Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтуудад жуулчдад цогц мэдээлэл өгөх “Электрон хөтөч” гардууллаа

БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө.

Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг багтаасан бөгөөд аяласан газраа тэмдэглэх, эрүүл мэнд, аюулгүй байдлын тусламжийг хэрхэн авахыг ч зөвлөх юм байна.

Электрон хөтөчийг холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөх үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Боомтуудад электрон хөтөчийг байршуулснаар нэвтэрч буй жуулчдад тулгардаг хүндрэл бэрхшээл багасч, хил орчмын аялал жуулчлал хөгжих эхлэл тавигдах юм” хэмээлээ.

Боомтуудад хүлээлгэн өгөх электрон хөтчийг хүлээж авсан Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга хурандаа Д.Ганбаатар “Боомтоор нэвтэрч буй жуулчдад мэдээлэл өгөхөд тулгардаг хүндрэлийг шийдэж өгч байгаад баяртай байна. Боомтоор нэвтрэх жуулчид хүлээлгийн танхимд байх хугацаандаа Монгол орны талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон нь аялал жуулчлалын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.


Электрон хөтөч нь эхний ээлжинд англи хэлээр мэдээллийг жуулчдад хүргэх бөгөөд цаашид өргөжүүлж, олон орны хэлээр мэдээлэл түгээхээр төлөвлөж байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан хэлж байсан юм.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсний дотор хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлэх ажлыг тусгасан билээ.

Categories
мэдээ спорт

Монголын теннисчид “Дэвисийн цом”-д ур чадвараа сорино

Талбайн теннисний зөвхөн эрэгтэй багууд оролцдог олон улсад хамгийн нэр хүндтэй тус тэмцээнд Монголын баг тамирчид ур чадвараа сорихоор Иордан улсыг зорилоо.

“Дэвисийн цом” тэмцээнийг анх 1900 онд зохион байгуулж байжээ. Энэ “Дэвисийн цом-2019” олон улсын тэмцээний хувьд 108 дахь удаагийн тэмцээн юм байна. Манай теннисчид 2008 онд энэхүү буурал түүхтэй тэмцээнд анх удаа оролцож байсан бол 2018 онд хоёр дахь удаагаа оролцож, Ази болон Далайн орнуудын бүсийн дөрөвдүгээр хэсэгтээ тавдугаар байр эзэлж байжээ.

Энэ удаа Ж.Батжаргал ахлагчтай Д.Эрдэнэбаяр, С.Сүхжаргал, Э.Ангараг , А.Тамир нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг есдүгээр сарын 11-14-нд Иорданы Амман хотноо зохион байгуулах Ази болон Далайн орнуудын IV хэсэгт өрсөлдөх юм. Энэ тэмцээнд нийтдээ 133 орны баг оролцох бөгөөд манай теннисчдийн өрсөлдөх хэсэгт нийт 14 орны баг багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Төгөлдөр хуурч С.Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардууллаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.

Уг гэрчилгээг олгосноор С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.

Гоцлон тоглооч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль, Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерватори төгсөж, Испанийн Мадрид хот дахь Хааны Консерваторид мэргэжил дээшлүүлжээ. Тэрбээр гоцлон тоглоочоор олон төрлийн урсгал, чиглэлд өөрийгөө сорьж, уран бүтээлээ баяжуулсаар иржээ. Өдгөө олон орны томоохон нэр бүхий концертийн танхимуудад дэлхийн сонгодог бүтээлээс гадна, хөгжмийн зохиолчид болох аав, дүү нарынхаа бүтээлүүдээс толилуулж байгаа Монголын ховор авьяастай уран бүтээлч юм.

Categories
мэдээ нийгэм

Нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургууль хийнэ

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна.

Тус дадлага сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан бэхэлгээний техник, нуранги болон хязгаарлагдмал орон зайн эрэн хайх, аврах ажиллагааны сургалтууд явагдаж байна.

Дадлага сургуульд АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн болон ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн аврах анги 105, Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газруудын 50 орчим аврагч хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэдэнд холбогдох хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хэрэг удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэгсэхгүй болгожээ.

Улсад их хэмжээний хохирол учруулсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болох магадлал өндөр байгааг АТГ-аас мэдээлж байна.

Хэрэгт холбогдогчийн өмгөөлөгч үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээгдэж байна. Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллага буруутай мэт буруу ойлголт нийгэмд түгээж байна. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна. Хамгийн их удаж байгаа нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 3 жил болж байгааг АТГ мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн спортын их наадамд оролцогч баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна.

