Categories
мэдээ нийгэм

Шар дөрвөлжин тэмдэглэгээний дүрмийг 1304 жолооч зөрчжээ

Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг. “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дэлхийн олонх улс орон “Yellow box junctions” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзваруудынаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг. Харин манайд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнгын ачаалалтай уулзварууд болох Цэцэг төв, Үндэсний төв музей, МУБИС зэрэг байршлын уулзварт шар тэмдэглэгээ болон хянах камер байрлуулаад тодорхой хугацаа өнгөрсөн байна.

Энэ хугацаанд дээрх заалтыг зөрчсөн буюу шар тэмдэглэгээг харсаар байж “Зогс” шугамын ард зогсолгүй уулзварт орж хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж түгжрэл саатлыг механикаар үүсгэсэн жолооч нарыг торгох арга хэмжээг авсаар ирсэн. 2019 оны хоёрдугаар сарын 18-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх дөрвөн уулзварын программ хангамжид 21216 машин бүртгэгдснээс 1304 жолооч дээрх заалтыг зөрчиж торгууль хүлээсэн байна гэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллэв.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд асан Л.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа нарыг Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнана

БСШУС-ын сайд асан Л.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа нарыг Япон, Монгол хоёр улсын боловсролын салбар дахь харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнахаар болжээ.

Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа 09 дүгээр сарын 12-ны пүрэв гаригийн 18:30 цагт Элчин сайдын өргөөнд болно.

Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар БНГУ-ын Эссэн хотын орлогч даргатай санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензелийг хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон ХБНГУ-ын Эссэн хотууд 2012 онд хэлэлцээр байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй эмч, сувилагч Герман улсыг зорьж ажлын туршлага солилцсон. Мөн жилдээ 4-5 удаа Герман эмч, сувилагчид Монголд ирж зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгааг уулзалтаар талууд онцлон ярилцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлууд жил ирэх тусам өргөжин тэлж байгаад баяртай байна. Мөн энэ оноос хамтын ажиллагааныхаа хүрээг боловсролын салбараар өргөжүүлэхээр болсонд таатай байна. Цаашдаа бид иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах энэ төслийн үр дүнг илүү амжилттай болгохын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бүх талаар нээлттэй байх болно” хэмээлээ.

“Өнгөрсөн хугацаанд эмнэлгүүдийн халдваргүйжүүлэлт, яаралтай түргэн тусламжийн эмч нарыг бэлтгэхэд анхаарч ажилласан. Цаашдаа эмч, эмнэлгийн ажилчдын сургалтын талд төвлөрч ажиллах сонирхолтой байна” гэж Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензел ярилаа.

Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Чинзориг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, Төслийн эмнэлгийн эрүүл ахуйн холбооны дэд ерөнхийлөгч, Хукомед компанийн халдварын хяналт сэргийлэлтийн дарга Волтер Попп, Эссэн хотын Яаралтай түргэн тусламжийн халдварт өвчний тасгийн дарга Иорг Шпросс, Хукомед компанийн микробиологийн лабораторийн эрхлэгч Михайл Россбург болон холбогдох албаныхан оролцов. Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж, хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Эрдэнэт”-ийн асуудлаар асуулга тавилаа

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа.

Уг асуулгад “Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 07-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд мөнгө захиран зарцуулалт ч төвөгтэй байгаа талаар ЗХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьж байсан. Гэтэл онцгой дэлгэмтэй байх өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд 410 тэрбум төгрөгийн буюу 154 сая ам.долларын үнийн дүн бүхий 197 гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулсан талаарх мэдээлэл тархаад байна. Хэрэв энэ үнэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг Засгийн газар шууд хяналтад авч, хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг хийнэ гэсэн Таны Засгийн газрын шийдвэрийг мушгин гуйвуулж ажиллаж байна. эсвэл эрх баригчид халаасаа зузаатгах ажлаа “Онцгой дэглэм” нэрээр халхавчлан хийж байна гэж ойлгогдох нөхцөл үүсээд байна.

Тиймээс Онцгой дэглэм тогтоосон хугацаанд ажлын хэсэг хэрхэн ажилласан, онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэх мэдээлэл үнэн эсэх, Онгоц дэглэм тогтоосон нь Үндсэн хуульд хэр нийцэж байгаа, Онцгой дэглэмийн хугацаанд нийт хэдэн төгрөгийн худалдан авалт ямар байгууллагатай хийсэн талаар мэдээлэл ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд сонсохыг хүсч байгаагаа мэдэгджээ.


Categories
мэдээ нийгэм

Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ эхэллээ

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо өчигдөр эхэллээ.

Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 20 орчим орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагын баг тамирчид оролцож байна.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Г.Баттөгс, дасгалжуулагчаар НОБГ-ын СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн захирагч, ахмад Н.Адьяадорж нар ажиллаж байна.

