харилцан тусдаа байлгах ёстой юм.

-Тэр зургаан зохицуулалт нь юу юм бэ?

Засгийн газрыг ажлаа хийдэг болгохын тухайд хамгийн чухал гурван заалт нь нэгд, Засгийн газрыг тэнхимээрээ ажилладаг болгох тухай, хоёрт, Ерөнхий сайдыг огцруулах журмыг тодотгох тухай, гуравт, улсын төсвийг хэлэлцэхэд парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх тухайд юм. Шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахын тухайд хамгийн чухал гурван заалт нь нэгд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай, хоёрт, шүүхийн хариуцлагын зөвлөлийн тухай, гуравт, Үндсэн хуулийн Цэцийн тухайд юм. Энэ асуудлууд үндсэндээ 20 гаруй жилийн турш хамгийн их судлагдсан сэдэв. Шийдлийнх нь гаргалгааг ч бараг 10 шахуу жил судалсан, тэгээд ч гурван парламентаас байгуулагдан ажилласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүд санал нэгдээд ирсэн.

Гэхдээ эдгээр заалт УИХ-аар батлагдаж чадах эсэхийг би сайн мэдэхгүй байна. Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой заалтыг Зөвшилцлийн ажлын хэсэг шаардлагагүй гээд хасахаар шийдсэн гэсэн. Төсвийн хариуцлагыг дээшлүүлэх тухай заалтыг хоёрдугаар хэлэлцүүлгээр баталчихсан. Засгийн газар тэнхимээрээ ажиллах тухай заалт эхний санал хураалтаар уначихсан. Би үүнд санаа их зовж байна. Бусад заалт яахыг одоогоор мэдэхгүй байна.

-Яагаад энэ заалтыг чухал гэж үзээд байгаа юм бэ?

-Өнөөгийн Монголын нийгмийн гол асуудлуудыг шийдэх түлхүүр нь энд байгаа гэж үзээд байгаа юм. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Монголд төр байх эсэхийг шийднэ. Монголд төр алга болчихлоо гэж хүмүүс яриад байна. Энэ бол үнэн. Хоёр жил тутам Засгийн газар огцорч байхад төр байгаа гэж үзэхэд үнэндээ л хэцүү болчихоод байгаа юм. Төрийн ажлыг УИХ хийхгүй, Ерөнхийлөгч хийхгүй, Засгийн газар л хийнэ, тэгэхээр ажлаа хийх ёстой гол этгээд чинь хоёр жил тутам солигдоод байхаар ажил явахгүй, хөгжил урагшлахгүй байгаа юм.

Яагаад Засгийн газрын ажил нь явахгүй, байн байн огцроод байна вэ гэдэг асуулт ургана. Үүнд хоёр шалтгаан байна. Нэгд, Засгийн газар Ерөнхий сайдын удирдлага дор нэгдэж чаддаггүй нэг зовлон байна. Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог, Засгийн газрын гишүүн нэг бүрийг бас л УИХ-аас томилдог. Засгийн газар яагаад эрх мэдлээ Ерөнхийлөгчид алдаад байна гэхээр Ерөнхий сайд тэнхмээ өөрөө байгуулж чаддаггүйд байгаа юм. Сайд нэг бүрийг Их хурлаас томилохоор өөрийнх нь баг биш, фракцуудын төлөөлөл орж ирдэг. Фракцуудын төлөөлөл дотор Ерөнхийлөгчийн төлөөлөл байнга байдаг. Ингээд дотроосоо үймэлдээд нэгдсэн бодлого гардаггүй, зохион байгуулалтад орохгүй, нэг удирдамжаар хөдөлж чадахгүй байгаа юм. Засгийн газар ингээд ирэхээр Ерөнхийлөгчид эрх мэдэл нь төвлөрөөд эхэлж байгаа юм. Барих ёстой хүн нь барьж чадахгүй учраас задарчихаад байгаа юм. Ийм л үйл явц сүүлийн 30 жил болсон. Ялангуяа сүүлийн 20 жил хүчтэй явсан Манайхаас өөр ингэж явдаг парламентын засаглалтай улс байхгүй шахуу.

Энийг өөрчилье гэж байгаа юм. Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, Ерөнхий сайд нь Засгийн газрын бусад гишүүнээ өөрөө томилдог байна. Гэхдээ өглөө босоод л үзэмжээрээ томилчихгүй, заавал УИХ, Ерөнхийлөгчид нэг бүрчлэн танилцуулж байх ёстой. Ингэснээр УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцлага хүлээнэ, харин Ерөнхий сайдын өмнө Засгийн газрын гишүүн нэг бүр хариуцлага хүлээнэ. Мөн хариуцлагын шугам маш тодорхой болж, Ерөнхий сайдын дор Засгийн газар нэгдэж ажиллах боломж бүрдэнэ. Парламентын засаглалтай бүх орон ийм зарчимтай, үүнийг тэнхимийн зарчим гэж нэрлэдэг.