Дүүргээ төлөөлөн оролцож байгаа нийт тамирчдад хандаж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Энэ ширээний ард ирээдүйн тив, дэлхий, олимпийн алдартнууд сууж байгаа гэдэгт ах нь эргэлзэхгүй байна. Спорт гэдэг хүнд их том хүмүүжил, тэсвэр хатуужил өгдөг. Оролцож буй спортын төрөл бүртээ өндөр амжилт гаргаж дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд ирээрэй” хэмээгээд баг тамирчид, багш дасгалжуулагчдад хувцас хэрэглэл гардуулан өглөө.

Дашрамд дурдахад Хүүхдийн спортын VI их наадамд оролцож буй тамирчдын амжилтын гараа алтан медалиар эхэллээ.

Тодруулбал олс таталтын төрөлд ЭРДМИЙН ОРГИЛ цогцолбор сургуулийн баг тамирчид алтан медаль хүртсэн байна.
Тэмцээнд оролцогч нийт баг, тамирчиддаа амжилт хүсье гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сараас мөрдөгдөх худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдсэн стандартуудыг танилцуулав

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдэн батлагдсан стандартуудыг дүүргүүдийн салбар хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбарын стандартыг шинэчилэх болон шинээр боловсруулж, олон улсын түвшинд хүргэхээр заасан.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стандартуудыг шинэчлэн боловсруулж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн дунд 8 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох саналыг тусган, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS5021-1:2005”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага MNS4946:2019”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын нэр томъёо, тодорхойлолт” MNS6777:2019” стандарт батлагдсан.

Энэ стандарт нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөл, шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний хүрээг тэлж, хоол хүнснээс шалтгаалсан халдварт болон халдварт бус өвчлөл буурч, хүнсний аюулгүй байдал хангагдаж, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтой юм.

Дээрх стандартууд 2019 оны 10 дугаар сарын 01-нээс эрхлэн мөрдөж эхлэх бөгөөд энэ 9 дүгээр сарын 10-наас эхлэн дүүрэг тус бүр дээр худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд стандартыг танилцуулах сургалт, семинар зохион байгуулагдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэнд Монгол Улсын Гавьяат цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат цол хүртээх тухай зарлиг гаргаж, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдааны түүхэн ач холбогдол, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн бахархан дуурсагдсан баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэж амиа алдсан залуусын бичлэгийг ил болголоо

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрөгч сарын 30-ны өдрийн 17:05 цагт нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн хар тамхи хэтрүүлсэн байдалтай нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Уг хэргийн дуудлага мэдээллийг тус оршин суугчид өгсөн бөгөөд амиа алдсан иргэд амьсгал хураагаад олон цаг болсон байжээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 29 настай Ч болон эмэгтэй 27 настай О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас баржээ. Урьдчилсан байдлаар тэднийг гаднын нөлөөгүй амиа алдсан байж болзошгүй байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэр гурван ширхэг, тунгалаг шингэн 100г, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авсан юм байна. Тэгвэл дээрх хэргийн хохирогчдыг ямар байдалтай нас барсан зэрэг хэргийн газрын бичлэгийг ЦЕГ-аас олон нийтэд хар тамхины хор хөнөөлийг таниулах зорилгоор ил болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Орхон голын эх ундаргыг сэргээж мод тарина

Орхон голыг хамгаалах хөдөлгөөнөөс алтны компаниудын байгаль, экологид учруулсан хор хохирол, хүн, малын эрүүл мэндэд үүссэн өвчин эмгэг, малчдын малын бэлчээрийн хомсдол, ундны ус, голын ай сав, гол, горхиудыг устгаж үгүй болгосон, биологийн олон төрөл зүйл болох зарим загасны төрөл устаж үгүй болсонд онцгой анхаарч сайн үйлсийн аян зохион байгуулж байна. Мөн Орхон голыг дэмжигч гишүүдээ сайн үйлсийн аянг дэмжиж, идэвхтэй оролцохыг уриаллаа.

Нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын биелэлтийн хэрэгжилтийн хүрээнд тус хөдөлгөөнөөс дараах хөтөлбөрүүдийг санаачилжээ.

  • “Орхон 5,000” мод үржүүлгийн сургалт, суулгац тарих санаачилга;
  • Алтны компаниудын хордуулж устгасан Орхон голын эхийн 20 гаран булаг, горхийг сэргээх санаачилга;
  • Нутгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх арга хэмжээ;
  • Орхоны хөндийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх “Орхон брэнд” хөтөлбөр;
  • Тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон хөгжлийн бодлого сургалт;
  • E төсөл, жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалт.

Мөн Улсын харцага М.Бадарч, Аймгийн арслан Д.Ням-Очир нарын нэрэмжит ширгэсэн Булаг сэргээх зан үйл 2019 оны 9 дүгээр сарын 22-нд Архангай аймгийн Цэнхэр суманд болох аж.