Улсын шигшээ багт Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн аврагч, спортын мастер Ц.Балжинням, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, спортын мастер Г.Энхтөр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн салааны захирагч, спортын мастер Б.Эрдэнэсайхан, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн автомашины жолооч А.Баттөмөр, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч Г.Гантулга, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн аврагч Д.Сайнжаргал, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн төгсөгч Г.Дэлгэрдалай, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Г.Цогтбаяр нар багтаж байна.

2017 онд Турк улсын Измир хотноо болсон тус тэмцээний байлдааны тархалтын төрөлд Онцгой байдлын албаны баг тамирчид 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж байсан нь Онцгой байдлын байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны медаль болсноороо онцлог төдийгүй Монгол Улсын Гал унтраах техникийн олон төрөлт спортын энэ төрлийн тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг аравдугаар сарын 30,31-н гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. УИХ-ын чуулганы 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанд оролцсон 58 гишүүний 55 нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-д Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана гэж заасан байдаг. Мөн хуулийн 17.4-т Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд ард нийтийн санал асуулга явуулах болсон шалтгаан, зорилго, санал асуулга эхлэх, дуусах он, сар, өдөр, уг ажлыг зохион байгуулах журмыг тодорхойлно гэж заасныг тодотгоод, тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Г.Занданшатар, О.Содбилэг, Н.Цэрэнбат, Ж.Мөнхбат нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах хөрөнгө, сонгогчдын нэрсийн жагсаалт, бэлтгэл ажилтай холбоотой худалдан авах ажиллагааны талаар тодруулахын зэрэгцээ санал асуулгыг 10 дугаар сарын 23-нд явуулах нь хэр оновчтой хугацаа эсэхийг илүүтэй лавлаж байлаа. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард иргэдэд хэрхэн, яаж танилцуулах талаар тодруулав.

Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан зэрэг холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Тогтоолд ард нийтийн санал асуулга явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тусгажээ. Засгийн газрын нөөцөд энэ хэмжээний мөнгө байхгүй. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй арга хэмжээг санхүүжүүлэхэд гамшиг, аюулт үзэгдэл зэрэг заасан сангийн хөрөнгийг зарцуулна гэж тусгасан байгаа. Иймд хууль зөрчих тул тогтоолыг өөрчлөх хэрэгтэй. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 8.1-д Санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн байгааг тодотгов. Мөн тэрбээр, Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг шийдвэрлэхийн тулд УИХ төсвийн тодотгол хийх бүрэн эрхийн асуудал. Гэхдээ ОУВС-тай хийсэн гэрээний дагуу зардал нэмэхтэй холбоотой асуудлыг хориглосон байгаа ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал учир ойлголцох байх гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсвийг хэвлэн нийтлэх, эхийг иргэдэд таниулах, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад арга хэмжээ зэрэг зардал гарах учраас урьдчилан тооцоолох боломжгүй зардал нэмэгдэнэ гэдгийг гишүүдэд анхааруулж байлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд “Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн дотор явуулахаар Улсын Их Хурал товлон зарлана” гэж заасан байгаа. Энэ дагуу санал асуулга явуулах хугацааг 10 дугаар сарын 23-нд гэсэн байгаа. Гэхдээ шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэхээр 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн санал асуулгыг явуулах бэлтгэл ажлыг хангаж явуулах боломжтой гэв. Түүнчлэн тэрбээр, өнгөрсөн 7 удаагийн сонгуульд ашигласан 2400 компьютерийг актлаад, нөхөн бүрдүүдэх ажилд 4 тэрбум төгрөг зарцуулж, тендер зарлаж, гэрээ хийгээд 10 дугаар сарын эхээр авахаар болоод байна. Энэ ажлыг хуулийн дагуу гүйцэтгэхэд дор хаяж хагас жилийн хугацааг зарцуулсан. Үүнээс гадна сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлыг Худалдан авах тухай хуулиар шийдэхэд дээрх хугацааг зарцуулна. Өмнө нь СЕХ ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад шууд худалдан авах зарчмаар шийддэг байсан гэдгийг тодотгож байлаа.

Өнгөрсөн сонгуулиудаар 1983 хэсгийн хороо байгуулж байсан туршлага бий. Энэ удаагийн санал асуулгын үеэр хэсгийн хороодыг нэмэгдүүлнэ. Оюутнууд, түр оршин суугчдын саналыг хотод авах, хэсэг хуваах, оноолт дээр Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, сумдын Иргэдийн хурал, Засаг дарга Тамгын газруудтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан хариултдаа онцолсон.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэг асуулт нэмж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд нэмж тусгах саналтай байна. Мөн Ерөнхийлөгч өөрийн саналуудаа буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байгааг дурдлаа.