Хоёр шалтгааны нөгөөх нь бол Засгийн газрын тогтвортой байдал. Хоёр жил тутам Засгийн газар огцорч байна, тэр тоолон бодлого тасарч байна. Нэг ийм тохиолдол бий. Нэг сайд салбарынхаа ажилчдад зориулсан орон сууцны байшин бариулах гээд эхний жилд нь зураг төсөл, газрын зөвшөөрөл, төсөв гэх мэт бүх бэлтгэлээ базааж улсын төсөвт суулгаж хөрөнгийг нь шийдүүлж байгаа юм. Дараа жилийнх нь хавар барилгын ажил эхэлж, гадна талаа бүгдийг нь босгоод байхад нь Засгийн газар огцорчихсон. Дараагийнх сайд ирээд тэр ажлыг үргэлжлүүлээгүй, балгас болоод хоцорсон. Ийм балгас маш олон, хэрэгжээгүй тасалчихсан төсөл, хөтөлбөр бүр ч олон бий. Орхиод явсан ажлыг нь дараагийнх нь сайд үргэлжлүүлэх эсэх нь түүний хүсэл зоригоос хамаарна. Тасарчихсан ажлын төлөө шинэ Засгийн газар ч, УИХ ч, Ерөнхийлөгч ч хариуцлага хүлээхгүй.

Энэ байдлыг өөрчилж, Засгийн газрыг байн байн огцруулаад байдаггүй болгоё гэж байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулахын тулд орных нь Ерөнхий сайдыг хамт нэр дэвшүүлэх ёстой гэсэн шаардлагыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаж байгаа юм. Ер нь парламентын засаглалтай цөөнгүй улс ийм шаардлага тавьдаг, Засгийн газар нь ч тогтвортой ажилладаг юм байна.

-Тэгэхээр эдгээр өөрчлөлт батлагдахгүй бол өнгөрсөн 20 гаруй жилийн замнал үргэлжлэх нь, тийм үү?

-Үргэлжлэх л байх. Амьхандаа л бид Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байна гэж заах гэж байгаа. Засгийн газар тогтворгүй байхад хөгжлийн бодлого тогтвортой байна гэж хичнээн бичээд нэмэргүй, тэртэй тэргүй хэрэгжихгүй.

Өнөөдөр энэ өөрчлөлтүүдийг хийж чадахгүй, дахиад найман жилийн турш Засгийн газар үлгэн салган, байн байн огцроод байвал нийгэм маш хүнд байдалд орно. Ажил хийдэг Засгийн газрыг хүмүүс хүсэмжилж байгаа, тэр нь хүчтэй Ерөнхийлөгчтэй болчихвол Засгийн газар ажил хийдэг болох байх гэсэн төсөөлөл рүү хөтлөөд байгаа. Энэ бол ардчиллыг ч устгаж чадах аюултай хандлага.

Засгийн газартай холбоотой өөр нэг том асуудал бол төсөв. Төсөв гэдэг төрийн бодлогын мөнгөн илэрхийлэл. Улс орноо хөгжүүлэх тооцооны мөнгөн илэрхийлэл нь төсөв. Сангийн яаманд байгаа мэргэжлийн хүмүүс бүтэн жилийн турш тоо бодоод тэнцүүлээд оруулаад ирсэн тооцоог УИХ-д санхүүгийн талаар төсөөлөл байхгүй гишүүд өөрчилчихдөг байсан. Засгийн газрын оруулж ирсэн төсвийг нэмж болохгүй гээд төслийн заалтыг маш дажгүй байдлаар УИХ баталчихлаа. Хүчтэй Ерөнхий сайдыг гаргаж ирж байж л улс орны ажил явна. Харамсалтай нь энэ концепцийг унагаачихаж магадгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах байх. Гэхдээ яг зорилгодоо хүрч чадахыг мэдэхгүй байна.

-Зөвшилцлийн ажлын хэсгээс оруулж ирсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл заалтууд хэр зөв шийдэл байсан бэ. 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн анхны хувилбар нэлээд өөрчлөгдсөн байдлаар орж ирж байгааг шүүмжилж байсан?

Зөвшилцлийн ажлын хэсэг 62 гишүүний өргөн барьсан төслийг бүхэлд нь өөрчилчихлөө гэж зарим гишүүн ярьж байгаа. Асуудлыг дутуу ойлгосон хүний яриа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаад нэгтгэж болохыг нь нэгтгээд, илэрхий зөрчилтэйг нь хасаад, нэлээн чамбайруулсан. Гэхдээ зөвшилцлийн ажлын хэсгийн нэгтгэсэн томьёоллыг хажуугийн санал гэж үзнэ, харин 62 гишүүний өргөн барьсан төсөл чуулганаар хэлэлцэх үндсэн төсөл хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл эхэлж, 62 гишүүний өргөн барьсан төслийн томьёоллоор санал хураасны дараа зөвшилцлийн ажлын хэсгийн томьёоллоор хураана. Алийг нь дэмжих вэ гэдэг бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн л асуудал.

-Шүүх засаглалын тухай заалтууд хэрхэн уялдаж орж байгаа вэ. Шүүхийн хараат бус хариуцлагатай байдал, шүүхийн тогтолцоо, дээд шүүхийн зөв, ончтой, чиг үүргийн хуваарилалт биеллээ олж батлагдах болов уу. Зарим хуульчдын зүгээс гол хоёр зорилго дэмжигдэхгүй нь гэх шүүмжлэл байна?

