Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгааллын чиглэлээр “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтарна

БСШУСЯ Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагатай хүүхэд хамгааллын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч Филиф, Ийвэрт нар гарын үсэг зурав. Энэ хүрээнд боловсролын салбарт хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах юм.

Тодруулбал, хүүхдийг сургалтын орчинд бие мах бодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрүүлэхийн тулд тэдний амьдрах ур чадварыг нэмэгдүүлэх замаар бэрхшээлийг даван туулах, аливаа хүчирхийлэл дарамт, мөлжлөгөөс өөрийгөө хамгаалах ур чадварыг сайжруулах юм. Мөн боловсролын орчинд ажиллаж буй хүний нөөцийг “Хүмүүжлийн эерэг арга”-д сургаж, хүүхэдтэй эерэгээр үр дүнтэй ажиллах чадавхийг бэхжүүлэх, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлаар оролцогч талууд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулна.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласан. Ерөнхий сайд Засгийн газрын түвшинд хүүхэд хамгааллын асуудалд нэлээд анхаарлаа хандуулж байна. Бид өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд хэрэглэгч” уриан дор зохион байгуулж, хүүхдийн хоол хүнс, хувцас, цүнх хэрэглэлээс эхлээд шаардлага хангаж байгаа эсэхэд олны анхаарлыг хандуулах нөлөөллийн ажлыг хийсэн. Мөн хүүхдэд хориотой хүнс сурталчлах, буруу үлгэр дуурайлал үзүүлэх аливаа нэвтрүүлэг, сурталчилгааг 21:00 цагаас өмнө гаргахыг хориглох тухай холбогдох байгууллагуудтай санамж бичиг байгуулсан. Олон Улсын байгууллага, төрийн бус байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах нь үр дүнтэй гэж үзэж байна. Санамж бичиг бол байгуулаад өнгөрдөг зүйл биш. Тодорхой зорилт дэвшүүлж, хөтөлбөр гарган хамтрагч талууд үүрэг хүлээн харилцан хэрэгжүүлж, хяналтаа тавьдаг” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: Орос улстай байгуулсан “Иж бүрэн стратегийн гэрээ” хугацаагүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчиллаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд угтан авч, халуун дотноор тэврэлдэж, нэгэндээ Халхын голын дайны ялалтын түүхт ойн баярын мэндийг хүргэсэн. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт халуун дулаан уур амьсгал дунд өрнөж, 80 жилийн өмнө дайны талбарт амь насаа хайрлаагүй ард түмнүүд болох Монгол, Оросын харилцаа төр засгийн төдийгүй ард түмний сэтгэлд ойр дотно байдгийг харууллаа гэж ойлгож байгаа.

-Айлчлалаар цөөнгүй гэрээ үзэглэсэн ч эдийн засгийн чигийн тохироо хийгдсэнгүй гэх шүүмжлэлүүд байна л даа.

-Орос, Монголын эдийн засгийн харилцаа, худалдаа сүүлийн үед өргөжиж байгаа. Ерөнхийлөгч Путиныг дагалдан ирсэн компаниудын жагсаалтыг харахад л ойлгомжтой байх. Хамтран ажиллах талбар маш их бий. Саяын айлчлалын гол зорилго нь эдийн засгийн асуудал шийдэхээсээ илүү бүх салбарын харилцааны үндэс болсон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн гэрээгээ өргөтгөж иж бүрэн болгож шинэчлэн байгуулсан явдал байлаа.

Өмнөх буюу 1993 онд байгуулсан нь 20 жилийн хугацаатай, сунгагддаг хэлэлцээр байсан. Энэ удаад хугацаагүйгээр байгуулснаараа онцлог. Энэ бол итгэлцлийн хамгийн дээд илэрхийлэл. Мөн бүхий л салбарт, тэр дундаа эдийн засгийн талаар хамтран ажиллах маш тодорхой зүйлүүдийг оруулсан. 25 жилээр байгуулсан 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх транзит тээврийн тухай гэрээгээ хүртэл үүнд оруулсан. 25 жилийн дараа бид иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнийхээ хүрээнд дахин сунгаж өгөөч гэж хүсэх боломжийг эндээ анхнаас нь тусгаж өгч байгаа юм. Энэ айлчлалын үр дүнд стратегийн түншлэл байгуулсан таван улсаас хоёр хөршийнх маань хугацаагүй, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнүүд болсон. Гуравдагч хөрш болох АНУ, Энэтхэг, Японтой стратегийн түншлэлийн гэрээтэй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа аваад стратегийн түншлэлтэй улсуудаараа айлчлал хийх зорилт тавьсан. Одоо есдүгээр сарын 19-24-нд Энэтхэг улсад, аравдугаар сарын 20-доор Япон улсад айлчилна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлогын зорилтууд эхнээсээ биелж байна.

ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл бүхий л харилцааны суурь болж байгаа юм. Одоо энэ харилцаан дээр эдийн засгийн болон бусад салбарууд дээрээ хамтран ажиллах боломжтой. Харилцааныхаа суурийг итгэлцлийн дээд хэмжээнд хүргэсэн нь хамгийн чухал алхам боллоо. Энэ гэрээ бол саяын айлчлалаар хийгдсэн 10 гэрээний хамгийн чухал нь.

-Бид ОХУ-ын тал зөвшөөрөхөөс өөр аргагүй үндэслэлтэй бодлого төлөвлөгөө гаргаж байж л санаснаа ажил хэрэг болгох юм биш үү. Жишээ нь, татварын асуудлаар ч юм уу?

-Монгол Улс “Евразийн эдийн засгийн холбоо”-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар зөвхөн Оросын төдийгүй Евразийн холбооны бүх улсуудын зах зээл нээгдэж байгаа. Татварыг зөвхөн Оросын хэмжээнд биш, нийт “Евразийн эдийн засгийн холбоо”-ны улсуудын хооронд бууруулахаар хэлэлцээ хийх нь зүйтэй гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн, дэмжинэ гэдэгээ илэрхийлсэн. Энэ асуудлыг Засгийн газар хөөцөлдөөд ажил хэрэг болговол манай бараа татваргүй орно гэсэн үг.

-Айлчлалын үеэр 100 тэрбум рублийн зээл хүссэн. Энэ зээл зөвхөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажилд зарцуулагдах уу?

-УБТЗ компанийн шинэчлэлийн төсөл, мөн ТЭЦ-III-ын шинэчлэлд зориулж энэ зээлийг авахаар ярилцсан. Зүүнбаян-Ханги чиглэлийн 200 гаруй км төмөр зам барих ажлыг УБТЗ-д өгсөн тул тэр ажилдаа бас зарцуулна. УБТЗ авах зээл дээр Засгийн газрын баталгаа гаргахгүй, ТЭЦ-III дээр гаргаж магадгүй. УБТЗ-ыг бид зах зээлийнх нь горимд шилжүүлж, зээл аваад төлж чадах хэмжээний компани болгох зорилт тавьж байгаа. Дээрээс нь Зүүнбаянд ирж байгаа Таван толгойн төмөр замтай холбоод, Зүүнбаянгаас Ханги мандалаар гарах хоёр дахь гарцаа гаргахгүй бол Замын-Үүд боомт улам өсөн нэмэгдэж байгаа транзит болон экспортын ачааг тээвэрлэж чадахгүй байгаа. Мөн Таван толгойгоос Зүүнбаянд ирсэн нүүрс мөн Ханги боомтоор урагшаа гарч, Хятад улсын төмөр замтай холбогдох юм. Гашуунсухайтаар гарч байгаа нь Шинхуа компанийн хувийн төмөр замтай холбогддог. Тэнд дааж давшгүй тариф тогтоогоод байгаа учраас бид Хятад улсын төмөр замтай Монгол Улсын төмөр замыг холбох зорилго тавьж байгаа. Таван толгойгоос Зүүнбаян хүрэх төмөр замыг шинээр тавих ажил эхэлсэн байгаа. Энэ төмөр зам цааш хоёр сална. 100 тэрбум рублиэр Зүүнбаян-Ханги мандалын төмөр замыг барихаас гадна гол магистраль шугам Сүхбаатар-Замын Үүдийн 1100 км төмөр замыг нэн яаралтай шинэчилж замын аюулгүй байдлаа хангах болон нэвтрэх чадвараа нэмэгдүүлнэ. Таван толгойн нүүрс Сайншандад ирсний дараа Замын-Үүдээр урагшаа, Сүхбаатар өртөөгөөр хойшоо чиглэлээр нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Мөн Ханги боомтоор Хятадын төмөр замтай холбогдоно. Сайншандаас Чойбалсан хүрэх төмөр замаас салаалж Бичигтийн боомтоор холбогдоно. Дэлхийн гангын 50 хувийг үйлдвэрлэж байгаа Хятад улстай олон холболтоор холбогдсоноор Гашуунсухайтын монополийг устгаж нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр зардаг болно. Харин хойд хилээрээ гарсны дараа баруун тийшээ Хар далайн боомт, зүүн тийшээ Номхон далайн боомт Владивостоктой холбогдоно гэсэн үг.

-Эдгээр боломжуудаа ашигласнаар Монголд унацтай байх нь ойлгомжтой байх?

-Зургаан тэрбум тонн нүүрсийг аль болох олон чиглэлээр гаргаж байж төдий чинээ том зах зээл нээгдэнэ. Олон худалдан авагчтай болсноор дэлхийн зах зээлийн үнээр зарна. Одоогийн 10 сая тонн жижигт тооцогдох болно. Өнөөдөр зөвхөн Гашуунсухайтаар гаргах гэсэн “MCS”-ийн амиа бодсон бодлоос болоод бусад гарцууд ажиллахгүй байна. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Хаянхярваа нар Зүүнбаян-Таван толгойн төмөр замыг бариулахгүй гэж яасан их эсэргүүцэв. Гэхдээ тэр эсэргүүцлээс үл хамаараад төмөр зам баригддагаараа л баригдана.

-Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс-Таван толгой” ХК, “Фэско” групп хамтарсан нүүрсний терминал байгуулах ТЭЗҮ-ээ Ерөнхийлөгчид танилцуулсан байсан. Тэр талаар тодруулаач?

-Сая боомтоо сонгоод, ТЭЗҮ хийгээд дууссанаа Ерөнхийлөгчид гардуулсан. “Эрдэнэс-Таван толгой” ХК, “Фэско” групп хамтраад хийсэн ажлаа Ерөнхийлөгчид танилцуулсан. Төсөл хэрэгжсэнээр Монголын нүүрс төдийгүй контейнер гурав дахь зах зээлд гарах боломж бүрдэнэ. Ер нь Ерөнхийлөгчийн жил бүрийн Владивостокын айлчлал үр дүнтэй байна. Эхний жилээ 66 хувийн хөнгөлөлттэй тарифыг шийдүүлж авч, дараа жил нь гэрээ байгуулагдаж баталгаажсан. Ингэснээр манай ачаа Орос болон Хятадын нутгаар дамжиж далайд хүрэх тариф ив ижилхэн болж байгаа юм.

-Хэдийгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх бол?

-2022 онд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Жилд дунджаар зургаан сая тонн нүүрс нэвтрүүлэх боломжтой. Харин 2024 он гэхэд боомтоор нэвтрэх нүүрсийг жилдээ 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан. Япон улсын нүүрс худалдан авах компаниуд гэрээ байгуулах юм бол бид хойд чиглэлийн экспортоо эхэлнэ. Гэхдээ Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсны маргаашнаас эхлээд.

-Чуулганы үеэр Японы ерөнхий сайд Абэ Шинзотой уулзсан. Уулзалтаар нааштай үр дүнд хүрсэн гэж ойлгосон.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Японы ерөнхий сайд Абэ Шинзотой уулзахдаа “Зүүнбаянгийн төмөр замд зээл авъя гэсэн бүтээгүй, гэхдээ бид Таван толгойн цэвэр ашгаараа 414.6 км төмөр замын ажлаа дуусгана. Харин “Эрдэнэс-Таван толгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхлээд байна. Иймд худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байна” гэдэг ажил хэрэгч санал тавьсан. Бид зээл тусламж гуйгаагүй, зах зээлийн үнээр наймаа хийе гэдэг л санал тавьсан хэрэг. Японы талд ч гэсэн Таван толгойн коксжих нүүрс хэрэгтэй учир нааштайгаар хүлээж авсан. Японы ерөнхий сайд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Таван толгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ хэлж байсан. Алс хэтдээ Таван толгойн нүүрс гуравдагч зах зээлд хүрэх, ажил хэрэг болох боломж нэг алхмаар урагшилж байна гэсэн үг.

Ер нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нүүрсний борлуулагч шиг л ажиллаж байна. “Ямар их нүүрс ярьдаг юм” гэж хэлүүлтлээ л Монголын ард түмний баялгийг үнэд хүргэхийн төлөө ажиллаж байгаа. Хэрэв бид Цаофэйдянь боомтоор 30 сая тонн, Владивостокоор 10 сая тонн нүүрс гаргадаг болчихвол хэдэн арван жил баталгаатай ажиллаж чадна. Зургаан тэрбум тонноо 40 сая тоннд хуваагаад үзэхэд ойролцоогоор бид 150-иад жил үргэлжлэх бизнесийн тухай ярьж байгаа юм шүү дээ. Эрдэнэс Таван толгой компанид Засгийн газрын төдийгүй бүх монголчуудын хувьцаа байгаа.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах тухай яригддаг. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр ч манай улсын төрийн тэргүүн хөндөж ярьжээ. Ажил хэрэг болох боломж хэр байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний талаар 2018 оноос хойш ярьж байгаа. ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулган нь эдийн засаг, дэд бүтэц хамтын ажиллагааны талбар юм. ОХУ-ын хувьд Алс Дорнодоо хөгжүүлэх бодлого, бусад улсуудын хувьд Алс Дорнодын хөгжилд нь оролцох бололцоо юм. Манай улсын хувьд нүүрснийхээ экспортыг хэдэн сая тонноор нь Владивостокийн ойролцоох боомтууд руу шилжүүлэх гэж байна. Энэ мэтчилэн тодорхой зорилгуудтай. Энэ бол явж байгаа ажил. Зүүн хойд Азийн улсууд хоорондоо худалдаа наймаагаа чөлөөтэй хийе гэж байгаа. Цахилгааныхаа эрчим хүчний системээр холбогдчихвол яасан юм бэ гэж ч ярьж байна. Манайхаас “Монголын эрчим хүчний нүүрсийг тээвэрлээд БНСУ, Японд аваачин цахилгаан үйлдвэрлэхээр замын зардал нь үнэтэй. Түүний оронд нүүрсээ газар дээр нь цахилгаан болгож хувиргаад, түүнийгээ тогтмол гүйдлийн бараг алдагдалгүй цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамаар явуулбал хямд байх нь. Та бүхэн дэлхий даяар нүүрс худалдаж аваад цахилгаан үйлдвэрлээд 1 квт цагийг нь 25 ам.центээр зарж байна. Монголд зургаан центээр үйлдвэрлээд, дамжуулахтайгаа нийлээд найман центээр танай улсын хил рүү оруулж чадна. Энэ нь аль ч талдаа ашигтай” гэдэг саналыг анх тавьсан юм. Зүүн хойд Азийн ОХУ, Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон гэсэн зургаан улс бий. Эдгээрээс БНСУ, Япон хоёрт 1 квт цаг цахилгаан 25 цент байна. БНАСАУ-ын хувьд цахилгааны маш их дутагдалтай. Харин нөгөө гурван улс нь цахилгаан эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Жишээ нь, Монголд хүрэн нүүрс, нар, салхи, уран бий. ОХУ-д нүүрс, нефть, газ, усан цахилгаан станц байна. БНХАУ гэхэд бүх төрлийн нөөцтэйгөөс гадна маш их нүүрсний болон нар салхины станц барьчихсан. Цахилгаан эрчим хүч импортолдог байсан бол одоо экспортолдог болчихлоо.

