Categories
мэдээ нийгэм

Ирэх сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сум цэвэр ус, дулаанаар хангагдана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллах үеэрээ сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. “Хангайн илч дулаан” ХХК өөрийн хөрөнгөөр Жаргалтхаан сумыг цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 950 метр урт шугам хоолой угсарч ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эхний ээлжинд төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, цаашид бусад хэрэглэгчийг цэвэр ус, дулаанаар хангах юм.

“Хангайн илч дулаан” ХХК ашиглалтын зардлыг мөн өөрсдөө хариуцан 10 жилийн дотор өртгөө нөхсөний дараа улсад хүлээлгэн өгөх юм байна. Тус компани Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ихэнх сумыг цэвэр ус, дулааны шугамаар холбожээ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байгаа “Хангайн илч дулаан” ХХК-ийн удирдлага, хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж амжилт хүсэв.

Тэрээр мөн тус суманд барьж байгаа 35 кВ-ын Цэнхэрмандал дэд станцын өргөтгөл, 44,5 км урт Цэнхэрмандал-Жаргалтхаан цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. Ерөнхий сайд өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймагт томилолтоор ажиллах үедээ Жаргалтхаан сумыг найдвартай эрчим хүчээр хангах цахилгаан дамжуулах агаарын шугам татна гэдгээ амласан юм. Энэ дагуу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК энэ ажлыг гүйцэтгэн 11 дүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Жаргалтхаан сум хоёр талаасаа цахилгааны тэжээлтэй анхны сум болох юм.

Categories
мэдээ нийгэм

Чингис хаан хотод эко автобуснууд нийтийн тээвэрт үйлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотод ажиллах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцлаа.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хотдоо эко цахилгаан автобус нэвтрүүлэх санаачилга гаргасан нь дэмжигдэж одоогоор найман автобус зургаан баг руу батлагдсан цаг, хуваарийн дагуу үйлчилж байна. Цаашид тоог нь нэмэх бөгөөд 50 автобусны буудлын зураг, шаардагдах төсвийг боловсруулан ирэх оны төсөвт тусгуулахаар төлөвлөжээ. УИХ-аар энэ асуудал дэмжигдвэл Чингис хот орчин үеийн шаардлага, өнгө үзэмжид нийцсэн буудалтай болж, нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн нэвтрэх боломжтой юм байна.

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, түлшинд хэмнэлттэй, тав тухтайгаас гадна ахмад настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа энэ жишээг төв суурин газруудад нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Орчны бохирдол үүсгэсэн байгууллагад торгуулийн арга хэмжээ авлаа

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Өгөөмөр өргөө”ХХК-ийн Орд техникийн захад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тус зах нь үйл ажиллагаанаас гарсан тос, тосолгооны хаягдлыг хөрсөнд ил задгай асгаж бохирдуулсан, ахуйн хог хаягдлаа зориулалтын бус газар ил задгай хаясан зөрчлийг таслан зогсоож торгуулийн арга хэмжээ авч тухайн бохирдуулсан хөрсийг цэвэрлэх, ариутгах хугацаатай албан шаардлага өглөө.

Тос тосолгооны материалын хаягдал нь аюултай хог хаягдлын ангилалд ордог бөгөөд тусад нь агуулах саванд бүртгэл хөтлөн хадгалж эрх бүхий байгууллагад шилжүүлж байхыг авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэд, байгууллагуудад зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, энэ сарын 30-нд буюу ирэх даваа гаригт ээлжит бус чуулганыг хаах шийдвэр гаргаж, ирэх сарын 1-нд намрын чуулганыг нээхээр болсон билээ.

2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

1.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;

2.Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

3.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

4.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5.Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;

6.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

9.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

11/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12/Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13/Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

17.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

19.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

20.Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22.Өмгөөллийн тухай хуулийн төсөл;

23.Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24.Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

25.Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

26.Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

27.Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;

28.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

29.Бусад.

Categories
мэдээ нийгэм

Загастайн давааны 67 километр замын асфальтан хучилтыг хийж эхэлжээ

Завхан аймгийн төвийг Нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын асфальтан хучилтыг хийж эхэллээ. Энэ чиглэлийн авто зам нь Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг, хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогддог авто зам юм.