Өргөн барьсан төслийн санаа бол сонгон шалгаруулалт, томилгоо, хариуцлага тооцох гэсэн гурван чиг үүргийг өөр өөр байгууллагад өгье гэдэгт бий. Ерөнхийлөгч томилгоо хийдэг хэвээрээ, харин сонгон шалгаруулдаг ШЕЗ, хариуцлага тооцдог Шүүхийн хариуцлагын зөвлөл хоёрыг бие даасан, нээлттэй, сонирхлын зөрчилгүй байгуулъя гэсэн юм.

Ерөнхийлөгч шүүхийн хэсэг дээр чанга байсан, тэр нь хуульчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж, нэлээн дэлгэрэнгүй заасан байсан анхны долоо, найман заалтыг хумьж гурван заалт болгоод байгаа. Гэхдээ анхны агуулгаа бүрэн хадгалж байгаа, үүн дээр хоёр тал зөвшилцсөн.

-Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий гэж та үзэж байна уу?

УИХ 99 гишүүнтэй болчихвол сайн,140 гишүүнтэй болбол бүр сайн. Гэхдээ УИХ-ын гишүүний тоог нэмэх шаардлага одоохондоо тулгамдаагүй гэж үзээд өмнөх ажлын хэсгүүд цөмөөрөө өргөн бариагүй.Үүнийг Ерөнхийлөгч өргөн барьсан.

-Тэгэхээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн, нийтийн өмч мөн” гэж томьёолох нь хэр зөв юм бэ?

-Өмчийн тухай асуудалд шууд тийм гэж хэлэхэд хэцүү. Өмчийн асуудлыг иргэний эрх зүй гэдэг салбараар судалдаг, би ийм салбар эрх зүйн хүн биш. Энэ бол цэвэр нарийн мэргэжлийн асуудал. Нүдний эмч хүн цөсний тухай ярих гэж байна шүү дээ.

Байгалийн баялагтай холбоотой Үндсэн хууль дахь 1992 оны анхны заалт нь зөв.

Хүмүүс Үндсэн хуулиа уншдаггүй болохоос зарчмын заалт нь 6 дугаар зүйлийнхээ 1 дэх хэсэгт өмнө нь байгаа. Бүх баялаг мэдээж ард түмний мэдэлд байна, тэрийг нь хамгаалах үүрэг нь төрийнх байна гээд л заачихсан. Хамгийн чухал зарчим нь тэнд бий. Одоо маргаад байгаа 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төрийн өмч гэх үү, төрийн нийтийн зориулалттай өмч гэх үү гэдэг бол хууль зүйн хувьд шууд үр дагаваргүй шахуу.

– Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэх заалт дэмжигдсэн. Парламентын мөрдөн шалгах хяналт, хэмжээ хязгаарыг тогтоох гол зорилго байсан. Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудад та ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн намын тухай зохицуулалт Үндсэн хуульд байдаг. Үндсэн хуулийн түвшинд намыг зохицуулдаг гурван төрлийн заалт байдаг. Нэгдүгээрт, намын зорилгыг заадаг. Хоёрдугаарт, намын бүтэц зохион байгуулалт ардчиллын зарчимд суурилах ёстой. Гуравдугаарт, намыг тараах нөхцөлүүдийг заадаг. Тэрнээс биш хэдэн хүн нэгдэх ёстой гэх зэрэг заалтууд ердийн хуулиараа зохицуулагдах асуудал. Ийм зүйлийг Үндсэн хуульдаа заасан улс орон байдгийг би мэдэхгүй байна. Намын тухайд хоёр өөр асуудал яригдах ёстой. Эхнийх нь, хүний эрхийн тухай асуудал. Хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ эрхийг хязгаарлаж болохгүй. Харин дараа нь төрийн эрхийг барих зорилгын тухай асуудал.Төрийн эрхийг авах гэж байгаа бол сонгуульд ороод ард түмний дэмжлэгийг ав гэх нь зүйтэй. Хүмүүс хичнээн олноороо эвлэлдэн нэгдсэн ч гэсэн сонгуулиар санал авч чадахгүй бол төрийн бус байгууллага шиг хэвээрээ л үлдэнэ. Ард түмний дэмжлэг аваагүй 20 гаруй нам УИХ-ын гадна талд одоо ч байж л байна. Байж л байг. Энэ чинь гол асуудал шүү дээ.

-УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээ явуулчих юм бол Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв үү?

-Үндсэн хуулийн 68,69,70 дугаар зүйл дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэж болно гэж байгаа. Заавал хийх ёстой гэж байхгүй. Их хурал өөрийнхөө мэдэлд шийдэх ёстой гэж заасан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр энэ асуудлыг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах уу, эсвэл ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийднэ. Энэ бол Их хурлын шийдэх асуудал.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Бидний ашигладаг цээжлэлтэд суурилсан боловсролын системээс дэлхий тавин жилийн өмнө татгалзсан

Голомт банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой боловсролын реформыг онцолж ярилцлаа.


-“Голомт”-ын гүйцэтгэх захирлын албаа өгөөд. санхүүгийн чиглэлээр ажиллах байх гэсэн чинь огт өөр салбар руу орсонд гайхсан шүү. Яагаад боловсролын реформ яриад эхлэв ээ?

-Миний хувьд эдийн засаг, банк санхүүгийн салбарт 20 жил ажиллах хугацаандаа улс орны хөгжил ерөөсөө л монгол хүний бүтээмж гэдгийг ойлгосон. Орос, Америктай харьцуулахад монгол хүний бүтээмж үнэхээр тааруу байна.

Монгол хүний дундаж бүтээмж тааруу байхад хөгжих тухай асуудал яриад нэмэргүй л дээ. Улстөрчид өрсөлдөх чадварыг уул уурхай гэж эндүүрдэг. Үнэнийг хэлэхэд уул уурхайгаар хөгжсөн улс байхгүй.

Өрсөлдөх чадвар бол монгол хүний бүтээмж. Хятад хүн цагт нэг хадаас гаргадаг бол монгол хүн цагт хоёр хадаас үйлдвэрлэж байж өрсөлдөх чадвараараа илүүрхэнэ.

Социализмын үед гавшгай бригад, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гээд монгол хүний бүтээмжид онцгой анхаарч байсан. Магадгүй социализмын ганц зөв зүйл нь энэ байх. Гэтэл 1990 оноос хойш энэ бодлого тасарсан.

Эндээс бүтээмжтэй монгол хүнийг хэн үйлдвэрлэдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Бүтээмжтэй монгол хүнийг боловсролын систем үйлдвэрлэдэг юм байна гэдгийг олж харсан учраас би боловсролын салбар руу хараагаа чиглүүлсэн юм.

-Өнөөгийн боловсролын систем бүтээмжгүй Монголыг үйлдвэрлээд байгаа хэрэг үү?

-Тийм, өнөөгийн боловсролын систем бүтээмжгүй монгол хүнийг бэлдээд байна. Хүмүүс хоёр настайгаасаа боловсролын систем рүү ороод 22 настайдаа их сургуулиа төгсдөг.

Цагдаа гэмт хэргийг хамгаалах гэж, онцгой байдал ард иргэдийг аюулаас хамгаалах гэж, боловсролын систем бүтээмжтэй монгол хүнийг бий болгох гэж оршдог. Би танаас нэг зүйл асууя. Сүүлийн 30 жил боловсролын 14 сайдыг солихдоо энэ чигийн, салбараа гадарлаж, доторлодог хүн тавьсан уу?

-Үгүй байх. Ялсан намын үзэмжээр томилгоо хийгдсээр ирсэн…?

-Та зөв анзаарсан байна. Боловсролын ихэнх сайд яг ийм шалгуураар л томилогдсон хүмүүс.Засгийн газар тогтворгүй байсхийгээд солигддог гээд бодохоор нэг сайд жил найман cap л ажиллаж байна. Энэ хугацаанд юу ч хийж амжихгүй.

-Сайд улс төрийн албан тушаалтан учраас хэн байх нь чухал биш, доод албан тушаалтнууд нь мэргэжлийн хүмүүс байх ёстой гэсэн тайлбар хэлдэг шүү дээ?

-Дэлхийн жишиг тийм биш. Дэлхийд сайд, улстөрч, ард түмэн гэсэн ойлголт л байгаа. Ерээд оноос хойш олон сонин нэр томьёонууд зохиож байна. Ардчилал,чөлөөт зах зээлийг монголчилж байна.

Олон улсын стандарт гэж бийг орхиж гээж болохгүй. Улс төрийн албан тушаал гэж дэлхийд байдаггүй гэдгийг ойлгох ёстой. Нам гэдэг бол сонгуульд өрсөлддөг институц.

Төр бол тухайн салбараа мэддэг хүнийг сайд, даргаар тавьдаг институц. Гэтэл өнөөдөр нам төрийн дээр гарчихаад байна. Улс төрийн албан тушаалтан гэдэг чинь бидний зохиосон нэр томьёо. Political гэж дэлхийд байхгүй. Гадаадад political гэж ярихад ойлгохгүй. Бид өөрсдийнхөө зохиосон зүйлд итгэчихээд байна л даа.

-Та боловсролын шинэчлэл хийнэ гэж байгаа. Сүүлд гэхэд эцэг, эхийн форум хүртэл хийсэн. Шинэчлэлийг яг яаж хийх вэ, ойрын хугацаанд амжуулах боломжтой юу?

-Боловсролын шинэчлэл хийхийн тулд ямар ажлууд хийх вэ гэсэн асуулт тавиад багцаалдаад харахаар 600 гаруй ажил байна. Түүний нэг нь Боловсролын сайдаар боловсролын хүнийг тавих шийдэл.

Товчхондоо бүтээмжтэй монгол хүнийг боловсролын системд бэлтгэх хэрэгтэй. Шинэчлэлийг нэг амьсгаагаар хийх боломжгүй, цаг хугацаа шаардсан ажил. Миний тооцоогоор наймаас арван хоёр жилийн дотор өөрчлөх боломжтой.

-Зургаан зуун ажил хийж байж систем цогцоороо шинэчлэгдэх нь ээ?

-Тийм. Зургаан шинэчлэл хийсэн төдийд боловсролын систем шинэчлэгдэхгүй. Зургаан зуун өөрчлөлтийг нэгэн зэрэг хийж байж шинэчлэл болно. Ийм өөрчлөлт хийсний эцэст бид Финляндын системтэй дөхөж очно.

Сингапурын системтэй ижил түвшинд зиндаархана. Зургаан зуун өөрчлөлтийн нэг нь зорилгоо тодорхойлох. Бидэнд нэг алдаа бий. Зорилгоо дандаа дэлхийн хойноос хөөх гэж, дэлхийн дунджид хүрэх гэж дэвшүүлдэг. Финляндаар жишээлье.

Байгалийн баялаг гэх мэт эдийн засгийн том хөшүүрэггүй. Цэрэггүй. Их 20-д багтдаггүй. Тэгсэн мөртлөө боловсролын системээрээ дэлхийд нэгт ордог. Учир нь финляндчууд дэлхийн дунджид хүрэх гэж, араас нь хөөе гэх мэт утгагүй зорилго дэвшүүлдэггүй. Зөвхөн дэлхийд нэгт орно гэсэн зорилго л дэвшүүлсэн. Боловсролын системийн зорилго бол бүтээмжтэй монгол иргэнийг бэлдэх. Энэ зорилгоо ч ойлгохгүй явж байна.

-Бүтээмжтэй Монголыг бэлдэхийн тулд яах ёстой гэж?

-Бүтээмжийг дэлхий даяар сүүлийн зуун жилийн турш судлаад хариуг нь гаргачихсан. Тэр хариу нь сэтгэл зүй. Өнөөгийн Монголд байгаа систем 1850-иад онд Англид үүссэн. Цээжлэлтэн дээр суурилсан боловсролын систем шүү дээ. Хүнд эрдэм мэдлэгийг цээжлүүлж олгодог систем. Хүн төрөлхтөн энэ систем буруу гэдгийг, ийм системээс бүтээмжтэй хүн төрөхгүй болохыг аль 1970-аад олоод харчихсан.

Бүтээмжийн хүчин зүйл бол сэтгэл зүй гэдгийг тэр үеэс харж эхэлсэн. Ийм учраас дэлхий даяараа сэтгэл зүйд суурилсан боловсролын систем рүү шилжиж байна. Миний яриад байгаа 600 өөрчлөлтийн хамгийн том уриа нь энэ.

Товчхондоо цээжлэлтэд суурилсан боловсролын системээс сэтгэл зүйд суурилсан боловсролын систем рүү шилжих шилжилтийг боловсролын шинэчлэлт гээд байгаа юм. Энэ шинэчлэлтийг уншигч, ард иргэд оролцоод хийх ёстой. Үүнийг хүн бүр дэмжих учиртай. Би энэ жил боловсролын шинэчлэлийн хүрээнд 1,000 эцэг эхийн чуулга уулзалт зохион байгуулсан.

Тэр арга хэмжээнд оролцсон эцэг эхчүүд боловсролын систем яагаад шинэчлэгдэх ёстойг ойлгоод гарсан. Боловсролын систем болохгүй байгааг ямар ч байсан мянган аав, ээжид ойлгуулаад байна.

-Таны ярилцлагыг уншаад салбарын сайд ч юм уу хэн нэгэн хандвал боловсролын системийг шинэчлэх загвар нь бэлэн байгаа юу?

-Бэлэн байгаа. Та ярианы эхэнд яагаад санхүүгийн салбараас боловсрол руу орсон тухай сонирхсон доо. Би 12 жил эдийн засагчаар ажиллахдаа яаж бүтээмжтэй хөдөлмөрлөх вэ гэсэн асуултад хариу хайж судалгаа явуулсан.

Боловсролын системд бэлтгэгдэж төгссөн хүмүүсийг ажиллууллаа. Тэр утгаараа боловсролын системээс ямар бүтээгдэхүүн гардгийг бүрэн дүүрэн мэдэрсэн хүмүүсийн нэг. Өөрөөр хэлбэл Ганзориг гэдэг хүн нэгдүгээрт хэрэглэгч.

Хоёрдугаарт, өнөөгийн боловсролын системээр дамжиж гарсан бүтээгдэхүүн. Гуравдугаарт, Монгол Улсын эдийн засгийг судалдаг анализ хийдэг эдийн засагч.

Боловсролын системийг бүх талаас нь харж ойлгосон гэж хэлж болно. Үнэхээр системээ шинэчилье гээд зориод ирвэл иргэн хүнийхээ хувьд хөлс мөнгө нэхэхгүйгээр улсынхаа төлөө зүтгэх сэтгэл надад байгаа. Боловсролын системийн шинэчлэл мэдээж ганц хүний хийж чадах зүйл биш. Төр засгийн хувьд онцгой анхаарч хууль санаачилж баталж, нэлээд ажил орж байж хийгдэх шинэчлэл.

-Сэтгэл зүй дээр тулгуурлаж шинэчлэх ёстой гэдгээ тодруулаач?

-Стив Жобсын амжилт Сингапур улсын хөгжлийн нууц, Хятадын эдийн засгийн цаад шалтгаан гэх мэт өндөр бүтээмжийн нарийн учрыг сэтгэл зүйчид сүүлийн зуун жил судалж байна.

Эцэст нь “Хүний хүсэл эрмэлзэл, сэтгэл зүйн боловсрол юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Сэтгэл зүйн боловсрол дотроо олон хүчин зүйлс .гарч ирж байна. Монголчууд хандлага, төлөвшил, хүмүүжил гэж ярьдаг. Санаа зөв бол заяа зөв гэсэн зүйр үгтэй улс. Товчхондоо энэ бүх зүйл нийлээд сэтгэл зүй.