-Гурван улс нь цахилгаан эрчим хүчээр хангаад үлдсэн гурав нь хэрэглээд байх боломжтой гэж харж байгаа байх нь.

-Энэ бизнес эхэлчих юм бол хэдэн зуун жилийн турш үргэлжилнэ. Зүүн хойд Азид дэлхийн хамгийн их цахилгаан хэрэглэдэг долоон улсын дөрөв нь байрладаг. Улс болгон өөрсдийнхөө цахилгаан эрчим хүчний зах зээлийн тодорхой хэсгийг нээж өгөх юм шүү дээ. Жишээ нь, Япон улс цахилгаан эрчим хүчнийхээ 10 хувийг ч юм уу ОХУ, Монгол, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаанаар хангах боломжтой. Боломжтой гэсний учир нь Япон улс 3000 км радиус дотор байгаа юм. Өнөөдөр Хятадын “Стэйт грид” гэх дэлхийн хамгийн том цахилгаан сүлжээний компани 3000 км-т 3.5 хувийн алдагдалтай дамжуулдаг тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн шугамын технологийг ажиллуулчихсан. Одоо 11 дэх шугамаа барьж байна. Энэ нь Монголд тог үйлдвэрлээд Япон луу хүргэх боломжийг олгоно. БНСУ мөн ялгаагүй. Хойд Солонгос өөрөө заавал станц барихгүйгээр ОХУ, Монгол, БНХАУ-ын тог дээр ажиллаж болно. Ингэж хамтарвал энэ зургаан улс хоорондоо итгэлцлийн өндөр түвшинд хүрч эдийн засгаа холбоно гэсэн үг. Нийлүүлэгч улсууд нь худалдан авагч улсуудынхаа тогийг хэзээ ч таслахгүй байх гэдэг итгэл найдвартай байх ёстой. Тиймдээ ч итгэлийн сүлжээ болж байгаа юм. Энэ зургаан улсынхаа цахилгаан эрчим хүчний системийг холбож тодорхой хэсгийг нь нэг удирдлагатай болгоё гэдэг санааг Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Владивостокийн Алс дорнодын эдийн засгийн форумаас ярьж эхэлсэн. 2019 онд бид үүнийхээ биелэлтийг ярилаа. Зургадугаар сард Улаанбаатарын яриа хэлэлцээрээр зургаан улсын тавынх нь төлөөллүүдтэй тохиролцон есдүгээр сарын 4-нд болох Владивостокийн энэхүү чуулганаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байсан юм. Гэтэл Улаанбаатарын яриа хэлэлцээрээс хойш Япон, Өмнөд Солонгос хоорондын харилцаа муудсантай холбоотойгоор санамж бичигт гарын үсэг зурахаа больчихлоо. Ямартаа ч ОХУ, Монгол, БНХАУ гурав санал нэгдсэн. Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр ОХУ-ын цахилгаан сүлжээний “Россети” болон манай “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан. “Эрдэнэс Монгол” Монголын талаа төлөөлөөд энэ том сүлжээнд оролцох болно. Тус компанид хүрэн нүүрсний уурхай хязгааргүй их нөөц байгаа. Манай хүрэн нүүрсний нөөц 150 тэрбум тонн юм билээ. Гэтэл ТЭЦ-IV жилдээ гурван сая тонн нүүрс л хэрэглэж байна. Тэгэхээр энэ бүх нүүрс, нар, салхийг тог болгоод экспортлох юм бол вагоноор ямар нэгэн уул уурхайн бүтээгдэхүүн зөөхгүй, ажлын байр нь Монголд үлдэнэ. Вагоноор зөөхөөр өрсөлдөх чадваргүй болоод байна. Коксжих нүүрс шиг үнэтэй барааг л вагоноор зөөж болох юм. Дээр нь Монголын нар салхины нөөц 1.2 тераватт.

-ОХУ-ын зүгээс жижиг оврын атомын цахилгаан станц барих санал хэлдэг. Энэ талаарх яриа хөндөгдсөн үү?

-ОХУ өөрөө тэрийг туршиж байгаа. Хамгийн анхны хөвдөг атомын цахилгаан станц сая ашиглалтад орж байна лээ. Бид ураныхаа нөөцийг ашиглаж, атомын цахилгаан станцтай орнуудыг түлшээр хангах тухай одооноос бодох хэрэгтэй. Какахстаны бэлэн жишээ байна. Шар нунтагаа Росатомд өгөөд түлш болгож хувиргаад дэлхий даяаар экспортолж байгаа.

-Хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэхийг ОХУ дэмжсэн. БНХАУ-ын байр суурь хэрхэхээр байна вэ?

-БНХАУ-ын тал худалдаж авах үнэ дээрээ хэлэлцээр хийх байх. Нэг холбочих юм бол 50 жил тасралтгүй явна шүү дээ. Тэгэхээр Оросын зардаг, Хятадын худалдан авдаг компани үнээ тохирч байж энэ бизнес эхэлнэ. Техникийн хувьд боломжтой, Монголын нутгаар явахад саадгүй. Голцуу талаар явчих нь.

-Эгийн голын цахилгаан станц барих асуудлын тухай яригдсан уу. Ажил хэрэг болох боломж бий юү?

-Одоогоор Байгал нуурт үзүүлэх сөрөг нөлөөг судлах судалгааны ажил явж байгаа. Тэр дуусах хүртэл ямар нэгэн зүйл ярихгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн гаргасан төсөл, саналаас 20 хувь нь л орж байна гэж та мэдээлсэн. хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд ямархуу дүр зурагтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт залуучуудын ярьдгаар” будаа болсон”. Анх Ерөнхийлөгч 64 гишүүнтэй МАН реформын чанартай өөрчлөлт хийчих юм байна гэж итгэж байсан. Харин одоо үндсэн саналууд хэлэлцүүлгийн явцад унаад реформын шинжтэй өөрчлөлт биш боллоо.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Ардчилсан намын шаардлагаар МАН Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээсээ асуух гэж байгаад Ерөнхийлөгч баяр хүргэсэн. Гэхдээ зөвхөн одоогийн оруулсан өөрчлөлтөө асууж болохгүй. Энэ өөрчлөлт нь иргэдийн хүсэн хүлээсэн өөрчлөлт биш учраас Үндсэн хуулийн 3.1-т “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан тул төр засаг нь ямаршуу хэлбэртэй байхаа ард түмнээсээ асуу гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалтай байх эсэхийг асуу гэсэн үг. Одоо энэ Их хурал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан болоод тараад 2019 ондоо багтааж сонгуулиа хийг. Энэ болох сонгуулиар дараагийн УИХ-ын гишүүдийг сонгохоос гадна ард нийтийн санал асуулгыг цуг явуулна. АНСА-аар иргэд Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалын аль нэгийг сонгоно. Дараагийн УИХ-ыг ард түмний сонгосон системийн дагуу шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж ард түмнээрээ хэлэлцүүлж батлуулаад тар гэдэг ийм нөхцөлтэйгөөр сонгуулиа хийвэл яасан юм бэ гэдэг санал гаргана. Ямар засаглалтай байхыгаа ард түмэн сонгог. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол АНУ-ын Үндсэн хуулийг үндэс болгож болно. Хэрэв парламентын засаглалыг сонговол Германы Үндсэн хуулийг хуулж болно. 1992 онд баахан улсын баахан Үндсэн хуулиас энэ ч зүгээр, тэр ч зүгээр гэх мэтээр гибрид хууль хийгээд үр дүн нь өнөөдрийнх.

-Гэхдээ манай хөрсөнд буух уу?

-Мэдээж ямар ч систем сонгосон Монголынхоо хөрсөнд буулгана. Энэ хоёр улсын Үндсэн хуулийг суурь болгож аваад Монголынхоо нөхцөлд тааруулаад л хэрэглэх хэрэгтэй. Учир нь эцсийн үгийг ард түмэн хэлэх ёстой. УИХ-ын гишүүд ард түмэн парламентын засаглалтай болъё гэж байна гэж хэлээд байна. Гэтэл нэг хэсэг хүмүүс нь Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд байна шүү дээ. Бүтэлгүй 76 гишүүнтэй төрд хариуцлага хүлээдэг хүнгүй болсон, 30 жил болоход олигтой ажил төрөлтэй болж чадахгүй байна. Энэний оронд эрх мэдэл нь тэнцвэртэй хуваарилагдсан хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалтай, бие биенээ чөдөрлөдөг биш, хөгжил дэвшилд хүргэдэг шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж чаддаг, чадахгүй бол зайгаа тавьж өгдөг тийм л төртэй болох хүсэл нийт монголчуудад байна.

-Дарангуйлал руу орно гэж шүүмжилдэг шүү дээ.

-АНУ дарангуйлалтай улс юм уу. Трамп дарангуйлагч юм уу. Тэнд маш сайн зохицуулалтууд байна. Тэр шүүмжлэгч нар бол энэ замбараагүй парламентыг үргэлжлүүлэх гэсэн л хүний үг. 30 жилийн турш, монголчууд парламентыг сонгосон гэж ард түмний нэрийн өмнөөс шийдсээр ирлээ. УИХ гишүүдийн олонх нь ЖДҮ зээл авчихаад хариуцлага хүлээдэггүй ийм л системтэй болсон. Үндсэн хуулийн 3.1-д бичсэн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд” байдаг юм бол ямар засаглалтай байхаа эхлээд асуучих.

-Путиныг ирэх үеэр түүнийг цахим ертөнцөөр мууллаа гэж зарим иргэдийг шалгаж, тЕг-аас гэрт нь очсон гэх юм. Етг-аас иймэрхүү мэдээлэл өгсөн үү?

-Тэр бол цагдаа, тагнуулын хийх ёстой ажил. Гэхдээ тийм биш байх. Ярьж байгаа хүмүүс нь элий, балай улсууд байгаа. Тэр Элийрэгч гээд нөхөр Ерөнхийлөгчийг хүн амины хэрэг захиалсан гэж гүтгэсэн, тэр үйлдлийнхээ төлөө зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан. Тэр өргөдлийг бол ЕТГ-аас өгсөн.

-Өөр өргөдөл, гомдол өгөөгүй гэсэн үг үү?

-Өгөөгүй. Үндсэн хуулийн 36 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Би үүнийг л биелүүлж байгаа. ЕТГ хууль биелүүлэх үүрэгтэй. Сайндаа биш, энэ хүнийг дөрвөн жилдээ Монгол Улсаа төлөөл гэж ард түмний олонх нь сонгочихоод маргаашнаас нь муулаад байж болохгүй. Болохгүй учир нь дээрх заалтаас эхэлдэг, үүнийг хамгаалдаг бүхэл бүтэн системтэй. Ерөнхийлөгчөө алуурчин гээд өдөр болгон бичээд байвал хариуцлага тооцож л таарна. Зам, тээврийн яаман дээр болсон хүн амины хэргийг л Ерөнхийлөгчтэй холбоод байгаа юм. Холбох ямар ч утга учир байхгүй. Сайд байхад нь тэр хүн ажиллаж л байсан байгаа юм. Хэдэн зуун хүнээс хэнийг нь тэр гэхэв. Хэрэв дахин ийм зүйл болбол дахиад л торгуулна. Олон удаа давтагдаад байвал эрүү үүснэ, ял авна. Бид хууль биелүүлдэг нийгэмд амьдарч байгаа. Дэлхийн бүх улс л ийм.

-гэхдээ трамп өөрийг нь мууллаа гэж гомдол мэдүүлдэггүй юм биш үү?

-Трамп хүн алсан гээд биччихвэл тэрийгээ нотол, чадахгүй бол шүүхэд өгөөд хариуцлага тооцдог шүү дээ. Трамп, Х.Баттулга муу хүн гэж хэлж, бичиж болно. Тэгж бичихэд бид огт эмзэглэхгүй. Энэ бол шүүмжлэл. Бас Өнөрчимэг гээд өвчтэй хүн бий. Надад гавьяат өгсөнгүй гээд л муулаад байгаа. Харин тэр хүн муулах нь хэрээс хэтэрч гэмт хэрэгт гүтгээд эхэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ ялгаа заагийг бүгдээрээ мэдэх ёстой. Үг хэлэх эрх чөлөө гэдэг юу дуртайгаа ярих эрх чөлөө биш. Нэр төрийг нь Үндсэн хуулиар хамгаалсан цорын ганц төрийн албан хаагч бол Ерөнхийлөгч. Ингэлээ гээд бусад хүмүүсийг доромжлоод байж болохгүй л дээ. Бусад иргэдийнх ч гэсэн хуулиар хамгаалагдсан. Гүтгэж болохгүй.

-Владивостокт болсон чуулганы үеэр ану-ын ерөнхийлөгч д.трампын оху-ын ерөнхийлөгч В.В.Путин руу ярьсан эсэх тухай яриа өрнөсөн гэх мэдээллүүд гарч байна л даа. энэ талаар сонирхуулаач?

-“Россия” сувгийн сэтгүүлч , хөтлөгч Сергей Брилев “Миний дараагийн асуултад нэг их битгий гайхаарай. Нэг зүйл сонирхол татаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс асуух гэсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтонд байсан өдөр АНУ-ын ерөнхийлөгч Трамп, ерөнхийлөгч Путин нар утсаар ярьсан байх юм. Та ямар нэг зүйл хийсэн юм уу. Та Трамп ерөнхийлөгчийг Путин ерөнхийлөгч рүү утсаар яриулсан уу. Энэ талаараа бидэнтэй хуваалцаж болох уу” гэсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга “Том гүрнүүд хоорондоо ойлголцдоггүй асуудал гэж байдаг юм шиг байна. Гэхдээ “Сибирьт гурван сая га газар ойн түймэрт автсан. Хүнээр зүйрлэвэл Сибирь дэлхийн уушги юм. Та ОХУ-ын ерөнхийлөгч рүү утасдаад хүмүүнлэгийн талаасаа санаа зовж байгаагаа илэрхийлж болдоггүй юм уу” гэсэн. Ийм л зүйл болсон юм. Тэр үед ерөнхийлөгч Путин “Тэгж ярьсан. Намайг урьд нь хаана ажиллаж байсныг мэднэ биз дээ” гэж хошигносон юм. Энэ тухай Оросын хэвлэлүүдээр маш их гарч байна лээ. Мөн сэтгүүлч, хөтлөгч Сергей Брилев Ерөнхийлөгч Х.Баттулгыг индэрт урихдаа трибуна дараа нь подиумд урьж байна гэж хэлсэн л дээ. Хоёр утгатай үг. Тэрээр энэ тухайгаа “Хурлын индэр гэж хэлэх ёстой байтал андуураад дэвжээ гээд хэлчихлээ” гэхэд Путин “Тэгэлгүй яахав. Энэ хүн чинь самбо бөхийн дэлхийн аварга, биеийг нь хар л даа, индэр дээр ч дэвжээн дээр ч алзахгүй” гэдгийг хэлж байсан. Энэ мэт зүйлүүд хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцаа ойр дотно байгааг илтгэж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлийн ажил эхэлснээс хойш гурван сарын хугацаанд түр зам дээр 70 шахам зам тээврийн осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтээд байна. Түүнээс хойш хэд хэдэн ноцтой осол гарсан юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 28-ны шөнө Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан нийтийн тээврийн том оврын автобус осолдож, 30 гаруй иргэн зорчиж явснаас нэг нь нас барж, таван хүн гэмтсэн билээ. Түүнчлэн, эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр зам дээр иргэд автомашинаа эвдэх, осол гаргаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байгааг албаны хүмүүс хэлсэн юм. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Иймд олон нийтийн зүгээс Дарханы зам хугацаандаа ашиглалтад орох уу гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Энэ талаар бид Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодруулахад “Хоцрогдлыг арилгуулах шаардлага өгсөн. Энэтхэгийн зөвлөх компани өдөр тутмын хяналтаа тавьж байна. Төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнийг нээнэ” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, замын засвар, шинэчлэлийн ажлын явц 28 орчим хувьтай явааг онцолж, хоцрогдолтой байгаа 2, 4 дүгээр багцын ажлыг эрчимжүүлж хоцрогдлыг арилгуулж хөдөлгөөнийг нээнэ хэмээлээ. Мөн компаниудтай байгуулсан нэг жилийн хугацаатай гэрээ ирэх оны зургадугаар сард дуусна гэдгийг сануулж байсан юм.

Үүний дараахан салбарын сайд Б.Энх-Амгалан Дарханы замын засвар, шинэчлэлийн ажил хугацаандаа багтахгүй хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Авто замын бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай явагдаж байна. Таван багц болгон тендер зарлаж ажил гүйцэтгэж байгаагаас хоёр, дөрөвдүгээр багцын ажил удаашралтай байна. Яамнаас газрын дарга нар, ажлын хэсэг оролцсон хурлыг хэд хэдэн удаа хийсний үр дүнд техник, ажиллах хүч нэмэгдсэн. Гүйцэтгэгч байгууллага хугацаандаа дуусгана гэсэн боловч бодит байдал дээр тийм боломж харагдахгүй байна. Бид ажлаа шуурхайлахыг шахсаар байна” хэмээн ярив.

Хоцрогдолтой яваа 2, 4 дүгээр багцын ажлыг гүйцэтгэж буй компанийн тухайд техник, тоног төхөөрөмжөө оруулж ирэх, мэргэжлийн боловсон хүчний зөвшөөрөл авах, туслан гүйцэтгэгч компаниудтай үнээ тохирох асуудал удааширснаас ийн ажил “уягджээ”. Тус замыг Хятадын “Шиньжан рөүд” компани гүйцэтгэж байгаа аж. Иймд салбарын яамнаас хугацаатай үүрэг өгч, энэ долоо хоногт ажлын явцтай танилцаж, шаардлагатай гэж үзвэл гэрээг цуцлах асуудлыг хөндөнө хэмээлээ.

Замын инженерүүдийн тайлбарлаж байгаагаар хэдий хэр хугацааны хоцрогдолтой яваагаас ихээхэн зүйл хамаарна. Хэрэв олон хоногийн хоцрогдолтой бол хугацааг нөхөж ажиллахад ихээхэн төвөгтэй. Ялангуяа, үүнд цаг агаарын нөхцөл байдлыг сайн тооцоолох хэрэгтэй. Тиймээс салбарын сайдын хэлсэнчлэн ирэх арваннэгдүгээр сард Дарханы замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дуусч, бүхэлд нь ашиглалтад оруулах боломжгүй байна. Тэгвэл Зам, тээвэр хөгжлийн яамны зарим удирдлага Дарханы зам арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнөө бүрэн нээх мэтээр ярьж, ард түмэнд ташаа ойлголт өгөх хэрэг юу байсан бэ. Бухимдалтай байгаа иргэдийг тайвшруулах гэж оролдов уу, эсвэл шахаж шаардаж байгаад хугацаанд нь ашиглалтад өгч сайддаа сайрхах гэв үү. Ямартаа ч олон нийтийн хамгийн их хүлээлттэй, ач холбогдол өгч буй асуудлаар ташаа мэдээлэл өгөх нь зүйд нийцэхгүй юм.

Г.БАТ

Categories
мэдээ цаг-үе

Батцагаан цогчин дуганы нээлт боллоо

Монголд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн гэж үздэг. Хүннүгийн үеийн овог аймгуудын дунд анх дэлгэрч байжээ. Хоёр дахь үеийн түүх нь Чингисийн үеийн 32 их хаадын үед дэлгэрч байсан юм байна. Харин Түвэдийн Алтан хан болон Монголын гуравдугаар далай лам Содномжамц нар уулзсанаас хойш Монголын бурхан шашны гуравдугаар үеийн дэлгэрэлт эхэлсэн гэж үздэг юм байна. Үүнээс хойш Өндөр гэгээн Занабазарын үед хүчтэй дэлгэрч байжээ. Анх түүнийг таван настайд нь Ширээ цагаан нуурт шар усан орд өргөөг байгуулж, Өндөр гэгээнийг Богдод залж байсан юм байна. Үүнээс хойш 1654 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд Сарьдгийн хийдэд анхны цогчин дуганы суурийг тавьж, хурал ном хурж эхэлжээ. Энэ нь тухайн үеийн халх ойрадуудын зөрчилдөөнөөс болж Өндөр гэгээнийг дүрвэж явах үед Сарьдгийн хийд устсан байна. Үүний дараа Батцагаан цогчин дуганы эхлэл 1706 онд Эрдэнийн Цэнхэр хэмээх газар тавигдаж байжээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа нүүж Төв гандан хийдийн ойролцоо одоогийн Монголын Үндэсний их сургуулийн байранд сууриншил хэлбэрээр байх болж. Гэсэн ч хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж мөн л алга болсон байна. Харин 2006 оны үед сүсэгтнүүд болон гандан хийдийн зүгээс төрд удаа дараа хүсэлт тавьж байжээ. Энэ нь үр дүнд хүрч анхны их хурлын тогтоол 2007 онд гарч байсан юм байна. Үе үеийн Засгийн газар анхаарал тавьж ажилласнаар буддын соёл, монголчуудын өв соёлыг сурталчлах хэмжээний, 1,080 лам хурах бололцоо бүхий, Батцагаан цогчин дугана намрын эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр үүдээ нээлээ.

Батцагаан дуганы нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын зарим гишүүд оролцсон юм.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Монголын төрийн зүгээс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурхны шашнаа дэмжих бодлого хэрэгжиж, түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний Батцагаан дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгч байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ шүтэж бишрэх эрх чөлөөг эдлэхэд тав тухтай орчин боломжийг бүрдүүлсэн, сүсэгтэн олны сэтгэлд нийцсэн үйл явдал болж байна” гэж хэлсэн юм. Дуганы нээлтийг тохиолдуулан “Самвад III” эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулсан бөгөөд бурхны шашинтай Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланк, Мьянмар, Тайланд, Бангладеш зэрэг 18 орны 80 гаруй шашны болон энх тайвны зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачид ирж оролцсон юм. Үүнтэй холбоотойгоор төрийн тусгай хамгаалалтынхан дуганы үүдэнд хамгаалалт авчихсан байлаа. Хандив өргөсөн сүсэгтэн олон үүдээр нь ч шагайж чадахгүй буцаж байсан юм. Нээлтийн ажиллагаа нь сүсэгтэн олонд ямар ч хүртээлгүй, мандат зүүсэн гадны зочид төлөөлөгчид л бужигнасан үйл ажиллагаа болсон. Мандат олгосон цөөхөн сэтгүүлчдээ л дотогш нь оруулсан юм.

Батцагаан цогчин дуганы шил, толь болсон хоёр давхар барилга Гандантэгчинлэн хийдийн сэлүүхэн хашаанд сүндэрлэсэн байна. Дуганы үүдээр ороход хамгийн түрүүнд музейн тасалгаа нүдэнд тусна. Музейд 150-иад жилийн өмнө монгол урчуудын хийсэн шавар бурхдыг залсан харагдлаа. Эдгээр бурхдыг өмнө нь үзмэрт гаргаж байгаагүй юм байна. Мөн Өндөр гэгээний Сосорбарам гэж өөрийнх нь гоц хийцтэй бурхан шүтээнүүдийг залжээ. 1000 гаруй жилийн түүхтэй Логишир бурхныг залсан байна. Логишир бурхныг энэрэн нэгүүлсэх сэтгэлийг даасан юм байна. Мөн үе үеийн есөн Богдын өөрсдийнх нь эдэлж хэрэглэж байсан дээл хувцсыг алтан сан хөмрөгөөсөө гаргаж музейдээ залсан байна. Батцагаан цогчин дугана байгуулагдсанаар олны хүртээл болгох боломж нь нээгдсэн талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн, бурхан сангийн лам М.Ганхуяг хэлж байлаа. Мөн Сияанямбуу гавжийн 1900-1996 онд амьдарч байсан гэрийг үзмэрт байршуулсан байна. Энэхүү гэрийг Сияанямбуугийн хүүхдүүд нь музейд хандивласан гэнэ. Музейн үүдэнд бурханч лам Ч.Пүрэвбатын шавь нартайгаа хамтарч бүтээсэн макет орсон гарсан хэний ч хараа татах юм билээ.

Музейн хоёр талд олон улсын хурал зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломжтой заал харагдлаа. Тус бүр нь 100-120 хүний суудалтай юм байна. Энэ давхарт, лам нар болон сүсэгтэн олон тухлахад зориулагдсан кофе шопыг байршуулсан байна лээ. Харин хоёрдугаар давхарт лам нар ном хурахад зориулагдсан заал байна. Дугана, хийдэд олон хүн цуглахад тулгардаг бэрхшээл нь агааржуулалтын асуудал байдаг. Батцагаан цогчин дуганын лам нар хурдаг саруулхан зааланд агааржуулалтын асуудлыг төгс шийдэж өгсөн байна лээ. 1080 лам хурах бололцоотой гэнэ. Заалны хойморт завилж суусан хүнтэй дүйх хэмжээний том бурхныг залсан харагдлаа. Уг бурхныг Өндөр гэгээний гоц хийцтэй бурхан багшаас хэв авч бүтээсэн нь дуганы гол шүтээн болжээ. Уг бурхныг Энэтхэгийн Засгийн газраас өргөсөн юм байна. Ерөнхийлөгч Х.Баттулга болон дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам нарын залсан бурхдыг хоймортоо залсан харагдлаа.


Цогчин уншлагын талаар Гандантэгчинлэн хийдийн шашны дээд сургуулийн багш, Б.Жамбалаас тодрууллаа.

-Цогчин уншлага, хурлын ач холбогдлын талаар тодруулахгүй юу?

-Даян дэлхийн хүн, амьтан амар амгалан, энх тунх байхад зориулж өдөр болгон уншдаг ном. Үүнийг Цогчин буюу өдөр тутмын уншлагын хурал гэж нэрлэдэг. Бид хүмүүсийн төлөө залбирч ном уншина гэдэг нь тухайн хуралд ирсэн хүн өөрийнхөө сэтгэлд байгаа хиртэй зүйлийг наминчилахад, бусдын сайн сайхны төлөө өөрөө залбирал үйлдэхэд, өөрийнхөө дотоод сэтгэлийг наминчилж, гадна ертөнцөд бусад сайн сайхан байхын төлөө залбирч ерөөл тавьж байгаа уншлагын дээд хэлбэр бол өдөр тутмын цогчин хурал юм.

-Ер нь буян хураах ямар арга хэлбэрүүд байдаг вэ?

-Буяныг хураах олон арга бий. Чуулсан олон улс нэгэн сайн зүйлийг залбирч бодсоны үндсэн дээр бурханлаг оршихуй буюу бүгдийг тэгшитгэдэг амгалан зүйл байдаг. Иймийн тухайд хийд орон гэж байгуулагдаад, тухайн буяныг нийтэд хамруулж зохион байгуулж байгаа хэлбэр.


-Цогчин уншлагад бичиг үсэг, соёл шингэсэн байдаг гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цогчин уншлагад монголчуудын өмсөж байсан өмсгөл, хувцас соёл, хэрэглээний бичиг үсгийн соёл зэргийг шингээсэн байдаг. Энэ утгаараа Цогчин хурал гэдэг бол манайхны тусгайлан хурдаг хурал. Жишээ нь, аврал одуулах уншлага гэдэг бол Чойжил гавжийн Ламиран сэмбрээ буюу үлгэрт тайлбар гэдэг номонд “Аврал одуулах уншлагыг монголчууд гаргасан, тэр дундаа Өндөр гэгээн гаргасан” гэж тэмдэглэсэн байдаг. Бидний уншиж байгаа уншлагыг нарийндаа Түвдээр уншиж байгаа гэж хэлж байгаа боловч дотор ороод үзэхэд монголчуудын өөрсдийнх нь ахуй болсон уншлага номнууд байдаг.

-Батцагаан цогчин дуганы нээлт олон хүний анхаарал татаж байх шиг. Олныг гайхшируулахаар ямар дурсгал байдаг вэ. Сонирхуулахгүй юу?

-Өндөр гэгээний өөрийн гараар бүтээсэн Очирдарь шүтээн гэхэд л Батцагаан дуганы гол шүтээн нь. Өндөр гэгээний өөрийн гараар бүтээсэн шүтээн. Уран дархчуудтай ярьж байхад энд тэндхийн музейнүүдэд тавигдсан бүтээл солигдох тохиолдлууд гарч байна гэж хэлдэг. Харин дархчууд ирээд залагдсан шүтээнүүдийг хараад “Яг Өндөр гэгээний хийц мөн байна шүү дээ” гэж уулга алддаг.

-Музейн үзмэр тогтмол байх уу. Эсвэл буцаагаад татах уу?

-Энэ үзмэрүүд тогтмол байна. Дуганы музейд газар газрын шүтээн байгаа. Бид бүгд 21 аймаг дүүргүүдээс улбаатай улс шүү дээ. Тэр газар бүрийн нандин шүтээнүүд бүгд Ганданд бий. Бид төсөл хэрэгжүүлээд цаашаа явахаар төлөвлөсөн юм бий. Музейг одоохондоо үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Алсдаа гадаад дотоодын жуулчдад зориулсан тусгай төлбөртэй үзүүлэнтэй болох байх. Бид музейгээ цаашид 5D болгочих юм сан гэж боддог юм. Нутгийнхаа нэрээр хайхад л шүтээн нь гараад ирдэг тохиргоотой болгочихвол гэж боддог доо. Ийм технологи манайд аль түрүүн нэвтэрчихсэн шүү дээ. Гандан хийд маань гадна дотноос санхүүжилтгүй, өөрсдийнхөөрөө явж байгаа тодорхой дараалалтайгаар асуудал шийдэгдэх байх. Аль болох хүн зоныхоо сэтгэлд нь хүрсэн сайхан зүйлийг хүргэх юмсан даа гээд санаж явна.

-Батцагаан цогчин хийдийн шүтээнүүд яг юу юу даадаг вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Амьтны ажил үйлсийг дээшлүүлэхийн тухайд цагаан, ногоон дарь эх, нас буяныг дээшлүүлэхийн тухайд цагаан дарь эх, үйлсийг дээшлүүлэхийн тухайд ногоон дарь эх ч гэдэг юм уу ийм үйлчилгээтэй байдаг.

Батцагаан цогчин дуганы музейд Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланк, Тайланд, Бангладеш зэрэг орнуудын бурхан шашны холбогдолтой үзмэрүүдийг дэлгэсэн байна. Эдгээр нь өмнө нь ямар нэгэн музейд дэлгэгдэж байгаагүй юм байна. Сонирхсон хэн бүхэнд Батцагаан цогчин хийдийн музей үнэ төлбөргүй үйлчилж байгаа ажээ. Эрт үеийн богдуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болоод хувцас хэрэглэлийг сонирхсон иргэдийн хөлд музейн танхим дарагдсан байна лээ. Сүсэгтэн олон сэтгэлээ ариусгаад гарахад таатай орчин Батцагаан хийдэд бүрдсэн байна. Энд автомашины зогсоол, зоогийн газар, бие засах газар зэргийг цогцоор нь шийдэж өгчээ. Харин гаднаас нь харахад шил толь болсон гоёмсог барилга эгц өндөр шаттай юм билээ. Дуганыг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч зорьдог. Харин тэргэнцэртэй иргэнийг шатаар түрж гаргах боломжгүй харагдсан. Тэд дотогш нэвтрэхэд түвэгтэй юм билээ. Энэ талаар иргэд ам муутай байсан. Энэ мэтчилэн сүсэгтнүүдээ бодоогүй шийдэл хэд хэд ажиглагдсан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй зөрчилд арга хэмжээ авлаа

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Цома төвийн 1 давхарт байрлах “Олон үндэстний зоог” цайны газарт хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд арга хэмжээ авч, улсын байцаагчын албан даалгавараар хугацаатай үүрэг өгч гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.




Categories
мэдээ нийгэм

Б.Баттулга “Пүрэвтунгалагийн шинжилгээний бичгийг эмч хараад маш олон үзүүлэлт муу байгааг хэлсэн”

Өнөөдөр чөлөөт бөхийн залуу тамирчин М.Пүрэвтунгалаг болон түүний ар гэрийнхэн “Монголын чөлөөт бөхийн холбоо бие дээр нь хатиг гарсан, бэлтгэл дутуу гэдэг шалтгаанаар анх удаа ДАШТ-д зодоглох эрх авсныг нь хүчингүй болгож, оронд нь ДАШТ-ийн мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна гэж хэвлэлийн хурал хийсэн. Уг хэвлэлийн хурлын дараа “Арслан” клубийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “М.Пүрэвтунгалагийн хувьд зургадугаар сарын 27-нд шигшээ баг цуглуулахад биендээ 3-4 хатигтай байсан. Шигшээ багийн эмч хатигийг нь сарын хугацаанд эмчилсэн, эмчилсэн гэдэг нь ахиж гараагүй гэсэн үг. Уг хатиг нь гарахдаа үндсэндээ давтамжтай буюу дөрөв тав хоног гараад, арилаад, ахиад хэд хоногийн дараа үргэлжлүүлж гарч байсан. Бид хатиг гарсан тамирчныг бэлтгэлээс чөлөөлдөг. Ингээд бид М.Пүрэвтунгалагийг юуны учир ингэж хатиг гараад байгаад мэдэхээр цусанд нь шинжилгээ хийсэн. Эрүүл мэндийн асуудал хувь хүний нууц учир өөрөө шинжлүүлсэн боловч 40 гаруй хоног өнгөрчхөөд байхад шинжилгээний бичгээ авч ирээгүй. Энэ хугацаанд бид М.Пүрэвтунгалагийг олон улсын тэмцээн болон бусад улс орнуудтай хамтран хийж буй бэлтгэлд авч явсан. Ингээд Турк улсад 14 хоногийн эрчимжүүлсэн бэлтгэлд орсон эхний долоо хоногт хатиг нь буцаад гарч эхэлсэн. Ирээд бид “Говь ресорт”-д мөн бэлтгэл хийсэн. Арилчихсан байсан хатиг нь бэлтгэлийн эхний долоо хоногт ахиад л гараад ирсэн. Ингээд биеийн хувьд асуудалтай байгаа энэ тамирчныг яах тухай хэлэлцэхээр шийдвэрлэх болсон тухайгаа зарласны дараа л шинжилгээний бичгээ авч ирж байгаа юм. Шинжилгээний бичгийг эмч хараад маш олон үзүүлэлт муу байгааг хэлсэн. Иймд хурал хийж дараагийн тамирчныг явуулахаар шийдвэрлэсэн” гэлээ.

Түүнийг мэдээлэл хийж дууссаны дараа сэтгүүлчид асуулт асуулаа.

-Алтан медаль хүртсэн тамирчин ДАШТ-д явах боломжгүй үед мөнгөн медаль авсан тамирчин явах ёстой. Яагаад Э.Сумъяаг явуулахаар шийдвэрлэв?

-Зургаан жинд тамирчид жин давхардаж явсан. Гэмтэл бэртэл авбал дараагийн тамирчныг сонгох эрх Шигшээ багийн журамд бий.

–Шинжилгээний бичигт М.Пүрэвтунгалаг тамирчны юу нь сөрөг үзүүлэлттэй гарсан юм бэ?

-Миний хувьд шинжилгээтэй холбоотой нарийн зүйлийг ярихгүй, эмч хэлж мэднэ. Миний санаж байгаагаар цагаан эс нь 0-2 байх ёстой байхаас 38-40, нянгаас өөр өвчин дамжих магадлалтай байхад яагаад та нар энэ тамирчныг гадаад руу авч явж байгаа юм гэдэг шүүмжлэл хүртсэн. Хатиг нь энэ хоёр сарын хугацаанд дөрөв тав хоног гараад ахиад алга болоод, дахин буцаад гардаг байсан. Есдүгээр сарын 03-нд “Говь ресорт”-д гарч бодит байдалтай танилцахад хатиг гарсан байсан. Тав хоногийн өмнө гэсэн үг шүү дээ. Э.Сумъяатай барилдуулахад 30:0-ээр ялагдсан. Энэ шийдвэр тамирчинтай огт хамаагүй. Татвар төлөгчийн хувьд энэ шийдвэрийг зөв гэж харж байна. Өнөөдрийн хэвлэлийн хурлаас хойш шийдвэр минь зөв байсныг баталлаа.

-Э.Сумъяа М.Пүрэвтунгалагийг элдвээр дарамталдаг гэх мэдээлэл байна?

-Та бүхэн манай бэлтгэл дээр очиж үз. Ямар ч дарамт байхгүй. Явуулахгүй байсан гэж байна. Гэтэл бид бүтэн сарын хугацаанд төсөв гаргаад тэмцээн, бэлтгэлд авч явж байсан.

-Э.Сумъяа 50 грамм хасчихсан байсан гэсэн. Энэ үнэн үү. Тамирчны хариуцлага алдсан байхад яагаад түүнийг явуулахаар болов?

-Э.Сумъяа хэсэгтээ бүх тамирчдаа ялж гарч ирсэн, М.Пүрэвдулам ч мөн адил хэсэгтээ бүх тамирчдаа ялж гарч ирсэн. Маргааш нь Э.Сумъяа 50 грамм хассан байсан. Бид цалингийн арга хэмжээ авсан. Тамирчны нэг алдаан дээр дөрөөлж болохгүй. Хоёрдугаарт, мөнгөн медаль авсан тамирчныг Э.Сумъяа финалд цэвэр ялж гарч ирсэн. Хэн сайн байгааг нь дэмжих спортын шударга зарчмаар явж байна.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэхийн өмхий үнэрийг бууруулах байгууламж ашиглалтад орлоо

Барилга хот, байгуулалтын яамнаас “Лаг усгүйжүүлэх байгууламж” шинээр барьж Улаанбаатар хотын захиргаа болон Ус сувгийн удирдах газарт хариуцуулж, ашиглалтад орууллаа.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь бохир усыг цэвэрлэх явдаа төрөл бүрийн хаягдал, лаг үлдэцийг ялган авдаг. Эдгээр бохирдол нь амархан ялзарч, эвгүй үнэр үүсгэдэг, маш удаан хатаж, эрүүл ахуйн хувьд аюултай орчныг бүрдүүлдэг.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байдлаас болж өмхий үнэртдэг аж.

“Лаг усгүйжүүлэх байгууламж” ашиглалтад орсноор илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээ 5-8 дахин буурч, өмхий үнэр төдий хэмжээгээр багасах юм.

Лаг усгүйжүүлэх байгууламж нь лаг шахах насос, химийн бодис найруулах, туналах төхөөрөмжүүд, лаг усгүйжүүлэх центрфугийн төхөөрөмж, бункер, цэвэрлэгээний вакум насос, агаар үлээгч, агааржуулалтын систем, хорт хийнээс сэргийлэх болон хяналт удирдлагын системээс бүрджээ.

Хоногт 2,500м.куб лаг усгүйжүүлэх хүчин чадалтай. Лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК буюу полиалюминумхлорид төрлийн химийн бодис ашиглах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хатиг гарсан, бэлтгэл дутуу гэх шалтгаанаар ДАШТ-д барилдах эрхээ алдсан тамирчин мэдээлэл хийлээ

Энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдыг ДАШТ-д зодоглуулах эрх олгосон билээ. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэх шалтгаанаар ДАШТ-д барилдуулахгүй оронд нь гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн үүнийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.

Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалаг “Намайг эрүүлийг эмч баталсан. Гэтэл үүгээр шалтаглан, ДАШТ-д оролцох эрхийг минь булаалаа. Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон. Бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад “Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай” гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ. Би УАШТ-д түрүүлж, шигшээ багийнхантай анх удаа хамт бэлтгэл хийж байгаа. Тэгсэн ч сэтгэл хангалуун бус байна” гэв.

Тамирчин М.Пүрэвтунгалагийн аав Н.Мөнхбат дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ийн жинд ОУХМ Э.Сумъяаг явуулахыг эсэргүүцэн “Хэрэв миний охины оронд Э.Сумъяаг явуулах юм бол суулт зарлана” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд голд осолдсон ой зургаан сартай хүүхдийг эрэн хайж байна

Ховд голд осолдсон ой зургаан сартай хүүхдийг эрэн хайж байна.

Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Ховд” голын усанд /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ 09.08-ны өдрийн 16:30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн хүү Д /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага 2019.09.08-ны өдрийн 16:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 180 км замыг туулан 2019.09.09-ны өдрийн 00:02 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр 06:30 цагт эхлүүлжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Бидний хот” сэдэвт нэвтрүүлэг, нийтлэл, цахим контентын уралдааныг зарлажээ

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж. Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм.

Уг уралдаанд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэд оролцох боломжтой. Бүтээлийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны 15.00 цаг хүртэл нийслэлийн төр захиргааны байр, Хангарди ордоны 1 давхар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээн авна. Уралдааны нийт шагналын сан 30 сая төгрөг.

Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:

  • “ХҮН төвтэй хот” дэд сэдвийн хүрээнд агуулга, өнгө аясдаа нийцсэн байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Дуу, дүрсний шаардлага хангасан байх
  • Шалгарсан бүтээлийг 2-оос доошгүй удаа өөрийн телевиз, радиогийн сувгаар олон нийтэд цацах
  • Өгөгдсөн хугацаанд бэлтгэж нэвтрүүлсэн байх
  • 10 минут хүртэлх хугацаатай байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ

Сонин, сэтгүүлийн бүтээлд тавигдах шаардлага:

  • “Улсын хөгжил Улаанбаатараас” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь агуулгадаа нийцсэн байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
  • Өгөгдсөн хугацаанд өөрийн сонин, сэтгүүлд бэлтгэж нийтэлсэн байх
  • Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
  • Бүтээлийг сонин, сэтгүүлд нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх

Сайтын бүтээлд тавигдах шаардлага:

  • “Би их хотын иргэн” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь нийгмийг соён гэгээрүүлэх өнгө аяс, агуулгатай байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
  • Өгөгдсөн хугацаанд өөрийн сайтад бэлтгэж нийтэлсэн байх
  • Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
  • Бүтээлийг сайтад нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх

Чөлөөт уран бүтээлчдийн цахим контентод тавигдах шаардлага:

  • “Хотынхоо хөгжилд дусал нэмэрлэе” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь хотын хөгжил иргэн нэг бүрээс шалтгаална гэсэн агуулга, өнгө аястай байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Цахим контент нь дуу, дүрсний шаардлага хангасан байх
  • 3-5 минут хүртэлх хугацаатай байх

Нэвтрүүлгийн төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 5.000.000 (таван сая төгрөг)

II байр 1- Өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

Тусгай байр 2 Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Сонин, сэтгүүлийн нийтлэл, сурвалжилгын төрлөөр:

I байр 1 – Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)

II байр 1 – Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр – 2 Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Сайтын нийтлэл, сурвалжилгын төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)

II байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр 2 – Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Цахим контентын төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

II байр 1 – Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

III байр 1 – Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Тусгай байр 2 – Өргөмжлөл 250.000 (хоёр зуун тавин мянган төгрөг)

Холбоо барих утас: 11325044, 88099260