Одоогоор талбай дээр 133 машин механизм, тоног төхөөрөмж, 290 хүн ажиллаж байна.

Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн давааны 67 километр авто замыг 2019 оны 7 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 24.5 хувьтай үргэлжилж байгаа ба энэ жил эхний 30 километрийг ашиглалтад оруулна. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр явуулахаар ажиллаж байна.

Эхний ээлжинд фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх юм. Энэхүү ангиуд нь оюутан залуучууд болон ажил хийдэг залуучуудад зориулж оройн цагаар буюу 18:00 цагаас хичээллэж байгаа юм.

Тус сургалтад хамрагдахыг хүссэн залуучууд нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд өөрийн биеэр ирж бүртгүүлж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг НГБХЗХГ-ын мэргэжилтэн 8877-4344 утаснаас лавлах боломжтой гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба цахим хурал хийлээ

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр, ЭМС-ын тушаалыг хэрэгжүүлэх үүднээс эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Эх барихын, эх барихын бус шалтгаант үжил халдварууд, оношилгоо, эмчилгээ, яаралтай авах арга хэмжээ, зөвлөмж” сэдэвт цахим хурал хийлээ.

Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, 2019 оны эхний 9 сарын байдлаарх Монгол улс дах эхийн эндэгдлийн талаар тойм мэдээллийг танилцуулж, Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч С.Амармандах “Үжил халдвар, оношилгоо, эмчилгээ, яаралтай авах арга хэмжээ, зөвлөмж” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.

Эх барихын, эх барихын бус үжил халдварын шалтгаантай эхийн эндэгдлийн тохиолдлуудад хийсэн сургамж дүгнэлтийг Хүрээ амаржих газрын ЭЭОД Д.Цэцэгээ, Өргөө амаржих газрын чанарын менежер З.Мөнх-Од, зөвлөх эмч Ш.Цэрэнсамбуу, УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч Т.Оюунчимэг нар танилцуулав.

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Амармандах Монгол улсад сүүлийн жилүүдийн эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн шалтгаанд эх барихын үжил халдвар зонхилж байгааг дурьдаад, үжлийн эмнэлзүйн шинжүүдийг эрт таних, илрүүлэхэд оношилгооны биомаркерууд, туслах шинжилгээнүүдийг хийж, өөрчлөлтийг үнэлэн, эмчилгээнд тусгахын ач холбогдлыг онцоллоо. Эх барихын халдварын гол онцлог нь хавсарсан нянгаар үүсгэгдэж, тэсвэртэй штаммаар солигдож байдагтай уялдуулан антибиотик эмчилгээний сонголтыг анхаарах, нянгийн эсрэг эмийн эмчилгээг үр дүнтэй байлгахын тулд эмийг зөв сонгож, тун, хэлбэр, хоорондын зай, хэрэглэх аргыг оновчтой шийдэн, эмчилгээг цаг алдалгүй хийхийг зөвлөв.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн зөвлөх эмч, чанарын менежер, ТСА, СМЗТ-ийн эмч нар, амаржих газрууд, УГТЭ, УНТЭ, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Увс, Завхан, Сүхбаатар аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлага, чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн нар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Багануур, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, дотрын эмч, чанарын менежер, Жаргалант, Гачуурт, Хонхор, Туул тосгоны эх барих эмэгтэйчүүд, өрхийн эмч нарын төлөөлөл бүхий 165 хүн оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн авто зам ирэх сард ашиглалтад орно

Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замыг “Монгол ЛЗ” ХК 2018 оны дөрөвдүгээр сард эхэлж, авто зам барилгын ажил эрчимтэй үргэлжилж байна.

Тус хатуу хучилттай авто замыг энэ оны аравдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө. Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилд 600 гаруй хүн ажиллаж, 180 гаруй гүүр хоолой хийж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батнасан: Парламентын тогтолцоотой улс хамгийн хүчтэй эрх мэдлийг Засгийн газартаа өгөх ёстой


УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууслаа. Таны хувьд Үндсэн хуульд тусгагдсан зүйл заалтуудад ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд хэд хэдэн чухал өөрчлөлт орж байгаа. Үндсэн хуулийг хэдэн Их хурлын гишүүд дур мэдээд хийчихдэг ажил биш. Олон жилийн судалгаанд үндэслэгдэж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр иргэдийг нааштай хандаж байгаа гэж ойлгож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ард түмэнд хүртээлтэй, төр нийгмийн тогтолцоотой холбоотой заалтууд, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зэрэг олон сайн зүйл заалтууд тусгагдсан. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хуульд Засгийн газрыг ирц нь бүрдсэн тохиолдолд гишүүдийн олонх нь огцруулчихдаг. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд нийт гишүүдийн олонхоор огцруулна гэдэг заалт оруулж ирсэн. Ингэхээр 39 гишүүнээр огцруулна гэсэн үг. Энэ нь Засгийн газар тогтвортой ажиллахад гол суурь болох юм. Түүнчлэн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж өгч байгаа нь авууштай зүйл болж байна. Улсын төсөвтэй холбоотойгоор Ерөнхий сайдын оруулж ирсэн улсын төсвийг зардал нэмэхгүй байх заалт оруулж байгаа нь төсвийн сахилга бат сайжруулах төсөв тогтвортой байх гол зохицуулалт болно. Мөн Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдын нэрийг цуг өргөн барих заалт оруулж ирж байгаа. Энэ маш чухал заалт. Түүнчлэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал оруулж ирсэн нь УИХ-д Ерөнхий сайд өөрөө өөртөө итгэл үзүүлэх талаар асуудлаа тавьж болно. Хэрвээ их хурал дэмжихгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох заалт орж ирж байна. Дараагийн чухал асуудал бол давхар дээл. Их хурлын гишүүд Засгийн газрын ажлыг хийхээ больё, зөвхөн хуулиа баталдаг бусад онцгой эрхээ хэрэгжүүлээд явъя гэх үүднээс давхар дээлтэй байх шаардлагагүй гэх зүйл заалтыг би дэмжсэн. Тийм учраас Их хурлын гишүүн давхар дээлтэй байхад зохимжгүй гэдэг дээр саналаа өгсөн. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр таван Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалтаар явахаар боллоо. Миний бодлоор давхар дээлийг 100 хувь тайлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Парламентын тогтолцоотой улсад хамгийн хүчтэй эрх мэдлийг Засгийн газартаа өгөх ёстой. Засгийн газартаа эрх мэдэл өгч байж ажил урагшилна. Тэр үүднээс Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нь өөрөө томилдог байх нь зүйтэй. Өнөөдөр Монгол Улсад тийм ёс зүй байна уу гэдгийг харах хэрэгтэй. Гэхдээ энэ санал унасан. Дээр нь Шүүхийн асуудал. Шүүх засаглалтай холбоотой Их хурлын гишүүдийн өргөн барьсан төсөл дээр нэлээд том заалтуудыг оруулж ирсэн. ШЕЗ, шүүхийн хариуцлагын зөвлөл, Улсын дээд шүүхийн шүүгч нарт тавьдаг шалгуурууд зэрэг тодорхой заасан байсан. Хариуцлага сахилга баттай байя, хуулийн засаглалын дор амьдаръя гэж бодож байгаа бол шүүх засаглалыг гарцаагүй сайжруулахаас өөр аргагүй. Шүүхийн засаглал амин чухал асуудал. Өнөөдөр манайд шүүх засаглал хараат байдлаар ажиллаж байгаа нь үнэн. Угтаа хараат бус ажиллах ёстой биз дээ. Ерөнхийлөгчийн шүүгчийг томилдог, чөлөөлдөг. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ тал дээр дэвшил гарсан. Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно. Шүүгч ямар нэгэн ёс зүйн алдаа, ажлын хариуцлага алдсан зүйл гарвал сахилгын хороо түдгэлзүүлдэг, огцруулдаг болж байгаа. Энэ бол шүүхэд гарч байгаа том дэвшил. Ер нь шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульдаа тусгаад өгөх нь зөв л дөө. Харин одоо шүүх засаглалыг улам сайжруулахын тулд 30 гаруй органик хууль эхний ээлжинд шинэчлэгдэх байх. Энэ хуулиуд дээрээ шүүх засаглалтай холбоотой нарийн зохицуулалтуудыг Их хурал хийж баталж өгөх хэрэгтэй. Энэ үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд ээлээ өгнө.

-Ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцүүлэн засаглалын хэлбэр асуух санал гаргаж ирсэн. Энэ тухайд?

-Ард нийтийн санал асуулга өөрөө хуультай. Хуулийн дагуу л явуулна. Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг батлагдаад дууссан. Хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа ард нийтийн санал асуулга асууж болно гэж хуульд заасан байдаг. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах уу, үгүй юу гэх асуултыг л асууна. Давхардуулж засаглалын хэлбэрийн тогтолцоог асуудаг тийм зүйл заалт хуульд байхгүй.

-Байгалийн баялагтай холбоотой заалт ямар байдлаар орж байна вэ?

-Үндсэн хуульд орсон томоохон өөрчлөлтийн нэг бол байгалийн баялагтай холбоотой заалт. Байгалийн баялагтай холбоотой заалтад нэлээд олон гишүүн санал гаргасан. Бид санал бодлоо солилцоод стратегийн орд байгалийн баялгийн 51 хувийг төр ард түмэн эзэмших нь зүйтэй гэсэн дээр санал нэгдэж хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Байгалийн баялгийн дийлэнх нь ард түмний мэдэлд байна. Ард түмний мэдэлд байна гэхээр баялгийн сан байгуулах болно. Баялгийн санд хуримтлал үүсгэнэ. Баялгийн сан байгуулаад одоогоор 300 орчим тэрбум төгрөг хуримтлуулчихсан байна. Баялгийн сандаа мөнгө хуримтлуулснаар нийгмийн салбар, ажилгүйдэл, ядуурал иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдэхэд манайд маш дөхөм болох юм. Мөн Ирээдүй хуримтлалын өв сан гэх сан байгаа. Бидний ирээдүй болсон үр хүүхдэдээ тодорхой хэмжээний бодит орлогыг үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

-МАН Их хурлыг хугацаанаас нь өмнө тараахаар гарын үсэг зуруулж байгаа талаарх мэдээлэл яваад удаж байна. Та гарын үсгээ зурсан уу?

-Миний хувьд гарын үсэг зураагүй. Энэ асуудалд нухацтай хандах ёстой гэж үзэж байгаа. Батнасан гэх хувь хүн талаасаа илүү би ард түмнээсээ сонгогдсон. Сонгогчдоосоо асуух ёстой. Сая тойрогтоо ажиллаж байхад УИХ тарахыг дэмжиж байгаа хүмүүс ч байна. Хамгийн гол нь төрийн ажлыг явуулахад сэтгэлийн хөөрөл, хувийн эрх ашгийн үүднээс тарна, тарахгүй гэдэг асуудлыг хэлэхэд эрт. Энэ асуудлыг нухацтай судалж хандах нь зүйтэй гэж бодож байгаа.

-Ээлжит бус сонгууль явуулахыг та дэмжих үү?

-Дэмжих, дэмжихгүйгээ сонгогчдоосоо асуумаар байна. Cудалгаа ч явуулмаар байна. Үнэхээр нийгэмд шударга ёс тогтооё, Их хурал тарах нөхцөл байдал хэдийнэ болсон, дараагийн Их хурлыг сонгох нь зүйтэй гэсэн судалгаа, тооцоо баримтлал гарч ирвэл надад татгалзах зүйл алга. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй Их хурлыг тараа гэж байгаа бол тарж болно. Их хурал тарах, ээлжит бус сонгууль явуулах чинь хоёр өөр асуудал. Их хурал тарна гэдэг гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Их хурлын гишүүдийн 51 хувь нь их хурлыг тараагаад дараагийн ээлжит бус чуулганыг хийнэ гэж байгаа бол зөв зүйтэй асуудал байх. Хэн нэгэн хүний хэлснээр Их хурал тардаг тогтолцоо байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

МАНАЙ НИЙТЛЭЛИЙН ДАРАА: Сөнөсөн хот болох хар тавилан холгүйхэн байна

Ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш эрхэм бидэнтэй холбогдлоо. Өмнө нь манай сонинд аян замын тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл гээд олон нийтлэл өгч уншигч олны сонорт санаа оноогоо хүргэж байсан хүн. Гуч шахам жилийн өмнө манай сонины анхдагч болох “Ардын эрх” сонинг үүсгэн байгуулалцаж явсан сэтгүүлч билээ. Аян замын тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, ярилцлагуудаараа хоёр гурван ч ном гаргасан байх. Тэрбээр “Танай сонины өнгөрсөн тав дахийн дугаарт “Замын хөдөлгөөний тэг зогсолт хойтон биш, одооноос эхэлчихээд байна” гэх сайн нийтлэл гарсан байна. Энэ нийтлэлийг би дэмжиж 2010 онд бичиж номд (Монголын шилдэг нийтлэл 32 дугаар боть-2012 он) орсон нийтлэлээ сонинд чинь хэвлүүлмээр байна. Арав шахам жилийн өмнө сэтгэл эмзэглэн бичиж байсан нийслэлийн маань хурц асуудал огт шийдэгдсэн юмгүй улам хурцадсаар өнөөдөр “Тэг зогсолт” гээчийн тухай ярьж байна. Уг нь Э.Бат-Үүл хотын дарга байхдаа өдөрт дөрөв таван зуугаараа орж ирж буй буруу талдаа хүрдтэй хуучин машинуудыг гурван жилийн дараа нийслэлд явуулахгүй байх шийдвэр гаргаж байсан юм. Тэгтэл Ерөнхийлөгч маань “Бат-Үүл ээ, чамд үүнээс өөр хийх чухал ажил асуудал алга уу…”гээд түүнийг мухарлачихсан санагдана. Энэ хавар Зам тээврийн яамны газрын дарга нь Бат-Үүлийн тэр шийдвэртэй төстэй нэг төсөл боловсруулж Их Хурлаар шийд гаргуулахаар шат шатандаа хэлэлцүүлээд нааштай явж байтал Зам тээврийн сайд нь татаад унагаж орхино лээ. Ховдоос сонгогдсон О.Батнасан гээд нэг эрхэм гишүүн сайдыг дэмжсэн аястай “Ард түмний унаа Приусыг хориглох хэрэггүй…” гээд л сүрхий ард түмнээ хайрласан ярилцлага тэр үеэр өгсөн байв. “Ард түмний унаа” гэх энэ нэр эрхэм гишүүд, сайд нарын хувьд ард олноосоо хэдэн санал авах пайзархуу юм болоод байх шиг. Түгжрэл бөглөрөл үүсгэж буй хуучин машины импортыг хязгаарлахгүй цөөн хэдэн сайд, гишүүдийн ам дагаад байвал “Тэг зогсолт” тун ойрхон байна. Ингүүлэхгүйн тулд танай сонин нийслэлийг сөнөөхөд хүрч буй “Тэг зогсолт” гэх энэ онцгой гамшгийг шефлэн авч төр засаг, олон түмний дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж Улаанбаатараа авраач. Нийслэлийнхний хувьд энэ гамшиг “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээс ч илүү эмзэг асуудал болоод байна. Энэ гамшгийг дарж чадвал танай сонины мөнхийн гавьяа тэр болно оо” хэмээн тэр ярив. Түүний нийтлэлийг доор нийтлэв.

Утаа угаарандаа хахаж, шороо тоосондоо булагдсан манай нийслэл чинь гадна дотныхныг татах биш, айлгаж дайжуулах талбар болж байна.

Гудамж, зам нь бөглөрч тагларч, хэрүүл хараал урсгаж стресст автсан Улаанбаатарынханд, удирдлага, дарга даамлынхаа сонорт хүргэчихмээр энгийн жишиг, арга барил хилийн чанадаар бишгүй дээ нэг. Урдхан бичсэн улс орны тэмдэглэлд ч нэлээд нь дурдагдсан. Манай нийслэлээс хэд дахиад хөгшин, хүн ам, машин тэрэгнийхээ тоогоор хэдэн арав нугалсан Америк, Европын хотууд цэцэг ногоондоо умбаад л, гудамж талбай нь цэмбийгээд л, хөл хөдөлгөөн нь дэгжрээд байх юм. Гэтэл манай залуухан нийслэлд хүн амьдрах аргагүй болоод эхэллээ. Хуучин машин чихээд л, завсар зай гарвал шавар амбаар шавааралдуулаад байвал Улаанбаатар маань сөнөсөн галт уул гэдэг шиг сөнөсөн хот болох хар тавилан холгүйхэн байна.

Метроогоо хурдан бариач! Нийтийн тээврээ анхаараач ээ! Хуучин машин хэдэн мянгаар нь оруулж хотоо хогийн сав, утааны уурхай болгохоо болиоч ээ гэмээр байна. Уг нь хуулиар хориглох нь хотдоо ч, иргэддээ ч, ирээдүйдээ ч ач тустай байсан даа. Хоёр талын жолоо зөвшөөрдгөө ч болимоор. Хэдэн зуун жилийн настай хөгшин Европын хотуудыг сана даа эрхэм дээдсүүд ээ, их хурлын томчууд аа! Лондон найман том цэцэрлэгт хүрээлэнтэй, Берлин, Парис бүгд л түүнээс дутахгүй цэцэрлэгүүдтэй ногоон хот. Москва, Бээжин ч манай нийслэлийн хажууд тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн шүү дээ. Тэдний хажууд нас залуу, цус шингэн гэгдэх Улаанбаатар минь даанч дээ гэхээр. Утаа униар, тоос шороо, бөглөрөл тагларал… Хөгшин хотуудын насан дээр энэ байдлаараа очно гэвэл хүн амьтангүй сөнөсөн галт уул шиг юм байна байх даа. Учир юунд байна вэ?

Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг төв цэцэрлэгт хүрээлэнгээрээ их алдаршсан. 340өөд га талбайтай энэ том цэцэрлэг зоопарк, дархан цаазат газар, хэд хэдэн нуур цөөрөм, усан оргилууруудтай. Зөвхөн энэхүү ногоон цэцэрлэгийн төв паркийг үзэхээр жилд 35 сая гаруй жуулчид Нью-Йоркт ирдэг гэнэ лээ.

Өвгөн Лондон 10 сая хүнтэй. Дээр дурдсан найман том цэцэрлэгт хүрээлэнгийнх нь нэг нь гэхэд л манай хүүхдийн паркийг дөрөв тав нугалахуйц талбайтай юм. Тэдний нэг болох Кензингтоны цэцэрлэгт хүрээлэн манай элчин сайдын яамны арын гудамжнаас эхэлдэг. Ой мод, нуур цөөрөмтэй тэр цэцэрлэгт хүүхэд, хөгшид, охид залуус хэн хүнгүй л суух нь сууж, аажуу тайван алхах нь алхаж, зарим нь зүлэг ногоон дээр бас гүйж чийрэгжих нь чийрэгжиж, ёстой л тааваараа тарвалзацгаах юм билээ. Нуур цөөрөм нь хун, галуу элбэгтэй. Талх боов мэтийг гараас шүүрэх нь холгүй. Хүүхэд, багачууд аман дахиа тэдэнтэй хуваалцаж, хөгшчүүд хоол тэжээл бэлтгэн ирж буян үйлдэх. Том хотын сайхан хөдөө. Манай хотын дарга, даамлууд, Улсын Их Хурлын хэд маань элчингийнхээ зэргэлдээх тэр цэцэрлэгээр орсон байж таараа. Тиймэрхүү цэцэрлэгт хүрээлэнтэй болох юмсан таминь ээ. Лондонгийн зам бөглөрч тагларч байхтай та нар бараг таараагүй байх аа. Харин яаж зохицуулдгийг нь сонссон болов уу?

Мэдээж замын хураамж өндөр, зогсоол их үнэтэй. Бас нэг, хоёрдугаар бүс буюу төв рүү ороход хураамж бүр өндөр болно. Тэнд байнга оршин сууж амьдардаг хүмүүсийн машин тэрэг ялгавартай хураамжтай. Тэдний бүсээс хотын төвийн бүс рүү орох машин тэргийг дугаараар нь өдөр гаригаар хязгаарласан журамтай. Манайхан тэр тэгш, сондгой дугаар гэдгийг хэрэгжүүлэх гэж нэг үзээд зогсчихсон. Бас гаднаас оруулдаг хуучин машиныг хориглох гэж их хурлын хэд маань яриа хөөрөө, дуулиан шуугиан болгоод л орхичихсон. Ядарсан иргэдээ ялгаварлаад яахав гээд хууль дүрмээ хэвээр үлдээх шиг болсон. Одоо тэгээд юу болж байна вэ? Ядарсан нь ч, задарсан нь ч хөдөлж чадахгүй түгжрээд л. Уг нь нийтийн эрх ашиг, ажил төрөлд ач тустай тиймэрхүү дүрэм журмыг зоригтойхон гаргаад зоримог хэрэгжүүлмээр. Хотын төв рүү нэг хоёр хүнтэй ордог эксел, элентрагаа цөөлж байж замын бөглөө таглаагаа багасгана. Бас ингэж гэмээ нь автобус, троллейбусандаа явах, үйлчлэх боломж гаргах шүү дээ. Нэг хоёр хүн тээдэг, нэг хоёр сая төгрөгөөр оруулж ирсэн Япон, Солонгосын ямбийгаар хамаг замаа бөглөчихөөд хоёр гурван зуугаар тээх нийтийн тээврийг замаас нь шахаж орхихоор нийслэл маань бөглөөтэй таглаатайгаа, хэрүүлтэй уруултайгаа байхаас аргагүй дээ. Онигоо маягийн нэг яриаг хэн хүнгүй сонссон доо. Түүнийг сануулга болгоод нэг давтаж орхиё. Хотын гудамжинд хоёр найз таарч гэнэ. Нэг нь машинтай, нөгөө нь явган. Хурдан хурдан алхаж яваа найзыгаа машинтай нь “Алив, суугаадах. Би хүргээд өгье” гэж. Гэтэл нөгөөдөх нь “Үгүй үгүй, би их яарч явна” гээд суугаагүй гэдэг. Манай нийслэлийн өнгө төрх мөн шүү. Лондонгийн алдартай давхар улаан автобус өөрийн тэмдэгтэй замаар саадгүй, хөлсний тэрэг, тэр байтугай зочин төлөөлөгчийн лимузинээс ч саад багатайхан давхиж байдаг юм билээ. Томоохон компанийн захирлууд, бас Араб, Азид суудаг манай зарим Элчин сайдуудтай алдарт улааныг хөлөглөөд Лондонг үзэж харах завшаан надад тохиолдсон юм. Тав тух алдсан юмгүй, үздэгээ үзэж хараад сэтгэл хангалуун явцгааж байсан. Хэн нийтийн улаанаар явж байна, хэн лимузинээр ирж байна гэдэг тэнд огт сонин биш, хэрэгцээ хангаж л байвал аль нь ч ялгаагүй юм билээ. Нэг тохиолдлыг санасан дээрээ хурдхан бичээд орхиё. Лондон дахь манай элчингийнхэн шинэ жилээ Элчин сайдын яамныхаа байранд тэмдэглэж байв. Английн Парламентын гишүүн, нэгэн танхимын дарга Жон Гроган хэмээх ноёнтон уригдан оролцов. Монголтой дотно холбоотой ажилладаг аж. Тэр ч утгаараа хоёр хоногийн өмнө манай хэсгийнхнийг Парламентын ордонтой, нөгөө алдартай Лордын танхим энэ тэртэй тухтай танилцуулж бүр өөрөө хөтөч, тайлбарч хийн үйлчилж байсан нэгэн. Тийм болохоор түүнийг Элчин сайдын яамнаас явахад нь манайхны нэг нь дотносож элчингийн ажилтантай хамт гарч түүнийг үдэлцсэн юм. “Нөгөө Жон чинь унаагүй яваа юм байна. Автобусанд сууна гээд гүйчихлээ” гэсээр манай анд нөхөр гайхсан аястай орж ирэв. Элчин сайд Б.Алтангэрэл:

-Эднийхний дүр төрх ер нь иймэрхүү дээ. Машин тэрэг хөлөглөснөөс автобус, метро нь амар гэдэг юм. Мэдээж эдийн засагт ч нэмэртэй. Улс орон нь нийтийн тээвэр, түүнийхээ зам харгуй, дүрэм журамдаа өндөр ач холбогдол өгөөд хөгжүүлчихсэн юм. Хар лимузинээс буув уу, улаан автобусаар ирэв үү гэдгийг хэн ч сонирхохгүй, хэрэг зориг нь цаг хугацаандаа бүтэж байвал аль нь ч ялгаагүй болсон улс орон доо гэв.

Удирдагчид маань энүүхэн энгийн гэмээр дүр зургаас бодлогоо гаргаасай гэсэндээ үүнийг өгүүлэв. Машин тэрэг, зам мам гэсээр нөгөө эхэлсэн зүлэг, ногоо, цэцэрлэг паркаасаа алсгалчихаж. Дээр цухас дурдсан найман том цэцэрлэг паркаас гадна жижгэвтэр цэцэрлэг, ой шугуй гэвэл Лондонд бишгүй. Манайхнаас ялгаатай нь тэр ногоон байгууламжаас нь сөөм газар, нэг ч бут сөөг устаж үгүй болдоггүй, харин ч нэмэгдсээр байдаг аж. Барилга, байшин барьж устгах нь бүр ч нүгэл юм байх. Бээжин, Москва хэмээх хоёр хөршийн нийслэл ч ногоон бодлогын хотууд. Нэг хүнд оногдох ногоон байгууламжаа бүр хуульчлаад өгчихсөн. Түүнийгээ ч хатуу баримталдаг юм билээ. Барилга байшин шинээр барихад нь зүлэг ногоо, мод, бут ямар талбайтай байхыг нь заагаад түүнийгээ ягштал баримтлуулдаг аж. Нийслэл нь гэлтгүй хилийн цаадах хот тосгодууд ч ялгаагүй мөн тийм гэдгийг манайхан Эрээн, Хөх хот, УлаанҮд, Эрхүүгийн нүүр царайнаас бишгүйдээ л нэг харсан даа.

Утаатай, тоос тортогтой Улаанбаатар маань уушги нь болсон ногоон байгууламжийнхаа асуудлыг ёстой л нэг шийдэх шиг болдог нь гол харламаар. Манайхан баруун гараараа барьж босгосноо зүүнээрээ устгадаг зантай. Гадныхан ч ингэж ёжлох болж. Хавартаа хувин сав, хүрз шуудай болоод л мод, бут хаа сайгүй суулгацгаана. Гэтэл хажууханд нь модтой, буттай сайхан ногоон талбайг хэнэг ч үгүй устгаад л байшин сав барьж эхлэх. Үүний жишээ бол, өдий төдий.

Пионерийн ордны цэлгэр том хашаа тэр чигээрээ ногоон цэцэрлэг байлаа. ДСНК буюу Оросын соёл шинжлэх ухааны ордон эргэн тойрондоо ой модтой сайхан цэцэрлэгтэй байлаа. Аль алиныг нь агаар чийгт дургүй, мөнгөнд дуртай хотын авлигач түшмэдүүд хайр найргүй хядуулж хэдэн байр байшин бариулаад дашийн шог. Паркийн нэг хэсэг зүлэг ногоо, мод бутыг бас ингээд л устгасан. Хотын төвд хөндөгдөөгүй тэсэж үлдсэн Засгийн газрын арын сайхан цэцэрлэгийг Парламентын ордны байшин гээч нь удахгүй залгих гэнэ. Туулын ногоон бургасыг хядаад барилга байшин барьцгааж л байна. Уушгиныхаа үзүүрээс тайрч танаад байна гэдгээ мэдэж л баймаар юм даа, хотын боссууд минь ээ. Хөрсний бохирдол гээч хар аюул нийслэлд хүн амьдрахын аргагүй болгоод байна.

Улаанбаатар шиг уушгины ч, зүрхний ч, хөл гарны ч бодлогогүй нийслэл хот дэлхийд ер нь байхгүй байх шүү. Идэр залуугаараа үхэж, мөхөж буй хот гэвэл дэлхий Улаанбаатарыг нэрлэх биз. Эрчимт эмчилгээ, онцгой мэс засал үхлээс аварч магадгүй дээ, хөөрхий Утаанбаатарыг, хөөрхий Шороонбаатарыг, хөөрхий Бөглөөбаатарыг. Элбэгээ “эмч” анхны санаачлагч нь, одоо өндөр эрх мэдэлтэн болсон болохоороо нөгөө ярьж байсан Хархорин руугаа шилжүүлэн суулгах “мэс заслыг” нүд анихаас нь өмнө хурдхан хийгээсэй дээ. Казахстаны Н.Назарбаев Алматагаа амрааж Астанад нийслэлээ суурьшууллаа. Сурах, судлах ийм жишээ ойрхон байна шүү дээ.

2010 оны XII сар. Лондон-Улаанбаатар