Өөрөөр хэлбэл сэтгэл зүй бол IQ гэдэг шиг тоо биш. Тийм учраас сэтгэл зүйд суурилсан шинэчлэл хийхэд хэцүү. Иймээс би энэ ухааныг судлах гэж Америк явж суралцаад ирсэн.

-Америкаас сурсан зүйлээ хуваалцахад бэлэн байх нь ээ?

-Хуваалцахад бэлэн. Хүсвэл дэлхийн шинэчлэл хийж байгаа сэтгэл зүйч нартай ч холбож өгч болно.

-Шинэчлэл хийхийн тулд энэ чиглэлээр мэргэшсэн алдартай сэтгэл зүйчдэд хандана гэсэн үг үү?

Тэгнэ, дангаараа бие даагаад хийх зүйл биш. Мэдээж дангаараа бие даагаад хийх зүйлс бий. Сайдыг мэргэжлийн хүнээр томилохыг бид өөрсдөө чадна. Боловсролын яамны бүх ажилчдыг сэтгэл зүйд суурилсан боловсрол гэж юу вэ гэсэн сэдэвтэй сургалтад хамруулах боломжтой.

Мөн зорилгоо зөв дэвшүүлэх нь маш чухал. Дэлхийн тэргүүлэх боловсролын системтэй болъё гэж зорих хэрэгтэй.

-Таны дижитал контент гаргах санаа хэрэгтэй шийдэл санагдсан. Маш сайн багшийн хичээлийг онлайн болгоод түгээж эхэлбэл хурдан хугацаанд эерэг үр дүн гарах байх шүү?

-Миний хэлээд байгаа энэ шийдэл түрүүн дурдсан 600 ажлын гурав дахь нь. Тэр сургуулийн тэр багш математикийг маш сайн заадаг, ямар ч хүүхдэд ойлгуулж заах ур чадвартай гэж ярьдаг даа. Мэргэжлээрээ “өвчилсөн” ийм багш нарын хичээлийг дижитал контент болгоод дунд сургуулийн сурагчдад нэгэн зэрэг хүргэх санаа л даа.

-Энэ ажлыг хийхэд хэчнээн төгрөг шаардагдах бол?

-Ердөө 200 орчим сая төгрөг төсөвлөхөд л иж бүрэн дижитал контент гаргах боломжтой.

-Сэтгэл зүй рүүгээ эргээд оръё. Та Америкт сурах үедээ л сэтгэл зүй рүү гүнзгийрч оров уу, эсвэл өмнө нь судалж байсан уу?

-Би эдийн засаг хориод жил судалж, 12 жил гүйцэтгэх захирлын алба хашсан хүн. Сэтгэл зүйн ухаан ч миний хувьд шинэ салбар биш. Арван жил судалсан.

Сэтгэл зүйд суурилсан боловсролын системийг бүтээх зорилго бол миний итгэл үнэмшил.

Цаашид нэг компанийн захирлаар ажиллаж, боловсролын системээс чанаргүй бүтээгдэхүүн гарахыг зүгээр харж суухыг хүсээгүй.

-Боловсролын систем шинэчлэгдтэл реформоо ярьсаар, нөлөөллийн ажлуудаа хийсээр байх уу?

-Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ.

-Өндөр цалинтай гүйцэтгэх захирлын ажлаасаа татгалзаж, боловсролын шинэчлэлийн төлөө цалин хөлсгүй зүтгэх хэцүү биш үү?

-Миний хувьд бүрэн дүүрэн биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Монгол Улсын иргэн, энэ улсын боловсролын системийн бүтээгдэхүүн учраас боловсролын салбарынхантай нэгдэж нийлээд системийг өөрчлөхийн төлөө чадах хэрээрээ ажиллана. Давтаад хэлэхэд би боловсролын реформ хийх ажлаа зогсоохгүй.

-Боловсролын сайдад биш аав, ээжүүдэд хандах нь илүү нөлөөтэй гэж харж байна уу. Таныг боловсролын реформ ярихаар улс төрд орох нь, энэ салбарын сайд болохоор амбицлаж явна гэж харах улс байж мэдэх л юм…?

-Надад сайд болох санаа зорилго байхгүй. Сонгуульд өрсөлдөх сонирхол ч алга. Боловсролын системийг шинэчлэхийг хүсэж байгаа жирийн л нэг иргэн. Энэ салбарын шинэчлэлд олны дэмжлэг маш чухал учраас аав, ээжүүдэд эхлээд ойлгуулах нь зөв шийдэл гэж харсан.

-Багш нар руу хандсан шүүмжлэл их дуулддаг. Боловсролын системийн шинэчлэлийн нэг том хэсэг нь багш нар байх тийм үү?

-Би багшийн гэр бүлд өсөж хүмүүжсэн. Өвөө, эмээ, ээж минь багш. Багшийн ажил ямар хэцүү, цалин хөлс нь хэчнээн багыг мэддэг.

Миний хувьд Монголын багш нарын нэгийг ч буруутгаагүй. 30 жилийн турш боловсролын системийг хаяж улс төржүүлсэн менежмент, удирдлагад л бурууг өгнө. Гэхдээ надад буруутан хайх сонирхол алга. Шинэчлэлийг цаг алдалгүй хийх л чухал байна.

