Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж хорих 461-р ангид хорьжээ.

Түүнийг автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Түүнчлэн, энэ сарын 9-ны үдэш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорисон юм. Түүнийг эрх мэдэл, албан туАвлигатай тэмцэх газраас энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж хорих 461-р ангид хорьжээ.шаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсноо өчигдөр АТГ-ынхан мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.

Categories
мэдээ спорт

“Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээний аваргууд тодорлоо

“Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн “Чингис хааны хүрээ” жуулчны баазад боллоо.

Үүнд Монгол, АНУ, Их Британи, Финланд, Унгар, Малайз, БНХАУ, ОХУ, Өмнөд Африк, ХБНГУ, Канад зэрэг 17 орны 60 орчим тамирчин дөрвөн төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

Угтуулан болон эргэж харвах төрөлд

  1. Анна Мениккинен (Финланд)
  2. О. Цэрэн ( Намнаа клуб)
  3. Г. Гэсэр ( Монгол улс)

Оноот таван байны төрөлд

  1. Э. Эрдэнэ (Хан-Монгол)
  2. Ц. Тэмүүжин ( Хан-Монгол)
  3. М. Жавхлантөгс ( Хан-Монгол)

Бөмбөг намнах төрөл

  1. М. Жавхлантөгс ( Хан-Монгол)

2, Э. Эрдэнэ ( Хан-Монгол)

  1. Анна Мениккинен ( Финланд улс)

Унгар гурван талт байны төрөл

  1. Б. Эрдэнэбаяр (Намнаа клуб)
  2. Кристоф Нэмэтхи ( Унгар улс)
  3. Г. Гэсэр ( Монгол улс)

Гран при шагналыг

  1. Э. Эрдэнэ ( Хан-Монгол)
  2. М. Жавхлантөгс ( Хан-Монгол)
  3. О. Түмэнбаяр ( Хан-Монгол)

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Өлзийт сумд тарваган тахлын тандалт судалгаа хийлээ

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны наймдугаар сарын 5-23-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Түй-Шаргалжуутын цурав голомтын 36000 га талбайд тарваган тахлын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тус тандалт судалгаагаар тарваган тахал өвчний агуулагч болох мэрэгчдийн зүйлийн бүрдэл, нягтшил, тархалт болон тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг тогтоох судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээний үеэр махчин шувууны гулигдас, мэрэгч амьтад тэдгээрийн гадны шимэгч зэрэг дээж цуглуулж, тарваган тахлын үүсгэгч илрүүлэх зорилгоор лабораторийн шинжилгээг хийж байна. Уг тандалт хийх хугацаанд Өлзийт сумын Нарийн гол, Шуургач, Ар агьт, Халиут, Бийрийн хөндийд нутаглаж буй 27 өрхийн 108 хүнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх яриа таниулга, сургалт сурталчилгаа хийж, санамж хуудас тараан ажиллалаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Мөнхсайхан: Парламeнтын засаглалаас татгалзах эсэхээр Ард нийтийн санал асуулга явуулж болохгүй

-ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛИЙНХАА АМИН СҮНС БОЛСОН ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦООНООС ТАТГАЛЗЪЯ ГЭЖ БАЙГАА НЬ ТАНГАРГААСАА НЯЦСАН НОЦТОЙ ҮЙЛДЭЛ МӨН-

МУИС, Хууль зүйн сургуулийн профессор, доктор, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс төслөө татаж авлаа. Энэ нь ямар үр дагавартай шийдвэр вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т зааснаар УИХын чуулганаар урьдчилж тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр үзэл баримтлалтай төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох бөгөөд бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно гэж заасан. УИХын 62 гишүүн өргөн мэдүүлж, нэгдүгээр хэлэлцүүлэг хийсэн төсөл бол урьдчилан тогтсон ганц төсөл. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн төсөл, саналыг наадмын дараа өргөн мэдүүлсэн ч УИХ Ерөнхийлөгчийн уг төслийг хэлэлцээгүй, харин дээрх хуулийн заалтын дагуу саналын түвшинд харгалзаж хэлэлцээд явсан. 62 гишүүний төслийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгч төслийг саналын түвшинд харгалзан үзсэн. Тиймээс Ерөнхийлөгч төслөө татаж авсан ч энэ нь УИХаас хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн төсөлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.

-Ерөнхийлөгч төсөл, саналаа татсан шалтгаан нь УИХ-ын гишүүдийн төсөлд тусгаж өөрчлөөгүйтэй холбоотой гэж байна.

-Ерөнхийлөгчийн хувьд УИХын хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн энэ төслийг дорвитой өөрчлөлт болсонгүй гэж үзсэн учир төслөө татаж авлаа гэх зүйлийг хэлчих шиг боллоо. Гэтэл, өнгөрсөн сар хагасын хугацаанд Ерөнхийлөгчөөс гаргасан санал, төслийг тусгах Зөвшилцлийн ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулсан. Ерөнхийлөгчийн төсөл, саналаас маш их зүйлсийг 62 гишүүний төсөлд тусгасан. Тухайлбал, байгалийн баялгийг ашиглах зарчим, энэ дотроо байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж заах, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх агуулгатай ард нийтийн санал асуулга явуулахыг хориглох, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох, нам байгуулах гишүүдийн доод хэмжээг тогоох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, хотын статусыг тодотгох зэрэг саналыг төсөлд тусгасан байна. Мөн Ерөнхийлөгч 62 гишүүний төслийн шүүхтэй холбоотой бүх заалтыг хасах санал гаргаад, бас энэ чиглэлээр хоёр заалттай төсөл өргөн барьсан. Үүнээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг заах, Шүүхийн сахилгын хороог бие даалган байгуулж, шүүгчийн хариуцлага, олон нийтийн итгэх итгэлийг дээшлүүлэх, шүүхийн тойргийн журмаар байгуулах гэсэн гурван заалтыг Зөвшилцлийн ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХын чуулган дэмжсэн. Энэ гурван заалтын талаар ЕТГын дарга З.Энхболд “Боломжийн дундын хувилбар. Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхийд нь зөвшөөрч байгаа. Шүүхийн маш чухал шинэчлэл болно. Үүнийг аль болох хурдан хэрэгжүүл” гэж УИХын нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Томоор харах юм бол Ерөнхийлөгчийн саналууд маш их тусгагдсан.

-Гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийн хугацааг сунгах гэх зэргээр саналуудаа илэрхийлсэн ч тусгагдаагүй гэж байна л даа.

-ЕТГ-ын даргын зүгээс УИХын гишүүдийн тоог 108, УИХын болон ИТХын бүрэн эрхийн хугацааг таван жил болгосонгүй, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд заасангүй гэж хэлж байна. Хамгийн гол нь эдгээр саналыг иргэдийн дийлэнх дэмжихгүй байгаа. УИХ-ын гишүүд эдгээр саналыг дэмжиж, төсөлд тусгагдаагүй нь иргэдийнхээ санаа бодлыг харгалзсан хэрэг. Мөн Ерөнхийлөгч давхар дээлийг тайлсангүй гэж байна. Гэтэл УИХаас дэмжсэн төслөөр бүрэн зогсоож давхар дээлийг бараг тайлсан. Зөвхөн Ерөнхий сайд, дөрөв хүртэлх Засгийн газрын гишүүн УИХын гишүүн байж болохоор тусгасан. Түүнчлэн, УИХаас сая дэмжсэн төслөөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХруу оруулахыг үүрэг болгосон заалтыг тодорхой болгосон. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулиа л Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон. УИХаас томилогдсон Ерөнхий сайд нь өөрөө бие даагаад УИХруу Засгийн газрын гишүүдийн нэрсээ оруулъя гэж байгаа нь кабинетын зарчмыг хангах чухал алхам боллоо.

Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг тогтвортой байлгах заалт оруулсангүй гэсэн. Энэ бол ор үндэсгүй зүйл. Одоогийн Үндсэн хуулиар Засгийн газрын огцруулах дөрвөн төрлийн боломж байдаг. Түүнийг нэг болгон цөөлсөн. УИХ-аас сая дэмжсэн төслөөр УИХ-ын 1/4-ээс доошгүй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг санаачилсан бол гурав хоногийн дараа арав хоногийн дотор хэлэлцэж, УИХ-ын нийт гишүүний олонхоор шийдвэрлэхээр зааж байна. Ерөнхий сайдыг огцруулсан бол 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой гэсэн заалт орсон. Хэрэв энэ хугацаанд Ерөнхий сайдаа томилж чадаагүй бол УИХ өөрөө тарах юм. Энэ батлагдсанаараа Засгийн газрыг тогтвортой болгох чухал ач холбогдолтой. Парламентын болон хагас Ерөнхийлөгчийн тогтолцоотой улсын дийлэнхэд нийт гишүүний буюу туйлын олонхоор Ерөнхий сайдыг огцруулдаг. Жишээлбэл, Швед, Португаль, Бельги, Эстон, Литва зэрэг улсад ийм чухал зохицуулалт байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэрийг ард түмнээс асуух хэрэгтэй гэж байна. Хуулийн хүрээнд боломжтой юу?

-Ийм асуултыг ард нийтийн санал асуулга руу оруулах боломжгүй. Үндсэн хуулийн болон бусад хуулийн үндэслэлийг хэлье. 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал нь парламентын тогтолцоо. Парламентын тогтолцоог өөрчлөх буюу үүнээсээ татгалзах эсэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биш, харин шинэ Үндсэн хуулийн асуудал. Парламентын тогтолцоог өөрчлөх агуулгатай Ард нийтийн санал асуулга явуулахыг Үндсэн хууль зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль өөрөө өөрийгөө устгах асуудлыг санаачилж хийхийг Ерөнхийлөгчид ч, УИХ-д ч зөвшөөрөөгүй хэрэг. Үндсэн хуулийн 68.2-т зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар л Ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Мөн, Үндсэн хуулийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж энэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн атлаа уг Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон парламентын тогтолцооноос татгалзъя гэж байгаа нь тангаргаасаа няцсан ноцтой үйлдэл мөн. 2018 оны намрын чуулганы нээлтэд бас ийм зүйл хэлсэн, өнөөдөр үүнийгээ бодит үйлдэл болгож байгаа нь төрийн тэргүүн буюу үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд байж болохгүй алхам.

Үүний зэрэгцээ, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хууль гэсэн гурван хуулиар Ард нийтийн санал асуулгыг явуулдаг. Үндсэн хуулийн асуудлаарх Ард нийтийн санал асуулгыг зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиар л явуулна. Парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэсэн асуулт асуух Ерөнхийлөгчийн санаачилга нь уг журмын хуулийг процедурын болон агуулгын талаас нь ноцтой зөрчиж байгаа юм. Процедур талаасаа гэвэл Засаглалын хэлбэрийг асуух төслийн талаар иргэдийн санаа бодлыг огт сонсоогүй, судалгаа хийгээгүй, хэлэлцүүлээгүй, холбогдох байгууллагаас санал аваагүй зэргээс үзэхэд уг тогтоолын төсөл нь төслийг боловсруулахад тавих журмын хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийж, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас дээш дэмжлэг авч байж Ард нийтийн санал асуулга явах боломж бүрдэнэ. Засаглалын хэлбэрийн асуудлаар ийм процесс огт хийгдэхгүй тул Ард нийтийн санал асуулга руу шууд орно гэж байхгүй. Нөгөө талаар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэх, эсвэл Үндсэн хуулийн 35-аас илүү хувийг өөрчлөх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах, эсхүл Ард нийтийн санал асуулга руу оруулахыг хориглочихсон. Тэгэхээр засаглалын хэлбэрийг өөрчилнө гэдэг нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэж байгаа учраас үүгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Дээрээс нь энэ нь шинэ Үндсэн хуулийн асуудал учраас Үндсэн хуулийн нийт зүйлийн 35 хувиас хэтэрч, агуулгын хувьд хориглогдож байгаа юм. Тэгэхэээр өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд парламентын засаглалаас татгалзах асуудлаар Ард нийтийн санал асуулгаар явуулах хориотой. Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулж болно. Гэхдээ энэ нь саяын журмын хуулийн дагуу л явна. Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг дангаар нь бариад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж болохгүй.

