Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй зөрчилд арга хэмжээ авлаа

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Компютер молл төвийн 6 давхарт байрлах “Мики” цайны газарт хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд арга хэмжээ авч улсын байцаагчийн албан даалгавараар үүрэг өгч биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.



Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөг болно

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Уг өдөрлөгөөр гэрийн дулаалга, зуухны халаалт болон сайжруулсан шахмал түлшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэнэ. Мөн иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой аж. Түүнчлэн энэ өдөр “Автомашингүй өдөр” болох юм.

Categories
мэдээ спорт

Спортын хүүхдийн VI наадмын нээлт өнөөдөр болно


Буянт-Ухаа ордонд Монголын Спортын хүүхдийн VI наадмын нээлтийн үйл ажиллагаа Өнөөдөр 11 цагт болж байгаа бөгөөд. Энэхүү наадмын шигшээ тоглолтууд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн юм.

Монголын хүүхдийн спортын VI наадмын тэмцээн 34 төрлөөр энэ сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 22 байршилд болж байна. Наадамд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубын 6000 орчим өсвөрийн тамирчид оролцож хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө. Өнөөдрийн байдлаар хүндийн өргөлтийн тэмцээний дүн гарсан байгаа бол бусад тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр буудлага, сагсан бөмбөгийн 3х3, 5х5 төрөл, чөлөөт бөхийн тэмцээн тус тус эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улс ноолуурар 20 сая ширхэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоно

GOGO0193

“Зөөлөн алт” ноолууран бүтээгдэхүүний загварын шоу

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд Монгол Хятадын экспо арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тэгвэл дэлхийн ноолуурын салбарын 90-ээд хувийг хангаж байгаа Монгол болон БНХАУ ноолуурыг ямар арга замаар дэлхий дахинд сурталчлах, ноолуурын салбарын ирээдүйн талаар Монгол-Хятадын гурав дахь экспоны үеэр анх удаа олон улсын түвшинд хэлэлцсэн юм. Монголын талаас ноолуурын салбарт хийгдэж байгаа судалгааны талаар танилцуулж, энэ чиглэлд хэрэгжүүлж байгаа бодлогоо ч мөн танилцууллаа.Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин:

“Монгол Улс дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг хэдий ч боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 7-8 хувьтай байна. МҮХАҮТ-аас хувийн хэвшилтэйгээ хамтарч, ноолуурын салбарын стратегийг боловсруулж байна. Энэ хүрээнд дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг Монгол Улс хэрхэн 100 хувь тэдгээр бүтээгдэхүүнээ боловсруулах вэ гэдэг асуудлыг өнөөдөр олон улсын түвшинд хэлэлцэж байна. Үүний тулд бидэнд гарцаагүй гадаадын хөрөнгө оруулалт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаараа, яг энэ цаг мөчид бидэнд маш том боломж гарч ирж байна. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний татварыг тэглэх асуудлыг шийдсэн. Иймээс ойрын хугацаанд АНУ оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний импортыг татвараа тэглэнэ гэж харж байгаа. Үүний зэрэгцээ есдүгээр сарын эхээр АНУ нь БНХАУ-ын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан. Энэ үйл явц Монголын ноолуурын салбарт маш том боломж, бололцоо суурь нь болж байна. Бид Монголын зах зээл дээр эцсийн бүтээгдэхүүнийг хэрхэн 100 хувь үйлдвэрлэж 20 сая ширхэг бүтээгдэхүүн экспортлох вэ гэдэг төслөө танилцуулсан.

Ер нь ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийх процесс нь маш олон нэмүү өртгийг бий болгодог. Малчдаас ноолуур авна түүнийгээ угаана, самнана, ээрнэ, гэх мэт тав зургаан үе шат дамжина. Тэгэхээр бид зүгээр угаагаад гаргах бус, энэ бүх шат дамжлагыг дамжаад, 20 сая ширхэг цамцыг дэлхийн зах зээл дээр гаргаж чадах юм бол өнөөдөр олж буй орлогоос дөрвөөс тав дахин их орлогыг олох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, эхний ээлжийн тооцоогоор 1.7 тэрбум ам.доллар зөвхөн ноолуураас олно. Үүнийг бодит ажил болгохын тулд дэлхийн өндөр түвшний технологи, инновацийг энэ салбарт нэвтрүүлэх ёстой. Ноолуур нь шат дамжлага бүртээ ажлын байрыг бий болгож байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт 10 мянган тонн ноолуур боловсруулж, 400 гаруй сая төгрөгийн орлого олж байна. Эцсийн бүтээгдэхүүн болгож хоёр сая гаруй цамцыг үйлдвэрлэж байна. Гэхдээ үүнийгээ төдийлөн экспортолж чадахгүй байна. Өнөөдөр энэ салбарт 300 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа ч нэгдэж чадахгүй байна. Бид дэлхийн зах зээлд 20 сая ширхэг эцсийн бүтээгдэхүүн экспортлохийг хүсвэл хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. гэсэн юм.

Мөн арга хэмжээний үеэр ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрлэийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү дараах тодруулгыг өглөө.

Image result for Б.Батхүү

-Дэлхий нийтэд ноолуурын эсрэг сөрөг сурталчилгаа хийгдэж ноолуурын нэр хүнд унах байдал байна. Ноолуур Монголын экспортын гол салбар. Энэ талаар төрөөс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ асуудал өнгөрсөн жилээс эхлэн тулгамдаж байна. Янз бүрийн олон нийтийн байгууллагууд ноолуурын эсрэг кампанит ажил өрнүүлэх болсон. Үүний эсрэг бид ямар арга хэмжээ авах, цахим орчинд түгээсэн мэдээллүүд хуурамч эсэх зэрэг асуудлыг Монгол, Хятад хоёр улс хэлэлцэж, хэрхэн эерэгээр сурталчлах вэ гэдгийг хэлэлцэж байна. Дэлхий нийтийн худалдан авалтын чиг хандлага байгальд ээлтэй, мал амьтны эрх ашгийг хамгаалах чиглэлд явж байгаа. Тиймээс Монгол Улс ноолуурын үйлдвэрлэлийг энэ чиглэлд хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна. Үгүй бол ноолуурын борлуулалт зогсох эрсдэлтэй. Өнөөдөр Монгол-Хятадын гуравдахь удаагийн экспод анх удаа ноолуурын салбарын асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр дэлхийн зургаан дизайнерийн, 30 гаруй компанийн оролцоотой “Зөөлөн алт” загварын шоу зохион байгуулж, уг арга хэмжээгээр ноолуурыг дэлхийн нийтэд сурталчлах том боломж гэж харж байна. гэлээ.

Я.БАЯР

Categories
мэдээ нийгэм

Эрэлч нохойн хамтарсан сургалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд “Эрэлч нохой сургалт, арчилгаа” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгуулж байна.

Хамтарсан сургалтаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын нийслэлийн аврах анги 105, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудын нохойн хөтөч-аврагчид, Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нартай харилцан туршлага солилцож байгаа юм.

Мөн нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуульд эрэлч нохдыг ашиглан эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Амгалан амаржих газар “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо

НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-ийг нээлээ.

Энэхүү төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдсон бөгөөд амаржих газрын бүх эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн тус амаржих газарт үндэсний хэмжээний лавлагаа төвтэй холбогдох телемидициний камерыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт суурилууллаа. Ингэснээр эх барих, эмэгтэйчүүдийн ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед цаг хугацаа алдахгүйгээр зөвлгөгөө авах, тусламж үйлчилгээ үзүүлэх, улмаар эх, нярайн амь насыг аврах боломж, нөхцөл бүрдэж байна.

Тус арга хэмжээнд НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд нар оролцсон юм.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тодорхой ажлуудыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтын хэрэгцээ, мэдээлэл, харилцааны технологийн чадамжийн талаар хурдавчилсан үнэлгээ хийсэн байна.

Түүнчлэн НҮЭМ, жирэмсний хяналтын чанар, хүртээмж, тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн уулзалт зөвлөгөөн болон эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр цуврал сургалт зохион байгуулж, сургалтын дараах хяналт, үнэлгээ, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийжээ.

Мөн нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийг телемедициний сүлжээнд холбон үндэсний хэмжээнд эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон төрөх тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын хооронд алсын зайн оношилгоог нэвтрүүлж, алслагдсан дүүрэгт амьдарч буй жирэмсэн эхчүүдэд онлайн сүлжээгээр дамжуулан эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх, эх барихын чиглэлээр хамтран дүгнэлт мэдээлэл хийхээс гадна эх нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЕВГЕНИЙ ТРИФОНОВ: Халх гол-Хэний ялалт байв?

Халх голын дайн гэж бидний нэрлэж заншсан үйл явдлын тухай онц сонирхолтой шинэ баримтуудыг дэлгэсэн түүхч бол Оросын түүх судлаач, сэтгүүлч Евгений Трифонов.

Тэр “Монголын Халх голд, Манж Го улсын хилээс холгүй, 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 15-ны хооронд үргэлжилсэн, СССР, Японы хоорондох зарлаагүй дайныг түүхчид чамгүй сайн судалсан.

Хэдий тийм ч Халх голын хэрэг явдлын цаад учир начир өнөөг хүртэл бүрэн тодроогүй хэвээр байна. Уг дайны тухай Зөвлөлтийн (Монголынх ч ялгаагүй) сонгодог тайлбар Энгийн.

Түрэмгий гадаад бодлого явуулдаг Японы эрх барих хүрээнийхэн 1939 оны тавдугаар сард БНМАУ-ын хил дээр, Халх голоос зүүнтэйгүүр өдөөн хатгаж эхэлсэн. Тавдугаар сарын 28-нд Японы цэрэг (1,500 хүртэлх цэрэг, офицер) БНМАУ-ын хилийг зөрчиж, их буу, хуягт машин, нисэх хүчнээр дамжуулан Халх гол руу давшив хэмээдэг” гэж бичжээ.Евгений Трифоновийн дэлгэсэн баримтууд түүхийн сонгодог ойлголтыг эвдсэн юм.

Тэр сургуульд байхаасаа л түүхийг ихэд сонирхож уншдаг байж.Түүх сонирхогч хүү хожим Москвагийн түүх-архивын дээд сургуульд элссэн аж, Зөвлөлтийн армийн Улсын төв архивт буюу Одоогийн Оросын цэргийн улсын архивт нэг хэсэг ажиллаж байхдаа түүхийн олонд ил болоогүй олон баримтуудтай танилцсан юм байна.

Наталья Нестеровагийн академид улс төр судлаач, түүхийн багшаар ажиллаж байсан тэрээр хараат бус шинжээчийн хувиар “Посев” сэтгүүлд 1990-1996 он хүртэл нийтлэлээ хэвлүүлж байжээ. Мөн “Новое время”, “The New Times”, “Деловые люди, газета ру” сонины цахим хэвлэлүүдэд ч ажиллаж байж.

Мөн среда. орг, историк.ру, noteru.com болон цахим хуудаснаа материалаа нийтлүүлж явж. Тэрээр голдуу улс төр, шашин, цэргийн асуудлууд үндэстэн хоорондын болон шашин хоорондын мөргөлдөөн, түүхэн асуудал, Монголын түүх, ОХУ-ын бүс нутгийн асуудал, Ойрх Дорнод, Дундад зүүн болон Латин Америкийн асуудлаарх задлан шинжилсэн нийтлэл өгүүлэл бичдэг.

Халх голд өрнөсөн, өнөө ч маргаантай, бүрхэг асуудал олонтой түүхэн үйл явдлыг өөр өнцгөөс харж, шинэ баримтууд дэлгэж шуугиулсан түүхч Евгений Трифонов Монголд ирээд байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.


-Монголын харьяа нутаг дэвсгэрт тодруулбал, Халх голд 1939 онд өрнөсөн Зөвлөлт-Японы хоорондох зөрчилдөөнийг зарим судлаачид орон нутгийн мөргөлдөөний шинжтэй гэж үзэж ирсэн. Нөгөө зарим нь“Халх голын тулалдаан”, “Халх голын дайн” гэж нэрлэцгээдэг. Энэ мөргөлдөөний гол оролцогч байсан япончууд “Номонханы хэрэг” гэдэг. Түүхэн ялалт байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэгдэх гарамгай жанжин, генерал Жуков дурдатгалдаа “Зарлаагүй дайн” хэмээн нэрийдсэн нь бий. Та түүх судлаачийн хувьд энэхүү үйл явдлыг юу гэж харж байна вэ?

-Энэ бол эргэлзээгүй дайн байсан. Үргэлжилсэн хугацааг нь аваад үзсэн ч тэр. Нэлээд хэдэн cap гэдэг бол багагүй хугацаа. Мөн амь үрэгдэгсдийн тоо, хохирлын хэмжээ гээд яривал олон зүйл бий. Хохирлын хэмжээний тухайд судлаачид санал зөрөлддөг. Гэхдээ Зөвлөлтийн үеийн түүхэн баримт бичгүүдэд япончууд 70 мянга гаруй хүнээ алдсан гэдэг. Энэ бол албан ёсны баримт.

Тэгвэл албан бус эх сурвалжаар есөн мянган японы амийг авч одсон гэж байгаа.

Оросын тал ч мөн тооны хүнээ алдсан гэхээр амссан хохирлын хэмжээний хувьд бүрэн утгаараа дайн юм гэдгийг баталдаг. Түүнээс орон нутгийн мөргөлдөөн гэх аргагүй.

-Дайн гарах болсон гол шалтгаан юу байв?

-Энэ бол маш хүнд асуудал. Товчхон хариулах боломжгүй. Японы түрэмгий бодлого хэрэгжиж байсан үе. Тухайн үед Хятадтай сунжирсан тулалдаан хийж байсан юм. Онолын хувьд япончууд Монголыг эзлэхийг хүсэж байсан гэж хэлж болно. Тэд тоглоомын Мэнзян улстай адил бүрэн эрхт мэдлээ тогтоох төлөвлөгөөтэй явсан нь гарцаагүй.

Цэргийн болон улс төрийн зорилго байсан гэж тодотгох учиртай. Гэвч тэр үед буюу 1939 онд тэдэнд ингэх хүч байгаагүй. Тиймээс миний бодлоор энэ дайнд Монгол, Зөвлөлт, Япон гэсэн гурван улсын эрх ашиг хөндөгдсөн.

-Өнгөрсөн зун “Свобода” цахим хуудсанд Халх голын ялалтын 80 жилийн ойтой холбогдуулан Оросын түүх судлаачид хэд хэдэн нийтлэл хэвлүүлсэн байдаг. Оросын алдартай түүх судлаачид болох В.Воронов, А.Крушельницкий, мөн таны хэд хэдэн нийтлэл тавигдсан харагдсан. Энэ нь Халх голын дайны талаарх хуучны бидний уламжлалт ойлголтоос өөр өнцгөөс тайлбарласан нь сонирхол татсан…?

-Би В.Воронов, А.Крушельницкий нарын бүтээлд маш хүндэтгэлтэй ханддаг. Учир нь тэд өндөр зэрэглэлийн профессионалууд л даа. Миний олж авч чадаагүй тийм л баримтуудыг тэд дэлгэсэн.

Архивын материалууд тул итгэл төрүүлсэн. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт холбоот улс Хятадтай коридор байгуулах гэж оролдсон баримт юм. Монголын нутгаар дамжуулан Японтой тулалдаж байсан Хятадтай коридор байгуулах тухай. Үнэмшил ихтэй, бодит жишээ, баримт дээр тулгуурласан байсан шүү. Тухайлбал, автобатальон байгуулах баримт байна. Ингэснээр техникүүдийг Хятад руу нийлүүлэх гэж байж.

Тэр байтугай төмөр зам байгуулах тухай баримт бий. Энэ баримтыг бол би огт мэдээгүй байсан. Төмөр замын зарим хэсгийг хэдийнээ барьчихсан байсан. Халхавч гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тус зам нь Япон улсын хилийн дагуу явсан байх жишээтэй. Зорилго нь мэдээж цэргүүдийг зэр зэвсгээр хангах ч юм уу Японтой дайтах, эсхүл нэгэн цагт цохилт өгөх.

Энэ өнцгөөс бол би тэдэнтэй санал нэг байгаа. Гэхдээ зарим нэг тал дээр санал нийлэхгүй байгаа. Эргэлзэх зүйл бий.

-Жишээ нь юун дээр эргэлзэж байна?

-Халх голын дайны үед барьж байсан коридорын тухайд. Энэ зам нь Монголын зүүн нутгийн хилийн дагуу баригдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Хятадын нутаг руу шүүд нэвтрэх байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Японы гарт байсан нутаг. Бүр тодруулж хэлбэл, батальонуудыг Монголын нутгаар дамжин Өмнөд Монголд хүрч тэндээс Хятадын Хаалганд хүрэх эртний зам дагуу байршуулсан нь ч үүнийг давхар батална. Гэхдээ энэ замаар Хятадын армийг зэр зэвсэг, техникээр хангана гэдэг нь техникийн хувьд хэцүү л дээ.

Учир нь Хятадын армийг тухайн үед бүр баруун нутаг руу шахсан байсан. Хүчирхэг тээврийн коридор байгуулах тухай санаа буюу төмөр зам, засмал замын сүлжээ байсан байх магадлалтай. Г эхдээ үүний тухайд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэж болохгүй.

Зөвлөлт холбоот улс Хятадад Японтой дайтахад нь тусламж үзүүлэх гэсэн энэ байдал тийм үр дүнтэй байгаагүй. Энэ нь 1939 онд л тодорхой болсон. Хятад руу зэр зэвсэг, техник нийлүүлэх явдал нь муу үр дүнтэй байсан байх.

-Яагаад?

-Учир нь Хятадын армийн сургалтын асуудал энд хөндөгддөг. Тэдний хувьд зэр зэвсгийн нийлүүлэлт хангалтгүй байсан. Түүнээс гадна зэр зэвсгээ эзэмшсэн байдал нь сул, өөрөөр хэлбэл, ийм төрлийн сургалт маш хангалтгүй байсан бололтой.

-1938 онд Хасан нуурын ойролцоо болсон мөргөлдөөний үеэр Зөвлөлтийн арми онгоцон дээрээ Хятадын тэмдэг сийлчихсэн байсан гэж уншсан…?

-1938 онд Хасан нуурын ойролцоо мөргөлдөөн болохтой зэрэгцэн Зөвлөлтийн арми Японы цэрэг рүү цохилт өгч байсан юм. Тэд өөрсдийн онгоц дээр Хятадын тэмдгийг сийлсэн байж.

Гэхдээ мэдээж тэр нь Зөвлөлтийн онгоц байсан л даа. Формоза руу оросууд цохилт өгч байсан түүх бас бий. Формоза гэдэг нь одоогоор бол Тайвань. Тайвань руу хийсэн энэ цохилт нь цаанаа шалтгаантай. Оросууд “Бид японтой та нарт тусалж байна” гэсэн мессежийг Хятадад өгч байсан юм. 1937, 1938 онуудад цэргийн удирдлагуудыг олноор нь хядаж байсан.

Зөвлөлтийн 42 мянган цэрэг офицерыг буудан хороосон байдаг. Миний олж авсан мэдээллээр Монгол бол цэргийн удирдлагуудын энэ хядлагад хамгийн их өртсөн улс.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ нийгэм

Замын бэлтгэл ажлыг хангуулахаар холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн замын траст гурван аж ахуйн нэгж газар авч, хашаалсан байгаа юм.

Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Яармагт сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгууд ихээр баригдаж байна. Дан ганц Яармагийн зам цаашдаа ачааллаа дийлэхээргүй болж байна. Энэ замыг барих зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд УИХ-аас баталсан. Үүнийгээ мөрдөж ажиллаж байна. Нийслэлээс зам барихаар төлөвлөлт хийсэн байсан газар дээр БОАЖЯ-аас газар олгосон нь асуудал үүсгээд байна. Аж ахуйн нэгжүүдэд урьдчилан мэдэгдсэн. Холбогдох хуульд заасны дагуу хоёр удаа сонсох ажиллагаа явуулсан. Төр хувийн хэвшил гурван талт гэрээ хийх зэргээр аль болох боломжит хувилбараар энэ замыг гаргах тал дээр ажиллаж байгаа” хэмээлээ.

Уг зам нь Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн баруун талаас урагшаа гарч шинэ нисэх онгоцны буудал руу явах хурдны замтай нийлэх юм байна. Цаашлаад 22-ын товчооны зам руу хүрэх хоёр салаа замын эхлэл болж байгаа юм. Авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зам юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр, гуравхан газраас болоод бүхэл бүтэн хотын зам талбайн ажил явдаггүй, дэд бүтцийн асуудал нь шийдэгддэггүй байж болохгүй. Маргаашнаас эхлээд энэ хашаануудын эздэд хугацаатай мэдэгдэл өг. Мэдэгдэл өгсөн хугацаанд хашаагаа татаж замын трас чөлөөлөхгүй бол шууд буулга” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Categories
мэдээ спорт

Буудлагын ахмад мастерууд ДАШТ-ээс гурван алтан медаль хүртлээ

БНГУ-ын Зуль хотод зохиогдож буй буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Монголын баг тамирчид өчигдөр гурван алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхны алтан медалийн эзэн болов. Энэ дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртсэн бол ОХУ-ын тамирчин, олимп дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.

Мөн эмэгтэйчүүдийн 75-аас дээш насны ангиллын 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд С.Батнасан тус тус алтан медаль хүртлээ. Есдүгээр сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад буудагч оролцож байгаа юм.

Categories
мэдээ спорт

Ёкозүна Хакүхо Аки башёг орхилоо

Миягино оякатагийн хэлснээр түүний шавь, ёкозүна Хакүхо баруун гарандаа гэмтэл авсан тул өрсөлдөгчийнхөө мавашиг бүрэн атгаж чадахгүй болсон гэнэ.

Хакүхо энэ гэмтлийг долоодугаар сард Нагоя башёгийн дундуур авчээ. Хакүход өгсөн эмнэлгийн магадлагаанд түүний хуруу нь гэмтсэн болохыг баталлаа. Есдүгээр сарын тэмцээний эхний өдөр Хакүхо Хокүтофүжиг давж чадсангүй. Улмаар өнөөдөр комүсүби Абитай барилдах оноолттой ч байсан ч Аби барилдалгүйгээр ялалт авах юм. Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн 8-ны ням гаригт эхэлж, 22-нд өндөрлөх билээ.