-Сэтгэл зүйд биш цээжлэлтэд суурилсан боловсролын систем бүтээмжгүй иргэдийг төрүүлж байна гэж та хэд хэдэн удаа онцоллоо. Хувь хүний хөгжилд яг яаж нөлөөлж байгааг илүү энгийнээр тайлбарлаач?

-Өнөөдөр 22 настай хүн 12 настай хүүхэд шиг байна. 50 настай улстөрч нь хорин хэдтэй залуу шиг аяглаж сууна. 50 настай улстөрчийн сэтгэл зүй 10 настай хүүхэд шиг байгааг бултаараа харж суугаа. Хамгийн наад заахын энгийн жишээ гэвэл энэ л дээ. Хүнлэг биш, сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүмүүсийг эрж хайх шаардлагагүй, гудамжид гарахад л таардаг.

Энэ бас боловсролын систем хуучирч, үеэ өнгөрөөсний тод жишээ. Энэ улс хөгжье урагшилъя гэвэл бусдыгаа хайрладаг, хүндэлдэг, сэтгэл зүйн хувьд зөв төлөвшилтэй иргэн бэлдэх хэрэгтэй. Үүнийг л сэтгэл зүйд суурилсан шинэчлэлт гээд байгаа юм.

-Сэтгэл зүйд суурилсан боловсролын системтэй болъё гэвэл дэлхийн туршлагыг шууд хуулахад болох уу. Эсвэл Монголын онцлогт тохирсон болгож өөрчлөх ажил бий юу?

-Дэлхийд технологи нь гарчихсан. Тэр технологийг нь авчрахад л болчих ажил.

-Сэтгэл зүйгээр нь дамжуулж бүтээмжтэй иргэдийг бэлдэнэ гэж ойлголоо. Шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал…?

-Эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд хүний тархи буюу сэтгэл зүйг баримлын шавар шиг уян хатан, өөрчлөгдөж хөгждөгийг тогтоосон. Эрдэмтэн судлаачид тархийг хүний булчинтай харьцуулсан байдаг.

Товчхондоо мундаг бүтээлч, агуу амжилттай эрдэмтэн багш, улстөрч болоход сэтгэл зүй шууд нөлөөлдгийг тогтоочихсон. Сэтгэл яагаад уян хатан байна вэ гэхээр орчноос шалтгаалж уян хатан болдог. Өөрөөр хэлбэл та хүүхэдтэйгээ яаж харьцана, хүүхэд тийм л хүн болдог. Аав, ээжүүдэд хандаж зөвлөхөд хүүхдээ математикийн олимпиадын аварга болгох гэж зүтгэхийн оронд сайн аав, сайн ээж, сайн хамтрагч, сайн иргэн, сэтгэлийн хаттай хөдөлмөрч бүтээлч хүн болгоход нь анхаарах хэрэгтэй.

Боловсролын системийг шинэчилнэ гээд байгаагийн гол учир нь энэ. Тэр тархийг нь хөгжүүлэх гээд байгаа юм. Би фэйсбүүкт “Хүүхдээ яаж мундаг хүн болгох вэ?” гэсэн хуудас нээсэн. Сонирхсон нь үзээрэй гэж хэлмээр байна.

Categories
мэдээ нийгэм

Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хонгконгод 2019 оны 6 дугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд:

– 9 дүгээр сарын 7 Хонконгийн олон улсын нисэх буудал

– 9 дүгээр сарын 8 Central-Edinburgh, АНУ-ын ЕКГ

– 9 дүгээр сарын 9 Choi Yuen Estate Theatre, Sheung Shui

– 9 дүгээр сарын 10 Hong Kong стадион, Causeway Bay

– 9 дүгээр сарын 13 Lion Rock Hill, Kowloon Tong, Tai Wai

– 9 дүгээр сарын 14 Tin Sau Road, Tin Shui Wai метроны зогсоол

– 9 дүгээр сарын 16 Revenue Tower, Wan Chai

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид сүүлийн үед эрс ширүүсч молотовын коктейль, мод, төмөр, тоосго, чулуу, чавх болон хурц иртэй зүйлс, хийн буугаар зэвсэглэн Хонгконгийн засгийн байгууллагуудын барилга, метроны буудал, гудамж, замыг эвдэн сүйтгэж, цагдаа нартай мөргөлдөх болсон. Иймд иргэд Та бүхэн Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Ард нийтийн санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

УИХ өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан. Улмаар бямба гаригт Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлттэй холбогдуулан ард нийтийн санал асуулга явуулахаар болсон юм. Тиймээс УИХ өнөөдрөөс Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Ард нийтийн санал асуулгад нийтдээ 29 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.a

Categories
мэдээ нийгэм

Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт /2019.09.08/-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

“Спортын урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх, бие бялдарын хөгжүүлэхэд нэн чухал. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадах талбайтай болж байна. Эндээс олон арван спортын аварга төрөх болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн санаачлан үүсгэн байгуулагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд нээж үг хэллээ.

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтойг тэрээр дурдсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидөд хандан “ нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох хүрээнл “Хүн төвтэй хот” -“Орчин төвтэй хот”- “Төлөвлөлт төвтэй хот” гэж гурван зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө. “Хүн төвтэй хот” зорилтын хүрээнд хүүхэд багачуудыг спортоор сургаж хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой спортын талбай нээлтээ хийж байгаад баяртай байна. Хотын удирдлагууд цаашид Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол гэх мэт бусад дүүргүүдэд спортын талбай нээхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна” хэмээлээ.

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн 2000 хүний суудалтай бөгөөд 18 нэр төрлийн 43 мянган ширхэг бут сөөгийг тарьж, ойр орчмын 80 мянган га талбайг тохижуулжээ.

Categories
мэдээ спорт

Тажикистаны шигшээ баг өнөө өглөө Улаанбаатар хотноо ирлээ

ЙХөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан II шатны “F” хэсэгт багтсан Тажикистаны шигшээ баг өнөө өглөө Москвагаар дамжин Улаанбаатар хотноо ирлээ.

Тэд мягмар гарагийн /2019.09.10/ 17 цагаас Монголын шигшээ багтай хэсгийн 2 дахь тоглолтоо хийх юм. Одоогоор хоёр баг ижил 3 оноотой хэсгээ тэргүүлж байгаа.

Усмон Тошев ахлах дасгалжуулагчтай тажикууд 21 тоглогчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд 3 хаалгач, 7 хамгаалагч, 8 хагас хамгаалагч, 3 довтлогчтой иржээ.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал: Хаалгач: Рустам Ятимов («Истиклол»), Шохрух Киргизбоев («Локомотив-Памир»), Фатхулло Бобоев («Регар-ТадАЗ»),
Хамгаалагч: Хуршед Бекназаров («ПС ТИРА», Индонез), Давронжон Эргашев («Хужанд»), Манучехр Сафаров («Хужанд»), Ахтам Назаров, Искандар Жалилов, Табрези Давлатмир, Зоир Журабоев (бүгд «Истиклол»),

Хагас хамгаалагч: Парвизжон Умарбоев («Локомотив», Болгар), Амирбек Журабоев («Навбахор», Узбекистан), Алишер Жалилов, Эхсони Панжшанбе, Мухаммажон Рахимов, Комрон Турсунов (бүгд «Истиклол»), Кароматулло Саидов («Куктош»), Илхомжон Баротов («Истаравшан»);

Довтлогч: Манучехр Жалилов («Персебая», Индонез), Жахонгир Эргашев («Хужанд»), Шериддин Бобоев («Истиклол»).
Ахлах дасгалжуулагч – Усмон Тошев.

Categories
мэдээ спорт

“Ulaanbaatar MMC Energy” баг 3-р байранд орлоо

Сагсан бөмбөгийн “Ulaanbaatar MMC Energy” баг Филиппинд болсон “3х3 Манила-Дэлхийн гранпри” тэмцээний 3-р байранд орж, дөнгөж сая шагналаа гардан авлаа. Ийнхүү Монголын баг тамирчид маань хоёр долоо хоног дараалан Дэлхийн гранпри тэмцээнүүдэд байр эзэлж, “Токио-2020” олимпийн эрхийн оноогоо амжилттай цуглуулсаар явна. Одоо тус баг есдүгээр сарын 13-14-нд эх орондоо Монгол бөхийн өргөөнд болох “Сүхбаатар Дэлхийн гранпри”-д өрсөлдөх юм. Түүнчлэн энэ өдрүүдэд Мальдивт болсон Ази тивийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй байгуудаас Монголын “Архангай АДМ Тайхар” баг аваргаар шалгарч, эмэгтэй багуудаас “Улаанбаатар Амaзонс” дэд байрын эзэд болов.


Categories
мэдээ улс-төр

Төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэгтэй хамтран өргөн бүрэлдэхүүнтэй хуралдав

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт мэргэжил арга зүйгээр туслах үүрэгтэй Томъёоллын ажлын дэд баг өчигдөр Төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэгтэй хамтран өргөн бүрэлдэхүүнтэй хуралдав.

УИХ-ын чуулганы энэ сарын 07-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ хүрээнд дээрх ажлын багууд хуралдсан юм.

Томъёоллын дэд ажлын багийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өдөр, шөнөгүй олон талаас нь хэлэлцсэн бөгөөд, тэдний олонхын санал авсан зүйл, заалтуудын агуулгыг өөрчлөхгүйгээр зайлшгүй засах шаардлагатай утга найруулга, үг үсгийн алдаатай өгүүлбэрийг нягтлан хэлэлцэж, хуулийн томъёолол болгохоор ажиллана гэдгийг онцолсон.

Хуралдааны үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалтыг одоогийн дагаж мөрдөж байгаа монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу цэгцлэх эсэх асуудлыг тодруулж байлаа. Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал нар Үндсэн хуулийн цэг, таслалыг өөрчлөх нь нэмэлт, өөрчлөлтийн асуудал болдог. Иймд энэ удаа 1992 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа учир тэр үед бичигдэж үлдсэн зөв бичих дүрмийн дагуу төслийн зүйл, заалтынхаа үг үсгийг нийцүүлнэ гэж байлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хүрээнд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр дэмжигдсэн 30 гаруй саналын томьёоллын нэг бүрчлэн нарийвчлан ярилцаад, гаргасан саналаа тайлбарын хамт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд багтай хамтран хуралдаж дахин нягталсан юм.

Хамтарсан хуралдааны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд баг дахин хуралдаж Төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн зүйл, заалт тус бүрийг дахин нягтлаад дэд ажлын багийг санал, тайлбар мэдээллийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багт хүргүүлэхээр тогтов.