-Парламентын засаглалаасаа татгалзах нь зөв үү?

-Парламентын засаглалаас татгалзах ямар ч үндэслэл, судалгаа байхгүй. Парламентын засаглал бол манай улсын аюулгүй байдлын баталгаа. Ерөнхийлөгчийн засаглалтай болвол Ерөнхийлөгч гэсэн нэг субьект Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэх хэтэрхий том эрх мэдэлтэй болно, иргэд хянаж чадахгүй байдал руу орох өндөр эрсдэлтэй. Тэр хүчтэй Ерөнхийлөгчийг гадны нэг улс эсвэл эдийн засгийн ашиг сонирхолтой нэгэн зүй бусаар нөлөөлөх юм бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халтай. Ийм л шалтгаанаар 1992 оны Үндсэн хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзсан байдаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй буюу Монгол Улсын хувь заяаны асуудлыг парламентаараа ил тод хэлэлцэж, олонхоорооо шийдэж байя, энэ нь аюулгүй байдлын баталгаа юм гэдэг үзэл баримтлал зөв байсан нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд харагдлаа. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон асуудал парламентаар хэлэлцэгдээд саармагжиж байсан жишээг хэлж болно. Дээрээс нь парламентын тогтолцоо өөрөө ардчилалын баталгаа. Ардчилал урт хугацаанд хэрэгжсэн 20 гаруйхан улс байдаг. Үүнээс ганцхан АНУ л Ерөнхийлөгчийн засаглалтай. АНУ нь Британиас өвлөн авсан хараат бус шүүх, хүчтэй парламенттай төдийгүй холбоо мужийн түвшинд эрх мэдлийг хатуу заагласан, энэ нь бусад улсад байхгүй ихээхэн өвөрмөц нөхцөлтэй учраас энэ засаглал ажиллаж байгаа гэдэг. Бусад буюу урт хугацаандаа ардчилсан дэглэмтэй улсууд парламентын тогтолцоотой юм. Парламентын тогтолцоо нь ардчиллыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй төдийгүй эдийн засаг, хүний эрхийг хамгаалахад маш чухал үр нөлөөтэй гэдгийг олон судалгаанаас харж болно. Тодруулбал, эдийн засгийн хувьд өндөр хөгжсөн, хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан, авлигалыг маш сайн бууруулсан, хамгийн ардчилсан эхний 30 улсыг аваад үзэхэд гуравны хоёроос илүү нь парламентын тогтолцоотой байгаа. Иймд бид парламентын засаглалаа бэхжүүлж, төлөвшүүлж, үүнийхээ үр шимийг хүртэх ёстой. Түүнээс бүх зүйлийг шинээр эхлэх шаардлагагүй.

-Ардчилсан намын зүгээс ч өөрсдийн саналаа татсан гэдгээ илэрхийлсэн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намын санал гэж байхгүй. Харин Д.Эрдэнэбат гишүүн АН-ын зөвлөлөө төлөөлөөд саналаа өгсөн. Тэндээс цөөнгүй саналууд тусгагдсан. Жишээ нь, газрын хэвлийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлж, татварын хувь хэмжээг тогтоохтой холбоотой саналуудыг АН-аас авч, төсөлд тусгасан. Мөн УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаа зөрчиж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах саналыг ч авсан. Д.Эрдэнэбат гишүүн саналаа татсан байсан ч нэгэнт дэмжигдээд тусгагдсан заалтуудыг өөрчлөх ямар нэг хууль зүйн үр дагаваргүй. АН-ын гишүүдээс өөрсдөө оролцоод явсан нь энэ процессоор гарсан үр дүнг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахдаа хэрхэн явуулах юм бэ. Зүйл, заалт бүрээр үү, эсвэл ерөнхийд нь үү?

-УИХ-ын хоёрдугаар хэлэлцүүлгээр 57-гоос доошгүй гишүүдийн саналаар дэмжигдсэн төслийн эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдгээр л иргэд саналаа өгнө. Түүнээс зарим заалтыг дэмжинэ, дэмжихгүй гэдгээр санал хурааж болдоггүй юм. Үндсэн хууль бол цогц систем учраас тэр. Хоорондоо уялдаа холбоотой зарим заалтыг нь дэмжээд, заримыг нь дэмжихгүй байна гэдэг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэх учраас УИХ-аар хэлэлцэж өндөр босго давсан төслийн эхийг дэмжих эсэхийг л асууна.

-Дэмжихгүй гэчихвэл яах вэ?

-Энэ нэмэлт, өөрчлөлтийг иргэд дэмжихгүй бол одоогийн Үндсэн хууль хэвээрээ үлдэнэ. Гэхдээ энэ нэмэлт, өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлага бий. 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр Ерөнхийлөгч, Ардчилсан нам болон бусад нам, олон нийтийн саналыг тусгаад УИХ-ын 57-гоос доошгүй гишүүн дэмжчихээд байгаа энэ төсөл нь парламентын тогтолцоог бэхжүүлж, Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх тун дорвитой өөрчлөлт болно гэж үзэж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ажлын дэд хэсгийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маш олон чухал өөрчлөлт хийж байгаа. Дээр хэлсэнчлэн Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулахад энэ нэмэлт, өөрчлөлт маш том алхам болж байна. Давхар дээлийг хязгаарлаж, Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг тодорхой болгож байна. Засгийн газрыг огцруулах хэтэрхий өргөн боломжийг хязгаарлан, одоогийнхоос илүү өндөр босго тавина. Ерөнхий сайд өөрт нь бодлогын асуудлаар итгэл хүлээлгэхийг УИХ-руу оруулж, үүнийг нь нийт гишүүдийн олонхоор шийддэг болох нь. Хэрэв дэмжээгүй бол шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох, томилж чадахгүй бол УИХ-ыг тараах байдлаар зохицуулж байна. Энэ нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах чухал заалт болно. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглож байна.

Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаатай холбоотойгоор гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулсан маш чухал хоёр өөрчлөлт орж байна. Нэгдүгээрт, УИХ-ын 4/1-ээс доошгүй гишүүдийн санаачилгаар Хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн ашиг сонирхолд тодорхой асуудлаар бодитой, үндэслэлтэй дүгнэлтийг УИХ-ын гишүүд гаргаж тавих, түүнийг олон нийтэд хүргэх боломжийг нээсэн. Энэ нь олонх нь шийдвэрээ гаргаж цөөнх нь хяналт тавина гэсэн парламентын засаглалын зарчмыг бэхжүүлж байгаа юм. Үүнээс гадна төрийн аудитыг хараат бус байх үндсийг тавьж өгсөн. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх аудитын байгууллагыг хараат бусаар ажиллах зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгч байгаа юм. Энэ зохицуулалт орсноор төрийн санхүү, төсвийн гүйцэтгэлд тавих хяналт сайжирна. Мөн Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилээр нэг удаа томилохоор боллоо. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд байхгүй эрхүүдийг органик хуулиар нэмж өгдгийг болиулж, зөвхөн үндсэн бүрэн эрхийг нь хуулиар зааж өгч байна.

Түүнчлэн УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг чанаржуулах, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулахтай холбоотой өөрчлөлтүүд орж байна. Жишээ нь, хуулийг 20-хон гишүүн батлах боломжтой байсан бол 39-өөс доошгүй гишүүдийн саналаар баталдаг болж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хагас жилд тутамд 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг байсан бол 75-аас доошгүй болгож нэмэгдүүлэн, байнгын ажиллагаатай парламентын шинжийг хангаж байна. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгосон. Ерөнхий сайдыг томилоогүй 45 хонох, эсвэл огцруулчихаад 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилохгүй байх тохиолдолд УИХ өөрөө тардаг болно. Энэ нь УИХ-ыг хариуцлагажуулах чухал ач холбогдолтой. Намуудад дотоод ардчилалтай, хөрөнгө орлогын эх үүсвэр нь ил тод байх үүргийг хүлээлгэж байна. Ингэснээр сүүлийн гурван парламент дамжиж хэрэгжээгүй намын шинэчлэл явагдана.

Сонгуулийн тухай хуулийг 2016 оны сонгуулиас хоёр сарын өмнө өөрчилж байсан. Өнгөрсөн 27 жилийн турш сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг шинээр баталж байж. Үүнийг зогсоох зорилгоор УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн хуулийг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хатуу хориглож байна. Энэ тохиолдолд иргэдийн сонгох, сонгогдох эрхийн баталгаа сайжирна.

-Шүүх засаглалд ямар өөрчлөлтүүд оров?

-Гурван чухал өөрчлөлт орсон. Шүүхийн ерөнхий зөвлөл гэх байгууллагыг Үндсэн хуульд байгуулсан. ШЕЗ нь шүүгчдийг хуульчдаас шилж сонгох зэрэг ажлыг хийдэг. Энэ байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг сүүлийн 27 жил дөрвөн удаа өөрчилсөн. Өөрчлөхдөө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Дээд шүүхийн дор, эсвэл Ерөнхийлөгчийн нөлөөнд оруулах зэргээр урвуулан ашиглаж байсан. Үүнийг зогсоож ШЕЗ-ийг тал талын төлөөллийг оруулсан байдлаар бүрдүүлэхээр Үндсэн хуульд зааж өгч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 49.5-д ШЕЗ 10 гишүүнтэй байна. Тавыг нь шүүгчид ардчилсан зарчмаар сонгоно. Үлдсэн тавыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж, хуульд заасны дагуу томилно. Эдгээр нь даргаа дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахтай холбоотой ШЕЗ-ийн үйл ажиллагааны тайланг Дээд шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Ингэснээр шүүхийн хараат бус байдал бэхжинэ.

Дараагийн чухал өөрчлөлт бол шүүгчийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр сануулах, огцруулах зэрэг шийтгэл ногдуулах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргах Сахилгын хороог бие даалган байгуулж байна. Энэ нь өнөөдрийн шүүгчийн хариуцлагын үр нөлөөгүй тогтолцоог өөрчилнө. Шүүхийн хариуцлагын тогтолцооны тогтвортой байдлыг хангаснаар залгамж чанар, үр нөлөөг нь сайжруулна. Шүүгчийн хариуцлагын тогтолцоонд ШЕЗ маш ихээр оролцдог байсныг ч таслан зогсоож байгаа. Гуравдугаарт, шүүгчдийг тойргийн журмаар буюу аймаг, дүүрэг дундын шүүхийг байгуулах боломж олгож байгаа нь эдийн засгийн хувь үр нөлөөтэйгөөс гадна иргэдийн шударгаар шүүлгэх эрх, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг хангах, шүүхийг дагнан байгуулахад чухал нөлөөтэй юм.

-МАН дангаараа Үндсэн хуулийг өөрчилж болох уу, тийм эрхтэй юу?