Энэ асуудалд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал хариулт өглөө. Тэрбээр, УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ нь өөрөө цогц ажил бөгөөд үүний нэг нь хоёр дахь хэлэлцүүлгийн дараа Ард нийтээр санал асуулга явуулах юм. Дэгийн тухай хуулийн 4.3-т зааснаар Ард нийтийн санал асуулгыг нэг удаа 3-аас илүүгүй асуулт асуух бөгөөд асуулгын тоо, асуулгыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 17.6-д “Төслийг зөвшөөрөх, эсхүл татгалзах тухай ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж явуулна” гэж заасан байдаг. Мөн уг хуулийн 17.8-д “Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно” гэж илүү нарийвчлан зааж өгсөн байдаг. Ард нийтийн санал асуулгын тухай ерөнхий хууль бөгөөд тусгайлсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримталж нэг асуултаар Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж байлаа. Мөн Ерөнхийлөгчийн гаргасан саналаар бол шинэ Үндсэн хуулийн асуудал яригдах тул шууд санал асуулгын тогтоолд оруулах боломжгүй гэдгийг хариултдаа онцолсон.

Мөн Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой бий. Баталсан эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг асуултаар л санал асуулга явуулна, өөр асуулт байж болохгүй гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгчийн болон Ардчилсан намын зөвлөлийн саналууд хэлэлцүүлгийн явцад дэмжигдэж, оруулж төсөлд тусгагдсан гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ. Тэрбээр цааш нь, уг тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг иргэдэд тайлбарлаж, танилцуулах талаар Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг нийслэлийн Иргэдийн хурал, Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ-д үүрэг өгсөн гэв.

Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нарын зүгээс “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг 10 дугаар сарын 30,31, гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг 19,20” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Түүнчлэн “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан нь зүйтэй гэсэн саналыг томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахаар тогтов.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл , Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал. Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцов.

Ингээд Төслийн зарчмын зөрүүтэй болон найруулгын өөрчлөлт хийсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Томъёоллын ажлын дэд хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг өчигдөр хуралдаж, хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн заалт бүрийг хэлэлцэн, найруулгын өөрчлөлт хийснийг онцоллоо.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ улс-төр

Албан бичиг, УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Е/43 тоот албан бичиг, бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Албан бичигт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас татан авч байгаагаа мэдэгдээд нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх болсныг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа мэдэгдээд, ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байгаагаа дурджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөлдөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулах зарчмын шинжтэй дор дурдсан өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр тусгажээ. Үүнд:

1. Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах;

2.Ард нийтийн санал асуулгыг 2019 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд улс орон даяар явуулах;

3.Гадаадад байгаа Монгол Улсын иргэдээс санал авах ажиллагааг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт 2019 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулах;

4.Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 6.2-т заасны дагуу санал асуулгын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг бэлтгэж батлуулахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд, иргэдэд тайлбарлан таниулах, мэдээллээр хангах хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газарт;

5.Ард нийтийн санал асуулга явуулах болон энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох бусад арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт;

6.Ард нийтийн санал асуулгыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд;

7.Ард нийтийн санал асуулгын иргэний /сонгогчийн/ бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох ажиллагаанд “New image cast” санал тоолох төхөөрөмж ашиглахыг зөвшөөрөх;

Categories
мэдээ нийгэм

“Хүрээ цам-даншиг наадам”-д Ч.Хөхчирэнгэр түрүүлж, даншгийн арслан боллоо

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан “Хүрээ цам-даншиг наадам шашин, соёлын наадам тав дахь жилдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болов.

Наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж даншгийн арслан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, улсын харцага Н.Золбоо үзүүрлэн даншгийн заан боллоо.

Их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, аймгийн харцага Г.Гантулга шалгарч, даншгийн начин цол хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 10260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулсан гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд /2019.09.08/ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж, “Таван толгой түлш” ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа.

“Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 165 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн. Жижиглэнгийн цэгүүдэд 21 мянган тонн түлшийг нөөцөлсөн. Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2300-2500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” хэмээн “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Мөн өнөөдрийг хүртэл 10260 тонн шахмал түлш борлуулсан, иргэдийн зүгээс цэгүүдэд түлшгүй гэсэн гомдол ирээгүй талаарх мэдээллийг өглөө.

Уулзалтын үеэр шахмал түлш тээвэрлэх зарим компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм. Тээвэрлэлт хийх компаниудын зүгээс тодорхой хэдэн шалтгаануудыг дурдаад шахмал түлшийг нөөцлөх, зөөх, ачихад асуудалгүй гэдгээ хэлсэн юм.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ – ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ – ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэх юм байна. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой аж.

Уулзалтын төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан дундын агуулах болон гэрээ байгуулсан цэгүүдэд нэмж шахмал түлш нөөцлөх, хэсгийн ахлагч нартай нарийн холбоотой ажиллаж гэрээ байгуулан ажиллахыг албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын хэрээр шахмал түлшний хадгалалт нөөцлөлтөнд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн замтай, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтойг тэрээр дурдсан юм.

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо