Categories
мэдээ нийгэм

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд дараах зөрчлүүд илэрлээ.

Тухайлбал тус сургууль нь зориулалтын байргүй, “Днепр стейк хаус” рестораны 2 давхар болон дээврийн хэсэг монсардад сургалтын үйл ажиллагааг түрээсэлж явуулдаг байна. Сургуулийн сурагчдыг 1 давхарын “Днепр стейк хаус” ресторанд хооллож буй нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй нөхцлийг бүрдүүлжээ.

Сургалтын зориулалтын байргүйгээс анги танхим стандартаас бага хэмжээтэй, барилгын мансардны хэсгийн шатны хөлийн алхамын урт, өндөр стандартын шаардлага хангахгүй, гишгүүрийн тоо их, эгц байрлалтай учир хүүхэд унах, бэртэх эрсдэлтэй байна.

Сургалт эрхлэх нөхцөл шаардлага нь “ердийн” хэв шинжтэй байхад математик, англи хэлний хичээлүүдээр давсан агуулгаар буюу “гүнзгийрүүлсэн” сургалтыг зохион байгуулсан. Сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй, сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хуваарийг боловсруулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.





Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын Тэргүүлэгчдээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөрийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанд “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай танилцуулгыг ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг хийлээ. Засгийн газрын 2018 оны Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврын хүрээнд бүх шатны Засаг дарга нар хүүхдийн эрх хамгааллыг эрчимжүүлэх үүрэг хүлээж буй. Тэгвэл ИТХ нь тухайн шатандаа хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, шаардагдах төсвийг шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Уг албан даалгаврын хүрээнд эл дэд хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн Засаг даргад Тэргүүлэгчдийн тогтоолоор өглөө.

Хөтөлбөрийн зорилгыг бүх нийтээр хүүхдийг эрхийг ойлгон хүндэтгэн, хүлээн зөвшөөрч, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, иргэд олон нийт хамтран ажиллаж, өнөөдрийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх хэмээн тодорхойлсон байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 15 зорилт дэвшүүлжээ. Үүнд, 2021 он гэхэд нийслэлийн сургуулийн өмнө боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх, бүх сургууль 1-2 ээлжид шилжиж, хүүхэд бүр чанартай, стандартад нийцсэн чанартай боловсролын үйлчилгээг хүртэх боломжийг бүрдүүлнэ хэмээжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй сургууль цэцэрлэгт хамрагдалтыг 20 хувиар нэмэгдүүлэхээр эл хөтөлбөрт тусгасан байна. Эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, өсвөр насны хүүхдийн халдварт бус өвчний тархалтыг бууруулах, аливаа осол гэмтэл, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, чанар, стандартад нийцсэн тоглоомын талбайн тоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлжээ. Уг дэд хөтөлбөр нь 2019-2022 оны хооронд хэрэгжих юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчдийн зүгээс эцэг эхийн хариуцлагын талаар тодорхой заалтууд тусгах, хүүхдэд таатай орчн нөхцөл бүрдүүлэх тал дээр анхаарахыг хэллээ. Ийнхүү нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөрийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ далбаагаа хагас буулгаж, амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам өнөөдөр далбаагаа хагас буулгажээ.

Энэ талаар тус Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд “Есдүгээр сарын 11-ний террорист халдлагад амь үрэгдсэн 3000 шахам хүний олонх нь миний уугуул Нью-Йорк хотод байв. Тэр үеийн цөхрөл, анхлан тусламж үзүүлэгсдийн эр зориг, дэлхий даяарх тусламж дэмжлэгийг би мартахгүй.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Р.Дагва: Энэ жилийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл маш хангалтгүй байна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн 2019 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын танилцуулга сонсох, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц” батлах асуудлыг дэмжих тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн 380 жилийн ойн медаль, эмблемийн эх загвар батлах тухай зэрэг нийт 16 асуудал хэлэлцэж байна.

Нийслэлийн 2019 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хийсэн. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 249.7 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 460 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар баталжээ. Үүнээс одоогийн байдлаар 415 төсөл хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 45 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ. Худалдан авах ажиллагаа зарлагдсан 415 төсөл арга хэмжээнээс гэрээ байгуулагдсан 180, гэрээ байгуулах эрх олгосон 92, техникийн үнэлгээ хийгдэж байгаа 80, тендерийн материал хүлээн авч байгаа 63 байгаа гэлээ.

Харин худалдан авах ажиллагаа зарлагдаагүй 45 төсөл арга хэмжээ байгаагаас тендерийн бичиг баримт боловсруулж байгаа 32, зураг төсөв ажлын даалгавар ирээгүй 11, үнэлгээний хороо байгуулаагүй 2 төсөл арга хэмжээ байгаа гэнэ.

Танилцуулгатай холбоотойгоор Тэргүүлэгчдийн зүгээс нийслэлийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын явц удаан, гүйтцэтгэл хангалтгүй байгааг шүүмжилсэн. Тухайлбал, Г.Төмөрбаатарын зүгээс хөрөнгө оруулалтаар хийгээд, хүлээж аваагүй ажлууд олон байгаа. Хүлээж аваагүй тав, зургаан жил болж байгаа барилгууд ч байгаа гэлээ. Түүнчлэн Тэргүүлэгч Д.Бадарсан “100 хувийн гүйцэтгэлтэй ажил алга байна. Гэрээ байгуулж байгаа, байгуулсан, үнэлгээний хороо байгуулсан гэсэн мэдээллүүд хийж байгаа нь чамлалттай байна” гэсэн юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Худалдан авах ажиллагааны удаашрах шалтгаанууд олон байгаа. Ажлын нэр, зориулалт өөрчлөх, худалдан авах ажиллагаа явуулах эрх өөрчлөх гэх мэт олон асуудал байгаа. Бид анхнаасаа зураг нь хийгдээгүй, газрыг нь чөлөөлөөгүй ажлуудыг баталж өгсөн нь гүйцэтгэл хангалтгүй байх шалтгаан болж байгаа. Тиймээс энэ жил алдаагаа давтахгүй байхын тулд шийдвэр гаргах шатнаасаа анхааралтай байх ёстой” гэсэн хариулт өгсөн. Тэгвэл Тэргүүлэгч Ш.Үнэнбат “Худалдан авах ажиллагааны удаашрах нэг гол шалтгаан зураг төсөв байдаг. Зураг хянан баталгаажуулах явц маш удаан явдаг. Нэг ёсондоо нийслэлийн ажлыг Барилга хөгжлийн төв уяж байгаа шүү” гэсэн шүүмжлэлийг хэлж байв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва асуудалтай холбогдуулан хатуухан шүүмжлэл хэлсэн. Тэрбээр “Та бүхэн нийслэлийн иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байгаа шүү. Тамгын газрын дарга чинь хаана байна вэ. Тэргүүлэгчдийн хурлаар ямар асуудал орж байгааг мэдэж байгаа юу. Энэ жилийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл маш хангалтгүй байна. Ирэх сард тайланг дахин сонсоно. Тамгын газар ажиллах шаардлагатай байна. Ямар ч зохион байгуулалтгүй байна. Ажлаа эрчимжүүл, шалтгаант нөхцөлүүдээ эргэж хар, дүгнэлт хий” гэлээ. Ийнхүү Тэргүүлэгчдээс гарсан саналуудыг нэгтгэн тэмдэглэлээр үүрэг өгөхөөр боллоо.

Categories
мэдээ спорт

ОУХМ О.Орхонтуул Азийн дээд амжилт тогтоолоо

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад тав дахь өдрөө болж байна. Тэмцээнд есөн орны нийт 290 тамирчин хувцас хэрэглэлтэй болон хэрэглэлгүй гэсэн хоёр төрөлд бүх насны ангилалд өрсөлдөж байна.

Тэмцээний үеэр ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ О.Орхонтуул 63 кг-ын жинд Азийн дээд амжилт тогтоосон бол эрэгтэйчүүдийн 105 кг-д Казахстаны тамирчин, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт Асхар 335 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртэж, шар тивийн дээд амжилтыг шиннчлэн тогтоолоо.

Маргааш дэлхийн хошой аварга, “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 105 кг-ын жинд өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

“Музейн хөгжил-2019” чуулга уулзалт эхэллээ

Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт буюу “Музейн хөгжил-2019” арга хэмжээ Улаанбаатар хотноо эхэллээ.

Чуулга уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр нээж, “БСШУСЯ-наас музейн эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажилд гол анхаарлаа хандуулан Музейн тухай хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг нь батлуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Энэ хууль музейн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, музейн хөгжлийг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн музейн барилга байгууламжийг шинэчлэх чиглэлээр зарим томоохон төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Хэдийгээр музейг хөгжүүлэх чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого зохицуулалтын арга хэмжээнүүд багагүй байгаа ч музейн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Эдгээр бэрхшээлийг даван туулахад та бүхний оролцоо хамгаас чухал. Ялангуяа музейн бодлого төлөвлөлтийг зөв оновчтой боловсруулах, хэрэгжилтийг шуурхай, чанартай үр ашигтай зохион байгуулахад музейн ажилтнуудын мэргэжлийн хийгээд ёс зүйтэй оролцоо хэрэгтэй байна” гэдгийг цохон тэмдэглээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ жил чуулганы үйл ажиллагаанд улс, орон нутгийн музейн ажилтнуудаас гадна аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын соёлын төвийн Орон нутаг судлах тэнхимийн ажилтнууд, салбарын, хувийн хэвшлийн музей, галерей, хөдлөх өвийг судлах, хадгалж хамгаалах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сан, төвүүдийн төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцож байна.

Жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн тус чуулга уулзалт гурав хоногийн турш үргэлжилнэ. Энэ хүрээнд форум, хэлэлцүүлгээс гадна “Музейн үзмэр, цуглуулгын судалгаа” сэдэвт сургалт, “Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн, “Музейн бүтээлч үйл ажиллагаа” үзэсгэлэн, Спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ нийгэм

14-нд Завхан, Говь-Алтай аймагт цахилгааны “0” зогсолт хийнэ

Алтай-Улиастай эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд диспетчерийн үндэсний төвөөс батлагдсан горимын дагуу есдүгээр сарын 14-ний 09:00-18:00 цагийн хооронд Говь-Алтай, Завхан аймагт “0” зогсолт хийж, тоног төхөөрөмж шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх аж.

Энэхүү засвар үйлчилгээ нь өвлийн ид ачааллын үе буюу халаалт дулааныг өгч эхлэхээс өмнө хийгддэг эрчим хүчний шугамын засварын ажил юм байна. Өнгөрөгч 2018 оны тухайд оргил ачааллыг 7.2 мвт.н тооцож ажилласан бол 2019 оны тухайд 18 мвт.н ачаалалтай ажиллахаар төлөвлөжээ. Түүнчлэн нэвчилт үүссэн элементийг сольж, үүрэн телефоны агаараар дамжуулах шугамыг засварлаж, Тайшир усан цахилгаан станцыг 110 квт.н ажилд шилжүүлэн ажиллах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.

2019 оны 09-р сарын 11-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/сек. 24-26 хэм дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 10-15 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч, 13-18 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө сэрүүсч 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 13-наас 09 дүгээр сарын 17-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

13-15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14,15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

13-нд автозамын боомтууд ажиллахгүй

Image result for Боомт

Энэ сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд ажиллахгүй. 13-ны өдөр БНХАУ-ын Намрын баяр болох ажээ. Гаалийн ерөнхий газраас, “Энэ сарын 13-нд гаалийн авто боомтууд ажиллахгүй. Харин төмөр замын боомт ажиллана” гэсэн юм. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрт тусгаснаар хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн авто боомтыг хааж болдог бол төмөр замын боомт хуваарийн дагуу ажилладаг аж.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, таван хүн гэмтжээ

Image may contain: sky, mountain, cloud, outdoor and nature

Өнөөдөр Төв аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тээврийн цагдаагийн албанаас “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв аймгаас Улаанбаатар чиглэлийн замд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр гарлаа. Ослын улмаас таван иргэн гэмтсэн. Хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Том оврын хоёр автомашины дунд “УАЗ фургон” маркийн машин хавчуулагдаж, улмаар хоёр автомашин нь замын хажуу руу орсон. Холбогдох албаныхан хэргийн газар дээр ажиллаж байна” гэв.