-Одоо хийгдэж буй нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны үетэй адилхан үндэсний хэмжээний зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан гарч ирсэн гэж хэлж болно. Төслийг өргөн барьсан 62 гишүүн дотор МАН-ын гишүүд олонх байгаа ч үүнд АН-ын нэг, МАН-ын нэг гишүүн гарын үсэг зурсан байдаг. Уг төсөл нь сүүлийн 20 жил яригдаж, 2011, 2012, 2015 онуудад өргөн баригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн агуулгыг тусгагдсан, хамгийн их судлагдсан, мөн сүүлийн гурван жил иргэдийн санаа бодлыг сонсож боловсруулагдсан. Төслийг өргөн барьснаас хойш бараг гурван сар гишүүд тойрогтоо очиж иргэдийн санаа бодлыг сонссон, судлаачдын, иргэний нийгмийн, улс төрийн намуудын санал, шүүмжийг сонсож зохих өөрчлөлт оруулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан санал, төсөл, Ардчилсан намаас гаргасан саналыг олон талаас нь хэлэлцэж хамгийн боломжит хэмжээнд тусгасан. УИХ-д ардчилсан нам олонх байхад боловсруулагдаж 2015 онд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн агуулгын дийлэнхийг одоогийн 62 гишүүний төсөлд тусгасан тул нэг намын төсөл гэж гарах нь утгагүй. Нөгөө талаар МАН нь парламентын засаглалаа бэхжүүлэхийн тулд ард түмнээсээ асууж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж амлаж 2016 оны сонгуульд оролцоод, УИХ-д 65 суудал авсан нь иргэдийн зүгээс уг асуудал дээр дэмжсэн гэсэн үг. Гэхдээ, зөвхөн парламентын засаглалаа бэхжүүлэх зарим өөрчлөлт хийхийг иргэд дэмжсэн гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуулийн 69.1-д заасны дагуу УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тул энэ босгыг давсан нэмэлт, өөрчлөлтийг оруулах нь хууль ёсны бөгөөд Үндсэн хуульд нийцсэн юм. УИХ өөрөө дөрөвний гурваар эцэслэн батлах боломжтой ч уг төслийн Ард нийтийн санал асуулга руу оруулахаар шийдвэрлэв. Уг санал асуулгаар иргэд дэмжсэн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавихгүй, гарын үсэг зурахгүй, Үндсэн хуулийг Цэц ч хянахгүй эцэслэгдэнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бодит зүүд

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Тэрээр шөнө дунд хүн амьтангүй харанхуй гудамжаар алхаж явлаа. Яагаад хар шөнөөр гав ганцаараа хаашаа таваргаж байгаагаа ойлгодоггүй. Бодвол гэр лүүгээ алхаж байгаа байх, гэтэл энэ дүнсгэр гудамжийг огт таньж чадсангүй. Гудамжны хоёр талаар ганц хоёр давхар байшингууд битүү эгнэсэн авч гэрэлтэй ганц ч цонх алга. Ядахнаа ийм газар хаа нэгтэй золбин муур нохой давхиж явдагсан. Тэнгэрт хавирган сар дөнгөж ёлтойх төдий нь эрхбиш гудамжинд амь төдий гэрэл өгсөний хүчинд юу юугүй байшин сав, шонгийн мод мөргөчилгүй алхах бололцоо олгох төдий. Гэтэл гэнэт хөлийн чимээ бололтой тог тог гэх дуу алсад бүдэг сонсогдож эхэлснээ нааш чиглэж буй бололтой улам тодрох нь тэр. Их л хатуу ултай гутлын чимээ цардсан зам дээр товшин улам ойртоно. Эргээд хартал хар бараан дүрс нэлээд шаламгай араас нь хөөх маягтай. Зугтаалаа. Харанхуй гудамжинд ороод нуугдчихмаар ганц ч газар үгүй. Хөлөндөө л найдахаас. Бараан дүрс улам ойртон амьсгал нь шилэн дээр нь мэдэгдэж эхлэв. Мань эр нэгэн онгорхой хаалга байгааг харанхуй дундаас ялган ажигласан боловч эрчээрээ гүйгээд хажуугаар нь өнгөрчихжээ. Хар дүрс түүнийг бариад авсан уу, түлхээд унагасан уу бүү мэд, цааш нь юу болсныг мэдсэнгүй. Ухаан алдсан байх аа.

Маргааш нөгөөдөр нь ч юм уу, бүү мэд, дахиад өнөө л гудамжиндаа өнөө л хар бараан дүрстээ хөөгдөв. Урьд нь ажигласан хаалга руугаа үсрэн оров. Цааш хананд тулчихлаа. Ямар нэг нүх, цоорхой, хаалга цонх байна уу хэмээн тас харанхуйд тэмтэрсэн боловч чийг даасан нойтон хана гөлийгөөд гарт нь юу ч таарсангүй. Гайхал шил даран хөөсөөр араас нь ороод ирлээ. Бараг тулаад зогсчихжээ. Амьсгаадна. Халуун амьсгаа нь нүүрийг нь үлээх аж. Одоо яах гэж байгаа юм бол? Хутгалах уу, буудах уу, эсвэл зүгээр л зодох юм болов уу?

-Чи надаар яах гээд байгаа юм бэ?

-Та яалгамаар байна? гэж бараан дүрс хачирхалтай нь туйлын эелдэг хоолойгоор хариу асуудаг байгаа!

-Намайг зүгээр орхи. Одоохон эндээс зайл.

-За за хэмээн эелдэг дуут бүр ч найланхай өгүүлээд яваад өгчихлөө.

Хамаг бие нь сулран мэдээ алдах шиг. Цааш нь юу болсныг бүү мэд.

Дахиад л хөөгдлөө, залхмаар юм! Харин мань хүний айх нь гайгүй болжээ. Зугтааж байснаа зогсоод:

-Муу шаар минь, чи намайг яа гээд байгаа юм?

-Та яалгамаар байна?

-Чамайг дахиж битгий үзэгд гэсэн шүү дээ.

-Та өөрөө шөнө болгон дуудаад байх юм байна.

-Хэн чамайг дуудсан, би юу даа?

-Би таны зүүд. Та намайг өөрөө зүүдэндээ дуудчихаад айж зугтаагаад, тэгснээ хөөгөөд л…

-Чи тэгээд миний хүссэнийг хийдэг юм уу?

Зүүдний бараан дүрс толгой дохиж байна. Хачирхалтай нь мань хүн огт гайхсангүй, зүүд болохоороо тэгдэг юм байлгүй.

-Энэ харанхуй гудамжийг гэрэлтүүлээч, тэгвэл.

Гудамжны гэрэл нилсхийн аслаа. Гэрлийн ийм шонгууд урьд нь байсан л юм байх даа? Гэрэлтэй хоосон гудамжны хоёр талаар эртний хэдэн давхар барилгууд эгнэжээ. Доошоо харвал зам нь чулуун шигтгээтэй. Хуучны Европынх. Урьд нь ийм гудамж, ийм хот харж байсан санагдана. Хажуу тийш харвал бараан дүрс маань толгой дээрээ хар алчуур нөмөрч гартаа хадуур барьсан араг ясан үхдэл. Мань хүн айсан ч үгүй, цочсон ч үгүй, ийм ороолон аймшгийн киноноос үзэхээрээ нэг болсон.

-Өө за за, миний хамсаатан чинь чөтгөр шулам, үхдэл ороолон болж таарав аа?

– Таны л хүсэл, таны л захиалга.

Мань эр хэсэг бодол болон чимээгүй зогссоноо:

-Чи тэгвэл хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхэн бодоодох доо.

Ийм үзэсгэлэн төгөлдөр бүсгүй хараад мань эр тэсгэл алдлаа. Найрлаж цэнгэе гэж гуйхад хүүхэн татгалзсангүйгээр барахгүй шууд л тэврээд авах нь тэр. Цэнгэлийн манлайд хүрдгийн даваан дээр яг л кинонд гардаг шиг хүүхний соёо гэнэт урган хүзүү рүү нь шигтгэлээ. Тэгээд цааш нь яасныг бүү мэд.

Эхнэр нь алах нээ!

-Ичдэггүй хог. Яаж чи тийм чөтгөр шулам, үхдэл зомби, цус сорогчтой унтаж чадаж байна аа? Үнсэж таалж, долоож хөхөж байгааг нь хараач ээ, ээ чааваас. Цусаа соруулаад тэр чигтээ үхчихгүй яав аа…

Энэ лав зүүдний үргэлжлэл… энэ авгай юу гээд байгаам бэ!

Гэтэл “энэ авгай” түүний тархийг нь дүүртэл хайруулын тогоогоор толгой руу нь дэлсэж аваад гэрээсээ хөөн түлхэж гаргав. Зүүд мөртөө ингэж өвддөг юм байх даа?

Гадаа хөрш нь тааралдав:

-Чи мөн хөгөө хутгав аа? Араг ястай янаглаж байгаад хүзүүндээ цус сорогчийн соёо шигтгүүлдэг… ха ха ха… ёо ёо ёо…

Зүүд замбараагаа алдлаа, энэ өдөр хүн болгон түүнийг танихаар барахгүй шоололдон, “өнөөх чинь…” хэмээн биендээ заан инээлдэнэ.

Дахиад л өнөө харанхуй гудамж, Мань эр зугтаах битгий хэл араг ясыг хүлээж байгаад гараад ирэхээр нь угтан гүйв. Заамдаж аваад сэгсрэхэд хэлхээ яс шаржигнана.

-Чи яахаараа цус сорогч болоод миний хүзүү рүү соёогоо дүрэв?

-Таны л төсөөлөл шүү дээ. Би буруугүй, та зүүдээ өөрөө зохицуулж байгаа.

-Тэгвэл яагаад манай эхнэрээс авахуулаад бүгд мэдэж байгаа юм?

-Тэрийг би мэдэхгүй. Би зөвхөн таны зүүд. Харин бодит амьдралд болж буй юмыг би мэдэхгүй, надад огт хамаагүй.

-Миний зүүдийг бүгдээрээ үзсэн хэрэг үү?

-Тийм л болж таарлаа.

Юм тодорхой боллоо! Мань хашир өөрөө зүүдээ удирддаг юм байна. Зүүдийг нь бусад хүмүүс үздэг юм байна!

Ингээд зүүдээ зохицуулж гарлаа. Хар нөмрөгтэй араг ясан үхдэлийг өөрчилж царайлаг залуу болгон солиод өөрийн туслах гэж нэрлэх болов. Уулздаг гудамждаа орчин үеийн өндөр барилгуудтай тохитой өргөн чөлөө болголоо. Саргүй харанхуй шөнийг зуны нартай тунгалаг өдрөөр солив. Гудамжинд хөлхөх, машин тэргээр явах хүмүүсийг өөрийн таньдаг таньдаггүй баахан хүнээр дүүргэлээ. Тэд бүгд аз жаргалдаа умбан инээд хөөрөөр бялхсан жаргалтай ард олон. Мань хүн өөрөө болохоор энд ч туслаад л, тэнд ч дэмжээд л… Хөгшин настныг түшинэ, хүүхэд багачуудад бэлэг тараана, залууст урам хайрлана. Хот гудамжаа улам гоё болгож, санаанд орж ирсэн болгоноороо өөрчлөн тордоно. Хүмүүс түүнийг улам улам хайрлан хүндэтгэж буй нь илэрхий.

Үнэндээ аль нь зүүд, аль нь үнэн байдал болох нь огт ялгарахаа болилоо. Эрх биш байшин барилга, гудамж талбайны байгаа төрхөөр нь нэг муу юм ялгаад байх шиг. Гэвч түүнд хандаж байгаа жаргалтай хүмүүсийн хайр талархал яг ижил. Сүүлдээ ч асар гоё хотын барилга, тааруухан гудамжтай ядруухан гудамжны төрх хоёрын аль нь жинхэнэ, аль нь хий хоосон болохыг ч мэдэхээ болив. Гэвч энэ нь тийм чухал юм гэж үү дээ? Гол нь баяр хөөрөөр бялхсан энэ ард олон түүнд ямар ч тохиолдолд хайртай дуртай, алхам тутамдаа талархаж хүндэтгэж байгаа нь л чухал шүү дээ.

Нэг өдөр наршсан уу яасан гэнэт хамраас нь цус гараад тогтдоггүй ээ. Зүүд, жинхэнэ хоёрынхоо хаана нь байгааг мэддэггүй ээ. Бодвол жинхэнэ нь байх, тийм биш бол өөрөө хүсэнгүүт цус тогтох ёстой. Юутай ч хайртай олон түмэн нь тал талаас шаван ирж түүнд чадлаараа тусалцгаав. Газар хэвтүүлээд духан дээр нь мөс тавина, алчуураар нүүрийг нь норгон арчина, хүн болгон л ихэд сандарч. Тэдний жаргалтай царай гэнэтийн цочролд ороод айсан, өрөвдсөн, яах учраа олохоо больсон, арга нь барагдсан төрхтэй болж гэм. Гэтэл “Удирдагчийн цус нь ямар гоё амттай юм бэ!” гэсэн хүүхдийн шингэн дуу часхийв. Харвал нэг бяцхан жаал цус болсон алчуурыг нь долоож байдаг байгаа. Удирдагч болчихсон юм байна шүү дээ! Нээрэн тийм л дээ, олон түмний хүлээн зөвшөөрөгдсөн толгойлогч болоод удаж байгаа шүү дээ. Ард түмэндээ ингэтлээ хайрлагдсан удирдагч өмнө хожид хаана ч байгаагүй.

Газар өвдөглөөд толгой дээр нь тонгойсон нэг царайлаг хүүхэн түүний хамар дээр бурзайсан хөлсийг дунд хуруугаараа арчин өндгөө хэлэндээ хүргэв. “Хөлс нь, хөлс хачин сайхан амттай” гэх нь тэр. Хүмүүс тал талаас дайрлаа. Хутга шөвөг ч харагдаж байх шиг. Биеийнх нь энд тэндгүй ширхийн огтчиж байгаа бололтой тэсэхийн аргагүй өвдөнө. Хүмүүс юу гээд байгаа нь үл ойлгогдоно, бөөн л хашгираан орлилдоон. Нүдийг нь ухаад авчих шиг боллоо, тас харанхуй нөмрөв. “Амьд хүн барьж идэхдээ тултал өлссөн юм байх даа?” гэсэн бодол бүүр түүр орж ирлээ. “Нээрэн, хоол тараагаагүй их удсан юм байна!”. Тэгээд цааш нь юу болсныг бүү мэд.

Энэ явдал зүүдэнд нь болов уу, жинхэнэ амьдрал дээр тохиов уу, мэдэх юм алга. Юутай ч тэр дахиж зүүдлээгүй, хоёр ертөнцийнхөө алинд нь ч дахиж очоогүй, тэгэхээр зүүд биш жинхэнэ амьдралд ийм явдал болсон байх аа?!

2019 оны 09 сарын 3

Categories
мэдээ цаг-үе

А.Саруул: Манайхан хоёр танхимт парламентын тогтолцоогоо ойлгохгүй байна

А.Саруул Герман улсад дээд боловсрол эзэмшээд “Монголын ардчилал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Германд 20 жил сурч амьдрахдаа Герман, Швейцарийн цөөнгүй төслүүд дээр ажиллажээ.


-Та Герман улсад Монголын ардчиллын сэдвээр доктор хамгаалсан байна. Германы парламентын үндсэн тогтолцоо нь юу вэ?

-Герман улс фашизмыг төрүүлсэн гашуун түүхтэй орон. Үүнээсээ болоод улс төрийн тогтолцоогоо хэзээ ч дахин фашизм үүсэх нөхцөлгүй болгосон.

-Жишээлбэл?

-Ямар ч тохиолдолд парламентын засаглалтай байна. Мөн гишүүний халдашгүй байдлыг дархалсан. Парламентын гишүүн тухайн үедээ цаг үеэсээ түрүүлсэн асуудлыг дэвшүүлж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Түүний хэлсэн үг өнөөдөр буруу мэт сонсогдож болох ч ирээдүйд үнэн байх магадлалтай. Ингэснээр парламентын дархлаа баталгааждаг. Үндсэн хуульдаа энэ зарчмуудыг хөндөхийг хориглосон. Өөрөөр хэлбэл дээрх зарчмуудыг ардчиллын амин сүнс гэж үздэг.

-Өнөөгийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэрхэн харж байна?

-Өнөөдөр парламентын олонхыг хууль ёсны гэж үзэхэд хэцүү. Бүгд яриад байдаг боловч эрх бариад л байна.

-Яагаад?

-Би тойргууд дээр жижиг хакер хийгээд хэт олонх болсон гэж боддог.

-МАН-ыг машинтай хуйвалдсан гэж үзэж байгаа юм уу. Тэр машин чинь төв сервер байхгүй шүү дээ?

-Төв сервертэй байсан бол нэг сонгогч нэг удаа саналаа өгөөд л дахиж санал өгөх эрх хаагдана. Гэтэл төв сервер байхгүй учраас орон нутагт, нийслэл саналаа өгч байгааг харж л байсан.

-Нэрийг нь хэлээч…

-Нөгөө зөрчлийн хуулиар буруутгана биз дээ. Ийм нам эрх барьж байгаа тохиолдолд Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. Хууль эрх зүйн ч, ёс суртахууны ч эрх байхгүй. Дээр нь нэг асуудал илүү сэтгэл түгшээгээд байгаа юм. Парламентын олонх маань өнөөгийн Үндсэн хуулиа ойлгож байгаа юу гэдэг нь маргаантай.

-Яагаад?

-Үндсэн хуулиа ойлгож байгаа хүмүүс 60 тэрбумдах уу. Зөвхөн албан тушаалын томилгоон дээр ирчихээд өөрийг нь сонгосон тойргийн амин чухал асуудал яригдаж байхад ирэхгүй л байгаа биз дээ. Мөнгө албан тушаалын асуудлаас бусдад оролцохгүй байна шүү дээ. Энэ чинь Үндсэн хуулийн үнэлэмжийг ойлгохгүй байна л гэж харж байгаа.

-Сонгодог парламент гэж ямар парламентыг хэлж байна?

-Ерөнхий сайд нь парламентаа тараадаг, парламентын гишүүд нь тойргийн сонгогчдынхоо олонхын саналаар сонгогдох гэх мэт олон зарчим байдаг. Германы парламент холимог тогтолцоотой.

-Нэр дэвшигчид ижил эрх эдэлдэг гэсэн нь юу гэсэн үг вэ?

-Жишээлбэл, манайд хэн мөнгөтэй нь олон тойроод, мөнгө багатай нь бараг тойргоороо бүрэн явж чаддаггүй. Харин Германд нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзалт хийх болбол нэр дэвшигчид зэрэгцэж сууж байгаад уулзалт хийнэ. Сонгогчдод харьцуулах боломж, нэр дэвшигчдэд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Харин манай парламент гэж…

-Ямар гэж?

-Сонгогчдын үзэл бодол биш, гишүүндээ үйлчилсэн хэдэн нөхдийн амаар парламент бүрддэг биз дээ. Гишүүн өөрөө ийм байдлаар сонгогдчихоод Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг нь байж болохгүй зүйл байхгүй юу,

-Хоёр танхимтай парламент гэж ярьдаг улсууд цөөнгүй байна.

-Тэр хүмүүс ямар утгаар нь хоёр парламентын тухай ярьж байгааг би сайн ойлгохгүй байгаа юм. Германы хоёр парламент бие биенээ хянах гэж л байгуулагддаг. Хүч тэнцвэржүүлэх зорилготой. Хэн нэг нь хэт давамгай байхаас сэргийлсэн тогтолцоо л доо. Германы дээд танхим Бундестаг мажоритараар сонгогдоно. Бундесрат буюу доод танхим нь холбооны 16 мужаас бүрдэнэ. Орон нутгийн сонгуулиар орон нутгийн Засгийн газар байгуулагдана. Муж улсын Ерөнхий сайд нар доод танхимд шууд орно. Муж улсын Засгийн газар орсон бусад намуудын төлөөлөгчид бас доод танхимд орно.

-Хоёр танхим бие биенээ яаж хянах вэ?

-Манай УИХ хууль баталсан л бол тэгээд хэрэгжээд эхэлнэ. Харин Германы Бундестагийн баталсан хуульд Бундесрат хориг тавих эрхтэй.

-Холбооны улсад л хоёр танхим зохимжтой гэсэн үг үү?

-Холбооны улсад бол болоод байгаа юм. Харин манайх шиг нэгдсэн төртэй улсад хаанаасаа дээд, доод танхимаа байгуулах гээд байгаа юм бүү мэд.

-Нам байгуулахад гишүүдийн квот тогтоож өгч байгааг юу гэж үзэж байна?

-Нам байгуулах эрх чинь бас хүний том эрх. Германы намууд хатуу дүрэмтэй. Төлөвшсөн намууд. Одоо заримдаа асуудал үүсч байгаа.ч үзэл бодлоороо явдаг. Харин манайд бол шал өөр юм байна. Саяхан судалгаагаар хөдөө явахад нөгөө намаа ч гэх хүмүүс бараг алга. Отог омгийн зохион байгуулалтаад орчихсон. Хэн олон хамаатан ах дүүтэй байна. Тэр тухайн орон нутагтаа ноёрхлоо тогтоодог болчихож.

-Орон нутагта ноёрхох ямар ашигтай байна?

-Төсөв, орон нутгийн хөгжлийн санг захиран зарцуулах, лиценз гэх мэтийн олон ашиг байдаг юм байна. Тийм учраас намын үзэл бодол биш, санхүүгийн эрх ашиг дээр нэгдчихэж байна. Ерөнхийлөгч олон хүнтэй нам байгуулах санал гаргаж байгааг ойлгож болно. Гэхдээ гишүүдийн тоо бол ямар ч нөлөө үзүүлэхгүй. Хуулиар намын гишүүдийн тоог хэдээр ч тогтоод ямар ч ялгаа гарахгүй. Энэ хоёр нам л цаашдаа суугаад байна. Тогтолцоо шударга биш байхад хуц ухна байгаад байна биз дээ. Намыг тоогоор төлөвшүүлдэг гишүүд манайд л байдаг байх.

-Нам хэзээ төлөвших бол?

-Сонгогчдын арван хувь идэвхтэй байдаг. Сонгогчид санал тавиад намууд яаж хүслийг биелүүлэх тухай л асуудал л даа.

-Германд намын санхүүжилт яаж хийдэг вэ?

-Намууд сонгуульд авсан саналаараа төрөөс санхүүжилт авна. Бас компани, дэмжигч, гишүүдээс хуулиар заасан хэмжээнд татвар хандив авна. Гэхдээ бүх зүйл нь ил тод байдаг. Бас намуудын дэргэд Конрад Аденауэр, Эбертийн гэх мэт сангууд байдаг.

-Энэ сан хаанаас санхүүжих вэ?

-Улс төрийн өндөр албан тушаалтнуудын татвараас санхүүжинэ.

-Том компанитай улстөрчдийн хандив гэсэн үг үү?

-Үгүй. Германы улстөрчид өндөр цалинтай байдаг. Зөвхөн түүнээсээ хандив өргөнө. Компанитай хүн улс төрд ордоггүй. Сонгогчид ч хүлээж авдаггүй. Хувийн компанитай хүн улс төрд ороод өөртөө ашигтай байдлаар хандана гэсэн үзэл германчуудад тогтсон. Тийм учраас компанийн захирлууд ч улс төр лүү зүтгэдэггүй. Зүтгэсэн ч сонгогчид нь хүлээж авдаггүй бичигдээгүй хууль үйлчилдэг.

-Меркелийн цалин хэр их вэ?

-Төр Меркелийг үнэтэй машин, хаус авах мөнгөнөөс бусдыг өгдөг. Улстөрчид нь нэг их юм хүсээд байдаггүй жишигтэй.

-Манай улс төрөөс компанийн захирлуудыг гаргах хэрэгтэй юу?

-Би компаниудын захирлуудыг шуналтайдаа, зэвүүн царайлаад улс төр лүү орж байна гэж боддоггүй. Аргаа ядаад бизнесээ хамгаалах, бизнесийн орчинг бүрдүүлэх гэж улс төрд орж байна гэж хардаг. Нэг тендер авлаа улстөрч бизнесмэнээс арван хувийг нь авчихаар дампуурна биз дээ. Тендерийн чанаргүй гүйцэтгэлийн ард ийм л юм байдаг байхгүй юу. Ийм учраас манай бизнесмэнүүд гишүүн болж бизнесээ хамгаалахаас өөр замгүй болоод байгаа юм.

-Үндсэн хуулийн нэг том асуудал шүүхийн хараат бус байдал.

-Шүүхийн зөвлөл гэж байдаг. Гэнэтийн хүн томилогдохгүй. Намын суганд явж байгаад гэнэт шүүгч болохгүй. Манайхан шүүгчид өндөр цалин өгөөд л шударга ёс тогтох тухай их ярьдаг. Харин Германд бол тэр хүний зам мөр, ёс суртахуун гээд зүйл нөлөөлдөг юм билээ. Шүүх засаглал нь бие даасан болохоор тэндээс хараат бус шүүгч гарна. Том хэргүүд шударга бусаар шийдэгдсэн гэсэн гомдол би 20-иод жил Германд амьдрахдаа сонсоогүй. Шүүгч хараат бус байх, шударга байх, алдаагүй байх нь сэтгүүл зүйгээс их шалтгаалдаг. Сэтгүүлчид шүүхийнхнийг үнэхээр хянаж байдаг.

-Манайх чинь шүүхийг үл хүндэтгэсэн гээд шүүдэг биз дээ?

-Тэгвэл Германд тэр шүүгч хэн ч биш болно. Гэхдээ төрийн албан хаагчийг халж солих нь ховор.

-Та Үндсэн хуулийн санал асуулгад орох уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. Гэхдээ өнөөгийн парламент биш.

-Яагаад?

-Өнөөдөр Үндсэн хуулийн аль заалтыг яагаад өөрчлөх гэж байгаа нь нийгэмд тодорхойгүй байна. Швейцарь 24 мужтай. Долоон муж өөрчлөлт оруулах санал гаргавал санал асуулга явуулна. Харин долоон муж нь эсэргүүцвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Өөрөөр хэлбэл ард түмний саналаар санал асуулга явуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Тэгвэл манай 76 гишүүн л өөрсдийн үзлээр өөрчлөлт оруулах гээд байна шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Лувсандамбын Батцэнгэл: Цэдэнбал даргын даалгавраар домогт Жуков жанжныд 14 хонож биеийг нь эмнэж байлаа

Ю.Цэдэнбалын дэргэд 15 жил ёслолын шадар туслахаар нь ажилласан Лувсандамбын Батцэнгэл гуайтай ярилцлаа. Өдгөө 90 насны босгон дээр тулж ирээд байгаа эл буурал эрхэм бол дөчин хэдэн оноос хойших Монголын түүхийн гэрч болсон нэгэн юм. Ялангуяа 1963-1978 оны хооронд Бал даргын шадар туслах байхдаа Монголын нийгэм эдийн засаг, улс төрийн хүрээнд болсон үйл явдлын цаад нарийн учрыг мэдэх ганц хүн нь гээд хэлчихэд буруудахгүй.“Би чинь Бал даргыг ард түмэнд бас ч гэж таниулж өгсөн хүн шүү” гэв. Энэ нь Цэдэнбалын тухай нэмэр хачиргүй үнэнийг өгүүлсэн ном бүтээлээ хэлж буй хэрэг. Тэрээр Бал даргын тушаалаар ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар домогт жанжин Г.К.Жуковт Москва дахь гэрт нь очин ардын эмчилгээ үзүүлж, амьдралынх нь сүүлчийн он жилүүдийг хуваалцаж явсан гээд яриа хөөрөө бүр нь сонин сонин түүх агуулна. Бид хоёр энэ удаад Халх голын дайн болоод гурван дайнд оролцож явсан аавынх нь тухай хөөрөлдлөө.


-Батцэнгэл гуай, та бид хоёр тохирсон ёсоор Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан аавын тань тухай ярилцана. Бал даргын дэргэд байсан он жилүүд, таны хэлснээр “матаасчдын шуурган дундуур” явсан талаар дараа нь тухтай ярья.Танай аав Цэрэндоржийн Лувсандамба нь Монголын анхны домогт нисгэгчдийн нэг бөгөөд 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, мөн эх орны баруун хязгаар Байтаг Богдын тулгаралтад оролцож, дайны талбарт байлдааны үүрэг гүйцэтгэж явсан гавьяатан юм?

-Аавыгаа амьд сэрүүн байхад бид нисэхийн түүхт ойнуудыг хамтдаа тэмдэглэж, баяр хөөр болдог байж билээ. Хурмастад хангарьд шиг халин дүүлэн нисч явсан аав минь тэнгэрт хальсаар уджээ. Гэвч мөнхөд дуурсагдах гавьяатай аавынхаа тухай Халхын голын түүхт ойн босгон дээр эргэн дурсахад бахтай байна.Аав маань залуугийнх нь цог золбоо бадарсан идэр насандаа нисэх хүчний дайчдын эгнээнд орж дайчин нөхөдтэйгөө мөр зэрэгцэн Монгол Улсын тусгаар тогтнолыг өмгөөлөн хамгаалж, эх орныхоо тэнгэрт харийн түрэмгийлэгчидтэй тулалдаж явсан Монголын анхны нисгэгчдийн нэг байв.

Аав залуудаа үг дуу цөөтэй, ажил үйлсийнхээ талаар ярих гэж байхгүй, дүү бид хоёр бага ч байж бидэнтэй юугаа ч ярих билээ. Бид хожим их, дээд сургууль төгсч, ажил амьдралд орж, ухаан сууж эхэлсэн тэр цагт харин аавынхаа ажил үйлсийн талаар сонирхож эхэлж байгаа юм. Тэр жил буюу жаран есөн онд Халхын голын ялалтын 30 жилийн ойн үеэр 1936 оны тавдугаар сард хэвлэгдсэн “Ардын үндэсний эрх” сонинг олж үзээд , тэр үед аавын тухай бичсэн сонин мэдээг дуулгахаар очлоо. Хагас зуун жилийн өмнөх түүхийг ярьж байна шүү дээ, би. Аав Халхын голын ялалтын 30 жилийн ойн медалиар шагнагдсан бөөн баяртай сууна. Би ч бас тэр медалиар шагнагдсан тул ээжээрээ мялаалгахаар ирсэн юм. Аав миний энгэр дээрх шагналыг харснаа “Чамайг юу боллоо гэж шагнаж байгаа юм бэ” гэж байна. Би аавын санааг ойлголоо. Хариуд нь “Аавыгаа дайнд явахад нь дагаж уйлаагүй гэж шагнасан юм” гэж хошигнон өчив .Харин би эл шагналыг хүртэхдээ Халхын голын ялалтын 30 жилийн ойн медалийн эх зохиох уралдаанд оролцож, миний зохиосон эх шалгарсан тул зураачийн хувьд шагнагдсан болохыг аав ээждээ хэлсэн.

-Гучин зургаан оны “Ардын үндэсний эрх” сонинд аавын тань тухай чухам юу гэж бичсэн байв?

-“Цэрэндоржийн Лувсандамба болбоос Төв аймгийн Борнуурын ардын хөвгүүн.1932 онд 17 настайдаа Улаанбаатар хот дахь нисэн хянагчийн сургуульд орж, нэгэн жилийн дараа төгсөж ахлах нисэх хянагч ба парашютын албаны даргын тушаалыг хүлээжээ. 1936 оны гуравдугаар сарын 31-ний өдөр манай улсын хил хязгаарыг нэвтрэн дотогш орсон Японы цэргийн ангитай байлдаж, нисэн хянагч Лувсандамба тэдгээрийг бөмбөгдсөн ба пулемётоор галласан бөгөөд байлдааны дараагаар нисгэгч нь шархадсан учраас буусан онгоцны нөхдөдөө тусалсан байна” гэж бичсэн байв. Түүнийг уншиж өгөөд ааваас “Тэр шархадсан нөхөр гэдэг нь хэн байсан юм бэ” гэж асууж тодруулахад аав ингэж хариу өгүүлсэн юм. “Зүүн хязгаарт Япон Манжийн цэрэг удаа дараа хил зөрчиж , байдал түгшүүртэй байсан цаг. Хэрэв дайсан довтолбол манайх тэдний халдлагад агаараас хариу цохилт өгөх зорилгоор 1935 оны өвөл тусгай отрядыг Баянтүмэн, Тамсаг булагт шилжүүлэхэд би Баянтүмэний отрядад хуваарилагдсан.Тэгэхэд отрядын даргаар Шагдарсүрэн, комиссараар Бадамхатан, штабын даргаар Машбат нар томилогдсон байлаа.Биднийг Баянтүмэнд очиход цас ихтэй, тун хүйтэн өвөл байж билээ. Бид өдөр нь сургууль дадлага хийж, шөнө нь онгоцныхоо ойролцоо байлдаанд бэлэн байдаг байв. Байлдааны түргэн жагсаалын дохио өгөхөд бүрээ дуугаргаж, штабын байрны дээр “улаан туг” босгосон байлаа. Бид нислэгийн талбайд яаравчлан цугларч отрядын дарга Шагдарсүрэн байлдааны үүрэг өгөхдөө “Японы цэрэг Адаг дулааны хавиар хилийн харуул руу довтолжээ. Бид түүнийг тосч устгана. 1200 метрийн өндрөөс бөмбөгдөж, 400 метр хүртэл доошилж дайсныг буудаж устгана. Онгоц тус бүр 12 бөмбөг зүүж ниснэ” гэж тушаав. Мөн цааш нь “Манай отрядын 12 онгоц гурав гурваараа дөрвөн хэсэг болж ниснэ.Иймд би түрүүчийн хэсгийг зүүн талыг Дагва, баруун талыг Лувсандамба, сүүлчийн хэсгийг Мөнхөө удирдана гэж отрядын дарга маань мэдэгдлээ” хэмээн өгүүлсэн сэн. Аавын ярианаас анзаарахад тэр үеийн онгоц хоорондоо одоогийнх шиг радио холбоогүй байжээ. Иймд байлдааны ажиллагааг удирдах хүмүүс тус бүр “улаан”, “цагаан” дарцаг өргөхөд онгоцноос дайсан руу бөмбөг хаяж, буудах журамтай байж. Байлдааны үүрэг авсан тэд толгойн онгоцоо дагаж ниссээр дайсны ар талд гарч наран талаас нь дайрсан байна. Японы цэрэг Алаг морьтын харуулыг чиглэж явахад нь дайрч, “улаан” дарцгаар дохио өгч бөмбөгдөв. Аав эхлээд гурван ч бөмбөг хаяжээ. Энэ тухайгаа “Миний хаясан бөмбөг цэцэн тусч байгаад урамшин дахин бөмбөг хаяв. Бөмбөгдөж дуусмагц “цагаан”дарцаг өргөж дохио өгөхөд манайхны онгоцнууд шумбан доошилж пулемётоор дайсны зүг гал нээлээ. Бид 5-6 удаа дайралт хийв. Нөхдөөсөө салахгүйг хичээж, эргэн тойрноо харахад миний ард яваа Мөнхөөгийн онгоцны хөдөлгүүрээс уур савсаж байна. Мөн отрядын даргын онгоц тулалдаанаас гарч доошилж ослын буулт хийж байгаа харагдав. Отрядын дарга Шагдарсүрэн Адаг дулаанаас нэлээд зайтай газар цасан талд онгоцоо буулгав. Би бусад онгоцнуудыг агаарт хүлээлгэж, дайсны гэнэтийн довтолгооноос сэргийлэх арга хэмжээ аваад, өөрийн онгоцыг нөхрийн онгоцны ойролцоо буулгаж түүн дээр очиход тэрээр дал мөрөөрөө нэвт шархадсан байв.Би Шагдарсүрэнгийн шархыг боож өгсний дараа “Та шархтай байна. Миний онгоцонд суу” гэхэд “Би өөрөө онгоцоо барьж явж чадна” гэж хэлээд Шагдарсүрэн өөрөө онгоцоо жолоодож Баянтүмэнгийн нисэх онгоцны буудалд эсэн мэнд буусан юм даа” гэж байлдааны үйл явдлыг ёстой кино шиг л ярьсан. Тэр шархадсан хүн гэдэг нь отрядын дарга Шагдарсүрэн байсныг аав минь дурсан ярьж билээ.


Зураг дээр зүүнээс урд эгнээнд Ч.Батцэнгэл, Ю.Цэдэнбал, Л.Лувсандамба, В.А.Судец нар

-“Агаарын зоригт баатар” гэж алдаршсан Чоймболын Шагдарсүрэн байх нь. Энэ хүн бол яалт ч үгүй Монголын ууган нисгэгчдийн нэг гэдгээрээ түүхэнд үлдсэн. Тухайн өдрийн тулаанд танай аавын онгоцонд дайсны 42 сум туссан байсан гэдэг?

-Тийм ээ, Шагдарсүрэн баатрыг шархдаад байж байхад нь буугаад шархыг нь боож өгч байсан гэдэг. Нисэх ангийг удирдаж байсан хүн шархадсан гэхээр дайсны талд болдоггүй юм билээ. Тэгээд нэрийг нь нууцалдаг байсан, хожуу нэрийг нь хэлдэг болсон. Тэр өдрийн тулалдаанаас аав буцаж ирээд онгоцоо шалгаж үзэхэд 42 ширхэг бууны сум оносон нүх байсан, мөн суудлынх нь нэг тулгуурыг их бууны сум сэтэлсэн байсан гэдэг. “Их бууны сум голлож тусаад дэлбэрсэн бол тэгээд өнгөрөх байлаа. Би ч мөн ус уух хувьтай золиг шүү” гэж хожим дурсаж байж билээ. Ийнхүү Халхын голын тэнгэрт дайсны сумны өмнөөс сөрөн тулалдаж эх орноо хамгаалж явсан агаарын шонхруудын нэг аавын минь гарамгай гавьяаг БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн13 дугаар хурлын тогтоолоор “Цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одон”-гоор шагнасан. Дөчин таван оны дайн есдүгээр сард зарлагдахаас нэг хоногийн өмнө аавыг Цэргийн яамны жанжин штабт дуудаад Дарьгангад байгаа цэргийн штабт нууц бичиг хүргэх тушаал өгчээ. Дарьгангад нисээд очтол Монгол Улс Японд дайн зарлачихсан, Монгол Зөвлөлтийн арми их давшилтад орсон байж гэнэ. Нэгэнт тушаал авсан цэргийн хүн буцах эрхгүй учир араас нь Синси сум руу очсон байна. Нууц бичгээ өгөөд буцах гэтэл залуу жанжин Лхагвасүрэн “Чи буцахгүй, энд зөвлөлтийн сөнөөгч онгоцны 350 дугаар ангийн бүрэлдэхүүнд орж байлдааны үүрэг гүйцэтгэнэ” гэж тушаажээ. Ингэж аав минь Монголын нисгэгчдээс 1945 оны дайнд ганцаараа үүрэг гүйцэтгэсэн.Бусад нь Хэнтийд нисэх онгоцны дадлага хийгээд яг явах гэж байтал дайн дууссан байдаг. Аав шархадсан цэргүүдийн эмнэлэгт хүргэж өгнө, фронтуудын хооронд холбоо барих үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн гол Хянганы нуруун дээгүүр эргэлдэн нисч дайсны хориглолтыг тагнан, хаана хаана чиг нь байна гэдгийг газрын зурагт тэмдэглэх даалгавартай. Дайсны хориглолт хаана хаана нуугдаж байгаа агаараас авсан зургаа сумангийн нөхдөдөө хэлж тэд нь их буугаар буудаж сөнөөдөг ийм л нарийн тактиктай байж. Нянтайсүрэн гуайн хуягт бригадын давшилтыг ийнхүү хангаж байсан нь аавын минь баатарлаг гавьяа мөнөөс мөн. Наад зах нь хүчилтөрөгчийн аппарат, радио холбоо гэж байхгүй, тэр өндөрт Хянганы нуруун дээгүүр ниснэ гэдэг чинь амь дүйсэн ажил шүү дээ. Маршал Чойбалсан Жэ Хэ хотод “Дуглас” онгоцоор буухад зөвлөлтийн сөнөөгч онгоцны 350 дугаар хорооны дарга Островский “Зөвлөлт-Монголын хамтарсан нисэх анги байлдааны үүргээ амжилттай биелүүлж байна. Ялангуяа Монголын нисгэгч нөхөр Лувсандамба хөнгөн онгоцоороо байлдааны чухал үүргийг сайн биелүүлж байна” гэж маршалд рапорт өгөхдөө илтгэсэн байдаг. Аавын минь байлдаанд оролцсон онгоцных нь зургууд бүгд бий. Жэ Хэ-д байхад нь Маршал очиж байх үеийн зураг ч бий. Би даргын (Ю.Цэдэнбалыг хэлж байна) дэргэд байхад нэлээд нарийн зүйлүүдийг нь судалж, олж авсан юм. Бас нэг түүхтэй зургийн тухай өгүүлэхэд, Маршал В.А.Судец 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Цэдэнбал даргын урилгаар манайд ирсэн. Тэгж ирэхэд нь Монгол Улс Судец гуайг баатар цолоор шагнасан юм.

-Зөвлөлтийн баатар, нисэх хүчний маршал өнөө алдарт Судец?

-Судец гуай бол дэлхийн гурван улсын баатар хүн. Халхын голын тэнгэрт Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалан тулалдаж БНМАУ-ын баатар цол шагнагдсан. Эх орныхоо тэнгэрт Гитлерийн фашистуудыг бут ниргэн ялалт байгуулж ЗХУ-ын баатар цол хүртсэн. Мөн Югославын тэнгэрт ард түмнийг нь атаат дайснаас хамгаалан тэмцэж Югославын ардын баатар цол хүртэж алдраа мандуулсан хүн. Гучин дөрвөн оны хавар нисэх бригадын зөвлөх Судец 2000 метрийн өндөрт нисч байгаа У-2 онгоцноос шүхрээр буусан явдал нь Монголын нисэх хүчний түүхэнд онцгой үйл явдал болсон. Цэргийн нисэх хүчинд шүхрийн спорт үүсч хөгжсөнтэй холбогдуулан нисэн хянагч аавыг минь шүхрийн албаны даргаар анх томилсон хүн нь Судец гуай юм. Далан нэгэн онд Судец маршалтай аавыг уулзуулсан. 1936 онд өөрөө дарга болгож байсан хүнээ шууд таниад аав тэр хоёр тэврэлдэн уйлалдаад сүйд болж билээ. Бал даргад “Би энэ хүнийг анх шүхрийн албаны даргаар томилж байсан юм” гэж хэлэхэд дарга хариуд нь “Энэ чинь манай Батцэнгэлийн аав байна шүү дээ” гэж байсан сан. Гучин долоон оны наадмаар Монголд байхдаа наадамчдад цэргийн сургууль үзүүлсэн юм билээ. Шүхрээр буух, онгоцноос бөмбөг хаях, агаараас буудах сургуулийг үзүүлжээ. Наадмын үеэр К-5 нисэх онгоцонд хүмүүсийг суулгаж үзүүлснээ дурсдаг. Лам нар хүртэл онгоцоор анх нисч үзсэн байна. Мань хүн лам нараас “Тэнгэрт бурхантай уулзав уу гэж асуухад олж хараагүй” хэмээн хариулсан тухай инээдтэй яриа ч ярьдаг байсан Судец баатрынд Моквад гэрт нь очсон. Намайг гэртээ урьсан юм. Генерал Содномдаржаа гуай бид хоёр хамт очсон. Баахан л дайн дажны тухай ярьж билээ. Явах болтол “Би чамд бэлэг өгнө” гэлээ. Надад модон хуйтай маузер буу бэлэглэж байсан. “Эх орны дайны үед ч, дараа нь энх цагийн үед ч надаас салаагүй сайн нөхөр минь” гэж надад дурсгасан бэлгээ хэлж байсан. Би чинь ингэхэд Бал даргын даалгавраар Жуков жанжин, Судец маршал нарын биеийг эмнэж байсан хүн.

-Бас л сонин сайхан сонсогдож байх чинь. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Ардын эмч Хайдав гуайгаар монгол эм барихыг заалгаад, хэдэн өдөр ардын эмнэлгийн хүрээлэн дээр өнжлөө. Эмээ яаж буцалгаж, яаж хөргөх, ямар тунгаар өгөх гээд тэр бүгдийг асууж эргэж дадлага хийж шалгуулж байсан. Тэгээд л домогт Жуков жанжин дээр очсон. Москвад тусгай гоё хашаатай гэрт нь морилсон. Монголоос нэг тарган ирэг алуулаад махыг нь аваад явсан. Монгол эм залж байгаа учир тарган хонины махаар шөл хийж өгөх хэрэгтэй болсон нь тэр. Шөлийг нь хурцдана гэж айгаад тос багатай өгч байв. Жуков гуайн гэрт 14 хонож биеийг нь эмнэсэн. Баатар маань гэрээсээ гараад 300 метр явдаг боллоо. Бал дарга руу утасдаад “Чиний явуулсан хүний эм танг уугаад хашаан дотроо 300 метр явдаг боллоо” гэж баяртайгаар хэлж байсан. Жуков гуай дайны хүнд цагт хүйтэн нойтон явж байгаад бие нь дордсон байсан. Нас өндөр болсон үед залуугийн хайхрамжгүй юмнууд нь гарч ирдэг юм билээ л дээ. Мөн миний бие 1945 оны чөлөөлөх дайны Монгол-Зөвлөлтийн байлдаан ы группийг ахалж байсан ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, армийн генерал Исса Александрович Плиев гуайг гэрт нь очиж эмнэж байсан. Плиев жанжныд сар гаран болж байсан. Дайнаас хойш Бал даргатай их ойр байсан хүн. Монгол эм тан ч хэрэгтэй үедээ хэрэг болдог шиг байна лээ. Тэгж би амьдралдаа эмч хийж дэлхийн домогт баатруудыг эмнэж явсан толгой.


Маршал Чойбалсан Жэ Хэ хотод онгоцоор буугаад байгаа нь. Онгоцны дэргэд зүүнээс дөрөв дэх нь Ц.Лувсандамба. 1945 он.

-Байтаг богдын тулгаралтад оролцож байсан тухайд ярихгүй юу?

-Баруун хязгаарт Байтаг богд орчмоор манай улсын хилийг зөрчиж ирсэн Гоминданы болон Оспаны дайчдыг бут цохих тулгаралтад оролцох нисэх отрядыг U-15 сөнөөгч онгоц, мөн По-2 онгоцоор зэвсэглэж Уушгийн ус гэдэг газар байрлуулжээ. Гоминданы цэрэг Байтагийн Хужирт Улиастай голын бэлчирт байрласан байж. 1947 оны зурадугаар сарын 1-нд Монголын Засгийн газар тулган шаардах бичгийг явуулж гурав хоногийн дотор манай хилээс гарахыг тулган шаарджээ. Гэтэл дайсан дурьдсан хугацаанд гарч яваагүй учир 6-р сарын 4-ний өглөө дайсны байрлал руу бөмбөгдөх тушаалыг манай нисгэгчид хүлээн авч, шууд бөмбөгдсөн байна. Эл бөмбөгдөлтийг Зайсанов эхэлж дараа нь Гунгаа тэгээд, Жамбалдорж сүүлд нь Дагвадорж сөнөөгч онгоцноос бөмбөг хаяж, По-2 онгоцоор араас нь явж байсан Нямдорж, Лувсандамба, Дашдаваа, Өлзий-Утас, Лүндэгдамба нар мөн бөмбөгджээ. Би аавыгаа тэнгэрт дархлагдсан заяатай хүн гэж биширдэг юм. Аав маань дайн тулаанаас гадна ердийн нөхцөлд ч ногдсон үүргээ биелүүлэх явцад түүнд амь өрссөн нислэг нэг бус удаа тохиолдож байсан.1943 оны тавдугаар сард Лхагвасүрэн жанжинтай Өндөрхаанаас Сайншанд орохоор нисч явтал аавын жолоодож явсан Я-6 онгоцны таван салаа моторын хоёр нь тэс үсэрч, мотор унтран нам гүм болжээ. “800 метрийн өндөрт тохиолдсон боловч нисгэгч маань онгоцоо агшин зуур эзэмдэн авч аажмаар доошлуулан шүхэрлэх мэт зөөлөн буулгав. Нисгэгч гэмтэл учирсан мөчид самбаатай тайван ажиллаж байгаа нь газарт эсэн мэнд буух итгэл төрүүлж байв” гэж хожим залуу жанжин Лхагвасүрэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номондоо бичсэн байдаг. Аав минь Халхын голын дайны баатарлаг хөвгүүн, домогт Лхагвасүрэн жанжинг “Та айх аюулгүй, амийг чинь би хариуцна” гэж хэлээд Дорноговь аймгийн Их хэт суманд онгоцоо амжилттай газардуулж байсан. Мөн 1947 оны намрын сүүл сард цэргийн госпиталын мэс заслын их эмч Дамбийням гуайг Говь-Алтай аймагт байрлаж буй цэргийн ангид хүргэхээр Эгийн даваан дээгүүр нисч явтал гэнэт мотор нь унтарчээ. Аав Дамбийням гуайг тайвшруулаад Эгийн даваа алсаас өгсдөг учир онгоцоо давааны намаас өндөр тийш шүхэрлэн буулгасан байдаг. Онгоц газардах үед бул хар чулуу тааралдаж өрөөсөн дугуйгаа гэмтээжээ. Ямар чиг байсан тэд амь осолдолгүй буусан юм. Онгоцны мотор агаарт нисч явахад нь унтарсан шалтгаан нь шатахуун дамжуулах хоолойг тамхины иш бөглөснөөс болсон гэж тогтоосон. Зүүний сүвэгчнээс ч нарийн нүхтэй шатахууны шүүлтүүрээр тамхины иш орсон гэдгийг үнэмшихэд бэрх. Зориудхийсэн эсэх нь оньсого мэт тайлагдалгүй үлджээ. Монголын нисэх хүчний түүхэнд гурван дайнд гурвууланд нь оролцсон нисгэгч манай ааваас өөр байдаггүй. Үнэхээр л баатар болох гавьяатай хүн. Гэтэл баатар бүү хэл шоронд хүртэл орж явсан. Дөчин хоёр онд дайсны онгоцыг магтаж өөрийнхөө онгоцыг муулсан гэж аавыг шоронд хийж байсан. Яахав, 42 сумны нүх орсон манай онгоц төмөр муутай гэж хэлснээс үүдэн матаас очихгүй юу. Би бол аавыгаа их өмөөрдөг. Хүү нь өмөөрөхөөс ч өөр яахав, ер нь олон юмнаас хасагдсан хүн. Үр ач нар нь харин ийм л зоригт өвөөгийнхөө гавьяаг дурсаж яваг гэж баатар цолоор шагнагдаагүй ч баатарлаг үйлсийг нь бодоод сэтгэлээ зогоож амьдардаг юм даа, би.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Булган-Эрдэнэ: Батзандан, Болд, Баасанхүү нарыг дуурайж элэглэхээр бэлдэж байна

Хошин элэглэлийн “Пароди” хамтлагийн ахлагч Ж.Булган-Эрдэнэтэй ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. “Пароди” хамтлагийн уран бүтээл ойрд олон нийтэд хүртээл болсонгүй. Жаахан завсарлага аваад байна уу даа?

-Сайхаан. Танай сонины уншигчдад бас энэ өдрийн мэндийг хүргэе. Сургуулиа төгсөөд элэглэлийн чиглэлээр нэлээд хэдэн жил ажиллалаа. Ганцаараа, дараа нь Нямка, Анхаа хоёртойгоо хамтлаг байгуулаад цөөнгүй уран бүтээл хийлээ, бие даасан тоглолтууд ч тавилаа. Сүүлд телевизийн ажилд голдуу оролцож явна. Монголын нөхцөлд нэг уран бүтээл, эсвэл 1-2 цагийн тоглолт хийлээ гэхэд 21 аймаг, сумдаараа яваад дуусдаг. Гадаадынхан шиг биш. Тэгэхээр хажуугаар нь ахуй амьдралаа бодохоос аргагүй юм. Бүхий л уран бүтээлчид адилхан шүү дээ. Бид гурвын хувьд бас л ийм замаар явж байна. Нямхүү маань FM ажиллуулаад, Анхбаяр маань хувиараа юм хийж байна. Гэхдээ СТӨ, “UB паласе”-д болдог тоглолтуудад байнга оролцдог.

-Тэгвэл уран бүтээлийн санаагаа хөгжүүлээд л яваа юм байна, тийм үү?

-Төлөвлөсөн зүйл бий. Хамтлагийн 10 жилийн ой ч угтаж байна. Шинэ тоглолтын санаа гаргачихсан. Гэхдээ бүрэн бүтэн болгочихоод ярихгүй бол болдоггүй.

-“Пароди” хамтлагийнхны элэглэлийн дүрүүд үзэгчдэд аль хэдийнэ хоногшсон. Одоо харин шинэ дүрүүд хэр гарч ирэх бол?

-Байлгүй яахав. Уран бүтээлдээ тусгачихаар шинэ дүрүүд нийгэмд маш олноор гарч ирж байна. Жишээ нь, сонгууль дөхөж байна. Улс төрийн амьдрал ч буцалж байна. Тэр дунд бид ч бас бодож, харж байна. Компанийн охин компани гэдэг шиг намуудад ч бас охин нам гарч эхлээд байна. Болд, Батзандан нар байна. Бас Баасанхүү гээд уран бүтээлийн шинэ дүрүүд байна шүү.

-Шинэ дүр бүтээх ажил амаргүй байх. Өмнөх дүрүүдийг шинээр гаргаж байх үеийн сонин хачин сонирхол татаж байна?

-Анхбаяр маань сэтгүүлч, дуучдыг, Нямхүү улстөрчдийг, би яруу найрагч, жүжигчид, дуучдыг голдуу элэглэдэг. Нямхүү гэхэд Жаргалсайхан гуайн сонгуульд хажууд нь нэг сар явсан болохоор дүрийг нь гаргахад амар байсан. Ерөнхийлөгч Баттулга, Бат-Үүл нарыг бол бүгдээрээ ярилцаж сууж байгаад л хийж байсан. Зарим дүр маш амархан ордог, зарим нь бүр хэцүү. Жишээ нь, “Чингис”-ийн Жаргалсайхан ахыг элэглэхэд маш хэцүү байсан. Ойлгогдохгүй, жаахан л юман дээр гацаад байдаг. Гэтэл “Харанга”-ын Лхагваа ахыг элэглэхэд нэг их зовоогүй. Мэдээж зуун хувь дуурайна гэж юу байхав. Гадна төрх, дууны өнгө, характер зэрэг зэрэгцэж явдаг. Оюутан байхад Хайдав багшийн урдаас нь харж суугаад л хичээл заалгаж явсан учраас их амархан орсон. Гэхдээ бүх дүр тийм биш. Амархан элэглэсэн гэхээс хэцүү нь олон.

-Танай хамтлагийн уран бүтээлээс улстөрчдийн дүр тод санагддаг. Салбараас нь шалтгаалж байна уу, олон нийтэд хурдан хүрдэг юм шиг. Улстөрчидтэй холбоотой паян олон гэж дуулсан. Уншигчидтай хуваалцвал сонин болов уу?

-Сонгууль ч дөхөж байна. Энүүхэндээ гэхэд сонгуультай холбоотой паян бий шүү /инээв/. Нэрийг нь хэлээд яахав. 2016 оны сонгуулиар Нямкаг маань хамгаалалтад авч байсан удаатай. Намын штаб дээрээ ажиллуулаад, хаашаа ч явуулахгүй. Нөгөө нам нь Нямкаг аваад сөрөг пиар хийчих вий гэсэн дээ тэр. Ер нь сонгууль болохоор манай хамтлагт янз бүрийн санал олон ирдэг. Гэхдээ бид ёс зүйгээ бодож тэр бүхнээс татгалздаг. Ер нь манайх уран бүтээл хийхдээ голтой л байхыг хичээдэг. Жаахан хашир талдаа. Түүнээсээ болоод ч тэр үү, уран бүтээл хийхдээ баригддаг хандлагатай. Үзэгчдийг татах гээд үнэт зүйлээ алдаж болохгүй. Биднийг сайшаах нь ч бий, муулах нь ч бий. Гол нь бид нийгэмд буруу ойлголт төрүүлчихгүй юмсан, ахмад үеийнхэн бидэнд үлгэр дуурайл болоод ирсэн. Бид ч үүнийг үргэлжлүүлэх ёстой. Нийгэм хэдий хувьсаж байгаа ч гол үнэт зүйлээ алдаж болохгүй гэж боддог.

-Хошин урлагт нийгмээрээ шүүмжлэлтэй хандах нь бий. Олон нийт шүүмжлэх болсныг та юу гэж хардаг вэ?

-Биднийг дөнгөж сургууль төгсөж байх үед 2002 онд хошин урлаг ид цэцэглэж байсан. Батзаяа ах, Чаминчулуун эгч, Сосорбарам ах, Туяа эгч, талийгаач Баачка ах гээд л мэргэжлийн акулууд авч явсан. Тэдний халааг “Шинэ үе продакшн”, “Маск”, “X түц” гээд одоогийн том хамтлагийн жүжигчид үргэлжлүүлсэн. Тэр үед олон нийт ч сайхан хүлээж авсан. Одоо ч хүлээж авч байгаа. Яахав, ямар нэгэн зүйл хугацаа нь удаан үргэлжлэхээр нэг зүйлээ давтаад байна уу гэж шүүмжилдэг. Хоёрдугаарт, залуус маань өмнөх том акулуудаасаа тодорч гарч ирэхэд хэцүү. Яг тэр хүмүүс шиг урлагийн амьдралд олон жилийг туулаагүй. Олон жил явж энэ урлагийн сайн мууг мэдэж, хүнд муулуулж магтуулж байж олон нийтэд танигддаг. Гэтэл манай залуус их л хурдан олны танил болох гэж яардаг болов уу гэж харагддаг. Одоогийн нийгэм ч өөрөө хурдтай болж. Том хамтлагуудын жүжигчид нь “Би мундаг од болчихъё” гэж тухайн үед бодож байгаагүй. Яг л урдахаа хийж байсан. Тэгж л ард түмэн мэддэг болсон. Одоогийн залуус шүүмжлэлд өртөөд байгаа нь жаахан этикгүй байна. “+18” гэхэд “Манай уран бүтээлийг 21-ээс дээш наснынхан үзнэ” гэсэн ч бусад нь түүнд захирагдахгүй. Мэдээж ардчилсан нийгэмд юу ч хийж болох байх л даа. Жаахан ичих нүүр, ёс зүй, ахмад үе, аав ээжээсээ эмээх явдал дутуу байна. Заавал тэгж “ширлэж” болохгүй.

-Хошин урлаг нийгмээ түүчээлж, олон нийтэд сэдэл санаа өгөх ёстой юу?

-Угаас СУИС-д сурч байхад л багш нар тэгж заадаг байсан. “Та бүхэн нийгмийнхээ урд хөтөч болох хүмүүс шүү” гэж. Хошин урлагийнхан маань энэ үүргээ биелүүлж яваа л гэж боддог. Хошин шог үзээд гарахад “Нээрээ тийм шүү. Энэ чинь бараг би байна, ингэж болохгүй юм байна” гэж хүнд ухаарал өгч байна. Гэхдээ хүнийг уйлуулах амархан, инээлгэх хэцүү гэдэг.

-Тэгвэл элэглэлийн урлаг манайд хөгжиж байна уу. Мэдээж танай хамтлаг энэ урлагийн гол төлөөлөл. Үргэлжлүүлэх залуу үе нэг их дуулдахгүй байна уу?

-Элэглэлийн урлаг хошин урлагийн нэг төрөл. Өөрийнхөө түвшинд хөгжиж яваа гэж би хардаг. Мэдээж ОХУ, дэлхий шиг гэж хэлж чадахгүй. Бидний үе өнгөрөхөд дараагийн үе залгаж авна. Хамгийн гол нь хожим хойно залуучууд ярихдаа тэдээс тэдэн оны үед “Пароди” хамтлагийнхан төлөөлж явсан юм байна лээ гэж хэлэгдэх байх. Хошин урлаг гэх том тогоонд чимх давс болж яваа гэдэгтээ эргэлзэхгүй байна. Нямхүү, Анхаа хоёр маань жүжигчний мэргэжилтэй хүмүүс. Би бол дуулаачаар төгссөн, уртын дуучин мэргэжилтэй. Одоо 50 гарчихаад уртын дуу дуулбал яадаг бол /инээв/.

-Уртын дуугаар уран бүтээл гаргаж байв уу?

-Үгүй. Би бодоод л байдаг юм. Формтой байсан дээрээ хэдэн дуу бичүүлдэг байжээ гэж боддог л юм. Одоо яахав багш дээрээ очоод дасгал уншихад тэр үеийнх шигээ форм байхгүй болсон. 2002 онд сургуулиа төгсчихөөд 2006 онд анхны бие даасан тоглолтоо хийх үеэр багш дээрээ хоёр сар дасгал уншихад буцаад формдоо орж л байлаа. Одоо харин сайн хэлж мэдэхгүй юм.

-Уртын дуучин хүн элэглэлийн урлагт хөл тавих болсон нь ямар учиртай вэ?

-Элэглэлийн урлагт бол өөрөө их дуртай байлаа. Гэхдээ элэглэлийн урлаг гэж тухайн үед мэддэггүй. Би анх СУИС-ийн Кино драмын ангид элссэн. Манай тайзны ярианы, гавьяат багш Уртнасан анх намайг “Чи элэглэлийн урлагаар явбал юм дуулгах нь. Пароди гэж элэглэлийн урлаг байдаг юм” гэж анх хэлж билээ. Тэгсхийгээд л өнгөрсөн. Би оюутан байхдаа дотуур байранд амьдардаг. Тэнд уртын дууны ангийнхантай ойр. Манай ордог тайзны ярианы ангитай залгаа Дэлгэр багшийн уртын дууны анги байдаг. Хичээл ороход дэргэдэх ангид уртны дууны уухай сонсогдоод, байсхийгээд л яваад орчихдог. Кино драмын ангид байхад бид семистрийн шалгалтаараа шинэ зүйл эрэлхийлье гээд хүн бүр өөр өөр салбарын номер бэлдэх болсон. Ангийнхан намайг “Булгаа, чи ерөөсөө уртын дуу дуулчихвал яасан юм” гээд л би анх удаа дуулж үзсэн. Дэлгэр багшаар “Эрдэнэ засгийн унага”-ыг заалгаад сураад шалгалтаа өгч байлаа. Тэгээд л улам уртын дуундаа дурлаад хоёрдугаар курсээ төгсөөд уртын дууны ангид орсон. Одоо бодоход бодлогогүй байж.

-Та бас бөх сонирхдог гэсэн. Малчин телевизээр бөхийн “Жудаг” нэвтрүүлэг хөтлөөд багагүй хугацаа өнгөрч байна уу даа?

-Монгол хүүхэд бүр бөхөд дуртай, хайртай байдаг. Би багадаа бөхийн секцэд явдаг барилдаж уралдаж өссөн. Хөдөөний хүүхдүүд тийм л байдаг. Тиймээс монгол бөхдөө их хайртай. Бөхчүүдээ тэгж гэнэ, ингэж гэнэ гэхэд өмөөрөх сэтгэл төрнө. Малчин телевизэд “Жудаг”, “Шуудан тосъё” нэвтрүүлэг хөтөлдөг. Фэйсбүүкийн “Жудаг” гээд групп бий. “Малчин” телевизийн захирал Жаргал, “Жудаг” группийн админ Батбаяр найзтайгаа бөхийн мэргэжлийн хүмүүс биш ч гэлээ бөхөд сэтгэлтэй учир группээрээ, нэвтрүүлгээрээ дамжуулж монгол бөхийнхөө сайхан уламжлалыг түгээе, олон нийтэд зөв хандлага төрүүлэхийг хичээдэг.

-Тэгвэл дэмждэг бөхтэй биз?

-Би Архангайх. Нутгийнхаа бөхчүүдийг дэмжинэ. Яг л булхайгүй, хурдан шуурхай барилддаг бөхийг ч дэмждэг. Санжаадамба аваргаас эхлээд Оюунболд аварга, аймгийн арслан Зоригтбаатар, өсөх идэр начин болсон Цэрэнтогтох, уран барилдаанаар үзэгчдийг шуугиулдаг Баасанхүү харцага гээд нэрлэх бөхчүүд бий.

-Ижий, аав тань Архангайн уугуул хүмүүс үү?

-Аав маань Архангайн Эрдэнэмандал сумынх. Ээж бол Өмнөговийн Баян-Овоо сумын уугуул. Аав Цогтцэцийд цэргийн алба хааж байхдаа ээжтэй танилцаад гэр бүл болсон хүмүүс. Би ах дүү долуулаа. Манайх бол дөрвөн хүүхэдтэй. Гурван охин, нэг хүүтэй. Том охин оюутан болчихсон, бага хүү маань нэгдүгээр ангийн сурагч байна даа.

-Хошин урлагийн хүнтэй ярилцсаных уншигчдад маань инээд бэлэглэхийг хүсч байна?

-“Малчин” телевизтэй хамтарч ажилладгийнх хөдөө малчидтайгаа их уулзана. Нэвтрүүлэг бэлдэх, арга хэмжээ хөтлөх өөр томилолттой явахад ч малчид маань “Өнөө орой элэглэлийн тоглолтоо тавьчихаач” гэж их хүсдэг. Би өөрөө хөдөөний хүүхэд учраас малчидтайгаа ойр явах их сайхан. Тийм ч болохоор малчны хотон дундаас хөгтэй, хөөртэй явдал их гарна. Телевизийнхээ ажлаар нэг удаа нутагтаа явж байлаа. Хамаатныхаа айлд буулаа. Дээд хотных нь гадна олон хүн бужигнаад явчихлаа. Гэрийн эзэн Батбилэг тун удалгүй тэр бужигнаан дундаас ирээд хэлж байна. “Дээд хотонд мал амины хэрэг болжээ” л гэж байна. “Юу гэсэн үг вэ” гэсэн чинь “Хуц хурга, ухна ишиг хоёр мөргөлдөж байгаад ухна ишиг үхчихлээ” гэсэн дээ. Малчид маань сайхан хүмүүс шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

Аргын тооллын есдүгээр сарын 11, Буд гариг. Билгийн тооллын 13, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 06:23 цагт мандан 19:14 цагт жаргана. Энэ өдөр номын хурим хийх, лам хувраг болох, ном заалгах, гөлөг тэжээх зэрэгт сайн.Үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтах зэрэгт харш.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм

​​“Өдрийн сонин”-д Баабарын “Бодит зүүд” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхава гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өчигдөр
тохиосон “Хэлмэгдэгсдийн
өдөр”-өөр Ерөнхийлөгч
Х.Баттулга хэлмэгдэгсдийн
хөшөөнд цэцэг өргөж,
хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ тухай нэг болон 12 дугаар нүүрнээс уншаарай.

Ард нийтийн санал
асуулга болон цаг үеийн
асуудлаар УИХ-ын гишүүн
Ж.Бат-Эрдэнээс тодруулга
авсныг мөн ХХААХҮ-ийн сайд асан
Р.Бурмаатай хийсэн ярилцлагыг
нэг, хоёр, дөрөвдүгээр нүүрүүдэд нийтэллээ.

ЦЕГ-ын Хар тамхитай
тэмцэх газрын Эрүүгийн
ахлах мөрдөгч, цагдаагийн
хошууч Б.Мандухайтай
ярилцлаа. Энэхүү ярилцлагыг нэг, долдугаар нүүрнээс сонирхон уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Бодит зүүд” нийтлэл хэвлэгдлээ.

Хятадын тэрбумтан, “Алибаба” группын үүсгэн байгуулагч жэк Ма өчигдөр тэтгэвэртээ гарж буйгаа зарласан. Түүний энэ шийдвэртэй холбоотой нийтлэлийг “Дэлхийн хүн” буланд орчуулан нийтэллээ.

13 дугаар нүүрнээс зохиолч, яруу найрагч Г.Аюурзанатай хийсэн ярилцлагыг амтархан уншаарай.

15 дугаар нүүрнээс “Энэ намрын “эморсон” малнаас
болгоомжил жолооч нар аа” нийтлэл хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